| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2021/0009/Э |
| Дугаар | 0037 |
| Огноо | 2021-06-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 0037
Н.Э, Л.Н, Г.Т
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор С.Б
Шүүгдэгч Н.Э, Л.Н /онлайнаар/ Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э, Р.Б, С.Б
Нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолтой Н.Э, Л.Н, Г.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Нгийн өмгөөлөгч С.Б-н давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, О овогт Н-н Э.
Монгол Улсын иргэн, Б овогт Л-н Н.
Монгол Улсын иргэн, Д овогт Г-н Т.
Н.Э нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед аймгийнсумын багийн тоотод оршин суух иргэн Н.Э-н байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 42 инчийн Хайер /Hair/ загварын зурагт хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
Н.Э Л.Н нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр аймгийн сумын багийн тоотод оршин суух иргэн Г.Б-н байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн Самсунг маркийн телевизор, эмэгтэй хүний 3 хос ээмэг, бөгж, зүүлт болон манан хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.015.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр аймгийн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” худалдааны төвийн авто зогсоол дээр байсан Ниссан Экстрайл маркийн улсын дугаартай автомашинаас иргэн П.Э-н эд зүйлсийг хулгайлж, 887.300 төгрөгийн хохирол учруулсан,
Л.Н, Г.Т нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр багт үйл ажиллагаа явуулдаг “Р” гар утасны дэлгүүрээс Самсунг Эс-9 плас загварын гар утас 1 ширхэг, Нокиа-А5 загварын гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж иргэн Н.Г-д 745.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч О овгийн Н-н Э, Б овгийн Л-н Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д овгийн Г-ний Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Нг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, шүүгдэгч Л.Нд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийн цагдан хоригдсон 182 хоног, шүүгдэгч Л.Нгийн цагдан хоригдсон 146 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э, Л.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эөөс 647.500 төгрөг гаргуулан хохирогч Г.Б-т 347.500 төгрөгийг, хохирогч П.Э-д 247.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.М-д 52.500 төгрөгийг, шүүгдэгч Л.Нгаас 647.500 төгрөг гаргуулан хохирогч Г.Б-т 347.500 төгрөгийг, хохирогч П.Э-д 247.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.М-д 52.500 төгрөгийг тус тус олгож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо:
“ ... Л.Н нь шийтгэх тогтоол гарахаас өмнө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Цагдаагийн газраас ял сонсгон, яллагдагчаар татагдан шалгагдаж байсан бөгөөд хэрэг Прокурорт шилжин яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Гэмт хэрэг тус бүрд ял ногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох Эрүүгийн хуулийн заалт байгаа хэдий ч шүүгдэгч Л.Нгийн хувьд шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэгт дахин ял шийтгэж нэмж нэгтгэн тохиолдолд эрх зүйн байдал илт дордож, эдлэх ялын хэмжээ өндөр тогтоогдох бодит байдал бий болоод байна.
Мөн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолд ... шүүгдэгч нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон, гэхдээ гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан тухай Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг хэрэглэх эсэхэд дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: “ ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Нгийн өмгөөлөгч С.Б-н гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Э, Л.Н, Г.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Н.Э нь ганцаараа болон шүүгдэгч Л.Нтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, шүүгдэгч Л.Н нь шүүгдэгч Н.Этэй бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, шүүгдэгч Г.Ттой бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан, шүүгдэгч Г.Т нь шүүгдэгч Л.Нтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Үүнээс гадна шүүгдэгч Л.Н нь дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр С.А-тай бүлэглэн аймгийн сумын багийн тоотод оршин суух иргэн Б.Б-н гэрт хууль бусаар нэвтэрч 550.000 төгрөгийн үнэ бүхий 43 инчийн LCD зурагтыг хулгайлсан, мөн уг хашаанд байсан улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахдаа 526.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Нгийн эдгээр үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
Шүүгдэгч Л.Нгийн өмгөөлөгч С.Б нь хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэх явцад дээрх хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан атал шүүх шүүгдэгч Н.Э, Л.Н, Г.Т нарын гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэж, шүүгдэгч Л.Нд ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдлыг бий болгосон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдсэн хүн үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтоож болохоор заажээ.
Хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим боловч энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоохдоо шүүгдэгчийн эрх зүйн байдлыг онцгой дордуулах тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгах арга хэмжээг хуульд заасан хэмжээ, хязгаарын дотор хэрэгжүүлэх үүрэгтэй.
Иймд энэхүү хэргийг анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх байдлаар Л.Нгийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, ял оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэх тул түүний өмгөөлөгч С.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Харин шүүгдэгч Н.Э нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Т” хүнсний дэлгүүрийн худалдагч Ц.Б-н 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий Huawei Y-6 маркийн гар утсыг хулгайлсан /хх 199-211/, мөн 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэн Н.Э-ын гэрээс түүний нөхөр н.П-н 265.000 төгрөгийн үнэлгээ бүхий /Samsung маркийн гар утас, повер банк, пүүз зэрэг/ эд зүйлсийг хулгайлсан /хх 212-228/ байх ба дээрх үйлдлүүддээ Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгүүлсэн гэж шүүгдэгч болон шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б нар тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Үүнийг хэрхэн дүгнэж шийдвэрлэх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
Мөн прокурорын яллах дүгнэлтэд 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн огноог 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэж буруу бичсэн, шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлаагүй зэргийг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүгдэгч Л.Нгийн өмгөөлөгч С.Б-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ