Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/04433

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .............. тоот хаягт оршин суух, Ц овогт Ч.Э /РД:00000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ................. тоот хаягт оршин суух, Б овогт С.З /РД:00000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т, Д.Б, хариуцагч С.З, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж, Э.Ж, гэрч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Э нь С.З-д холбогдуулан 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Би 2012 оноос Т ХК-иас ачаа тээвэрлэж, 2017 он хүртэл тээврийн жолооч, зохицуулагчаар ажиллаж, тээврийн ойлголттой болоод компани байгуулж, ажиллахаар А.Б-той ярилцаж, 2017 оны 2 дугаар сарын 17-нд Б ХХК-ийг байгуулж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Хамтран ажилладаг хятадууд хоёр хүнтэй харьцахад хүндрэлтэй гэсэн тул 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр А.Б надад 50 хувиа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, 1 хувьцаа эзэмшигчтэй болсон. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр олон машин зээлээр авсан, шатахуун их хэмжээгээр авах шаардлага үүсч банкнаас зээл авах хэрэгцээ бий болсон. Ингээд зээл хөөцөлдүүлэхээр эхнэр С.З-д хувьцаагаа шилжүүлсэн. Надад хувьцаа худалдах, С.З-д худалдан авах хүсэл зориг огт байгаагүй. 500 сая төгрөгийн үнэ цэнэтэй хувьцаагаа 5,000 төгрөгөөр худалдахгүй. Иймд хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгд, дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Худалдах хүсэл зориг нэхэмжлэгчид байгаагүй. Төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байгаа. Хоёрт, худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй. С.З нь мэдүүлэхдээ хамтрагч хятадууд танай нөхөр ганцаараа хувьцаа эзэмшигч юм байна, яаж итгэх юм бэ гээд би хувьцаа эзэмшигчээр орсон гэж тайлбарласан. Иймд худалдан авах хүсэл зориг байгаагүй. Гуравт, Компани зээл авах хүсэл зориг байсан. Хэрэгцээ шаардлага байсан уу гэдэг нь чухал. Банкнаас зээл авахад материалыг нь эдийн засагч шалгаад хариу өгдөг, бүгдийг нь банк бүртгэж авдаггүй. Өр төлбөртэй байсан, зээл авах хэрэгцээ шаардлага байснаа нотолж байгаа. Дөрөвт, хариуцагч компанийн үйл ажиллагаанд оролцсон уу гэх байдал ач холбогдолтой. Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь тогтоогддог. Компани үнэ цэнэгүй байсан гэж хариуцагч тайлбарлаж байна. Хэрэв үнэ цэнэгүй байсан бол хариуцагч маргахгүй байсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг хууран мэхэлж энэ хувьцааг авсан гэж үзэж байна. Эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа гэр бүлийн хүндээ худалдах уу, тийм хэлцэл байгуулах уу, Худалдах, худалдан авах гэрээ нь өмчлөлд нь бүрэн шилжүүлж, зохих үнийг төлөх ёстой. Энэ бол бичигдээгүй хууль. Иймд 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дгаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: 2012-2016 гэр бүлийн харилцаатай бид дундаасаа нэг хүүтэй. 2010 оноос хойш Гашуун сухайт дээр жолооч хийх гэж явсан байгаа. Бидний хамтын амьдрал ингэж эхэлсэн. Бидэнд компани байгуулахад ямар ч мөнгө байгаагүй. Өвөрмонгол залуу гайгүй хүн амьтан байна уу гэхээр нь миний нөхрийг ажилд аваач гэхэд яаж итгэх вэ, танд бол итгэж болж байна гэж асуусан. Тэр хүний итгэлийг даагаад компани 2017 оны 2 сард нээсэн. Компани их хэмжээний өмчтэй биш. Тээврийн хэрэгсэл нь хувь хүмүүсийнх, бичиг баримт нь тээвэр хийхийн тулд компанийн нэр дээр бүртгэлтэй юм. байдаг. Хятадууд машин нэмэх асуудал ярьж байна яаж энэ хүнд итгэх билээ дээ чи өөрөө 50 хувийг нь эзэмш гээд бид гэр бүл байсан болохоор орж байсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн үед ах дүү нарынхаа нүдэн дээр 5,000 төгрөгийг төлсөн. Би 2017 онд ажлаасаа гарч, энэ компанийн үйл ажиллагаанд оролцож, өргөжүүлсэн. Өөрийн оруулсан хувь нэмэр, үүсгэн байгуулсан хувиа авсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэлээ 4 үндэслэл гаргаад шаардаж байгаа гэж ойлгож байгаа. Удирдлагын академид сурах болоход нь хувьцаагаа шилжүүлсэн, зээл авахын тулд хувьцаагаа шилжүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Бэлэглэлийн гэрээн дээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй гэсэн тохиролцоо байхгүй. Компанийн үнэ цэнэ яриад байгаа боловч өөрийн хөрөнгө байгаа гэдэг нь тогтоогдохгүй. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж байгаа боловч бүртгэгдээгүй байгаа ч С.З-ыг захирлаар томилсон, банкны гүйлгээг 2 хувьцаа эзэмшигчийн гарын үсгээр гүйлгээ хийж байгаа нь үр дагавар үүсгэхийг хүссэн гэж үзнэ. Компанийн хөрөнгө компанийн дүрмэнд тусгагдсан өөрийн хөрөнгийн хэмжээгээр тогтоогдоно гэж зааснаар 5,000 төгрөгөөр гэрээний үнийг тогтоосон. А.Б-ын нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байхад яагаад хариуцагчийн зөвшөөрөл батлахгүй байгаа юм бэ гэж давж заалдах шатны шүүх шийдсэн. Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж үзэхгүй. Хууль зүйн үр дагаварт хүрэхгүй байх гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үздэг. Хэрэгт авагдсан баримтаар гэрээ байгуулаад, бүртгүүлсэн байгаа. Дээр нь банк дээр очиж гарын үсгийн зөвшөөрөл явагдаад үр дагавар үүсгээд байна. Эхнэр нөхөр учраас компанийн 50 хувийн хувьцаагаа эхнэртээ өгсөн байна гэж үзэж байна. Гуравдагч этгээдэд 5,000 төгрөгөөр өгсөн бол үнэ цэнэтэй компанийг ингэж зарахгүй байсан гэж үзэж болох юм. Гэр бүлийн хүнд энэ хамаарахгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс 2019.01.10-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2019.01.10-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.01.10-ны өдөр баталсан Б ХХК-ийн дүрэм, Б ХХК-ийн 2021 оны аж ахуйн нэгж байгууллагын татварын тодорхойлолт, Б ХХК-ийн 2020 оны аж ахуйн нэгж байгууллагын татварын тодорхойлолт, Б ХХК-ийн 2019 оны аж ахуйн нэгж байгууллагын татварын тодорхойлолт, 2019 оны 12 сараас 2021 оны 7 дугаар сар дуусталх хугацааны Б ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2020.09.25-ны өдрийн Б ХХК-ийн түрээсийн гэрээ, Б ХХК-ийн 2020 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Б ХХК-ийн 2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Б ХХК-ийн 2021 оны 2 дугаар улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Б ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, Б ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2020.06.09-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1831 дугаар шийдвэр, 2020.09.25-ны өдрийн Б ХХК-ийн түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.11.05-ны өдрийн 20845 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.01.12-ны өдрийн 00785 дугаар хамтран хариуцагчаар оролцуулах тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.09-ний өдрийн 752 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.03.24-ний өдрийн 04858 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж, 2017.02.17-ны өдөр баталсан Б ХХК-ийн дүрэм, Б ХХК-ийн 2018.11.06-ны 01/129 тоот Хнаас зээл хүссэн албан бичиг, Б ХХК-ийн 2019.06.04-ний 02/134 тоот Х-наас зээл хүссэн албан бичиг, Б ХХК-ийн Э ХХК-тай хийсэн 2018.12.31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, Э ХХК-ийн 2019.01.04-ний өдрийн 01537 тоот нэхэмжлэх, Б ХХК-ийн Э ХХК-тай хийсэн 2019.06.30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, Э ХХК-ийн 2019.07.04-ний өдрийн 984 тоот нэхэмжлэх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.03-ны өдрийн 2827 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.05.17-ны 769 тоот магадлал зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас 2022.03.07-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 402 дугаар магадлал, 2022.05.23-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 520 дугаар тогтоол, 2019.12.16-ны өдрийн Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, 2018.04.02-ны өдрийн С.З-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.12-ны өдрийн 3705 дугаар шийдвэр зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр С.А-г гэрчээр асуусан, Х ХХК-иас Б ХХК зээл хүссэн эсэх лавлагаа авсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр А.Б-ыг гэрчээр асуусан, Б ХХК-ийн 50 хувийн хувьцааны үнэ цэнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон, шүүхийн санаачлагаар Б ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. А.Б-той ярилцаж, 2017 оны 2 дугаар сарын 17-нд Б ХХК-ийг байгуулж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Хамтран ажилладаг хятадууд хоёр хүнтэй харьцахад хүндрэлтэй гэсэн тул 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр А.Б надад 50 хувиа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, 1 хувьцаа эзэмшигчтэй болсон. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр олон машин зээлээр авсан, шатахуун их хэмжээгээр авах шаардлага үүсч банкнаас зээл авах хэрэгцээ бий болсон. Ингээд зээл хөөцөлдүүлэхээр эхнэр С.З-од хувьцаагаа шилжүүлсэн. Надад хувьцаа худалдах, С.З-од худалдан авах хүсэл зориг огт байгаагүй. 500 сая төгрөгийн үнэ цэнэтэй хувьцаагаа 5,000 төгрөгөөр худалдахгүй. Иймд хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2012-2016 гэр бүлийн харилцаатай бид дундаасаа нэг хүүтэй. 2010 оноос хойш Гашуун сухайт дээр жолооч хийх гэж явсан байгаа. Бидний хамтын амьдрал ингэж эхэлсэн. Бидэнд компани байгуулахад ямар ч мөнгө байгаагүй. Өвөрмонгол залуу гайгүй хүн амьтан байна уу гэхээр нь миний нөхрийг ажилд аваач гэхэд яаж итгэх вэ, танд бол итгэж болж байна гэж асуусан. Тэр хүний итгэлийг даагаад компани 2017 оны 2 сард нээсэн. Компани их хэмжээний өмчтэй биш. Тээврийн хэрэгсэл нь хувь хүмүүсийнх, бичиг баримт нь тээвэр хийхийн тулд компанийн нэр дээр бүртгэлтэй юм. байдаг. Хятадууд машин нэмэх асуудал ярьж байна яаж энэ хүнд итгэх билээ дээ чи өөрөө 50 хувийг нь эзэмш гээд бид гэр бүл байсан болохоор орж байсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн үед ах дүү нарынхаа нүдэн дээр 5,000 төгрөгийг төлсөн. Би 2017 онд ажлаасаа гарч, энэ компанийн үйл ажиллагаанд оролцож, өргөжүүлсэн. Өөрийн оруулсан хувь нэмэр, үүсгэн байгуулсан хувиа авсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019.01.10-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2019.01.10-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.01.10-ны өдөр баталсан Б ХХК-ийн дүрэм, Б ХХК-ийн 2021 оны аж ахуйн нэгж байгууллагын татварын тодорхойлолт, Б ХХК-ийн 2020 оны аж ахуйн нэгж байгууллагын татварын тодорхойлолт, Б ХХК-ийн 2019 оны аж ахуйн нэгж байгууллагын татварын тодорхойлолт, 2019 оны 12 сараас 2021 оны 7 дугаар сар дуусталх хугацааны Б ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2020.09.25-ны өдрийн Б ХХК-ийн түрээсийн гэрээ, Б ХХК-ийн 2020 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Б ХХК-ийн 2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Б ХХК-ийн 2021 оны 2 дугаар улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Б ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, Б ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2020.06.09-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1831 дугаар шийдвэр, 2020.09.25-ны өдрийн Б ХХК-ийн түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.11.05-ны өдрийн 20845 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.01.12-ны өдрийн 00785 дугаар хамтран хариуцагчаар оролцуулах тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.09-ний өдрийн 752 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.03.24-ний өдрийн 04858 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж, 2017.02.17-ны өдөр баталсан Б ХХК-ийн дүрэм, Б ХХК-ийн 2018.11.06-ны 01/129 тоот Х-наас зээл хүссэн албан бичиг, Б ХХК-ийн 2019.06.04-ний 02/134 тоот Х-наас зээл хүссэн албан бичиг, Б ХХК-ийн Э ХХК-тай хийсэн 2018.12.31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, Э ХХК-ийн 2019.01.04-ний өдрийн 01537 тоот нэхэмжлэх, Б ХХК-ийн Э ХХК-тай хийсэн 2019.06.30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, Э ХХК-ийн 2019.07.04-ний өдрийн 984 тоот нэхэмжлэх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.03-ны өдрийн 2827 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.05.17-ны 769 тоот магадлал 2022.03.07-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 402 дугаар магадлал, 2022.05.23-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 520 дугаар тогтоол, 2019.12.16-ны өдрийн Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, 2018.04.02-ны өдрийн С.З-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.12-ны өдрийн 3705 дугаар шийдвэр, гэрч С.А-гийн мэдүүлэг, Х ХХК-ийн албан бичиг, гэрч А.Б-ын мэдүүлэг, Б ХХК-ийн 50 хувийн хувьцааны үнэ цэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, Б ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Б ХХК-ийг Ч.Э, А.Б нар нь 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гадаад худалдаа, аялал жуулчлал, автомашинаар ачаа тээвэрлэх, хүнд машин механизмын түрээсийн үйлчилгээ, хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагааг хугацаагүй явуулахаар үүсгэн байгуулж, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

6. 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр А.Б-ыг хувьцаа эзэмшигчээс чөлөөлж, А.Б-ын 50 хувь буюу 5,000 төгрөгийн хөрөнгийг Ч.Э-од эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, Б ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй болжээ.

7. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрээр С.З-ыг компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр элсүүлж, компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу С.З нь Б ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

8. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03705 дугаар шийдвэрээр А.Б-ын нэхэмжлэлтэй, Ч.Э, С.З нарт холбогдох, А.Б, Ч.Э нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Ч.Э, С.З нарын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Ч.Э, С.З нарт Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Б-од шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. А.Б нь Ч.Э, С.З нарын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардаж, шүүхээс гэрээнд оролцогчид гарын үсэг зурсан, нотариатч гэрчилсэн зэргээс уг гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаар магадлалаар Ч.Э, С.З нарын хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэлд хамаарахгүй гэж тус тус дүгнэж, Ч.Э, С.З нарын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоогүй байна.

9. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаар магадлалаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь заалтыг баримтлан А.Б, Ч.Э нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Б-од шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн.

10. Нэхэмжлэгч Ч.Э, хариуцагч С.З нар нь 2012 оноос гэр бүлийн хамтын амьдрал зохиож, 2015 онд гэрлэлтээ батлуулж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1831 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулжээ.

11. Нэхэмжлэгч нь дээрх 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр С.З-той байгуулсан хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг нэхэмжлэгч Ч.Э-од шилжүүлэхийг даалгахаар шаардаж байна. Харин хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг буюу хэлцэл хүчин төгөлдөр бус байх талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03705 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, Улсын Дээд шүүхийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн, худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагчийн Б ХХК-ийг үүсгэн байгуулж, оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хувьцааг шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

12. Дээр дурдсан үйл баримтаар Б ХХК-ийг Ч.Э, А.Б нар нь 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр үүсгэн байгуулсан, улсын бүртгэлд А.Б-ын гэрийн хаягаар бүртгэгдсэн, шүүхийн шийдвэрээр А.Б-од хувьцааг буцаан олгосон зэрэг нөхцөл байдлаас хариуцагч С.З-ыг тус компанийн үүсгэн байгуулагч гэж дүгнэх баримт байхгүй тул хариуцагчийн үүсгэн байгуулсан компанийнхаа үйл ажиллагаанд оруулсан хувьд ногдох хувьцаагаа шилжүүлж авсан гэх татгалзал үндэслэлгүй байна.

13. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ч.Э, С.З нарын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг шүүхээс гэрээнд оролцогчид гарын үсэг зурсан, нотариатч гэрчилсэн зэргээс уг гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэх үндэслэлгүй, Ч.Э, С.З нарын хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

14. Нэхэмжлэгч нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж нэхэмжлэлийн 1 үндэслэлээ тодорхойлсон.

15. Дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийнхээ эрх зүйн үр дагаврыг үүсгээгүй, хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, бодит үр дагавар үүсгэхэд чиглээгүй байдаг.

16. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд бүрмөсөн шилжүүлж, худалдан авагч нь тохирсон үнэ үнийг төлөх үүрэгтэй.

17. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч Ч.Э нь худалдан авагч С.З-од Б ХХК-ийн 50 хувийн 500 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 100 төгрөг, нийт 5,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан.

18. Худалдагч тал буюу нэхэмжлэгч нь бизнесийн тогтвортой үйл ажиллагаа явуулж, компанийн хөрөнгийг нэмэгдүүлснээр хувьцааны үнэ цэнэ нэмэгдэж, тус компанийн 50 хувийн хувьцаа нь гэрээ байгуулах 2019 оны байдлаар зах зээлд 575,977,000 төгрөгийн үнэтэй байхад 5,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулахгүй, дүр үзүүлсэн хэлцэл гэж, хариуцагч нь 5,000 төгрөгийг төлсөн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж маргасан.

Хэдийгээр гэрээний зүйл болох Б ХХК-ийн 50 хувийг хувьцааг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байх боловч шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэлээ.

19. Учир нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хэн алинд нь компанийн хувьцааг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, зөвхөн хувьцааг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

20. Худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй нь талуудын хооронд байгуулсан хэлцлийг хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж дүгнэх үндэслэл болохгүй.

21. Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д Хувьцаа нь нэрийн үнэт цаас байх бөгөөд хувьцааны саналын эрх хуваагдахгүй, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Компанийн энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн дүрмээр тогтоох бөгөөд үүнийг зарласан хувьцаа гэнэ гэж тодорхойлсон.

22. Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.4-т Нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг баримтална, мөн зүйлийн 113.6-д Үнэт цаасыг өөр этгээдэд шилжүүлснээр түүгээр гэрчлэгдэж байгаа эрх бүхэлдээ шилжинэ гэж заасан.

Энэ үндсэн дээр зохигчид хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хамтад нь байгуулсан.

23. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.4-т Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ зэргийг бүрдүүлж хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлнэ гэж заасан.

24. Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй боловч тэдний дунд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчинтэй байна.

25. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцдог.

С.З-од хувьцаа шилжсэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн тул талуудын хооронд гэрээ байгуулсан гэж үзнэ.

2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ биш тул өмчлөх эрх шилжүүлэх өөр төрлийн гэрээ байх шаардлагатай.

26. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-т Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ зааснаар талуудын хооронд хувьцаа бэлэглэх гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

27. Гэрээ байгуулах үед нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэр бүлийн харилцаатай, тэдний гэрлэлт цуцлагдаагүй байсан тул нэхэмжлэгч нь өөрт байгаа компанийн хувьцааныхаа 50 хувийг эхнэртээ буюу хариуцагчид шилжүүлэх хүсэл зориг байсан бөгөөд үнэ төлбөргүй шилжүүлэхийн тулд бэлэглэлийн гэрээ байгуулаагүй тул эд хөрөнгө өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ буюу Иргэний хуульд заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулсан байна гэж дүгнэлээ.

28. Гэхдээ нэхэмжлэгч нь өөрт байсан компанийн хувьцааны тоо ширхэгийн талаар эндүүрсэн буюу А.Б-оос хувьцаа шилжүүлсэн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэлд тооцогдсоноор байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус болж, Ч.Э, С.З нарын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулах үед нэхэмжлэгч Ч.Э нь Б ХХК-ийн 50 хувийн хувьцаатай байсан гэж үзнэ.

29. Нэхэмжлэгчийн өөрт байгаа хувьцааныхаа 50 хувийг шилжүүлэх хүсэл зоригт нийцүүлж дүгнэвэл Б ХХК-ийн 25 хувийн 25 ширхэг, 2,500 төгрөгийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон байна.

30. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан нэрлэгдээгүй гэрээний тоо ширхэгтэй хэсэг нь хүчин төгөлдөр бус боловч хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

31. Иймд хариуцагч С.З-од Б ХХК-ийн 25 хувийн хувьцаа болох нэрлэсэн үнэ 100 төгрөгийн үнэтэй 25 ширхэг, 2,500 төгрөгийн үнэ бүхий хувьцааг нэхэмжлэгч Ч.Э-од буцаан шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

32. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, шинжээчийн ажлын хөлс буюу шүүхийн зардлыг тэнцүү хувааж нэхэмжлэгч хариуцагч нараас гаргуулж, шинжээчээр ажилласан Х ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.10 дахь заалтыг баримтлан хариуцагч С.З-оос Б ХХК-ийн 2,500 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг, 25 хувийн хувьцааг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Э-од шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56.2 дахь заалтыг баримтлан шинжээчийн зардал 10,000,000 төгрөгийн 50 хувь болох 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Э-оос, 50 хувь болох 5,000,000 төгрөгийг хариуцагч С.З-оос тус тус гаргуулж, шинжээч Х ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ