Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2023/00030

 

 

       

 

               

 

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2022/01109 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч **** үйл ажиллагаа явуулах Ч ХХК  захирал Ж.М/-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ***** багт үйл ажиллагаа явуулах Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар /дарга Б.М /-т холбогдох,

 

“Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 19,800,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Манай компани нь барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бид 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газартай №20220125 тоот Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт цэвэр усны шугам татах ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ байгуулсан.

1.2. Уг гэрээгээр гүйцэтгэгч нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн 1,2 дугаар гудамжны цэвэр усны шугам татах ажлын зураг төслийг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон ба захиалагч нь уг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт гэрээний 1.4, 1.5 дахь заалтаар 19,800,000 төгрөг төлөхөөр болсон.

1.3. Ингээд гүйцэтгэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн ажил буюу Өлгий сумын 1 дүгээр багийн 1,2 дугаар гудамжны цэвэр усны шугам татах ажлын зураг төслийг хийж гүйцэтгэн 2022-03-09-ний өдөр тус аймгийн Засаг даргын тамгын газарт барилга байгууламжийн зураг төслийн магадлал, МХГ-ын улсын байцаагчийн эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх талаарх дүгнэлт зэрэг баримтын хамт бүрэн хүлээлгэж өгсөн.

1.4. Гэтэл захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар нь зураг төслийг хүлээн авч, уг зураг төслийн дагуу барилга байгууламжийн ажил гүйцэтгэж байгаа боловч өнөөдрийг хүртэл гэрээний төлбөр болох 19,800,000 төгрөгийг төлөөгүй тул энэхүү шүүхэд хандаж байна.

1.5. Хариуцагч талаас Ч ХХК-ийн гаргах ёстой зураг төсөл дутуу, өөр этгээдээр гүйцэтгүүлсэн гэж тайлбар гаргаж байгаа боловч барилга, хот байгуулалтын яам Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 303/2022 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн 1, 2 дугаар багийн цэвэр усны шугам татах ажлын зураг төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэгч Ч ХХК гэж тодорхой бичигдсэн байгаа.

1.6. Мөн энэхүү зураг төсөлтэй холбоотой 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 04-03-023/12 дугаартай “Эрүүл ахуйн шаардлагын тухай” дүгнэлт гарсан. Зураг төсөл хугацаандаа гараагүй гэж байгаа боловч зураг төслийг хүлээн авах үед хугацаандаа ирүүлээгүй гэж тухайн зураг төслийг хүлээж авахаас татгалзах боломжтой байсан.

1.7. Гэтэл тухайн үед захиалагчийн зүгээс хугацаа хэтэрснийг ялимгүй зөрчил гэж үзээд манай компанийн гаргасан зураг төслийг хүлээж авсан. Хугацаа хэтэрсэн нь манай компанийн зүгээс зураг төслийг бэлэн болгосон ч гэсэн Барилгын хөгжлийн төвөөс магадлал, дүгнэлт зэргийг авахын тулд хугацаа шаардлагатай байсантай холбоотой. Хариуцагч талаас тухайн ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн талаар хангалттай нотлох баримт гаргаж өгч чадаагүй. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 19,800,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Тус аймагт Барилга, хот байгуулалтын сайдаас эрх нь шилжин хэрэгжиж буй Цэвэр усны шугам татах /Баян-Өлгий, Өлгий сум 1-р баг, 1,2 дугаар гудамж ажлын зураг төслийг боловсруулахаар ”Ч” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 04-нд гэрээ байгуулсан. Гэрээний дагуу компани нь 2022 оны 2 дугаар сарын 09-нд зураг төслийг бэлэн болгож, магадлалаар баталгаажуулж хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй.

2.2. Монгол улсын Ерөнхий сайдын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №02 тоот албан даалгавраар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн тендерийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний дотор зарлаж дуусгахаар даалгасны дагуу албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т зураг төсөл, барилга угсралт, тохируулгын ажлыг энэ хуулийн 5.1.16-д заасан журмаар түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээгээр гүйцэтгүүлэхээр бүхэлд нь тендер зарлаж болно гэж заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цэвэр усны шугам татах /Баян-Өлгий, Өлгий сум 1 дүгээр баг 1,2 дугаар гудамж/ ажлын тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулахаар зарласан болно.

2.3. Анх тохиролцохдоо уг компани нь дээрх ажлын тендерийг зарлах хүртэл зураг төслийг бэлэн болгоно гэж амлалт өгсөн байсан. Гэтэл нэхэмжлэгч компанийн зүгээс 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зураг төслийг бэлэн болгож хүргүүлээгүй, зураг төсөл боловсруулах ажил удаж байгаа шалтгаанаа тайлбарлаж гэрээг сунгах талаар албан бичиг ирүүлээгүй.

2.4. Тухайн үед Засгийн газраас төсвийн хөрөнгөөр хийгдэх бүх ажлын тендерийг зарлаж, гэрээ байгуулах шийдвэр гарсан байсан. Гэсэн хэдий ч 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүлээсэн боловч зураг төсөл бэлэн болоогүй. Тиймээс манай байгууллагын зүгээс тендерийг зарласан.Ч ХХК-ийн гаргах ёстой зураг төсөл нь дутуу байсан ч 2022 оны 3 дугаар сард Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтнээр акт үйлдүүлж гарын үсэг зуруулсан.

2.5. Одоо хүртэл манай байгууллага нэхэмжлэгч Ч ХХК-аас зураг төслийг биетээр хүлээж аваагүй байгаа. Мөн тухайн гэрээнд хяналт тавих албан тушаалтан гэрээнд хяналт тавьснаа баталгаажуулж гарын үсэг зураагүй байдаг. Мөн нэхэмжлэгч талаас Санхүү, төрийн сангийн хэлтэст төлбөр төлөх талаар хүсэлт гаргаагүй. Ийм хүсэлт гаргахын тулд эхний ээлжид гэрээг дүгнүүлсэн байх ёстой. Мөн нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа мөнгөн дүн хэт өндөр байна. Зураг төсөл нь 9,000,000 төгрөгөөр боловсруулах ёстойг бид мэдээгүй учир санхүүжилтийг олгох боломжгүй.

2.6. Иймд тус компани нь зураг, төсөл боловсруулж хүлээлгэн өгөх гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учир санхүүжилтийг олгох боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2022/01109 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас гэрээний төлбөрт 19,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 256950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК -д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.  Тус аймагт Барилга, хот байгуулалтын сайдаас эрх нь шилжиж хэрэгжиж байгаа “Өлгий сумын 1 дүгээр багийн 1, 2 дугаар гудамжинд цэвэр усны шугам татах зураг төслийг боловсруулж 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгөхөөр Ч ХХК гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул манай зүгээс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр уг ажлын тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулахаар зарласан.

4.2.Ч ХХК нь манай байгууллагад зураг төслийг биетээр хүлээлгэж өгөөгүй байхад зураг төслийн мөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

4.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2022/01109 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатын шүүх  хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газартай бидний зүгээс гэрээ хийсэн. Гэрээний дагуу Өлгий сумын 1 дүгээр багийн 1, 2 дугаар гудамжны цэвэр усны шугамын ажлын зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулж, 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Бидний  зүгээс тухайн зураг төслийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн.  Үүнтэй холбоотой хариуцагч талын зүгээс ямар нэгэн байдлаар гэрээг цуцалсан талаар тайлбар хэлээгүй. Бид хугацаа хэтэрсэнтэй холбоотой асуудлын талаар удаа дараа тайлбар хэлсэн. Энэ зураг төсөл өөрөө зүгээр нэг цаасанд зураг зураад өгдөг зүйл биш. Тендер шалгаруулалтын явцад холбогдох шаардлага нотлох баримтуудыг өгч, зөвшөөрлийг авсны дараа зураг төслийг баталгаажуулдаг. Бид төрийн байгууллагаас холбогдох зөвшөөрлийг авахын тулд бидэнд хугацаа шаардагдсан. Тэрийг хариуцагч талд тайлбарласан. Хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрсний үүдэнд 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр бүх баримт бичиг болон барилгын төвийн магадлал, тусгай зөвшөөрлийг хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн талаар акт ч үйлдэгдсэн.

5.2. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг харахад, нотлох баримтын шаардлага хангасан. Хариуцагч тал манай компани юу ч хийгээгүй,Ч ХХК-аар юу ч хийлгээгүй гэж тайлбарлаж байна. Гэхдээ Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 303/2022 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн 1, 2 дугаар багийн цэвэр усны шугам татах ажлын зураг төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэгч Ч ХХК гэж тодорхой бичигдсэн байгаа. Анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагчийн төлөөлөгч өөрөө манай компанийн зураг төслийг хүлээж авсныг хүлээн зөвшөөрдөг.

5.3. Дүгнэж хэлэхэд, манай компани бүх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 19,800,000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэж хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, харин хариуцагчийн татгалзал нотлогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтуудад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүдэд нийцжээ.

 

8. Нэхэмжлэгч Ч ХХК хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 19,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газартай 20220125 тоот Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт цэвэр усны шугам татах ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ байгуулсан. Гэрээний 1.4, 1.5 дахь заалтаар 19,800,000 төгрөг төлөхөөр болсон. Гүйцэтгэгчийн зүгээс Өлгий сумын 1 дүгээр багийн 1,2 дугаар гудамжны цэвэр усны шугам татах ажлын зураг төслийг хийж гүйцэтгэн 2022-03-09-ний өдөр тус аймгийн Засаг даргын Тамгын газарт барилга байгууламжийн зураг төслийн магадлал, МХГ-ын улсын байцаагчийн эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх талаарх дүгнэлт зэрэг баримтын хамт бүрэн хүлээлгэж өгсөн... Зураг төсөл хугацаандаа гараагүй гэж байгаа боловч зураг төслийг хүлээн авах үед хугацаандаа ирүүлээгүй гэж тухайн зураг төслийг хүлээж авахаас татгалзах боломжтой байсан...хариуцагч талаас тухайн ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн талаар хангалттай нотлох баримт гаргаж өгч чадаагүй” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч ажлын үр дүнгээ хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй...зураг төсөл боловсруулах ажил удаж байгаа шалтгаанаа тайлбарлаж гэрээг сунгах талаар албан бичиг ирүүлээгүй... Тиймээс манай байгууллагын зүгээс тендерийг зарласан.Ч ХХК-ийн гаргах ёстой зураг төсөл нь дутуу байсан ч 2022 оны 3 дугаар сард Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтнээр акт үйлдүүлж гарын үсэг зуруулсан. Одоо хүртэл манай байгууллага нэхэмжлэгчээс зураг төслийг биетээр хүлээж аваагүй байгаа. Мөн тухайн гэрээнд хяналт тавих албан тушаалтан гэрээнд хяналт тавьснаа баталгаажуулж гарын үсэг зураагүй. Мөн нэхэмжлэгч талаас Санхүү, төрийн сангийн хэлтэст төлбөр төлөх талаар хүсэлт гаргаагүй. Ийм хүсэлт гаргахын тулд эхний ээлжид гэрээг дүгнүүлсэн байх ёстой. Мөн нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа мөнгөн дүн хэт өндөр байна. Зураг төсөл нь 9,000,000 төгрөгөөр боловсруулах ёстойг бид мэдээгүй учир санхүүжилтийг олгох боломжгүй” гэж маргасан байна.

 

9. Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан гэрээгээр хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар нь Өлгий сумын 1 дүгээр багийн 1, 2 дугаар гудамжинд цэвэр усны шугам татах ажлын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлэх захиалгыг өгч, ажлын хөлс 19,800,000 төгрөг төлөх үүргийг, нэхэмжлэгч Ч ХХК нь гэрээнд заасан цэвэр усны шугам татах ажлын зураг төслийг батлагдсан дүнд багтааж боловсруулан магадалгаагаар батлуулан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба уг гэрээ хүчин төгөлдөр болох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

10. Гэрээ хүчин төгөлдөр тул зохигч хэн алинаас гэрээний үүргийг биелүүлэхийг харилцан шаардах эрхтэй ба захиалагч нь ажлын хөлсөнд нийт 19,800,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон боловч хөлсийг төлөөгүй, мөн гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг хугацаандаа гүйцэтгэсэн эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болсон байна.

 

11. Ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Ч ХХК нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт цэвэр усны шугам татах ажлын зураг төсөл боловсруулах ажлыг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гүйцэтгэж дуусган зураг төсөв хүлээн авах акт үйлдэж захиалагчид хүлээлгэн өгч, улмаар уг зураг төслийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “И” ХХК нь хариуцагч байгууллагатай “Цэвэр усны шугам татах ажлын гэрээ”-г байгуулж, уг барилгын угсралтын ажлыг бүрэн хийж дуусгасан болох нь нотлох баримтаар тогтоогджээ.

 

12. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 1.5-д хөлс төлөх хугацаа, журмын талаар “Гэрээний гүйцэтгэлийн нийт санхүүжилт болох 19800000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн 1, 2 дугаар гудамжинд цэвэр усны шугам татах угсралтын ажлын эхний гүйцэтгэлийн санхүүжилтээс олгоно гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж хуульчилжээ.

            Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Ч ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч буюу хариуцагчаас хүлээж авсан нь баримтаар нэгэнт тогтоогдсон тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна.

 

            13. Шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

14. Хуульд зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2022/01109 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК