Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01965

 

2022.11.07 МАГАДЛАЛ №1965

ТӨСӨЛ

Б.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2022/01929 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.А-д холбогдох,

Төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 70,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,566,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ха, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга: Б.А- миний бие 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Ц.А-тай төлбөр барагдуулах гэрээ байгуулан, уг гэрээгээр Ц.А- нь 47,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлж барагдуулах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ц.А- нь зээлийн төлбөрөө төлөөгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцож алдангид 23,000,000 төгрөг, үндсэн зээл 47,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг хариуцагч Ц.А-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.А-ын татгалзал, түүний агуулга: Ц.А- миний бие Б.А-гийн нэхэмжлэлд дурдсан 70,000,000 төгрөгийг зээлээгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2009 оны 08 дугаар сард Б.А-гаас 500,000 төгрөг өдрийн 10 хувийн хүүтэй, 22 хоногийн зээл авч эхэлсэн. 2012 оны 01 дүгээр сараас эхлэн миний ажиллуулж байсан түрээсийн байрны гэрээ гэнэт цуцлагдаж /банкны өрөнд хураан авсан/ би ажлын байргүй болж өдрийн зээлээ төлж чадахгүй болсон. Тухайн үед 16,500,000 төгрөгийг өдрийн 10 хувийн хүүтэй 22 өдрөөр тооцоод хүү нь 150,000 төгрөг болсон гэж Б.А- надад хэлсэн. 150,000,000 төгрөгийг өгөхгүй бол шүүхэд өгнө гэж дарамталдаг байсан. Б.А- хүмүүст зээлсэн мөнгөө тэмдэглэдэг улаан, цэнхэр, ногоон, шар өнгийн дэвтэр байдаг бөгөөд уг дэвтэрт би өгсөн мөнгөнийхөө ард гарын үсэг зурдаг байсан. Б.А- нь Хархорин захад мөнгө хүүлэгчийн ажлаа хийж байгаад орой зах тарахад 21 цагт манай ажил дээр ирж тухайн өдрийн хүүгийн төлбөрөө аваад явдаг байсан. Миний бие Б.А-гаас 47,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй бөгөөд надаас хууль бусаар мөнгө хүүлж, хүүлсэн мөнгөө өөрөө тооцож 47,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нөгөөтэйгөөр төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний агуулга: Б.А-тай байгуулсан 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн СБД-151 дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулах, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 13,566,000 төгрөг, мөн хүчин төгөлдөр бус гэрээнээс үүдэлтэйгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу 10,450,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. Ц.А- нь 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 22 хоногийн хугацаатай байгуулж өдөрт 500,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 11,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр эргүүлж төлөхөөр зээлийн гэрээг тус тус байгуулсан. Харин 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн СБД-151 дугаартай зээлийн гэрээг Б.А- нь Ц.А-аар хүчээр гарын үзсэг зуруулсан бөгөөд сэтгэл санаагаар дарамталж 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахыг шаардсан. 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг Б.А- зээлээгүй буюу бэлнээр болон дансаар Ц.А-д өгөөгүй, энэ талаарх баримт байхгүй тул уг гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл. Тус хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчинтэй гэж ойлгуулснаас үүдэн Б.А-д Ц.А- 10,450,000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хооронд төлсөн болохыг нэхэмжлэгч тал хариу тайлбартаа бичиж нотолсон тул нэхэмжлэлийн шаардлагыг тус дүнгээр нэмэгдүүлж байна. Мөн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хоорондох хугацаанд Б.А-гийн данс руу 13,566,000 төгрөгийг илүү төлсөн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нийт 24,016,000 төгрөгийг Б.А-гаас нэхэмжилж байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагч Ц.А- нь нэхэмжлэгчээс 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцож бэлнээр хүлээж аваад 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хамтдаа нотариат орж зээлийн гэрээг байгуулсан. 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ц.А- нь Б.А-гаас 50,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Ц.А- нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөгийг Б.А-д төлөх байсан. 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр буюу 1 жилийн дотор 10,450,000 төгрөг төлсөн. Уг мөнгөнөөс үндсэн зээлд 5,450,000 төгрөг, зээлийн хүүд 5,000,000 төгрөгийг тус тус тооцсон. Үндсэн зээлийн үлдэгдэл 44,550,000 төгрөг болсон. Хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дахин тооцоо нийлж 47,000,000 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Төлбөр барагдуулах гэрээг тооцохдоо, 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 07 дугаар 31-ний өдрийг хүртэл 28 хоног, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 153 хоног, 2014 онд 181 хоног, 2015 онд 365 хоног, 2016 онд 365 хоног, 2017оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 13 хоног, нийт 924 хоногийн хугацаа хэтэрсэн.

2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний 3-т зааснаар 0.5 хувиар алданги тооцож үзвэл, 44,550,000 төгрөгийн 50 хувь 22,275,000 төгрөг болно. Үндсэн зээлийн үлдэгдэл 44,550,000 төгрөг, алданги 22,275,000 төгрөг, нийт 66,825,000 төгрөг болно. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний үндсэн зээл 47,000,000 төгрөг, алданги 23,500,000 төгрөгийг нэмж тооцвол нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Ц.А-аас нийт 70,500,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагаа 70,000,000 төгрөг гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Ц.А-ын хүсэлтээр талууд тохиролцож, хөндлөнгийн дарамт шахалтгүй, сайн дурын үндсэн дээр хуульд нийцүүлэн нотариатын дэргэд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан тул 70,000,000 төгрөгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй. Харин хариуцагч Б.А- зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 10,566,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд хариуцагч Ц.А-ын гаргасан 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 13,566,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.А-гийн 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагчаас 39,550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 30,450,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагчийн 10,566,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 355,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 407,950 төгрөгийг нэхэмжлэгчээс, илүү төлөгдсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Миний бие 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг 22 хоногийн хугацаатай зээлсэн бөгөөд хоног тутам зээл, хүүгийн хамт өдрийн 500,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусаагүй байхдаа дахин 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 11,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд сарын 10 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатай байгуулсан. Энэ хоёр зээлийн гэрээний төлбөр гэж Б.А-гийн Хаан банк ХХК-аас ирүүлсэн дансны хуулганаас 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Ц.А- нь (амараа) нийт 34,116,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ талаар шүүх хариуцагчаас тодруулаагүй, дүгнэлт хийгээгүй.

2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний 2 хувь адилхан байх ёстой атал н.Ариунаад үлдсэн зээлийн гэрээний эх хувьд дээр Ц.А- нь бэлнээр хүлээн авлаа гэсэн бичвэрээр 50,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Гэрээг нотариатаар баталгаажуулсан өдөр 50,000,000 төгрөгийг Ц.А-д бэлнээр өгсөн гэх боловч нотариатч бэлнээр мөнгөн төлбөр өгсөн эсэх талаар гэрээнд тусгаагүй. Талууд бэлэн мөнгө авсан талаар гарын үсэг зураагүй байдаг.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Дээрх гэрээг үндэслэн зохиогчид 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр "Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, гэрээнд төлбөр төлөгч нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлж авсан 50,000,000 төгрөгийн үлдэгдэл 47,000,000 төгрөгийг хариуцан төлөхөөр хүлээн зөвшөөрч энэхүү гэрээг байгуулав. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлнө" гэжээ гэтэл шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд 3,000,000 төгрөгийг хэзээ, яаж төлсөн талаар тодруулаагүй, нотлох баримт байхгүй байхад дан ганц гэрээн дээр бичсэн үгийг үндэслэж 50,000,000 төгрөгийг хариуцагч тал бэлнээр авсан гэж шүүх дүгнэсэн. Ц.А- миний бие 50,000,000 төгрөгийг Б.А-гаас бэлнээр аваагүй бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 07, 2013 оны 01 дүгээр сарын 11-нд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрийг хугацаандаа төлж дуусгаагүйгээс Б.А- нь чиний төлөх зээлийн төлбөрийн үлдэгдэл 70,000,000 төгрөг болох гээд байна 50,000,000 төгрөг зээлсэн гэж үзээд зээлийн гэрээ байгуулъя гэсэн. Түүнээс биш бэлнээр 50,000,000 төгрөг авсан зүйл огт байхгүй тухайн үед намайг төөрөгдүүлж, зээл, зээлийн гэрээний талаар мэдлэггүйг минь ашиглаж надаар гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан байсан гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь Ц.А-, Б.А- нарын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус тус зээлийн гэрээ байгуулагдсан. Тухайн зээлийн гэрээнүүд байгуулагдаж, хөөн хэлэлцэх хугацааг нь дууссан гэж үзсэн. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүч хэрэглэж, гарын үсэг зуруулсан гэх боловч харилцан тохиролцож, хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гэрээ байгуулсан. Хариуцагч нь 50,000,000 төгрөгийг аваагүй гэх боловч 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний ар талд талууд гарын үсэг зурж, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөгийг хүлээн авсан. Тухайн бичигт гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлт гаргахад Ц.А- бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, манай зүгээс хүсэлтээсээ татгалзсан. 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдлээ харилцан тохиролцож, тооцоо нийлж, нэхэмжлэл гаргасан. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц.А- анхан шатны шүүхэд тайлбар гаргасан. Тухайн тайлбартаа 50,000,000 төгрөгийг нэхэмжилсэн талаар дурдсан. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Ц.А-д холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 47,000,000 төгрөг, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйд алданги тооцон 23,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,566,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

3.Талууд 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулж, зээлдүүлэгч Б.А- нь 50,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон зээлдэгчээр төлүүлэх, зээлдэгч Ц.А- тогтоосон хугацаанд зээлийг буцаан төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /1хх-21/

4.Мөн Төлбөр барагдуулах гэрээ нэртэй гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж, гэрээгээр 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 47,000,000 төгрөгийг Ц.А- нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөх үүрэг хүлээжээ. /1хх-7/

5.Хариуцагч тал нэхэмжлэгч Б.А- нь тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлан, талууд маргасан байна.

6. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 02 дугаар сарын 07, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнүүд /хх 103-104, 111-113/, Нийслэлийн архивын газрын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 04/579 тоот албан бичиг, 2012, 2017 оны нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх 63, 100-106/, мөнгө хүлээлцэх акт /хх 28/, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Б.А- нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж, иргэдэд мөнгөн хөрөнгө зээлдүүлж, хүү авч байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

7.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр заажээ. Нэхэмжлэгч Б.А- эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлж байсан болохоо баримтаар нотлоогүй байна. Иймээс талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г мөн зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж үзнэ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар дээрх хэлцлүүд нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх тул мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу талууд хэлцлээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө хариуцан буцааж өгөх үүрэгтэй. Нэгэнт талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүсээгүй учир нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон үүргийн зөрчилд хариуцлага тооцон алданги шаардах эрхгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

8.Хариуцагч Ц.А- 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг хүлээж аваагүй гэж маргасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн гэрээнд 2013.09.01 өдөр 50,000,000 төгрөг хүлээн авлаа гэсэн өгүүлбэрийг хариуцагч бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргажээ. /хх-21/ Түүнчлэн нэхэмжлэгч айлган сүрдүүлж, дарамтлан уг өгүүлбэрийг бичүүлсэн гэх тайлбараа хариуцагч Ц.А- баримтаар нотлоогүй байх тул түүнийг нэхэмжлэгч Б.А-гаас 50,000,000 төгрөг хүлээн авсан гэж анхан шатны шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

9.Ц.А- 50,000,000 төгрөгийн зээлийн үүргээс 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 10,450,000 төгрөг төлсөн талаарх нэхэмжлэгч талын тайлбарыг анхан шатны шүүх үндэслэн хариуцагчаас 30,450,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн байна.

10.Хариуцагч Ц.А- нь, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 24,016,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны үеэр 10,566,000 төгрөг болгон багасгасан байна.

11.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцлүүд байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаардаг тул шүүх дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоохгүй. Иймд хариуцагчийг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Анхан шатны шүүх, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон нь алдаатай байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.

Харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,566,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Тодруулбал, хэргийн баримтаар хариуцагч Ц.А- нь 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Б.А-д мөнгөн хөрөнгө шилжүүлсэн байх боловч уг баримтууд нь тэдгээрийн хооронд үүссэн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний маргаанд хамааралтай гэж үзэх боломжгүй. Мөн нэхэмжлэгч талын 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад 55,000,000 төгрөг өгөх ёстойгоос 10,450,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж, баримтаар няцаагаагүй байна. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзээд нэхэмжлэгчийг 10,566,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь зөв.

12.Иймээс Б.А-д 34,116,000 төгрөгийг шилжүүлсэн, ... 50,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэж шүүх буруу дүгнэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

13.Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтыг баримтласан нь оновчгүй, найруулгын хувьд ойлгомжгүй болжээ. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

 

14.Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах замаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн заалттай нийцнэ гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2022/01929 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5 дахь заасныг баримтлан хариуцагч Ц.А-аас 39,550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,450,000 төгрөгт холбогдох хэсгийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.А-гаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 10,566,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 355,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас урьдчилан төлсөн нийт 1,358,680 төгрөгийн 278,030 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлөгдсөн 1,080,650 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж хариуцагч Ц.А-д буцаан олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.А-аас төлсөн 355,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД