Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/02836

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/02836

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Д.Батхуяг, шүүгч Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.С/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.О/РД: /,

 

Гэм хорын хохиролд 12,093,971 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Ц.Онон, иргэдийн төлөөлөгч Х.Алтанзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Атарбаярын ******* миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулдаг дуудлага худалдаанаас 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр болсон дуудлага худалдаанд оролцсон ба Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13321/ Улаанхуаран 25а, 3 тоот гэх 56.39 м.кв 3 өрөө байрыг дуудлага худалдаанд оролцож журмын дагуу үнэ хаялцаж 51,000,000 төгрөгөөр авсан.

2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авахад тухайн объектын бодит байдалтай нийцэхгүй байсан 3 өрөө биш 2 өрөө байр байсан. Иймээс шийдвэр гүйцэтгэгч Ё.Байгалмаад хэлэхэд /М.КВ зөрөхгүй ээ та хэмжүүлээд үз/ гэж хэлсний дагуу 2020 оны 08 дугаар сарын 282ны өдөр Эй Би Эн Дизайн ХХК-иар хэмжүүлэхэд дүгнэлтээр 43.76 м.кв гэж дүгнэлт гаргасан. Мөн архивын төв газраас үл хөдлөх хөрөнгийг шүүлгэхэд зориулалт үйлчилгээний талбай 9 дүгээр танхим 43.11 м.кв-аар зураг төслийг гаргасан байдаг.

Энэ нөхцөл байдлаас үүдэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шийдвэр ерөнхий газарт удаа дараа бичгээр бичгээр гомдол гаргасан болно. Гомдол хариу өгөхдөө / та нэгэнт дуудлага худалдаанд ялж авсан болохоор өөрийн өмчлөлд шилжүүлж авсны дараа та шүүхэд хандаж гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх зүйтэй/ гэж хариу өгсөн.

Нийслэлийн шүүхийн шийдвэрийн байгууллагыг анхан шатны шүүхэд нэхэмжлэлээр татсан боловч анхан шатны шүүхийн захирамж нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг дундын зуучлалын үүрэг болон улсын бүртгэлийн гаргасан гэрчилгээний дагуу албадан дуудлага худалдаа зохион байгуулж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Үүнээс үүдэн буруутай этгээдийг тогтоох зорилгоор Баян зүрх дүүргийн улсын бүртгэлийг танай буруутай үйл ажиллагаанаас болж иргэн би хохирлоо гэж өргөдөл гаргахад 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 8/452 дугаар хариу хүргүүлэх мэдэгдэлд /иргэн Ц.Онон болон Уран проект ХХК хоёр нь мэдүүлэг гаргахдаа эд хөрөнгийн хэмжээг 56.39 мк.в гэж мэдүүлэг гарга^ан гэж хариу гаргажээ. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна/ гэх хариу хүргүүлсэн ба тухайн гомдлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн байна.

Улсын бүртгэлд худал мэдүүлэг гаргасан этгээд бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж хуульд заасан байгаа. Энэ хуулийг баримтлаад миний хохирлыг барагдуулаач ээ гэж байгаа. Мэдүүлэг гаргасан этгээд хэн бэ гэвэл Англи байшин компанийн захирал Ц.Онон.

Иймд хариуцагчаас:

1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасны дагуу дуудлага худалдаанаас худалдаанаас авсан хөрөнгө болох 56.39 м.кв-тай 3 өрөө байрыг 51,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан тухайн байр 56,39 м.кв -ыг 51,000,000 төгрөгт хувааж үзвэл м.кв үнэ болох 904,415 төгрөг болох ба м.кв зөрүү болох 13,28 м.кв-ийг 904,415 төгрөгөөр бодоход 12,010,631 төгрөг,

2. Нотариатын зардал 9,200 төгрөг,

3. Улсын төв архиваас хуулбар гаргуулсан төлбөр 8,500 төгрөг, 

4. Эй Би Эн Дизайн ХХК-иар хэмжилт хийлгэсэн төлбөр 65,640 төгрөг, нийт 12,093,971 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Ц.Онон шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.******* НШШГГ-аас дуудлага худалдаагаар орон сууц худалдаж авсан нь 56.39 кв м биш 43.11 м кв байсан тул зөрүү болох 13.28 м кв ба үүний хохиролд 12,093,971 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 сарын 22-нд гаргажээ. Нэхэмжлэлтэй холбогдуулан хариу тайлбар шүүхэд бичгээр гаргах боломжийнхоо хүрээнд өөрийн татгалзлын илэрхийлэл болгон үйл баримт болон хууль зүйн хувьд энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд тайлбар няцаалт гаргах нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2020 оны 6 сарын 12-нд НШШГГ-аас зохион байгуулсан дуудлага худалдаагаар өөрийн өмчлөлд шилжүүлж авсан гэж дурдсан хэрнээ ямар үндэслэлээр өөрийг нь огт танихгүй, уг дуудлага худалдаанд оролцоогүй, нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй, орон сууцаа бусдад хүчээр булаалгасан Ц.Ононг 12,093,971 төгрөгийг хариуцах ёстой гэж үзсэн нь тодорхойгүй, шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Хүнээс юмыг нь хүчээр дээрэмдчихээд дээрэмдүүлсэн эд зүйл чинь доголдолтой байна, нэмж мөнгө төл гэж маргаж байгаатай ижил сонстож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Энэхүү шаардлагын тухайд үйл баримтын хувьд дэлгэрэнгүй тайлбар өгөх шаардлагатай. Үүнд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ц.Ононгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлогдон гуравдагч этгээдэд шилжсэн.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдсэн дагуу НШШГГ 2019 оны 5 сарын 22-ны өдөр эд хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 6 сарын 14-ний өдөр эд хөрөнгийг хураасан. Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, 13321, Улаанхуаран 25а байрны 3 тоотод байрлах Ү-2204083568 улсын бүртгэлийн дугаартай байрыг хөндлөнгийн эд хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлээд, эд хөрөнгийн үнэлгээчний тогтоосон үнээс 50 хувиар тооцон НШШГГ хоёр дахь удаагийн дуудлага худалдаагаар албадан худалдсан. Дуудлага худалдаанд ялагч байрны үнийг кв метрээр үнэлж худалдаж аваагүй, бүхэлд нь үнэлээд зах зээлээс 50% буюу тал үнээр багасгаж доод үнээр нь худалдаж авсан. 2020 оны 08 сарын 26-нд А.******* тус байрыг НШШГГ-аар султган чөлөөлүүлж хүлээн авсан ба гомдол саналгүй тухай өөрийн гараар гарын үсэгтэй баримт үйлдэж өгсөн байдаг.2 Мөн энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд 2020 оны 8 сарын 26-ны өдөр 13 цаг 30 минутад А.*******т үл хөдлөх хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн, байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн, тодорхойлолт бичүүлж авсан, талуудад гомдол хүсэлт байхгүй тухай дурддаг.

Нэхэмжлэгч тухайн үедээ дуудлага худалдааны журам, үнэлгээг зөвшөөрөөд байрыг урьдчилж очиж үзээд, зах зээлээс 50 хувь хямд үнээр доод үнэлсэн дуудлага худалдаанд оролцож ялаад, дараа нь гомдол саналгүй хүлээж авснаас хойш гурван жилийн дараа гэнэт эргэж маргасан нь үйл баримтын хувьд няцаагдаж үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлийн м.кв зөрсөн шаардлагын тухайд тайлбар няцаалт гаргах нь Ц.Ононгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204083568 дугаартай, Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а байр, 3 тоотод байрлах, 56.39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Англи байшин ХХК 2016 оны 5 дугаар сарын 11-нд 2016/165 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар ашиглалтад хүлээлгэн өгсөн бөгөөд улсын комисст өгөх үед зургийн автор Уран проект ХХК бүх орон сууцанд хэмжилт хийсний дотор 3 тоотод зай хэмжилт хийж 56.39 мкв болохыг баталгаажуулсан. Үндэсний төв архивд зураг төсөл техникийн баримтыг хүлээлгэн өгсөн.

Рилайнс ББСБ ХХК-тай 2017 оны 2 сарын 22-нд зээлийн барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд тавьсан. Зээлийн эдийн засагч, мэргэжилтнүүд газар дээр нь ирж үзээд зохих журмын дагуу зээлийг гаргасан.

Тухай үед 1 ба 2 тоот байр гадагшаа тусдаа нэг гарцтай 1 өмчлөгчтэй компьютер тоглоомын үйлчилгээ явуулдаг 2 заал байсан бөгөөд 2017 онд 2 тоотын өмчлөгч өөрчлөгдөж, орцонд зорчих хэсэг гаргахаар шинэ өмчлөгчтэй тохиролцоод 3 тоотод оршин сууж байсан Ё.Алтанцэцэг инженер 3 тоотын сууцны ханыг урагш 1.3 м татаж, 2 тоот руу орцны хаалгаар ордог болгож өөрчилсөн. Ё.Алтанцэцэг инженер тус байрыг худалдаж авахаар төлөвлөж өөрийн хүслээр засварлаж байсан боловч орлого нь хүрээгүйгээс Рилайнс ББСБ ХХК-д зээлийн төлбөрийг төлж чадалгүй НШШГГ-т хураагдсан.

НШШГГ Ү-2204083568 улсын бүртгэлийн дугаартай байрыг хөндлөнгийн эд хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлж байрны үнийг тогтоосон. Төлбөр төлөгч байрны үнийг бага байна гэж маргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Одоогийн өмчлөгч анхны зураг төсөл болон үл хөдлөхийн гэрчилгээний дагуу ханыг буцаан хойшлуулах эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлийн үнэ 12,093,971 төгрөгийн шаардлагын тухайд тайлбар няцаалт гаргах нь хаанаас ийм үнэ зохиосныг ойлгосонгүй. Дуудлага худалдаанд кв метр нь тэдэн төгрөг гэж дууддаггүй, байрыг бүхэлд нь үнэлээд үнэ хэлдэг. Үнийг мэргэжлийн үнэлгээчин тогтоодог. Дуудлага худалдаанд оролцохоос өмнө нэхэмжлэгчийг байрыг бодитой очиж үзэх боломжоор хангасан. Байрыг хүлээж авч байхдаа ч нэхэмжлэгч татгалзаж болох байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Худалдан авагч А.******* эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан тул Иргэний хуулийн 255 зүйлийн 255.1 ба 255.2-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Түүнчлэн нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргаагүй, гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн тул шаардах эрхээ алдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Х.Алтанзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч байр 51,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм байна. Тэрийг хариуцагчаас худалдаж аваагүй. Хариуцагч хариуцахгүй буруугүй гэж үзэж байна. Хэрэгсэхгүй болгох юм байна. Өөр газартай харилцан тохиролцоод авсан байр байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 8/452 дугаар Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Барилгын план зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20/092 дугаартай Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эй Би Эн Дизайн ХХК-ийн дүгнэлт түүний хавсралт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн хувийн хэрэг, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамжны 25а дугаар байрны 25а байрны 3 тоот хаягт байрлах орон сууцны хувийн хэргийн нотлох баримтууд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн № 4-156/1777/ албан бичиг, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамжны 25а байрны 3 тоот, 56,39 м.кв талбайтай орон сууцны Үнэлгээний тайлангийн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан А.*******ын тодорхойлолт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4/20272 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 5/43 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/13 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Англи байшин ХХК-ийн Үйлчилгээний орон сууцны барилга хэмжилтийн зураг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 483 дугаартай Үндэсний төв архивын зураг төсөл, техникийн баримт хүлээн авсан акт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №37А/2016 дугаартай Англи байшин ХХК-ийн хүсэлтийн хуулбар, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Англи байшин ХХК-ийн дүрмийн хуулбар, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3/847 дугаартай Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн тодорхойлолтын хуулбар, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №41А/2016 дугаартай Англи байшин ХХК-ийн хүсэлтийн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1-156/42034 дугаартай албан тоотын хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 6/1 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолын хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19280388/10-156 дугаартай Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолын хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, Голомт банкны депозит дансны хуулгын хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн бүртгэлийн газарт гаргасан А.*******ын өргөдлийн хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан А.*******ын хүсэлтийн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.******* хариуцагч Ц.Ононд холбогдуулан гэм хорын хохиролд буюу метр квадратын зөрүү болох 12,010,631/арван хоёр сая арван мянга зургаан зуун гучин нэг/ төгрөгийг, нотариатын зардалд 9,200/есөн мянга хоёр зуу/ төгрөгийг, хуулбар гаргуулсан төлбөр 8,500/найман мянга таван зуу/ төгрөгийг, хэмжилт хийлгэсэн төлбөрт 65,640/жаран таван мянга зургаан зуун дөч/ төгрөгийг, нийт 12,093,971/арван хоёр сая ерэн гурван мянга есөн зуун далан нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ц.Онон дуудлага худалдаанд оролцохоос өмнө нэхэмжлэгчийг байрыг бодитой очиж үзэх боломжоор хангасан, байрыг хүлээж авч байхдаа ч нэхэмжлэгч татгалзаж болох байсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэдийн төлөөлөгч хариуцагч хариуцахгүй буруугүй гэж үзэж байна, хэрэгсэхгүй болгох юм байна гэсэн дүгнэлт гаргасан.

 

Шүүх бүрэлдэхүүн дор дурдсан үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамжны 25а байр, 3 тоот, 56,39/тавин зургаа зууны гучин ес/ м.кв талбайтай орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах дуудлага худалдааны ялагч болсон болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 6/1 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамжны 25а байр, 3 тоот орон сууцыг 51,000,000/тавин нэг сая/ төгрөгөөр худалдан авах санал гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны ялагч болсон болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 6/1 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн № 1-156/42034 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг болон нэхэмжлэгчийн 25а байр, 3 тоот орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай Баянзүрх дүүргийн бүртгэлийн газарт гаргасан өргөдлийн дагуу Нийслэлийн улсын бүртгэлийн газар 25а байр, 3 тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч А.*******ыг бүртгэсэн болох нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн № 1-156/42034 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийн болон Баянзүрх дүүргийн бүртгэлийн газарт гаргасан өргөдлийн хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 25а байр, 3 тоот, 3/гурав/ өрөө, 56,39/тавин зургаа зууны гучин ес/ м.кв талбайтай гэх орон сууц нь 2/хоёр/ өрөө, 43.11/дөчин гурав зууны арван нэг/ м.кв талбайтай байсан, талбайн зөрүү 13.28/арван гурав зууны хорин найм/ метр квадратын хохирол гэх 12,093,971/арван хоёр сая ерэн гурван мянга есөн зуун далан нэг/ төгрөгийг, нотариатын зардал гэх 9,200/есөн мянга хоёр зуу/ төгрөгийг, хуулбар гаргуулсан төлбөр гэх 8,500/найман мянга таван зуу/ төгрөгийг, хэмжилт хийлгэсэн төлбөр гэх 65,640/жаран таван мянга зургаан зуун дөч/ төгрөгийг, нийт 12,093,971/арван хоёр сая ерэн гурван мянга есөн зуун далан нэг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Англи байшин ХХК нь Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамжны 25а байр, 3 тоот орон сууцны захиалагчийн эрх, үүргийг гүйцэтгэсэн болох нь Барилгын хөгжлийн төвийн хянасан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Англи байшин ХХК-ийн Үйлчилгээтэй орон сууцны барилгын 1-р давхрын байгуулалтын план зургийн болон Англи байшин ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн бүртгэл статистикийн хэлтэст гаргасан өргөдлийн хуулбар, Үндэсний төв архивын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Зураг төсөл, техникийн баримт хүлээн авсан актын болон нэгдүгээр давхрын өөрчлөлийн байгуулалтын зургийн хуулбараар тогтоогдож байна.

 

Барилгын хөгжлийн төвийн хянасан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Англи байшин ХХК-ийн Үйлчилгээтэй орон сууцны барилгын 1-р давхрын байгуулалтын план зургийн дагуу 25а байр, 3 тоот нь анх үйлчилгээний зориулалттай төлөвлөгдсөн байх боловч орон сууцны зориулалттай болгож өөрчилсөн болох нь Үйлчилгээтэй орон сууцны барилгын 1-р давхрын байгуулалтын план зургийн болон Үндэсний төв архивын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Зураг төсөл, техникийн баримт хүлээн авсан актын болон нэгдүгээр давхрын өөрчлөлийн байгуулалтын зургийн хуулбараар тогтоогдож байна.

 

Барилгын хөгжлийн төвийн хянасан Англи байшин ХХК-ийн Үйлчилгээтэй орон сууцны барилгын 1-р давхрын байгуулалтын план зурагт 25а байрны 3 тоотыг 9/ес/ гэж, Үндэсний төв архивын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан нэгдүгээр давхрын өөрчлөлийн байгуулалтын зурагт 3/гурав/ гэж тэмдэглэсэн байна.

 

Дээрх зургуудад 25а байрны 3 тоот нь 1/нэг/ өрөө байх ба Англи байшин ХХК болон хариуцагч Ц.Онон нар нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн бүртгэл статистикийн хэлтэст гаргасан өргөдөл болон хүсэлтдээ 25а байр, 3 тоот орон сууцыг 1/нэг/ өрөө гэж мэдүүлсэн байна.

Харин 25а байр, 3 тоот орон сууцны талбайн хэмжээг 56.39/тавин зургаа зууны гучин ес/ м.кв гэж мэдүүлсэн болох нь Ц.Ононгийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн өргөдлийн болон Англи байшин ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн № 37А/2016 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Ц.Онон нь Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамжны 25а байр, 3 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргахдаа Англи байшин ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан болох нь Англи байшин ХХК-ийн № 000071780 Улсын бүртгэлийн гэрчилгээний болон дүрмийн хуулбар, Англи байшин ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн № 37А/2016 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Барилгын хөгжлийн төв нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Үйлчилгээтэй орон сууцны барилгын 1-р давхрын зургийг хянахад Ц.Онон нь Англи байшин ХХК-ийн захирлаар ажиллаж байсан байх ба Баянзүрх дүүргийн бүртгэл статистикийн хэлтэст өөрийн зүгээс болон захирлаар нь ажиллаж байсан Англи байшин ХХК-иас албан бичиг хүргүүлж 25а байр, 3 тоотын өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь Ц.Ононгийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн өргөдлийн болон Англи байшин ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн № 37А/2016 албан бичгийн хуулбар, Ц.Ононгийн нэр дээрх 000524612 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хянасан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Үйлчилгээтэй орон сууцны барилгын 1-р давхрын зурагт 9/ес/ гэж тэмдэглэсэн 3 тоот орон сууцны талбайг 43.11/дөчин гурав зууны арван нэг/ гэжээ.

 

Барилгын хөгжлийн төв нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Үйлчилгээтэй орон сууцны барилгын 1-р давхрын зургийг хянахад Ц.Онон нь Англи байшин ХХК-ийн захирлаар ажиллаж байсан байх тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар Англи байшин ХХК-ийн захирлаар ажиллаж байсан этгээдийн хувьд 25а байрны 3 тоот орон сууцны талбайн хэмжээ 56.39/тавин зургаа зууны гучин ес/ метр квадратад хүрэхгүй болохыг мэдэж байсан болох нь Англи байшин ХХК нь захиалагчийн хувиар батлуулсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Үйлчилгээтэй орон сууцны барилгын 1-р давхрын зургийн хуулбараар тогтоогдож байна.

 

Ц.Онон нь 25а байр, 3 тоот орон сууцны талбайн хэмжээ 56.39/тавин зургаа зууны гучин ес/ метр квадратад хүрэхгүй болохыг мэдэж байсан байх боловч Баянзүрх дүүргийн бүртгэл статистикийн хэлтэст 25а байрны 3 тоот орон сууцны талбайн хэмжээг 56.39/тавин зургаа зууны гучин ес/ метр квадрат гэж мэдүүлсэн болох нь Ц.Ононгийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Өргөдлийн болон 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбараар тогтоогдож байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн ... үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө., Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7Мэдүүлэг гаргагч мэдүүлэг ... үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна. гэж заасан.

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын бүртгэлд 25а байр, 3 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлт буюу мэдүүлэг гаргахдаа 25а байрны 3 тоот орон сууцны өрөөний тоог үнэн зөв мэдүүлсэн байх боловч талбайн хэмжээг үнэн зөв мэдүүлээгүй байх тул энэ үүргээ зөрчсөнтэй холбоотой учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын ... Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй ... бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно., 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 510 дугаар зүйлийн 510.1Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасан.

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 25а байрны 3 тоот орон сууцны талбайн хэмжээг үнэн зөв мэдүүлээгүй байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 25а байрны 3 тоотыг худалдан авсан нэхэмжлэгчид метр квадратын зөрүүнээс үүссэн гэм хор буюу эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамжны 25а байр, 3 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 43.76/дөчин гурав зууны далан зургаа/ м.кв болох нь Эй Би Эн Дизайн ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20/092 дугаар Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэлийн хуулбар болон дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 25а байрны 3 тоот орон сууцны талбайн хэмжээний зөрүү 13.28/арван гурав зууны хорин найм/ гэж маргаж байх боловч талбайн хэмжээний зөрүү 12.63/56.39-43.76=12.63/ /арван хоёр зууны жаран гурав/ болох нь Эй Би Эн Дизайн ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20/092 дугаар Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэлийн хуулбар болон дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид гэм хор учруулсан байх боловч гэм хорын хохирлын хэмжээ нэхэмжлэгчийн эс үйлдэлтэй холбоотой байна.

 

Хариуцагч нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Эй Би Эн Дизайн ХХК-иар 25а байр, 3 тоот орон сууцны өрөө, тасалгааны хэмжилтийг хийлгэн орон сууцны талбайг тооцуулж, 25а байр, 3 тоотын талбайн хэмжээ 43.76/дөчин гурав зууны далан зургаа/ м.кв болохыг мэджээ

 

Гэвч нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн газарт гаргасан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгтээ нэхэмжлэгч нь 25а байр, 3 тоотын талбайн хэмжээг 56.39/тавин зургаа зууны гучин ес/ метр квадрат гэж мэдүүлж, 56.39/тавин зургаа зууны гучин ес/ м.кв талбайтай 3 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн болон 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн ... эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 25а байрны 3 тоот орон сууцны талбайн хэмжээ 43.76/дөчин гурав зууны далан зургаа/ м.кв болохыг мэдсээр байж тус орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, метр квадратын зөрүүг залруулах талаар ямар нэг үйлдэл хийлгүйгээр эс үйлдэл гаргасан байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг 50/тавь/ хувиар багасгах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 25а байрны 3 тоот орон сууцны метр квадратын зөрүүнээс үүссэн гэм хорын тал хувийг, уг нөхцөл байдлыг нотлохоор Улсын төв архиваас Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Үйлчилгээтэй орон сууцны барилгын 1-р давхрын зургийг гаргуулсан зардлын болон хэмжилт хийлгэсэн зардлын тал хувийг тус тус гаргуулан нэхмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нотариатын зардалд 9,200/есөн мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар уг зардал нь баримтаар нотлогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамжны 25а байр, 3 тоот орон сууцны нийт талбайн хэмжээний зөрүүнээс учирсан гэм хорд 5,711,380/51,000,000:56.39=904,415, 56.39-43.76=12.63, 12.63х904,415=11,422,761, 11,422,761:2=5,711,380/ /таван сая долоон зуун арван нэгэн мянга гурван зуун ная/ төгрөгийг, архивын зардалд 4,250/8,500:2=4,250/ /дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг, хэмжилт хийлгэсэн зардалд 32,820/65,640:2=32,820/ /гучин хоёр мянга найман зуун хорь/ төгрөгийг, нийт 5,748,450/5,711,380+4,250+32,820=5,748,450/ /таван сая долоон зуун дөчин найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 6,345,521/12,093,971-5,748,450=6,345,521/ /зургаан сая гурван зуун дөчин таван мянга таван зуун хорин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн хариуцагч хариуцахгүй буруугүй гэж үзэж байна, хэрэгсэхгүй болгох юм байна гэсэн дүгнэлт үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ононгоос нийт 5,748,450/таван сая долоон зуун дөчин найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгож, үлдсэн 6,345,521/зургаан сая гурван зуун дөчин таван мянга таван зуун хорин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 116,478 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ононгоос нийт 5,748,450/таван сая долоон зуун дөчин найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгож, үлдсэн 6,345,521/зургаан сая гурван зуун дөчин таван мянга таван зуун хорин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ононгоос улсын тэмдэгтийн хураамжид 116,478 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  А.*******т олгосугай.

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ

 

 

ШҮҮГЧ Д.БАТХУЯГ

 

 

Б.ТҮМЭНЦЭЦЭГ