Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2022/02644

 

2022         11           18                                                         181/ШШ2022/02644

 

                                                                                       

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.О-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “М Т” ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 250,000,000 төгрөг гаргуулах, дээрх хугацааны цалин хөлсөнд тооцогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “М Т” ХХК-ийн ерөнхий менежерийн ажлын байрны сонгон шалгаруулалтанд 2016 оны 7 сар  тэнцсэн боловч “М Т” ХХК хараахан үүсгэн байгуулагдаагүй байсан учир “MSM групп” ХХК-ийн ерөнхий менежерээр контрактын гэрээ хийх, компани үүсгэн байгуулагдмагц гэрээг шилжүүлэх, амаар тохиролцсон нэмэлт хөлс болон урамшууллыг гэрээнд хавсралтаар тусгах заалт оруулан удахгүй боловсруулаад гэрээнд хавсаргана гэсэн тэдний үгэнд итгэн хавсралтгүй контрактын гэрээнд гарын үсэг зурсан. 2016 оны 9 дүгээр сарын 15-аас албан ёсоор ажиллаж эхлэхэд, MSM групп ХХК-т бодитоор ажиллаагүй тул албаны мэйл хаяг нээж өгөөгүй болно. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “М Т” ХХК албан ёсоор байгуулагдан ерөнхий менежерээр ажиллах гүйцэтгэх захирлын тушаал гарсан.  Миний хөдөлмөр туршлага мэдлэгийг шударгаар үнэлээгүй, ядаргаанд ороод эмнэлэгт хэвтэж байхад ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж 2017 оны 07 сарын 01-ний өдөр ажлаа хүлээлгэн өгөхөөс өөр сонголтгүй болж, ажлаас үндэслэлгүй халагдсан. 2017 оны 08 сард ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, листний мөнгө гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байдаг. 2017 оны 11 сарын 13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн №02853 захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 42,000,000 төгрөг, борлуулалтын үр дүнгийн урамшуулал хөлс 44,156,663 төгрөг гаргуулах хэргийг тусад нь шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон.  Гэвч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажилд эгүүлэн аваагүй тул 2018 оны 2 дугаар сард шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор  болон тусад нь шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон, нэмэлт цалин хөлс болон урамшууллуудыг нэхэмжилж, тус шүүх 2018 оны 08 сарын 27-ны 1729 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00384 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн ажилгүй байсан 9 сарын хугацааны цалинтай тэнцэх олговорт 45,000,000 төгрөгийг хариуцагч “М Т” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн хоёр ч хүчин төгөлдөр шийдвэрийг эс биелүүлж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосоор байсан. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 27-ны өдрийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2022 оны 01 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан нийт 37 сарын цалинтай тэнцэх нөхөн олговорт 185,000,000 төгрөг гаргуулах, дээрх хугацааны цалин хөлсөнд тооцогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч “М Т” ХХК-д  даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах, 

2022 оны 11 сарын 01-ний өдөр 2021 оны 09 сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 13 сарын  цалинтай тэнцэх олговор олговорт 65,000,000 төгрөг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

2. Хариуцагч “М Т” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь  2016 оны 12 сарын 05-ны өдрөөс эхлэн Компанийн ерөнхий менежер албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Улмаар 2017.07.06-ны өдөр хувьцаа эзэмшигчид хандан зарим ажлыг давхардуулж хийсэн учраас Компанийн нийт борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг авч байх саналыг гаргасан. Энэ үндэслэлгүй саналыг Компани хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгч нь тухайн өдөр шууд ажлын байраа орхиж явсан. Нэхэмжлэгч ийнхүү ажлаа орхин явснаас хойш ажилдаа эргэн ирээгүй бөгөөд 2017.08.01-ний өдөр ажил хүлээлцэх акт үйлдэн ажлаа хүлээлгэн өгсөн. Гэвч 2017.08.04-ний өдөр шүүхэд хандан ажил олгогчийн санаачилгаар ажлаасаа халагдсан мэтээр нэхэмжлэл гаргасан. 2017.11.13-ны өдөр шүүх хуралдааны үеэр байгуулсан Эвлэрлийн гэрээг шүүгч захирамж гарган баталгаажуулсан. Маргааныг шүүхээр хэлэлцүүлэхгүй, эвийн журмаар шийдвэрлэсэн тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Компани нь 2017.12.07-ны өдөр Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, нэхэмжлэгчийг ажилд авах шийдвэр гаргаж, боломжит ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй. Ийнхүү шүүхийн шийдвэр биелэгдээгүй нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригоос шууд хамааралтай. Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг бичихэд алдаа гарч захирамжлах хэсэгт “…урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож…” гэж талуудын тохиролцсоноос давсан, өөр нөхцөлийг баталгаажуулсан. Компанийн бүтцэд өөрчлөлт орсон тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах ямар ч боломжгүй. Нэхэмжлэгч нь алдаатай шүүгчийн захирамжид үндэслэн 2018.02.13-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн ээлжийн амралтын олговорт 8,659,353 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн. Харин Улсын Дээд шүүхийн 2019.03.19-ний тогтоолоор алдаатай бичигдсэн шүүгчийн захирамжийг үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 45 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд компани нь алдаатай бичигдсэн Эвлэрлийг баталсан захирамжид өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж 2020 оны 05 сарын 11-ний өдөр шүүгчийн захирамж гарч, 2017.11.13-ны өдрийн “Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  2853 тоот захирамждаа өөрчлөлт оруулж, урьд эрхэлж байсан гэсэн хэсгийг захирамжаас хассан. Улсын Дээд шүүхийн тогтоолын үндэслэл болсон тус захирамжид өөрчлөлт орсон тул хариуцагч нь хуульд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулахаар Улсын Дээд шүүхэд хандан хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Дээр дурдсанаар Компанийн зүгээс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, боломжит ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар мэдэгдсэн боловч тэрээр саналыг хүлээн аваагүй. Иймд нэхэмжлэгч өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулах саналаас татгалзсан бөгөөд Компани Эвлэрлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгч ийнхүү ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж явсаар аль хэдийн 12 сар гаруй хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг компаниас гаргуулсан байна. Иймд энэ шударга бус нөхцөл байдлыг таслан зогсоож, ИХШХШтХ-ийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.

 

Нэхэмжлэгчээс: 

- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

- Иргэний үнэмлэхийн хуулбар,

- 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан №HR004/016 дугаартай гэрээ,

- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02853 дугаартай захирамж,

- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2020/04083 дугаартай захирамж,

- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШТ2020/00167 дугаартай тогтоол,

-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/01729 дугаартай шийдвэр,

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2227 дугаартай магадлал, 

-Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00384 дугаартай тогтоол,

-”М Т” ХХК-д 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хүсэлт, 

-”М Т” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хүсэлт,

-”М Т” ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хүсэлт,

-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2019/11423 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

-2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШТ2020/000073 дугаартай шүүхийн тогтоол, 

-2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШТ2020/00153 дугаартай шүүхийн тогтоол,

-Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2021/00227 дугаартай тогтоол,

-2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18280196 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/1654 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар албан бичиг,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга бөгөөд хурандаа Б.Цогтжаргалд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бичсэн өргөдөл,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад 2019 оны 02 дугаар сарын 11-ний гаргасан тайлбар,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлт, 

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Р.Цд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хүсэлт, 

-Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2-157/12951 дугаартай албан тоот, 

-Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2-4в/3229 дугаартай албан бичиг, Хавсралт,

-2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Эвлэрлийн гэрээ,

-2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “М Т” ХХК-ийн Л.О-дхүргүүлсэн мэдэгдэл,

-2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ,

 

Хариуцагчаас:

-Бичгээр гаргасан хариу тайлбарууд,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Компанийн дүрэм,

-2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мөнгөн гүйлгээний журнал,

-2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мөнгөн гүйлгээний журнал, 

-2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн оролцогчдод тогтоол гардуулсан баримт, 

-2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б.С, Л.Онарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 

-”М Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн R-09/17 дугаартай Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тушаал,

-2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Л.О-дхүргүүлсэн “Хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар” мэдэгдэл,

-2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2020/06451 тоот “Хүсэлт шийдвэрлэж, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамж,

 

Шүүгчийн захирамжаар:

-Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2-4в/3930  дугаартай албан тоот,

-2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4-240/20649 дугаартай албан тоот зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч Л.Онь “М Т” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 185,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.  /хх-1, 128/

 

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 185,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 65,000,000 /13 сар/ төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. /хх- 164/

 

Улмаар шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Л.О-ийн“ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 250,000,000 /50 сар/ төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлагыг хэлэлцсэн бөгөөд нэхэмжлэгч эдгээр шаардлагаа бүхэлд нь дэмжсэн.

 

6. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Л.Онь “М Т” ХХК-д ажиллаж байгаад үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсантай холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах...” нэхэмжлэлийг 2017 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд анх гаргаж, хариуцагч байгууллагатай эвлэрснийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах,  ээлжийн амралтын олговор, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, борлуулалтын урамшуулал зэргийг нэхэмжилж, шүүхэд хандсан. Л.О-ийннэхэмжлэлтэй хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 45 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлэхгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №01729 дүгээр шийдвэр гарсан хугацаанаас нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн хугацаа буюу 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх, нийт 50 сарын хугацаанд тооцон, 250,000,000 төгрөгийг  гаргуулна, мөн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлнэ гэж тайлбар гарган мэтгэлцсэн. 

 

7. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Л.Онь тухайн үед “М Т” ХХК-ийн Ерөнхий менежерийн албан тушаалд ажиллаж байхдаа компанийн удирдлагаас үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгийг урамшуулалд шаардсан, улмаар ажлаас гарч байгаагаа хэлж, ажлаа орхин явсан атлаа үндэслэлгүйгээр халсан мэтээр 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд буцаж ажиллах хүсэлтэй байгаа талаар хүсэл зоригоо илэрхийлсэн тул ажил олгогчоос нэг удаа боломж олгож, эвлэрлийн гэрээг байгуулсан. Гэвч нэхэмжлэгч нь өнгөрсөн хугацаанд  өөрийн санаачилгаар ажиллах талаар ирж уулзаагүй, ажилдаа ордоггүй мөртлөө шүүхэд хандаж их хэмжээний мөнгөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн хамгийн сүүлд гаргасан шаардлагын дагуу гарсан шүүхийн шийдвэрийн дагуу “М Т” ХХК нь 62,131,074 төгрөгийг цалин, хөлстэй тэнцэх олговорт төлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, компанийн бүтэц, өөрчлөгдөж, ерөнхий менежерийн албан тушаал байхгүй болсон хэдий ч эвлэрлийн гэрээний дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж байсан.  Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй эсэхийг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Компани эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, нэхэмжлэгчийг ажилд авах шийдвэр гаргаж, Маркетингийн албаны менежерийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч нэхэмжлэгч ажилд орох хүсэл зоригоо илэрхийлээгүй.  Л.Онь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            8. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

9.  “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №02853 дугаар захирамжаар “Л.Оийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,131,074 төгрөг олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр тус тус харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-10/

 

10. Улмаар дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч тал сайн дураар  биелүүлээгүй тул “Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 45,000,000 төгрөг гаргуулах, 2017 оны ээлжийн амралтын олговор 3,488,370 төгрөг, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 42,000,000 төгрөг, борлуулалтын урамшуулал 44,156,662 төгрөг, ажлын гүйцэтгэлийн урамшуулал 7,000,000 төгрөг, нийт 141,645,032 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” шаардлагыг нэхэмжлэгч Л.Ошүүхэд гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №01729 дүгээр  шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №2227 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны  2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №00384 дүгээр тогтоолоор “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1, 47 дугаар зүйлийн 47.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “М Т” ХХК-иас 45,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.О-долгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан  2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн,  эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажуулахыг “М Т” ХХК-д даалгаж шийдвэрлэжээ. /хх-14-29/

 

11. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны  2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №00384 дүгээр тогтоолд “...ажил олгогч байгууллагад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орсны дараа хариуцагч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор  тохиролцож, эвлэрсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 нь энэ шийдвэрт хамаарахгүй, өөр ажил санал болгосныг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг зохигчийн эвлэрлийг баталсан 2017 оны 11 дүгээр сараас хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 2018 оны 08 дугаар сар хүртэлх 9 сараар тооцож, олговорт 45,000,000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэсэн”, улмаар энэхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон,  өөрчлөлт оруулсан зэрэг үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй тул ажил олгогч “М Т” ХХК нь Л.Оийг ажилд нь эгүүлэн томилох тухай  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй гэж үзнэ. 

 

12. Хариуцагч “М Т” ХХК-ийн зүгээс  “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №02853 дугаар захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасан үндэслэлээр тухайн шатны шүүхээр хянуулсан, улмаар захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтаас “урьд эрхэлж байсан” гэсэн хэсгийг хасч, захирамжид өөрчлөлт оруулсныг үндэслэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №384 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг удаа дараа гаргасныг Улсын дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №0073 тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №00153 тогтоол, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №00227 дугаар тогтоолоор тус тус хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ. /хх-41-56, /

 

Мөн эдгээр тогтоолын хянавал хэсэгт “Л.Оанх гаргасан ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа тагалзсан гэх, зохигч харилцан тохирч өөр ажилд авах утга дээрх захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлийн агуулгад илэрхийлэгдээгүй”, “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №02853 дугаар захирамжид мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №06451 дүгээр захирамжаар өөрчлөлт оруулж, “...урьд эрхэлж байсан...” гэсэн хэсгийг хассан нь шинэ нөхцөл байдлыг үүсгээгүй” гэх үндэслэлийг заасан байх тул Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор “...ажил олгогч байгууллагад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орсны дараа хариуцагч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор  тохиролцож, эвлэрсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 нь энэ шийдвэрт хамаарахгүй, өөр ажил санал болгосныг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй” гэсэн дүгнэлт болон уг эцсийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр юм. 

 

13. Түүнчлэн нэхэмжлэгч Л.О-ийн“М Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг шийдвэрлэсэн “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №02853 дугаар захирамжийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч хариуцагч эвлэрснийг хариуцагч биелүүлээгүй байгаа тул тухайн захирамж нь агуулгын хувьд хэвээр гэж үзнэ. 

 

14. Хариуцагч тал хэдийгээр ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг шүүгчийн захирамжаар өөрчлөгдсөн тул ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг төлөх үүрэг үүсэхгүй гэж эс зөвшөөрч мэтггэлцсэн боловч хариуцагчийн татгалзлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг өөрчилсөн гэх үйл баримт дээр дурдсан үндэслэлээр тогтоогдоогүйгээс гадна шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.

 

15. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шүүх ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүрэгтэй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №01729 шийдвэр гарсан хугацаанаас нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн хугацаа буюу 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх, нийт 50 сарын хугацаанд тооцон, сарын дундаж цалингийн хэмжээгээр нэхэмжилснийг буруутгах боломжгүй юм.

 

            16. Түүнчлэн нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11  дүгээр сарын 01-ний өдрийн 4-240/20649 тоот албан бичигт Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2853  дугаар захирамжаар Л.Оийг “М Т” ХХК-д ажилд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн бүртгэлийн 18280196 дугаартай гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар дурдсан байх тул шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн гэж үзэхгүй.

            17. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлтэй.

18. Нэхэмжлэгч Л.Онь “М Т” ХХК-ийн ерөнхий менежерийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа нэг сарын 5,000,000 төгрөгтэй тэнцэх цалин, хөдөлмөрийн хөлс авч байсан болох нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны  2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №00384 дүгээр тогтоолоор нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ. /хх-29/

19. Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан “М Т” ХХК-иас Л.О-ийнажилгүй байсан хугацааны нөхөх олговорт нийт 250,000,000 /50сар х 5,000,000/ төгрөгийг гаргуулж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Л.О-ийнтөлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгуулж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид үүрэг болгох нь хуульд нийцнэ. 

20. Нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Учир нь Л.О-ийннэхэмжлэлтэй, “М Т” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн хүсэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг хамгийн сүүлд шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №00227 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улсын дээд шүүхээс гардан авснаас хойш 5 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №00384 дүгээр тогтоолын дагуу 45,000,000 төгрөгийн цалин хөлсний нөхөн оловрыг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Л.О-дөгсөн. Энэ өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тооцоход хуульд заасан 3 сарын хугацаа нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусан байхад нэхэмжлэл гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж марган, хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлийг тайлбарлаж мэтгэлцсэн.

 

21. Гэвч Л.Онь хөдөлмөрийн хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Тодруулбал, “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №02853 дугаар захирамжаар “Л.Оийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,131,074 төгрөг олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр тус тус харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон” энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан улмаар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор ажиллагааг эхлүүлжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг биелүүлээгүй байсантай холбоотойгоор  ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг гурван шаты шүүхээр шийдвэрлэж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №00384 дүгээр шүүх хуралдааны  тогтоолоор “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1, 47 дугаар зүйлийн 47.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “М Т” ХХК-иас 45,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.О-долгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан  2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажуулахыг “М Т” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон. 

 

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Уг үүргийг биелүүлээгүйгээс шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан ба уг ажиллагаа өнөөг хүртэл дуусгавар болоогүй,   нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил нь 2022 оны  оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилсэн байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх энэхүү хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаа хамаарахгүй.

 

23. Дээр дурдсан шүүхийн шийдвэрээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь зөрчигдөн эрхээ сэргээлгэх зорилгоор ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэсэн зохицуулалтад хамаарахгүй тул нэхэмжлэгч хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй.

24. Хариуцагч “М Т” ХХК нь нэхэмжлэгч Л.Оийг ажилгүй байсан хугацааны нөхөх олговор нэхэмжлэх хугацаанд Монгол Улсад байгаагүй, өөр ажил эрхэлж байсан гэх тайлбар, татгалзлыг шүүхэд гаргасан, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхэд Л.Онь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөо улсын хилээр гарсан, нэхэмжлэгч гадаад улсад байсан нь тогтоогдсон боловч өөр ажил, алба эрхэлж байсан болох нь нотлогдоогүй, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ Турк улсад хүндэтгэн үзэх шалтгаанаар эмчилгээ хийлгэсэн, эрх нь зөрчигдсөн хугацаанд өөр ажил хөдөлмөр эрхлээгүй гэсэн тайлбар гаргасан тул  хариуцагчийн өөр ажил хөдөлмөр эрхэлж байсан хугацаанд цалин хөлсийг хариуцагчаас давхар гаруулах үндэслэлгүй гэсэн тайлбарт үндэслэн цалин хөлсний асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

            1. Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан “М Т” ХХК-иас 250,000,000/хоёр зуун тавин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.О-долгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Л.О-ийнтөлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “М Т” ХХК-д үүрэг болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.О-ийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,706,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М Т” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид 1,706,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.О-долгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.АМАРМЭНД