Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2022/01929

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 14 хороо 3 хороолол 13б байр 136 тоот хаягт оршин суух, Б овогт Б-гийн А/РД:ЧИ69101909/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 14 хороо Хандгайтын 24 дүгээр гудамжны 117 тоот хаягт оршин суух, Б овогт Ц-ийн А /РД:ХЗ75091709/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн болон төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,566,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.А, Н.Н,

Хариуцагч: Ц.А,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А нь Ц.А-д холбогдуулан зээлийн болон төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Б.А миний бие 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Ц.А-тай төлбөр барагдуулах гэрээ байгуулан, уг гэрээгээр Ц.А нь 47,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлж барагдуулахаар, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцсон. Уг төлбөрийн гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ц.А нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Ц.А нь гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцож алдангид 23,000,000 төгрөг, үндсэн зээл 47,000,000 төгрөгийн хамт нийт 70,000,000 төгрөгийг төлөхгүй намайг маш ихээр хохироож байна. 70,000,000 төгрөгийг хариуцагч Ц.А-лаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Ц.А миний бие Б.А-гийн нэхэмжлэлд дурдсан 70,000,000 төгрөгийг зээлээгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2009 оны 08 дугаар сард анх Б.А-гаас 500,000 төгрөг өдрийн 10 хувийн хүүтэй 22 хоног зээл авч байсан. Энэ үеэс эхлэн Б.А-тай бүрэн танилцаж 22 хоногийн өдрийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлж эхэлсэн. Б.А нь надаас гадна олон хүмүүст өндөр хүүтэй мөнгө зээлүүлж, хүүгээр нь амьдардаг байсан. 2012 оны 01 дүгээр сараас эхлэн миний ажиллуулж байсан түрээсийн байрны гэрээ гэнэт цуцлагдаж /банк өрөндөө хураан авсан/ би ажлын байргүй болж өдрийн зээлээ төлж чадахгүй болсон тухайн үед 16,500,000 төгрөг өдрийн 10 хувийн хүүтэй 22 өдрөөр тооцоод хүү нь нийлээд 150,000,00 төгрөг болсон гэж тухайн үед Б.А надад хэлсэн 150,000,000 төгрөгийг өгөхгүй бол шүүхэд өгнө гэж дарамталдаг байсан. Б.А хүн тус бүрээр мөнгө зээлж хөтөлдөг улаан, цэнхэр, ногоон, шар өнгийн 22 хоногоор хүснэгт хийсэн хатуу А4 хэмжээтэй дэвтэр байдаг. Дэвтэр дээр Б.А өгсөн, авсан мөнгөө тэмдэглэж би өгсөн мөнгөнийхөө ард гарын үсэг зурдаг байсан. Энэ дэвтрийг Б.А-гаас нотлох баримтаар гаргуулан авах хүсэлтэй байна. Б.А нь Хархорин захад мөнгө хүүлэгчийн ажлаа хийж байгаад орой зах тарахад 21 цагт манай ажил дээр ирж тухайн өдрийн хүүгийн төлбөрөө аваад явдаг байсан. Миний бие Б.А-аас 47,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй бөгөөд надаас хууль бусаар мөнгө хүүлж, хүүлсэн мөнгөө өөрөө тооцож 47,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй хууль бус юм. Нөгөөтэйгүүр төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Хариуцагч Ц.А нь нэхэмжлэгч Б.А-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Б.А-тай байгуулсан 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн СБД-151 дугаартай “Зээлийн гэрээ”, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Төлбөр барагдуулах” гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулах, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 13,566,000 төгрөг, мөн хүчин төгөлдөр бус гэрээнээс үүдэлтэйгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу 10,450,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.

Ц.А нь 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 10 сая төгрөгийн зээлийн гэрээг 22 хоногийн хугацаатай байгуулж өдөрт 500,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 11 сая төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр эргүүлж төлөхөөр зээлийн гэрээг тус тус байгуулсан. Харин 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн СБД-151 дугаартай зээлийн гэрээг Б.А нь Ц.А-лаар хүчээр зуруулсан бөгөөд сэтгэл санаагаар дарамталж, машинд нь, гэрт нь, хаана ч байсан дагаж яваад 50 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулахыг шаардсан. Яагаад 50 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулах ёстой талаар асуухад "өмнө нь зээлж байсан зээлийн гэрээний дагуу чиний төлөх ёстой зээл чинь хүүтэйгээ нийлээд 50 сая болсон одоо энэ гэрээн дээр гарын үсэг зураад л болоо" гээд сэтгэл санаагаар дарамтлаад салахгүй байсан. Тухайн үед 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээг байгуулах гээд нотариат дээр очиход нотариат ч А-лаас та 50 сая төгрөгийг авсан юм уу гэхэд би “аваагүй” гэж хэлсэн. Энэ талаар тус гэрээнд нотариат тусгаж бичсэн бөгөөд гэрээ хүчин төгөлдөр бус юм. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.А А дээр ирж урьдын адил гэрээн дээр зурахыг шаардаж гувшиж ирсэн. А 2013 онд гэрээн дээр зурсан, одоо дахиад энэ гэрээн дээр зурчих гэсэн цахим үнэмлэх байхгүй гэхэд хамаагүй түц машинаас лавлагаа авчих тэгээд болчихно гэсэн. Ц.А нь тухайн үед 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулж байхдаа үнэхээр л 2012 он, 2013 оны 1 дүгээр сар авсан зээлийн төлбөр нь хүүгийн хамт нийлээд 50 сая төгрөг болсон юм байна гэж ойлгож бодож, Б.А-гийн шахалтаар гэрээн дээр зурж байсан байна. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөн адил зүйл болсон байна. 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 50 сая төгрөгийг Б.А зээлээгүй буюу бэлнээр болон дансаар Ц.А-д өгөөгүй энэ талаарх баримт байхгүй тул тус гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Тус хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн байгуулагдсан тул 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Төлбөр барагдуулах” гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчинтэй гэж ойлгуулснаас үүдэн Б.А-д Ам 10,450,000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хооронд төлсөн болохыг нэхэмжлэгч тал хариу тайлбартаа бичиж нотолсон тул нэхэмжлэлийн шаардлагыг тус дүнгээр нэмэгдүүлж байна. Мөн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хоорондох хугацаанд Б.А-гийн данс руу 13,566,000 төгрөгийг илүү төлсөн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нийт 24,016,000 төгрөгийг Б.А-гаас нэхэмжилж байна” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Тус иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ц.А-лаас 70,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Ц.А нь нэхэмжлэгчээс 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 50 сая төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцож бэлнээр хүлээж аваад 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хамтдаа нотариат орж зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл гэрээнд заасан хугацаанд Ц.А нь нэхэмжлэгч Б.А-гаас зээлсэн үндсэн 50 сая төгрөг, 5 сая төгрөгийн хүүтэй нь хамтад нь бүрэн төлж барагдуулахгүй, цувуулсаар 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр буюу бүтэн жилийн дараа 44,550,000 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас хойш дахин нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байна. Хариуцагч Ц.А-лаас нэхэмжилж буй 70,000,000 төгрөгийг эхнээс нь тайлбарлаж, задалж тодорхой болговол, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ц.А нь Б.А-аас 50,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Ц.А нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үндсэн зээл 50 сая төгрөг, хүү 5 сая төгрөг нийт 55 сая төгрөгийг Б.А-д өгөх ёстой байсан. 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар буюу 1 жилийн дотор 10,450,000 төгрөг өгсөн. Энэ мөнгөнөөс нь 5 сая төгрөгийг нь хүүнд нь, 5,450,000 төгрөгийг үндсэн зээлд оруулж тооцсон. Үндсэн зээлийн үлдэгдэл 44,550,000 төгрөг болсон. Гэтэл хариуцагч А нь үндсэн зээлийн үлдэгдэл 44,550,000 төгрөгөөс дахиж нэг ч төгрөг төлөхгүй нэхүүлж явсаар бараг 3 жилийн дараа 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дахин тооцоо нийлж 47,000,000 төгрөгийн “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. Төлбөр барагдуулах гэрээг тооцохдоо, 2014.07.03-ны өдрөөс 2014.07.31-ний өдрийг хүртэл 28 хоног, 2014.08.01-ний өдрөөс 2014.12.31-ний өдрийг хүртэл 153 хоног, 2014 онд 181 хоног, 2015 онд 365 хоног, 2016 онд 365 хоног, 2017.01.13-ны өдрийг хүртэл 13 хоног, нийт 924 хоногийн хугацаа хэтэрсэн.

2013.09.02-ны өдрийн зээлийн гэрээний 3-т зааснаар 0,5%-аар алданги тооцож үзвэл, 44,550,000*0,5%= 22,275,000, 22,275,000/100= 222,750 төгрөг (1 хоногийн алданги), 222,750* 924 /хоног/ = 205,821,000 /зөвхөн алданги/, Иргэний хуульд зааснаар анз нь үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх заалтад нийцүүлэхээр 44,550,000 төгрөгийн 50 хувь нь 22,275,000 төгрөг болох юм. Үндсэн зээлийн үлдэгдэл 44,550,000 төгрөг дээр алданги 22,275,000 төгрөгийг нэмэхээр нийтдээ хариуцагч Ц.А нь 66,825,000 төгрөгийг Б.А-д төлөх ёстой болсон. Ингэж 66,825,000 төгрөгийн тооцоог гаргахдаа зөвхөн хугацаа хэтрүүлсэн хоногийн 0,5 хувийн алданги тооцсон гэдгийг Ц.А ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Хэрэв төлөлт хийгдээгүй саруудын 10 хувийн хүүг тооцож оруулсан бол мөн адил үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснээр дахиад 22,275,000 төгрөг нэмэгдэж, нийтдээ 89,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох байсан.

Хэдийгээр нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр зээлийн гэрээ болон хуульд заасан үндэслэлээр хариуцагчаас 89,100,000 төгрөгийн “Төлбөр барагдуулах гэрээ” хийх боломжтой байсан ч түүний боломж бололцоог харгалзан үзэж үндсэн зээлийн үлдэгдэл 44,550,000 төгрөг дээр ердөө 2,450,000 төгрөгийг нэмж нийтдээ 47,000,000 төгрөгийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г нотариатын дэргэд байгуулж, нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг. 2017.01.13-ны өдөр 47,000,000 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. 2019.01.13-ны өдөр буюу 2 жилийн хугацаанд бүрэн төлж дуусгах ёстой байсан. Гэвч хариуцагч Б.А нь гэрээ байгуулсан өдрөөс хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Төлбөр барагдуулах гэрээнд заасан ёсоор хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож үзвэл 2019.01.14-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд буюу 2019.10.18-ны өдөр хүртэл тооцохоор нийт 277 хоногийн хугацаа хэтрүүлсэн. 47,000,000₮*0,5%=23,500,000₮, 23,500,000/100= 235,000₮ (1 хоногийн алданги), 235,000₮*277 хоног= 65,095,000 төгрөг /зөвхөн алданги/, төлбөр барагдуулах гэрээ болон хуульд зааснаар үндсэн үнийн дүн 47,000,000 төгрөгийн 50%-с хэтрүүлэхгүй тооцохоор 23,500,000 төгрөгийн алданги төлөхөөр байна. Төлбөр барагдуулах гэрээний үндсэн үнэ 47,000,000 төгрөг дээр алданги 23,500,000 төгрөгийг нэмж тооцвол нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ц.А-лаас нийтдээ 70,500,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байгаа ч нэхэмжлэлийн шаардлагаа 70,000,000 төгрөг гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагчийн Ц.А-лын хүсэлтээр талууд тохиролцож хуульд нийцүүлэн нотариатын дэргэд, хүчин төгөлдөр 50 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Хүчин төгөлдөр зээлийн гэрээнээс үүдэлтэйгээр талууд тооцоо нийлж, үл маргах журмаар гаргуулахаар 47 сая төгрөгийн “Төлбөр барагдуулах гэрээ”г хөндлөнгийн дарамт шахалтгүй, сайн дурын үндсэн дээр, нотариатын дэргэд гарын үсэг зурж албан ёсоор хүчин төгөлдөр гэрээ байгуулсан тул 70,000,000 төгрөгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй юм. Харин хариуцагч Б.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй, нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө цаг тухайд нь өгөхгүй, нэхэмжлэгчийг мөнгө санхүү, цаг хугацаагаар маш хохироож байгаа мөртлөө шүүхэд хандаж зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 13,566,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч Ц.А-лын гаргасан 2013.09.02-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 13,566,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.А-гийн 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс 2017.01.13-ны өдрийн Төлбар барагдуулах гэрээ, 2013.09.02-ны өдрийн Зээлийн гэрээ, Мөнгө хүлээлцэх акт /ногоон өнгөтэй/,

 

6. Хариуцагчаас  мөнгө төлсөн хүснэгт, 2013.09.02-ны өдрийн Зээлийн гэрээ, Монгол банкны 2022.04.01-ний өдрийн Б-11/264 тоот албан бичгийг нотлох баримтаар шүүхэд тус тус гаргаж өгсөн.

 

Хариуцагчийн хүсэлтээр Архивын газрын 2020.05.26-ны өдрийн 04/579, 2021.03.12-ны өдрийн 04/159 тоот албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн нотариатч Б.Г-рын бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2017.01.13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, 2021.02.07-ны өдрийн Зээлийн гэрээ, 2013.01.11-ний өдрийн Зээлийн гэрээ, Б.А-гийн Хаан банкны дансны хуулгыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр хүлээлгэж өгсөн, зээлийн төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээгээр 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, хугацаа хэтэрсэн тохиолдод алданги нэмж төлөхөөр харилцан тохиролцсон гэж тодорхойлсон бол дээрх гэрээнүүд нь сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд бөгөөд хариуцагчаас илүү төлбөр авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.

 

3. Хариуцагч үндсэн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нэхэмжлэгчтэй 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан ч 50,000,000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй, хүч хэрэглэж зээлийн болон төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зуруулсан гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ шүүх хуралдааны явцад дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн учир 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, тус гэрээний үндсэн дээр хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээний дагуу илүү төлсөн 10,566,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг 22 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 11,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй олгосон Зээлийн гэрээ,

2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр авсан 50,000,000 төгрөгийн үлдэгдэл 47,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг тус тус байгуулсан байна.

 

5. Зохигчийн хооронд зээлийг төлөх үүрэгтэй эсэх, гэрээний хүчинтэй байдал маргааны зүйл болжээ.

 

6. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

6.1. Нэхэмжлэгч нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагчид 50,000,000 бэлнээр шилжүүлэн өгсөн гэсэн бол хариуцагчаас дээрх мөнгийг бэлнээр шилжүүлж аваагүй, өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл хүү 12,000,000 төгрөгийг 50,000,000 төгрөг болсон гэж хүч хэрэглэн зээлийн болон төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зуруулсан гэж маргасан.

 

Талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх нөхцөлтэй Зээлийн гэрээ /хх-21/ байгуулагдсан байх бөгөөд гэрээний ар талд бичигдсэн “2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөг хүлээн авлаа” гэх бичвэр нь хариуцагчийн гараар бичсэн бичвэр болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч, маргаагүй байна /хх-78/.

 

Дээрх гэрээг үндэслэн зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, гэрээнд “Төлбөр төлөгч нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлж авсан 50,000,000 төгрөгийн үлдэгдэл 47,000,000 төгрөгийг хариуцан төлөхөөр хүлээн зөвшөөрч энэхүү гэрээг байгуулав. ... 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлнө” гэжээ.

 

Иймд 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр нэхэмжлэгчээс 50,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагчаас өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл хүү 12,000,000 төгрөгийг 50,000,000 төгрөг гэж зээлийн болон төлбөр барагдуулах гэрээнд хүч хэрэглэж гарын үсэг зуруулсан гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.

 

6.2. Нэхэмжлэгч Б.А нь зээлийн үйл ажиллагааг тогмол эрхлэн явуулдаг болох нь зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “зээлдүүлэгч Б.А, утас: 99149728, 96019728” гэх хэвлэмэл бичвэр бүхий ногоон өнгийн “Мөнгө хүлээлцэх акт” /хх-28/, Архивын газрын 2020 оны 04/579 тоот “Тус Архивын сан хөмрөгт Сонгинохайрхан дүүргийн тойргийн 284 тамганы дугаартай нотариатч Б.Г-рын баримт 2017 он хүртэл хадгалагддаг. Б.А-д холбогдох 2009-2017 оны баримтыг шүүн үзэхэд зээлийн гэрээ бүхий 2800 гаруй хуудас баримт байх бөгөөд хуулбарлан олгох боломжгүй тул та бүхэн Архивт ирж холбогдох баримттай танилцан, үзлэг шинжилгээ хийнэ үү” гэх албан бичиг /хх-63/, нотариатчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-101-112/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх187-191/-аар тус тус нотлогдож байх ба хариуцагчийн “Б.А нь надаас гадна олон хүмүүсд өндөр хүүтэй мөнгө зээлж, хүүгээр нь амьдардаг” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

 

Гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч энэ нь хуулийн хүрээнд байх шаардлагатайг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заажээ. 

Тодруулбал, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар иргэд хооронд зээлийн гэрээ байгуулж, гэрээний үр шимийг хүртэж болохыг хуулиар хориглоогүй боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно”, 189.3-т “Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан.

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т зааснаар зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг бөгөөд нэхэмжлэгч нь иргэдэд зээлийн гэрээгээр зээл олгож, зээлийн үйл ажиллагааг тогтмол хэлбэрээр явуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөл буюу Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзнэ.

 

Иймд талуудын байгуулсан 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, тус гэрээний үндсэн дээр хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй.

 

6.3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч шилжүүлэн авсан мөнгийг буцааж өгөх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн “2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр Ц.А нь 50,000,000 төгрөгийг бэлнээр авч нотариатаар гэрчлүүлэн бичгээр үйлдсэн. Уг зээлийн гэрээнээс 10,450,000 төгрөг төлсөн” /хх-60/ гэх тайлбарыг үндэслэн 50,000,000 төгрөгөөс 10,450,000 төгрөгийг хасаж үлдэх 30,450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

7. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

7.1. Хариуцагчаас 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 13,566,000 төгрөг гаргуулахаар, уг дүнгээ нэмэгдүүлж 24,0160,000 төгрөг болгосон бол шүүх хуралдааны явцад 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр илүү төлсөн 10,566,000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон, мэтгэлцсэн.

 

Хариуцагч нь өөрийн өмгөөлөгчөөр төлөөлүүлэн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр сөрөг нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулан хариу тайлбар авсан, уг нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчаас өмнө гаргасан сөрөг шаардлагатай агуулгын хувьд адил ба хариуцагч Ц.А дээрх сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

 

7.2. Хариуцагчаас гаргасан 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг энэ шийдвэрийн 4.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хангаж, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр илүү төлсөн 10,566,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Талуудын хооронд 11,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй олгох нөхцөлтэй зээлийн гэрээ 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан байх бөгөөд хариуцагч тус гэрээний дагуу 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд нэхэмжлэгчид 10,566,000 төгрөгийг илүү төлж нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргасан.

 

Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор нэхэмжлэгчийн дансны хуулгыг шүүхийн журмаар бүрдүүлсэн бөгөөд гэрээ байгуулагдсан өдрөөс тооцож үзэхэд гэрээний үүрэгт 10,566,000 төгрөг илүү төлсөн буюу нэхэмжлэгч энэ дүнгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

8. Иймд зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагчийн 10,566,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 355,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 407,950 төгрөгийг нэхэмжлэгчээс, илүү төлөгдсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж хариуцагчид буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагчаас 39,550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 30,450,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагчийн 10,566,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 355,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 407,950 төгрөгийг нэхэмжлэгчээс, илүү төлөгдсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж хариуцагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАТХУЯГ