Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/04972

 

 

 

 

 

 

 

 

2022 11 25

101/ШШ2022/04972

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: 0 өөрийн байранд оршин байрлах, Т б ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Боржгон овогт Л.М /рд:0/,

 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Торгууд овогт Б.Э /рд:0/ нарт холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,031,589 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, хариуцагч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т б  ХХК нь зээлдэгч Л.М, Б.Э нарт 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №0 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 15,500,000 төгрөгийг жилийн 21,60 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн 0 тоот дансанд олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №0 тоот барьцааны гэрээг байгуулж, Тоёото виш маркийн 00-00 УБК улсын дугаартай автомашиныг фидуцийн гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал: Зээлийн гэрээнд заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хэсэгчилсэн хугацаанд нь төлөлгүй 420 хоног хугацаа хэтэрч зээлийн эргэн төлөлтийг зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3,619,400.86 төгрөг, үндсэн хүүнд 7,393,889.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 35,393.28 төгрөг, нийт 11,048,684.11 тогрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул Т б ХХК нь зээлдэгч Л.М, Б.Э нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, Л.М, Б.Э нараас үндсэн зээл 11,880,599.14 төгрөг, үндсэн хүү 3,072,172.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,818.47 төгрөг, нийт зээл 15,028,589.99 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 303,293 төгрөг, нотариатын хөлс 3,000 төгрөг, нийт 15,334,882.99 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Манай банкнаас эвлэрэх эрхтэй итгэмжлэлийг өгдөггүй учраас хариуцагчийн хэлж байгаа хугацаагаар эвлэрлийн гэрээ байгуулах боломжгүй гэв.

 

2. Хариуцагч Л.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ковидын улмаас эдийн засгийн хямралд орж зээлээ төлж чадахгүй болсон. Одоо ажилд орсон тул 2023 оны 03 дугаар сар гэхэд зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нотариатчийн мөнгөний тасалбар, зээлийн дансны харилцагчийн хуулга, хүү тооцооллын хүснэгт, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлүүд, Л.М-аас бичгээр гаргасан хүсэлт, уулзалтын тэмдэглэл,

3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэх зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т б ХХК нь хариуцагч Л.М, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,031,589 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Т б ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Л.М, Б.Э нартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 15,500,000 төгрөгийг сарын 1,80 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлдүүлэх, Л.М, Б.Э нар нь зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн дүнгээс 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 7-9 дугаар тал/

 

3.1 Мөн өдөр талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, Монгол Улсад импортоор орж ирсэн байсан ZNE100423512 арлын дугаартай, Тоёото виш маркийн тээврийн хэрэгслийг зээлдэгч Л.М нь зээлдүүлэгч Т б ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. /хх-ийн 10-11 дүгээр тал/

 

3.2 Уг тохиролцооны дагуу 0 арлын дугаартай, Тоёото виш маркийн тээврийн хэрэгсэлд 00-00 УБК гэх улсын дугаар авч, өмчлөгчөөр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Т б ХХК бүртгэгдсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй. /хх-ийн 17 дугаар тал/

 

4. Зээлдүүлэгч Т б ХХК-иас зээлийн гэрээний дагуу 15,500,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч Л.М-д шилжүүлсэн болох нь зээлийн дансны харилцагчийн хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон.

 

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 4511.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээ, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

6. Зээлдэгч Л.М, Б.Э нар нь зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 3,619,400 төгрөг, зээлийн хүү 7,393,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,393 төгрөг, нийт 11,048,684 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

6.1 Зээлдэгч Л.М, Б.Э нар нь зээлийн хүү болон үндсэн зээлийн төлбөрийг сар тутамд хэсэгчлэн төлөх үүргээ 2019 оны 02 дугаар сараас эхлэн зөрчиж, зээл төлөх хуваарийг удаа дараа тасалдуулж явсаар 2020 оны 10 дугаар сараас хойш огт биелүүлээгүй үүрэг зөрчигдсөн болох нь дансны хуулга, хүү тооцооллын хүснэгтийн баримтаар тогтоогдсон, уг үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан.

 

6.2 Хариуцагч нар нь зээлийн үндсэн төлбөрт 11,880,599 төгрөг, үндсэн хүү 3,072,172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,818 төгрөг, нийт 15,028,589 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа үйл баримтын талаар маргаагүй.

 

7. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь үүрэг хүлээгч нь хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.

 

7.1 Хариуцагч Л.М, Б.Э нарыг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, 2020 оны 10 дугаар сараас хойш төлбөр огт төлөөгүй байхад нэхэмжлэгч Т б ХХК нь талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.1.3-т банк нь зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээг банкны санаачилгаар цуцалж, хөдлөх хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах эрхтэй, 7.6-д зээлдэгч барьцаагаар баталгаажсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн үл маргах журмаар барьцаалагчид шилжүүлнэ. Гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн барьцаалагч барьцааны зүйлийг хуулийн дагуу гэрээнд заасан үнээр захиран зарцуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж, мөн фидуцийн гэрээний 4.1.2-т банк гэрээний 5.1-д заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд хөрөнгийг биет байдлаар шилжүүлэн авч захиран зарцуулах эрхтэй, 5.1-т зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж зээлийн гэрээ цуцлагдсан тохиолдолд банк хөрөнгийн өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж биет байдлаар шилжүүлэн авч худалдан борлуулснаар зээлийн гэрээний үүргийг хангуулна гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй байна.

 

7.2 Т б ХХК нь дээрх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...банк тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа явуулаагүй гэж тайлбарласан.

 

7.3 Хэдийгээр хариуцагч Л.М, Б.Э нар нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөн буруутай байх боловч нэхэмжлэгч Т б ХХК нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, тээврийн хэрэгсэл устаж үгүй болоогүй, хэвийн ашиглагдаж байгаа тохиолдолд банк зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр шаардсан нь учир дутагдалтай байна.

 

7.3.1 Зүй нь, фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой тул уг гэрээний дагуу тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжит арга хэмжээг банк эхлээд өөрөө Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу авч, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болох нь бодитоор тогтоогдсоны дараа мөнгөн төлбөрийн үүргийг шаардах журамтай.

 

7.3.2 Харин дээрх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч тээврийн хэрэгслээр зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжгүй, эсхүл төлвөл зохих гэрээний үүргийн хэмжээнд хүрэлцэхгүй болох нь тогтоогдвол түүний дараа нэхэмжлэгч Т б ХХК нь Л.М, Б.Э нараас зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр болон зөрүү төлбөрийг шаардах эрхийг уг шийдвэр хөндөхгүй болно.

 

7.4 Түүнчлэн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан. Гэтэл талуудын байгуулсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн дүнгээс 20 хувиар тооцохоор тохиролцсон байгаа нь хууль зөрчсөн байна.

 

8. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

9. Хариуцагч Л.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч Т б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хамтран хариуцагч Б.Э-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахгүй болохоо илэрхийлсэн. Иймд шүүх хамтран хариуцагч нарын нэг нь хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ч нэхэмжлэгч нь нөгөө хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаагүй тохиолдолд хариуцагчийн зөвшөөрлийг батлах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

 

10. Хариуцагч Б.Э нь шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /233,093+70,200/ 303,293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л.М, Б.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,031,589 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Т б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ