Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1182

 

          

“Б.П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01237 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “БП” ХХК--ийн нэхэмжлэлтэй, ШШГЕГХБ,ХЗХТБАА-нд холбогдох

 

Үнэлгээг хүчингүй болгож, үнэлгээ тогтоосонтой холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох, 2018 оны 11 сарын 18, 2018 оны 11 сарын 25-ны өдөр тус тус зохион байгуулагдсан дуудлага худалдааны ажиллагаанаас БП ХХК-ний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлалтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттаар 2014 оны 08 сарын 06-ны өдрийн нийслэлийн засаг даргын А/000 тоот шийдвэрээр олгогдсон, 20.000м2 газартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “БП” ХХК- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 00000 дугаар шүүгчийн захирамжаар БП ХХК--аас 139.936.380 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад БП ХХК--н эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дугаар хороонд байрлалтай үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/000 тоот шийдвэрээр олгогдсон 20.000 м.кв газрыг битүүмжлэн хураан авч, хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ тогтоолгон, дуудлага худалдаанд оруулахаар болсон. Шийдвэр гүйцэтгэлийн албанаас явуулсан шинжээч газрыг 408.877.200 төгрөгөөр үнэлж ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үеэр манай компаний зүгээс анхны дуудлага худалдааны үнийг 2 тэрбум төгрөг байхаар санал хүргүүлсэн. Гэтэл зах зээлийн үнээс хэд дахин хямдаар үнэлсэн байсан. Гэвч уг газрыг анх эзэмшилдээ авахын тулд газрын албанд газрын хураамж гэж 220.000.000 төгрөгийг төлсөн. Шийдвэр гүйцэтгэлийн албанаас томилсон тогтоолд дурдсаны дагуу дан ганц газрыг үнэлсэн гэдгээ шинжээч хэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн албанаас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг мэдсээр байж 2018 оны 11 сарын 18, 2018 оны 12 сарын 25-ны өдрүүдэд тус тус дуудлага худалдааг явуулсан. Гэтэл 2 дуудлага худалдааг зохион байгуулсан үйл явдал нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн зүйл юм. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 27.1.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээнд гомдол гаргасны дагуу тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахгүй түдгэлзүүлнэ гэсэн зохицуулалттай. Ийм учраас шүүхэд үнэлгээнд гомдол гаргаснаас хойш зохион байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын    25-ны өдрүүдэд зохион байгуулсан дуудлага худалдааны ажиллагаанаас БП ХХК--тай холбоотой компаний эзэмшлийн газрын дуудлага худалдаатай холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Б.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргий анхан шатны дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1484 тоот шийдвэрээр БП ХХК--аас 139.936.380 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Энэ ажиллагааг 2016 оны 4 дугаар сарын 02-ны өдөр үүсгэсэн. Дээрх шийдвэрийн дагуу тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо 100000/0000 нэгж талбарын 20.000 м.кв үйлдвэрийн зориулалттай газрыг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилж, үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.4 дэх хэсэгт шүүгч түдгэлзүүлэхээр захирамж гаргасан тохиолдолд ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан байгаа. Шүүгчийн захирамж гараагүй байсан учраас ажиллагааг явуулсан. 2 дахь дуудлага худалдааны дэнчин нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болсон. Дуудлага худалдаа нь 2018 оны 12  дугаар сарын 25-ны өдөр болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 198 дугаар захирамж ирсэн байгаа. Тухайн үед төлбөр төлөгч өөрөө байлцаж, хураасан акт дээр гарын үсэг зурсан учраас үнийн дүнгийн талаар саналаа хэлэх боломжтой байсан гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3, 55.7, 71 дүгээр зүйлийн 71.6, 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлд зааснаар ШШГЕГХБ,ХЗХТБАА-нд холбогдуулан, үнэлгээг хүчингүй болгож, үнэлгээ тогтоосонтой холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус тус зохион байгуулагдсан дуудлага худалдааны ажиллагаанаас “БП” ХХК--ний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 00 хороонд байрлалтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттаар 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн нийслэлийн засаг даргын А/000 тоот шийдвэрээр олгогдсон, 20.000м2 газартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “БП” ХХК--ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "БП" ХХК нь Солонгос улсын 100% хөрөнгө оруулалттай "БР" ХХК-ийн "охин" компани бөгөөд бетон зуурмагийн үйлдвэр ажиллуулан, ашиг олох зорилгоор уг газрыг 220.000.000 төгрөгийн хураамж төлж, авсан бөгөөд хөрөнгө оруулалт хийж цахилгааны под станц, гүний худаг, бетон зуурмагын үйлдвэр барьж ихээхэн хөрөнгө оруулалтийг хийж дөнгөж үйл ажиллагаа эхлэх гэж байтал шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураан авсан юм. Уг газарт бетон зуурмагын үйлдвэр барьж байгуулсан тул албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн саналаа 2 тэрбум төгрөг байхаар үнийн санал өгсөн боловч Шийдвэр гүйцэтгэх албанаас томилогдсон "БК" ХХК нь уг газрыг 408.877.200 төгрөгөөр үнэлгээ тогтоосон нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн тул шүүхэд гомдол гаргасан. Компани нь үйлдвэрлэл явуулж, эхлээд оруулсан хөрөнгө оруулалтаа олж аван улмаар ашиг олох зорилготой байсан боловч дөнгөж үйлдвэр байгуулж, үйл ажиллагаа нь жигдрээгүй байхад уг газарт оруулсан хөрөнгө оруулалтыг үнэлгээнд оруулж тооцолгүйгээр дуудлага худалдаанд оруулсан Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасныг ноцтойгоор зөрчиж, БП" ХХК-ийн өмчлөх эрхэд ихээхэн хохирол учруулах нөхцөл байдал үүсээд байна. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцуулж, албадан дудлага худалдаагаар худалдах тухай "мэдэгдэл"-ийг гардуулж өгсөн тул 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай компанийн зүгээс үнэлгээнд гомдол гарган, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан юм. Гэтэл тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/Ш32018/15273 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гарган, улмаар 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр захирамжийг хүчингүй болгон, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн юм. Манай компанийн зүгээс Иргэний хэрэг үүсгэсний дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн даруйд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түтгэлзүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхэд гарган, тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00198 тоот шүүгчийн захирамжаар шийдвэрлэж, 12 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн боловч нэг болон хоёр дахь дуудлага худалдаа болж өнгөрсөн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан байтал Шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрх болох үнэлгээнд гомдол гаргах, өөрийн эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах санал  гаргах зэрэг эрхийг ноцтойгоор зөрчин дуудлага худалдааг зохион байгуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг ноцтойгоор зөрчсөн. Шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг ямар баримт материалыг үндэслэн шийдвэрлэсэн талаар огт дурьдаагүй, дүгнэлт хийгээгүй явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заалсныг зөрчиж хэрэг маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “БП” ХХК- нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд холбогдуулан үнэлгээг хүчингүй болгож, үнэлгээ тогтоосонтой холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус тус зохион байгуулагдсан дуудлага худалдааны ажиллагаанаас “БП” ХХК--ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлалтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттаар 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/000 тоот шийдвэрээр олгогдсон, 20 000 м.кв газартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 1484 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу төлбөр төлөгч “БП” ХХК- нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын өр төлбөрт төлөх 139 936 380 төгрөгийг сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас НШША нь хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороонд байрлалтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай, 20 000 м.кв газрыг битүүмжлэх, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлэх зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, эдгээр ажиллагааны талаар гомдол гаргаагүй байна.

Төлбөр төлөгч БП ХХК-ний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 133038/0123 нэгж талбарын дугаар бүхий 20.000м2 үйлдвэрийн зориулалттай газрын дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох зорилгоор төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэл хүргүүлсэн ба  2018 оны 10 сарын 11-ны өдрийн төлбөр төлөгч Батбэх пэинт ХХК-ний үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрхийг 2 000 000 000 төгрөгөөр үнэлж буй тухай хариу ирүүлсэн бол төлбөр авагчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулах тухай санал гаргасныг үндслэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/24 тоот Шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор  “БК” ХХК-ийг томилжээ.

Шинжээч “БК” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах газар эзэмших эрхийг 408 877 200 төгрөгөөр үнэлжээ. Үнэлгээний талаар  2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлбөр төлөгчид мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 61-84/

Нэхэмжлэгч “БП” ХХК- нь шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, газар дээр баригдсан гүний худаг, бага оврын цахилгаан үүсгэвэр под станц, бетон зуурмагийн үйлдвэрийн барилга байгууламжийг үнэлгээнд оруулаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ашигласан байна гэж үзсэн ньүндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсны дараа нэхэмжлэгч “БП” ХХК--ийн эзэмших эрхтэй Баянзүрх дүүрэг, 11 хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 133038/0123 нэгж талбарын дугаар бүхий 20 000 м2 үйлдвэрийн зориулалттай газарт нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглосон, эд хөрөнгийг хэвийн байдлыг өөрчлөх, дур мэдэн захиран зарцуулахгүй байхыг мэдэгдсэн байхад уг газар дээр гүний худаг, 250 кв-ын чадал бүхий цахилгаан дамжуулах дэд станц, бетон зуурмагийн үйлдвэрийн барилга байгууламж баригдсан болох нь үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 124-133 дугаар тал/

Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй  гэж  үзэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б-ын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       С.ЭНХТӨР

                                                                                                Н.БАТЗОРИГ