Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2022/04112

 

 

 

 

 

 

 

                2022           12            19

                                      184/ШШ2022/04112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 5 дугаар хороо, өлгий 26 гудамж, 323а тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 26 дугаар хороо, алтан овоо 14 гудамж, 18 тоот хаягт оршин суух овогт *******ы ******* /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 188,522,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Анударь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Ж.*******той 2020 оны 11 дүгээр сарын 03-ны едөр 11/03 тоот зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг зургаан сарын хугацаатай, зээлийн нэг сарын хүү нь 4 хувь байхаар тохирлцож, гэрээг бичгээр байгуулан, нотариатаар батлуулсан. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагчийн өмчлөлийн 4305УБО улсын дугаартай HOWO LZZ3257, M3847W маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгсэл, 0827УНУ  дугаартай HOWO ZZ3257 маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг тус тус нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцон барьцааны гэрээг бичгээр байгуулсан. 11/03 тоот зээлийн гэрээний дагуу “Ай энд жи интернэшнл” ХХК-ийн Хас банкны 5001740455 тоот харилцах данснаас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчийн дансанд 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 2 ширхэг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй. Улмаар хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссан ч үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх боломжгүй, зээлийн гэрээний хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр удаа дараа гаргаж, зээлийн гэрээний хүүгийн төлөлтөд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Ай энд жи хаус” ХХК-тай “Газар шорооны ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г бичгээр байгуулж, уг гэрээгээр 60,000,000 төгрөгийн үнэлгээтэй газар шорооны ажлийг гүйцэтгүүлж, уг ажлыг гүйцэтгүүлэхтэй холбогдуулан машин мехнизмын шүлшний зардалд 5,045,800 төгрөгийг “Ай энд жи хаус” ХХК-аас төлж, уг төлсөн шүлшний зардлыг 11/03 тоот зээлийн гэрээний үндсэн зээлд тооцохоор тохиролцсон. Хариуцагч нь “Газар шорооны ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ний дагуу ажлыг гүйцэтгэсэн боловч зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлөөгүй байгаа болно.

Иймд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/03 тоот зээлийн гэрээний төлбөрт 100,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 36,000,000 төгрөг, гэрээний 6.2-т заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь буюу 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 576 хоногийн алданги 52,522,900 төгрөг, нийт 188,522,900  төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Ай энд жи хаус” ХХК-иас бетон зуурмагийн үйлдвэр байгуулах, улмаар хамтарч ажиллах нөхцөлтэй 100,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд ковид цар тахлаас болж 2 жил хил хаалттай үйлдвэрээ авчирч чадахгүй байсан ба 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үйлдвэрээ авчирч одоогийн байдлаар угсарч байна. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/03 тоот зээлийн гэрээгээр 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй гэрээ байгуулсан боловч хэрэг дээрээ ам байдлаар тохиролцож тус төлбөрийг бартераар буюу бетон зуурмаг нийлүүлэх замаар төлбөрийг төлөхөө удаа дараа бичгээр илэрхийлсэн байдаг. Үүний илэрхийлэл болуж 2022 оны 03 дугаар сарын 30-нй өдрийн газар шорооны ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ажил гүйцэтгүүлсэн байдаг. Мөн тус гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан боловч гэрээнд сунгалт хийгдээгүй. Нэгэнт сунгалт хийгдээгүй байхад 15 сараар тооцож 60,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хүүнд тооцсон нь буруу. Иймд хариуцагчийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 6 сарын хүү 24,000,000 төгрөг, нийт 124,000,000 төгрөг, үүнээс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ажлын гүйцэтгэл болох 60,000,000 төгрөгийг хасч тооцоод 64,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзэж 32,000,000 төгрөгийн алдангийг нэмээд 96,000,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэх замаар төлөх боломжтой гэж үзэж байна ” гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт:  нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/03 тоот зээлийн гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн барьцааны гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ, “Ай энд жи хаус” ХХК-ийн Хаан банкны депозит дансны хуулга, Ж.*******гийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус тус “Ай энд жи хаус” ХХК-д гаргасан хүсэлтүүдийн хуулбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хариу тайлбар, “ЖКЛ-ХАУС” ХХК-ийн захирал Ж.*******гийн 2020 оны 10 сард “Ай энд жи хаус” ХХК-д гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан бетон зуурмагийн үнийн санал, “ЖКЛ-ХАУС” ХХК-ийн захирал Ж.*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Ай энд жи хаус” ХХК-д гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан бетон зуурмагийн үнийн санал.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг, ажил гүйцэтгэх механизмын түлшний зардалд  5,045,800 /таван сая дөчин таван мянга найман зуу/ төгрөг, нийт 105,045,800 /нэг зуун таван сая дөчин таван мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 83,477,100 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Үүнд: зээлийн гэрээний үндсэн төлбөрт 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг, зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 36,000,000 /гучин зургаан сая/ төгрөг, зээлийн гэрээний 6.2-т зааснаар 576 хоногийн алданги /үндсэн зээлийн 50 хувь/ 52,522,900 /тавин хоёр сая таван зуун хорин хоёр мянга есөн зуу/ төгрөг, нийт 188,522,900 /нэг зуун наян найман сая таван зуун хорин хоёр мянга есөн зуу/ төгрөгийн нэхэмжлэл шүүхэд гаргасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс өмнөх нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан ажил гүйцэтгэх механизмын түлшний зардалд  5,045,800 /таван сая дөчин таван мянга найман зуу/ төгрөгөөсөө татгалзаагүй тул түүнийг нэмж нийт 193,568,700 /нэг зуун ерэн гурван сая таван зуун жаран найман долоон зуу/ төгрөгийг хариуцагч Ж.*******гоос гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч Ж.******* нь  зээлийн үүрэгт 100,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг зээлсэн мөнгөөр бетон зуурмагийн үйлдвэр байгуулж ажиллахаар төлөвлөж байсан бөгөөд БНХАУ-аас бетон зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмж авах мөнгийг шилжүүлсэнээс хойш Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсад хатуу хөл хорио тодорхой хугацаагаар Засгийн газар тавьж бизнессийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, мөн БНХАУ хилээ удаан хугацаагаар хааж бараа материал хүлээж авах боломжгүй нөхцөл байдал үүсч, зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Энэ талаар зээлдүүлэгч С.*******  болон зээлсэн мөнгийг шилжүүлсэн “Ай энд жи интернэшил” ХХК-д удаа дараа хүсэлт гаргаж, мөн өөрийн захирлаар нь ажилладаг “ЖКЛ-ХАУС” ХХК-ийн албан тоотоор 2 удаа хүсэлт гаргаж, уг хүсэлтүүдээр гэрээний хугацааг сунгах, гэрээний төлбөрийг төлөх хэд хэдэн хувилбарыг санал болгосон талаар шүүхэд гаргасан. Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүүтэй холбоотой 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр  “Ай энд жи хаус” ХХК болон “ЖКЛ-ХАУС” ХХК-ийн хооронд байгуулсан Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээний дагуу 60,000,000 төгрөгөөр газар шорооны ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 60,000,000 төгрөгөөс зээлийн гэрээний 6 сарын хугацааны хүү 24,000,000 төгрөгийг хасч, үндсэн зээлийн төлбөрийн 100,000,000 төгрөгөөс үлдэх 36,000,000 төгрөгийг хасч, үндсэн зээлийн төлбөрт 64,000,000 төгрөг төлөхийг, үүн дээр зээлийн гэрээний алданги 32,000,000 төгрөгийг нэмж нийт 96,000,000 төгрөгийг бетон зуурмаг нийлүүлэх замаар төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Зохигчид 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/03 зээлийн гэрээг бичгээр байгуулж, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчийн ХААН банкны 5031293878 дугаартай дансанд нэхэмжлэгч өөрийн захирлаар нь ажиллаж байсан компанийн хамаарал бүхий  “Ай энд жи интернэшил” ХХК-ийн Хас банкны 5001740455 дугаартай данснаас  100,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Хас банкны 5001740455 дугаартай дансны депозит хуулгаар /хх-15х/ тогтоогдож байна.

Зохигчид 100,000,000 төгрөгийг зээлсэн, хүлээн авсан дээр маргаан байхгүй гэж шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарладаг.

      Мөн зохигчид 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2229 дугаартай Барьцааны гэрээг байгуулсан ба уг барьцааны гэрээгээр 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/03 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан бөгөөд нэхэмжлэгчээс барьцааны гэрээнд заасан барьцааны эд хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шүүх хуралдаанд мөн энэ талаар хүсэлт, тайлбар гаргаагүй. Хариуцагч шүүх хуралдаанд барьцааны HOWO маркийн 43-05 УБО улсын дугаартай автомашиныг зарж борлуулсан одоо түүний өмчлөлд байхгүй гэж тайлбарладаг тул энэхүү барьцааны гэрээтэй холбоотой эд хөрөнгийн талаар шүүх зохигчдын хооронд маргаан бүхий энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд барьцааны эд хөрөнгөөр үүрэг гүйцэтгэлийг хангуулах асуудлаар дүгнэлт өгөх нь хууль зүйн ач холбогдолгүй гэж дүгнэж байна.

3.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан....мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

4. Зохигчид 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11/03 дугаартай  зээлийн гэрээг байгуулсан бөгөөд хариуцагч зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүйн улмаас зохигчид хариуцагчийн гэрээний хугацаа сунгах, зээлийн төлбөр төлөхтэй холбоотой хүсэлтүүд /хх-18х, 19х, 20х/, “ЖКЛ-ХАУС” ХХК-ийн 2020.10.11-ны өдрийн албан тоот /хх-34-35х/, 2021.01.25-ны өдрийн 12/01 албан тоот /хх-36-37х/ заасан нөхцлийг хүлээн зөвшөөрч, зохигчид сайн дурын үндсэн дээр зээлийн гэрээний үндсэн төлбөр, зээлийн гэрээний хүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, “Ай энд жи хаус” ХХК болон “ЖКЛ-ХАУС” ХХК-ийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээний үнийн дүн 60,000,000 төгрөгөөр газар шорооны ажлыг гүйцэтгэхийг талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хуульд нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэхээр байна.

“Ай энд жи хаус” ХХК нь нэхэмжлэгч С.*******ын хамаарал бүхий ажиллаж байсан компани гэж, мөн нэхэмжлэгчийн хариуцагчид зээлсэн 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн “Ай энд жи интернэшил” ХХК-ийн охин компани гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд тайлбар гаргадаг, хариуцагч энэхүү тайлбарыг үгүйсгэдэггүй хүлээн зөвшөөрдөг, “ЖКЛ-ХАУС” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар хариуцагч Ж.******* ажилладаг бөгөөд түүний гарын үсэг, компанийн тамга гэрээнд дарагдснаар хүчин төгөлдөр гэрээг байгуулсан ба уг ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 60,000,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/03 дугаартай  зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүүгийн төлбөрт тооцохыг ажил гүйцэтгэх гэрээний 2.1, 2.2-т зааснаар ажил гүйцэтгэх механизмын түлшийг захиалагч тал хариуцах бөгөөд уг гэрээний 2.2-т заасан зээлийн гэрээний төлбөрт нэмж тооцно, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/03 дугаартай байгуулсан 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүүгийн төлбөрөөс 60.000,000 төгрөгийг хасч хүүгийн төлбөрт тооцохоор харилцан тохиролцоно гэж зохигчид болон зохигчийн хамаарал бүхий компанийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд газар шорооны ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байна.

            Зохигчид ажил гүйцэтгэх гэрээний ажлын гүйцэтгэлд маргаан байхгүй, 60,000,000 төгрөгийн газар шорооны ажлыг хариуцагч хийж гүйцэтгэсний нэхэмжлэгч хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, 60,000,000 төгрөгийг зээлийн гэрээний хүүгийн төлбөрөөс хасч тооцсон гэж шүүхэд тайлбар гаргадаг.

            Харин хариуцагч ажил гүйцэтгэх гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр 60,000,000 төгрөгийг гэрээний хүү, гэрээний алданги төлбөрт суутгаж, зээлийн гэрээний хүү, алдангийг хааж тооцохоор ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж маргадаг.

Шүүхээс ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 60,000,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг 11/03 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн  төлбөр, зээлийн хүүгийн төлбөрт тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээгээр зохигчид зээлийн үндсэн төлбөр, хүү, гэрээний хугацааг тогтоох ба зээлийн гэрээний тогтоосон хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүү төлөхийг зээлдүүлэгч нь зээлдэгчээс шаардах эрхтэй болохыг хуульд тодорхой хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дууссан бол зээлдүүлэгч зээлийн үндсэн төлбөр, гэрээний хугацаанд тогтоосон хүүг зээлдэгчээс нэхэмжлэх эрхтэй юм. Зохигчид зээлийн хүүг үндсэн зээл болох 100,000,000 төгрөгийн 4 хувь буюу 4,000,000 төгрөг гэж сар тутам уг хүүг төлөхөөр, гэрээний хугацааг 6 сарын хугацаа тогтоож өгсөн бөгөөд гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болохоор гэрээг байгуулжээ.

Хариуцагч гэрээний хугацаа сунгах, зээлийн төлбөр төлөхтэй холбоотой санал, хүсэлтүүд /хх-18х, 19х, 20х/, “ЖКЛ-ХАУС” ХХК-ийн 2020.10.11-ны өдрийн албан тоот /хх-34-35х/, 2021.01.25-ны өдрийн 12/01 албан тоотод /хх-36-37х/ заасан байдлаар нэхэмжлэгчид гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч гэрээний хугацааг сунгах хүсэлтийг удаа дараа ирүүлснийг Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаар зээлийн гэрээг сунгагдсанд тооцно гэж тайлбарладаг боловч энэхүү гэрээний сунгалт хийсэн талаарх зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт хийгдээгүй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь зээлийн гэрээ сунгах хууль зүйн үндэслэл болохгүй ба нэхэмжлэгч энэ талаарх хууль зүйн үндэслэлээ шүүхэд тайлбарлаж чадаагүй. Харин зээлийн гэрээний төлбөр төлөх хариуцагчийн саналыг хүлээн зөвшөөрч, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Ай энд жи хаус” ХХК болон “ЖКЛ-ХАУС” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.1, 2.2-т зааснаар зээлийн гэрээний үндсэн төлбөр, зээлийн гэрээний хүүг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож суутгахаар харилцан тохиролцсноор давхар няцаагдаж байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээнд зээлийн гэрээг сунгасан талаарх зохицуулалт байхгүй, зохигчид энэ талаар харилцан тохиролцоогүй байна.

Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний хугацаа сунгах хуулийн зохицуулалт болох боломжгүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ бол бие даасан иргэний эрх зүйн харилцааны гэрээний төрөл ба ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг /гэрээний зүйлд тусгах байдлаар/ зохигчид зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, анзын гэрээний төлбөр төлөлтөд тооцож, өр төлбөр барагдуулахаар харилцан тохиролцож болох ба энэ нь зээлийн гэрээний төлбөрт нотолгооны зорилгоор тусгах нь хууль зүйн хувьд зохимжтой юм.

Иймд шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/03 дугаартай  зээлийн гэрээг зохигчид сунгаагүй, гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дууссан тул зээлийн гэрээний 2.2-т заасан үндсэн зээл болох 100,000,000 төгрөгийн 4 хувь болох 4,000,000 төгрөгийн хүүг 6 сараар тооцоход зээлийн гэрээний хүү 24,000,000 төгрөг болж байх бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 60,000,000 төгрөгөөс хасч, зээлийн гэрээний хүүг төлсөнд тооцно.

Харин хариуцагч зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 100,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчид зээлийн төлбөр төлөөгүй байгаа бөгөөд 60,000,000 төгрөгөөс хүүгийн төлбөрт 24,000,000 төгрөгийг хасаад /60,000,000-24,000,000=36,000,000/ үлдэх 36,000,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөр болох 100,000,000 төгрөгөөс хасч /100,000,000-36,000,000=64,000,000/ үндсэн зээлийн төлбөрт хариуцагчаас 64,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

5. Нэхэмжлэгч хариуцагчаас 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 576 хоногийн алданги 52,522,900 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгчээс 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ дууссан өдрөөс нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн өдөр болох 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд алданги нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

      Учир нь нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулах өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчаас анзын гэрээний алдангийг нэхэмжлээгүй, шаардаагүй байсан нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т зааснаар нотлогдож байна. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүүгийн төлбөр барагдуулахаар гэрээнд тусгасан бөгөөд энэхүү гэрээнд зээлийн гэрээний алдангийг нэхэмжилж буюу шаардаж байгаа талаар тусгаагүй байдал нь нэхэмжлэгчийн анзын гэрээний шаардлагыг зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс энэхүү ажил гүйцэтгэх гэрээг байгуулах хүртэлх хугацаанд гаргаагүй байдлаар тогтоогдож байна.

      Нэхэмжлэгч болон хариуцагч нар шүүх хуралдаанд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү, алдангийг төлж барагдуулахаар аман байдлаар гэрээг байгуулахдаа тохирч байсан хэдий ч гэрээнд хүүг төлөхөөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан гэж зохигчид тайлбар өгсөн  болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

      Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасан анзын гэрээний төрөл болох алдангийг нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/03 дугаартай  зээлийн гэрээний 6.2-т зааснаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр нэхэмжлэх эрхтэй гэж заасан нь нэхэмжлэгч алдангийг нэхэмжилж болно, нэхэмжлэхгүй байх эрх нь ч мөн адил нээлттэй гэж ойлгоно. Харин нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссан өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулах өдрийг хүртэл, мөн гэрээ байгуулахдаа анзын шаардлагыг гаргаагүй нь алданги нэхэмжлэх эрхээсээ энэхүү хугацаанд татгалзсан гэж шүүх дүгнэж байна. Харин 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2.3-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл гэж тохиролцсон байна.

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгэж, гэрээний төлбөрийг харилцан бие биедээ төлсөн учир гэрээний хугацаанд ямар нэгэн зөрчил үүсээгүй гэж үзэх ба харин зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 64,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хариуцагч төлөөгүй тул 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/03 дугаартай  зээлийн гэрээний 6.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хоног тутам хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчээс 64,000,000 төгрөгийн 0.5 хувь болох 320,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 210 хоногоор тооцож, /210х320,000=67,200,000/ 67,200,000 төгрөгийн алданги нэхэмжлэгчид төлөхөөр тогтоогдож байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын гэрээний нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульд зохицуулсан тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 64,000,000 төгрөгийн 50 хувь болох 32,000,000 төгрөгийг зээлийн гэрээний алдангид тооцож, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх механизмын түлшний зардалд 5,045,800 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т ажил гүйцэтгэх газар шорооны ажлын механизмын түлшний зардлыг захиалагч тал хариуцах бөгөөд гэрээний 2.2-т зааснаар зээлийн гэрээний төлбөрт нэмж тооцно. Мөн гэрээний 2.2-т гэрээний төлбөр 60,000,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/03 дугаартай  зээлийн гэрээний хүүгийн төлбөрт тооцохоор харилцан тохиролцсон байна. Тэгвэл гэрээний 2.1-т заасан зээлийн гэрээний төлбөрт тооцохоор тохиролцсон газар шорооны ажлын механизмын түлшний зардал болох 5,045,800 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 100,000,000 төгрөг дээр нэмж тооцохоор ажил гүйцэтгэх гэрээг зохигчид байгуулсан гэж үзнэ.

Иймд ажил гүйцэтгэх механизмын түлшний зардалд 5,045,800 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ болон шүүх хуралдаанд татгалзаагүй тул 5,045,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

7.Шүүхээс нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******д холбогдох иргэний хэрэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 64,000,000 төгрөг, механизмын түлшний зардалд 5,045,800, хүү 00 төгрөг, алданги 32,000,000 төгрөг, нийт 101,045,800 төгрөгийг хариуцагч Ж.*******гоос гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 87,477,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн

гэрээний үүрэгт 105,045,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд ийнхүү нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 683,179 төгрөгийг төлсөн, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна. Үүнд: зээлийн гэрээний үндсэн төлбөрт 100,000,000 төгрөг, зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 36,000,000 төгрөг, зээлийн гэрээний 6.2-т зааснаар 576 хоногийн алданги /үндсэн зээлийн 50 хувь/ 52,522,900 төгрөг, нийт 188,522,900 төгрөгийн нэхэмжлэл шүүхэд гаргасан. Урьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зөрүү буюу нэмэгдүүлсэн шаардлага нь 88,522,900 төгрөг бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид 575,335 төгрөгийг төлсөн байна. Шүүх хуралдаанд өмнөх нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан ажил гүйцэтгэх механизмын түлшний зардалд 5,045,800 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаагүй бөгөөд нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 105,045,800 төгрөг дээр нэмэгдүүлсэн шаардлага болох  88,522,900 төгрөг нэмж, нийт нэхэмжлэлийн шаардлага нь 193.568.700 төгрөг болсон ба шүүхэд төлөх нийт улсын тэмдэгтийн хураамж 1,125,793 төгрөг төлөх ёстой боловч нэхэмжлэгч шүүхэд 1,258,514 төгрөгийг төлсөн ба 132,721 төгрөгийг илүү төлсөн байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,125,793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 663,179 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 132,721 төгрөгийг төрийн сангийн 100200900941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.*******гоос зээлийн гэрээний үүрэгт 101,045,800 /нэг зуун нэг сая дөчин таван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 87,477,100 /наян долоон сая дөрвөн зуун далан долоон мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,125,793 /нэг сая нэг зуун хорин таван мянга долоон зуун ерэн гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 663,179 /зургаан зуун жаран гурван мянга нэг зуун далан ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 132,721 /нэг зуун гучин хоёр мянга долоон зуун хорин нэг/ төгрөгийг төрийн сангийн 100200900941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.АРИУНБОЛД