Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 202/МА2023/00007

 

                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

Б, Г нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 137/ШШ2023/00014 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Г,

 

Нэхэмжлэгч: Б нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **** төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох,

 

Халаалтын төлбөрөөс нийт 454,168 төгрөг хасуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Б, Г нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б, Г нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “ ... Миний бие *****хаягт байрлах өөрийн өмчлөлийн байранд хувиараа хөдөлмөр эрхэлдэг /Нотариатын үйлчилгээ/. *****2022 оны 01-08 сарын дуустал ус, дулаан, цэвэр, бохир усны төлбөрт нийт 530,218,65 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс миний бие 1-04 сарыг дуустал халаалтын төлбөрт нийт 398,248 төгрөг нэхэмжилж байгаа хүлээн зөвшөөрөхгүй. байна. Учир нь иргэн надаас байгууллага, аж ахуйн нэгжийн халаалтын төлбөрөөр тооцож 1 м.кв төлбөрийг 1,600 төгрөгөөр тооцож байна. Манай өмчлөлийн байр нь 34 м.кв талбайтай, халаалттай сарын тооцоо 34м.кв*600 төгрөг=20,400 төгрөг болно, нийт 01-04 сарын төлбөр 81,600 төгрөг болж байна. Иймд 2022.01-04 сарыг дуустал халаалтын төлбөрт нийт 398,248 төгрөг нэхэмжилснээс 316,648 төгрөгийг хасч тооцож өгнө үү.” гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Б, Г нарын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, үндэслэлийн агуулга: “ ... 2022 оны 01-04 сарыг дуустал халаалтын төлбөр нийт 394,248 төгрөг нэхэмжилснээс 316,648 төгрөгийг хасч тооцож өгнө гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба дээрх байгууллагаас 2022 оны 10 сарын халаалтын төлбөр 157,920 төгрөгийг нэхэмжилж байх тул 137,520 төгрөгийг хасч тооцож өгнө үү.” гэжээ. 

 

3. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эын татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “...  Г нь нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч, өмчлөлийн байрандаа нотариатын үйл ажиллагаа явуулж байгаа талаараа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурджээ. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.3.1-д “Орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр, үүнээс бусад нөхцөлд эзлэхүүнээр тооцно”. 5.3 .9-д “Орон сууцны барилгын зориулалтыг өөрчлөн тусгайлан хаалга гадагш гаргаж аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бол үйл ажиллагаа явуулж байгаа талбайгаас эзлэхүүнээр тооцно” гэж тус тус заасан учир манай байгууллага батлагдсан дүрмийн хүрээнд халаалтын төлбөрийг тооцож, иргэн Гас нэхэмжилсэн. Мөн аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа барилгын халаалтын төлбөр тооцох эзлэхүүнийг өрөөний урт, өргөн, өндөр /давхрын бодит өндөр/-ийн хэмжээгээр тодорхойлно гэж дүрэмд заасан учир нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн 34 м.кв хэмжээгээр халаалтын төлбөр тооцдоггүй. Иймд эрх бүхий байгууллагаас батлагдсан дүрэм, журмын хүрээнд нэхэмжлэгч нарын өмчлөлийн байрны халаалтын төлбөрийг тооцож, сар бүр төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлсэн учир 2022 оны 01-ээс 04 саруудын халаалтын төлбөрт нэхэмжилсэн 398,248 төгрөгөөс 316,648 төгрөгийг хасч тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.” гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 206-р зүйлийн 206.1,147 дугаар зүйлийн 147.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2-д зааснаар Г, Б нарын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Дулааны станц төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох 2022 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуустал халаалтын төлбөр нийт 398,248 төгрөг нэхэмжилснээс 316,648 төгрөг хасаж тооцуулж, 2022 оны 10 сарын халаалтын төлбөрт нийт 157,920 төгрөгийг нэхэмжилснээс 137,520 төгрөгийг хасаж тооцуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч Б, Г нарын давж заалдсан гомдлын агуулга: “5.1. ...Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 03 сарын 24-ний дугаар 219-р “тариф батлах тухай” хавсралтын хэрэглэгчийн ангилал хэсгийн 2-т үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалт эзлэхүүнээр төг/м.куб 1,600 төгрөг, 4 дэх хэсэг орон сууцны халаалт төг/м.кв 800 төгрөгөөр тус тус тооцно гэж заасан байна. Гэтэл шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ “аж ахуйн үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагаа” гэсэн шинэ нэр томьёо хэрэглэн аж ахуйн нэгж, байгууллагад тооцно гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 7-р зүйлийн 7.2-т иргэн гэж иргэний эрх зүйн харилцаанд оролцогч-Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно. Хуулийн этгээд гэж Иргэний хуулийн 25-р зүйлийн 25.1 дэх хэсэгт Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж тус тус заасан. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т зааснаар “аж ахуйн нэгж гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг хэлнэ” гэж дээрх хуулиудад тусгажээ.

5.2. Мөн шүүхээс нэхэмжлэгч нарын ****тай 2021-2022 оны халаалтын гэрээ байгуулаагүй гэж дүгнэжээ. Маргааны зүйл бол 2022 оны 01-04 сарыг дуустал халаалтын төлбөрийн маргаан, мөн 2022 оны 10 сарын халаалтын төлбөрийн талаар маргаж байгаа. 2021-2022 оныг хүртэлх халаалтын төлбөрийг ковид өвчин гарсан учраас төр төлбөрийг дааж байсан.

5.3. Мөн анхан шатны шүүхээс ямар ч нотлох баримтгүйгээр манай өмчлөлийн * *****үл хөдлөх эд хөрөнгийн 95,2 м.куб гэж хэмжээтэй гэж дүгнэсэн. Манай байрны таазны өндрийг 2,8 метр өндөртэй гэж ямар ч хэмжилт хийсэн баримт, дүгнэлтгүйгээр тогтоосон. M3-ыг ... урт*өргөн*өндөр=эзлэхүүн гардаг. Хариуцагч байгууллагаас халаалтын төлбөрөө нэхэмжлэхдээ маш олон хэмжээсээр нэхэмжилдэг. Шүүхэд нэхэмжлэл гаргангуут талбайн хэмжээг үндэслэлгүйгээр өсгөж 98 м.кв. Дараа нь 95,2 м.кв талбайтай болгож, ямар ч нотлох баримтгүйгээр өөрчилнө. 2022 оны 01 сараас 04 сарыг дуустал хугацааны халаалтын төлбөрийг 57 м.кв тооцож нэхэмжилдэг 2022 оны 10 сарын халаалтын төлбөрийг 98м.кв гэж. 2022 оны 11 сарын халаалтын төлбөрийг 95,2 м.кв тооцож төлбөрөө нэхэмжилдэг. Ингэж ямар ч нотлох баримтгүйгээр олон янзаар талбайн хэмжээг өөрчилж төлбөрийн нэхэмжилж байгаа нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй. Мөн дээрх хариуцагч байгууллага нь үйл ажиллагааны үндсэн чиглэл нь “ахуйн хэрэглээний халуун усаар хангах, дулааны эрчим хүч үйлдвэрлэх дамжуулах, түгээх, борлуулах” гэсэн үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Тухайн байранд ямар ч хэмжилт хийх эрх, тусгай зөвшөөрөлгүй болно. Манай албан ёсны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дээр талбайн хэмжээг 34 м.кв гэж заасан байдаг. ... Иймд анхан шатны шүүхийн ... шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

 

6. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “6.1. ... Манай Замын-Үүд сумын дулааны станц төрийн өмчит үйлдвэрийн газрын үйлчилгээний үнэ тарифыг Эрчим хүчний тухай хуульд зааснаараа дулааны эрчим хүчний үнэ тарифыг болохоор Эрчим хүчний зохицуулах хороо,   цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах үнэ тарифыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын зөвлөлөөс баталдаг. ... Үнэ тариф 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан. Гэхдээ Ггын нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хувьд энэ батлагдсан үнэ тарифаар мөрдөгдөөгүй. Тухайн өмнөх “Чандмань бадрал”-ын үеийн тогтоолоор тооцогдож, төлбөр нь бодогдож явж байсан. ... Манай байгууллагын хувьд халаалт хэрэглэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч хоёрын хоорондын харилцаа  буюу дулааны төлбөртэй холбоотой ямар харилцааг зохицуулдаг юм бэ гэхээр Эрчим хүчний тухай хуульд энэ асуудлыг аж, ахуйн харилцааны дүрмээр зохицуулна гэсэн байдаг. Энэ хорооны бүрэн эрхэд хамаарах аж, ахуйн харилцааны дүрэм буюу 2018 оны 292 дугаар тогтоолоор зохицуулсан байгаа. ... орон сууцны зориулалтыг өөрчлөн гадагш хаалга гаргаад хүн амьдарч байгаа бол хүн амьдарч байгаа хэсгийг нь талбайн хэмжигдэхүүнийг м2-аар, үйл ажиллагаа явуулж байгаа бол үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгт нь хэмжигдэхүүнийг  м3-ээр тооцно гэсэн байгаа.

6.2. Иргэн Г, Б нарын хувьд болохоор байраа худалдаж аваад нотариатын үйл ажиллагаа 2021 онд эхэлсэн цагаасаа эхлэн манай байгууллагатай гэрээгээ байгуулах талаар борлуулалтын байцаагч нар мэдэгддэг, очдог. ... гэрээгээ байгуулахгүй, халаалтын төлбөрөө төлөхгүй гэдэг.

6.3. ... Г нотариатч хэмжилтээ хийлгээгүй. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Нэхэмжлэл гаргахаас өмнө манайх талбайн хэмжээ гаргахаар дахин ажлын хэсэг томилоод ямар шалтгаантай болох, яагаад хэмжилт хийлгэхгүй байгаа юм бэ гээд ажлын хэсэг гаргасан. ... Тэгээд манай ажлын хэсэг яваад хэмжилт хийхдээ аж ахуйн хэмжээний дүрэмд зааснаар зааврын дагуу хэмжилтээ хийгээд 97.2 м3 билүү 97.3 м3 гардаг. ...Тэгээд 10 дугаар сард ажлын хэсгээр 98 м3 талбайгаар бодоод явуулсан байсныгаа дүгнэлт гарсны дараа өөрчлөөд 95,2 м2 талбайгаар тооцоод төлбөрийг төлбөрийн нэхэмжлэхийг нь сольж өгсөн юм. Г нотариатч 10 дугаар сард сольж өгснийг хавсаргаагүй юм байна лээ. ...Усны төлбөрт аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг гэдгээ зөвшөөрөөд байгаа юм. Харин халаалтын төлбөр өндөр гардаг болохоор айл, өрхөөр төлдөг болохоор бодож нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь шударга бус байна.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Г, Б нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.  

1. Нэхэмжлэгч Г, Б нар нь хариуцагч “****” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан 2022 оны 01 дүгээр сараас эхлэн 4 дүгээр сарыг дуустал хугацааны халаалтын төлбөрөөс нийт 398,248 төгрөг нэхэмжилснээс 316,648 төгрөгийг хасч тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 сарын халаалтын төлбөрт нийт 157,920 төгрөгийг нэхэмжилснээс 137,520 төгрөгийг хасуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж /хх 32/, нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх 8/, **** ТӨҮГ төлбөрийн нэхэмжлэх /хх 9-14, 80/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 79/, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /хх 81-82/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... “Аж ахуйн харилцааны дүрэм”-д зааснаар аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа барилгын халаалтын төлбөр тооцох эзлэхүүнийг өрөөний урт, өргөн, өндрийн хэмжээгээр тодорхойлдог тул ... үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн 34 м.кв хэмжээгээр халаалтын төлбөр тооцдоггүй” гэж маргаж,  татгалзлаа ****” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/136 дугаартай тушаал /хх 48/, ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /хх 49-52/, гэрч С.Улаанхүүхэний мэдүүлэг /хх 63-64/, Дорноговь аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07/457 дугаартай албан бичиг /хх 66/ зэрэгт үндэслэжээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Г, Б нар эс зөвшөөрч “ ... аж ахуйн үйл ажиллагаа ... аж ахуйн нэгж, байгууллагад тооцсон, ... гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн, ... баримтгүйгээр талбайн хэмжээг өөрчилж төлбөрийг нэхэмжилсэн ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

4. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Дорноговь аймгийн **** хаягт байршилтай, 34 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б бүртгэгдсэн /хх 8, 79/, уг үл хөдлөх эд хөрөнгийг нотариатын үйлчилгээ эрхлэх зориулалтаар ашигладаг, **** ТӨҮГ нь ус, дулаанаар хангаж, төлбөрт 2022 оны 3  дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 385,940.45 төгрөгийн үлдэгдэлтэй  /өмнөх сарын үлдэгдэл 129,064.05 төгрөг +2 сар 128,438.20+3 сар 128,438.20/, 2022 оны 10 дугаар сард 177,672 төгрөг /хх 10, 13, 35/, үүнээс халаалтын төлбөрт 2 сард 109,562 төгрөг /хх 10/, 3 сард 101,840 төгрөг, /хх 13/, 10 сард 157,920 төгрөг /хх 35/ тус тус нэхэмжилж, дулаанаар хангасан талбайн хэмжээг 2, 3 дугаар сард 57,4 м2 , 10 сард 98,7 м2 , 11 сард 95,20 м2 /хх 80/ -р тооцсон тухай үйл баримт тогтоогджээ.

 

5. Нэхэмжлэгчийн “халаалтын төлбөрөөс зөрүү тооцож хасуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагчаас хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хэрэглэхдээ орон сууцны халаалтын үнийг аж ахуйн нэгжийн халаалтын үнээр тооцож төлбөрийг тогтоосноос гарсан зөрүүг төлөхгүй буюу өөрийн өмчлөлийн орон сууцанд нотариатын үйл ажиллагаа явуулж байгаа нь аж ахуйн үйл ажиллагаанд хамаарахгүй, аж ахуйн нэгж биш гэсэн агуулгатайн гадна анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч байгууллага дулааны төлбөр тооцох хэмжигдэхүүнийг эзлэхүүнээр тооцохдоо эзлэхүүний хэмжээг өөр өөрөөр тогтоосон гэжээ.

 

6. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч  Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар үүрэг үүссэн ба энэ нь  нэг тал нь цэвэр ус, дулаан нийлүүлэх, бохир ус татан зайлуулах үүргийг, нөгөө тал нь үүний төлөө төлбөр төлөх үүрэг нь худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээг байгуулах хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар хэлцлийг талууд хэлэлцэн тохиролцож амаар байгуулж болно.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.2-д зааснаар хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон бол амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог.

 

Эндээс үзвэл хариуцагч тал цэвэр ус, дулаан нийлүүлэх, бохир ус татан зайлуулах үүргийг хүлээж, түүнийгээ биелүүлж төлбөрийн нэхэмжлэлийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн байх бөгөөд харин нэхэмжлэгч тал нийлүүлсэн дулаан, халаалтыг хэрэглэсэн болохоо үгүйсгээгүй, гагцхүү төлбөрийн нөхцөлийг зөвшөөрөөгүйгээс үзэхэд талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна. 

 

7. Улмаар анхан шатны шүүх талуудын хооронд үүрэг үүссэн гэж үзэж, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан “Аж ахуйн харилцааны дүрэм” зэрэгт үндэслэн нэхэмжлэгчээс төлбөл зохих дулааны төлбөрийг тооцох нөхцөлийг эзлэхүүнээр буюу м.куб хэмжээсээр тооцох нь хууль зөрчөөгүй гэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй боловч мөн хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-т зааснаар гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэжээ.

 

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулах ба эрчим хүчний тариф, үнийг Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлөхөөр заажээ.

 

Иймээс гэрээний үнийг тогтоохдоо Эрчим хүчний тухай хуульд зааснаар нийтлэгдсэн тарифаар буюу зохицуулах хорооноос тогтоосон үнэ, төлбөр тооцох нөхцөлийг баримтлах нь дээрх хуулиудад нийцнэ.

 

Өөрөөр хэлбэл Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.1.11-т зааснаас үзэхэд Зохицуулах хороо нь “... тариф тогтоох аргачлал боловсруулах, ... хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох ...” эрхээ хэрэгжүүлэхдээ хангагч, хэрэглэгчийн хоорондын гэрээний нөхцөл, шаардлага, үйлчилгээний түвшин, чанар, төлбөрийн нөхцөлийг тусгасан хэм хэмжээ буюу “аж ахуйн харилцааны дүрмийг” баталснаар түүнийг хангагч, хэрэглэгч дагаж мөрдөнө гэж ойлгоно.

 

8. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн харилцааны дүрэм” /дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-хэрэглэгчийн хоорондын/ -ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан төлбөр тооцооны ерөнхий нөхцөл ёсоор бол дулааны эрчим хүчний төлбөр тооцооны үндэслэл нь дулааны эрчим хүчээр хангах гэрээнд тусгагдсан дулааны тоолуур, усны тоолуурын заалт, барилгын эзлэхүүн, талбай, зураг төслийн тооцоот хүчин чадал, хүний тоо байх бөгөөд нэхэмжлэгч нарын хувьд дулааны тоолуургүй хэрэглэгч болох нь зохигчдын тайлбар болон төлбөрийн нэхэмжлэх баримтаар тогтоогджээ.

 

Тэгэхээр энэхүү дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан тоолуургүй хэрэглэгчийн төлбөр тооцох нөхцөл нь маргааны үйл баримтанд хамааралтай гэж үзнэ.

 

9. Нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцны зориулалтыг өөрчлөн тусгайлан хаалга гадагш гаргаж, тэнд нотариатын үйл ажиллагаа явуулдаг талаар зохигчид маргаагүй бөгөөд гагцхүү тухайн нотариатын үйл ажиллагааг дээрх дүрэмд заасан аж ахуйн үйл ажиллагаа мөн эсэх, үүнээс хамаарч төлбөр тооцох нөхцөл буюу үнэ тарифын хувьд хэрэглэгчийн ангилал нь  аж ахуйн нэгж, эсхүл орон сууцны халаалтын тарифаар тооцох, улмаар хэмжээсийг эзлэхүүнээр эсхүл талбайн хэмжигдэхүүнээр тооцох нөхцөл тодорхойлогдоно.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад гаргасан татгалзалдаа энэхүү “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.9-д заасныг үндэслэн халаалтын төлбөрийг аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа барилгын халаалтын төлбөр тооцох эзлэхүүн хэмжээгээр тооцсон, эзлэхүүний хэмжээг тогтоохдоо 2022 оны 1 сараас 4 сарыг дуустал хугацаанд өмнө үйл ажиллагаа явуулж байсан /үсчин/ тогтоогдсон хэмжээ  57.4 м.куб хэмжээгээр, 2022 оны 10 сард дахин хэмжилт /өндөр 2.8 м/ хийж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн 34 м.кв хэмжээг үндэслэн 98,7 м.куб гэж тогтоосон боловч сүүлд залруулга хийж 95.2 м.куб хэмжээгээр тогтоож, төлбөрийг нэхэмжилсэн” гэжээ.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.3.1-д тоолуургүй хэрэглэгчийн төлбөр тооцох нөхцөлийг “Аливаа барилга байгууламж, орон сууц нь дулааны тоолуур суурилагдаагүй бол дулааны эрчим хүчний төлбөр тооцоог энэхүү дүрэмд заасны дагуу  эзлэхүүн  болон талбайн хэмжигдэхүүнээр гэрээний дагуу тооцно. Орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр, үүнээс бусад нөхцөлд эзлэхүүнээр тооцно.” гэж заасан байна.

 

Энд зааснаас үзэхэд дулааны төлбөр тооцох нөхцөлийг орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаагаас бусад тохиолдолд эзлэхүүний хэмжээгээр тооцохоор ойлгогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд орон сууцны барилгыг ийнхүү ахуйн зориулалтаар ашиглаж, тэнд амьдардаг болох нь тогтоогдоогүй ба харин тэнд нотариатын үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон тул хариуцагчийн зүгээс дулаан халаалтын төлбөрийг тооцох хэмжигдэхүүнийг эзлэхүүнээр (хэмжих нэгжийг төг/м3) тогтоосон нь буруу биш гэж үзэв.

 

Түүнчлэн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифт төлбөр тооцох хэмжигдэхүүнийг эзлэхүүнээр буюу хэмжих нэгжийг м3 хэмжээсээр тооцож байгаа тохиолдолд энэ нь аж ахуйн нэгжийн тарифт үнэлгээнд хамаарч тухайн үнэлгээгээр тооцогдох ба хариуцагчийн зүгээс ийнхүү тарифт заасан үнийг мөрдөөгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Тодруулбал хэрэглэгчийн ангиллыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 219 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан тарифт төсөвт байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгж, орон сууц гэж тодорхойлсон, үүнээс өмнөх тарифт аж ахуйн нэгж байгууллага, айл өрх гэж тодорхойлж байсан байх бөгөөд дээрх “Аж ахуйн харилцааны дүрэм”-д зааснаас үзэхэд орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар ашиглаагүй нөхцөлд халаалт дулааны төлбөрийг орон сууцны халаалтын тариф тооцох хэмжих нэгжээр буюу төг/м2 хэмжээсээр тооцох нөхцөл тусгагдаагүй тул үнэ тарифыг энэхүү хэмжих нэгжид хамаарах үнэлгээгээр (тарифаар) тооцох үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх тарифт заасан хэрэглэгчийн ангиллын үйлдвэр аж ахуйн нэгж гэсэн ангилалд хамааруулж 1 м3 хэмжээг 1,600.0 төгрөгөөр тооцсон нь  худалдах худалдан авах гэрээ буюу эрчим хүчээр хангах гэрээний үнийн талаарх хууль болон дүрэмд заасан журам нөхцөлийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

10. Нотариатын үйл ажиллагааг ашиг олох зорилготой аж ахуйн үйл ажиллагаа, нотариатчийг аж ахуйн нэгж гэж үзэх үндэслэлгүй хэдий ч тухайн үйл ажиллагаа нь нотариатч мэргэжлийн үйл ажиллагаа явуулж иргэдэд төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа тул нотариатын үйл ажиллагаа явуулж байгаа тухайн ажлын байрыг орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа айл өрх гэж үзэж, энэхүү ангилалд хамаарах тарифаар халаалтын төлбөрийг тооцох үндэслэлгүй юм.  

 

Харин хариуцагчаас эзлэхүүний хэмжээг өмнө нь 57.4 м.куб хэмжээгээр, 2022 оны 10 сард 98,7 м.куб, 11 сард 95.2 м.куб хэмжээгээр тогтоож, төлбөрийг нэхэмжилсэн байх ба энэ тохиолдолд “Аж ахуйн харилцааны дүрэм”-д зааснаар хэрэглэгч буюу нэхэмжлэгч тухайн хэмжээ болон төлбөр тооцоотой холбоотой маргаантай асуудлаарх санал хүсэлтээ хангагчид албан ёсоор мэдэгдэх, хангагч байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл Эрчим хүчний зохицуулах хооронд хандан шийдвэрлүүлж болохоор байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул энэхүү дулаан, халаалтын төлбөр тооцох талбайн эзлэхүүний хэмжээг талууд тохиролцон ашиглаж байгаа зориулалтыг харгалзан дахин тогтоох боломжтой тул хангагч буюу хариуцагчаас тогтоож ирүүлсэн эзлэхүүний хэмжээг шүүхээс өөрчлөн тогтоох үндэслэлгүй болно.

 

11. Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ггын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Энэ нь анхан шатны шүүх маргаанд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1,147 дугаар зүйлийн 147.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг хэрэглэсэн нь оновчтой биш, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн.

 

Тодруулбал Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасан зохицуулалтын агуулга нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилах асуудлыг, орон сууцны өмчлөгчийн өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалтын төлбөр төлөх үүргээс зааглаж тодорхойлсон зохицуулалт тул маргаанд хамааралгүй.

 

Харин Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2-т зохицуулалтын агуулга нь маргааны үйл баримтанд хамааралтай хэдий ч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу талуудын хүлээх үүрэг, шаардах эрхийг тодорхойлох боломжтой тул маргааны үйл баримтанд энэхүү хуулийг хэрэглэх нь Иргэний хуулийн 3 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3-т нийцнэ.

 

12. Мөн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг хэрэглээгүй тул энэ үндэслэлээр шийдвэрийн холбогдох заалтад өөрчлөлт оруулна.

 

13. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ггын давж заалдсан гомдлыг хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар түүний гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 137/ШШ2023/00014 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг  “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч Б, Г нарын нэхэмжлэлтэй, хариуцагч **** төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох 2022 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуустал хугацааны болон 10 дугаар сарын дулааны төлбөрөөс нийт 454168 төгрөгийг хасч тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  ” гэж өөрчилж,

 

2 дугаар заалтад  “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1  ...” гэсний дараа “60 дугаар зүйлийн 60.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Б, Г нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ггын давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,925  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    А.САЙНТӨГС

 

                                                 ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ