Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2022/01112

 

 

 

 

 

 

 

 

2023 11 19

130/ШШ2022/01112

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б.А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.А. Хаяг: Б.А аймаг, А сум 03 дугаар баг, У гэх газарт оршин суух

 

Хариуцагч: Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургууль. Хаяг: Б.А аймгийн А сумын төвд үйл ажиллагаа явуулах,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.А ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Б  ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.А т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд өөрийн эзгүйд хийх тухай хүсэлтээ гаргасан мөн нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хийх талаар санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч А.А  нь хариуцагч Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.А т холбогдуулан тус сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие 2018 онд Х их сургуулиас Химийн багш мэргэжлээр төгссөн. Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд анх 2018 оны 9,10 дугаар сард жирэмсний амралт авсан хүний оронд түр ажиллаж байсан.

1.2 Дараа нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн химийн багшаар томилогдон, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан.

1.3 Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн намайг ажиллаж байгаа орон тоонд маань ямар ч шалтгаангүйгээр үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзаж, ажиллуулахгүй байгаа юм. Намайг анх ажилд томилохдоо тус сургуулийн химийн багшаар бүр ажилд ажиллуулж байгаа хэмээн хэлсэн ба зуны амралт болсон юм. Зуны амралт болохдоо чи бүтэн жил ажиллаагүй тул амралтын мөнгө олгогдохгүй, харин 9 сараас эхлэн үргэлжлэн ажиллана хэмээн хэлж байсан.

1.4 Гэтэл сургуулийн захирлууд ээлж дараалан солигдоод намайг химийн багшаар үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр эрхийг маань зөрчиж байна. Би үүнд гомдолтой байна. Ядаж намайг чөлөөлсөн шийдвэрийг ч гэсэн өгөөгүй.

1.5 Хавтаст хэрэгт ажил олгогч болон ажилтан А.А  нарын хооронд байнгын хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан тухай гэрээ авагдсан. Гэтэл ажил олгогч гэрээнд заасан үүргээ зөрчиж тухайн орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан гэсэн нэрийдлээр А.А ыг үргэлжлүүлэн ажиллуулаагүй, тушаал шийдвэр гаргаагүй байдаг.  А.А ыг цагийн багшаар ажилд томилсон. Багш нар хичээл орсон цагаараа цалинждаг учраас цагийн багш гэж ажилд авсан. Хөдөлмөрийн гэрээ хугацаагүй гэрээ байсан. Нэхэмжлэгч 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад ээлжийн амралтдаа гарсан боловч хичээлийн шинэ жил эхлэх үед ажил олгогчийн зүгээс түүнийг үргэлжлүүлэн ажиллуулаагүй. Ингэхдээ ажил олгогч Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай мэдэгдээгүй байдаг.

1.6 Иймд намайг Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэв.

 

2.Хариуцагч Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.А  хариу тайлбар, зөвшөөрөл. Үүнд:

2.1 Нэхэмжлэгч А.А ын шүүхэд гаргасан Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хүлээн зөвшөөрч байна.

2.2 А.А  нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн химийн багшаар томилогдон ажиллаж эхэлсэн. Хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь үнэн болно. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр химийн багшаар ажиллаж байсан Ж.К нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ба А.А  нь үндсэн багшаар шилжин ажиллаж байсан.

2.3 Тухайн үед түүнийг томилсон шийдвэр гаргаж, түүнтэй шинэчилж Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Намайг сумын Засаг даргаас 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халж оронд нь Ш.М ийг томилсон байв. Захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.М  нь А.А ыг Ж.К ы оронд томилсон захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээнүүдийг санаатайгаар устгаж, түүний оронд З.Б  ыг ажилд авахын тулд дүр үзүүлэн шалгалт зарлаж, З.Б  ыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар химийн багшаар томилсон байна.

2.4 Нэгэнт манай сургуульд өмнө томилогдсон химийн багш нарт цаг хүрэлцэхгүй байгаа тул сонгон шалгаруулалт зарлаж шинээр багш томилж байгаа нь хууль бус. А.А  нь манай сургуульд 2018 оноос эхлэн химийн багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд түр болон байнгын ажлын байранд тус тус ажиллаж байсан тул тухайн орон тоонд А.А  томилогдон ажилласан.

2.5 Багш А.А  нь 2022 оны 6 дугаар сард үндсэн багшаар 18 хоног ажиллаж, ээлжийн амралт аваад 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр эргэж ажилдаа орох ёстой байсан. Гэтэл миний оронд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.М  түүнийг хувийн ашиг сонирхлын үүднээс ажиллуулахгүй байсан нь буруу болжээ. А.А ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Б  ын хариу тайлбар. Үүнд:

3.1 Миний бие дээд боловсролтой, химийн багш мэргэжилтэй. Би Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зарласан химийн багшийн орон тоонд бүртгүүлж, 9 дүгээр сарын 01-ний өдөр явагдсан сонгон шалгаруулалтаас тэнцсэн. Тэгээд тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар химийн багшийн ажилд томилогдож одоо хүртэл ажиллаж байна. Миний бие Улаанбаатар хотод ажиллаж байсан бөгөөд сонгон шалгаруулалт зарын дагуу ирж шалгалт өгөөд тэнцсэн учраас уг ажлаас чөлөөлсөн тул одоо А.А  нь эгүүлэн тогтоогдвол миний эрх ашиг зөрчигдөх гээд байна.

3.2 А.А  шалгалтад оролцоогүй учраас түүний гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. 2 сарын дараа нэхэмжлэгч А.А  тухайн орон тоонд би томилогдсон байсан гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв тийм байсан бол анх сонгон шалгаруулалт явуулах үед энэ талаар хэлэх боломжтой байсан гэв.

 

4.Нэхэмжлэгчээс Төрийн мэдээллийн сангаас гаргасан Иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “А.А ыг цагийн багшаар томилох тухай” Б/11 дугаартай захирамж, 2021.11.18-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ зэргийн хуулбар, нэхэмжлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өмгөөлөгч С.Н тай байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.А аймгийн ЗДТГазрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Х н 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаар албан бичиг, өмгөөлөгч С.Н ын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0 дугаар албан бичгээр хариуцагч солих тухай хүсэлт, Б.А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 00 дугаартай шийдвэр, А.А ын Төрийн мэдээллийн сангаас гаргасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх баталгаажилтын хуудас, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим системээс авсан бүртгэлт болон шалгалтын мэдээлэл, Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас зэргийн хуулбар хувь зэргийг нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

5.Хариуцагч Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр хавсарган гүйцэтгэгч С.Х аас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0 дугаар албан бичгээр эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Химийн багш Ж.К ыг ажлаас чөлөөлөх тухай 0 дугаар тушаал, мөн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А.А ыг цагийн багшаар томилох тухай 0 дугаар тушаал, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн  Хурлын тэмдэглэл, Хими-2020 шалгалтын материал 8 хуудас, 2021.11.18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Б.А аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн С.А ийг тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай Б/132 дугаар захирамж зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.А ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаар албан бичгээр гаргасан хариу тайлбар, тус сургуулийн багш, ажилчдын 2022 оны 6 дугаар сарын цагийн бүртгэл, 2021.11.18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хүсэлт, Монгол улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ш.М ийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0 дугаар тушаал, З.Б  т Монгол улс, Боловсролын их сургуулиас олгосон Химийн багшийн мэргэжлийн 0 дугаартай диплом, дипломын хавсралт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн мэдээллийн сангаас гаргасан Иргэний үнэмлэхийн лавлагаа, мөн сангаас гаргасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийн хуулбар, өмгөөлөгч Х.Б тэй 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан өмгөөллийн гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

7.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд анх 2018 оны 9,10 дугаар сард жирэмсний амралт авсан хүний оронд түр ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн химийн багшаар томилогдон, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн намайг ажиллаж байгаа орон тоонд маань ямар ч шалтгаангүйгээр үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзаж, ажиллуулахгүй байгаа юм. Намайг анх ажилд томилохдоо тус сургуулийн химийн багшаар бүр ажилд ажиллуулж байгаа хэмээн хэлсэн ба зуны амралт болсон юм. Зуны амралт болохдоо чи бүтэн жил ажиллаагүй тул амралтын мөнгө олгогдохгүй, харин 9 сараас эхлэн үргэлжлэн ажиллана хэмээн хэлж байсан. Гэтэл сургуулийн захирлууд ээлж дараалан солигдоод намайг химийн багшаар үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр эрхийг маань зөрчиж байгаа тул шүүхэд хандсан гэж тайлбарлажээ.

 

9.Хариуцагч Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.А аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрсөн байна. Үүнд: А.А  нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн химийн багшаар томилогдон, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь үнэн. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр химийн багшаар ажиллаж байсан Ж.К нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ба А.А  нь үндсэн багшаар шилжин ажиллаж байсан. Тухайн үед түүнийг томилсон шийдвэр гаргаж, түүнтэй шинэчилж Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Намайг сумын Засаг даргаас 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халж оронд нь Ш.М ийг томилсон байсан ба захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.М  нь А.А ыг Ж.К ы оронд томилсон захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээнүүдийг санаатайгаар устгаж, түүний оронд З.Б  ыг ажилд авахын тулд дүр үзүүлэн шалгалт зарлаж, З.Б  ыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0 дугаар тушаалаар химийн багшаар томилсон нь түүний хувийн ашиг сонирхлын үүднээс ажиллуулахгүй байсан нь буруу болжээ. А.А ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэжээ.

 

10.Нэхэмжлэгч А.А аас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Х ыг тодорхойлж ирүүлсэн ба улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчийг солих тухай хүсэлт гаргаж, хүсэлтдээ Б.А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар 12-ны өдрийн С.А ийг Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон 00 дугаартай шийдвэрийг хавсаргаж ирүүлсэн ба уг шүүхийн шийдвэрийг үндэслэж Б.А аймгийн А сумын Засаг даргаас 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0 дугаартай захирамжаар С.А ийг урьд эрхэлж байсан А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд эгүүлэн томилсныг үндэслээд тус шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчаар Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.А ийг сольсон болно.

 

11.Харин хариуцагч байгууллагын төлөөлөгч С.А  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбар бичгээр ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ..., хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ... нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж хуульчилсан бөгөөд энэхүү иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх ашиг нь хөндөгдөх болзошгүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй болно.

 

12.Учир нь, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

12.1 Нэхэмжлэгч А.А  нь Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд 2018 оны 9 болон 10 дугаар саруудад жирэмсний амралт авсан хүний оронд ажилласан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Төрийн мэдээллийн сангаас гаргасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаагаар, улмаар Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаар тушаалаар А.А ыг химийн цагийн багшаар томилсон нь хавтаст хэрэгт авагдсан тухайн тушаал болон нэхэмжлэгчийн Төрийн мэдээллийн сангаас гаргасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

12.2 Хавтаст хэрэгт талуудаас гаргаж өгсөн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “хугацаагүй” болон “хугацаатай” хөдөлмөрийн гэрээ авагдсан бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн химийн багшаар бүр томилогдон, ажил олгогчтой хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж ирсэн гэж мөн хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгч А.А  нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн химийн багшаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан тус сургуулийн орон тооны химийн багш мөн гэж тус тус тайлбарлажээ.

12.3 Гэвч нэхэмжлэгч А.А  Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн химийн цагийн багшаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа мөн ажил олгогч болох Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаар тушаалаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч А.А  нь Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн орон тооны химийн багш байна гэж дүгнэх боломжгүй болно.

12.4 Хариуцагч Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хугацаагүй хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч энэхүү Хөдөлмөрийн гэрээ нь хариуцагч Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Авдкадирийн нэхэмжлэгч А.А ыг химийн цагийн багшаар томилсон 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаар тушаалаар үгүйсгэгдэж байгаа тул тухайн Хөдөлмөрийн гэрээг үндэслэж нэхэмжлэгч А.А  нь тус сургуулийн орон тооны химийн багш байна гэж дүгнэх үндэслэлгүй болно.

12.5 Хариуцагч Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.А  нь тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...2022 оны 6 дугаар сард химийн багш Ж.К нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул түүний орон тоонд химийн багшаар нэхэмжлэгч А.А ыг бүр томилж, түүнтэй шинэчилж  Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан ба намайг сумын Засаг даргаас 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халж оронд нь захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.М  нь А.А ыг Ж.К ы оронд томилсон захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээнүүдийг санаатайгаар устгаж, түүний оронд З.Б  ыг ажилд авахын тулд дүр үзүүлэн шалгалт зарлаж, З.Б  ыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0 дугаар тушаалаар химийн багшаар томилсон байна.” гэж тайлбарладаг хэдий ч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна.

Хариуцагчаас энэхүү тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны  дагуу нотолж чадаагүй гэж үзнэ.

12.6 Нөгөөтээгүүр хариуцагч Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.А  нь “...миний бие нэхэмжлэгч А.А ыг тус сургуулийн химийн багш Ж.К ы оронд томилсон болон хөдөлмөрийн гэрээ шинэчилж байгуулсныг тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.М  нь устгасан” гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч А.А ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Намайг анх ажилд томилохдоо тус сургуулийн химийн багшаар бүр ажилд ажиллуулж байгаа хэмээн хэлсэн ба зуны амралт болсон юм. Зуны амралт болохдоо чи бүтэн жил ажиллаагүй тул амралтын мөнгө олгогдохгүй, харин 9 сараас эхлэн үргэлжлэн ажиллана хэмээн хэлж байсан.” гэх нэхэмжлэлээр хариуцагч байгууллагын төлөөлөгчийн нэхэмжлэгчийг тус сургуулийн химийн багш Ж.К ы оронд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна.

12.7 Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж заасан ба хэрэв ажил олгогчоос ажилтан А.А ыг химийн багш Ж.К ы оронд томилсон тухай эрхийн акт гаргаж, түүнтэй хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулсан бол нэхэмжлэгчээс хөдөлмөрийн гэрээний нэг хувийг шүүхэд гаргаж өгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгтэй байсан ба уг үүрийг биелүүлээгүй болно.

12.8 Харин Б.А аймгийн А сумын Засаг даргаас 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.А ийг ажлаас чөлөөлсний дараа тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ш.М  нь тус сургуулийн химийн багш  Ш.Күлжаны орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтын дүнгээр 68 онооноос 58 оноо буюу 85%-тай бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох З.Б   тэнцсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан тухайн шалгалтын хурлын тэмдэглэл, шалгалтын материалуудаар нотлогдож байна.

12.9 Улмаар тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ш.М  нь сонгон шалгаруулалтаас тэнцсэн З.Б  ыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0 дугаартай тушаалаар тухайн маргаан бүхий химийн багшийн орон тоонд томилж, түүнтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөр эрхлэх харилцаа үүсэж өнөөдөр хүртэл ажиллаж байгаа болох нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн Төрийн мэдээллийн сангаас гаргасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тухайн тушаал болон талуудын тайлбараар нотлогдож байгаа тул шүүхээс нэхэмжлэгч А.А ын тус сургуульд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш химийн цагийн багшаар ажиллаж 2022 оны 6 дугаар сард 18 хоног ажиллаж 822379 төгрөгийн цалин авсныг үндэслээд тэрээр орон тооны химийн багш байна гэж дүгнэж түүнийг Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

12.10 Нэхэмжлэгч А.А  нь Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн маргаан бүхий химийн багшийн орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг мэдээгүй гэх боловч 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлд “...2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр А сумын нэгдсэн зард зарлал тавьж нийт иргэдэд нээлттэй зарлав. 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зарлалын дагуу өргөдөл өгч бүртгүүлсэн багш нараас 3 цагаас шалгалт авахаар дуудсан ба тухайн үед шалгалтыг хойшлуулж өгнө үү хэмээн сонгон шалгаруулалтад орох химийн багш Амандыхын ээж болох Майра нь өргөдөл гаргаж ирсэн ба ...шалгалтыг нэг өдрөөр хойшлуулж 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагаас сонгон шалгаруулалтыг зарлалын дагуу  шалгалт авав...”  гэж   тэмдэглэл хөтөлсөн комиссын дарга М.Н , гишүүд М.К , Т.Т нарын гарын үсэг зурсан тэмдэглэлээр нотлогдож байгаа бөгөөд түүнийг нэхэмжлэгчээс үгүйсгэж чадаагүй болно.

13.Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

14.Нэхэмжлэгч А.А  нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч А.А ын Б.А аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.А  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б.А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.Ж