Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2022/01109

 

 

 

 

 

 

 

 

2022 12 19

130/ШШ2022/01109

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч ХХК Хаяг:У хот, Б дүүрэг, 12-р хороо, 0-р бичил хороолол орших,

Хариуцагч: Б аймгийн Засаг даргын Тамгын газар. Хаяг: Б аймаг, Ө сум  5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 19,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Ч ХХК-ийн захирал Ж.М нь хариуцагч тус аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 19,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

1.1 Манай компани нь барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бид 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр захиалагч Б аймгийн Засаг даргын Тамгын газартай 0 тоот Б аймгийн Ө сумын 1-р багт цэвэр усны шугам татах ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ байгуулсан болно.

1.2 Уг гэрээгээр гүйцэтгэгч нь Б аймгийн Ө сумын 1-р багийн 1,2 дугаар гудамжны цэвэр усны шугам татах ажлын зураг төслийг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон ба захиалагч нь уг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт гэрээний 1.4,1.5 дахь заалтаар 19,800,000 төгрөг төлөхөөр болсон.

1.3 Ингээд гүйцэтгэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн ажил буюу Ө сумын 1-р багийн 1,2 дугаар гудамжны цэвэр усны шугам татах ажлын зураг төслийг хийж гүйцэтгэн 2022-03-09-ний өдөр тус аймгийн ЗДТГазарт барилга байгууламжийн зураг төслийн магадлал, МХГ-ын улсын байцаагчийн эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх талаарх дүгнэлт зэрэг баримтын хамт бүрэн хүлээлгэж өгсөн.

1.4 Гэтэл захиалагч Б аймгийн ЗДТгазар нь зураг төслийг хүлээн авч, уг зураг төслийн дагуу барилга байгууламжийн ажил гүйцэтгэж байгаа боловч өнөөдрийг хүртэл гэрээний төлбөр болох 19,800,000 төгрөгийг төлөөгүй тул энэхүү шүүхэд хандаж байна.

1.5 Хариуцагч талаас Ч ХХК-ийн гаргах ёстой зураг төсөл дутуу, өөр этгээдээр гүйцэтгүүлсэн гэж тайлбар гаргаж байгаа боловч барилга, хот байгуулалтын яам Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлд Б аймгийн Ө сумын 1 дүгээр багийн 1, 2 дугаар багийн цэвэр усны шугам татах ажлын зураг төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэгч Ч ХХК гэж тодорхой бичигдсэн байгаа.

1.6 Мөн энэхүү зураг төсөлтэй холбоотой 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 00 дугаартай Эрүүл ахуйн шаардлагын тухай дүгнэлт гарсан. Зураг төсөл хугацаандаа гараагүй гэж байгаа боловч зураг төслийг хүлээн авах үед хугацаандаа ирүүлээгүй гэж тухайн зураг төслийг хүлээж авахаас татгалзах боломжтой байсан.

1.7 Гэтэл тухайн үед захиалагчийн зүгээс хугацаа хэтэрснийг ялимгүй зөрчил гэж үзээд манай компанийн гаргасан зураг төслийг хүлээж авсан. Хугацаа хэтэрсэн нь манай компанийн зүгээс зураг төслийг бэлэн болгосон ч гэсэн Барилгын хөгжлийн төвөөс магадлал, дүгнэлт зэргийг авахын тулд хугацаа шаардлагатай байсантай холбоотой. Хариуцагч талаас тухайн ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн талаар хангалттай нотлох баримт гаргаж өгч чадаагүй.

1.8 Иймд Б аймгийн Засаг даргын тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 19,800,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А хариу тайлбар, татгалзал:

2.1 Тус аймагт Барилга, хот байгуулалтын сайдаас эрх нь шилжин хэрэгжиж буй “Цэвэр усны шугам татах /Б, Ө сум 1-р баг, 1,2 дугаар гудамж” ажлын зураг төслийг боловсруулахаар Ч ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 04-нд гэрээ байгуулсан. Гэрээний дагуу компани нь 2022 оны 2 дугаар сарын 09-нд зураг төслийг бэлэн болгож, магадлалаар баталгаажуулж хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй.

2.2 Монгол улсын Ерөнхий сайдын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 00 тоот албан даалгавраар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн тендерийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний дотор зарлаж дуусгахаар даалгасны дагуу албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т “зураг төсөл, барилга угсралт, тохируулгын ажлыг энэ хуулийн 5.1.16-д заасан журмаар түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээгээр гүйцэтгүүлэхээр бүхэлд нь тендер зарлаж болно” гэж заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “цэвэр усны шугам татах /Б , Ө сум 1 дүгээр баг 1,2 дугаар гудамж” ажлын тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулахаар зарласан болно.

2.3 Анх тохиролцохдоо уг компани нь дээрх ажлын тендерийг зарлах хүртэл зураг төслийг бэлэн болгоно гэж амлалт өгсөн байсан. Гэтэл нэхэмжлэгч компанийн зүгээс 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зураг төслийг бэлэн болгож хүргүүлээгүй, зураг төсөл боловсруулах ажил удаж байгаа шалтгаанаа тайлбарлаж гэрээг сунгах талаар албан бичиг ирүүлээгүй.

2.4 Тухайн үед Засгийн газраас төсвийн хөрөнгөөр хийгдэх бүх ажлын тендерийг зарлаж, гэрээ байгуулах шийдвэр гарсан байсан. Гэсэн хэдий ч 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүлээсэн боловч зураг төсөл бэлэн болоогүй. Тиймээс манай байгууллагын зүгээс тендерийг зарласан. Ч ХХК-ийн гаргах ёстой зураг төсөл нь дутуу байсан ч 2022 оны 3 дугаар сард Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтнээр акт үйлдүүлж гарын үсэг зуруулсан.

2.5 Одоо хүртэл манай байгууллага нэхэмжлэгч Ч ХХК-аас зураг төслийг биетээр хүлээж аваагүй байгаа. Мөн тухайн гэрээнд хяналт тавих албан тушаалтан гэрээнд хяналт тавьснаа баталгаажуулж гарын үсэг зураагүй байдаг. Мөн нэхэмжлэгч талаас Санхүү, төрийн сангийн хэлтэст төлбөр төлөх талаар хүсэлт гаргаагүй. Ийм хүсэлт гаргахын тулд эхний ээлжид гэрээг дүгнүүлсэн байх ёстой. Мөн нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа мөнгөн дүн хэт өндөр байна. Зураг төсөл нь 9,000,000 төгрөгөөр боловсруулах ёстойг бид мэдээгүй учир санхүүжилтийг олгох боломжгүй.

2.6 Иймд тус компани нь зураг, төсөл боловсруулж хүлээлгэн өгөх гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учир санхүүжилтийг олгох боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч Ч ХХК-ийн захирал Ж.М нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Д.З т олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0000 дугаартай Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт цэвэр усны шугам татах ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ,  М.Х гэх хүнээс 450,000 төгрөг, 425,000, төгрөг, 200 төгрөг тус тус тушааж байсан Х  банкны  орлогын мэдүүлгийн 3 хуудас баримт, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн аймгийн ЗДТГазрын дарга Б.М ийн баталсан Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт цэвэр усны шугам татах ажлын зураг төсөл боловсруулах 01 дугаартай даалгаврын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 00 дугаартай Эрүүл ахуйн шаардлагын тухай дүгнэлт, С  ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.А ийн баталсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Усан хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох 00 дугаартай техникийн нөхцөл, схем зураг, Барилга, хот байгуулалтын яам Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 0 дугаартай зураг төсөв хүлээн авах акт зэргийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн байна.

4.Хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 00  дугаартай албан бичгээр тус газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анарт олгосон итгэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 00 дугаар албан бичгээр гаргасан хариу тайлбар, мөн хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0 дугаар албан бичгээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгсөн байна.

5.Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч талаас Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаартай албан бичгээр Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “үнэлгээний хороо байгуулах тухай” 0 дугаартай захирамж, Үнэлгээний хорооноос аймгийн Засаг даргад 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дүгнэлт хүргүүлсэн тухай 00 дугаартай албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Цэвэр усны шугам татах /Б , Ө сум 1 дүгээр баг, 1,2 дугаар гудамж/ ажлын тендерийн үнэлгээний хорооны хурлын 0 дугаартай тэмдэглэл, тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Цэвэр усны шугам татах /Б , Ө сум 1 дүгээр баг, 1,2 дугаар гудамж/ ажлын тендерийн нээлтийн үнэлгээний хорооны хурлын 0 дугаартай тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тус ажлын тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын 0 дугаартай тэмдэглэл, Б аймгийн Засаг даргын И ХХК-д хаягласан 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тендерт шалгарсан тухайгаа мэдэгдэж гэрээ байгуулах тухай 0 дугаартай  албан бичиг, мөн  Засаг даргын “Зээгт” ХХК-д хаягласан 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тендерийн бичиг баримт шаардлага хангаагүй тухай мэдэгдэл хүргүүлэх тухай 0 дугаартай албан бичиг, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр захиалагч Б аймгийн Засаг дарга болон гүйцэтгэгч И ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Ж нарын хооронд “XII.1.172,  Цэвэр усны шугам татах / Б , Ө сум 1 дүгээр баг, 1,2 дугаар гудамж/ ажлын 00 дугаартай гэрээ, захиалагчийн хяналтын тайлан 1, худгийн кольцо лакаар будаж, угсарсан байдлын талаарх 4 хуудас фото зураг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК-д олгож шийдвэрлэв.

 

7.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай компани нь захиалагч Б аймгийн Засаг даргын Тамгын газартай 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б аймгийн Ө сумын 1-р багт цэвэр усны шугам татах ажлын зураг төсөл боловсруулах 0 тоот ажлын гэрээ байгуулсан болно. Гүйцэтгэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн ажил буюу Ө сумын 1-р багийн 1,2 дугаар гудамжны цэвэр усны шугам татах ажлын зураг төслийг хийж гүйцэтгэн 2022-03-09-ний өдөр тус аймгийн ЗДТГазарт барилга байгууламжийн зураг төслийн магадлал, МХГ-ын улсын байцаагчийн эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх талаарх дүгнэлт зэрэг баримтын хамт бүрэн хүлээлгэж өгсөн ба захиалагч нь уг ажлын гүйцэтгэх гэрээний төлбөрт гэрээний 1.4,1.5 дахь заалтаар 19,800,000 төгрөг төлөхөөр болсон. Захиалагч Б аймгийн ЗДТГазар нь зураг төслийг хүлээн авч, уг зураг төслийн дагуу барилга байгууламжийн ажил гүйцэтгэж байгаа боловч өнөөдрийг хүртэл гэрээний төлбөр болох 19,800,000 төгрөгийг төлөөгүй тул энэхүү шүүхэд хандаж байна гэж тайлбарлажээ.

 

8.Хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тус аймагт Барилга, хот байгуулалтын сайдаас эрх нь шилжин хэрэгжиж буй “Цэвэр усны шугам татах / Б , Ө сум 1-р баг, 1,2 дугаар гудамж” ажлын зураг төслийг боловсруулахаар Ч ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 24-нд гэрээ байгуулсан. Гэрээний дагуу компани нь 2022 оны 2 дугаар сарын 09-нд зураг төслийг бэлэн болгож, магадлалаар баталгаажуулж хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан.  Тус компани нь зураг, төсөл боловсруулж хүлээлгэн өгөх гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учир санхүүжилтийг олгох боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

 

9.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1 Нэхэмжлэгч Ч ХХК-ний захирал болон хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б аймгийн Ө сумын 1-р багт цэвэр усны шугам татах ажлын зураг төсөл боловсруулах 0000 тоот ажлын гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Ч ХХК нь Б аймгийн Ө сумын 1-р багт цэвэр усны шугам татах ажлын зураг төслийг хийж гүйцэтгэх ажил нь техникийн нөхцөл, зургийн даалгаврын дагуу хийгдэхээр мөн уг зураг төсөвт зохиох үнийг 19,800,000 төгрөгөөр гүйцэтгэхээр талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

9.2 Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж мөн 355 дугаар зүйлийн 355.2-т “ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” байхаар тус тус хуульчилсан.

9.3 Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс гэрээний дагуу нэхэмжлэгч компани нь 2022 оны 2 дугаар сарын 09-нд зураг төслийг бэлэн болгож, магадлалаар баталгаажуулж хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч зураг, төсөл боловсруулж хүлээлгэн өгөх гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй мөн тухайн гэрээг бид өндөр үнээр байгуулсан байх ба зураг төсөл нь 9,000,000 төгрөгөөр боловсруулах ёстойг бид мэдээгүй учир санхүүжилтийг олгох боломжгүй гэж маргажээ. Гэвч захиалагч буюу хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь гэрээний 2.6-д заасан хугацаандаа цэвэр усны шугам татах ажлын зураг төслийг ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Ч ХХК нь хүлээлгэж өгөөгүй үүргээ зөрчсөн бол  гэрээнээс татгалзах тухайгаа  Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар нэхэмжлэгч талд мэдэгдэж  улмаар мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байх боловч хариуцагч талаас гэрээнээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн эсэх мөн гэрээнээс татгалзаж цуцалсан эсэхээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

9.4 Нөгөөтээгүүр ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх ба нэхэмжлэгч Ч ХХК нь Б аймгийн Ө сумын 1-р багт цэвэр усны шугам татах ажлын зураг төсөл боловсруулах ажлыг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гүйцэтгэж  дуусган зураг төсөв хүлээн авах акт үйлдэж хүлээлгэн өгч, улмаар уг зураг төсвийн дагуу  2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр И ХХК нь хариуцагч байгууллагатай Цэвэр усны шугам татах ажлын гэрээ байгуулж, уг барилгын угсралтын ажлыг бүрэн хийж дуусгасан болох нь хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаар албан бичгээр ирүүлсэн бичгийн нотлох баримтаар тус тус  нотлогдож байна.

9.5 Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т “зураг төсөл, барилга угсралт, тохируулгын ажлыг энэ хуулийн 5.1.16-д заасан журмаар түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээгээр гүйцэтгүүлэхээр бүхэлд нь тендер зарлаж болно” гэж заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “цэвэр усны шугам татах /Б , Ө сум 1 дүгээр баг 1,2 дугаар гудамж” ажлын тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулахаар зарлаж И ХХК-тай гэрээ байгуулсан гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч Ч ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж цуцалсан эсэх мөн И ХХК нь Б аймгийн Ө сумын 1-р багт цэвэр усны шугам татах ажлын зураг төслийг боловсруулсан эсэхээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Өөрөөр хэлбэл хариуцагчаас энэхүү тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй гэж үзнэ.

9.6 Түүнчлэн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд  “...нэхэмжлэгч талын гарсан зураг төслийн дагуу тендерээр шалгарсан И ХХК нь цэвэр усны шугам татах ажлын зураг төслийг хийж гүйцэтгэсэн.” гэх тайлбараар үгүйсгэгдэж байгаа бөгөөд зураг төсөл нь 9,000,000 төгрөгөөр боловсруулах ёстойг бид мэдээгүй учир санхүүжилтийг олгох боломжгүй гэж татгалзсан нь гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

 10.Иймд нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газраас гэрээний үүргээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар шаардах эрхтэй ба зохигчид өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсны тэмдэгтийн хураамжид төлсөн 256950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 256950 төгрөгийг нэхэмжлэгч Ч ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын  газраас гэрээний төлбөрт 19,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  Ч ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 256950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК -д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.Ж