Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/02733

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/02733

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Б/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О ХХК/РД: /-д холбогдох,

 

38,362,800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э.******* миний бие Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төв, орон сууцны хотхоны төслийг хэрэгжүүлэгч ерөнхий гүйцэтгэгч Бүрэн-Өргөө' ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2018/03 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах зээлийн гэрээ-г байгуулсан.

Уг гэрээг байгуулахад миний найз П.Сарнай мөн адил орон сууц захиалгын гэрээ байгуулж П.Сарнайгийн өмчлөлийн Тоёото аллион маркийн автомашиныг орон сууцны урьдчилгаанд 17,000,000 төгрөгөөр тооцож оруулахаар харилцан тохиролцож, П.Сарнайгаас 8,500,000 төгрөгийг түр зээлэн, өөрийн орон сууц захиалгын гэрээний урьдчилгаанд уг 8,500,000 төгрөгийг тооцуулан үүн дээр 885,200 төгрөгийг нэмж, нийт 9,385,200 төгрөгийн төлөлт хийсэн.

Бүрэн-Өргөө ХХК-тай хийсэн гэрээ 2019/03/25 хүртэл үргэлжилж 2019 оны 4-р сараас эхлэн Бүрэн-Өргөө ХХК-д бетон нийлүүлэгч******* ХХК-руу захиалгын гэрээг шилжүүлэх асуудал яригдаж, улмаар 2019 оны 05 дугаар сарын 10 -ны өдөр******* ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр******* ХХК нь гэрээ байгуулах үед Бүрэн өргөө ХХК-д төлөгдсөн 19,240,000/арван есөн сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг төлснийг хүлээн зөвшөөрч, 52.14 м.кв талбай бүхий орон сууцыг 1.м.кв талбайг 1,600.000 төгрөг, нийт 83,424,000/наян гурван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөгөөр худалдаж авахаар, төсөл хэрэгжүүлэгч******* ХХК нь орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Гэрээ байгуулагдсанаас хойш******* ХХК -ийн харилцан хамаарал бүхий этгээд болох Авзага мээрэн ХХК -ийн дансанд 2019.04.15 -ны өдер 5,000,000 төгрөг,******* ХХК-ийн Хаан банкны 5447386126 тоот дансанд 6/10/2019-нд 986,400.00 төгрөг, 7/10/2019-нд 986,400.00 төгрөг, 8/28/2019-нд 706,400.00 төгрөг, 10/11/2019-нд 280,000.00 төгрөг, нийт 27,198,860 төгрөгийг төлсөн.

Огноо

Хүлээн авсан данс

Дүн

1.

2018.08.02

Бүрэн-Өргөө ХХК-ийн захирал

Д.Зоригтбаатарын хаан банкны 5032287354 тоот данс

9,385,200

2.

2018.03.11

1,407,780

3.

2018.10.25

1,407,780

4.

2018.11.25

1,407,780

5.

2018.12.25

1,407,780

6.

2019.01.25

1,407,780

7

2019.02.25

1.407,780

8.

2019.03.25

1,407,780

9.

2019.05.20

Авзага мээрэн ХХК-ийн хаан банкны 5003777421 тоот данс

5,000,000

10.

2019.06.10

Орхоны шугуй ХХК-ийн хаан банкны 5447386126 тоот данс

986,400

11.

2019.07.10

986,400

12.

2019.08.28

706,400

13.

2019.10.11

280,000

 

 

Нийт

27,198,860

Орон сууцыг ашиглалтанд бүрэн хүлээлгэж өгөх хугацаа буюу 2020 оны 2-р улирал орон сууцны барилгын угсралт дөнгөж 7-10 дах давхар дээрээ зогссон байдалтай байсан. Захиалсан орон сууц хэзээ баригдаж хэзээ ашиглалтанд орох нь мэдэгдэхгүй, баригдахгүй байгаа нь нүдэн дээр харагдсаар байтал байранд төлсөн төлбөрийнхөө ихэнх хувийг банкнаас зээл авч барагдуулсан тул давхар зээлийн хүү төлж өөрөө өрөнд орсоор л байсан Гэвч 2019 оны 11 сараас 2020 оны 3 cap хүртэл******* ХХК-ийн зүгээс барилгын ажил яагаад явагдахгүй байгаа талаар нэг ч мэдэгдэл өгөөгүй ба захирал А.Ганбаатар луу утасдаж энэ талаар асуухад удахгүй баригдаад эхлэх байхаа санхүүгийн асуудалтай байгаа гэсэн мэдээлэл өгсөн. 2020 оны 6 cap гэхэд орон сууц бүрэн ашиглалтанд хүлээлгэж өгөх ёстой байсан хэдий ч каргаз нь ч дуусаагүй тул ипотект орох ямар ч боломжгүй болсон.

Иймд захиалагч миний төлбөр төлөх итгэл буурч эхэлсэн ба нөгөө талаас 2019 оны 11 сараас эхлэн өвлийн улирал болж гадаа хүйтэрсэн гэж шалтгаалан ажил бараг хийгдээгүй тул 0 зогсолттой үед захиалагч би ямар нэг төлөлт хийхгүйгээр төлөлтөө 2019 оны 10 дугаар сард зогсоосон.

Уг орон сууц нь одоо хүртэл баригдаж дуусаагүй байгаа тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу өөрт учирсан хохирлоо дараах байдлаар нэхэмжилж байна. Би орон сууц ашиглалтад орох хугацаа буюу 2020 оны 06 дугаар сараас эхэлж 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 16 сарын хугацаанд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 30 дугаар байрны 46 тоот орон сууцыг 1 сарын 600,000 төгрөг, нийт 9,600,000 төгрөгөөр хөлсөлж суусан.

Мөн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт ... хугацаа 30 хоногоос илүү хойшилсон тохиолдолд захиалагчийн төлсөн үнийн дүнгээс хоног тутамд 0.01 хувиар алданги гүйцэтгэгч тал захиалагчид төлнө гэж заасны дагуу төлсөн үнийн дүн болох 27,198,860 төгрөгийн 0.01 хувь нь 2,720 төгрөг, 2020 оны 2 дугаар улирал буюу 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 575 хоногийн алданги 1,564,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд гэрээнээс татгалзаж үндсэн төлбөрт 27,198,860 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардал 9,600,000 төгрөг, алданги 1,564,000 төгрөг, нийт 38,362,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчир би нэхэмжлэгч Э.*******ын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-нээс татгалзаж, үндсэн төлбөрт 27,198,860 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардал 9,600,000 төгрөг, алданги 1,564,000 төгрөг, нийт 38,362,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Орхоны шугуй ХХК нь Авзага мээрэн ХХК-тай хамтран ажилладаг бөгөөд Бүрэн өргөө ХХК-д бетон зуурмаг нийлүүлсний төлбөрт Хан-Уул дүүргийн 16-р хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блок 1-р орц, 5 давхрын О загварын 52,14 м.кв 69 тоот, 2 өрөө орон сууцыг тооцуулж авсан байр юм.

Бүрэн-Өргөө ХХК-тай иргэн /УС96022807/ Пүрэвжав овогтой Сарнай нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 201//12 тоот гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 16-р хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блок 1-р орц, 3 давхар О загварын 52,14м.кв 37 тоот, 2 өрөө орон сууцыг захиалж 1м2 тутмын үнийг 1,800,000/Нэг сая найман зуун/ мянган төгрөгөөр тооцон 93,852,000/Ерэн гурван сая найман зуун тавин хоёр мянган/ төгрөгийг гэрээний дагуу Бүрэн өргөө ХХК-ийн дансанд 19,240,000 төгрөгийг төлсөн байсан.

П.Сарнай болон П.Отгонбаатарын хүсэлтээр Бүрэн-Өргөө ХХК-тай хийсэн гэрээгээ цуцлуулан манай бартераар орж ирсэн байрыг тухайн авсан үнээсээ хямд авахаар харилцан тохиролцон захиалгын гэрээ байгуулсан.

Анх уг гэрээг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЦХЦ19/01 тоот Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж 1м2 тутмын үнийг 1,600,000 төгрөгөөр тохирч гэрээний 3 дугаар зүйлд заасан заалтын дагуу төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулснаар нийт 83,424,000/Наян гурван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийг гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу төлөхөөр гэрээ байгуулсан.

Гэвч П.Сарнай болон П.Отгонбаатар нь нийт төлөх төлбөрөөс 59,184,000 төгрөгийг хавсралт дахь гэрээний графикаар төлөх байтал эхний 4 cap графикийн дагуу төлж түүнээс хойш 2020 онд 986,400 төгрөгөөр 2 удаа, 2021 онд 279,200 төгрөгөөр нэг удаа төлсөн байдаг.

Манай компаний ажилтан хэд хэдэн удаа дуудаж уулзахыг шаардаж байсны дагуу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дахин ар гэрийн нөхцөл байдлыг ойлгон хүндэтгэн, хүлээн авч дахин график төлөлтийг өөрчлөн/Хавсралт 2/ график байгуулан төлөхөөр харилцан тохиролцсон.

Энэхүү хавсралтаар дахин нэмэлт хуваарь гаргаж өгсөн ч дахин огт төлбөрөө төлөхгүй байсан тул 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 21/168 тоот албан мэдэгдэл иргэн П.Отгонбаатарт хүргүүлсэн.

Ингээд удаа дараа төлөх боломжуудыг олгож байсан ч манай компанийг үл хайхран, хүндэтгэлгүй хандаж төлбөрөө төлөхгүй байсан тул бид дахин 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21/179 тоот мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21/193 тоот мэдэгдэлүүдийг .удаа дараа хүргүүлсэн.

Иймээс иргэн П.Отгонбаатарын нэхэмжилсэн нийт төлбөрийг өгөх боломжгүй бөгөөд зөвхөн орон сууцны төлбөрт төлсөн төлбөрийг буцаан олгох боломжтой бөгөөд уг төлбөрийг Авзага мээрэн ХХК нь хариуцан төлнө. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЦХЦ19/01 тоот гэрээний хавсралт 2, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №1 Түрээсийн гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримт, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №1 Түрээсийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримт, Цагаан хаалга цогцолборыг захиалснаас хойш төлсөн нийт төлбөр, Хаан банкны шилжүүлгийн баримтууд/хх29-41/-ыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.******* хариуцагч******* ХХК-д холбогдуулан үлдэгдэл төлбөрт 27,198,860/хорин долоон сая нэг зуун ерэн найман мянга найман зуун жар/ төгрөгийг, орон сууц хөлсөлсөн зардалд 9,600,000/есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг, алдангид 1,564,000/нэг сая таван зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг, нийт 38,362,800/гучин найман сая гурван зуун жаран хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч******* ХХК нь Бүрэн өргөө ХХК-д бетон зуурмаг нийлүүлсний төлбөрт 52,14 м.кв 69 тоот, 2 өрөө орон сууцыг тооцуулж авсан байр гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт нэхэмжилсэн дүн нь 38,362,860/гучин найман сая гурван зуун жаран хоёр мянга найман зуун жар/ төгрөг байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас 38,362,800/гучин найман сая гурван зуун жаран хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан болох нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоогдож байна.

 

2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1-ийн 1.1, 1.2, 2-ын 2.1, 2.2, 3-ын 3.1, 3.2, 3.3, 4-ийн 4.1-т зааснаар хариуцагч нь нийт 83,424,000/наян гурван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн үнэтэй, Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны А блок, 2-р орц, 6 давхарын, О загварын 52.14 м.кв талбайтай, 2/хоёр/ өрөө, 90 тоот орон сууцыг 2020 оны 02 дугаар улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн төлбөрийг графикийн дагуу сар бүр төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Тус Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Бүрэн өргөө ХХК-тай 2018/03 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах зээлийн гэрээ байгуулж, Бүрэн өргөө ХХК-д төлсөн 19,240,000/арван есөн сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг төлснийг зөвшөөрч, дээрх 52.14 м.кв талбай бүхий орон сууцны 1 м.кв талбайг 1,600,000/нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөр тооцсон гэж тайлбарласан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний үндсэн төлбөрт 27,198,860/хорин долоон сая нэг зуун ерэн найман мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан 52.14 м.кв талбай бүхий, 90 тоот орон сууцны үнэд хариуцагчид нийт 17,813,660/1,407,780х7=9,854,460, 9,854,460+5,000,000+986,400+986,400+706,400+280,000=17,813,660/ /арван долоон сая найман зуун арван гурван мянга зургаан зуун жар/ төгрөгийг төлсөн болох нь Хаан банк ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх Шилжүүлгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хэдийгээр Хаан банк ХХК-ийн дээрх шилжүүлгийн баримтад мөнгө хүлээн авагч нь Д.Зоригтбаатар гэсэн байх боловч Гэрээний 3-ын 3.1-т 83,424,000/наян гурван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөгөөс урьдчилгаа 19,240,000/арван есөн сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг Д.Зоригтбаатарын Хаан банк ХХК-д эзэмшиж байгаа 5032287354 тоот дансруу шилжүүлнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний 3-ын 3.1-т зааснаар орон сууцны үнийг шилжүүлжээ.

 

Нэхэмжлэгч нь иргэн П.Сарнайгаас 8,500,000/найман сая таван зуун мянга/ төгрөгийг зээлэн, үүн дээр 885,200/найман зуун наян таван мянга хоёр зуу/ төгрөгийг нэмж, нийт 9,385,200/есөн сая гурван зуун наян таван мянга хоёр зуу/ төгрөгийг Бүрэн өргөө ХХК-д шилжүүлж, Бүрэн өргөө ХХК нь захиалгын гэрээг******* ХХК-д шилжүүлсэн гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид дээрх хэлбэрээр нийт 9,385,200/есөн сая гурван зуун наян таван мянга хоёр зуу/ төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчтай Гэрээ байгуулж, тус Гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлоо нэхэмжилж байх тул нэхэмжлэгч нь Бүрэн өргөө ХХК-д төлбөр төлсөн гэх асуудлаар шүүхэд хандах эрх нь нээлттэй болно.

 

Гэрээний 4-ийн 4.1-т зааснаар хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид 2020 оны 02 дугаар улиралд хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

 

Гэрээг байгуулснаас хойш 2/хоёр/ жил, 6/зургаа/ сар, 29/хорин ес/ хоног, орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хугацаа болсноос хойш 1/нэг/ жил, 7/долоо/ сар, 8/найм/ хоногийн хугацаа өнгөрсөн боловч хариуцагч нь 52.14 м.кв талбай бүхий 90 тоот орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй тал болох нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан.

Хариуцагч нь Гэрээний 4-ийн 4.1-т заасан 2020 оны 02 дугаар улиралд 52.14 м.кв талбай бүхий 90 тоот орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ зөрчиж, нэхэмжлэгч нь хариуцагчид 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл буюу тус шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нэмэлт хугацаа тогтоож өгсөн байх боловч үр дүн гараагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал ... хохиролд тооцно., 355 дугаар зүйлийн 355.1Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол ... нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн 17,813,660/арван долоон сая найман зуун арван гурван мянга зургаан зуун жар/ төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Гэрээний аль нэг тал гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зоригтой байдаг ба Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалтад зөвхөн гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан боловч гэрээг цуцлах тохиолдолд уг журмын зарим зохицуулалт хамааралтай болно.

 

Иймд нэхэмжлэгч нь Гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 225 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 17,813,660/арван долоон сая найман зуун арван гурван мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 9,385,200/27,198,860-17,813,660=9,385,200/ /есөн сая гурван зуун наян таван мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 1,564,000/нэг сая таван зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Гэрээний 4-ийн 4.9-д Орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа 30 хоногоос илүү хойшилсон тохиолдолд захиалагчийн төлсөн үнийн дүнгээс хоног тутамд 0.01%-иар алданги гүйцэтгэгч тал Захиалагчид төлнө ... гэжээ.

 

Хариуцагч нь Гэрээний 4-ийн 4.1-т заасан хугацаанд буюу 2020 оны 02 дугаар улиралд орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул алданги төлөх үүрэгтэй байна.

 

Гэрээний 4-ийн 4.1, 4.9-д зааснаар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс Гэрээг цуцалсан 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл алданги тооцох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 993,798/2020.07.31-2022.02.08=558, 17,813,660х0,01%=1,781, 558x1,781=993,798/ /есөн зуун ерэн гурван мянга долоон зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 570,202/1,564,000-993,798=570,202/ /таван зуун далан мянга хоёр зуун хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц хөлсөлсөн зардалд 9,600,000/есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх эсэхийг өөрийн хүсэл зоригийн дагуу шийднэ.

 

Хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь орон сууц хөлсөлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь орон сууц хөлсөлсөн шалтгаан хариуцагч нь Гэрээний үүргээ зөрчсөн үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас орон сууц хөлсөлсөн зардалд 9,600,000/есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 18,807,458/17,813,660+993,798=18,807,458/ /арван найман сая найман зуун долоон мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 19,555,342/38,362,800-18,807,458=19,555,342/ /арван есөн сая таван зуун тавин таван мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас нийт 18,807,458/арван найман сая найман зуун долоон мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож, үлдсэн 19,555,342/арван есөн сая таван зуун тавин таван мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,764 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 251,987 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.          Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас нийт 18,807,458/арван найман сая найман зуун долоон мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож, үлдсэн 19,555,342/арван есөн сая таван зуун тавин таван мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,764 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 251,987 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ