Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 14

 

2023                  01               10                                       137/ШШ2023/00014

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Т овогт Б.Г

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Х овогт Б.Б-нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... Д.с  холбогдох

2022 оны 01-04-ний сарыг дуустал халаалтын төлбөр нийт 398,248 төгрөг нэхэмжилснээс 316,648 төгрөг хасаж тооцуулж, 2022 оны 10 сарын халаалтын төлбөрт нийт 157,920 төгрөгийг нэхэмжилснээс 137,520 төгрөгийг хасаж тооцуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нарийн бичгийн дарга М.Х нар оролцов.

                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд халаалтын төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргасан. 2022 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар, 2022 оны 10 дугаар сарын халаалтын төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргасан. ... Д.с нь халаалтын төлбөрт 2022 оны 01-р сараас 04 дүгээр сард 398,248 төгрөг нэхэмжилсэн, 2022 оны 10 дугаар сарын халаалтын төлбөр 157,920 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Үүнээс миний бие байрны талбайг 34 м2 тооцож, айл өрхийн халаалтын төлбөр 600 төгрөг гээд, нэг сарын халаалтын төлбөр 2,400 төгрөг болж байгаа. Иймд 2022 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарын халаалтын төлбөр нийт 398,248 төгрөг нэхэмжилснээс 316,648 төгрөгийг хасаж тооцуулах, 10 дугаар сарын төлбөр 157,920 төгрөг нэхэмжилснээс 137,520 төгрөгийг тус тус хасаж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ямар учраас хасаж тооцуулах гээд байгаа вэ? гэхээр 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 04 дүгээр сарыг дуустал халаалтын төлбөрийг нэхэмжилж байгаа. Үүнд 1 м2-ыг 1,600 төгрөгөөр тооцсон байсан. Үүнийг нэхэмжлэгч талаас зөвшөөрөхгүй байгаа  гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгсдэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай байгууллагын хувьд сумын аж ахуйн нэгж, иргэд байгууллага, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад дулааны эрчим хүчээр хангах, цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах үйлчилгээг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэдэг. Нэхэмжлэгч нар нь ... тоот хаягт байрлах өөрсдийн өмчлөлийн орон сууцдаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу нотариатын үйл ажиллагаа явуулж, орлого олдог. Орон сууцны өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны бус зориулалтай халаалт, цэвэр бохир ус, тог цахилгааны ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх, Эрчим хүчний тухай хуульд зааснаар эрчим хүчний төлбөрийг хугацаандаа төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Мөн гэрээ байгуулсан бол гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээнэ. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар эрчим хүчний хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, Аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасан. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолын хавсралтаар дулааны төлбөр тооцоотой харилцааг зохицуулна гэж заасан. Эрчим хүчний аж ахуйн харилцааны дүрмийн 5.3.1 дэх хэсэгт орон сууцны зориулалттай сууцыг ахуйн зориулалтаар ашиглаж, хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр буюу м2-аар тооцно. Үүнээс бусад нөхцөлд эзлэхүүнээр тооцно гэж заасан. Тэгэхээр 109 дүгээр байрны 10 тоот хаягт хүн амьдраагүй, нотариатын үйл ажиллагаа явуулж байгаа юм. 5.3.9 дэх хэсэгт зааснаар орон сууцны зориулалтыг өөрчлөн тусгайлан хаалга гадагш гаргаж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бол үйл ажиллагаа явуулж байгаа талбайгаас эзлэхүүнээр халаалтын төлбөрийг тооцно гэж тус тус заасан. Манай байгууллагыг өмнөх шүүх хуралдаанаар хэмжилт хийгээгүй байж тооцоолол гаргасан гэж хэлсэн. Гэтэл энэ хүн өөрөө ордероо өгөөгүй, очоод хэмжилт хийх хүмүүсийг хөөгөөд явуулчихдаг байсан шүү дээ. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Г, Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ... тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн байранд хувиараа хөдөлмөр эрхэлдэг /нотариатын үйлчилгээ/. ... д.ст 2022 оны 01-08 сарын дуустал ус, дулаан, цэвэр, бохир усны төлбөрт нийт 530,218.65 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс миний бие 1-04 сарыг дуустал халаалтын төлбөрт нийт 398,248 төгрөг нэхэмжилж байгаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн надаас байгууллага, аж ахуйн нэгжийн халаалтын төлбөрөөр тооцож 1м.кв төлбөрийг 1,600 төгрөгөөр тооцож байна. Манай өмчлөлийн байр нь 34 М.КВ талбайтай, халаалттай сарын тооцоо 34м.кв*600 төгрөг=20.400 төгрөг болно, нийт 01-04 сарын төлбөр 81,600 төгрөг болж байна. Иймд 2022 оны 01-04 сарыг дуустал халаалтын төлбөрт нийт 398,248 төгрөг нэхэмжилснээс 316,648 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

    Нэхэмжлэгч Б.Г, Б.Б нар шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: “...2022 оны 10 сарын 11-ний өдөр ... д.с-д холбогдуулан 2022 оны 01 сарын 04-ны өдрийг дуустал  халаатын төлбөрт нийт 398,248 төгрөг нэхэмжилснээс 316,648 төгрөгийг хасч тооцож өгнө гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба дээрх байгууллагаас 2022 оны 10 сарын халаалтын төлбөрт нийт 157,920 төгрөгийг нэхэмжилж байх тул 137,520 төгрөгийг хасч өгнө үү”  гэжээ.

 Хариуцагч байгууллагын итгэмжлэгсдэн төлөөлөгч Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Г нь ... тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн орон сууцандаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу нотариатын үйл ажиллагаа явуулдаг. "... д.с" ТӨҮГ нь миний өмчлөлийн орон сууцны халаалтын төлбөрийг байгууллага, аж ахуй нэгжийн төлбөрөөр тооцож байгааг зөвшөөрөхгүй учир 2022 оны 01-ээс 04 саруудын халаалтын төлбөрт нэхэмжилсэн 398,248 төгрөгөөс 316,648 төгрөгийг хасч тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Б.Г нь нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч, өмчлөлийн байрандаа нотариатын үйл ажиллагаа явуулж байгаа талаараа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьджээ. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Аж ахуйн харилцааны дүрэм"-ийн 5 дугаар зүйлийн 5.3.1-д "... Орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр, үүнээс бусад нөхцөлд эзэлхүүнээр тооцно.", 5.3.9-д "Орон сууцны барилгын зориулалтыг өөрчлөн тусгайлан хаалга гадагш гаргаж аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бол үйл ажиллагаа явуулж байгаа талбайгаас эзэлхүүнээр тооцно" гэж тус тус заасан учир манай байгууллага батлагдсан дүрмийн хүрээнд халаалтын төлбөрийг тооцож, иргэн Б.Г нэхэмжилсэн. Мөн аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа барилгын халаалтын төлбөр тооцох эзэлхүүнийг өрөөний урт, өргөн, өндөр /давхарын бодит өндөр/-ийн хэмжээгээр тодорхойлно гэж дүрэмд заасан учир нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн 34 м.кв хэмжээгээр халаалтын төлбөр тооцдоггүй билээ. Иймд эрх бүхий байгууллагаас батлагдсан дүрэм, журмын хүрээнд нэхэмжлэгч нарын өмчлөлийн байрны халаалтын төлбөрийг тооцож, сар бүр төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлсэн учир 2022 оны 01-ээс 04 саруудын халаалтын төлбөрт нэхэмжилсэн 398,248 төгрөгөөс 316,648 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. ...Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.3.1-д “...орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр үүнээс бусад нөхцөлд эзэлхүүнээр тооцно” 5.3.9-д “орон сууцны барилгын зориулалтыг өөрчлөн тусгайлан хаалга гадагш гаргаж аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бол үйл ажиллагаа явуулж байгаа эзэлхүүнээр ...тооцно гэж тус тус заасан учир манай байгууллага батлагдсан дүрмийн хүрээнд халаалтын төлбөрийг тооцож төлбөрийн нэхэмжлэл хүргэгдсэн. Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   - Нэхэмжлэгч Б.Б, Б.Г нарын иргэний үнэмлэхний лавлагаа,

   - Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа,

- Төлбөрийн нэхэмжлэхүүд,

- Итгэмжлэл,

-2022 оны 11 сарын 07-ны өдрийн 1/463 дугаартай ... д.ст төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тоот,

-109-р байрны 10 тоотын 2021 оны 01 сараас 12 сарын халаалтын төлбөрийг засгийн газрын 211 дүгээр тогтоолын дагуу хөнгөлсөн байдлын харуулсан хүснэгт,

-Хариуцагч байгууллагын хариу тайлбар,

-2022 оны 10 сарын 11-ний өдрийн А/136 дугаартай ... станц төрийн өмчит үйлдвэрийн газрын ажлын хэсэг байгуулах тухай захирлын тушаал,

-ажлын хэсгийн хурлын тэмдэглэл,

-гэрч С.У гэрчийн мэдүүлэг,

-2022 оны 11 сарын 17-ны өдрийн 07/457 дугаартай татварын хэлтсийн албан тоот,

-үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,

-хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа,

      ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Б.Г, Б.Б нар нь ... сумын Д.с Төрийн өмчид үйлдвэрийн газарт холбогдуулан 2022 оны 01-04-сарыг дуустал халаалтын төлбөр нийт 398,248 төгрөг нэхэмжилснээс 316,648 төгрөг хасаж тооцуулж, 2022 оны 10 сарын халаалтын төлбөрт нийт 157,920 төгрөгийг нэхэмжилснээс 137,520 төгрөгийг хасаж тооцуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргажээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Ц.Э нь тухайн орон сууцдаа манай байгууллагаас түгээж байгаа дулаан, цэвэр ус, бохир ус татан зайлуулах хэрэглээг авч байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсанд тооцож болно гэж үзэх боломжтой байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2 дугаар зүйлийн 3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

нэхэмжлэгч Б.Б өмчлөлийн ... тоот хаягт байрлалтай 34 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нар нь 2021 оны 03 сард худалдан авч хувиараа мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй тул аж ахуйн үйлчилгээ явуулж байгаа асуудал биш гэж тус тус маргажээ.

Орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлнө” гэж заажээ.

 Хэдийгээр нэхэмжлэгч нар нь ... Д.с төрийн өмчит үйлдвэрийн газартай 2021-2022 оны халаалтын гэрээ байгуулаагүй,  нэхэмжлэгч нь гэрээ байгуулахаар удаа дараа зайлсхийж гэрээ байгуулдаггүй гэх боловч уг өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөний дулааны төлбөрийг орон сууц зориулалтаар төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэнд тооцох юм.

Нэхэмжлэгч Б.Г нь нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч, өмчлөлийн байрандаа нотариатын үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн боловч нотариатын үйл ажиллагааг аж ахуйн үйл үйл ажиллагаа эрхэлдэг гэж үзэх үндэслэлгүй юм гэж маргав.

Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлд нотариатын үйл ажиллагаа эрхлэх гол шалгуурыг үйл ажиллагаа эрхлэн явуулах ажлын байртай байх талаар заасан бөгөөд ...хуульд өөрөөр заагаагүй бол нотариатч нотариатын үйлдлийг зөвхөн ажлын байрандаа хийнэ” гэж заажээ.

Иймд нэхэмжлэгчийн нотариатын үйл ажиллагаа эрхэлж буй үйлдлийг хувиараа мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, татвар төлж ашиг олдог тул аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг ах ахуйн нэгжтэй нэгэн адил гэж үзнэ.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж заасан байна.

Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 282 дугаар тогтоолын 1-т Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хоорондын "Аж ахуйн харилцааны дүрэм"-ийг хавсралтаар шинэчлэн баталжээ. Аж ахуйн харилцааны дүрмийн 5.3.1-д “орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр, үүнээс бусад нөхцөлд эзэлхүүнээр тооцно", 5.3.9-д "орон сууцны барилгын зориулалтыг өөрчлөн тусгайлан хаалга гадагш гаргаж аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бол үйл ажиллагаа явуулж байгаа талбайгаас эзэлхүүнээр тооцно" гэж тус тус заасан байна. Иймээс Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 109-р байр 10 тоот хаягт байрлалтай 34 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн халаалтын төлбөрийг  таазны өндөр буюу 2,8 метрт тооцож нийт 95,2м/куб гэж тооцож байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөөр нотлох, цуглуулах, гаргаж өгөх” үүргээ  биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Г, Б.Б нарын 2022 оны 01-04-ний сарыг дуустал халаалтын төлбөр нийт 398,248 төгрөг нэхэмжилснээс 316,648 төгрөг хасаж тооцуулж, 2022 оны 10 сарын халаалтын төлбөрт нийт 157,920 төгрөгийг нэхэмжилснээс 137,520 төгрөгийг хасаж тооцуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нар нь нотариатын үйл ажиллагаа явуулдаг орон сууцныхаа цэвэр бохир усны төлбөрийг аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаар төлдөг атлаа зөвхөн халаалтын зардлыг аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаар төлөхгүй гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 14,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 206-р зүйлийн 206.1,147 дугаар зүйлийн 147.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2-д  зааснаар Б.Г, Б.Б нарын нэхэмжлэлтэй, ... сумын Д.с төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох 2022 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуустал халаалтын төлбөр нийт 398,248 төгрөг нэхэмжилснээс 316,648 төгрөг хасаж тооцуулж, 2022 оны 10 сарын халаалтын төлбөрт нийт 157,920 төгрөгийг нэхэмжилснээс 137,520 төгрөгийг хасаж тооцуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.Ц