Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2023/00057

 

Л.Оий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02644 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2023/00284 дүгээр магадлалтай,

Л.Оий нэхэмжлэлтэй

“М Т” ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 250,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Л.Оий гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, түүний өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Л.О нь “М Т” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 250,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02644 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан “М Т” ХХК-иас 250,000,000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Оийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “М Т” ХХК-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэггийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,706,300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М Т ХХК-аас улсын 1,706,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Од олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2023/00284 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02644 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /1999оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч “М Т” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 250,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай Л.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 1,706,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Л.О хяналтын гомдолдоо: ...Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.5-д заасны дагуу хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Анх 2017 онд Л.О миний бие “М Т” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хариуцагч тал нь Л.О намайг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохыг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 17,131,074 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсний дагуу бид эвлэрлийн гэрээ байгуулж (XX201 тал), уг гэрээг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017.11.13-ны өдрийн 181/ШШ2017/02853 дугаар захирамжаар баталгаажуулсан. (хх10-11 тал) Хариуцагч тал нь уг 2853 дугаар захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул миний бие дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022.11.01-ний өдрийн байдлаар дуусгавар болоогүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.11.01-ний өдрийн 4-240/20649 дүгээр албан бичгээр эргэлзээгүйгээр нотлогдож байна. (хх186 тал) Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилох тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээний саналыг хуулийн дагуу гаргаагүй тул миний бие ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 45,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Улсын дээд шүүх 2019.03.19-ний өдрийн 001/ХТ2018/00384 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн (хх25-29 тал). Миний бие 2853 дугаар захирамж болон Улсын дээд шүүхийн 384 дүгээр тогтоолын дагуу авах мөнгөн төлбөрийг шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан авсан хэдий ч өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн томилох шүүхийн шийдвэр биелэгдээгүй хэвээр байгаа ба миний хуулиар олгогдсон эрх ашиг хохирсон хэвээр байгаа билээ. Хариуцагч нь анхан шатны шүүхийн шүүгчийн 2853 дугаар захирамжийг хуулийн хүрээнд бүрэн биелүүлээгүй, эвлэрлийн гэрээ (хх201 тал) болон Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу намайг ажилд томилоогүй тул Миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан өдрөөс буюу 2018.08.27-ны өдрөөс 2022.10.27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 50 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 250,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан билээ. Уг нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022.11.18-ны өдрийн 181/ШШ2022/02644 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр үнэн зөвөөр үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023.02.01-ний өдрийн 210/МА2023/00284 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69, 129 дүгээр зүйлүүдийг анхан шатны шүүхээс зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэж, нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4- т заасныг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх заалтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх “М Т” ХХК нь ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т заасан зохицуулалтад хамаарахгүй тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч намайг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын дотор шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч нь 2017.12.07-ны өдрийн К-09/17 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажилд томилсон шийдвэр гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.11.13-ны өдрийн 181/111Ш2017/02853 дугаар захирамжийг биелүүлсэн (Магадлалын 4 тал, 2хх 11 тал) гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. “М Т” ХХК-ийн 2017.12.07-ны өдрийн К-09/17 тоот тушаалын тухайд: Л.О миний нэхэмжлэлтэй “М Т” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 45,000,000 гаргуулах тухай иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018.10.31-ний өдрийн 2227 дугаар магадлалаар шийдвэрлэхдээ “М Т” ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.11.13-ны өдрийн 181/ШШ2017/02853 дугаар захирамжийг үндэслэн 2017.12.07-ны өдрийн К-09/17 тоот тушаалаар Л.Оийг ажилд эгүүлэн тогтоосон байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж дүгнэсэн (XX 23 тал). Харин Улсын дээд шүүх 2019.03.19-ний өдрийн 001/ХТ2019/00384 дүгээр тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.31-ний өдрийн 2227 дугаар магадлалд өөрчлөлт оруулж “М Т” ХХК-аас 45,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Од олгохоор шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж, түүнчлэн ажил олгогч байгууллагад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орсны дараа хариуцагч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор тохиролцож эвлэрсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь заалт хамаарахгүй, өөр ажил санал болгосныг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй гэж тус тус дүгнэсэн байдаг. (хх29 тал) Тодруулбал, “М Т” ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийн биелүүлсэн гэх 2017.12.07-ны өдрийн К.-09/17 тоот тушаалд анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж гэрээ байгуулахаар заасан боловч уг тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах Хөдөлмөрийн гэрээний саналд (хх203-205 тал) Л.Оийг маркетингийн менежерийн албан тушаалд томилох санал өгсөн нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх үндэслэл болохгүй талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Түүнчлэн, хариуцагчийн зүгээс дээрх маргааны хугацаанд мөн адил нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан боловч Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх дүгнэлтийг хийж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан. Тиймээс миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй болох нь нэгэнт тогтоогдсон үйл баримт юм. Хариуцагч тал нь Улсын дээд шүүхийн 2019.03.19-ний өдрийн 001/ХТ2019/00384 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гурван удаа дээд шүүхэд хүсэлт гаргахад Улсын дээд шүүх 2020.05.26-ны өдрийн 001/ШТ2020/00073 дугаар тогтоол (хх41-43 дахь тал), 2020.10.08-ны өдрийн 001/ШТ2020/00153 дугаар тогтоол (хх44-49 дэх тал), 2021.07.01-ний өдрийн 001/ХТ2021/000227 дугаар тогтоолоор (хх50-56 дахь тал) тус тус удаа дараагийн хүсэлтүүдийг нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн юм. Улсын дээд шүүх хариуцагчаас гаргасан хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ “Л.О анх гаргасан ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан гэх, зохигч харилцан тохиролцож өөр ажилд авах тухай утга дээрх захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлийн агуулгад илэрхийлэгдээгүй” гэж (хх43 дахь талд), “энэхүү дүгнэлтийг үгүйсгэх баримтгүй гэх (хх49 дахь талд), дүгнэлтүүдийг хийсэн. Тиймээс Улсын дээд шүүхийн 2019.03.19-ний өдрийн 001/ХТ2019/00384 дүгээр тогтоол өнөөдрийг хүртэлх хугацаанд хуулийн хүчин төгөлдөр байгаа юм. Ийнхүү Улсын дээд шүүх хариуцагчаас гаргасан 2017.12.07-ны өдрийн К-09/17 тоот тушаалын талаар нэгэнт дүгнэн шийдвэрлэсэн тул энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон илэрхий үйл баримт бөгөөд үүнийг дахин нотлохгүй байхаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт хуульчилсан. Гэтэл давж заалдах шатны шүүх 2023.02.01-ний өдрийн 210/МА2023/00284 дүгээр магадлалаар хэргийг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн дүгнэсэн үйл баримтад дахин дүгнэлт хийж нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, хариуцагч нь ажилд эгүүлэн томилсон тушаал гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т заасныг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээр байна. Тиймээс давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хэсгийн 5.4-т “нэхэмжлэгчийн ажилд томилсон тухай хариуцагчийн 2017.12.07-ны өдрийн Р-09/17 тоот тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор эрх бүхий этгээд шүүхэд гомдол гаргах эрхтэй, ажил олгогчийн тус шийдвэр буюу эрх зүйн актыг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн байна”, 6-д “дээрх үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, хэргийн бусад нотлох баримтаар няцаагдахгүй нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т заасантай нийцэхгүйг анхан шатны шүүх анхаараагүй, хууль хэрэглээний алдаатай болсон” гэж дүгнэсэн дүгнэлт нь бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэхээр байна. (2хх11-12 тал) Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь заалтыг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тухайд: “М Т” ХХК 2017 оны 12 дугаар сард нэхэмжлэгчид ажлын байр санал болгосноор Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т заасан үүргээ биелүүлсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ (магадлалын 7, 7.1 дэх хэсэг) уг заалтыг албан ёсоор тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т “Ажил олгогч нь ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасан. Улсын дээд шүүх 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 13 дахь заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь хэсэгт заасан “адил чанарын өөр ажил, албан тушаал” гэдгийг цомхотгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг ойлгоно гэж тайлбарласан. Энэхүү тайлбараас үзэхэд ажлын байр цомхотгогдсон тохиолдолд ажил олгогч адил чанарын ажлын байр албан тушаал санал болгож, цалин хөлсний хэмжээг бууруулахгүй байх үүрэгтэй байна. Гэтэл “М Т” ХХК нь адил чанарын, ойролцоо түвшний албан тушаал бус хууль эрх зүйн байдлыг дордуулсан доогуур албан тушаал санал болгож, цалин хөлсний хэмжээг 2.5 дахин бууруулж 2,000,000 төгрөг болгон өөрчилж, 6 сарын хугацаатайгаар гэрээ байгуулах саналыг өгсөн. (хх203-205 тал) Миний өмнө нь эрхэлж байсан ерөнхий менежерийн албан тушаал нь дэд захирлын албан тушаалтай дүйцэж байгаа болох нь хэрэгт авагдсан “М Т” ХХК-ийн шинэ болон хуучин дүрмээр шууд нотлогддог. Тиймээс ерөнхий менежерийн албан тушаал цомхотгогдсон гэх үндэслэлээр уг ажлын байрыг санал болгох боломжгүй болж өөр ажлын байр санал болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т заасан нийцнэ гэж дүгнэсэн дүгнэлт мөн адил үндэслэлгүй бөгөөд Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбартай нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999/ 36.1, 69.1-д зааснаар ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа”-нд ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогч биелүүлэх хүртэл хугацаа хамаарна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.11.13-ны өдрийн 181/ШШ2017/02853 дугаар захирамжийг хариуцагч бүрэн биелүүлээгүй, намайг хууль ёсны дагуу ажилд томилоогүй, миний эрх зөрчигдсөн хэвээр байгаа тул нэхэмжлэгчийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх хуулийн үндэслэлгүй гэж үзэх байна. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсгийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, мөн давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь хэсгийг Улсын дээд шүүхийн албан ёсоор тайлбарласан тайлбараас өөрөөр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэгч миний гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.03.23-ны өдрийн 001/ШХТ2023/00317 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч Л.О 2022.01.07-ны өдөр шүүхэд хандаж, “М Т” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 185,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 250,000,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг шаарджээ. /хх-1,158/

Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...хариуцагч “М Т” ХХК  ажлаас үндэслэлгүй халснаа хүлээн зөвшөөрч урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, 17 сая төгрөгийн олговор олгохоор эвлэрлийн гэрээ байгуулсныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.13-ны өдрийн 181/ШШ2017/02853 дугаар  шүүгчийн захирамжаар баталгаажуулсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын олговор, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, борлуулалтын урамшууллыг нэхэмжилж шүүхэд хандсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019.03.19-ний өдрийн 001/ХТ2019/00384 дүгээр тогтоолоор ажилгүй байсан хугацааны олговорт 45 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, өөр ажил санал болгосныг үндэслэлгүй гэж дүгнэсэн. Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны 2018.08.27-2022.10.27 хүртэлх нийт 50 сарын хугацааны 250,000,000 төгрөгийг гаргуулна, мөн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлнэ...” гэж тайлбарласан байна.

9. Хариуцагч “М Т” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгч нь 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буцаж ажиллах хүсэл зоригоо илэрхийлсэн тул ажил олгогчоос нэг удаа боломж олгож, эвлэрлийн гэрээг байгуулсан. Гэвч нэхэмжлэгч нь өнгөрсөн хугацаанд өөрийн санаачилгаар ажиллах талаар ирж уулзаагүй, ажилдаа ордоггүй мөртлөө шүүхэд хандаж их хэмжээний мөнгөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэрийн дагуу 62,131,074 төгрөгийг төлсөн, түүнчлэн компанийн бүтэц, өөрчлөгдөж, ерөнхий менежерийн албан тушаал байхгүй болсон хэдий ч эвлэрлийн гэрээний дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд авах тушаал гаргаж, маркетингийн албаны менежерийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч нэхэмжлэгч ирээгүй, хэрэв энэ тушаалыг зөвшөөрөөгүй бол нэхэмжлэгч нь шүүхэд хандах эрхтэй байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, энэ хугацаанд нэхэмжлэгч нь Монгол байгаагүй, гадаадад байсан...” гэсэн үндэслэлээр мэтгэлцжээ.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хоёр шатны шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг зөрүүтэй дүгнэснээс гадна шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой эсэхийг анхаараагүйгээс маргааны үйл баримтыг бүрэн дүгнэж чадаагүй нь хууль хэрэглээний алдаатай үр дүнд хүргэсэн байх ба хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх залруулах боломжтой гэж үзэв.

11. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.13-ны өдрийн 2853 дугаар захирамжаар “Л.Оийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,131,074 төгрөг олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр тус тус харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-10/

Улмаар дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.27-ны өдрийн 01729 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.31-ний өдрийн 2227 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.03.19-ний өдрийн 00384 дүгээр тогтоолоор тогтоогдсон, хяналтын шатны шүүх “М Т” ХХК-иас 45,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Од олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ /хх-14-29/ “...ажил олгогч байгууллагад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орсны дараа хариуцагч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор тохиролцож, эвлэрсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 нь энэ шийдвэрт хамаарахгүй, өөр ажил санал болгосныг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017.11.13-2018.08.09 хүртэл хугацааны олговорт 45,000,000 төгрөгийг хангах нь зүйтэй” гэж дүгнэжээ.

Эдгээр шийдвэрээр тухайн үед шүүхийн шийдвэр биелэгдээгүй боловч хариуцагч байгууллагын бүтэц орон тоог шинээр тогтоосноос шалтгаалж ажилд эргүүлэн тогтоох үндэслэл байгаа эсэх асуудлыг шүүх анхаараагүй. /хх-179,180,181/

12. Хариуцагч “М Т” ХХК 2017.12.07-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд авах тушаал гаргасан, 2017.12.20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг нэхэмжлэгчид шуудангаар мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан боловч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авсан нь тогтоогдоогүй. Харин хариуцагч “М Т” ХХК-д бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн үйл баримтыг шийдвэрлэсэн шүүхийн ямар нэгэн шийдвэр, эсвэл үгүйсгэх баримт хэрэгт байхгүй юм.

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэх хэм хэмжээ нь ажилтныг ажилд нь эгүүлэн авах үүргээ ажил олгогч тухайн орон тоо цомхотгогдсоноос болж биелүүлж чадахгүй болсон тохиолдолд уг үүргээ хэрхэн биелүүлэхийг зохицуулсан.

“М Т” ХХК бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэний улмаас нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй болсон бол ажилтантай тохиролцох, үүний тулд ажилтан ажил олгогчийн аль аль нь идэвхтэй оролцох, адил чанарын өөр ажил албан тушаал бий эсэх асуудал хуулийг хэрэгжүүлэх нөхцөл нь болно. Гэтэл хэрэгт байгаа баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.О нь 2019.09.12-ны өдөр Монгол улсын хилээр гарсан, өөрийнх нь тайлбарласнаар 2022.09 сард буцаж ирсэн гэснээс үзэхэд шүүхийн шийдвэр биелэгдээгүйд зөвхөн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх, ажилдаа эргэн орох байр сууриа идэвхитэй илэрхийлээгүй харьцангуй урт хугацаа өнгөрсөн байдал нь ажилд эгүүлэн тогтоолгох хүсэл зоригоосоо татгалзсан гэх үндэслэл болно. Энэ үеэс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах боломжгүй болсон, цаашид нэхэмжлэгч ажил эргүүлэн тогтоолгохыг биелүүлэхийг, улмаар олговор шаардах эрх үүсэхгүй болно.

Нэхэмжлэгчийг ажилд авсан 2017.12.07-ны өдрийн ажил олгогчийн тушаал шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх үндэслэл болохгүй талаар шүүх шийдвэрлэсэн байхад хариуцагч “М Т” ХХК үүнээс хойш нэхэмжлэгчийг гадаад явсан буюу 2019.09.12 хүртэл хугацаанд адил чанарын өөр ажил, албан тушаал хэрхэн санал болгосон, ажилтантай хэрхэн тохиролцох үйлдэл хийснээ нотлоогүй тул энэ хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хэвээр байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд 2018.08.17-2019.08.17-ны өдөр хүртэл хугацааны олговор 60,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар  сарын 01-ний өдрийн 210/МА2023/00284 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт,  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02644 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэж 1. “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч “М Т” ХХК-иас 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Од олгож, 2018 оны 08 сарын 17-ноос 2019 оны 08 сарын 17 хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс 190,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дах заалтад “...1,706,300...” гэснийг “...457,950...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Оэс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 1,478,150 төгрөгийг буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.БАЯРМАА

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД