Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2023/00032

 

 

     

 

 

                

 

 

А.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/01112 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух Х овогт А.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн А сумын төвд үйл ажиллагаа явуулах А сумын ерөнхий боловсролын сургууль /захирал С.А/-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн төлөөлөгч С.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие 2018 онд Ховд их сургуулийг Химийн багш мэргэжлээр төгссөн. Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуульд анх 2018 оны 9,10 дугаар сард жирэмсний амралт авсан хүний оронд түр ажиллаж байсан.

1.2. Дараа нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн химийн багшаар томилогдон, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан.

1.3. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн намайг ажиллаж байгаа орон тоонд маань ямар ч шалтгаангүйгээр үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзаж, ажиллуулахгүй байгаа. Намайг анх ажилд томилохдоо тус сургуулийн химийн багшаар бүр ажилд ажиллуулж байгаа хэмээн хэлсэн ба зуны амралт болсон. Зуны амралт болоход чи бүтэн жил ажиллаагүй тул амралтын мөнгө олгогдохгүй, харин 9 сараас эхлэн үргэлжлэн ажиллана хэмээн хэлж байсан.

1.4. Гэтэл сургуулийн захирлууд ээлж дараалан солигдоод намайг химийн багшаар үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр эрхийг маань зөрчиж байна. Би үүнд гомдолтой байна. Ядаж намайг чөлөөлсөн шийдвэрийг ч гэсэн өгөөгүй.

1.5. Ажил олгогч Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай мэдэгдээгүй байдаг. Иймд намайг Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. А.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн химийн багшаар томилогдон ажиллаж эхэлсэн. Хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь үнэн болно. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр химийн багшаар ажиллаж байсан Ж.К  нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ба А.А  нь үндсэн багшаар шилжин ажиллаж байсан.

2.2. Тухайн үед түүнийг томилсон шийдвэр гаргаж, түүнтэй шинэчилж Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Намайг сумын Засаг даргаас 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халж оронд нь Ш.М-г томилсон байв. Захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.М нь А.А-ыг Ж.К-ын оронд томилсон захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээнүүдийг санаатайгаар устгаж, түүний оронд З.Б-ыг ажилд авахын тулд дүр үзүүлэн шалгалт зарлаж, З.Б-ыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар химийн багшаар томилсон байна.

2.3. Нэгэнт манай сургуульд өмнө томилогдсон химийн багш нарт цаг хүрэлцэхгүй байгаа тул сонгон шалгаруулалт зарлаж шинээр багш томилж байгаа нь хууль бус.А.А нь манай сургуульд 2018 оноос эхлэн химийн багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд түр болон байнгын ажлын байранд тус тус ажиллаж байсан тул тухайн орон тоондА.А томилогдон ажилласан.

2.4. Багш А.А нь 2022 оны 6 дугаар сард үндсэн багшаар 18 хоног ажиллаж, ээлжийн амралт аваад 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр эргэж ажилдаа орох ёстой байсан. Гэтэл миний оронд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.М түүнийг хувийн ашиг сонирхлын үүднээс ажиллуулахгүй байсан нь буруу болжээ. А.А-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар:

3.1. Миний бие дээд боловсролтой, химийн багш мэргэжилтэй. Би Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулиас 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зарласан химийн багшийн орон тоонд бүртгүүлж, 9 дүгээр сарын 01-ний өдөр явагдсан сонгон шалгаруулалтад тэнцсэн. Тэгээд тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар химийн багшийн ажилд томилогдож одоо хүртэл ажиллаж байна. Миний бие Улаанбаатар хотод ажиллаж байсан бөгөөд сонгон шалгаруулалт зарын дагуу ирж шалгалт өгөөд тэнцсэн учраас уг ажлаас чөлөөлсөн тул одоо А.А нь эгүүлэн тогтоогдвол миний эрх ашиг зөрчигдөх гээд байна.

3.2.А.А шалгалтад оролцоогүй учраас түүний гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. 2 сарын дараа нэхэмжлэгчА.А тухайн орон тоонд би томилогдсон байсан гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв тийм байсан бол анх сонгон шалгаруулалт явуулах үед энэ талаар хэлэх боломжтой байсан.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2022/01112 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч А.А-ын Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчА.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1.А.А нь ... 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн 2022 оны 7 дугаар сар хүртэл сургуулийн ээлжийн амралт эхлэх хүртэл ажиллаж 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс үргэлжлэн ажиллах ёстой байсан. Гэтэл тухайн үед тус сургуулийн захирлаар ажиллаж байсан С.А чөлөөлөгдсөн үед түүний оронд түр ажиллаж байсан Ш.М нь А.А-ын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж “цагаар ажиллаж байгаа хүнийг үргэлжлүүлэн авч ажиллуулахгүй” гэж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг нь зөрчсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.2. Харин сургуулийн захирал С.А нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдсоны дараа А.Аын гомдолд дараах тайлбарыг ирүүлсэн. Үүнд “Нэхэмжлэгч А.Аын шүүхэд гаргасан ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хүлээн зөвшөөрч байна. А.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн химийн багшаар томилогдон ажиллаж эхэлсэн. Хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь үнэн болно. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр химийн багшаар ажиллаж байсан Ж.Г нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ба А.А нь үндсэн багшаар шилжин ажиллаж байсан. Тухайн үед түүнийг томилсон шийдвэр гаргаж, түүнтэй шинэчилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Намайг сумын Засаг даргаас 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас халж оронд нь Ш.М-ийг томилсон байв. Захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.М нь А.А-ыг Ж.Г-ны оронд томилсон захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээнүүдийг санаатай устгаж, түүний оронд З.Б-ыг ажилд авахын тулд дүр үзүүлэн шалгалт зарлаж, З.Б-ыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар химийн багшаар томилсон байна. Нэгэнт манай сургуульд өмнө томилогдсон химийн багш нарт цаг хүрэлцэхгүй байгаа тул сонгон шалгаруулалт зарлаж шинээр багш томилж байгаа нь хууль бус.А.А нь манай сургуульд 2018 оноос эхлэн химийн багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд түр болон байнгын ажлын байранд тус тус ажиллаж байсан тул тухайн орон тоонд А.А томилогдон ажилласан. Багш А.А нь 2022 оны 6 дугаар сард үндсэн багшаар 18 хоног ажиллаж ээлжийн амралтаа аваад 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр эргэж ажилдаа орох ёстой байсан. Гэтэл миний оронд тур орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.М түүнийг хувийн ашиг сонирхлын үүднээс ажиллуулахгүй байсан нь буруу болжээ” хэмээн тайлбар ирүүлсэн. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байхад шүүгч хэргийг ердийн журмаар шийдвэрлэж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн. Тус хэрэгт ямар ч хамааралгүй А.А-ын дараа ажилд орсон хүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай захирамж хууль бус байсан ч нэхэмжлэгчийн зүгээс уг захирамжид гомдол гаргах боломжгүй байсан.

5.3. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан ажилтны хөдөлмөрийн гэрээг буруу дүгнэж, А.Аын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.А.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хугацаагүй гэрээ байсан. Анх ажилд орсон үед тус сургуульд 2 химийн багш ажиллаж байсан бөгөөдА.Аын хийж гүйцэтгэх ажил нь 7 хоногт 19 цагт хүрэлцэхгүй байсан тул цалин хөлс нь цагаар тооцогдон олгогддог байсан. Гэхдээ түүнийг хэн нэгний оронд түр хугацаатай ажиллуулаагүй. Байнгын ажлын байранд бүр томилон ажиллуулж ирсэн. Цагаар тооцоо хийхээр болж тохиролцож, хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан шалтгаан нь тус сургуулийн суралцагчдын тооноос шалтгаалах ба хэрэв суралцагчдын тоо ихэссэн тохиолдолд А.А бүтэн цагийн цалин хөлс авах боломжтой болдог. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тус сургуулийн химийн багшаар ажиллаж байсан Ж.К нь ажлаас чөлөөлөгдсөн тул тус сургуульд ганцхан химийн багш А.А үлдсэн бөгөөд бүтэн цагаар цалинжиж цалингаа авсан болох нь түүний нийгмийн даатгал төлөлтийн лавлагаагаар нотлогдож байна. Тухайн үед үйлчилж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасан “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна”, 50.1-т “Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна”, 50.2-т "Улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэж заасан.А.Аын хөдөлмөрийн гэрээнд хугацааны талаар тохиролцоогүй бөгөөд түүний ажиллаж байсан ажлын байр нь байнгын шинжтэй байсан.

5.4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ “Захирлын үүргийг гүйцэтгэгч Ш.М нь сонгон шалгаруулалтаас тэнцсэн З.Б-ыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай маргаан бүхий орон тоонд томилж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн тул А.Аын тус сургуульд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сард 18 хоног ажиллаж 822379 төгрөгийн цалин авсныг үндэслээд тэрээр орон тооны химийн багш байна гэж дүгнэж түүнийг Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.  Шүүхийн шийдвэрийн энэхүү үндэслэл нь утга агуулга, хууль зүйн хувьд уялдаа холбоогүй үндэслэлгүй болжээ. Маргаан бүхий орон тоо гэж яг юуг хэлээд байгаа нь ч ойлгомжгүй.

5.5. Тус сургуульд урьд нь 2 химийн багш ажиллаж байсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Харин 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Ж.К нь чөлөөлөгдөж, А.А л ганцаараа ажиллаж байсан. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг талыг баримтлан "2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сард 18 хоног ажиллаж” хэмээн бичиж байгаа нь үндэслэлгүй байна. ерөнхий боловсролын сургууль нь 6 дугаар сарын 18-аас хойш хичээл завсарлах бөгөөд 9 сарын 01-ний хүртэл ээлжийн амралтаа эдэлдэг. Гэтэл ээлжийн амралттай байх хугацаанд ажиллаагүй мэтээр, зөвхөн 6 сард хагас ажилласан мэтээр шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.М нь А.Аыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хичээл эхлэх үед ажиллуулахаас татгалзаж, химийн багшийн сонгон шалгаруулалт явуулж байгаа нь хуульд нийцэхгүй. Хэрэв 2 химийн багш ажиллах ёстой, шинээр 1 багшийг сонгон шалгаруулж авна гээвэл тухайн шалгалтын үндсэн дээр З.Б-ыг томилсон гээвэл түүнийг анхан шатны шүүхээс гуравдагч этгээдээр татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/Ш32022/01112 дугаартай шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

6. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1.А.А төгсөж ирснээс хойш тус сургуульд цагийн багшаар болон декретэнд явсан хүний оронд ажиллаж байсан. Өнгөрсөн хавар манай сургуулийн үндсэн багш Казахстан улс руу нүүж явахад, А-т тушаал гаргаад тухайн багшийн бүх эд хөрөнгийг хүлээлгэж өгөөд ажиллуулсан. Өмнө нь ч цагийн багшаар ажиллаж байсан гэрээтэй.

6.2. Тухайн жилийн хичээлийн жил дууссаны дараа  2022 оны 7 дугаар сарын 01-нд би хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн. Дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргаад 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажилд эгүүлэн томилогдсон. Би ажлаас чөлөөлөгдсөний дараа миний ажлыг менежер М-ээр хавсран гүйцэтгүүлсэн. Тэгэхэд, М- 2022 оны 9 дүгээр сарын 01-нд шинээр химийн багш ажилд авна гэж зарлал тавьсан байна. Гэхдээ орон тоог хуулийн дагуу зарлаж шалгалт аваагүй. Шалгалт авахаас нэг өдрийн өмнө зөвхөн А сумын фейсбүүк хуудсанд химийн багш шалгаруулж авна гэсэн зар байршуулсан байна.

6.3. Уг нь орон тоо гарч багш шалгаруулж авахын тулд эхлээд аймгийн Боловсролын газарт холбогдож орон тоог зарлуулах ёстой. Гэхдээ аймгийн Боловсролын газарт мэдэгдээгүй байна. Тэгээд химийн багш болон монгол хэлний багш аваад химийн багшаар ажиллаж байсанА.Аыг ажлаас чөлөөлж, өөр хүнийг томилсон байна.

 

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1.А.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны Б/11 дүгээр тушаалаар тухайн үед багшаар томилогдсон. Тухайн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаад цагийн багшаар томилсон. Хөдөлмөрийн гэрээ нь хугацаагүй байгуулагдсанаарА.Аыг үндсэн ажилтан болсон гэж үзэх үндэслэл байхгүй.

7.2. Нийгмийн даатгалын шимтгэл, цалин хөлсний талаар тодорхойлолт байна. Цагаар ажиллуулсан талаар 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой зохицуулалт байгаа. Хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдгээр үндсэн ажилтан болохгүй. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 233.2-д "Цагаар ажиллах" гэж ажил олгогчоос тодорхой ажил, үүргийг биечлэн гүйцэтгүүлж, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгохыг хэлнэ” гэж заасан.

7.3. Сонгон шалгаруулалт зарласан талаар материал хэрэгт бүрэн авагдсан. Шалгалт авахдаа ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй. М- тушаалыг алга болгосон талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй. Тухайн үед тушаал гаргаад хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол тушаалын нэг хувийг А.Ат өгсөн байх ёстой.

7.4. Б- Улаанбаатар хотод ажиллаж байгаад зун А сумын сургуулиас зарласан зарыг үзээд шалгалтад орж, тэнцээд энэ хүрээнд томилогдсон. Тухайн тушаалаас шалтгаалж тухайн хүний эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал тогтоогдох учраас хүсэлт гаргаад хүсэлтийн дагуу шүүхээс гуравдагч этгээдээр оролцуулах захирамж гаргасан хууль зөрчсөн асуудал байхгүй. Тийм учраас нэхэмжлэгч талын давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан.

 

ХЯНАВАЛ:

 

            8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ А.Аын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдохА.Аыг тус сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай хөдөлмөрийн эрхийн маргааныг гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

            9. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, түүнд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоох нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд дараах үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

            10. Нэхэмжлэгч А.А ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлынхоо үндэслэлийг “2018 оны 9, 10 дугаар сард жирэмсний амралт авсан хүний оронд түр ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс химийн багшаар томилогдон ажиллаж, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж намайг ямар ч шалтгаангүйгээр үргэлжлүүлэн ажиллуулахгүй байна. Сургуулийн захирлууд ээлж дараалан солигдоод намайг химийн багшаар үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр эрхийг маань зөрчсөн. Ядаж намайг чөлөөлсөн шийдвэрийг гаргаж өгөөгүй” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ /тухайн үед захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэж байсан С.Х/ “А.А-ыг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр цагийн багшаар,  хугацаатай гэрээ байгуулж ажиллуулсан. Багш Ж.К нь 2022 оны 6 дугаар сард Казахстан Улс руу нүүсэн учир химийн багшийн орон тоо гарсан ба А.А багш илүү 6 цагийн багшаар түр ажиллаж байсан. Харин химийн багш Ж.Кы оронд сонгон шалгаруулалт зарлаж, химийн /өөр/ багшийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ээс авч ажиллуулсан” гэж тус тус тайлбарлажээ.

 

            11. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:

  • Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн б/11 дүгээр тушаалаар А.Аыг мөн өдрөөс эхлэн тус сургуулийн химийн цагийн багшаар томилжээ,
  • нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд “хугацаатай, эсхүл хугацаагүй” талаар доогуур нь зурж тэмдэглэл хийгдээгүй бөгөөд гэрээний “Гүйцэтгэх албан тушаал:” гэх хэсэгт нь “Химийн багш” гэж тэмдэглэжээ /хэргийн 5 дахь тал/.
  • А сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн б/04 дүгээр тушаалаар тус сургуульд химийн багшаар ажиллаж байсан Ж.К-ыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлснөөр тус сургуульд химийн багшийн сул орон тоо гарсан байна /хэргийн 16 дугаар тал/,
  • 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлээр: “Химийн багшийн сул орон тооны талаар 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр А сумын нэгдсэн зард /facebook/ байршуулсан зарлалын дагуу 8 дугаар сарын 31-ний өдрийн 15.00 цагт шалгалт авах байсан боловч зарим иргэдийн хүсэлтээр уг шалгалтыг 1 өдрөөр хойшлуулж, 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагт сонгон шалгаруулалтыг явуулсан ба бүртгүүлсэн 4 багшаас химийн багш А, монгол хэлний багш Е нар хүрэлцэн ирээгүй тул сонгон шалгаруулалтад ирсэн химийн багш Б-, монгол хэлний багш Ө нараас сонгон шалгаруулах комисс шалгалт авчээ. Шалгалтын дүнгээр багш Б- 68 онооноос 58 оноо авч 85 хувийн, багш Ө 100 онооноос 93 оноо авч 93 хувийн үзүүлэлтээр тус тус тэнцсэн” нөхцөл байдал тогтоогджээ /хэргийн 27 дахь тал/,
  • Тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ш.М нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн б/10 дугаар тушаалаар сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн З.Б-ыг химийн багшийн ажилд томилсон ба З.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байна /хэргийн 41,46 дахь тал/,
  • Хариуцагчаас хариу тайлбартай хамт /захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэж байсан С.Х/ гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээний 1.4-т гэрээг хугацаатай байгуулсан талаар доогуур нь зурж тэмдэглэсэн бөгөөд чухам ямар хугацаагаар хугацаатай байгуулсан нь тодорхойгүй ба гэрээний 1.1-т зааснаар ажилтны гүйцэтгэх албан тушаал гэх хэсэгт “Химийн багш” гэж тэмдэглэл үйлдэгджээ /хэргийн 28 дахь тал/,
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан “С.А-ийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон тул хариуцагчаар сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу А сумын Засаг даргын захирамжаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар С.А томилогдсон нь тогтоогдсон тул түүнийг шүүгчийн захирамжаар жинхэнэ хариуцагчаар сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна /хэргийн 56 дахь тал/.
  • Хариуцагчийн төлөөлөгчөөр С.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоны дараа шүүхэд “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.А.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс химийн багшаар томилогдон ажиллаж эхэлсэн. Хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь үнэн. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр химийн багш Ж.К нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ба А.А нь үндсэн багшаар шилжин ажиллаж байсан. Тухайн үед түүнийг томилсон шийдвэр гаргаж, шинэчилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Намайг Засаг даргаас 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халж, оронд нь Ш.Мийг томилсон. Захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.М нь А.А-ыг Ж.К-ы оронд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээнүүдийг санаатай устгаж, түүний оронд З.Б-ыг ажилд авахын тулд дүр үзүүлэн шалгалт зарлаж, З.Б-ыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр химийн багшаар ажилд томилсон байна.А.А нь манай сургуульд 2018 оноос эхлэн химийн багшаар ажиллаж эхэлсэн, түр болон байнгын ажлын байранд ажиллаж байсан тул тухайн орон тоондА.А томилогдон ажилласан. Багш А.А нь 2022 оны 6 дугаар сард үндсэн багшаар 18 хоног ажиллаж, ээлжийн амралтаа аваад 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж ажилдаа орох ёстой байсан” гэсэн хариу тайлбар ирүүлжээ /хэргийн 65 дахь тал/,
  • Хариуцагч С.А А сумын ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 6 дугаар сарын цагийн бүртгэлийг гаргаж өгсөн ба уг бүртгэлээр тухайн сард С.А 11 хоног, А.А 18 хоног ажилласан талаар тэмдэглэгдсэн /хэргийн 65 дахь тал/, харин ажилтан А.А-ыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус сургуулийн химийн багшаар ажиллуулаагүй талаар зохигчийн тайлбарт тусгагдсан байна.
  • Хариуцагчаас /захирал С.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоны дараа/ 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг дахин гаргаж өгчээ. Уг гэрээнд хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар “хугацаатай, эсхүл хугацаагүй” талаар доогуур нь зурж тэмдэглэл хийгдээгүй бөгөөд гэрээний “Гүйцэтгэх албан тушаал:” хэсэгт нь “Химийн багш” гэж тэмдэглэсэн ба хариуцагчаас энэ удаа гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээтэй ижил нөхцөлтэй буюу тохирч байна /хэргийн 66 дахь тал/.
  • Төрийн мэдээллийн сангаас гаргасан лавлагаа, тодорхойлолтоор /2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн /А.А нь 2018 оны 9, 10 дугаар сард, мөн 2021 оны 11, 12 дугаар сар, 2022 оны 2-6 дугаар саруудад А сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн бөгөөд тухайлбал, тэрээр 2022 оны 2 дугаар сард 84.344 төгрөг, 3 дугаар сард 198.809 төгрөг, 4 дүгээр сард 125.641 төгрөг, 5 дугаар сард 302.681 төгрөгийн цалин авч байсан бол 2022 оны 6 дугаар сард 822.379 төгрөгийн цалин хөлс авч байжээ.

 

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” гэж хуульчилсан бөгөөд А сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн б/11 дүгээр тушаалаар А.Аыг химийн цагийн багшаар томилж, түүнтэй ажил олгогчоос мөн сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулснаар талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. Талуудын хооронд ийнхүү хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнээр ажил олгогч сургууль нь ажилтныг ажлын байраар хангах, цалин хөлс олгох, хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээнүүдийн хүрээнд ажилтныг хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах, харин ажилтан А.А нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналт доор, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэх зэрэг харилцан эрх, үүрэг үүссэн гэж үзнэ.

 

13. Зохигчийн тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “химийн багшийн орон тоонд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан” гэж, хариуцагчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан захирлын үүрэг гүйцэтгэгч С.Х нь энэ талаар “А.А-ыг цагийн багшаар, хугацаатай гэрээ байгуулж ажиллуулж байсан” гэж эс зөвшөөрч тайлбарладаг боловч хариуцагчийн төлөөлөгч /хожим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлж оролцсон, А сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай/ С.А “А.А- нь хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь үнэн” гэж нэхэмжлэлийн үндэслэлийг зөвшөөрсөн тайлбаруудыг тус тус гаргаж байсан бөгөөд талуудын хооронд үүссэн “А.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хугацаатай байсан эсэх” талаарх маргаантай асуудлын талаар дүгнэвэл: Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтууд, тэдгээрээр тогтоогдсон дээрх үйл баримтууд, ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг харьцуулан, үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт нийцэж байгаа эсэхийг шинжлэхэд ажилтан болон ажил олгогч нарын хооронд “хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

14. Анхан шатны шүүх “А.А-ыг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс химийн цагийн багшаар ажиллаж байсан нь ... тэрээр тус сургуулийн орон тооны химийн багш байна гэж дүгнэх боломжгүй”, “хариуцагчаас хугацаагүй хөдөлмөрийн гэрээг гаргаж өгсөн боловч энэ нь А.Аыг химийн цагийн багшаар томилсон ажил олгогчийн тушаалаар үгүйсгэгдэж байх тул ...А.А нь тус сургуулийн орон тооны химийн багш байна гэж дүгнэх үндэслэлгүй” гэж дүгнэхдээ хэрэгт талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүйгээс гадна маргааны үйл баримтад хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй байна.

 

15. Хэрэгт талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч А.Аыг ажил олгогчоос 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар тус сургуулийн химийн цагийн багшаар томилж, түүнтэй 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр химийн багшийн ажил үүргийг гүйцэтгүүлэхээр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгч болон хариуцагч С.Ааас гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээнүүд /хоорондоо тохирч байгаагаар/, А.Аын 2021 оны 6 дугаар сард ажилласан хоног, түүнчлэн түүний 2022 оны 02 дугаар сараас хойш тус сургуульд химийн багшаар ажиллаж, цалин хөлс авч байсан талаарх төрийн мэдээллийн сангаас гарсан лавлагаа, тодорхойлолтуудаар нотлогдож байна.

 

16. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулах бөгөөд хуульд зааснаар, тухайлбал ажилтан А.Аыг дээрх хугацаанд дагалднаар, туршилтын хугацаагаар, эсхүл улирлын шинжтэй ажил үүрэг гүйцэтгүүлсэн, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд, эсвэл түр ажлын байранд ажиллуулсан, санхүүжилт болон хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлсэн зэрэг хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-50.1.6 дахь заалтуудад заасан нөхцөл байдлууд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд энэ талаар хариуцагчаас нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй болно.

 

17. “Ажилтан А.Атай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан” гэх нотлогдоогүй үйл баримтын талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлж оролцож байсан С.Х-аас “цагийн багшаар ажиллаж байсан учир” гэж, анхан шатны шүүхээс “хариуцагчаас хугацаагүй хөдөлмөрийн гэрээг гаргаж өгсөн боловч энэ нь А.Аыг “химийн цагийн багшаар” томилсон ажил олгогчийн тушаалаар үгүйсгэгдэж байна” гэж тус тус тайлбарлаж, дүгнэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд А.А болон сургуулийн хооронд 2021 оны 11 дүгээр сард хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхдээ түүнийг “химийн цагийн багшаар” томилж ажиллуулж байсан нь тэдгээрийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-50.1.6 дахь заалтад заасан аль нэг хугацаагаар “хугацаатай” хөдөлмөрийн гэрээ байгуулсныг нотлохгүй.

 

18. Зохигчийн тайлбараас үзвэл багшийн долоо хоногт хичээл заахад зориулагдах нийт цаг нь 19 цагт хүрэхгүй бол түүнийг “цагийн багш” гэж тодорхойлох бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын Хоёрдугаар зүйлийн 10, 11-т зааснаар багшийн долоо хоногийн ажлын цаг 40, үүнээс 34 цагийг стандартыг хэрэгжүүлэхэд, 6 цагийг бусад ажлыг гүйцэтгэхэд зарцуулах ба стандартыг хэрэгжүүлэх ажилд ноогдох 34 цагийн 19 цаг нь хичээл заахад зарцуулагдахаар байна. Өөрөөр хэлбэл, багшийн долоо хоногт хичээл заахад зарцуулагдвал зохих 19 цаг сургуульд элссэн хүүхдийн тоо болон бусад нөхцөл шалтгааны улмаас хүрэлцээгүй буюу дутуу байгааг, тодруулбал боловсролын салбарт хэлж заншсанаар багшийг “цагийн багшаар” ажиллуулж байгаа нөхцөл байдал нь түүнийг ажил олгогчтой “хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан” гэх хууль зүйн ойлголтыг тодорхойлохгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            19. Хөдөлмөрийн хугацаатай гэрээ гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-50.1.6 дахь заалтын аль нэгэнд хамаарах, хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, сар, өдрөөр, эсхүл жил, улирал, сараар, үйл явдлаар тодорхойлж хөдөлмөрийн гэрээнд тусгасан байдлыг ойлгох бөгөөд хариуцагчаас гаргаж өгсөн “хугацаатай” гэж доогуур нь зурж тэмдэглэсэн хөдөлмөрийн гэрээний 1.4-т уг хугацааг дээрх байдлаар хэрхэн тогтоосон нь тодорхойгүй болно /хэргийн 28 дахь тал/.

 

            20. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар А.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуульд химийн багшаар томилогдон, улмаар 2021 оны 11, 12 дугаар сар, 2022 оны 2-6 дугаар саруудад А сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллахдаа 2022 оны 2 дугаар сард 84.344 төгрөг, 3 дугаар сард 198.809 төгрөг, 4 дүгээр сард 125.641 төгрөг, 5 дугаар сард 302.681 төгрөг цалин авч байсан бол 2022 оны 6 дугаар сард 822.379 төгрөгийн цалин хөлс авч, ажил олгогчтой хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байхад ажил олгогчоос түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд зааснаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлээр дуусгавар болгоогүй атлаа А.А-т 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан химийн багшийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй нь хуульд нийцээгүй байна.

           

21. Хэрвээ ажил олгогчоос А.Атай холбоотой хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилга гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалтаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон бол Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай шийдвэр гаргах ёстой бөгөөд сургуулийн захирлаас энэ тухай ямар нэгэн тушаал, шийдвэр гаргаагүй атлаа А.Аыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан химийн багшийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй байдлыг ажилтныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнтэй адилтгаж үзнэ.

Учир нь ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлөхдөө шийдвэр гаргах ба уг шийдвэр нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул бичгээр гарах шаардлагатай. Нөгөө талаар ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид үндэслэгдсэн байх нь хууль ёсны зарчимд нийцнэ.

 

            22. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуульд химийн багшаар томилогдон, уг ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж, 2022 оны 6 дугаар сарын байдлаар ажиллаж, цалин хөлс авч байсан А.Аыг 2022 оны 9 дүгээр сараас эхлээд “сул орон тоонд химийн багш сонгон шалгаруулж авсан” гэх шалтгаанаар ажил үүргийг нь  гүйцэтгүүлээгүй ажил олгогчийн үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2 /ажил олгогч хөдөлмөрийн гэрээг мөрдөх үүрэгтэй/, 43.2.6 /ажилтныг ажлаар хангах/, 43.2.10 /хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах/ дахь заалтуудад заасан ажил олгогчийн үүргийг зөрчсөн байх тул ажилтан А.Аыг ажлаас хууль бусаар, үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэж дүгнэж түүнийг урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

23. Ажил олгогчоос хуульд зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт зааснаар түүнд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөрт нь хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй бөгөөд ажил олгогч Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал энэ үүргээ биелүүлэхгүйгээр А.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, түүнд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж химийн багшийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/01112 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А.А-ыг Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаарА.Аын гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаарА.Аын өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК