Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2020/01090

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О.З-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: О.Э-д холбогдох,

 

           “Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамж, 799б тоотод байрлалтай хууль ёсны өмчлөх эрхтэй 18642315739020 нэгж талбайн дугаартай, Г-2202011230 дугаартай О.З миний өмчлөлийн 290 м.кв талбайтай газарт хууль бусаар барьсан /байрлаж байгаа/ иргэн О.Э-гийн шавар байшинг албадан чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

                                                  

Нэхэмжлэгч О.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, сургуулийн 39-799б тоотод байрлалтай хууль ёсны өмчлөх эрхтэй 18642315739020 нэгж талбайн дугаартай, Г-2202011230 дугаартай газрын хууль ёсоор өв залгамжилж авч өөрийнхөө нэр дээр энэхүү газраа баталгаажуулж гэрчилгээ авсан.

Нэгэнт дээрх газар хууль ёсоор надад ирж миний өмчлөлийн зүйл болсон болохоор миний газраа чөлөөтэй эзэмших, ашиглах эрхийг минь ноцтой зөрчиж байгаа хариуцагч О.Эийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39-799б тоотод хууль бусаар байрлах дан шавар байшинг миний өмчлөлийн газар дээрээс албадан чөлөөлж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж байна.                     

            Нэхэмжлэгчийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Үл хөдлөх эд хөрөнгөд хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухайд. О.З миний бие эцэг У.Ордос, ээж Д.Бгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39 дүгээр гудамж 799 тоотод 1982 оноос хойш амьдарч байна. Аав, ээж 2 минь 1982 оны үерээр хашаа байшингаа үерт алдсан ингээд үерийн хохирлын даатгалаас энэ хашаа, байшинг авч байсан юм. Анх энэ хашаа байшинд нүүж ороход 2 жижиг байшин нэг түлээ нүүрсний амбаар байсан. Тэгээд өөрийн ах дүү нартай нийлж байшингаа өргөтгөж, засаж, томруулсан юм. Миний эцэг У.Ордос нь хүнд өвчний улмаас 1990 онд нас барсан. Түүнээс хойш эх Д.Бгийн хамт амьдарч байгаад 1992 онд эхнэр Б.Отэй гэр бүл болж одоо О.Эийн амьдарч байгаа байшинд тусдаа гарч 2017 он хүртэл амьдарсан. Ээж маань хажуу байшинд бидэнтэй зэргэлдээ амьдардаг байсан ба 2000 оноос хойш бие нь эрс муудаж эхнэр бид хоёр 2005 онд нас бартал нь асарч байсан. Энэ хугацаанд өөрийн байшиндаа эхнэр бид 2 өөрсдийн цалингаараа урсгал засвар хийсээр ирсэн. О.Э нь 1980-аад оны дундуур нөхөртэйгээ хамт Дамбадаржаа руу нүүж 10 гаруй жил амьдарч байгаад хашаа байшингаа зараад нөхрөөсөө салаад буцаж ирсэн. Тэгээд хэдэн жил хамт амьдарч байгаад 2000 онд Шинэ Зеланд улс руу яваад 2 жил орчим болоод буцаж ирэнгүүтээ төд удалгүй Солонгос улс руу яваад 6 жил гаруй хугацаанд ажиллаж амьдарч байгаад ирэхэд нь эгчийгээ гэр оронгүй, очих газаргүй байхаар нь өөрийн амьдарч байсан байшингаа суллаж өгсөн юм.

Гэтэл О.Э нь ээжийг нас барснаас хойш бидний амьдарч байсан хашааны газрыг зөвхөн өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч гэрчилгээ гаргуулж түүнийгээ дүүргийн бүртгэл албанд өгч ганцхан өөрийнхөө нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авчхаад намайг гэр бүлтэй минь хамт хөөж тууж эхэлсэн.

Тэгэхээр нь арга буюу шүүхэд хандаж талийгаач ээжийнхээ өв залгамжлагч гэдгийг хууль ёсны дагуу шүүхээр тогтоолгосон юм. Тодруулж хэлбэл, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39 дүгээр гудамж 799 тоот хашаа байшингийн өв залгамжлагчаар тогтоогдож өөрт ногдох хэсгээ хууль ёсоор баталгаажуулж авсан юм.

Аав, ээжээс өвлөгдөж ирсэн энэ хашаа байшинг үр хүүхдүүд бид тэгш эрхтэйгээр, тэнцүү хувааж авах ёстой гэж ойлгож байна. Гэтэл О.Э нь бидний олон жил хамт амьдарч амьдралаа залгуулж ирсэн гал голомтыг минь ганцаараа өмчилж авсныг хүлээн зөвшөөрөхгүй ээ.

Иймд О.З намайг О.Эийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39 дүгээр гудамж 799 тоотод байрлалтай 76 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 2202013622 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

О.Эийн хууль бусаар эзэмшиж байгаа газрыг албадан чөлөөлүүлэх тухайд: Бидний ээж Д.Б 2005 оны 07 дугаар сарын 22-нд нас барсан бөгөөд тэрээр нас нөгчихөөсөө өмнө 2005 оны 04 дүгээр сарын 29-нд Нийслэлийн засаг даргын 186 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39 дүгээр гудамж 799 тоотод байрлалтай 499.73 м.кв газрыг өмчилж авсан бөгөөд хамтран өмчлөгчөөр О.Э байсан.

Гэтэл О.Э нь ээжийг нас барснаас хойш бидний амьдарч байсан хашааны газрыг зөвхөн өөрийнхөө нэр дээр хууль бусаар шилжүүлэн авч гэрчилгээ гаргуулж авсан байсан.

Миний хувьд өөрийнхөө бүхий л амьдралыг энэ газар, энэ хаягт талийгаач ээжтэйгээ, өөрийн гэр бүлтэйгээ хамт амьдарч өнгөрүүлсэн болохоор ээжийнхээ бидэнд үлдээсэн хөрөнгийг эрх тэгш тэнцүү хуваах ёстой гэж үзсэн учраас О.Эийн газрыг зөвхөн өөрийнхөө нэр дээр хууль бусаар шилжүүлж авсан үйл ажиллагаа, хувиа хичээсэн арчаагүй байдлыг үл тэвчиж шүүхэд хандаж талийгаач ээжийнхээ хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгосон билээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс О.З надад дээрх хаягт байрлах хашааны 209 м.кв талбайг өмчлүүлэхээр, харин О.Эт 291 м.кв талбайг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Гэтэл хариуцагч О.Эийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь миний хууль ёсны өмчлөлийн газарт 16 м.кв талбайд байрлаж, давхцаж байгаа ба тэрээр хууль бусаар миний өмчлөлийн газрыг эзэмшиж байна. Түүнийг байшингаа буулга, газрыг минь чөлөөлж өг, эсвэл өөрийн газраасаа тэр хэмжээгээр надад өг гэж удаа дараа гуйж, уурлаж хэлж үзсэн боловч одоог хүртэл чөлөөлж өгөлгүй миний өөрийн газраа чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхэнд минь ноцтой халдаж байна.

Иймд миний өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа О.Эийн 1 м.кв газрыг албадан чөлөөлж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч О.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны 799а тоотод байрлаж байсан улсын 000043698 дугаартай хувийн орон сууцны зориулалттай 76 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013022 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ авсан.

76 м.кв талбайтай үл хөдлөх 3 байшинг бүртгүүлэхэд газар нь миний нэр дээр байсан учраас улсын бүртгэл бүртгэсэн болно.

Газрын маргаанаар шүүх хуваан шийдсэн хэдий ч байшингийн доорх газрыг О.Зд хуваагаад өгсөн өөрөө хууль бус юм.

Энэ шүүхийн шийдвэр нь буруу яагаад гэвэл энэ 76 м.кв талбайтай 3 өвлийн байшингуудын газар миний өмчлөлийн газар байсан, тиймээс улсын бүртгэлд бүртгэсэн одоо миний байшингийн газрыг чөлөөлж өгөхгүй байгаа нь хууль ёсны бүртгэлтэй байшиндаа, амьдарч чадахгүй миний эрх хохирч байна.

О.З нь /2017 оны 12 дугаар 182/ШШ2017/00117 шүүхийн шийдвэр/ хүлээн зөвшөөрдөггүй өнөөг хүртэл 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлал дугаар 739-ийг хүлээн зөвшөөрдөггүй.

Яагаад гэвэл хууль ёсны бүртгэлтэй эд хөрөнгө, байшин бол газартайгаа салшгүй холбоотой, байшин үл хөдлөх хөрөнгө байдгийг иргэний хуульд тодорхой заасан тул миний байшин байж байгаа газрыг чөлөөлүүлж өгнө үү нэхэмжлэгч О.Згээс.

Мөн 76 м.кв талбайтай 3 байшингийн 1 нь болох 4х6 хэмжээтэй байшинг нэхэмжлэгч О.З дугаараа нурааж шатаасан. Энэ шатаасан байшин улсын бүртгэлд бүртгэлтэй, хүчинтэй байгаа учраас байшин байсан газрыг нь нэхэмжлэгч О.Згээс чөлөөлүүлж өгнө үү.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, 39-799 тоотод байрлах 4 метрийн өргөнтэй 19 метрийн урттай 3 байшин /76 м.кв/ О.Э миний үл хөдлөх эд хөрөнгө болно.

Иргэн О.Э би 76 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар 2008 оны 04 дүгээр сарын 03-нд гэрчилгээ олгосон болно.

Би үл хөдлөх эд хөрөнгө болох 76 м.кв талбайтай байшингаа өөрийн хүч хөдөлмөрөөр босгож бүтээсэн. Мөн хуулийн дагуу эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлд бүртгүүлсэн бүх зүйлийг хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн.

Мөн удаа дараагийн иргэний шүүх хурлаар О.Э миний үл хөдлөх өмч болохыг шалгасан.

2017 оны 01 дүгээр 12-ны өдрийн дугаар 182-т шүүх шийдвэрт тогтоох нь: “О.Эийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн гудамжны 39-799 тоотын 76 м.кв хувийн сууцнаас О.Зг албадан нүүлгэж, О.Зг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-799 тоотод байрлах 76 м.кв талбайтай байшингийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дугаар 739 Нийслэлийн Иргэний хэргийн давж шатны шүүх магадлалд тогтоох нь: “О.Эийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39-799 тоот хаягт байрлах 76 м.кв хувийн сууцыг О.Згийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай О.Згийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

2017 оны 11 дүгээр сарын 047-ны өдөр дугаар 128/ШШ2017/0814 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрт тогтоох нь: Чингэлтэй дүүрэг Улсын бүртгэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39-799 тоот хаягт байрлах 76 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр О.Эийн бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоох, “О.З намайг болон О.Эийн хамтран өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэжээ.

Гурван удаагийн шүүх хурлаар О.Згийн нэхэмжлэлд байгаа О.Э миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 39-799 тоотод байрлах 76 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох гээд байгаа нэхэмжлэлийг удаа дараалан бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдэж байсан шүү дээ.

Энэ олон шүүхийн шийдвэрүүдээр дахин, дахин шийдвэрлүүлж хүчингүй болгон шийдвэрлүүлсэн шүүхийн шийдвэрүүдийг өнөөдөр хүчин төгөлдөр гэж би үзэж байна.

Иймд энэ бүх хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрүүдийг үндэслэж О.Згийн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдэж өгнө үү” гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.З нь хариуцагч О.Эт холбогдуулан “Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамж, 799б тоотод байрлалтай хууль ёсны өмчлөх эрхтэй 18642315739020 нэгж талбайн дугаартай, Г-2202011230 дугаартай О.З миний өмчлөлийн 290 м.кв талбайтай газарт хууль бусаар барьсан /байрлаж байгаа/ иргэн О.Эийн шавар байшинг албадан чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.З нь нэхэмжлэлийн шаардлагаа “О.Эийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39 дүгээр гудамж 799 тоотод байрлалтай 76 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 2202013622 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох” гэж өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа “О.З миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39 дүгээр гудамж 799Б тоотод байрлалтай газарт хариуцагч О.Э нь өөрийн хашаагаа 16 м.кв талбайгаар нэвтэрч хашаалсан тул түүний хууль бусаар эзэмшиж байгаа газрыг албадан чөлөөлүүлэх” тухай гэж нэмэгдүүлжээ.

 

Шүүх хуралдааны явцад “О.З миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39 дүгээр гудамж 799Б тоотод байрлалтай газарт хариуцагч О.Э нь өөрийн хашаагаа 13 м.кв талбайгаар нэвтэрч хашаалсан тул түүний хууль бусаар эзэмшиж байгаа газрыг албадан чөлөөлүүлэх” тухай гэж тодруулсан байна.

 

1.Нэхэмжлэгч О.Згийн “О.Эийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39 дүгээр гудамж 79 тоотод байрлалтай 76 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 2202013622 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох” тухай шаардлагын тухайд:

 

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013622 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны 799 тоот, 76 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.Э бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000043698 дугаартай гэрчилгээ болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч О.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...эх Д.Бгийн хамт амьдарч байгаад 1992 онд эхнэр Б.Оюунчимэгтэй гэр бүл болж одоо О.Эийн амьдарч байгаа байшинд тусдаа гарч 2017 он хүртэл амьдарсан. Ээж маань хажуу байшинд бидэнтэй зэргэлдээ амьдардаг байсан ба 2000 оноос хойш бие нь эрс муудаж эхнэр бид хоёр 2005 онд нас бартал нь асарч байсан.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39 дүгээр гудамж 799 тоот хашаа, байшингийн өв залгамжлагчаар тогтоогдож өөрт ногдох хэсгээ хууль ёсоор баталгаажуулж авсан юм.

О.З нь хамтран өмчлөгчөөр тогтоолгох үл хөдлөх эд хөрөнгө нь эх Н.Баянгийн өмч байсан тул түүний хүүхдийн хувьд өвлөх эрхтэй.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39 дүгээр гудамж 799 тоотод байрлалтай 76 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 2202013622 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэж тайлбарладаг.

Хариуцагч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...О.Э 76 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул 2008 оны 04 дүгээр сарын 03-нд гэрчилгээ олгосон.

2017 оны 182 дугаар шүүх шийдвэр, 2017 оны 739 дугаар магадлалаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай О.Згийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 0814 дугаар шийдвэрт “Чингэлтэй дүүрэг Улсын бүртгэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39-799 тоот хаягт байрлах 76 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр О.Эийн бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоох, О.З намайг болон О.Эийн хамтран өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэжээ.

Иймд хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрүүдийг үндэслэж О.Згийн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдэж өгнө үү” гэж маргажээ.

Маргааны зүйл болох хувийн сууц нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн холбогдох баримтуудаар анх О.Э нь 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны 799 тоот, 76 м.кв талбайтай хувийн сууцыг өөрийн хөрөнгөөр барьсан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг хүссэний дагуу 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2202013622 дугаартай гэрчилгээ олгогдож, нэг хүний өмч буюу О.Э хууль ёсны өмчлөгчөөр нь бүртгэгдсэн байна.

 

Дээрх баримтаар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны 799 тоот хувийн сууцны зориулалттай 76 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Н.Баян өмчлөх эрхтэй байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн                  Ү-2202013622 тоот бүртгэл хүчин төгөлдөр байх бөгөөд уг бүртгэлийг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар буруу ташаа гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00117 дугаар шийдвэрээр О.Згийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 37-799 тоотод байрлах 76 м.кв талбайтай байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 739 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасан үндэслэлгүй тул уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай О.Згийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

О.З нь Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39-799 тоот хаягт байрлах 76 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр О.Эийг бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр О.З намайг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, О.З намайг болон О.Эийг хамтран өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0814 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч О.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж дээрх шүүхийн шийдвэрүүд, магадлал нь хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны 799 тоот хувийн сууцны зориулалттай 76 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нэг хүний өмч буюу О.Э бүртгэгдсэн өөр ямар нэгэн этгээд хамтран өмчлөгчөөр бүртгэгдээгүй байна.

 

Нэхэмжлэгч О.З нь Д.Бгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлага шүүхэд гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 808 дугаар шийдвэрээр Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 499.7 м.кв газрыг Д.Б, О.Э нарт өмчлүүлсэн газрын 249.8 м.кв газрыг хууль ёсны өвлөгч нар адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж үзэж О.Зг Д.Бгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож шийдвэрлэжээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1070 дугаар шийдвэрээр О.Зг Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамж, 799б тоотод байрлах нэгж талбарын 18642315739020 дугаартай 250 м.кв газрын зургааны тавтай тэнцэх хэмжээний газрын өвлөгчөөр тогтоож шийдвэрлэжээ.

 

Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн шийдвэрүүдээр О.Зг Д.Бгийн өвлөгчийн хувьд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны 799б тоотод байрлах 209 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх газарт байрлах 76 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тогтоогоогүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч О.Згийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Эт холбогдох, “Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны 799  тоотод байрлалтай 76 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч О.Згийн “О.З миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39 дүгээр гудамж 799Б тоотод байрлалтай газарт хариуцагч О.Э нь өөрийн хашаагаа 13 м.кв талбайгаар нэвтэрч хашаалсан тул түүний хууль бусаар эзэмшиж байгаа газрыг албадан чөлөөлүүлэх” тухай шаардлагын тухайд:

 

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 гудамж, 799б тоот хаягт байршилтай, 18642315739020 нэгж талбарын дугаартай 209 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч О.З болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч О.З шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс О.З надад дээрх хаягт байрлах хашааны 209 м.кв талбайг өмчлүүлэхээр, харин О.Эт 291 м.кв талбайг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Гэтэл хариуцагч О.Эийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь миний хууль ёсны өмчлөлийн газарт 13 м.кв талбайд байрлаж, давхцаж байгаа ба тэрээр хууль бусаар миний өмчлөлийн газрыг эзэмшиж байна.

Иймд миний өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа О.Эийн 13 м.кв газрыг албадан чөлөөлж өгнө үү” гэж тайлбарлажээ.

Хариуцагч О.Э нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Эд хөрөнгийн өмчлөгчийн талаар шийдвэрлэсэн 4 шүүхийн шийдвэрээр юуг шийдвэрлэсэн байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй. Шинжээчийн дүгнэлтийн хувьд О.З нь 42 м.кв илүү хашаалсан гэдэг. Гэтэл үүнд нийтийн эзэмшил гэдэг зүйл байхгүй бөгөөд кадастраас харахад 10.9 м.кв талбайг О.З илүү өмчилсөн бөгөөд үүнд надаас шаардаад байгаа газар нь байгаа юм. О.З нь 13 м.кв талбай бус үүнээс илүү буюу нийтдээ 285.9 мкв талбайг хашаалсан байгаа” гэж маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамж, 799 тоот хаягт байршилтай, 76 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч О.Э болох нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013622 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээгээр тогтоогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00749 дугаар шийдвэрээр О.Эийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамж, 799а тоотод байрлах 18642315748019 нэгж талбарын дугаартай 291 м.кв талбай бүхий газрыг хариуцагч О.Згийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрээр О.Эийн хашааны өмчилж буй газар нь 225.9 м.кв талбай О.Згийн хашаалан өмчилж буй газар нь 295 м.кв талбайтай байх ба О.Эийн өмчлөх эрхтэй 291 м.кв бүртгэлтэй газартай давхцуулахад байршлын хувьд 55.3 м.кв талбайгаар О.Згийн газар давхцаж байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн 2018 оны а/34 тоот дүгнэлтээр тогтоогдсон гэж үзжээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн маргаж буй газар хариуцагчийн эзэмшиж буй газартай давхцаж байгаа болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч өөрийн эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоож, газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугара зүйлийн 106.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Маргааны зүйл болох газрын өмчлөгч нь О.З тул өөрийн өмчлөлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан нэгж талбарын хил, заагийн газар бэхэлсэн эргэлтийн цэг хүлээлгэн өгөх тухай акт, О.Згийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг зэрэг баримтаар О.З нь 196 м.кв талбайтай газрыг эзэмшиж байх бөгөөд газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр 209 м.кв газар өмчлөх эрхтэй байх тул 13 м.кв газраар О.Э нь хууль бусаар эзэмшиж байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, О.Эийн өмчлөлийн 76 м.кв талбайтай хувийн орон сууцны зарим хэсэг нь О.Згийн өмчлөлийн 209 м.кв талбайтай газрын 13 м.кв талбайд байрлаж байх бөгөөд О.Э нь 291 м.кв талбайтай газрыг өмчлөх эрхтэй байтал тэрээр О.Згийн 209 м.кв талбайд 13 м.кв талбай бүхий газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа үндэслэл тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамж, 799б тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18642315739020 дугаартай 209 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2202014230 дугаарт бүртгэгдсэн газрын 13 м.кв талбайг хариуцагч О.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Згийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 39 гудамж, 799б тоотод байрлах 18642315739020 нэгж талбарын дугаартай 209 м.кв талбай бүхий газрын 13 м.кв газрыг хариуцагч О.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас “Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны 799  тоотод байрлалтай 76 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох” тухай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Згийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Зд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС