Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00470

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00470

 

 

Ч.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/04433 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.З-од холбогдох,

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Э-, түүний өмгөөлөгч У.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж, Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2012 оноос ТТ ХК-аас ачаа тээвэрлэж, 2017 он хүртэл тээврийн жолооч, зохицуулагчаар ажиллаж, тээврийн ойлголттой болоод компани байгуулж, ажиллахаар А.Б-той ярилцаж, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б ХХК-ийг байгуулж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Хамтран ажилладаг хятадууд хоёр хүнтэй харьцахад хүндрэлтэй гэсэн тул 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр А.Б- надад 50 хувиа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, 1 хувьцаа эзэмшигчтэй болсон. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр олон машин зээлээр авсан, шатахуун их хэмжээгээр авах шаардлага үүсч банкнаас зээл авах хэрэгцээ бий болсон. Ингээд зээл хөөцөлдүүлэхээр эхнэр С.З-од хувьцаагаа шилжүүлсэн. Надад хувьцаа худалдах, С.З-од худалдан авах хүсэл зориг огт байгаагүй. 500,000,000 төгрөгийн үнэ цэнэтэй хувьцаагаа 5,000 төгрөгөөр худалдахгүй. Иймд хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2012-2016 гэр бүлийн харилцаатай бид дундаасаа нэг хүүтэй. 2010 оноос хойш Гашуун сухайт дээр жолооч хийх гэж явсан. Бидэнд компани байгуулахад ямар ч мөнгө байгаагүй. 2017 оны 02 сард компани нээсэн. Компани их хэмжээний өмчтэй биш. Тээврийн хэрэгсэл нь хувь хүмүүсийнх, бичиг баримт нь тээвэр хийхийн тулд компанийн нэр дээр бүртгэлтэй юм. Хятадууд машин нэмэх асуудал ярьж байна яаж энэ хүнд итгэх вэ, чи өөрөө 50 хувийг нь эзэмш гээд бид гэр бүл байсан болохоор орж байсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн үед ах дүү нарынхаа нүдэн дээр 5,000 төгрөгийг төлсөн. Би 2017 онд ажлаасаа гарч, энэ компанийн үйл ажиллагаанд оролцож, өргөжүүлсэн. Өөрийн оруулсан хувь нэмэр, үүсгэн байгуулсан хувиа авсан.

Удирдлагын академид сурах болоход нь хувьцаагаа шилжүүлсэн, зээл авахын тулд хувьцаагаа шилжүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Бэлэглэлийн гэрээн дээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй гэсэн тохиролцоо байхгүй. Компанийн үнэ цэнэ яриад байгаа боловч өөрийн хөрөнгө байгаа гэдэг нь тогтоогдохгүй. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж байгаа боловч бүртгэгдээгүй байгаа ч С.З-ыг захирлаар томилсон, банкны гүйлгээг 2 хувьцаа эзэмшигчийн гарын үсгээр гүйлгээ хийж байгаа нь үр дагавар үүсгэхийг хүссэн гэж үзнэ. Компанийн хөрөнгө компанийн дүрэмд тусгагдсан өөрийн хөрөнгийн хэмжээгээр тогтоогдоно гэж зааснаар 5,000 төгрөгөөр гэрээний үнийг тогтоосон. А.Б-ын нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байхад яагаад хариуцагчийн зөвшөөрөл батлахгүй байгаа юм бэ гэж давж заалдах шатны шүүх шийдсэн. Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж үзэхгүй. Хууль зүйн үр дагаварт хүрэхгүй байх гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үздэг. Хэрэгт авагдсан баримтаар гэрээ байгуулаад, бүртгүүлсэн. Дээр нь банк дээр очиж гарын үсгийн зөвшөөрөл явагдаад үр дагавар үүсгээд байна. Эхнэр нөхөр учраас компанийн 50 хувийн хувьцаагаа эхнэртээ өгсөн байна гэж үзэж байна. Гуравдагч этгээдэд 5,000 төгрөгөөр өгсөн бол үнэ цэнэтэй компанийг ингэж зарахгүй байсан гэж үзэж болох юм. Гэр бүлийн хүнд энэ хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.10 дахь заалтыг баримтлан хариуцагч С.З-оос Б ХХК-ийн 2,500 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг, 25 хувийн хувьцааг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Э-од шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56.2 дахь заалтыг баримтлан шинжээчийн зардал 10,000,000 төгрөгийн 50 хувь болох 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Э-оос, 50 хувь болох 5,000,000 төгрөгийг хариуцагч С.З-оос тус тус гаргуулж, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.б. Хууль зүйн хувь нэг талаас гэрээ байгуулах санал, нөгөө түүнийг хүлээн зөвшөөрсөн (агуулга, үйлдэл) бол гэрээ байгуулсан гэж үздэг. Талуудад уг гэрээ хийх хүсэл зориг байсан эсэх, хуульд зааснаар хийсэн эсэх нь тухай гэрээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр эсэхийг тогтоож, тодорхойлоход чухал ач холбогдолтой. Худалдах худалдан авах гэрээний хувьд нэг талаас эд хөрөнгийг худалдах хүсэл зориг, нөгөө талаас тухайн эд хөрөнгийн худалдаж авах хүсэл зориг, үнийг төлөх нь гэрээний нөхцөл юм.

Талууд худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ гэх баримтыг бичгээр хийсэн. Энэ баримтын талаар талууд хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаанд тайлбартаа:

Ч.Э- нь ...Миний зүгээс эхнэртээ Компанийн хувьцаа худалдах боломжгүй, худалдах хүсэл зориг, шаардлага байгаагүй. Эхнэрийгээ компанийн хувьцаа эзэмшигч мэтээр бусдад харагдуулах гэж, зээл хөөцөлдүүлэх гэж уг баримтуудыг үйлдсэн... гэсэн байдаг.

С.З- шүүхэд гаргасан тайлбартаа ...Компанийн хувьцааг худалдаж авсан зүйл байхгүй, тус компанид манай хятад найзууд хөрөнгө оруулж байсан. Би нөхрөө энэ компанид ажилд оруулж, хувьцааг эзэмшигч болгосон. Өөрөө төрийн албанаас гараад нөхрөөсөө хувьцаа авсан.. гэсэн байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй. Хариуцагч С.З- нь хилийн цэрэгт алба хаадаг байсан ба тухайн үед хятад найзууд нь тус компанид хөрөнгө оруулсан гэх баримт байхгүй, мөн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулах хүсэл зориг талуудад байсан гэж үзэх ч боломжгүй.

4.в. Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн нэг дэх заалтаар худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.10 дахь заалтыг баримтлан.... С.З-оос Б ХХК-ийн хувьцааг гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн үндэслэх нь хэсэгтээ талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэх дүгнэлтийг хийсэн атлаа Иргэний хуульд нэрлэгдээгүй гэрээ гэх нэрийдлээр С.З-од 50 хувийн хувьцааг үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хууль зүйн хувьд иргэний эрх зүйн гэрээ, хэлцлийн гол нөхцөл нь хүчин төгөлдөр эсхүл хүчин төгөлдөр бус байх гэсэн хоёр төрөлтэй байна. Гэтэл шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэл, тогтоох нь хэсгийн хуулийн заалтаасаа илэрхий зөрүүтэй, хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх асуудалд хөндлөнгийн байр сууринаас хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. Гэтэл зохигчдын тайлбарт дурдагдаагүй хэргийн оролцогч нар мэтгэлцээгүй асуудлаар шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүх нь зохигчийн тайлбар, нотлох баримтыг үндэслэж, хуульд заасны дагуу шийдвэр гаргах учиртай байна.

Ч.Э-ын хувьд С.З-од Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг үнэ төлбөргүйгээр өгөх хүсэл зориг байгаагүй. Ийнхүү өгөх хууль зүйн үндэслэл, шалтгаан нөхцөл ч бүрдээгүй. Энэ талаар шүүхийн шийдвэр үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.З-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Э- холбогдох, компанийн хувьцаа эзэмшигч компани хөрөнгийг зүй бусаар зарцуулсантай холбоотой 227,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүнээс болж А.Б-, Ч.Э- нар үргэлжлүүлээд нэхэмжлэл гаргаад явж байгаа. Тухайн үед гэр бүлийн харилцаатай байж, одоо компани хувьцаа эзэмшигч болсон энэ хүмүүсийг аливаа гэрээний хүчин төгөлдөр бус байдлыг тогтоолгож байгаад компани хувьцааг авах сонирхол байгаа гэдгийг шүүхээс анхааран үзэхийг хүсэж байна. Харин А.Б-ыг 50 хувийн хувьцааг шилжүүлсэн гэж дүгнээд байгаа боловч Ч.Э- А.Б-ын бүрэн эзэмшиж байсан компанийн 50 хувийг хувьцааг бүхэлд нь С.З-од худалдсан нөхцөл байдалтай байгаа. Иймээс энэ гэрээний харилцаа үүссэн үнээр шийдвэрлэгдэх боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүй, бүхэлд нь хангуулах боломжгүй.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

6.б. Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.10-т заасан заалтуудыг баримталсан нь ойлгомжгүй байна.

Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/03705 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ С.З-, Ч.Э- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд нь оролцогчид гарын үсэг зурсан, нотариатч гэрчилсэн зэргээс үзвэл хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаар магадлалаар Ч.Э-ын нэр дээр бүртгэлтэй хувьцааг худалдаж авсан нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Ч.Э-ыг уг хувьцааг захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж үзэх боломжтой байсан. Иймд С.З- нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсоор 50 хувийн хувьцааг олж авсан тул уг хөрөнгийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, Ч.Э-, С.З- нарын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, С.З-ыг тус компанийн 50%-ийн хувьцааг хууль ёсоор олж авсан гэж дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад талуудын хооронд байгуулагдсан гэрээг шүүхээс нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

6.в. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 27-д Гэрээ байгуулах үед нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэр бүлийн харилцаатай, тэдний гэрлэлт цуцлагдаагүй байсан тул нэхэмжлэгч нь өөрт байгаа компанийн хувьцааныхаа 50 хувийг эхнэртээ буюу хариуцагчид шилжүүлэх хүсэл зориг байсан бөгөөд үнэ төлбөргүй шилжүүлэхийн тулд бэлэглэлийн гэрээ байгуулаагүй тул эд хөрөнгө өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ буюу Иргэний хуульд заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулсан байна гэж дүгнэлээ гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Гэтэл шүүх Ч.Э- бид хоёрын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Э-гээр гэрчлүүлж, байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ-нүүдийг эд хөрөнгө өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ буюу нэрлэгдээгүй гэрээ байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу ...Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хэн алинд нь компанийн хувьцааг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, зөвхөн хувьцааг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд ойлгомжгүй байна.

Учир нь маргаан бүхий гэрээнүүдийн дагуу Ч.Э- нь өөрийн эзэмшлийн компанийн 50%-ийн хувьцааг С.З-од шилжүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлэн хувьцаа эзэмших эрхийг баталгаажуулах нь талуудын гэрээ байгуулах болсон үндсэн хүсэл зорилго бөгөөд уг гэрээг хариу төлбөртэй, эсхүл хариу төлбөргүй байгуулснаас үл хамааран хувьцаа эзэмших эрх С.З-од шилжсэн нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна.

6.г. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг дээрх байдлаар зөвхөн хувьцааг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэж тодорхой үр дагаврыг бодитоор үүсгэж байгаа, мөн талуудын хооронд нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дүр үзүүлэн хийсэн хэлцэл-д хамааруулан дүгнэсэн зөрчилдөөнтэй, хууль зүйн хувьд учир дутагдалтай болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 20-д худалдах, худалдан авах хүсэлт зориг байгаагүй нь талуудын хооронд байгуулсан хэлцлийг хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшсан хэлцэл гэж дүгнэх үндэслэл болохгүй гэж дүгнэжээ. Гэтэл хуульд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө тодорхойлох байтал ямар хууль, зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн талаар нэхэмжлэгч тодорхойлж маргаагүй, мөн шүүх талуудын хүсэлт зоригийг тодорхойлсон атлаа хүсэл зориг байгаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй байна. Талуудын эцсийн зорилго нь тухайн хувьцааг эзэмшлийг захиран зарцуулах уу, үгүй юу гэдэгт оршиж байгаа. Зөвхөн Улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор энэхүү гэрээгээ байгуулсан харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн үед Ч.Э-ын хэлсэн тайлбар, С.З-ын хувьцааг яагаад шилжүүлж аваагүй талаар тайлбараас харагдана. Хэрэгт авагдсан баримтуудад тодорхой харагдана. Талуудын аль нэг талд худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй. Тиймээс худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй бол дүр үзүүлсэн шинжтэй гэж энэ гэрээгээр үзэх хууль зүйн хувьд үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Ч.Э- нь хариуцагч С.З-од холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нь А.Б-той хамтран 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б ХХК-ийг үүсгэн байгуулсан байх ба 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр А.Б- нь өөрийн 50 хувийн хувьцаагаа нэхэмжлэгчийн хүсэлтээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгснөөр 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байна. /2хх 30-103/

 

2.а. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дээрх компанийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрээр хариуцагч С.З- тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болж, компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу Б ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ./2хх 30-103/

 

2.б. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03705 дугаар шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь заалтыг баримтлан А.Б-, Ч.Э- нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Б-од шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох Ч.Э-, С.З- нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй байна гэж дүгнэжээ. /1хх 195-197, 224-230/

 

2.в. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 001/ШХТ2022/00520 дугаар тогтоолоор уг хэрэгт Ч.Э-ын өмгөөлөгч У.Т-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /1хх 220/

 

3. Мөн нэхэмжлэгч Ч.Э-, хариуцагч С.З- нар нь 2012 оноос хамтран амьдарч, 2015 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01831 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан баримт хэрэгт авагдсан байна. /хх 49-51/

 

4. Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр С.З-той байгуулсан хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан авах тухай нэхэмжлэл гаргасан.

 

4.а. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03705 дугаар шийдвэрээр худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болохыг шийдвэрлэсэн, хариуцагчийн Б ХХК-ийг үүсгэн байгуулж, компанид оруулсан хувь нэмрийг нь үнэлж хувьцааг шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

5. Б ХХК-ийг Ч.Э-, А.Б- нар нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үүсгэн байгуулсан, шүүхийн шийдвэрээр А.Б-од компанийн 50 хувийн хувьцааг буцаан олгосон зэрэг нөхцөл байдлаас хариуцагч С.З-ыг тус компанийн үүсгэн байгуулагч гэж үзэх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийн хэсэг зөв байна.

 

6. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаар магадлалаар Ч.Э-, С.З- нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй байна гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар түүнийг дахин нотлохгүй.

 

6.а. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д холбогдох эрх зүйн дүгнэлтийг хийх байсан гэж үзнэ.

 

7. Гэтэл шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй боловч талуудын хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчинтэй, С.З-од хувьцаа шилжсэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн тул талуудын хооронд гэрээ байгуулсан гэж үзэж, Иргэний хуульд заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулсан, нэхэмжлэгч тухайн компанийн 50 хувийн хувьцаатай байсан гэж үзвэл өөрт байсан хувьцааныхаа 50 хувийг хариуцагчид үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон гэх нотлох баримтгүй, хууль зүйн үндэслэлгүй, хийсвэр дүгнэлт хийж, хариуцагч С.З-од Б ХХК-ийн 25 хувийн хувьцаа болох нэрлэсэн үнэ 100 төгрөгийн үнэтэй 25 ширхэг, 2,500 төгрөгийн үнэ бүхий хувьцааг нэхэмжлэгч Ч.Э-од буцаан шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан зарчимд нийцээгүй, логикийн хувьд зөрчилтэй шийдвэр болжээ.

 

8. Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр С.З-од нийт 5,000 төгрөгөөр худалдах, худалдах авах гэрээгээр шилжүүлсэн хэлцэл нь хэрэгт авагдсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гүйцэтгэх захирлаар С.З-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гүйцэтгэх захирлаар С.З-ыг томилсон шийдвэр, тус компанийн хувьцааг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулах үеийн байдлаар 575,977,000 төгрөг гэж үнэлсэн шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан дүгнэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. /1хх 110-181/

 

Тодруулбал, талуудыг хэлцэл хийх үед 575,977,000 төгрөгийн үнэлгээтэй байсан компанийн хувьцааг ямар үндэслэлээр талууд 5,000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийх болсныг хариуцагч тал баримтаар нотлоогүй тул гэрээний гол нөхцөлийн талаар тодорхой хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байх тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзнэ.

 

8.а. Мөн хариуцагч тал дээрх 50 ширхэг хувьцааг нийт 5,000 төгрөгөөр худалдан авч үнийг төлсөн гэсэн хариу тайлбараа бусад баримтаар нотлоогүй байна.

 

8.б. Гэрээний зүйл болох Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байх боловч хэн алинд нь компанийн хувьцааг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, зөвхөн хувьцааг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна гэж үзсэн анхан шатны дүгнэлт Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

9. Нэхэмжлэгчээс дээрх хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсонгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр талуудад хуваарилах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д Гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр гэснийг үндэслэн 575,977,000 төгрөгийн компанийн 50 хувийн хувьцааны 287,988,500 төгрөгөөс тооцох, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан шинжээчийн ажлын хөлсийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлнэ гэсний дагуу өөрчлөлт оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/04433 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Э-, С.З- нарын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Б ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч С.З-оос Б ХХК-ийн 50 ширхэг хувьцааг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-од олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 1,387,292 төгрөгийг нөхөн төлүүлж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч С.З-оос 1,597,892 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-од олгосугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс 10,000,000 төгрөгийг хариуцагч С.З-оос гаргуулж шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 280,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дутуу төлсөн 1,387,292 төгрөгийг нөхөн төлүүлж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ