Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2022/05165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 0 байр, “И” ГХОХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 байрлах, “М г” ХХК, /хуучин нэрээр “Э” ХХК/, /рд:0/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 тоотод оршин суух, Д.Ц /рд:0/,

 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Нийслэлийн 0 Ө.М /рд:0/ нарт холбогдох,

 

2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, 0 дугаар байшинг хариуцагч Э ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хэлцлээр шилжсэн газар эзэмших эрхээ сэргээлгэх, худалдах- худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х, хариуцагч “М г” ХХК /хуучин нэрээр Э ХХК/, хариуцагч Д.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, түүний өмгөөлөгч Ө.Б, хариуцагч Ө.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“И” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай Монгол Улсын хуулийн этгээд бөгөөд гадаад худалдаа зуучлал, барилгын засал чимэглэл, аялал жуулчлал, зээл, гадаад валютын арилжаа зэрэг олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг. 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “И” ХХК болон "Э” ХХК-ийн хооронд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 0 м.кв, контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт худалдах-худалдан авах гэрээг байгуулж, нийт 1,500,000 ам доллараар “Э” ХХК-д худалдахаар тохирсон. Обьект болон газрын үнэ ороод нийт 1,500,000 доллараар худалдахаар тохирсон. Бидэнд урьдчилгаа 500,000 долларыг өгсөн. Гэрээндээ үнийн дүнг 500,000 ам доллараар бич гэж Е асан Н.Э тулгасан. Учир нь Н.Э нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, нөхцөл байдал хүнд байна гэсэн. Монгол Улсын Е, Е с, Улсын их хурлын гишүүн байсан хүн тул бид түүнд итгэж бичгээр байгуулсан гэрээндээ үнийн дүнг 500,000 ам доллараар бичсэн юм.  2011 оноос хойш үлдэх төлбөрийн асуудал олон удаа яригдсан. Гэвч Н.Энь хэлсэндээ хүрээгүй, үлдэх төлбөрийг өгөөгүй. Иймд бидний гомдлын дагуу Авилгатай Тэмцэх Газраас Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Э, Д.Ц нарыг мөрдөн шалгасан. Эрүүгийн 0 дугаартай хэргийг Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор “Д.Ц-ийг Эрүүгийн хуулийн 17.3-р зүйлийн 2.2-д заасан гэмт хэрэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй ч Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10-р зүйлийн 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул” хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Нийслэлийн Прокурорын Газраас 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 231 дүгээр тогтоолоор Эрүүгийн 0 дугаартай хэргийн яллагдагч Н.Э-ыг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлж прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг Н.Э, Д.Ц нар нь гэр бүлийн харилцааны хамаарал бүхий этгээд болох Н.Э-ийн “Э” ХХК гэх хуулийн этгээдээр дамжуулан хуурч мэхлэх аргаар хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Энэ үйлдэл нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл юм.

Худалдах-худалдан авах гэрээг Э ХХК-ийг төлөөлөн Д.Ц гарын үсэг зурсан байдаг. Ингэхдээ Э ХХК-ийн ерөнхий захирал Н.Э-гаас олгосон итгэмжлэлийн дагуу гэрээ байгуулсан. Гэтэл итгэмжлэл олгох цаг хугацаанд Н.Энь Монгол Улсад байгаагүй болох нь баримтаар тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад болон тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтүүдээр Н.Э-аас Д.Ц-д олгосон итгэмжлэл хуурамч буюу Н.Э-ийн гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Иймд тус итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-ийг хангаагүй гэж үзнэ.

Нотариатч Ө.М нь Бельгийн Вант Улсын иргэн В Э М-ыг худалдах, худалдан авах гэрээний нэг талыг төлөөлөн гарын үсэг зурж,  оролцож байгааг мэдсээр байж хуульд заасны дагуу хэлмэрч, орчуулагч оролцуулалгүй нотариатын үйлдлээ хийж, хууль бус үр дагавар бүхий нөхцөл байдлыг бий болгосон байдаг. Энэ нь Нотариатын тухай хуулийн 35, 44, 46 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

Мөн нотариатч нь “Э” ХХК-ийн ерөнхий захирал Н.Э-гаас Д.Ц-д итгэмжлэл өгөх үед Монгол Улсад байгаагүй, түүний гарын үсэг биш болохыг  нягталж үзэлгүй нотариатын үйлдлийг хийсэн. Иймд Сүхбаатар дүүргийн 0 тоот Ө.М-гийн 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “И” ХХК болон "Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ гэрчилсэн нотариатын үйлдлийг бүхэлд нь хүчингүй болгуулж өгнө үү.

Контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар худалдах-худалдан авах гэрээг хуульд заасан шаардлага хангаагүй итгэмжлэлийг үндэслэн байгуулсан, нотариатчийн гэрээ гэрчилсэн үйлдэл нь бүхэлдээ хүчингүй тул уг хэлцэл нь хууль зөрчсөн хэлцэл байна.

Мөн хариуцагч Э ХХК нь эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлээгүй учир нийтээр хүлээсэн зан суртахууныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй юм.

Иймд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 59 дүгээр зүйлийн 59.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.3-т зааснаар 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “И” ХХК болон "Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн 0 байшинг хариуцагч “М г” ХХК /хуучин нэрээр Э ХХК/-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “И” ХХК-ийг бүртгэж, хэлцлээр шилжсэн газар ашиглах эрхийг сэргээж,  уг гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч Д.Ц нь гүйцэтгэх захирлын хувиар гэрээнд гарын үсэг зурсан тул түүнийг хариуцагчаар татаж, хэлцээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг гаргуулах шаардлагаа Д.Цболон “М г” ХХК /хуучин нэрээр Э ХХК/-д тус тус холбогдуулан гаргасан гэв.

 

2. Хариуцагч “М г” ХХК /хуучин нэрээр Э ХХК/ болон Д.Цнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. И ХХК болон Э ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 0 дугаар байшинг худалдахаар тохиролцсон. Гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгийн хувьд гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний үнэ 500,000 доллар гэж тохиролцсон. Тус мөнгийг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор төлөх үүргийг хүлээсэн. Үүнээс бусдаар мөнгөн хөрөнгийн ямар нэг тохиролцоо байхгүй. 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр И ХХК-ийн дансанд 500,000 долларыг шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Үүнтэй холбоотой Улсын бүртгэлийн газраар үл хөдлөх хөрөнгийг М ХХК /хуучин нэрээр Э” ХХК/-ийн нэр дээр бүртгүүлж, 2012 оны 5 дугаар сард үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргасан. Газар эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 0 дугаар шийдвэрээр Э ХХК-д олгож, гэрчилгээ олгосон.

Д.Цнь 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Э ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан. Гэрээг байгуулахаас бүтэн 5 сарын өмнө компанийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг байсан. Харин хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглосон эрх бүхий байгууллагын шийдвэрийн улмаас Д.Цгүйцэтгэх захирлын өөрчлөлтөө бүртгүүлж чадаагүй байсан. Иймээс тус үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, төлбөр тооцоолол хийх эрхийг олгосон итгэмжлэлийг Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Н.Энь 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3550 дугаартай итгэмжлэл олгож компанийн тамга тэмдэг дарсан. Н.Энь сүүлд Монголд ирээд итгэмжлэлийг хүчин төгөлдөр болохыг баталгаажуулсан баримтыг үйлдэж, нотариатаар гэрчлүүлж, хэрэгт өгсөн. Төлөөлөгчийн баримтыг төлөөлүүлэгчийн хүсэл, зоригоор нотолдог. Н.Этухайн үед компанийн 100 хувийн хувьцааг эзэмшиж байсан. Тэрээр ирэхэд нь би хожим зөвшөөрсөн баримтыг нь өгсөн. Бид шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч зөрүүтэй гарч байна. Гарын үсгээ өөрөө зураагүй гэж биш тохирохгүй байна гэж л дүгнэлт гардаг. Настай хүний гарын үсэг өөрчлөгдөх боломжтой байдаг гэсэн. Тиймээс Иргэний хуулийн 66.1-д зааснаар төлөөлүүлэгчийн хүсэл, зоригийг харгалзаж үзнэ. Тиймээс итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагын тухайд худалдах-худалдан авах гэрээний харилцаанд бодит байдлыг нуун дарагдуулсан ямар ч үйл баримт, хүсэл зориг байхгүйг хариуцлагатайгаар дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч 1,5 сая доллараар зарна гэж тохирсон гэдэг. Иргэний хуульд хүсэл, зоригийн илэрхийлэл гэж байдаг. Хэлбэрийн шаардлага тавигддаг гэрээний хувьд гэрээнд гол нөхцлүүдээ дурдаж, гэрээний зүйл, түүнийг эрхийнх нь хамт 3 хоногийн дотор шилжүүлэх талаар тодорхой байгаа. А.Г нь нэхэмжлэгч компанийн эзэн. Түүнээс Сүхбаатар дүүргийн 0 дугаар байшинг худалдан авах тухай шийдвэр, эх хувиараа ирсэн. Анхны хүсэл зориг нь 500,000 ам доллараар зарах тухай өөрсдийнх нь гаргасан баримтаар нотлогдоно. Эрүүгийн хэрэг бол ажиллагааны явцад хаагдчихсан. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол тул хүнийг гэр буруутайд тооцож болохгүй талаар эрх зүйн зохицуулалт байдаг. Гэрээнд хуурч мэхэлж, дарамталсан зүйл байхгүй. Н.Эгэх Е байсан хүний нэр дурдагдаад байдаг. Гэхдээ ямар холбоосоор эдгээр хүмүүс холбогдоод байгаа нь тодорхойгүй. Энд хууран мэхэлсэн, итгэмжлэл нь алдаатай зүйл байхгүй. Д.Цхувь хүнийхээ болон компанийн хувьд хуурамч гэрээ хийх гэж гарын үсэг зураагүй. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байхдаа компанидаа гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэлцэл хүчин төгөлдөр тул дараагийн шаардлагуудыг үгүйсгэнэ гэв.

 

3. Хариуцагч Ө.Мшүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр И ХХК, Э ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг нотариатч Ө.М-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэл гаргах болсон үндэслэлүүдийн алинд нь ч өнөөдрийн хэрэг үүсэхээр нөхцөл байдлыг заагаагүй. Би талуудын хооронд байгуулагдсан гэрээг гэрчлэхдээ холбогдох бүхий л хууль, дүрэм, журам, зааврын дагуу гэрчилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нотариатч бол Нотариатын тухай хуульд зааснаар төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн байр сууриар оролцдог. Тухайн эрх зүйн харилцаа буюу талуудын хоорондын тохиролцоонд оролцохгүй, тэдгээрийг хөндлөнгөөс хянаж, гэрчийн үүрэг гүйцэтгэж, тамга тэмдгээр баталгаажуулдаг үүрэгтэй этгээд. Нэхэмжлэлийн шаардлагадаа тусгаад байгаа шиг гэрээний талуудын эрх бүхий этгээд мөн, биш эсэхэд нотариатчийг оролцсон гэх үндэслэл байхгүй. Нотариатчийн үйлдэл нь өмчлөх эрхийг шилжүүлсэн үйлдэлтэй холбоотой хөндлөнгийн үйлдэл байсан. Үл хөдлөх хөрөнгийг хуульд зааснаар нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлж байж хүчин төгөлдөр болгуулах хэлбэрийн шаардлага тавигддаг хэлцэл тул талууд нотариатаар гэрээгээ гэрчлүүлэхээр нотариатчид хандсан. 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр талуудын төлөөлөгч нар ирэхдээ холбогдох баримт бичгүүдээ хуулийн шаардлага хангуулан гэрээний төслөө ч аль хэдийн боловсруулсан байсан. Нэхэмжлэгч талыг төлөөлж ирсэн этгээд нь хуульчидтай ирсэн. Гадаад улсын иргэн байхад нь нотариатч орчуулагч оролцуулах уу? гэж асуухад шаардлагагүй, хуульчтай тул түүгээрээ дамжуулан оролцоно гээд бүртгэлийн дэвтэрт энэ талаараа тэмдэглэл хөтлүүлсэн байдаг. Хууль, нотариатын дүрэмд заасан бүх зүйлийг хэрэгжүүлж нотариатч гэрээг баталсан. Хэрэгт байгаа баримтуудыг харахад нэхэмжлэгч тал тамга дараагүй, төлөөлөгчийн эрхийг шалгаагүй гэдэг нь худал болох нь харагдаж байна. Гэрээ байгуулснаас хойш 10 жилийн дараа нэхэмжлэл гаргаж орж ирж байгаа нь үндэслэлгүй. Үүнтэй холбоотой хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа дууссан. Хувийн байдлыг тогтоохдоо үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн гэрчилгээ, төлөөлөх эрхтэй этгээд зэргийг тодруулж хувилж үлдээх журамтай байдаг. Н.Э-аас олгосон итгэмжлэл нь хуульд заасан журмын дагуу байгуулагдсан. Нэхэмжлэгч шаардлагаа нотариатын үйлдэлтэй холбоотой тайлбарлахгүй хууль зөрчсөн л гэж яриад байна. Нотариат хуульд заасны дагуу үйлдлээ хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

4.1 Нэхэмжлэгчээс гаргасан  Нийслэлийн Прокурорын газрын 2019.06.05-ны 0 тоот гомдлын хариу, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019.05.29-ний 0 тоот албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2019.06.04-ний 0 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.23-ны өдрийн 0 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

4.2 Хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны дансны хуулга, урсгал зардлын тооцоо, ажлын байр түрээслэх гэрээ, нотариатын бүртгэлийн дэвтэр, худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, газар ашиглах эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн  гэрчилгээ, гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ, кадастрын зураг, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийн тайлан,  худь нийлүүлэгчийн шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, И х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын оронд гаргах цор ганц хувьцаа эзэмшигчийн шийдвэр, мөнгөн шилжүүлгийн баримт, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлэх тухай баримт, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх лавлагаа,

4.3 Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн Э ХХК-ийн түүхчилсэн лавлагаа, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн газрын хувийн хэрэг, Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч, сэжигтэн нараас авсан тайлбар мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн Газар зохион байгуулалтын албанаас албадан гаргуулсан газар ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмших хүсэлтүүд, газар ашиглуулах гэрээ, техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, итгэмжлэл, хуулийн этгээдүдийн гэрчилгээ, дүрэм, гадаад паспортын хуулбар, элдлэн газрын улсын бүртгэлийн хуудас, үзлэгийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн нэр өөрчилсөнтэй холбоотой лавлагаа, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн татвар төлөгчийн карт,

4.4 Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И” ГХОХХК нь хариуцагч “М г” ХХК, /хуучин нэрээр “Э” ХХК/, Д.Ц, нарт холбогдуулан И ХХК, Э ХХК нарын хооронд 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Сүхбаатар дүүргийн 0 дугаар байшинг хариуцагч “М г” ХХК, /хуучин нэрээр “Э” ХХК/-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хэлцлээр шилжсэн газар эзэмших эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хамтран хариуцагчаар нотариатч Ө.М-г татаж, түүнд холбогдуулан 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр И ХХК болон Э ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

1.1.1 Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхийн даалгасны дагуу  2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тодруулж гаргасан.

1.2 Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч “И” ГХОХХК нь 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч “М г” ХХК /хуучин нэрээр “Э”/ ХХК-тай  худалдах-худалдах авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “И” ГХОХХК нь Сүхбаатар дүүргийн 0 дугаар байшин, 2 давхар, 900,6 м.кв талбай бүхий контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч “Э” ХХК нь байшингийн үнэд 500,000 ам доллар төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Уг гэрээнд худалдагчаас шилжүүлж байгаа хөрөнгө нь үйлчилгээний зориулалт бүхий хоёр давхар байх бөгөөд 990 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй байна гэж тохирчээ. /3-р хх-ийн 31-33/

 

3.1 Мөн өдөр талууд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “И” ГХОХХК нь Сүхбаатар дүүргийн 0 м.кв газрын эрхийг “Э” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон байна. /2-р хх-ийн 243/

3.2 Дээрх худалдах-худалдан авах гэрээнүүдийг үндэслэн хариуцагч “М г” ХХК, хуучин нэрээр “Э” ХХК нь нь Сүхбаатар дүүргийн 0 м.кв газрын эзэмшигчээр, Сүхбаатар дүүргийн 0 дугаар байшин, 2 давхар, 900,6 м.кв талбай бүхий контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон. /2-р хх-ийн 171-173, 180, 219-250, 4-р хх-ийн 147-150/

 

3.3 Худалдан авагч “М” ХХК /хуучин нэрээр “Э” ХХК/-иас 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрээний үүрэгт 500,000 ам долларыг худалдагч “И” ГХОХХК-д шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон. /1-р хх-ийн 49, 3-р хх-ийн 48/

 

3.3.1 Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт тус тус заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

3.4 Гэрээний зүйл болох 900.6 м.кв талбай бүхий контор үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 100 дугаар тогтоолыг үндэслэн анх 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Х и” ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай худалдах-худалдан авах гэрээ байгуулах замаар гүйцэтгэх захирал С.Хишигт нь өмчлөлдөө шилжүүлсэн авсан байна. /1-р хх-ийн 175-199/

 

3.4.1 Үүний дараа “Х и” ХХК нь 2004 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “И” ГХОХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, маргаан  бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг нийт 300,000,000 төгрөгөөр худалдаж, газар ашиглах эрх болон 2 давхар байшингийн өмчлөгчөөр “И” ГХОХХК нь бүртгэгдсэн байна. /1-р хх-ийн 200-216, 2-р хх-ийн 97-116/

 

3.4.2 Маргаан бүхий газрыг “И” ГХОХХК нь Нийслэлийн Засаг даргатай гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ байгуулан 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ авч, уг эрхийг тухай бүр гэрээ байгуулан сунгаж ирсэн байна. /1-р хх-ийн 150-174/

 

4. Нэхэмжлэгч “И” ГХОХХК нь 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч “М г” ХХК /хуучин нэрээр “Э”/ ХХК-тай  байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон.

 

4.1 Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Э ХХК нь Монгол Улсын Е, Е с, Улсын их хурлын гишүүн байсан Н.Э-ын хамаарал бүхий компани юм. Анх худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа Н.Э-тай 1,500,000 ам доллараар тохирсон. Тэрээр хэрэгт холбогдоод асуудалтай байгаа тул бичгийн гэрээнд үнийг 500,000 төгрөгөөр бичихийг гуйсан. Төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан хүн болохоор нь түүнд итгэж, 500,000 ам доллараар гэрээгээ байгуулсан. Гэтэл амаар тохирсон үнэ болох 1,500,000 доллараа одоог болтол бүрэн өгөөгүй, биднийг хуурсан. Э ХХК-ийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан Д.Цнь төлөөлөх эрхгүй байсан. Манай компанийг төлөөлөн гэрээ байгуулсан В.М нь гадаад хүн байхад нотариатч орчуулагч оролцуулалгүйгээр гэрээг гэрчилсэн” гэж тайлбарласан.

 

4.2 Хариуцагч “М г” ХХК /хуучин нэрээр “Э” ХХК/, Д.Цнар нь гэрээний үнэ анхнаасаа 500,000 ам доллараар тохирсон. Хууран мэхэлсэн зүйл байхгүй, компанийг Д.Цтөлөөлөн гэрээ байгуулах эрхтэй байсан гэж, хариуцагч буюу нотариатч Ө.Мнь холбогдох баримтуудыг үндэслэн гэрээг гэрчилсэн, талууд өөрсдөө гэрээгээ боловсруулаад бэлдээд ирсэн байсан гэж тус тус тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгэсэн.

 

5. Хууран мэхэлж хэлцэл байгуулсан гэх үндэслэлийн тухайд:

 

5.1 Нэхэмжлэгч нь газар болон контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хууран мэхэлж бичгийн гэрээнд 500,000 ам доллараар бичүүлсэн. Бодит тохиролцсон үнэ нь 1,500,000 ам доллар байсан гэх шаардлагаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, гэрч, сэжигтэн нараас өгсөн мэдүүлэг болон Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 231 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор тус тус нотлогдоно гэж тайлбарласан.

 

5.1.1 Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 231 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд “...дээрх үйл баримтууд болон хэрэгт цугларч, бэхжсэн бичгийн нотлох баримтуудаар Н.Э-ын Америкийн Нэгдсэн улсын  иргэн А Г-ийг хуурч, түүний их хэмжээний эд хөрөнгийг өөрийн төрсөн дүү Н.Э-гийн өмчлөлд шилжүүлэн авсан гэх үйлдэл нь Эрүүгийн  хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан “Залилах” гэмт хэргийн  шинжтэй боловч уг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлын нэг болж, хэргийг хааж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Хэрэг хааж шийдвэрлэж байгаатай холбогдуулан хохирогчоор тогтоогдсон Америкийн нэгдсэн улсын иргэн А Х Г болон түүний хууль ёсны төлөөлөгч  Бельгийн вант улсын иргэн В М нар нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган, шаардах эрхийг прокурорын энэ шийдвэр хязгаарлахгүй болно” гэжээ. /1-р хх-ийн 10-13/

 

5.1.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор А Х Г-ээс авсан байцаалтын тэмдэглэлд “...Монгол Улсын Е Н.Энь намайг Монгол Улсад ирэхэд их тус болдог байсан. 2011 оны манай компани төв оффис болох Сүхбаатар дүүргийн 0 дугаар байшингаа худалдан борлуулах шаардлагатай байсан. Тэр үед Н.Энь надтай уулзахдаа 1,5 сая ам доллараар худалдан авах хүсэлтэй байгаа талаараа хэлсэн. Тэгээд худалдах-худалдан авах гэрээ хийх үед Н.Э надруу утсаар холбогдож Монгол Улсад асуудалтай байгаа, бид 2 найзууд юм чинь эхлээд 500,000 ам долларыг төлж болох уу, үлдсэн 1 сая ам долларыг 7 хоногийн дараа төлж болох уу гэж асуусан. Би түүнд итгэж байсан учраас түүний хүссэнээр гэрээг 500,000 ам доллараар хийсэн. Гэтэл үлдэх мөнгөө өгөхгүй намайг хуурсан байсан” гэж, /2-р хх-57-67/

 

Гэрч В М-оос авсан байцаалтын тэмдэглэлд “...2011 онд Монгол улсын Е-р ажиллаж байсан Н.Энь бидний урдын танил Цогоор дамжуулан манай обьектийг худалдан авах санал гаргасныг А Х Г-т танилцуулсан. Н.Э нь обьектийг худалдаж авах 1,5 сая ам долларын 500,000 ам долларыг урьдчилж өгнө, үлдэгдэл 1 сая ам долларыг 7 хоногийн дараа өгөхөөр болсон. Гэрээг байгуулсаны дараа 500,000 ам долларыг өгсөн. Гэрээ байгуулснаас хойш өдийг хүртэл хугацаанд үлдэх 1 сая ам долларыг  авч чадаагүй байна. Н.Э би хэрэгт шалгагдаж байгаа учир 500,000 ам доллараар авч байгаа гэсэн гэрээ байгуулъя гэсэн. Түүнд итгэх болсон шалтгаан нь Монгол Улсын Е-р ажиллаж  байсан хүн тул биднийг хуурахгүй гэж бодсон” гэж тус тус мэдүүлсэн байна. /2-р хх-ийн 27-31/

5.2 Тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлэг буюу нэг талын тайлбарыг шууд үндэслэн нэхэмжлэгчийг хууран мэхлэгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Тухайн мэдүүлэг, тайлбар нь бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх шаардлагатай ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримт нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу бүрдүүлсэн баримт биш тул уг баримтуудыг хөдөлбөргүй үнэн гэж үзэх үндэслэл болохгүй.

5.2.1 Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан. Нэхэмжлэгч “И” ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигч Америкийн Нэгдсэн улсын  иргэн А Г-ийг хуурч, түүний их хэмжээний эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан гэх үйлдэлд гэм буруу байгаа эсэхийг шүүхээр нотлоогүй байна. Иймд дээр дурдсан прокурорын тогтоолыг үндэслэн хууран мэхэлж хэлцэл байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

5.3 Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийг 1,500,000 ам доллараар худалдахаар тохирсон гэж маргах боловч И г х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын оронд гаргах цор ганц хувьцаа эзэмшигч Алан Х.Г-ээс 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр “Улаанбаатар хот Гэндэнгийн гудамжинд байрлах цагаан байшинг 500,000 ам доллараар худалдсугай” гэж зөвшөөрлийн бичгийг олгосон байна. /3-р хх-ийн 46-49 /

5.3.1 Уг зөвшөөрлийн бичгийг нэхэмжлэгч И г х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын оронд гаргах цор ганц хувьцаа эзэмшигч А Х.Г нь АНУ-ын нотариатаар гэрчлүүлж, и-мэйл хаягаараа дамжуулан хариуцагч “Э” ХХК-д илгээсэн үйл баримтын талаар нэхэмжлэгч тал маргаагүй, уг баримтыг үгүйсгэж няцаагаагүй.

5.3.2 Харин уг зөвшөөрлийн бичгийг илгээх болсон үндэслэлээ Монгол  Улсын бүртгэлийн Ерөнхий газарт үл хөдлөх эд хөрөнгийн нэрийг өөр этгээдэд шилжүүлэхэд бүрдүүлэхэд шаардлагатай баримтуудын бүрдүүлбэрийг хангахын тулд хариуцагчийн хүссэнээр үйлдэж өгсөн баримт гэж тайлбарлаж, маргасан нь учир дутагдалтай байна. Учир нь, тухайн зөвшөөрлийн бичгийг талууд гэрээ байгуулахаас өмнө буюу 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн байх ба хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжиж байгаа тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрийг бүртгэлийн байгууллага шаарддаггүй болно.

 

5.4 Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримт болох Д.Ц-ээс 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Г-т и-мэйлээр илгээсэн захидлаас гэрээний төлөгдөөгүй үлдэх төлбөр 1,000,000 ам доллар байгаа болох нь тогтоогдоно гэж маргасан.

 

5.4.1 Хоёрдугаар хавтаст хэргийн 34-35 дугаар талд авагдсан Д.Ц-ээс 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Г-т и-мэйлээр илгээсэн захидалд “...таны явуулсан эхний захидалтай холбоотой бяцхан үл ойлголцол гарчээ. Учир нь тухайн захидлыг бид есдүгээр сарын тавны өдөрт таны хоёр дахь захидалтай цуг ирэхээс өмнө аваагүй болно. Таны явуулсан эхний захидлыг цаг тухайд нь аваагүйн улмаас хариу өгч чадаагүйг бид таны нөхцөлийг зөвшөөрсний илрэл гэж бүү бодоосой гэж хүсэж байна. Бидний ойлгож байгаагаар бид аль хэдийн тухайн асуудлаар  ярилцаж тохиролцсон ба шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн жижиг зүйлүүд байгаа юм. Бид тус өрийг төлөхийн тулд чадах бүхнээ хийж байгааг маань ойлгоосой гэж мөн заавал төлж барагдуулна гэдгийг амлаж байна. Харамсалтай нь бидэнд тааварлаагүй олон асуудлууд гарсны улмаас төлбөр жаахан саатаад байгааг ойлгож байна гэж найдаж байна. Гэвч энэ асуудлууд одоо намжиж байгаа бөгөөд нарийн ширийн зүйлсийн талаар Вассилтай бид уулзаж ярилцах болно. Бидний цагаан байшингийн талаарх байр суурь хэвээрээ байгаа гэдгийг эцэслэн мэдэгдэж  байна” гэжээ.

 

5.4.1.а Уг захидлын агуулгаас үзэхэд талуудын маргааны зүйл болох гэрээний үнийн дүн 1,500,000 ам доллараар тохирсон, үүнээс 1,000,000 ам долларыг дутуу төлсөн байгаа гэх баримтад мэдээлэл агуулагдаагүй байна. Тухайн захидалд өр төлбөрийг төлж барагдуулна гэх мэдээлэл агуулагдсан байх боловч хэдий хэмжээний юуны өр төлбөр эсэх нь тодорхойгүй байна. Тухайн захидлыг талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой гэж үзэхэд эргэлзээтэй, уг баримтыг хэрэгт хамааралтай гэж үзэхээргүй байна.

 

5.5 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр цахим сайтад байрлаж буй Л.Цогийн ярилцлагад үзлэг явуулсан. Уг үзлэгээр мөн гэрээний үнийн дүн 1,500,000 ам доллар байсан талаарх үйл баримт тогтоогдоогүй. /4-р хх-ийн 191-192/

5.6 Иймд худалдагч И г х ХХК нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 500,000 ам доллараар худалдах хүсэл зоригийн илэрхийлэлтэй байсан, талууд уг үнийн дүнгээр гэрээ байгуулсан байх ба уг гэрээг байгуулахад худалдан авагч “Э” ХХК-ийн зүгээс хууран мэхэлсэн гэх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.

6. Хууль зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

6.1 Нэхэмжлэгч нь хууль зөрчсөн гэх үндэслэлээ “Э” ХХК-ийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан Д.Цнь уг компанийг төлөөлөх эрхгүй, хуурамч итгэмжлэлээр байгуулсан, нотариатч нь орчуулагч оролцуулаагүй, итгэмжлэл хуурамч байхад гэрээг гэрчилсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг тус тус зөрчсөн гэж тайлбарласан.

6.2 “М г” ХХК /хуучин нэрээр “Э” ХХК/-ийн ерөнхий захирал Н.Э-аас 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр олгосон 35 тоот итгэмжлэлээр гүйцэтгэх захирал Д.Ц-д талуудын байгуулсан худалдах-худалдах авах гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоо хийх эрхийг олгосон байна. /2-р хх-181/

6.2.1 Уг итгэмжлэлд ерөнхий захирал Н.Эаас зурсан гарын үсэг нь түүний гарын үсгийн загвартай тохирохгүй гэж эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. /2-р хх-ийн 36-56, 4-р хх-ийн 107-117/

6.2.2 Ерөнхий захирал Н.Энь гүйцэтгэх захирал Д.Ц-д компанийг төлөөлөн гэрээ байгуулах эрхтэй итгэмжлэлийг олгосон болохоо тэрээр өөрөө маргахгүй, тайлбарладаг. Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах бол төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг илүү харгалзан үзнэ” гэж заасан. Төлөөлүүлэгч нь төлөөлөгчид олгосон итгэмжлэлээс үүдэн гарах  үр дагавар нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл мөн байсан талаар маргахгүй байна. /3-р хх-49-50/

6.2.3 Төлөөлүүлэгч нь өөрөө итгэмжлэл олгосон үйл баримтыг маргахгүй тайлбарлаж, тухайн итгэмжлэлээр түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийж,  уг хэлцлээс үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байна.

6.3 Нөгөө талаар, талуудыг маргааны зүйл болох худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед Д.Цнь “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь “Э” ХХК-ийн хувь нийлүүлэгчийн 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирал томилон ажиллуулах тухай шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон. /3-р хх-37-45/

6.3.1 Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан.

6.3.1.а Иймд Д.Цнь хувьцаа эзэмшигчээс олгосон итгэмжлэл байгаа эсэхээс үл хамааран “Э” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн бусадтай компанийн өмнөөс гэрээ, хэлцэл байгуулах бүрэн эрхтэй этгээд байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, уг гэрээнд худалдан авагч “Э” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Д.Цгарын үсэг зурсан байгаа нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

6.4 Маргааны зүйл болох худалдах-худалдан авах гэрээнд худалдагч талыг төлөөлөн А Х Г-ээс олгосон итгэмжлэлийг үндэслэн В М гарын үсэг зуржээ.  Худалдах-худалдан авах гэрээний үнийн дүнг бичгээр 500,000 ам доллараар байгуулсан, уг гэрээг нотариатын байранд очихоос өмнө талууд үйлдсэн байсан үйл баримтыг зохигчдын хэн аль нь тайлбарладаг.

6.4.1 Уг гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж заасантай нийцүүлэхийн тулд талууд нотариатаар гэрчлүүлсэн байна.

6.4.2 Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, эсхүл монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулна. Үйлчлүүлэгч нь орчуулагч /хэлмэрч/-ийг өөрөө сонгоно” гэж заасан. Нотариатын үйлдэл хийх үед гэрээнийн талуудыг төлөөлөн гарын үсэг зурсан В М, Д.Цнар өөрсдийн биеэр байсан болох нь нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбараар тогтоогдсон. Уг бүртгэлийн дэвтэрт “...талууд гэрээг боловсруулан ирж, орчуулагч хэрэгггүй гэснийг тэмдэглэв” гэж бүртгэсэн байна. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Вассил Мечкаровоос өгсөн мэдүүлэгт “...би компанийнхаа нарийн бичиг Очтөгстэй хамт очиж гэрээг гэрчлүүлсэн” гэжээ. Эдгээрээс  үзэхэд худалдагч тал нь нотариатчийг үйлдэл хийх үед орчуулагч шаардлагагүй болохоо өөрөө илэрхийлж, өөрийн нарийн бичгийн хамт гэрээг гэрчлүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /2-р хх-ийн 167-173, 180-206/

Иймд В М нь өөрөө орчуулагч шаардлагагүй болохоо илэрхийлсэн байх тул нотариатч нь орчуулагч оролцуулалгүйгээр гэрээг гэрчилснийг буруутгах үндэслэлгүй байна. Гадаадын иргэн бүрийг нотариатын үйлдэл хийхэд орчуулагчтай оролцуулах талаар Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заагаагүй, харин Монгол хэл мэдэхгүй бол орчуулагч оролцуулахаар зохицуулсан байна.

 6.4.3 Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтална” гэж заасан. Талууд гэрээг өөрсдөө боловсруулсан байсан, Вассил Мечкаров нь өөрийн нарийн бичгийн хамт нотариатын байранд ирсэн талаараа тэрээр мэдүүлсэн байгаагаас үзэхэд гэрээний агуулга, зорилго, үр дагаврыг мэдээгүй байсан, буруу ойлгосон гэж үзэхээргүй байна. 

 

6.4.4 Нөгөө талаар “И” ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал В М нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг анх “Х и” ХХК-тай  2004 оны 08 дугаар сарын 04-ний худалдах-худалдан авах гэрээ байгуулах замаар ашиглалт, өмчлөлдөө авахдаа гэрээнд тэрээр орчуулагчгүй оролцож, холбогдох бүх баримтуудад 2004 оноос эхлэн орчуулагчгүйгээр өөрөө хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурж оролцож байсан болох нь баримтаар тогтоогдсон. Мөн Нийслэлийн Засаг даргатай газар ашиглуулах гэрээний хугацааг сунгах гэрээ бүрт И” ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал В М нь орчуулагчгүй оролцох замаар гэрээнд гарын үсэг зурж байжээ. /1-р хх-ийн 199-204, 208-212, 221-222/

 

6.4.5 Иймд орчуулагчгүйн улмаас гэрээний үр дагаврыг сайн ойлгоогүй гэх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар үндэслэлгүй. Нотариатч нь гэрээг гэрчлэхдээ хуульд нийцсэн эсэх, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг зохих журмын дагуу шалгах үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

6.5 Мөн нэхэмжлэгчээс гаргасан нотариатч нь “Э” ХХК-ийн ерөнхий захирал Н.Э-аас олгосон итгэмжлэлд зурагдсан гарын үсэг нь түүний гарын үсэг биш байгааг шалгаагүй нь Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг зөрчсөн тул нотариатын үйлдэл бүхэлдээ хүчингүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ”, гэж 46 дугаар зүйлийн 46.5-д “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана” гэж тус тус заажээ.

6.5.1 Нотариатч нь хуулийн этгээдийн эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэлд зурагдсан гарын үсгийг эрх бүхий этгээдийн гарын үсэг мөн, биш болохыг нотариатын үйлдэл хийхдээ гарын үсгийн харьцуулах загварт тохирч байгаа эсэхийг шалган тогтоох замаар буюу шинжээчийн байр сууринаас ажиллагаа явуулахгүй. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-т тус тус зааснаар хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурсан эсэх, тамга дарагдсан эсэх, тухайн эрх баригч нь улсын бүртгэлд бүртгэгдсэн компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхийг нягталж үзэх журамтай.

6.5.2 Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ”, 44.2-т “Нотариатч хуулийн этгээдийг төлөөлсөн эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг гэрчлэх бол тухайн байгууллагын тамга, тэмдэг дарагдсан эсэхийг нягтална” гэж тус тус заасан. Нотариатч нь талуудын маргааны зүйл болох худалдах-худалдан авах гэрээг гэрчилснээс бус гарын үсгийн үнэн зөвийг гэрчлээгүй байна. Гэрээг гэрчлэхдээ хавсаргасан баримтуудад буюу итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм зэрэгт нотариатын тамгыг дарсан байгаа нь гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн гэж үзэхгүй.

 

6.5.3 Нотариатч нь нотариатын үйлдэл хийхдээ нягталвал зохих баримтууд болох компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, гэрээ, итгэмжлэл зэргийг үндэслэн гэрээг гэрчилсэн болох нь нотариатын бүртгэлийн дэвтэр, хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна.

6.6 Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан хууль зөрчиж худалдах-худалдан авах гэрээг байгуулсан гэх тайлбар няцаагдаж байна.

7. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэх үндэслэлийн тухайд:

7.1 Нэхэмжлэгч нь хариуцагч “Э” ХХК нь гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлээгүй учир нийтээр хүлээсэн зан суртахууныг зөрчсөн гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан нотолгооны хэрэгслүүдээр худалдан авагч “М г” ХХК /хуучин нэрээр “Э” ХХК/ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үйл баримт тогтоогдоогүй. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан үндэслэлд хамаарахгүй юм.

 

8. Түүнчлэн нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулснаар хариуцагч “М г” ХХК /хуучин нэрээр “Э” ХХК/-ийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий байшинг албадан чөлөөлүүлнэ гэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг үндэслэн шаардсан нь учир дутагдалтай байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалт нь өмчлөгч этгээд нь бусдаас хөрөнгөө шаардах эрхийн зохицуулалт юм.

 

8.1 Нэхэмжлэгч нь “Э” ХХК-тай газрын эрх шилжүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан атлаа уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагаа иргэн Д.Ц-д холбогдуулан гаргасан. Шүүхээс Д.Ц-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад компанийн гүйцэтгэх захирал нь учраас компанийн хамт хариуцлага хүлээх тул хамтран хариуцагчаар татсан гэж тайлбарласан нь учир дутагдалтай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасан. Хариуцагч Д.Цнь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас тогтоогдохгүй байна.

 

9. Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь тал бүрээс бүрээс нь харьцуулан үзвэл нэхэмжлэгчээс гаргасан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Сүхбаатар дүүргийн 0 дугаар байшинг хариуцагч Э ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хэлцлээр шилжсэн газар эзэмших эрхээ сэргээлгэх, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.2, Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж шүүх дүгнэв.

10. Бусад:

 

10.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Э” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр оноосон нэрээ өөрчилж, “М г” ХХК болгон улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд уг компани оноосон нэрээ өөрчилсөнөөс бус компанийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулаагүй байна. /5-р хх-ийн 50, 64-80/

 

10.2 Нэг дүгээр хавтаст хэргийн 52-149, 2-р хх-ийн 117-123 дүгээр талд авагдсан баримтууд нь “Э” ХХК-ийг үүсгэн байгуулснаас эхлээд хувьцаа эзэмшигч солигдсон, гүйцэтгэх захирал томилсон, татвар төлсөн зэрэг  уг компанийн түүхчилсэн лавлагаа байна. 2-р хх-ийн 174-179, 207-211 дүгээр талд авагдсан баримтууд нь Нийслэлийн архивын газраас шүүхэд баримт ирүүлэхдээ өөр этгээдүүдийн хэрэгт хамааралгүй баримт ирүүлсэн. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 225-236 дугаар талд авагдсан баримтууд нь талуудын маргааны зүйлд хамааралгүй байх тул шүүх дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл бүхэлд нь хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 10,256,550 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөг нийт 10,326,750 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.2, Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “М г” ХХК /хуучин нэрээр “Э” ХХК/, Д.Ц, Ө.Мнарт холбогдох 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Сүхбаатар дүүргийн 0 дугаар байшинг хариуцагч “М г” ХХК /хуучин нэрээр “Э” ХХК/-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хэлцлээр шилжсэн газар эзэмших эрхээ сэргээлгэх, худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай “И” ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,326,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.БЯМБАЖАРГАЛ