Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01754

 

 

 

 

 

 

 

 

 

О.Згийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01090 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Згийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Эт холбогдох,

 

Хн, Сургуулийн 39 дүгээр гудамж, 799б тоот хаягт байрших, улсын бүртгэлийн Г-2202011230 дугаарт бүртгэлтэй 290 м.кв талбай бүхий газарт хууль бусаар барьсан байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: О.З,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Баасанжав,

Хариуцагч: О.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хн, Сургуулийн 39-799б тоотод байрлалтай хууль ёсны өмчлөх эрхтэй, улсын бүртгэлийн Г-2202011230 дугаарт бүртгэлтэй газрыг хууль ёсоор өв залгамжлан авсан.

Миний өмчлөлийн тус газар дээр хариуцагч байшин барьсан байх бөгөөд уг дан шавар байшинг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Эцэг У.Ордос, ээж Д.Баянгийн хамт би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39 дүгээр гудамж 799 тоотод 1982 оноос хойш амьдарч байгаад 1982 оны үерээр хашаа байшингаа үерт алдсан ба үерийн хохирлоор даатгалаас маргаан бүхий хашаа, байшинг авч байсан. Анх энэ хашаа байшинд нүүж ороход 2 жижиг байшин нэг түлээ нүүрсний амбаар байсан. Тэгээд өөрийн ах дүү нартай нийлж байшинг өргөтгөж, засаж, томруулсан юм.

Миний эцэг У.Ордос нь хүнд өвчний улмаас 1990 онд нас барсан. Түүнээс хойш би эх Д.Баянгийн хамт амьдарч байгаад 1992 онд эхнэр Б.Оюунчимэгтэй гэр бүл болж одоо О.Эийн амьдарч байгаа байшинд тусдаа гарч 2017 он хүртэл амьдарсан.

О.Э нь 1980 оны дундуур Дамбадаржаа руу нүүж 10 гаруй жил амьдарч байгаад хашаа байшингаа зараад нөхрөөсөө салаж буцаж ирсэн. Тэгээд хэдэн жил хамт амьдарч байгаад 2000 онд Шинэ Зеланд улс руу явж 2 жил орчим болоод ирсэн ба удалгүй Солонгос улс руу явж 6 жил гаруй хугацаанд ажиллаж амьдарч байгаад ирэхэд нь гэр оронгүй, очих газаргүй байхад нь өөрийн амьдарч байсан байшинг суллаж өгсөн юм.

Гэтэл О.Э нь ээжийг нас барснаас хойш бидний амьдарч байсан хашааны газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч намайг гэр бүлтэй минь хамт хөөж тууж эхэлсэн. Арга буюу шүүхэд хандаж хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгосон.

Иймд О.З намайг О.Эийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39 дүгээр гудамж 799 тоотод байрлалтай 76 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2202013622 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

О.Эийн хууль бусаар эзэмшиж байгаа газрыг албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Бидний ээж Д.Баян 2005 оны 07 дугаар сарын 22-нд нас барсан бөгөөд тэрээр нас барахаас өмнө 2005 оны 04 дүгээр сарын 29-нд Нийслэлийн засаг даргын 186 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39 дүгээр гудамж 799 тоотод байрлалтай 499.73 м.кв газрыг өмчилж авсан бөгөөд хамтран өмчлөгчөөр О.Э байсан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс О.З надад дээрх хаягт байрлах хашааны 209 м.кв талбайг өмчлүүлэхээр, харин О.Эт 291 м.кв талбайг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч О.Эийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь миний өмчлөлийн газарт 16 м.кв талбайд байрлаж, давхцаж байгаа ба тэрээр хууль бусаар миний өмчлөлийн газрыг эзэмшиж байна.

Иймд миний өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа О.Эийн газрыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хн, Сургуулийн 39 дүгээр гудамжны 799а тоотод байрлаж байсан улсын 000043698 дугаартай хувийн орон сууцны зориулалттай 76 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, улсын бүртгэлийн Ү-2202013022 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ авсан. 76 м.кв талбайтай үл хөдлөх 3 байшинг бүртгүүлэхэд газар нь миний нэр дээр байсан учраас улсын бүртгэл бүртгэсэн болно.

Газрын маргаанаар шүүх хуваан шийдсэн хэдий ч байшингийн доорх газрыг О.Зд хуваагаад өгсөн өөрөө хууль бус юм. Энэ шүүхийн шийдвэр нь буруу яагаад гэвэл энэ 76 м.кв талбайтай 3 өвлийн байшингуудын газар миний өмчлөлийн газар байсан. О.З нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 739 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрдөггүй.

Хн, 39-799 тоотод байрлах 4 метрийн өргөнтэй 19 метрийн урттай 3 байшин /76 м.кв/ О.Э миний үл хөдлөх эд хөрөнгө болно.

О.Э би 76 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар 2008 оны 04 дүгээр сарын 03-нд гэрчилгээ олгосон болно. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 182 дугаар шүүхийн шийдвэр, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж шатны шүүхийн 739 дугаар магадлалаар О.Эийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39-799 тоот хаягт байрлах 76 м.кв хувийн сууцыг О.Згийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай О.Згийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

2017 оны 11 дүгээр сарын 047-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0814 дугаар шийдвэрээр Чингэлтэй дүүрэг Улсын бүртгэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 39-799 тоот хаягт байрлах 76 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр О.Эийн бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоох, О.З намайг болон О.Эийн хамтран өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоэ шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Згийн өмчлөлийн Хн, Сургуулийн 39 гудамж, 799б тоотод байрлах 18642315739020 нэгж талбарын дугаартай 209 м.кв талбай бүхий газрын 13 м.кв газрыг хариуцагч О.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар хот, Хн, Сургуулийн 39 дүгээр гудамжны 799 тоотод байрлалтай 76 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Згийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Зд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хн, Сургуулийн 39 гудамж, 799 тоотод байрлах 499.76 м.кв газрыг хэн эзэмших нь т одорхой бус байхад газар чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр гарсан нь хууль бус юм. Хэрэгт цугларсан баримтыг шүүх нягтлан үзэлгүй шийдвэр гаргасан. Дээрх маргаан бүхий газрыг хэний өмч болох талаар шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан кдастрын зураг болоод бусад баримтыг шинжлэн судлалгүй хэн өмчлөх, эзэмших, эзэн нь тодорхойгүй хэнийч биш газар чөлөөлүүлэх шийдвэр гаргасан байгаа. Иймд эзэн холбогдогчгүй шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О.З нь хариуцагч О.Эт холбогдуулан Хн, Сургуулийн 39 дүгээр гудамж, 799б тоот хаягт байрших, улсын бүртгэлийн Г-2202011230 дугаарт бүртгэлтэй 290 м.кв талбай бүхий газарт хууль бусаар барьсан байшинг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж дээрх хаягт байрших 209 м.кв талбай бүхий газрын 13 м.кв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, мөн хаягийн 799 тоотод байрших 76 м.кв талбай бүхий хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч О.Зг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1070 дугаар шийдвэрээр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамж, 799б тоотод байрлах 250 м.кв газрын зургааны тавтай тэнцэх хэмжээний газрын өвлөгчөөр тогтоож шийдвэрлэсний дагуу тэрээр 18642315739020 нэгж талбараар тогтоосон 209 м.кв талбайтай газрын өмчлөгч болжээ. /хх10/

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00749 дугаар шийдвэрээр О.Эийн хашаалан өмчилж буй газар нь 225.9 м.кв талбай, О.Згийн хашаалан өмчилж буй газар нь 295.1 м.кв талбайтай байх ба О.Эийн өмчлөх эрхтэй 291 м.кв талбай бүхий бүртгэлтэй газартай 55.3 м.кв талбайгаар О.Згийн газар давхцаж байгааг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/34 тоот дүгнэлтийг үндэслэн тогтоосон байна. /хх7-9, 14-19/

 

Дээрх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон тул шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

 

О.Э нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр олгосон гэрчилгээнд тодорхойлсноор Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 39 дүгээр гудамж 799 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2202013622 дугаар бүртгэлтэй, 76 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байна. Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/176 тоот дүгнэлтээс үзвэл уг 76 м.кв талбайтай хувийн сууцны эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургаар тодорхойлохдоо 2 хувааж, 1 гэж дугаарласан байшинг 30.8 м.кв, 2 гэж дугаарласан байшинг 24.8 м.кв талбайтай гэж заажээ.

 

Шинжээчийн А/176 тоот дүгнэлт 3 хавсралттай ба эдгээр хавсралтуудад байгаа мэдээллийг харьцуулан дүгнэвэл О.З, О.Э нар тус бүрт нь нэгж талбараар тодорхойлж олгосон өмчлөлийн газрын зааг хязгаарыг зөрчиж хашаа барьсан, 3 дугаар хавсралтаас үзвэл иргэн О.Згийн хашаалан амьдарч буй газрын талбайг 233.4 м.кв талбай гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх шийдвэртээ 196 м.кв талбайтай газрыг эзэмшиж байгаа гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлаагүй, үндэслэл бүхий болж чадаагүйгээс түүний өмчлөх эрхтэй 209 м.кв талбайгаас тодорхой бус 196 м.кв талбайг хасч О.Эийг О.Згийн газар өмчлөл 13 м.кв талбайгаар зөрчигдсөн гэж тодорхойлсон нь мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэх зарчмыг зөрчсөн байна.

 

Энэхүү чөлөөлж буй 13 м.кв талбайтай газарт О.Эийн өмчлөлийн байшингийн хэсэг хамаарч байгаа эсэх нь тодорхойгүйгээс шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гэж дүгнэх боломжгүйгээс гадна хэргийн 2 дугаар хавтас 41 дэх талд авагдсан эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлж нэгж талбарын зургаар тодорхойлсон координатаар О.Эийн хашааны цэг, 2 байшингийн цэгийг үндэслэн О.Згийн өмчлөлийн газрын аль хэсгийг О.Э хууль бусаар эзэмшиж байгааг тодорхойлох боломжгүй. Учир нь О.Эийн хашаалсан газар нь түүнд олгогдсон өмчлөлийн газартай зөрүүтэй байгаа нь шинжээчийн А/176 дугаар дүгнэлтийн 2 дугаар хавсралтаар тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01090 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА