Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00417

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00427

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/02733 дугаар шийдвэртэй,

*******ын нэхэмжлэлтэй, ******-д холбогдох,

38,362,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч ******* нь Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төв, орон сууцны хотхоны төслийг хэрэгжүүлэгч ерөнхий гүйцэтгэгч Бүрэн-Өргөө ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2018/03 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах зээлийн гэрээг байгуулсан.

Уг гэрээг байгуулахад П.Сарнай мөн адил орон сууц захиалгын гэрээ байгуулж, П.Сарнайгийн өмчлөлийн Тоёото Аллион маркийн автомашиныг орон сууцны урьдчилгаанд 17,000,000 төгрөгөөр тооцож оруулахаар харилцан тохиролцож, П.Сарнайгаас 8,500,000 төгрөгийг түр зээлэн, өөрийн сууц захиалгын гэрээний урьдчилгаанд уг 8,500,000 төгрөгийг тооцуулан үүн дээр 885,200 төгрөгийг нэмж, нийт 9,385,200 төгрөгийн төлөлт хийсэн.

Бүрэн-Өргөө ХХК-тай хийсэн гэрээ 2019/03/25 хүртэл үргэлжилж 2019 оны 04 дүгээр сараас эхлэн Бүрэн-Өргөө ХХК-д бетон нийлүүлэгч ******-д захиалгын гэрээг шилжүүлэх асуудал яригдаж, улмаар 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******-тай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ****** нь гэрээ байгуулах үед Бүрэн-Өргөө ХХК-д төлөгдсөн 19,240,000 төгрөгийг төлснийг хүлээн зөвшөөрч, 52,14 м.кв талбай бүхий орон сууцыг 1.м.кв талбайг 1,600,000 төгрөг, нийт 83,424,000 төгрөгөөр худалдаж авахаар, төсөл хэрэгжүүлэгч ****** нь орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Гэрээ байгуулагдсанаас хойш ******-ийн харилцан хамаарал бүхий этгээд болох Авзага мээрэн ХХК-ийн дансанд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, ******-ийн Хаан банкны 5447386126 тоот дансанд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 986,400 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 986,400 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 706,400.00 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 280,000 төгрөг, нийт 27,198,860 төгрөгийг төлсөн.

Орон сууцыг ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөх хугацаа буюу 2020 оны 2-р улирал орон сууцны барилгын угсралт дөнгөж 7-10 дах давхар дээрээ зогссон байдалтай байсан. Захиалсан орон сууц хэзээ баригдаж хэзээ ашиглалтад орох нь мэдэгдэхгүй, баригдахгүй байгаа нь илт байтал байранд төлсөн төлбөрийнхөө ихэнх хувийг банкнаас зээл авч барагдуулсан тул давхар зээлийн хүү төлж өөрөө өрөнд орсоор л байсан.

Гэвч 2019 оны 11 сараас 2020 оны 3 cap хүртэл ****** яагаад явагдахгүй байгаа талаар нэг ч мэдэгдэл өгөөгүй ба захирал А.Ганбаатараас утсаар асуухад, удахгүй баригдаад эхлэх байхаа санхүүгийн асуудалтай байгаа гэсэн мэдээлэл өгсөн. 2020 оны 06 дугаар cap гэхэд орон сууц бүрэн ашиглалтад хүлээлгэж өгөх ёстой байсан хэдий ч карказ нь ч дуусаагүй тул ипотект орох ямар ч боломжгүй болсон.

Иймд захиалагчийн итгэл буурч эхэлсэн ба нөгөө талаас 2019 оны 11 дүгээр сараас эхлэн өвлийн улирал болж гадаа хүйтэрсэн гэж шалтгаалан ажил бараг хийгдээгүй тул 0 зогсолттой үед захиалагч би ямар нэг төлөлт хийхгүйгээр төлөлтөө 2019 оны 10 дугаар сард зогсоосон.

Уг орон сууц нь одоо хүртэл баригдаж дуусаагүй тул гэрээнээс татгалзах эрхтэй.

Орон сууц ашиглалтад орох хугацаа буюу 2020 оны 06 дугаар сараас эхэлж 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 16 сарын хугацаанд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 30 дугаар байрны 46 тоот орон сууцыг 1 сарын 600,000 төгрөг, нийт 9,600,000 төгрөгөөр хөлсөлж суусан.

Мөн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт... хугацаа 30 хоногоос илүү хойшилсон тохиолдолд захиалагчийн төлсөн үнийн дүнгээс хоног тутамд 0.01 хувиар алданги гүйцэтгэгч тал захиалагчид төлнө гэж заасны дагуу төлсөн үнийн дүн болох 27,198,860 төгрөгийн 0.01 хувь нь 2,720 төгрөг, 2020 оны 2 дугаар улирал буюу 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 575 хоногийн алданги 1,564,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд гэрээнээс татгалзаж, үндсэн төлбөрт 27,198,860 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардал 9,600,000 төгрөг, алданги 1,564,000 төгрөг, нийт 38,362,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ****** нь Авзага мээрэн ХХК-тай хамтран ажилладаг бөгөөд Бүрэн-Өргөө ХХК-д бетон зуурмаг нийлүүлсний төлбөрт Хан-Уул дүүргийн 16-р хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блок 1-р орц, 5 давхрын О загварын 52.14 м.кв 69 тоот, 2 өрөө орон сууцыг тооцуулж авсан байр юм.

Бүрэн-Өргөө ХХК-тай иргэн /УС96022807/ Пүрэвжав овогтой Сарнай нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 201//12 тоот гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 16-р хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блок 1-р орц, 3 давхар О загварын 52.14м.кв 37 тоот, 2 өрөө орон сууцыг захиалж 1 м.кв тутмын үнийг 1,800,000 /Нэг сая найман зуун/ мянган төгрөгөөр тооцон 93,852,000 /Ерэн гурван сая найман зуун тавин хоёр мянган/ төгрөгийг гэрээний дагуу Бүрэн-Өргөө ХХК-ийн дансанд 19,240,000 төгрөгийг төлсөн байсан.

П.Сарнай болон П.Отгонбаатарын хүсэлтээр Бүрэн-Өргөө ХХК-тай хийсэн гэрээгээ цуцлуулан манай бартераар орж ирсэн байрыг тухайн авсан үнээсээ хямд авахаар харилцан тохиролцон захиалгын гэрээ байгуулсан.

Анх уг гэрээг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЦХЦ19/01 тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулж 1 м.кв тутмын үнийг 1,600,000 төгрөгөөр тохирч гэрээний 3 дугаар зүйлд заасан заалтын дагуу төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулснаар нийт 83,424,000 /Наян гурван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийг гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу төлөхөөр гэрээ байгуулсан.

Гэвч П.Сарнай болон П.Отгонбаатар нь нийт төлөх төлбөрөөс 59,184,000 төгрөгийг хавсралт дахь гэрээний графикаар төлөх байтал эхний 4 cap графикийн дагуу төлж түүнээс хойш 2020 онд 986,400 төгрөгөөр 2 удаа, 2021 онд 279,200 төгрөгөөр нэг удаа төлсөн байдаг.

Манай компанийн ажилтан хэд хэдэн удаа дуудаж уулзахыг шаардаж байсны дагуу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дахин ар гэрийн нөхцөл байдлыг ойлгон хүндэтгэн, хүлээн авч дахин график төлөлтийг өөрчлөн /Хавсралт 2/ график байгуулан төлөхөөр харилцан тохиролцсон.

Энэхүү хавсралтаар дахин нэмэлт хуваарь гаргаж өгсөн ч дахин огт төлбөрөө төлөхгүй байсан тул 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 21/168 тоот албан мэдэгдэл иргэн П.Отгонбаатарт хүргүүлсэн.

Ингээд удаа дараа төлөх боломжуудыг олгож байсан ч манай компанийг үл хайхран, хүндэтгэлгүй хандаж төлбөрөө төлөхгүй байсан тул бид дахин 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21/179 тоот мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21/193 тоот мэдэгдлүүдийг .удаа дараа хүргүүлсэн.

Иймд П.Отгонбаатарын нэхэмжилсэн нийт төлбөрийг өгөх боломжгүй бөгөөд зөвхөн орон сууцны төлбөрт төлсөн төлбөрийг буцаан олгох боломжтой бөгөөд уг төлбөрийг Авзага мээрэн ХХК нь хариуцан төлнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******-иас нийт 18,807,458 /арван найман сая найман зуун долоон мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдсэн 19,555,342 /арван есөн сая таван зуун тавин таван мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,764 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******-аас улсын тэмдэгтийн хураамжид 251,987 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн бодит талаас нь үнэлж дүгнэлтгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

"Орхоны шугуй" ХХК нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн хугацаанд хариу тайлбар гаргаагүй. Хуульд заасан хугацаа өнгөрсний дараа хариу тайлбар гаргасан ч уг тайлбар нь *******ын гаргасан нэхэмжлэлд бус н.Сарнай, н.Отгонбаатар гэх хүмүүсийн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар байсан бөгөөд энэ нь уг хэрэгт огт хамааралгүй буюу нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн эсэх, татгалзсан эсэх талаар хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн.

Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт "Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.", мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т "Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ." гэж заасан хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Шүүх хариуцагчийг хариу тайлбар гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх ёстой, хэрэв дээрх хариу тайлбарыг *******ын нэхэмжлэлд гаргасан гэж үзвэл хэргийн бодит байдал болон хариуцагчийн хүсэл зориг тогтоогдоогүй байх тул талуудыг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлцүүлэн шийдвэрлэх ёстой. Иймд хариуцагчийг хуульд заасан хариу тайлбар гараагүйд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас тайлбар татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******-д холбогдуулан үндсэн төлбөрт 27,198,860 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардал 9,600,000 төгрөг, алданги 1,564,000 төгрөг, нийт 38,362,800 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

2. Анхан шатны шүүх хариуцагч ******-аас нийт 18,807,458 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдсэн 19,555,342 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./хх112-120/

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг гарган өгчээ.

3.а Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзаж, нийт 38,362,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь үндсэн төлбөрт 27,198,860 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 11,163,940 төгрөгөөс татгалзаж эвлэрэхээр, тус гэрээний дагуу хариуцагч ****** нь 27,168,860 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

4.Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******-ийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/02733 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ****** нь 27,198,860 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч *******д төлж барагдуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 11,163,940 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,727 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД