Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2022/00608

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.Х холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,  хариуцагч О.Х/цахимаар/ нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б тэмдэглэл хөтлөв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ/4 дүгээр/ багийн Хүрхрээ голд байршилтай, газар тариалангийн зориулалттай, 5,000/таван мянга/ метр квадрат талбайтай газрыг чөлөөлүүлэх

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Д.Б миний бие Чандмань сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр захирамжаар газар тариалангийн зориулалттай, нэгж талбарын 820200863 дугаартай 0,5 га талбайтай газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа.

Гэтэл О.Х нь надаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр миний газар дээр тариа тарьчихаад энэ газар чинь одоо миний газар болсон гэж марган намайг өөрийн эззмшлийн газартаа тариа тарьж, хадлангаа авч ашиглах боломжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.

О.Х-ын энэхүү үйлдэл нь намайг өөрийн эзэмшлийн 0,5 га газраа ашиглаж, ашиг шимийг нь олж авах эрхэд минь саад учруулж байгаа тул Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багийн Хүрхрээ голд байрлах, нэгж талбарын 8202000863 дугаартай, 0224588 дугаар гэрчилгээтэй, газар тариалангийн зориулалттай 0,5 га газрыг О.Х-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн татгалзлын агуулга: Би Хүрхрээ голд 2005 оноос хойш газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Д.Б гэдэг хүний 50 сот газар байгаа. Энэ талбайг 2005 оноос хойш н.Т гэдэг хүн эзэмшиж байгаад 2006 онд Төв аймаг руу шилжсэн.

Ашиглагдаагүй талбайг 2005 оноос сумын Засаг даргын захирамж гарч, эзэмшиж байгаа хүмүүст шилжүүлсэн. Захирамжид үндэслээд газрын даамал байсан Б.Д гэдэг хүнд хүсэлт гаргаж, энэ 50 сот газрыг аавын газартай хамт эзэмшье гэхэд газрыг хэмжиж байж олгоно гэсэн.

Дараа нь дахин хүсэлтээ өгөхөд кадастрын зургаа баталгаажуулж газрыг чамд өгөх эсэхийг шийднэ гэсэн. Би тэр газарт 2019 он хүртэл тариалан эрхэлж эзэмшиж байсан.

Тэгтэл Д.Б ахын хүү Б.Б аавтайгаа хамт над дээр ирээд газраа авна гэхээр нь би 2005 оноос хойш энэ талбайг эзэмшиж байна. Танайх авахаар бол газраа ав гэж хэлсэн.

Бид садан төрлийн холбоотой хүмүүс байгаа юм. Намар ээжийн дүүтэй хамт ирээд хадлан авна гэхээр нь та дуртай газраасаа 50 сот газрын хадлан хадаж аваад яв гэж хэлсэн.

Д.Б нь 2022 онд Б.Батсайхантай хамт надтай уулзаагүй шууд ирээд талбайгаа услаад явсан. Өмнө нь би өөрт нь хуулийн дагуу маргалдахгүй газраа ав гэж хэлсэн. Хажууд нь манай аавын нэр дээр га газар байгаа.

Маргаан болж байгаа үндэслэл нь манай сумын даамал кадастрын зургийг баталгаажуулсан. Тэгэхэд эцэг нь ирээд “энэ манай газар байгаа юм, 50 сот газар энд байгаа, чи хүний газар дээрэмдэж авлаа, газраа би авна” гэхээр нь би “Олон жил эзэмшиж байгаа. Та өөрийнхөө газрыг эзэмшээрэй” гэхэд “хадлан сайн гарч байгаа энэ газрыг би авна, урд газрыг би авахгүй” гэж хэлээд кадастрын зураг хийлгэсэн.

Газрын дүгнэлт дээр байгаа 9 дүгээр орсойтлын талбай гэж байгаа. Энэ хавар ирж, газраа услаад н.Д гэдэг хүнийг хагалаад өг гэсэн байхаар нь би өрөлж өгье гэж хэлсэн. Газрыг нь хэмжээд байрлал нь солигдсон байгаа юм. У.Д гэдэг хүний хажууд Д.Б гэдэг хүний газар захирамж дээр байгаа гэж хэлсэн.

Би 2005 оноос хойш хүний газар булааж аваад олон жил тариалан эрхлээгүй. Үүнийг гэрчлэх хүмүүс байгаа. Би хөгшин хүнтэй маргалдаад яах вэ? Та учрыг нь олж өгөөрэй гэж хэлээд байгаа юм.

Өөрөө газраа мэдэхгүй, тариалан эрхэлж үзээгүй. Би газрын албанд очиж кадастрын зургаар үзүүлсэн. Энэ хүний талбайг ашиглаагүй хоосон байгаа гэж хэлсэн. Тэгэхэд үүнийг дүгнэлтдээ оруулаагүй байна. Газрын албаны хүнийг дүгнэлт дээрээ яагаад оруулаагүй талаар гайхаж байна.

Кадастрын зураг надад байна. Та түүнийг харах боломж байна уу? би зураг дээр нь тайлбарлаж өгье. Б.О гэдэг хүний газрыг өөр өнгөөр тэмдэглэсэн байгаа. Миний хүсээд байгаа зүйл нь захирамжийн дагуу У.Д гэдэг хүний газрын хажууд Д.Б гэдэг хүний газар байх ёстой гэж хэлээд байгаа юм.

4. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” захирамж

- “Монгол Улсын иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”/0224588 дугаартай/

- Нэгж талбарын 8202000863 дугаартай газрын кадастрын зураг

- Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа/Д.Б/

- Эдлэн газрын тоо бүртгэлийн хуудас/Д.Б/

- Фото зураг

5. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.

6. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Гэрч А.Загдсүрэнгийн мэдүүлэг

- Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 03 дугаар шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийн хавсралт/ажлын хэсгийн хэмжилтийн үр дүн, давхцуулсан байдал, нэгж талбарын 8202000863 дугаартай хувийн хэргийн материал/

- Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 865 дугаар албан бичиг, түүний хавсралт шинжээчийн зардлын тооцоо, шатахууны баримт, албан томилолтын үнэмлэх, нэхэмжлэх

- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/134 дүгээр “Журам батлах тухай” тушаал

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч О.Х-т холбогдуулан ”хууль бусаар эзэмшиж байгаа” гэх үндэслэлээр Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ/4 дүгээр/ багийн Хүрхрээ голд байршилтай, газар тариалангийн зориулалттай, 5,000/таван мянга/ метр квадрат талбайтай газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч О.Хадбаатар нь “Уг газар нь миний эцэг Б.О-н хууль ёсны эзэмшил газар, кадастрын зураг алдаатай” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна”, 106.4 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд өмчлөгчийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хууль ёсны эзэмшигч нэгэн адил хэрэгжүүлэх боломжтой байна.

3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэжээ.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 32 дахь заалтаар 9 дүгээр талбайд 0.5 га газрыг Д.Б эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг захирамжийг үндэслэн Говь-Алтай аймгийн Чандмань сумын газрын даамал нь 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0224588 дугаартай “Монгол Улсын иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгожээ.

Энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээнд “Д.Б-д Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багийн Хүрхрээ голд 0.5 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгов” гэжээ.

Газар эзэмшүүлсэн захирамж, гэрчилгээний дагуу Говь-Алтай аймгийн Чандмань сумын газрын даамал нь Д.Б-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Дээрх бичмэл нотлох баримтаар 8202000863 нэгж талбарын дугаартай, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ/4 дүгээр/ багийн Хүрхрээ голд байршилтай, газар тариалангийн зориулалттай, 5,000/таван мянга/ метр квадрат талбайтай газрын хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч Д.Б нь болох нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Д.Б нь уг газраа бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардлага гаргах эрх бүхий хууль ёсны эзэмшигч мөн байна.

4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь “газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Д.Б нь 8202000863 нэгж талбарын дугаартай, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ/4 дүгээр/ багийн Хүрхрээ голд байршилтай, газар тариалангийн зориулалттай, 5,000/таван мянга/ метр квадрат талбайтай газрын эзэмших эрхийг баталгаажуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээтэй учир хариуцагч О.Х нь уг газрыг эзэмших эрхгүй этгээд байна. Үүнийг хариуцагч О.Х хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16 дахь хэсэгт заасны дагуу газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг газрын улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг "нэгж талбарын дугаар" гэдэг.

Энэхүү иргэний хэргийн тухайд 8202000863 нэгж талбарын дугаартай газрыг эзэмших эрхтэй этгээд нь нэхэмжлэгч Д.Б тул түүний газар эзэмших эрхийг Говь-Алтай аймгийн Чандмань сумын газрын даамлаас кадастрын зургаар баталгаажуулжээ.

Иймд “маргаан бүхий газрыг миний эцэг Б.О эзэмшдэг” гэх хариуцагч О.Хадбаатарын тайлбар эрх зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байна.

Учир нь хариуцагч О.Х-ын эцэг Б.О нь 8202000889 нэгж талбарын дугаартай Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багийн Хүрхрээ голд 9 дүгээр талбайд 0,5 га газрыг эзэмшдэг байна.

Б.О-ийн эзэмшиж буй нэгж талбарын 8202000889 дугаартай газар нь нэхэмжлэгч  Д.Б эзэмшиж буй 8202000863 нэгж талбарын дугаартай газартай хил залгаа, хоорондоо хөрш болох нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 03 дугаар шинжээчийн дүгнэлтэд тусгагджээ.

5. Говь-Алтай аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар зохион байгуулалт, төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн А.П, газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.М, геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Б нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн ажлын хэсэг нь зохигчийг байлцуулж, маргааны бүхий газарт хэмжилт хийсний үндсэн дээр дүгнэлт гаргажээ.

Уг шинжээчийн дүгнэлтээр хариуцагч О.Хадбаатар нь нэхэмжлэгч Д.Баялагсайханы хууль ёсны эзэмшлийн 8202000863 нэгж талбарын дугаартай, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ/4 дүгээр/ багийн Хүрхрээ голд байршилтай, газар тариалангийн зориулалттай, 5,000/таван мянга/ метр квадрат талбайтай газрыг бодитоор эзэмшиж, газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгааг тодорхойлжээ.

Шинжээч нь дүгнэлтдээ нэхэмжлэгч Д.Б, хариуцагч О.Хадбаатарын эцэг Б.О нарын эзэмшиж буй газрын хэмжээ, байршил, хариуцагч О.Х-н тариалсан гэх талбайн хэмжээ, байршил зэргийг нарийвчлан тусгасан хэмжилтийн үр дүнг давхцуулсан кадастрын зураг үйлдэж хавсаргасан нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүхийн шийдвэр биелэгдэх боломж, нөхцөлийг хангажээ.

Хариуцагч О.Х нь нэхэмжлэгч Д.Б эзэмшлийн дээрх газрыг бүхэлд нь бодитоор эзэмшиж, газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа үйл баримтын талаар маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг алдаатай гэж маргажээ.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ”, 16 дугаар зүйлийн 16.10 дахь хэсэгт “Нэгж талбар заагтай байна”, 16.11 дэх хэсэгт “Газрын кадастрын зурагт ерөнхий болон оноосон хил, заагийг харуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд газрын кадастрыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан эрхэлдэг байх бөгөөд уг захиргааны байгууллага/албан тушаалтан/-аас гаргасан захиргааны актын бодит байдалд нийцсэн, эрх зүйн үндэслэлтэй эсэхэд иргэний хэргийн шүүх дүгнэлт хийх эрх хэмжээгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол”-ыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэдэг.

Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”-д хамаардаг болно.

Иймд нэхэмжлэгч Д.Б-д эзэмшүүлсэн 8202000863 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг алдаатай гэх хариуцагч О.Х-ын татгалзалд иргэний хэргийн шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.  

7. Нэхэмжлэгч Д.Б нь 2020-2021 онуудад 8202000863 нэгж талбарын дугаартай, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ/4 дүгээр/ багийн Хүрхрээ голд байршилтай, газар тариалангийн зориулалттай, 5,000/таван мянга/ метр квадрат талбайтай газрыг чөлөөлөх шаардлагыг хариуцагч О.Х-т тавьж, хоорондоо харилцаж байсан үйл баримт зохигчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар маргаагүй болно.

8. Иймд нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 8202000863 нэгж талбарын дугаартай, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ/4 дүгээр/ багийн Хүрхрээ голд байршилтай, газар тариалангийн зориулалттай, 5,000/таван мянга/ метр квадрат талбайтай газрыг хариуцагч О.Х-ын хууль бус эзэмшлээс чөлөөлөх эрх зүйн үндэслэлтэй.

9.  Хариуцагч О.Х нь нэхэмжлэгч Д.Б-д эзэмшүүлсэн 8202000863 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг алдаатай гэх гомдлоо зохих журмын дагуу дээд шатны захиргаа, захиргааны хэргийн шүүхэд гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт Шүүхээс гаргасан дараах зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ”, 53.1.1 дэх хэсэгт “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хүсэлтээр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШЗ2022/01518 дугаар шүүгчийн захирамжаар Говь-Алтай аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг шинжээчээр томилж, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тусгай мэдлэг шаардсан асуудлыг дүгнэлт гаргуулсан болно.

Иймд шинжээчийн тээвэр, байр, хоолны зардал, ажил үүрэгт нь хамаарахгүй ажлын хөлсийг тодорхойлж, нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч зохигчоор нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараах журмаар тодорхойлно”, 54.1.1 дэх хэсэгт “шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж буй албан томилолтын зардлын хэмжээгээр”, 54.1.4 дэх хэсэгт “бусад зардлыг гүйцэтгэлийн баримтад заасан хэмжээгээр” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу шинжээч Говь-Алтай аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 865 дугаар албан бичгийн хавсралт шинжээчийн зардлын тооцоог холбогдох санхүүгийн анхан шатны баримт/албан томилолт, нэхэмжлэх, шатахууны баримт/-аар батлагдсан хэмжээгээр шүүхийн нөхөн төлүүлэх зардлын  дүнг хэмжилт, боловсруулалт хийсэн зардал 541,450 төгрөг, тээврийн зардал 272,000 төгрөг, томилолтын зардал 512,000 төгрөг, нийт 1,325,450 төгрөгөөр тодорхойлов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэжээ.

Шүүхээс нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул шүүхийн нөхөн төлүүлэх зардал 1,325,450 төгрөгийг хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч О.Х-с гаргуулж, шинжээч Говь-Алтай аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт олгов.

Харин шинжээчийн зардлын нэхэмжлэхт тусгасан нэмэгдсэн өртгийн албан татвар 132,545 төгрөг нь шүүхийн нөхөн төлүүлэх зардалд хамаарахгүй тул зохигчид хувиарлан хариуцуулах эрх зүйн үндэслэлгүй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Х-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б хууль ёсны эзэмшил, 8202000863 нэгж талбарын дугаартай, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ/4 дүгээр/ багийн Хүрхрээ голд байршилтай, газар тариалангийн зориулалттай, 5,000/таван мянга/ метр квадрат талбайтай газрыг хариуцагч О.Х-н хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Х-с шүүхийн нөхөн төлүүлэх зардалд 1,325,450/нэг сая гурван зуун хорин таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулан шинжээч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Х-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАТ