Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 212/МА2023/00027

 

     

 

 

   

 

 

 

К.К-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2022/01025 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *****оршин суух К.К-н нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа /даргын үүрэг гүйцэтгэгч Ч.А/-д холбогдох,  

 

“Урьд эрхэлж байсан Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Цэнгэл сумын Хар татарын мод үржүүлгийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тус тус  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч К.К-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар тус газрын Цэнгэл сумын Хар татарын сахиулын ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн.

1.2. Тухайн газарт нийтдээ 126 га газрыг торлож хамгаалалт хийж ойжуулсан байдаг ба миний бие ажилласан хугацаанд харуул хамгаалалт, усалгаа, арчилгааны ажлыг хариуцаж ажиллаж ирсэн. Намайг анх ажилд авахдаа сар бүрийн ажлын үр дүнг харгалзан ойжуулалтын зардлаас цалинжуулахаар шийдвэрлэсэн байсан. Тэрний дагуу заримдаа цалин хөлс олгодог, заримдаа төсөвт мөнгө байхгүй учир ойжуулсан талбайн хадланг хадаж түүний орлогоос цалинжих чиглэл өгдөг байсан.

1.3. Хамгаалалтын газрын захиргаанаас надтай 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сахиулын цалин хөлсний жагсаалт үйлдэж, 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төсвийн зохицуулалт хийх тухай 42 тоот тушаал гаргаж, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тус тус хамтран ажиллах гэрээ байгуулж байсан. Мөн ажлын хэрэгцээнд 2015 онд бага оврын трактор олгож ажиллуулах журмыг баталж өгч байсан. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, 4 нэр төрлийн эд хөрөнгийг надад хариуцуулж байсан. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хурал хийж намайг унаажуулах асуудлыг хэлэлцэж хятад мотоцикл олгож байсан.

1.4. Намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад 2022 оны 8 дугаар сарын эхээр шинээр томилогдсон захиргааны дарга Ч.А- ажлын газрын хүмүүсийг дагуулж очиж торон хашаа доторх хадлангийн талбайг хадаж авсан. Би учир байдлыг тодруулахад бид ангийн хэрэгцээнд хадаж байгаа, улсын орлогод авна гэсэн. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр /өдрийг нь тодорхой санахгүй байна/ нягтлан бодогч А.М- руу утсаар залгаж ярихад чамайг сахиулын ажлаас чөлөөлж, чиний оронд Ай гэдэг хүнийг авсан байгаа, өөрийн нэр дээр байгаа трактор, мотоциклийг хүлээлгэж өгөөрэй гэсэн.

1.5. Тэгээд би 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Өлгийд ирж Ч.А- даргатай уулзаж учир байдлыг хэлээд ажлаас чөлөөлсөн бол тушаалын хувийг авъя гэхэд би чамайг танихгүй, чамайг ажилд авч байгаагүй, чи миний ажилтан биш, тийм учраас тушаал өгөхгүй гэж гаргасан.

1.6. Би тухайн газрыг 16 жил хариуцан ажиллаж ой модыг өсгөж үржүүлж, харж хамгаалж яваад нэг өдөр ажилгүй болсон явдалд гомдолтой байна. Ажил олгогчийн шийдвэр нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд намайг урьд эрхэлж байсан Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Цэнгэл сумын Хар татарын мод үржүүлгийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Тус мод үржүүлгийн газрын манаачаар урьд нь К.К- гэгчийг 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар томилж, цалинг сар бүрийн үр дүнг харгалзан ойжуулалтын зардлаас олгож байсан. Ингэхдээ жил бүр гэрээ хийж, ажиллуулж байсан.

2.2. К.К- нь Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргатай хамгийн сүүлд 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэрээ байгуулснаар К.К-тай хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байна. К.К-тай 2015 оноос хойш хамтран ажиллах гэрээ хийгдээгүй, цалин аваагүй байгаа гэж байгууллагын ахлах нягтлан бодогч А.М- надад танилцуулсан.

2.3. Миний бие Хар татарын харуул манааны талаарх материалуудыг татаж хянан, танилцахад 2015 оноос хойш К.К-тай ямар нэгэн гэрээ хийгдээгүй, цалин аваагүй байгаа нь санхүүгийн баримтуудыг үзэхэд тогтоогдсон. К.К-д тухайн үеийн удирдлагууд “Таны хариуцсан албан тушаал байгууллагын бүтэц орон тоонд байхгүй, цаашид хамтран ажиллах гэрээ байгуулахгүй” гэж өөрт нь хэлж байсан байна. К.К- нь Хар татарын ойжуулалтын хашааны бүрэн бүтэн байдлыг хариуцаж, модыг нь усалж, өвсийг нь хадаж авъя, цалин авахгүй гэж амаар тухайн үеийн удирдлагуудад хүсэлт тавьж байсныг тухайн үеийн байгууллагын дарга нар болон нягтлан бодогч А.М- гэрчилнэ.

2.4. Үүний дагуу байгууллагын зүгээс 2018 онд К.К-д зөвхөн ойжуулалтын талбайд газар хагалах, мод суулгах, услалтын шуудуу татах, хадлан бэлтгэх зорилгоор иж бүрэн тракторыг олгож, бүрэн бүтэн байдлыг хариуцуулж байсан. Мөн байгууллагаас мотоциклээр унаажуулсан. Миний бие 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтай газруудын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд томилогдсон бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрүүдэд тус байгууллагын мэдэлд байдаг Цэнгэл сумын Хар татарын мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцахаар очсон. Энэ үеэр мод үржүүлгийн газрын манаачаар ажиллаж байсан гэх К.К-тай биечлэн уулзаж, цаашид энэ газрын манаачаар ажиллахаар бол хамгаалалтын захиргаанд ирж, гэрээ хий, тэгж байж эрх зүйн харилцаа үүсгэж, таныг цалинжуулж, эд хөрөнгө хариуцуулах болно гэдгийг хоёр 2 удаа хэлсэн. Уг асуудлыг хамгаалалтын захиргааны даргын зөвлөлийн хурлаар 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр авч хэлэлцэн, К.К-тай гэрээ хийж ажиллуулах талаар шийдвэр гаргасан.

 

2.5. Гэтэл К.К- миний үгийг тоогоогүй, ирж гэрээ хийгээгүй учраас энэ асуудлыг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хамгаалалтын захиргааны даргын зөвлөлийн хурлаар дахин авч хэлэлцээд Хар татарын мод үржүүлгийн газрын манаачаар өөр ажиллах сонирхолтой хүн томилон ажиллуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Д.Айтуган гэгчийг тушаалаар томилон ажиллуулж эхэлсэн.

2.6. К.К-г Хар татарын ойжуулалтын талбайн манаачийн үүргээс хамгаалалтын захиргааны даргын тушаалаар ажлаас нь халаагүй бөгөөд түүнтэй хийсэн гэрээ тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д зааснаар К.К-тай манай байгууллагын хооронд хийсэн хамтран ажиллах гэрээ 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзэж байна.

2.7. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны орон тооны хязгаарыг Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталж өгдөг. Тухайн орон тоонд сахиулын ганц орон тоо байгаа. Үйлчлэх ажилтны орон тоо гэж жолооч, галч, сахиул, үйлчлэгчийн аль нэгийг ажиллуулах талаар чиглэл байгаа. Манай байгууллагад архив бичиг хэргийн эрхлэгчийн тусдаа орон тоо байдаггүй. Тус орон тооны ажлыг аль нэг мэргэжилтэн хавсарч хийдэг. Жолоочийг архив бичгийн эрхлэгчийн орон тооны цалингаар ажиллуулаад, сахиулыг жолоочийн орон тоонд ажиллуулж байгаа. Харин үйлчилгээний ажилтныг гэрээт ажилтны орон тоогоор ажиллуулж байгаа. Хар татар гэх газарт сахиулаар ажиллуулах тусдаа орон тоо байхгүй тул К.К-г тухайн орон тоонд эгүүлэн томилох боломж байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2022/00960 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан К.К-н Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Цэнгэл сумын Хар татарын мод үржүүлгийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Миний бие К.К- нь 1989 оноос эхэлж Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Цэнгэл сум дахь Хар татар дахь ойжуулалтын талбайг харж хамгаалж ирсэн. Өнгөрсөн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ огт зөрчиж байгаагүй.

4.2. Гэтэл шинээр томилогдсон дарга Ч.А- нь 2022 оны намар ямар нэгэн урьдчилж мэдэгдэлгүйгээр, ямар нэгэн бичгээр шийдвэр гаргахгүйгээр намайг ажлаас шууд халсан. Ингэхдээ миний ажлыг ажлын багаж хэрэгслийн хамт хүлээж аваагүй. Ажил хүлээлцүүлэх комисс ч байгуулж байгаагүй, тэтгэмж олгох эсэх асуудлыг шийдвэрлээгүй. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа орон тоо байхгүй гэх боловч намайг ажлаас чөлөөлсний дараахан Айтуган гэгчийг миний орон тоонд томилсон бөгөөд одоо болтол түүнийг ажиллуулсаар байгаа.

4.3. Анхан шатны шүүхээс холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ эдгээр нөхцөл байдлыг анхаараагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарласан гэж бодож байна.

4.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2022/01025 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаал, 0152569 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээ, Х.К-н гэрээ ёсоор авах сахиулын хөлсний жагсаалт, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 42 дугаар тушаал, 2011 оны хамтран ажиллах гэрээ, бага оврын трактор ажиллуулах журам, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ашиглалтад байгаа ажлын багаж хэрэгслийн карт, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны ажилчид Цэнгэл сум дахь Хар татар гэх газарт ажиллах үед хамт олноороо авхуулсан фото зургууд, К.К-н Хүндэт жуух тэмдгийн үнэмлэх, гэрч С.М, А.М- нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч К.К- нь 1989 оноос эхэлж Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Цэнгэл сум дахь Хар татар дахь ойжуулалтын талбайг харж хамгаалж ирсэн болох нь нотлогдож байна.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцохоор гэж заасан байна.

5.3. Нэхэмжлэгч К.К- болон Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаагаар байгуулагдсан гэрээний хугацаа дуусаагүй байхад ажил олгогчоос ямар нэгэн тушаал гаргахгүйгээр К.К-г аман шийдвэрээр ажлаас нь чөлөөлж, оронд нь Ай гэгчийг томилон ажиллуулж байгаа болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг.

5.4. Гэтэл анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг буруу тогтоосон, шүүхийн шийдвэр нь нотлох баримтад үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал болсон гэж үзэж байна.

5.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2022/01025 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

6.1. 2022 онд манай Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын ажилчид тухайн Цэнгэл сумын Хар татар гэх газарт очиж К.К-тай цаашид хамтран ажиллах гэрээ байгуулах талаар хэлсэн. Мөн К.К-г ирж хамтран ажиллах гэрээ байгуулахыг санал болгоод хэд хэдэн удаа дуудсан боловч өөрөө ирээгүй. Энэ талаар анхан шатны шүүхэд шүүгч асуухад К.К- өөрөө тайлбарласан. 

6.2. К.К-тай гэрээ байгуулаагүй талаар сануулаагүй биш сануулсан. Дуудахад ирээгүй учраас Ай-ыг томилсон. Тухайн хамгаалалттай газрын хашаанд мал оруулсан гэж цагдаагийн газраар шалгуулж байгаа. Нэхэмжлэгч талаас Ч.А- даргыг Хат татар гэх газраас өвс хадаж аваад хувьдаа хэрэглэсэн гэсэн зүйл ярьсан. Өвс тэжээлийн хомсдолд орсон ан амьтдад зориулж өвс бэлтгэх нь манай байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил байсан учраас энэ жил Хар татар гэх газраас өвс хадаж аваад 4-5 тэвш өвс буулгаж авсан.

6.3.К.К-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан гэж үзэж байна. 2016 онд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаас хойш дахин сунгаж гэрээ байгуулаагүй. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын 2022 оны бүтэц орон тоог шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Манай бүтэц орон тоонд К.К-н орон тоо гэж байхгүй. Өмнө нь хамтран ажиллах гэрээгээр ажиллаж байсан. Манай байгууллагын ажилтан биш. Хар татар гэх газарт сахиулаар ажиллуулах тустай орон тоо байхгүй тул К.К-г тухайн орон тоонд эгүүлэн томилох боломж байхгүй гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К.К-н Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд холбогдуулан  “урьд эрхэлж байсан Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Цэнгэл сумын Хар татарын мод үржүүлгийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн гомдлоор авч хэлэлцэх хэргийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

8. Анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, ажлаас буруу халсан маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч К.К-н ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэгч К.К- нь хариуцагч Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд холбогдуулан урьд эрхэлж байсан Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Цэнгэл сумын Хар татарын мод үржүүлгийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэнийг хариуцагч  эс зөвшөөрч маргажээ.    

 

10. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад:

10.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай “Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны бүтэц, орон тоо болон сургалт, мэдээллийн төвүүдийн байршлыг шинэчлэн батлах тухай” тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны бүтэц орон тооны хязгаарыг 2 дугаар хавсралтаар баталсан байх ба Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын бүтэц орон тооны хязгаарыг Хамгаалалтын захиргааны дарга 1, ахлах мэргэжилтэн 1, судалгаа шинжилгээ, байгалийн нөөцийн хамгаалалт, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн 1, аялал жуулчлал, сургалт, сурталчилгаа, орчны бүс хариуцсан мэргэжилтэн 1, хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн 2, байгаль хамгаалагч 13, нягтлан бодогч 1, архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил 1, үйлчлэх ажилтан /жолооч, сахиул, галч, үйлчлэгч/ 1, гэрээгээр ажил гүйцэтгэх байгаль хамгаалагч 2, гэрээгээр ажил гүйцэтгэх үйлчилгээний ажилтан 1, нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталжээ.

10.2. Уг баталсан бүтэц орон тоонд Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Цэнгэл сумын Хар татарын мод үржүүлгийн газрын сахиулын ажлын байр байхгүй, гэрч С.Н, С.С, С.М, М.Ж, А.М-, Г.Б нарын мэдүүлгээр К.К- нь тухайн байгууллагын бүтэц орон тоонд орохгүйгээр хамтран ажиллах болон хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан байх тул К.К-г тухайн байгууллагын бүтэц орон тоонд байхгүй ажил албан тушаалд эгүүлэн томилох хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

10.3. Нэхэмжлэгч К.К-г Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын орчны бүс нутаг болох Цэнгэл сумын Хар татарын мод үржүүлгийн газрын сахиул ажилчнаар 2006 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн авч ажиллуулж, улмаар тус захиргааны дарга Н.Бейбитхан нь К.К-г Цэнгэл сумын нутаг Шар говийн эх Хара татарт жил болгон уламжлагдан хийгдэж буй ойжуулалтын талбайг хамгаалах, арчлах, өсгөн үржүүлэх ажлыг жилийн 12 сарын турш тогтвор суурьшилтай ажиллуулахаар;

ажлын хөлсөнд сард 30000 төгрөгийг олгохоор 2006 оны 11 дүгээр сарын 23-аас 2007 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нэг жилийн хугацаагаар;

тус захиргааны даргын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 42 дугаартай “Төсвийн зохицуулалт хийх тухай” тушаалаар Цэнгэл сумын нутаг дахь Хара Татарын ойжуулалтын талбайн манаачийн 2009 оны сүүлийн 6 сарын ажлын хөлс нь бараа үйлчилгээний зардалд тусгагдан батлагдаагүй тул түлш халаалтын зардлаас зарцуулахаар;

талбайн манаач К.К-д гэрээ ёсоор олгох ажлын хөлс 600000 төгрөгийг Түлш халаалтын зардлаас зарцуулахыг зөвшөөрч 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл,

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тус захиргааны нягтлан бодогч Н.М-, Цэнгэл сумын 1 дүгээр багийн иргэн К.К- нар нь 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус байгуулж, гэрээ ёсоор сард 200000 төгрөгийн цалин хөлсийг ойжуулалтын ажлын зардлаас олгохоор тусгаж, тус тус харилцан тохиролцож байжээ.

            10.4. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хамтран ажиллах, хөлсөөр ажиллах гэрээнүүдийн үндсэн дээр тодорхой хугацаатай ажиллаж байсан ба “К.К-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаатай байсан байх ба энэхүү гэрээний хугацаа дууссанаас хойш К.К- нь сахиулын ажлыг гүйцэтгэж цалин хөлс авч ажиллаж байсан нь тогтоогдоогүй, мөн тухайн гэрээг байнгын ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээ гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна.  

 

            11. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос гаргаж, хэрэгт цугларсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, тухайн маргаанд хэрэглэгдэх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж дүгнэж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “....Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2022/01025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

     

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                           Д.КӨБЕШ