Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2023/00244

 

 

 

 

 

 

    2023           01            25                                        210/МА2023/00244

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/04972 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Т ХХК-ийн

хариуцагч М, Э нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,031,589 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, хариуцагч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Т ХХК нь зээлдэгч М, Э нарт 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15,500,000 төгрөгийг жилийн 21,60 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн * 3 тоот дансанд олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №* тоот барьцааны гэрээг байгуулж, Тоёото виш маркийн * улсын дугаартай автомашиныг фидуцийн гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

1.1. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчилсэн хугацаанд нь төлөлгүй 420 хоног хугацаа хэтэрч зээлийн эргэн төлөлтийг зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн.

1.2. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3,619,400.86 төгрөг, үндсэн хүүд 7,393,889.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 35,393.28 төгрөг, нийт 11,048,684.11 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул Т ХХК нь зээлдэгч М, Э нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, М, Э нараас үндсэн зээл 11,880,599.14 төгрөг, үндсэн хүү 3,072,172.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,818.47 төгрөг, нийт зээл 15,028,589.99 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 303,293 төгрөг, нотариатын хөлс 3,000 төгрөг, нийт 15,334,882.99 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Манай банкнаас эвлэрэх эрхтэй итгэмжлэлийг өгдөггүй учраас хариуцагчийн хэлж байгаа хугацаагаар эвлэрлийн гэрээ байгуулах боломжгүй гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ковидын улмаас эдийн засгийн хямралд орж зээлээ төлж чадахгүй болсон. Одоо ажилд орсон тул 2023 оны 03 дугаар сар гэхэд зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М, Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,031,589 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийг эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан буюу нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө гаргах эрх, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрх нь байхад тус эрхийг зөрчиж, гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан эрхийг зөрчсөн.

4.1. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээн дэх банкны эрх үүргийг дурдсан атлаа хариуцагч талын эрх үүргийг дурдаагүй, хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэгт дүн шинжилгээ хийгээгүй зэргээс үзэхэд нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Зээлийн гэрээний 3.2, 3.3, 3.2.1, 3.2.3, 3.2.5, 3.3 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: 2023 оны 03 дугаар сард зээлийг бүрэн барагдуулж дуусах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Төлбөрийг бүрэн барагдуулна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М, Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,031,589 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 15,500,000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх7-8/

3.1. Дээрх гэрээгээр нэг талын илэрхийлсэн хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авч, гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон, гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

3.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, мөн гэрээгээр хүү тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4. Мөн нэхэмжлэгчээс хариуцагчид зээл 15,500,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 11,048,684 төгрөг төлсөн, үлдэгдэл зээлийн үндсэн төлбөрт 11,880,599 төгрөг, хүү 3,072,172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,818 төгрөг, нийт 15,028,589 төгрөгийг төлөөгүй үйл баримтын талаар талууд маргаагүй.

5. Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээний 2.3-т зааснаар зээлийг тогтоосон хуваарийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж төлөх үүрэг хүлээсэн байх боловч уг үүргээ биелүүлээгүй, зээлдэгчид зээлийн гэрээний төлбөрийг төлөх үүргийг зөрчсөн, зээлийн төлбөрийг хугацаанд төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан тул зээлдүүлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй.

6. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад фидуцийн гэрээнд үндэслэн зээлдүүлэгч өөрөө хууль болон гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

7. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний хариуцлага болох хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

7.1. Талууд зээлийн гэрээний 2.1.5-д “Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд ... хугацаандаа төлөөгүй зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүд 75,818 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.

8. Дээрх үндэслэлээр хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 11,880,599 төгрөг, хүү 3,072,172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,818 төгрөг, нийт 15,028,589 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэстэй.

9. Т ХХК болон М, Э нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр * улсын дугаартай Тоёото виш маркийн автомашиныг Т ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. Мөн барьцаат зээлийн гэрээгээр протекс маркийн оёдлын машин, хэйр маркийн зурагтыг барьцаалсан байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ болон фидуцийн гэрээ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

9.1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэн аль нь маргаагүй.

10. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр хөдлөх эд хөрөнгийг автомашин, зурагт, оёдлын машин гэж тодорхойлжээ. Гэвч автомашиныг барьцааны гэрээний зүйл гэж үзэхгүй. Учир нь автомашин банкны өмчлөлд бүртгэлтэй байгаа учраас өмчлөгч өөрийнхөө зүйлийг өөртөө барьцаалах эрхгүй.

10.1. Фидуцийн гэрээний агуулга нь зээлийн мөнгөн хөрөнгийг шаардахгүй тохиолдолд өмчлөлийн зүйлээр хангуулах эсхүл автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч өөрөө худалдан борлуулахаар шаардлага гаргаж болно. Дээрх хоёр шаардлагыг нэг дор гаргах боломжгүй бөгөөд мөнгөн хөрөнгийг гаргуулах шийдвэр гаргаж байгаа учраас фидуцийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзнэ.

10.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн * улсын дугаартай Тоёото виш маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

11. Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох оёдлын машин, зурагтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Иймд дээрх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

12. Мөн хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нотариатын зардал 3,000 төгрөгийг нэхэмжлэгч хохиролд тооцож шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх гэрээнээс учирсан шууд хохиролд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

13. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/04972 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М, Э нараас 15,031,589 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М, Э нар дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох протекс маркийн оёдлын машин, хэйр маркийн зурагтыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

2 дахь заалтын “... үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч М, Э нараас 233,108 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 303,293 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА  

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД   

Д.ЦОГТСАЙХАН