Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00397

 

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00397

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/02836 дугаар шийдвэртэй,

 

А-ын нэхэмжлэлтэй

Б-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 12,093,971 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, хариуцагч Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дуудлага худалдаагаар Баянзүрх дүүргийн - хороо, - хороолол, -Улаанхуаран ***, *** гэх 56.39 м.кв 3 өрөө байрыг журмын дагуу үнэ хаялцаж 51,000,000 төгрөгөөр худалдан авсан.

1.2. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус байрыг хүлээн авахад 3 өрөө биш 2 өрөө байр байсан тул 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “В” ХХК-аар хэмжүүлэхэд 43.76 м.кв гэсэн дүгнэлт гаргасан.

1.3. Мөн архивын төв газраас үл хөдлөх эд хөрөнгийг шүүлгэхэд зориулалт үйлчилгээний талбай 9 дүгээр танхим 43.11 м.кв-аар зураг төслийг гаргасан байдаг.

1.4. Энэ нөхцөл байдлаас үүдэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт удаа дараа гомдол гаргахад “та нэгэнт дуудлага худалдаанд ялж авсан болохоор өөрийн өмчлөлд шилжүүлж авсны дараа та шүүхэд хандаж гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх зүйтэй” гэж хариу өгсөн.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг анхан шатны шүүхэд хариуцагчаар татсан боловч шүүхийн захирамжид уг байгууллагыг дундын зуучлалын үүрэг болон улсын бүртгэлийн гаргасан гэрчилгээний дагуу албадан дуудлага худалдаа зохион байгуулж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн.

1.5. Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газарт “танай буруутай үйл ажиллагаанаас болж иргэн би хохирлоо” гэж өргөдөл гаргахад 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 8/452 дугаар хариу хүргүүлэх мэдэгдэлд “иргэн Б- болон “Г” ХХК нь эд хөрөнгийн хэмжээг 56.39 м.кв гэж мэдүүлэг гаргасан” гэсэн хариу өгсөн.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар мэдүүлэг гаргасан “Д” ХХК-ийн захирал Б-гоос 51,000,000 төгрөгөөр худалдаж авсан 56.39 м.кв-тай 3 өрөө байрны 13,28 м.кв-ийн зөрүүг 904,415 төгрөгөөр тооцож 12,010,631 төгрөг, нотариатын зардал 9,200 төгрөг, Улсын төв архиваас хуулбар гаргуулсан төлбөр 8,500 төгрөг, “В” ХХК-аар хэмжилт хийлгэсэн төлбөр 65,640 төгрөг, нийт 12,093,971 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б-гийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн - хороо, - хороолол, -, Улаанхуаран *** байрны ***од байрлах *** улсын бүртгэлийн дугаартай байрыг хөндлөнгийн эд хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлээд, үнэлгээчний тогтоосон үнээс 50 хувиар тооцсон хоёр дахь удаагийн албадан дуудлага худалдаагаар худалдагдаж гуравдагч этгээдэд шилжсэн. Дуудлага худалдаанд ялагч байрны үнийг кв метрээр үнэлж худалдаж аваагүй, бүхэлд нь үнэлээд зах зээлээс 50 хувиар багасгасан үнээр худалдаж авсан.

Нэхэмжлэгч тухайн үедээ дуудлага худалдааны журам, үнэлгээг зөвшөөрөөд байрыг урьдчилж очиж үзээд, зах зээлээс 50 хувь хямд үнээр үнэлсэн дуудлага худалдаанд оролцож ялаад, дараа нь гомдол саналгүй хүлээж авснаас хойш гурван жилийн дараа гэнэт эргэж маргасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүргийн - хороо, - хороолол, Улаанхуарангийн гудамж, *** байр, ***од байрлах, 56.39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг “Д” ХХК 2016 оны 05 дугаар сарын 11-нд 2016/165 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар ашиглалтад хүлээлгэн өгсөн бөгөөд улсын комисст өгөх үед зургийн автор “Г” ХХК бүх орон сууцанд хэмжилт хийсний дотор ***од зай хэмжилт хийж 56.39 м.кв болохыг баталгаажуулсан. Үндэсний төв архивд зураг төсөл техникийн баримтыг хүлээлгэн өгсөн.

“И ББСБ” ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 22-нд зээлийн барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд тавьсан. Зээлийн эдийн засагч, мэргэжилтнүүд газар дээр нь ирж үзээд зохих журмын дагуу зээлийг гаргасан. Тухай үед 1 ба 2 тоот байр гадагшаа тусдаа нэг гарцтай 1 өмчлөгчтэй компьютер тоглоомын үйлчилгээ явуулдаг 2 заал байсан бөгөөд 2017 онд 2 тоотын өмчлөгч өөрчлөгдөж, орцонд зорчих хэсэг гаргахаар шинэ өмчлөгчтэй тохиролцоод ***од оршин сууж байсан Е- инженер ***ын сууцны ханыг урагш 1.3 метр татаж, 2 тоот руу орцны хаалгаар ордог болгож өөрчилсөн. Е- инженер тус байрыг худалдаж авахаар төлөвлөж өөрийн хүслээр засварлаж байсан боловч орлого нь хүрээгүйгээс “И ББСБ” ХХК-д зээлийн төлбөрийг төлж чадалгүй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан. Одоогийн өмчлөгч анхны зураг төсөл болон үл хөдлөхийн гэрчилгээний дагуу ханыг буцаан хойшлуулах эрхтэй.

2.3. Дуудлага худалдаанд байрыг бүхэлд нь үнэлээд үнэ хэлдэг. Үнийг мэргэжлийн үнэлгээчин тогтоодог. Дуудлага худалдаанд оролцохоос өмнө нэхэмжлэгчийг байрыг бодитой очиж үзэх боломжоор хангасан. Байрыг хүлээж авч байхдаа ч нэхэмжлэгч татгалзаж болох байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Худалдан авагч А- эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан тул Иргэний хуулийн 255 зүйлийн 255.1, 255.2 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Түүнчлэн нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн, худалдан авагч 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргаагүй, гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн тул шаардах эрхээ алдсан.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэгч байрыг 51,000,000 төгрөгөөр хариуцагчаас биш өөр газартай харилцан тохиролцож худалдан авсан байна. Уг байрыг хариуцагчаас худалдаж аваагүй тул хариуцагч хариуцахгүй, буруугүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-гоос нийт 5,748,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-т олгож, үлдсэн 6,345,521/зургаан сая гурван зуун дөчин таван мянга таван зуун хорин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-гоос улсын тэмдэгтийн хураамжид 116,478 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-т олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх “... гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.” гэж дүгнэсэн атлаа “...гэм хорыг 50 хувиар багасгах үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх үндэслэх хэсэгтээ “Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн ... эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасныг үндэслэн "...метр квадратын хэмжээг зөрүүтэй болохыг мэдсээр байж орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, метр квадратын зөрүүг залруулах талаар ямар нэг үйлдэл хийхгүйгээр эс үйлдэл гаргасан байх тул ... гэм хорын хэмжээг 50 хувиар багасгах үндэслэлтэй байна” гэжээ.

Гэвч нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь гэм хор нэмэгдэхэд огт нөлөөлөөгүй. Учир нь метр квадратын зөрүү нэмэгдсэн эсхүл нэг метр квадратын үнэ нэмэгдсэн зүйл байхгүй. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн буруутай эс үйлдэхүйн улмаас гэм хор нэмэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5.2. Түүнчлэн хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байхад улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг нэхэмжлэгчээс гаргуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 12,093,971 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч нь хариуцагч улсын бүртгэлд худал мэдүүлэг гаргасны улмаас орон сууцны метр квадратын зөрүү үүсч гэм хор үүссэн гэж маргаж, үүндээ 2014 оны 05 дугаар сарын 07-нд “Г” ХХК-ийн хийсэн зураг төслийг үндэслэл болгосон.

Шүүх “2014 оны төсөл зургийг 2016 онд орон сууцны зориулалттай болгосон нь өөрчлөлтийн байгуулалтын зургаар тогтоогдож байна” гэж үзсэн атлаа Барилга хөгжлийн төвийн хянаж баталгаажуулсан 1 дүгээр давхрын өөрчлөлтийн зурагт *** 56.39 м.кв гэж хэмжсэн нотлох баримтыг үнэлээгүй. Гүйцэтгэлийн зургийг Улсын архивт 2016 онд хүлээж авсан баримтын хамт нотлох баримтаар өгсөн. Анхан шатны шүүх дээрх гүйцэтгэлийн ба хэмжилтийн зургийг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

Мөн орон сууцыг ашиглалтанд өгсөн “Д” ХХК-ийн захиалгаар 2016 оны 05 дугаар сард хийсэн тус барилгын зургийн зохиогч "Г" ХХК-ийн гүйцэтгэлийн хэмжилтийн зурагт “1-р давхрын *** айл нийт 56.39 м.кв” гэж хэмжсэн нотлох баримтыг үнэлээгүй. Хэмжилтийн зурагт 56.39 м.кв гэснийг үндэслэж 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр *** байрны *** орон сууцны хэмжээг 56.39 м.кв гэж хариуцагч Баянзүрх дүүргийн статистикийн хэлтэст үнэн зөв мэдүүлсэн. Гэтэл шүүх 2014 оны зураг 2016 онд 56.39 м.кв болж өөрчлөгдсөнийг зөвшөөрсөн, тухайн үед орон сууц бодит байдалд 56.39 м.кв хэмжээтэй байсан. Шүүх “Б- нь орон сууцны талбайн хэмжээ 56.39 метр квадратад хүрэхгүй болохыг мэдэж байсан байх боловч Баянзүрх дүүргийн бүртгэл статистикийн хэлтэст *** байрны *** орон сууцны талбайн хэмжээг 56.39 метр квадрат гэж мэдүүлсэн” гэж үндэслэлгүй буруу дүгнэсэн. Шүүх зохигчийн гаргасан тайлбар, хүсэлтийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлээгүйд гомдолтой байна.

6.2. Шүүх “Хариуцагч “В” ХХК-аар хэмжилт хийлгэж 43.76 м.кв болохыг мэджээ. Мэдсэн атлаа үнэн зөв мэдүүлээгүй” гэж цаг хугацаа ба зохигчдыг хольж сольж буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч А- тус компаниар хэмжилт хийлгэсэн, хэмжилт хийлгэсэн төлбөр 65,640 төгрөг нэхэмжилж байгаагаа нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр *** байрны *** орон сууцны хэмжээг 56.39 м.кв гэж хариуцагч Баянзүрх дүүргийн статистикийн хэлтэст үнэн зөв мэдүүлсэн. Үүнээс 3 жилийн дараа 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “В” ХХК хэмжилт хийхдээ өрөө хувааж, хонгил гаргасныг хэмжилгүй үлдээж хэмжилтийн цэгийг алдсанаас 43.76 м.кв гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг нотлох баримтаар ашиглаж нэхэмжлэгч маргадаг.

А-ын өмчлөлд *** байрны 56.39 м.кв орон сууцны талбай байгаа, метр квадратын зөрүү үүсээгүй. “В” ХХК хэмжилт хийснээс 4 сарын дараа дараа А- 2020 оны 12 дугаар сарын 18-нд Баянзүрх дүүргийн бүртгэлийн газарт гаргасан өргөдөл ба мэдүүлэгтээ *** орон сууцыг 56.39 м.кв хэмжээтэй гэж мэдүүлж өөрийн өмчлөлд 56.39 м.кв талбайтай орон сууцны гэрчилгээ 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргуулсан үйл баримтыг шүүх үнэлээгүй.

Анхан шатны шүүх 2016 онд Б- албан ёсны зөвшөөрөлтэй зургийн зохиогчийн хэмжилтийн зургийг үндэслэж улсын бүртгэлд 56.39 м.кв гэж мэдүүлснийг “үнэн зөв мэдүүлээгүй” гэж дүгнэсэн атлаа 2021 онд А- улсын бүртгэлд 56.39 м.кв гэж мэдүүлснийг “үнэн зөв мэдүүлсэн” гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

6.3. Орон сууцыг шилжүүлснээс хойш 6 сар өнгөрсөн тул өмчлөх эрхийн доголдлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг шүүх зөрчсөн. Тус орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүлээн авахдаа “2020 оны 8 сарын 26-ны өдөр орон сууцыг НШШГГ-аар султган чөлөөлүүлж хүлээн авлаа. Цаашид гомдол саналгүй” гэж А- өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурсан баримт хэрэгт авагдсан. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлд үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлаар хүлээн авсан” гэж А- гарын үсгээ зурсан бөгөөд уг тэмдэглэлийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх илт нэг талыг баримталсан, нотлох баримтыг буруу үнэлж хуулийг буруу хэрэглэсэн тул шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулж гэм хорын хохиролд 12,093,971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч А- Баянзүрх дүүргийн - хороо, - хороолол, улаанхуарангийн гудамж *** байр *** хаягт байршилтай 56.39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаанаас 51,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” 6/1 тоот тогтоолоор уг орон сууцны өмчлөх эрхийг А-т шилжүүлэхээр шийдвэрлэж, мөн газрын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1-156/42034 тоот албан бичгээр уг орон сууцыг А-ын өмчлөлд шилжүүлэх, бүртгэх хүсэлтийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ. /хх 127-128 дахь тал/

Нэхэмжлэгч А- нь уг орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр эзэмшилдээ авч, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.  

 

4. Маргаан бүхий орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахад өрөөний тоог “3” гэж, хэмжээг “56.39 м.кв” талбайтай гэж тус тус тодорхойлсон бол “В” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хэмжилтээр өрөөний тоо “2”, талбайн хэмжээг “43.76 м.кв” гэж тус тус тодорхойлсон нь зөрүүтэй болжээ.  

 

4.1. “Г” ХХК 2016 онд “Д” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны хэмжилтийн зургийг зурсан бөгөөд уг зургаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг “56.39 м.кв” гэж тодорхойлсон байх ба энэ үед уг үл хөдлөх эд хөрөнгө нь 1 өрөө байжээ.

 

4.2. “Д” ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгөд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 37А/2016, 41А/2016 тоот албан бичгүүдээр Баянзүрх дүүргийн бүртгэл статистикийн хэлтэст гаргахдаа “1 өрөө орон сууц” гэж тодорхойлсон, Б- 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт орон сууцны өрөөний тоог тодорхойлоогүй, мөн тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах хүсэлтдээ уг орон сууцыг “1 өрөө” гэж мэдүүлсэн байна. /хх 112-113, 115, 125 дахь тал/

 

4.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад албадан дуудлага худалдаагаар худалдах уг орон сууцны санал болгох доод үнийг шинжээч “Н” ХХК 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 74,501,622 төгрөг гэж тогтоож, дүгнэлтээ “хөрөнгийн өмчлөлийн байдлыг гэрчилгээнд 3 өрөө гэж тодорхойлсон боловч бодит байдал дээр 2 өрөө” байгааг дурдсан, талбайн хэмжээг гэрчилгээнд “59.39 м.кв” гэж заасан ба өртгийн хандлагын аргаар үнэ тогтоохдоо уг орон сууцны тэнхлэгээр тооцсон талбайг “53.01 м.кв” гэж, нэгж хүчин чадлын үнэлгээний тооцоололд уг орон сууцны гадна хэмжээсээрээ “56.39 м.кв” гэж тус тус заажээ.

 

4.4. “В” ХХК 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хэмжилт хийхэд уг орон сууц нь зочны өрөө, гал тогоо, хөлийн хэсэг /25.65 м.кв/ болон унтлагын өрөө /13.63 м.кв/, ариун цэврийн өрөө /4.48 м.кв/ гэсэн хэсэгтэй буюу 2 өрөөтэй байсан нь “Н” ХХК-ийн үнэлгээ хийх үеийн уг орон сууцыг 2 өрөө байна гэж дүгнэсэнтэй өрөөний тоо адил тусгагджээ.

“В” ХХК 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хийсэн хэмжилтийг орон сууцны барилгын доторхи талбайг хэмжсэн ба MNS 6058:2009 стандартаар хэмжсэн гэж дүгнэсэн бол “Н” ХХК 2019 оны 07 дугаар сарын 08-ны дүгнэлтэд энэ стандартын дагуу талбай хэмжсэн гэх байдал тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, хэмжилтийн арга барил /дотор талбай болон гадна талбайгаар өөр өөрөөр хэмжсэн/ өөр байхаас гадна стандартууд өөр байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

5. Шинжээч “Н” ХХК-ийн гаргасан үнэлгээг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа зохион байгуулжээ.

 

5.1. Уг албадан дуудлага худалдаанд орсон А- нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах эд хөрөнгийн мэдээлэлтэй танилцах үүрэгтэйгээс гадна боломжтой байсан ба тэрээр уг албадан дуудлага худалдаанаас худалдан авсан орон сууц нь биет байдлын доголдолтой гэж үзвэл уг худалдааг зохион байгуулсан этгээдэд холбогдуулж хуульд заасан журмын дагуу гомдлын шаардлага болон нэхэмжлэл гаргаагүй байна.

 

5.2. Нэхэмжлэгч А- нь нэхэмжлэлдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт удаа дараа гомдол гаргасан гэж дурдсан боловч тэрээр энэ талаар баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Тэрээр “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн захирамжид “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг дундын зуучлалын үүрэг болон улсын бүртгэлийн гаргасан гэрчилгээний дагуу албадан дуудлага худалдаа зохион байгуулж дүгнэсэн” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  баримтаар нотлоогүй, баримт гаргаж өгөөгүй.

 

5.3.Нэхэмжлэгчээс баримтаар гаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2022/04625 дугаар захирамж хуулбар хэлбэрээр авагдсан байхаас гадна уг захирамжид нэхэмжлэгч А- нь хариуцагчаар Б-, “Г”ХХК, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар тодорхойлсон, шүүх уг захирамжаар түүний нэхэмжлэлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ. /хх 15-16 дахь тал/  

 

6. Улсын бүртгэлийн ерөнхий хууль 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байхад анхан шатны шүүх ноцтой алдаа гаргаж уг хууль гараагүй байх үед буюу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахдаа мэдүүлэг буруу гаргасан гэж хариуцагч Б-г буруутгажээ.

Түүнээс гадна хариуцагч Б-г уг орон сууцны талбайн хэмжээ 56.39 м.кв-д хүрэхгүй болохыг мэдэж байсан гэж анхан шатны шүүх дүгнэхдээ ямар баримтад үндэслэснээ тайлбарлаагүй байна.  

 

7. Иргэдийн төлөөлөгч хариуцагчийн гэм буруугүй талаар дүгнэлт гаргасныг анхан шатны шүүх анхаараагүй, уг дүгнэлтийг үндэслэлгүй гэж дүгнэхдээ үндэслэл заагаагүй байна.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчид хохирол учруулсан, уг үйлдэлд тэрээр гэм буруутай болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар хүчингүй болгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/02836 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй бай тул хариуцагч Б-д холбогдох гэм хорын хохиролд 12,093,971 төгрөг гаргуулах тухай А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 209,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгчийн төлсөн 116,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ш.ОЮУНХАНД                                                   ШҮҮГЧИД                                             М.БАЯСГАЛАН                                                                                                                 Э.ЗОЛЗАЯА