Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00459

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00459

 

 

С.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2022/04112 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Д-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 188,522,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/03 тоот зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй байхаар тохиролцон гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагчийн өмчлөлийн 4305 УБО улсын дугаартай HOWO LZZ3257, M3847W, 0827 УНУ улсын дугаартай HOWO ZZ3257 маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг тус тус нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцон барьцааны гэрээг байгуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээний дагуу Ай энд жи интернэшнл ХХК-ийн харилцах данснаас хариуцагчийн дансанд 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч 2 тээврийн хэрэгслийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч үндсэн зээл болон хүүг төлөх боломжгүй, гэрээний хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр удаа дараа гаргаж, зээлийн гэрээний хүүгийн төлөлтөд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ай энд жи хаус ХХК-тай ажил гүйцэтгүүлэх гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээгээр 60,000,000 төгрөгийн үнэлгээтэй газар шорооны ажлыг гүйцэтгүүлж, ажил гүйцэтгэхтэй холбогдуулан автомашин мехнизмын түлшний зардалд 5,045,800 төгрөгийг Ай энд жи хаус ХХК-иас төлж, төлсөн түлшний зардлыг зээлийн гэрээний үндсэн зээлд тооцохоор тохиролцсон. Хариуцагч нь ажил гүйцэтгүүлэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн боловч зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлөөгүй. Иймд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний төлбөрт 100,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 36,000,000 төгрөг, гэрээний 6.2-т заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь буюу 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 576 хоногийн алданги 52,522,900 төгрөг, нийт 188,522,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ай энд жи хаус ХХК-иас бетон зуурмагийн үйлдвэр байгуулах, хамтран ажиллах нөхцөлтэй 100,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд ковид 19 цар тахлаас үүдэн 2 жил хил хаалттай байсан тул үйлдвэрээ авчирч чадаагүй. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үйлдвэрээ авчирч угсарсан. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй гэрээ байгуулсан боловч төлбөрийг бартераар буюу бетон зуурмаг нийлүүлэхээр тохирсон. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 60,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг гүйцэтгүүлсэн. Мөн гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан боловч гэрээний хугацааг сунгаагүй байхад 15 сараар тооцож 60,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг зээлийн хүүд тооцсон нь буруу. 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 6 сарын хүү 24,000,000 төгрөг, нийт 124,000,000 төгрөг, үүнээс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ажлын гүйцэтгэл болох 60,000,000 төгрөгийг хасаж 64,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзэж 32,000,000 төгрөгийн алдангийг нэмж 96,000,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэх замаар төлөх боломжтой гэж үзэж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Д-гоос зээлийн гэрээний үүрэгт 101,045,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Д-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 87,477,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,125,793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Д-гоос улсын тэмдэгтийн хураамжид 663,179 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 132,721 төгрөгийг төрийн сангийн 100200900941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч С.Д-т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүхийн шийдвэрийн 5-т нэхэмжлэгчээс 64,000,000 төгрөгийн 0,5 хувь болох 320,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 210 хоногоор буюу 67,200,000 төгрөгөөр тооцсон. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй тул 32,000,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгчээс хариуцагчид олгох нь зүйтэй гэж хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс бусад хэсэгтэй санал нэг байгаа боловч алдангитай холбоотой асуудлыг ковид 19 цар тахлын үеийн нөхцөл байдал гэж үзэж байна. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Короновируст халдвар /ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан бөгөөд хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилнэ. Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцохоор заасан. Уг хуульд барьцаалан зээлдүүлэх газар гэсэн нэр томьёо хэрэглэсэн боловч Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх зарчмын дагуу иргэд хоорондын зээлийн гэрээнд ч нэгэн адил үйлчилнэ. Иймд зээлийн хүүг 3 хувь, алдангийн хэмжээг өдрийн 0,2 хувиар тооцон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлд зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүү болон алдангийг бууруулж, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Тус хуулиар барьцаалан зээлдүүлэх газрыг ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Уг барьцаалан зээлдүүлэх хуулийн этгээд нь харьяа нутаг дэвсгэрийн Засаг даргын тамгын газарт мэдэгдэж, зөвшөөрөл авснаар үйл ажиллагаа явуулдаг. Талууд иргэд хоорондын зээлийн гэрээг бичгээр байгуулж харилцан тохиролцсон. Мөн ковид-19 цар тахлын улмаас хэдэн төгрөг төлөх хугацааг хойшлуулсан талаар ямар нэгэн баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй. Иймээс Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэж заасны дагуу тус хуулийг уг маргаанд төсөөтэй хэрэглэх боломжтой гэж үзсэн. Гэвч талуудын хоорондын харилцааг зохицуулах хуулийн хэм хэмжээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3 дахь хэсэгт тус тус зааснаар тодорхой зохицуулсан учраас уг хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Ж.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 105,045,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 36,000,000 төгрөг, алданги 52,522,900 төгрөг, нийт 188,522,900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч 96,000,000 төгрөгийг бетон зуурмагаар төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрчээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. С.Д- нь Ж.Д-той 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 100,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх 4-7/

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр С.Д нь Ж.Д-той барьцааны гэрээ байгуулж, Ж.Д-н өмчлөлийн Howo ZZ3257 маркийн 08-27 УНУ улсын дугаартай, Howo LZZ3257M847W маркийн 43-05 УБО улсын дугаартай хоёр ширхэг өөрөө буулгагч ачааны автомашиныг барьцаалсан байна. /хх 8-9/

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.

Зээлдүүлэгч С.Д нь зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг зээлдэгч Ж.Д-д шилжүүлэн өгсөн болох нь Ай энд Жи интернэшнл ХХК-ийн дансны хуулгаар тогтоогджээ. /хх 15-17/

Харин хариуцагч нь зээл төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүрэг зөрчигдсөн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Зээлийн гэрээний 2.2-т Зээлийн хүү нь нэг сард 4 хувь буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг байна, 6.2-т Зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь хүү, алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 36,000,000 төгрөг, алданги 52,522,900 төгрөг, нийт 188,522,900 төгрөг гэж тодорхойлсоныг хариуцагч үгүйсгэж, үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 24,000,000 төгрөг, нийт 124,000,000 төгрөг төлөхөөс газар шорооны ажил гүйцэтгүүлэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс болох 60,000,000 төгрөгийг хасч тооцоод 64,000,000 төгрөг, алданги 32,000,000 төгрөг, нийт 96,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх үндсэн зээл 64,000,000 төгрөг, алданги 32,000,000 төгрөг, газар шорооны ажил гүйцэтгүүлэх гэрээний 2.1-д зааснаар ажил гүйцэтгэх механизмын түлшийг захиалагч тал хариуцах бөгөөд зээлийн гэрээний төлбөрт нэмж тооцохоор тохиролцсоныг үндэслэн түлшний зардал 5,045,800 төгрөг, нийт 101,045,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Д-т олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Ж.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаагүй тул энэ талаар дүгнэхгүй.

7. Хариуцагчийн өмгөөлөгчийн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэж зээлийн хүүгийн хэмжээг сарын 3 хувь, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиар тооцуулахаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно. Иргэний хууль тогтоомжоор тухайн харилцааг тусгайлан зохицуулсан, өөрөөр хэлбэл, зөвхөн тухайн тодорхой харилцааг зохицуулахаар тогтоосон хэм хэмжээг төсөөтэй бусад харилцаанд хэрэглэж болохгүй.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэжээ. Энэ зохицуулалт нь гагцхүү барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээг тухайлан зохицуулсан бөгөөд үүнийг иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанд хэрэглэхгүй.

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2022/04112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 663,179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.БЯМБАСҮРЭН