Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2022/01025

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын  1 дүгээр багт оршин суух, С овогт К-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа /даргын үүрэг гүйцэтгэгч А/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Ц сумын Хар татарын мод үржүүлгийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч К, түүний өмгөөлөгч С

Хариуцагч байгууллагын  итгэмжлэгдсэн төлөөлөгч О,

Орчуулагч Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч К нь хариуцагч Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд холбогдуулан урьд эрхэлж байсан Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Ц сумын Хар татарын мод үржүүлгийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар тус газрын Ц сумын Хар татарын сахиулын ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн.

1.2 Тухайн газарт нийтдээ 126 га газрыг торлож хамгаалалт хийж ойжуулсан байдаг ба миний бие ажилласан хугацаанд харуул хамгаалалт, усалгаа, арчилгааны ажлыг хариуцаж ажиллаж ирсэн. Намайг анх ажилд авахдаа сар бүрийн ажлын үр дүнг харгалзан ойжуулалтын зардлаас цалинжуулахаар шийдвэрлэсэн байсан. Тэрний дагуу заримдаа цалин хөлс олгодог, заримдаа төсөвт мөнгө байхгүй учир ойжуулсан талбайн хадланг хадаж түүний орлогоос цалинжих чиглэл өгдөг байсан.

1.3 Хамгаалалтын газрын захиргаанаас надтай 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сахиулын цалин хөлсний жагсаалт үйлдэж, 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төсвийн зохицуулалт хийх тухай 42 тоот тушаал гаргаж, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тус тус хамтран ажиллах гэрээ байгуулж байсан. Мөн ажлын хэрэгцээнд 2015 онд бага оврын трактор олгож ажиллуулах журмыг баталж өгч байсан. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, 4 нэр төрлийн эд хөрөнгийг надад хариуцуулж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хурал хийж намайг унаажуулах асуудлыг хэлэлцэж хятад мотоцикл олгож байсан.

1.4 Намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад 2022 оны 08 дугаар сарын эхээр шинээр томилогдсон захиргааны дарга А ажлын газрын хүмүүсийг дагуулж очиж торон хашаа доторх хадлангийн талбайг хадаж авсан. Би учир байдлыг тодруулахад бид ангийн хэрэгцээнд хадаж байгаа, улсын орлогод авна гэсэн. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр /өдрийг нь тодорхой санахгүй байна/ нягтлан бодогч М руу утсаар залгаж ярихад чамайг сахиулын ажлаас чөлөөлж, чиний оронд Айтуган гэдэг хүнийг авсан байгаа, өөрийн нэр дээр байгаа трактор, мотоциклийг хүлээлгэж өгөөрэй гэсэн.

1.5 Тэгээд би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ад ирж А даргатай уулзаж учир байдлыг хэлээд ажлаас чөлөөлсөн бол тушаалын хувийг авъя гэхэд би чамайг танихгүй, чамайг ажилд авч байгаагүй, чи миний ажилтан биш, тийм учраас тушаал өгөхгүй гэж гаргасан. 1.6 Би тухайн газрыг 16 жил хариуцан ажиллаж ой модыг өсгөж үржүүлж, харж хамгаалж яваад нэг өдөр ажилгүй болсон явдалд гомдолтой байна. Ажил олгогчийн шийдвэр нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд намайг урьд эрхэлж байсан Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Ц сумын Хар татарын мод үржүүлгийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны  даргын  үүрэг гүйцэтгэгч А хариу тайлбартаа: Б аймгийн Ц сумын 1 дүгээр багийн иргэн С овгийн К.К-ийн гаргасан гомдолд хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2.1 Тус мод үржүүлгийн газрын манаачаар урьд нь К гэгчийг 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар томилж, цалинг сар бүрийн үр дүнг харгалзан ойжуулалтын зардлаас олгож байсан. Ингэхдээ жил бүр гэрээ хийж, ажиллуулж байсан.

2.2 К нь Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргатай хамгийн сүүлд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэрээ байгуулснаар К-тай хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байна. К-тай 2015 оноос хойш хамтран ажиллах гэрээ хийгдээгүй, цалин аваагүй байгаа гэж байгууллагын ахлах нягтлан бодогч М надад танилцуулсан.

2.3 Миний бие “Хар татар”-ын харуул манааны талаарх материалуудыг татаж хянан, танилцахад 2015 оноос хойш К-тай ямар нэгэн гэрээ хийгдээгүй, цалин аваагүй байгаа нь санхүүгийн баримтуудыг үзэхэд тогтоогдсон. К-д тухайн үеийн удирдлагууд “Таны хариуцсан албан тушаал байгууллагын бүтэц орон тоонд байхгүй, цаашид хамтран ажиллах гэрээ байгуулахгүй” гэж өөрт нь хэлж байсан байна. К нь “Хар татар”-ын ойжуулалтын хашааны бүрэн бүтэн байдлыг хариуцаж, модыг нь усалж, өвсийг нь хадаж авъя, цалин авахгүй гэж амаар тухайн үеийн удирдлагуудад хүсэлт тавьж байсныг тухайн үеийн байгууллагын дарга нар болон нягтлан бодогч М гэрчилнэ.

2.4 Үүний дагуу байгууллагын зүгээс 2018 онд К-д зөвхөн ойжуулалтын талбайд газар хагалах, мод суулгах, услалтын шуудуу татах, хадлан бэлтгэх зорилгоор иж бүрэн тракторыг олгож, бүрэн бүтэн байдлыг хариуцуулж байсан. Мөн байгууллагаас мотоциклээр унаажуулсан. Миний бие 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтай газруудын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд томилогдсон бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрүүдэд тус байгууллагын мэдэлд байдаг Ц сумын “Хар татар”-ын мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцахаар очсон. Энэ үеэр мод үржүүлгийн газрын манаачаар ажиллаж байсан гэх К-тай биечлэн уулзаж, цаашид энэ газрын манаачаар ажиллахаар бол хамгаалалтын захиргаанд ирж, гэрээ хий, тэгж байж эрх зүйн харилцаа үүсгэж, таныг цалинжуулж, эд хөрөнгө хариуцуулах болно гэдгийг хоёр 2 удаа хэлсэн. Уг асуудлыг хамгаалалтын захиргааны даргын зөвлөлийн хурлаар 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авч хэлэлцэн, К-тай гэрээ хийж ажиллуулах талаар шийдвэр гаргасан.

2.5 Гэтэл К миний үгийг тоогоогүй, ирж гэрээ хийгээгүй учраас энэ асуудлыг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хамгаалалтын захиргааны даргын зөвлөлийн хурлаар дахин авч хэлэлцээд “Хар татар”-ын мод үржүүлгийн газрын манаачаар өөр ажиллах сонирхолтой хүн томилон ажиллуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Д.Айтуган гэгчийг тушаалаар томилон ажиллуулж эхэлсэн.

2.6 К-г “Хар татар”-ын ойжуулалтын талбайн манаачийн үүргээс хамгаалалтын захиргааны даргын тушаалаар ажлаас нь халаагүй бөгөөд түүнтэй хийсэн гэрээ тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д зааснаар К-тай манай байгууллагын хооронд хийсэн хамтран ажиллах гэрээ 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзэж байна.

2.7 Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны орон тооны хязгаарыг Байгал орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталж өгдөг. Тухайн орон тоонд сахиулын ганц орон тоо байгаа. Үйлчлэх ажилтны орон тоо гэж жолооч, галч, сахиул, үйлчлэгчийн аль нэгийг ажиллуулах талаар чиглэл байгаа. Манай байгууллагад архив бичиг хэргийн эрхлэгчийн тусдаа орон тоо байдаггүй. Тус орон тооны ажлыг аль нэг мэргэжилтэн хавсаргаж хийдэг. Жолоочийг архив бичгийн эрхлэгчийн орон тооны цалингаар ажиллуулаад, сахиулыг жолоочийн орон тоонд ажиллуулж байгаа. Харин үйлчилгээний ажилтныг гэрээт ажилтны орон тоогоор ажиллуулж байгаа. Хар татар гэх газарт сахиулаар ажиллуулах тусдаа орон тоо байхгүй тул Кг тухайн орон тоонд эгүүлэн томилох боломж байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаал, 0152569 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээ, Х.К н гэрээ ёсоор авах сахиулын хөлсний жагсаалт, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны  өдрийн 42 дугаар тушаал, 2011 оны хамтран ажиллах гэрээ, бага оврын трактор ажиллуулах журам, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ашиглалтад байгаа ажлын багаж хэрэгслийн карт, Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/457 дугаартай албан бичиг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл, итгэмжлэл, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны ажилчид Ц сум дахь Хар татар гэх газарт ажиллах үед хамт олноороо авахуулсан гэх фото зургууд, К-н Хүндэт жуух тэмдгийн үнэмлэх зэрэг баримтуудыг,

            Хариуцагчаас Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэл, итгэмжлэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай тушаал хавсралтын хамт, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/01 дугаартай тушаал хавсралтын хамт, Б аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/41 дүгээр захирамж хавсралтын хуулбар, Монгол Алтайн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалын эх хувь, Монгол Алтайн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар тушаалын эх хувь зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч болон хариуцагчийн хүсэлтээр М, Н, С, Б, М, Ж, М нарын гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч К-н Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Ц сумын Хар татарын мод үржүүлгийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар тус газрын Ц сумын Хар татарын сахиулын ажилд томилогдож ажилласан ба түүнээс хойш уг газрын харуул хамгаалалт, усалгаа, арчилгааны ажлыг хариуцаж ажилласан бөгөөд заримдаа цалин хөлс олгодог, заримдаа төсөвт мөнгө байхгүй учир ойжуулсан талбайн хадланг хадаж түүний орлогоос цалинжих чиглэл өгдөг байсан. Намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад 2022 оны 08 дугаар сарын эхээр шинээр томилогдсон захиргааны дарга А ажлын газрын хүмүүсийг дагуулж очиж торон хашаа доторх хадлангийн талбайг хадаж авсан. Би учрыг асуухад бид ангийн хэрэгцээнд хадаж байгаа, улсын орлогод авна гэсэн. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр нягтлан бодогч М руу утсаар залгаж ярихад чамайг сахиулын ажлаас чөлөөлж, чиний оронд А гэдэг хүнийг авсан байгаа, өөрийн нэр дээр байгаа трактор, мотоциклийг хүлээлгэж өгөөрэй гэсэн. Би тухайн газрыг 16 жил хариуцан ажиллаж ой модыг өсгөж ургуулж, харж хамгаалж яваад ажилгүй болсон явдалд гомдолтой байна гэжээ.  

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч К-тай 2015 оноос хойш ямар нэгэн гэрээ хийгдээгүй, цалин аваагүй, тухайн манаачийн ажил байгууллагын бүтэц орон тоонд байхгүй, ажиллах талаар хүсэлт гаргаж гэрээ байгуулаагүй, манаачийн ажлаас халаагүй, түүнтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон  гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1 Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаартай “Сахиул ажилчинаар авч ажиллуулах тухай”  тушаалаар Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын орчны бүс нутаг болох Ц сумын Хар татарын мод үржүүлгийн газрын сахиул ажилчинаар Хамитан овогтой Кашубайг 2006 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн авч ажиллуулж, Х.Кашубайн үндсэн цалинг сар бүрийн ажлын үр дүнг харгалзан ойжуулалтын зардлаас олгохоор болсон ба Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга Б нь К-г  Ц сумын нутаг Шар говийн эх Хара татарт жил болгон уламжлагдан хийгдэж буй ойжуулалтын талбайг хамгаалах, арчлах, өсгөн үржүүлэх ажлыг жилийн 12 сарын турш тогтвор суурьшилтай ажиллуулахаар, ажлын хөлсөнд сард 30000 төгрөгийг олгохоор 2006 оны 11 дүгээр сарын 23-наас  2007 оны 12 дугаар сарын 30-ны  өдрийг дуустал нэг жилээр гэрээ байгуулсан байна.

7.2 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 42 дугаартай Төсвийн зохицуулалт хийх тухай тушаалаар “Ц сумын нутаг дахь Хара Татарын ойжуулалтын талбайн манаачийн 2009 оны сүүлийн 6 сарын ажлын хөлс нь бараа үйлчилгээний зардалд тусгагдан батлагдаагүй тул түлш халаалтын зардлаас зарцуулахаар, талбайн манаач К-д гэрээ ёсоор олгох ажлын хөлс 600000 төгрөгийг Түлш халаалтын зардлаас зарцуулахыг зөвшөөрч шийдвэрлэж, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулж байсан байна.

7.3 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны нягтлан бодогч М, Ц сумын 1 дүгээр багийн иргэн К нар нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар Хамтран ажиллах гэрээ байгуулж, тухайн гэрээг Хамгаалалтын захиргааны дарга нь баталсан байна. Уг гэрээний хугацаанд сард 200000 төгрөгийн цалин хөлсийг ойжуулалтын ажлын зардлаас олгохоор тусгасан байна.

7.4 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын бүтэц, орон тоо болон сургалт, мэдээллийн төвүүдийн байршлыг шинэчлэн батлах тухай тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын бүтэц орон тооны хязгаарыг 2 дугаар хавсралтаар баталсан байх ба Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын бүтэц орон тооны хязгаарыг Хамгаалалтын захиргааны дарга 1, ахлах мэргэжилтэн 1, судалгаа шинжилгээ, байгалийн нөөцийн хамгаалалт, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн 1, аялал жуулчлал, сургалт, сурталчилгаа, орчны бүс хариуцсан мэргэжилтэн 1, хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн 2, байгаль хамгаалагч 13, нягтлан бодогч 1, архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил 1, үйлчлэх ажилтан /жолооч, сахиул, галч, үйлчлэгч/ 1, гэрээгээр ажил гүйцэтгэх байгаль хамгаалагч 2, гэрээгээр ажил гүйцэтгэх үйлчилгээний ажилтан 1, нийт 24 байхаар баталсан байх ба дээрх сайдын тушаалыг үндэслэн Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн  2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А/01 дугаартай Хамгаалалтын захиргааны бүтэц, орон тоог батлах тухай тушаал гаргаж бүтэц орон тоог баталсан байна.

7.5 Гэрч Н-ийн “К  ажлын шугамаар таньдаг, К нь манай байгууллагын хариуцсан хэсэг болох Ц сумаас 30 километр зайтай газарт өвөлжиж, хаваржиж амьдардаг байсан. Би түүний хариуцагч байгууллагад ажиллаж, цалин авч байсныг мэдэхгүй, тэнд К-аас өөр айл байхгүй учраас ерөнхийдөө харж ханддаг юм байна. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд төрийн захиргааны ажилтнаар эсхүл үйлчилгээний ажилтнаар ажилласныг мэдэхгүй. Фото зурагт байгаа хүмүүс тус хамгаалалтын захиргаанд ажилладаг хүмүүс байна” гэх мэдүүлэг, гэрч С-ийн “Би 2009 оны 07 дугаар сараас хойш Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд ажиллаж байгаа. А нь тус захиргааны даргаар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр томилогдоод бид манай байгууллагын хариуцсан газруудаар яваад манай байгууллагад гэрээгээр ажилладаг К-тай 2 удаа уулзаж та манай байгууллагатай хамтран ажиллаад эрх зүйн харилцаанд орж, байгууллагаас цалин аваад, манай байгууллагын ажилтан болох хүсэлтэй байгаа бол ирж гэрээ байгуулаарай гэж сануулаад хэлсэн үед би тэдний дэргэд байсан. Гэтэл К  ирж гэрээ байгуулаагүй. ... К Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны бүтэц орон тоонд багтдаг ажилтан биш” гэх мэдүүлэг, гэрч Б-ийн “2022 оны 05 дугаар сард байсан байх А нь К-д та ямар нэгэн тушаалгүй ажиллаж байгаа, та ирээд гэрээгээ хийсний үндсэн дээр эрх зүйн харилцаа үүсэх болно хэлээд явсан. Дараа нь 2022 оны 08 дугаар сард очиход К тай уулзсан. Тухайн үед ямар нэгэн гэрээ хийх талаар юу ч хэлээгүй” гэх мэдүүлэг, гэрч М-ийн “Би 2015 оноос 2022 оныг хүртэл Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан. ... К нь гэрээгээр зарим үедээ цалинтай, зарим үед цалингүй ажиллаж байсан. ... К нь цалин аваагүй үедээ заримдаа тухайн хамгаалалтын газраас өвс хадаж авдаг байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж-ийн “Би 2010 оноос Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд ажиллаж байгаа. 2022 оны 02 дугаар сарын эхэнд бид нар биотехнологийн арга хэмжээ авахаар 05 дугаар сард усны суваг татаж байх үед Ктай уулзаж байсан. Тухайн үед манай дарга түүнд хандан таны гэрээ дууссан байна, ирээд гэрээ байгуулаад, эрх зүйн акт бүрдүүлээрэй гэсэн бөгөөд би тэдний хажууд байсан” гэх мэдүүлэг, гэрч М-ийн “Би 1996 онд Монгол Алтайн улсын тусгай хамгаалалттай газар анх байгуулагдсан цагаас хойш тус байгууллагад тасралтгүй ажиллаж байна. ... К 2006 оноос эхлэн Хар татарын ойжуулалтын талбайн сахиулаар ажилласан. ... К нь Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын албан ёсны орон тооны ажилтан биш учраас 2006 оноос хойш аж ахуйн гэрээгээр ажиллаж байсан. ... К нь манай байгууллагын албан ёсны ажилтан биш ч гэсэн картаар иж бүрэн трактор, төмөр тор зэргийг эзэмшүүлж хариуцуулж байгаа. ... Батлагдсан орон тоо, цалингийн сан байхгүй учраас Кг хамтран ажиллах гэрээгээр ажиллуулж ирсэн” гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч К нь тус байгууллагад хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж ирсэн нь тогтоогджээ.

8.Нэхэмжлэгчээс хариуцагч нь миний эрх ашгийг зөрчиж ажилгүй болгосонд гомдолтой байна гэж маргасан, хариуцагчаас хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан бөгөөд тус захиргаанд Ц сумын Хара татарын мод үржүүлгийн газрын сахиул гэдэг орон тоо байхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ. 

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "ажилтан" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг; 4.1.9-т "хөдөлмөрийн гэрээ" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог; 4.1.15-т "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгоно гэж тус тус заажээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч К-г ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон гормын дагуу ажил олгогчийн баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин авч ажил үүрэг гүйцэтгэж байсан ажилтан гэж үзэх боломжгүй бөгөөд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр тодорхой хугацаатай ажиллаж байсан гэж үзлээ. Нэхэмжлэгч талаас 2015 онд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан боловч ажил олгогч гэрээ дуусгавар болгох тухай сануулаагүй, ажилтан К нь үргэлжлүүлэн ажиллаж байсан тул гэрээ сунгагдсан гэж тайлбарлаж  байгаа боловч К-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаатай байсан байх ба энэхүү гэрээний хугацаа дууссанаас хойш К нь сахиулын ажлыг гүйцэтгэж цалин хөлс авч ажиллаж байсан нь тогтоогдоогүй, мөн тухайн гэрээг байнгын ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээ гэж үзэх боломжгүй байна. Мөн  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын бүтэц, орон тоо болон сургалт, мэдээллийн төвүүдийн байршлыг шинэчлэн батлах тухай тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын бүтэц орон тооны хязгаарыг 2 дугаар хавсралтаар баталсан Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны бүтэц орон тоонд Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Ц сумын Хар татарын мод үржүүлгийн газрын сахиулын ажлын байр байхгүй, гэрч нарын мэдүүлгээр К нь тухайн байгууллагын бүтэц орон тоонд орохгүйгээр хамтран ажиллах болон аж ахуйн гэрээгээр ажилласан хугацаанд хөлс авч ажиллаж байсан байх тул Кг тухайн байгууллагын бүтэц орон тоонд байхгүй ажил албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй байна.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

                                 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан К-ийн Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Ц сумын Хар татарын мод үржүүлгийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х