Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/03388

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .................. байр хаягт байрлах, Э ХХКы нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ........................... талд байрлах, Б ХХК /РД:.........../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,890,043,547 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И, Д.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга: Д-өөс У-18 хүртэл 4,2км /М хорооллын урд тал хүртэл/ Ф800 -ийн дулааны шугамын барилга угсралтын ажлын хүрээнд 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Э ХХКаас Х ХХК болон Б ХХК-тай .................... тоот гэрээ байгуулан, тус ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 14,490,000,000 төгрөгийн үнийн дүнтэйгээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ....................-2 дугаар бүхий гэрээгээр барилгын ажлыг ашиглалтанд оруулах хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, ....................-3 дугаар бүхий гэрээгээр 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ............... дугаар бүхий гэрээгээр 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн төсөвт өртгбийг 2,722,200,000 төгрөгөөр нэмж санхүүжүүлэхээр, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ...............-1 дугаар бүхий гэрээгээр хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус сунгаж, гэрээний гүйцэтгэл хангагдахтай холбоотой боломжит хугацааг олгож, захиалагч талаас бүхий л арга хэмжээг авсан. Гүйцэтгэгч компанийн зүгээс 2014 болон 2015 онуудад дамжин ажиллаж байгаад 2015 оны 10 сард шугам хоолой бүрэн нийлүүлэгдээгүй гэх шалтгааны улмаас ажлаа зогсоон, 2019 оны хавар дахин эхлүүлсэн боловч мөн гүйцээж чадалгүй зогссон байдаг. Тодруулбал, 2016-2017 оны хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх график, дуусгах хуваарийг мөрдөж ажиллаагүй ба түүнээс гүйцэтгэсэн ажил огт байхгүй. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 9-дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх графикт нийт 75 ажил үүргийг тусгасан ба үүнээс 5 ажлыг эхлүүлсэн боловч бүрэн дуусгаагүй буюу төлөвлөсөн нийт ажлын 10 хувийн гүйцэтгэлд ч хүрээгүй байна. Нийт 10 удаагийн гүйцэтгэлээр 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 89.39 хувь буюу 15,172,694,377 төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд санхүүжилтүүд нь "Д" төслийн нэгжээр дамжуулан Х ХХКнаас олгогддог байсан бол №10 дахь гүйцэтгэл Э төвөөр хянагдан Э ХХКд хүргүүлсэн. Ийнхүү гүйцэтгэгч компани ажлаа бүрэн дуусгах хэмжээний санхүүжилтийг авсан. Гэвч гүйцэтгэгч компаниас санхүүгийн боломжгүй гэх шалтгаанаар ажлаа дуусгахгүй өдийг хүрсэн. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 75.2 хувьтай. Үүнээс бодит хийгдсэн ажил 67.6 хувь, ажлын талбайд 7.62 хувийн бараа материал, гаалийн агуулахад 3.5 хувийн 26 ширхэг сильфон компенсатор байна. Тус 26 ширхэг сильфон компенсатор нь 2017 оноос өнөөдрийг хүртэл гаалийн агуулахад байсан хэвээр байгаа. Холбогдох ямар ч арга хэмжээ авч ажиллаагүй ба ахиц огт байхгүй байгаа нь гүйцэтгэгчийн хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой юм. Ажлаа хугацаанд нь даруй дуусгах талаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Э ХХКаас 8 /мэдэгдэл-5/ Э төвөөс 20 /мэдэгдэл-18/ удаагийн албан тоот, мэдэгдлээр үүрэг өгсөн боловч ажил огт хийгдээгүй. Ажлын явцад Э ХХК болон Э төвөөс ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа талаар удаа дараа мэдэгдэж байсан. Түүнчлэн 2020 он гарсаар ажлыг хийлгүүлэх талаар Э төвөөс гүйцэтгэгч компанитай 9 удаагийн уулзалт, 2017 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Э ХХКтай хамтарсан мөн 9 удаагийн хурал хийсэн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд аргацаасан байдалтай хариуцлагагүй хандаж, ажлын гүйцэтгэлд ахиц огт гараагүй байгаа юм. Түүнчлэн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дулааны шугамын барилга угсралтын ажилд үзлэг хийсэн талаар хуралдсан ба хурлаас гарсан шийдвэрийн дагуу ажлын гүйцэтгэлийг дахин нягтлан үзэж, тоо хэмжээний өөрчлөлтийг тоолон тэмдэглэсэн ба гүйцэтгэгч талаас гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн гүйцэтгэгч компаниас 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн албан бичгээр 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ажлаа хүлээлгэн өгч чадахгүй тохиолдолд хариуцлагаа бүрэн хүлээх баталгаа гаргаж, "...үлдсэн угсралтын ажлыг 2019 оны 6 бдугаар сарын 15-ны өдөр гэхэд 40 хүртэл хувийг хийгдээгүй нөхцөлд гэрээг цуцлахаас татгалзах зүйлгүй" талаар 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн. Ийнхүү "Талууд гэрээнд заасан үүргийг сайн дураар биелүүлэх" гэрээний үндсэн зарчмыг зөрчиж, Иргэний хууль болон үндсэн гэрээний 6 дугаар зүйлд заасан гүйцэтгэгчийн үүргийг мөрдөж ажиллахгүй өнөөг хүрсэн нь гэрээний ерөнхий нөхцөлийн 54 дүгээр зүйлийн 54.2.1, 54.2.6, 54.2.10-т тус тус заасны дагуу гэрээний ноцтой зөрчил болох ба гэрээний ерөнхий нөхцөлийн 18-дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу ажил дуусгахаар төлөвлөсөн өдөр ажил дуусаагүй тус зүйлийн 18.2-т заасны дагуу гэрээг цуцлах үндэслэл болж байна. Иймд гэрээний ерөнхий нөхцөлийн 54 дүгээр зүйлийн 54.1, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ажлын хэсгийн хурлын шийдвэр, 01 дугаар бүхий хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн үл маргах журмаар гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн. Гэрээний ерөнхий нөхцөлийн 54 дүгээр зүйлийн 54.5-д заасны дагуу гүйцэтгэгчийн зүгээс ажлыг даруй зогсоож, ажлын талбайн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж, түргэн хугацаанд чөлөөлж өгөх хэрэгтэй ба тус гэрээний ерөнхий нөхцөлийн 55 дугаар зүйлийн 55.1, гэрээний тусгай нөхцөлийн нэмэлт өөрчлөлтийн 55.4, 56.1-т заасны дагуу гүйцэтгэгч гэрээг ноцтой зөрчсөний улмаас гэрээ цуцлах болсон. Нэхэмжлэлийн шаардлагын гэрээний хэтэрсэн дүн буюу гүйцэтгэлээр илүү авсан санхүүжилт болох 2,495,458,740 төгрөгийн үнийн дүнд 531,302,428 төгрөгийн үнэ бүхий 26 ширхэг сильфон компенсатор багтаж байгаа. Б ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/25 тоот албан бичгээр У ХХК-д хандаж гаалийн баталгаат талбайд байршуулсан 26 ширхэг сильфон компенсатор хаалтын гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн талбайн хадгалалтын хураамжийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан. Үүний дагуу У ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор 121,104,531 төгрөгийг Б ХХК-иас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шийдвэрлэж, гаалийн байгууллагад шилжүүлэн бараа материалыг хүлээн авсан. Иймээс дээрх гэрээний хэтэрсэн дүн буюу гүйцэтгэлээр илүү авсан санхүүжилт болох 2,495,458,740 төгрөгийн нэхэмжлэлээс хүлээн авсан бараа материалын үнэ болох 531,302,428 төгрөгийг хасаж, 1,964,156,312 төгрөг болсон. Харин "У" ХХК-иас гаалийн байгууллагад шилжүүлсэн төлбөр болох 121,104,531 төгрөгийг нэмэгдүүлж, гэрээний хэтэрсэн дүн буюу гүйцэтгэлээр илүү авсан санхүүжилтийн үнийн дүнг 2,085,260,843 төгрөг болгож байна. Түүнчлэн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн .......................... дугаар захирамжаар шинжээчээр томилогдсон "И " ХХК нь шинжээчийн дүгнэлтийн хөлсийг төлсөн тохиолдолд шүүхэд дүгнэлтээ өгнө гэж цааргалсаар өдийг хүрсэн тул яамны зүгээс холбогдох арга хэмжээг авч, шинжээчийн ажлын төлбөр болох 15,000,000 төгрөгийг төлсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын гэрээний хэтэрсэн дүн буюу гүйцэтгэлээр илүү авсан санхүүжилтийн үнийн дүнд шинжээчийн ажлын хөлс болох 15,000,000 төгрөгийг нэмэгдүүлж нийт 2,100,260,843 төгрөг болгон өөрчилж байна. 5,890,043,547 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 395,197,897 төгрөгөөр багасгаж, гэрээний хэтэрсэн дүн буюу гүйцэтгэлээр илүү авсан санхүүжилтийн үнийн дүнг 2,100,260,843 төгрөг, гэрээний үнийн 20 хувиар, алданги тооцож 3,394,584,807 төгрөг, нийт 5,494,845,650 төгрөгийг "Б" ХХК-иас нэхэмжилж байгаа тул хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь гэрээний хэтэрсэн дүн буюу гүйцэтгэлээр илүү авсан санхүүжилт болох 2,495,458,740 төгрөгөөс гаалийн байгууллагаас хүлээн авсан 26 ширхэг сильфон компенсаторын үнэ 531,302,428 төгрөгийг хасаж 1,964,156,312 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа бөгөөд үүнийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь Б ХХК нь илүү авсан санхүүжилт гэх 1,964,156,312 төгрөгөөс ажил гүйцэтгэх гэрээний дулааны шугамын барилга угсралтын ажилд шаардагдах материал, тоног төхөөрөмжийн зардалд нийт 1,935,148,684 төгрөг зарцуулаад байсан бөгөөд тус материал, тоног төхөөрөмжүүдийг УХХК-д хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардаж буй илүү 1,935,148,684 төгрөгт ногдох материал, тоног төхөөрөмжийг бодитойгоор худалдан авч, авсан санхүүжилт 1,964,156,312 төгрөгөөс тэдгээрийг актаар хүлээлгэн өгсөн байх тул 1,935,148,684 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Мөн гаалийн байгууллагаас хүлээн авсан 26 ширхэг сильфон компенсаторын татвар, хадгалалтын зардал 121,104,531 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б ХХК-ийн хүлээн авсан санхүүжилт болон худалдан авсан бараа материалын үнийн дүнгээс харахад 29,007,628 төгрөгийн зөрүү гарах бөгөөд энэ нь Б ХХК өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас гааль дээрх материал, тоног төхөөрөмжийг гацааж ийм хэмжээний зардал үүсгэсэн юм биш харин улсын төсвөөс холбогдох санхүүжилт орж ирээгүйгээс зардал үүссэн гэдэг нь харагдаж байна. Иймд дээрх 26 ширхэг сильфон компенсаторийн татвар, хадгалалтын зардал 121,104.531 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээний үнийн дүнгийн 20 хувиар алданги тооцож 3,394,584,807 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа бөгөөд үүний зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Учир нь Э төвөөс гаргасан барилга угсралтын ажлын зураг төслийн баримт бичигт зааснаар "Б" ХХК-ийн хийх дулааны шугамын барилга угсралтын ажлын нийт санхүүжилт 16,987,285,064 төгрөг гэж тооцсон бөгөөд үүнээс 14,882,749,257.81 төгрөг буюу 87.61 хувийн санхүүжилт бодитоор орж ирсэн. Харин шинжээчийн дүгнэлтээр Б ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл 75.9 хувь буюу 12,893,349,363.576 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг тогтоосон байна. Үүнээс үзэхэд Б ХХК-д бодитоор орж ирсэн санхүүжилт 14,882,749,257.81 төгрөгөөс гүйцэтгэсэн ажил 12,893,349,363.576 төгрөгийг хасаад 1,989,399,894.24 төгрөгийн илүү санхүүжилт авсан гэж үзэх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 994,699,947.12 төгрөг төлөх үндэслэлтэй байх ба 2,399,884,859.88 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын илүү авсан санхүүжилт 1,964,156,312 төгрөгөөс 29,007,628 төгрөгийг зөвшөөрч, алданги 3,394,584,807 төгрөгөөс 994,699,947.12 төгрөгийг зөвшөөрч, шинжээчийн ажлын хөлс 15,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нийт 5,494,845,650 төгрөгөөс 1,038,707,575.12 төгрөгийг зөвшөөрч, 4,907,138,074.88 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Мөн тайлбараа дэмжих үүднээс хавсралт заагдсан баримтыг гаргаж өгөх гэхэд У ХХК-д 2,100,000,000 төгрөгийн бараа материалыг хүлээлгэж өгсөн гэж яриад байгаа хүлээн авсан актыг У компани гаргаж өгөлгүй удаад байсан. Тийм учраас актыг гаргаж өгч байж бидний мэдээд байгаа 1,009,000,000 төгрөгийн бараа материал тоног төхөөрөмж гарсан эсэх талаар бодитой тогтоох шаардлагатай байна. У компаниас баримт өнөөдөр болтол гаргаж өгөөгүй нь биднээс шалтгаалах зүйл биш юм гэжээ.

 

3.Нотлох баримтаар С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ......... дугаар захирамж /1хх-ийн 64, 65/, суурийн нүх ухсан акт /1хх-ийн 71-77/, цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчилсан акт /1хх-ийн 78-86/, цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт /1хх-ийн 87/, цутгамал төмөр бетон хийц хийсэн акт /1хх-ийн 88-90/, төмөр бүтээцийг угсарч гагнасан акт /1хх-ийн 91-96/, Д ХХК-ийн 210 мВт-ын уур усны бойлероос У-18 хүртэл 2ф800 мм дулааны төв шугамын угсралтын ажлын гагнуурын формуляр /1хх-ийн 97-99/, конпенсаторын таталтыг хийсэн тухай акт /1хх-ийн 100-105/, дулааны шугам хоолойн далд ажлын акт /1хх-ийн 106-120/, Д-өөс У-18 хүртэл М хорооллын урд тал хүртэл 4.2 км ф800-ийн голчтой дулааны шугамын барилга угсралтын ажлын хурлын протокол 1хх-ийн 121,122/, хурлын тэмдэглэлүүд /1хх-ийн 123-146/, Э төвийн албан бичгүүд /1хх-ийн 147-158/, Э ХХК 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ...... тоот албан бичиг /1хх-ийн 158/, Э төвийн албан бичгүүд /1хх-ийн 159-161, 167, 171-178/, тайлан /1хх-ийн 162,163/, Э төвийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2а/36 тоот албан бичиг /1хх-ийн 164/, Б ХХК-ийн албан бичиг /1хх-ийн 165, 166, 168/, Э ХХКы албан бичиг /1хх-ийн 170, 179, 180/, худалдах, худалдан авах гэрээ /1хх-ийн 181,182, 188/, баталгаа /1хх-ийн 183/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 184/, С ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 17 тоот албан бичиг /1хх-ийн 185/, Б ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 06/14 тоот албан бичиг /1хх-ийн 186,187,190,191/, гадаад гуйвуулгын даалгавар /1хх-ийн 189/, Г.Н-рын хүсэлт /1хх-ийн 192/, баталгааны гэрээ /1хх-ийн 193,194/, гүйцэтгэлийн баталгаа /1хх-ийн 195/, Б ХХК-ийн албан бичиг /1хх-ийн 196,197/, Д ХХК-ийн 210 мвт-ын уур усны бойлероос У-18 /114-р цэг/ хүртэлх 2ф800 мм-ийн дулааны төв шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн тайлан /1хх-ийн 198-201/, Д ХК-иас У-18 цэг хүртэлх ф800 мм-ийн 4.2 км дулааны шугамын барилга угсралтын ажлын бичиг баримт боть-1 /1хх-ийн 202-2хх-ийн 164/, Д ХК-иас У-18 цэг хүртэлх ф800 мм-ийн 4.2 км дулааны шугамын барилга угсралтын ажлын бичиг баримт боть-2 /2хх-ийн 2хх-ийн 178/, Ц ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 204-3хх-ийн 51/, Б ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/25 тоот албан бичиг /3хх-ийн 137/, У ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны 19 тоот тогтоол /3хх-ийн 141/, Д ХК-иас У-18 цэг хүртэлх ф800 мм-ийн 4.2 км дулааны шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх график /3хх-ийн 150/, И ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 94-114/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэрээний дагуу төлбөрт илүү шилжүүлсэн 2,495,458,740 төгрөг, алданги 3,394,584,807 төгрөг нийт 5,890,043,547 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн төлбөрт илүү шилжүүлсэн 2,495,458,740 төгрөг гаргуулах шаардлагаа 395,197,897 төгрөгөөр багасгаж, 2,100,260,843 төгрөг, алданги 3,394,584,807 төгрөг нийт 5,494,845,650 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Э ХХК нь Б ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2014/006С-ДБ-Б 2014-27 тоот гэрээ байгуулж, Б ХХК нь Д-с У-18 хүртэл 4,2 км М хорооллын урд тал хүртэл ф800-ийн голчтой дулааны шугамын барилгын угсралтын ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2014 оны 12 дугар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон. Хариуцагч тал гэрээний хугацаанд ажлаа гүйцэтгээгүй учир гэрээний хугацааг 5-6 удаа сунгаж өгсөн боловч ажлаа гүйцэтгэж дуусгаагүй. Хариуцагч нь 89,39 хувь буюу 15,172,694,377 төгрөгийн санхүүжилт авсан ч хийсэн ажлын гүйцэтгэлийн дүнгээр 75,2 хувийн гүйцэтгэлтэй байна. Сунгасан хугацаанд авсан санхүүжилтээрээ ажлаа хийгээгүй тул Б ХХК-аас илүү гүйцэтгэлээр авсан 2,495,450,649 төгрөг, алданги 3,394,584,807 төгрөг нийт 5,890,043,547 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Б ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0125 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу гаалийн талбай дээр байгаа 26 компенсаторыг Э ХХК холбогдох байгууллагуудад хандаж татан авахад НӨАТ, гаалийн баталгаат агуулахын хадгалалтын төлбөрт 121,104,531 төгрөгийг төлсөн. Мөн шинжээчийн зардал 15,000,000 төгрөгийг төлсөн. Иймд 2,100,260,843 төгрөгийн хохирол, алданги 3,394,584,807 төгрөг нийт 5,494,845,650 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ ...Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

а.Б ХХК нь илүү авсан санхүүжилт гэх 1,964,156,312 төгрөгөөс ажил гүйцэтгэх гэрээний дулааны шугамын барилга угсралтын ажилд шаардагдах материал, тоног төхөөрөмжийн зардалд нийт 1,935,148,684 төгрөг зарцуулсан. Тус материал, тоног төхөөрөмжүүдийг УХХК-нд хүлээлгэн өгсөн.

б.Мөн гаалийн байгууллагаас хүлээн авсан 26 ширхэг сильфон компенсаторийн татвар, хадгалалтын зардал 121,104,531 төгрөг тооцож төлбөрөөс хасахыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б ХХК-ийн хүлээн авсан санхүүжилт болон худалдан авсан бараа материалын үнийн дүнгээс харахад 29,007,628 төгрөгийн зөрүү гарах бөгөөд энэ нь Б ХХК өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас гааль дээрх материал, тоног төхөөрөмжийг гацааж, улсын төсвөөс холбогдох санхүүжилт орж ирээгүйгээс зардал үүссэн байна.

в.Э төвөөс гаргасан барилга угсралтын ажлын зураг төслийн баримт бичигт зааснаар "Б" ХХК-ийн хийх дулааны шугамын барилга угсралтын ажлын нийт санхүүжилт 16,987,285,064 төгрөг гэж тооцсон бөгөөд үүнээс 14,882,749,257.81 төгрөг буюу 87.61 хувийн санхүүжилт бодитоор орж ирсэн. Харин Шинжээчийн дүгнэлтээр Б ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл 75.9 хувь буюу 12,893,349,363.576 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг тогтоосон байна. Үүнээс үзэхэд Б ХХК-д бодитоор орж ирсэн санхүүжилт 14,882,749,257.81 төгрөгөөс гүйцэтгэсэн ажил 12,893,349,363.576 төгрөгийг хасаад 1,989,399,894.24 төгрөгийн илүү санхүүжилт авсан гэж үзэх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 994,699,947.12 төгрөг төлөх үндэслэлтэй байх ба 2,399,884,859.88 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Г.Нэхэмжлэлийн шаардлагын илүү авсан санхүүжилт 1,964,156,312 төгрөгөөс 29,007,628 төгрөгийг, алданги 3,394,584,807 төгрөгөөс 994,699,947.12 төгрөгийг, шинжээчийн ажлын хөлс 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Иймд нэхэмжилсэн 5,494,845,650 төгрөгөөс 1,038,707,575.12 төгрөгийг зөвшөөрч, үдлэх хэсгийг зөвшөөрөхгүй байна гэж тайлбарласан.

 

5.Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Б ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2014/006, 2014-27 тоот гэрээ байгуулж, гэрээгээр хариуцагч Б ХХК нь Д-өөс У-18 хүртэл 4,2 км /М хорооллын урд тал хүртэл/ ф800-ийн дулааны шугамын барилга угсралтын ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2014 оны 12 дугар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх, Монгол улсын Х ХХКнаас санхүүжилтийг хийж, нэхэмжлэгч Э ХХК нь ажлыг хүлээн авахаар тохиролцсон байна.

 

6.Талууд 2014/006С-ДБ-Б 2014-27 тоот гэрээнд 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ....................-1 тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, ...Д-өөс У-18 хүртэл 4,2 км /М хорооллын урд тал хүртэл/ ф800-ийн голчтой дулааны шугамын барилга угсралтын ажил гэж өөрчлөлт,

2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2014/006С-ДБ-Б 2014-27 тоот гэрээнд 2014/006С-ДБ-Б 2014-27-2 тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, ...барилгын ажлыг ашиглалтад оруулах хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгаж, барилгын ажил дуусах хугацааг 2015 оны 08 дугаар сарын 31, техникийн комисс ажиллуулж дууссан байх хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 15, улсын комисс ажиллуулж дууссан байх хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 25 гэж өөрчлөлт,

2015 онд 2014/006С-ДБ-Б 2014-27 тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах 2014/006С-ДБ-Б 2014-27-3 тоот гэрээг байгуулж, ...барилгын ажлыг ашиглалтад оруулах хугацааг 2016 оны 06 дугар сарын 30-ны өдөр хүртэл сунгаж, барилгын ажил дуусах хугацааг 2016 оны 05 дугаар сарын 01, техникийн комисс ажиллуулж дууссан байх хугацааг 2016 оны 05 дугаар сарын 15, улсын комисс ажиллуулж дууссан байх хугацааг 2016 оны 06 дугаар сарын 30 гэж өөрчлөлт,

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, 1....гүйцэтгэгч 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулна, 2....ажлыг 16,972,922,539 төгрөгөөр хийж гүйцэтгэнэ, 3. бусад нөхцөл хэвээр үлдэнэ гэж өөрчлөлт,

2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ...............-1 тоот гэрээг байгуулж, 1....гүйцэтгэгч 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулна, 2. Гэрээний тусгай нөхцөлд хавсралт №1 заасан нэмэлт өөрчлөлт оруулж байна, 3....ажлыг гүйцэтгэх нарийвчилсан хуваарийг энэхүү нэмэлт гэрээний хавсралт №2 оор батална гэсэн өөрчлөлт, Гэрээний тусгай нөхцөлийн нэмэлт өөрчлөлтөөр 54.4-т Гүйцэтгэгч Б ХХК нь ажлыг хөтөлбөрт заасан хугацаанд ажлаа эхлээгүй, мөн ажил эхэлсэн ч графикт хугацаанаас 14 хоног буюу түүнээс дээш хугацаагаар хоцорсон, эсвэл 2019 оны 6 сарын 15 гэхэд энэ гэрээний хавсралт №2-т заасан графикт ажлын 40 хувийг хийгээгүй тохиолдолд үл маргах журмаар аль нэг тал нь гэрээг цуцалж, хууль тогтоомжийн дагуу даагийн шатны арга хэмжээг зохион байгуулна гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /1хх-ийн 236-238/

 

7.Талууд дээрх гэрээг байгуулж, харилцан тохиролцсоны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулсан, гэрээ хүчин төгөлдөр болсон талаар маргаагүй. Гэрээний агуулгаас үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байх бөгөөд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8.Нэхэмжлэгч нь гэрээний явцад санхүүжилтийг 89.39 хувь буюу 15,172,694,377 төгрөг олгосон боловч ажлын гүйцэтгэл 75.2 хувь хийгдсэн. Олгосон санхүүжилтийн хэмжээнд ажлаа хийлгүй орхисон. Хугацаа сунгасан боловч ажил хийгээгүй гэснийг хариуцагч эв зөвшөөрч санхүүжилт 87.61 хувь буюу 14,882,749,257.81 төгрөгийг авсан. Олгосон санхүүжилтийн хувьд ажлаа 95 хувь хийсэн гэх тайлбар гарган маргасан.

 

9.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №10 дугаартай актаар 2014 оны 04 сарын 03-аас 2017 оны 10 сарын 01 хүртэл талууд тооцоог баталгаажуулсан байна. /2хх-ийн 108/, Мөн Ц ХХК-ийн хийсэн дүгнэлтээр Д-өөс У-18 хүртэл 4,2 км /М хорооллын урд тал хүртэл/ ф800-ийн голчтой дулааны шугамын барилга угсралтын ажилд Санхүүжүүлсэн хэмжээ 15,172,694,377 төгрөг гэж тодорхойлжээ. Хариуцагч нь өөрийн дансаар авсан санхүүжилт 14,882,749,257.81 төгрөг, ажил гүйцэтгэлийн явцад хариуцагчийн нэхэмжлэхийн дагуу санхүүжилт хийгдэж байсныг зөвшөөсөн зэргээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид санхүүжилт 15,172,694,377 төгрөг олгосон нь нотлогдож байна гэж үзэв.

 

10.Ажлын гүйцэтгэлийн талаар шүүхээс томилсон шинжээч И ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан дүгнэлтээр Хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн хувь 75.9 хувь гэж дүгнэсэн байна. Шинжээчийн дүгнэлтэд 26 ширхэг 800 мм голчтой сильфонон конпенсаторын үнэ болон угсрах ажлын гүйцэтгэл тооцогдоогүй байна. /3хх-ийн 94-110/

 

11.Дээрхээс дүгнэвэл хариуцагч нь 89.39 хувь буюу 15,172,694,377 төгрөгийн санхүүжилт авч, 75.9 хувь буюу 12,882,448,207 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, 2,290,246,170 төгрөгт 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиролцооны дагуу барилгын ажил дуусах хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан боловч сунгасан хугацаанд олгосон санхүүжилтийн хэмжээнд ажил хийгээгүй байна.

 

12.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.

 

13.Хариуцагч гэрээний хугацаанд авсан санхүүжилтээр ажил хийж гүйцэтгээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй учир нэхэмжлэгч гэрээг цуцалж, учирсан хохирол болох илүү шилжүүлсэн 2,290,246,170 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

14.Хариуцагч Б ХХК У ХХК-д 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 01/25 тоот албан бичгээр ...26 ширхэг 800 мм голчтой сильфонон конпенсаторыг гаалийн талбайд байршуулсан, санхүүжилтгүйн улмаас НӨАТ, гаалийн талбайн хадгалалтын хураамж зэргийг төлж чадахгүй байгаа учир санхүүжилт олгохыг хүссэн байна. Хавсралтаар 26 ширхэг сильфонон конпенсаторын дүн 528,531,822 төгрөг, НӨАТ 81,922,432.41 төгрөг, гаалийн баталгаат агуулахын хадгалалтын төлбөр 2022 оны 02 сарын байдлаар 20,922,000 төгрөг гэжээ.

 

15.Нэхэмжлэгч нь гаалийн баталгаат агуулахаас 531,302,428 төгрөгийн үнэ бүхий 26 ширхэг 800 мм голчтой сильфонон конпенсаторыг авсан. Үүнтэй холбоотой НӨАТ, гаалийн баталгаат агуулахын хадгалалтын төлбөрт 121,104,531 төгрөгийг, мөн шүүхэд шинжээчийн зардалд төлсөн 15,000,000 төгрөгийг хохиролд тооцож, гаалийн баталгаат агуулахаас авсан 531,302,428 төгрөгийн үнэ бүхий 26 ширхэг 800 мм голчтой сильфонон конпенсаторын үнээс 395,197,897 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

 

16.Хариуцагч нь нэхэмжлэгчийг 26 ширхэг 800 мм голчтой сильфонон конпенсаторыг 531,302,428 төгрөгт тооцож авах, шинжээчийн зардал 15,000,000 төгрөгийг хохиролд тооцож төлөхийг зөвшөөрч маргаагүй боловч НӨАТ болон гаалийн баталгаат агуулахын хадгалалт нийт 121,104,531 төгрөгийн төлбөр үүссэн нь санхүүжилт хийгээгүй нэхэмжлэгчийн буруугаас үүссэн гэж тайлбарласан. Гэвч дээр дүгнэснээр нэхэмжлэгч санхүүжилт хийх гэрээний үүргээ зөрсөн үндэслэл тогтоогдоогүй.

 

17.Хохирол буюу илүү олгосон санхүүжилт 2,290,246,170 төгрөг, НӨАТ, гаалийн баталгаат агуулахын хадгалалтын төлбөр 121,104,531 төгрөг, шинжээчийн зардал 15,000,000 төгрөг нийт 2,426,350,701 төгрөг болно. Үүнээс 26 ширхэг 800 мм голчтой сильфонон конпенсаторын үнэ 531,302,428 төгрөг хасаж тооцвол 1,895,048,273 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан нь тогтоогдож байна.

 

18.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Талууд гэрээний тусгай нөхцөлийн 46.1-т Алданги ногдуулах хэмжээ хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,25 хувь байна. Нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 20 хувь байна гэж тусгажээ.

 

19.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох бөгөөд алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

 

20.Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үнийн дүнгээс тооцож алданги шаардсан нь хуульд нийцэхгүй. Харин 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээгээр тохиролцсон хугацаа дууссан үеэс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 455 хоногт алданги шаардсан. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,895,048,273 төгрөгийн 0.25 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас их байх тул 50 хувь 947,524,136 төгрөгийн алданги шаардах эрхтэй.

 

21.Иймд хариуцагч Б ХХК-иас хохирол 1,895,048,273 төгрөг, алданги 947,524,136 төгрөг нийт 2,842,572,410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХКанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,047,471,407 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

22.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 14,370,812 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б ХХК-иас 2,842,572,410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХКанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,047,471,407 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Э ХХК улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б ХХК-иас 14,370,812 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР