Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/00080

 

 

 

......-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/03388 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ......-ны хариуцагч .........- ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 5,890,043,547 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ихбаяр, Д.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

......-наас ДЦС-4-өөс У-18 хүртэл 4,2 км (Москва хорооллын урд тал хүртэл) Ф800-ын дулааны шугамын барилга угсралтын ажлын хүрээнд 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хөгжлийн банк ХХК болон .........- ХХК-тай 2014/006 С-ДБ-Б 2014-27 тоот гэрээ байгуулан, тус ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 14,490,000,000 төгрөгийн үнийн дүнтэйгээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2014/006 С-ДБ-Б 2014-27-2 дугаар бүхий гэрээгээр барилгын ажлыг ашиглалтад оруулах хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 2014/006 С-ДБ-Б 2014-27-3 дугаар бүхий гэрээгээр 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ЭХА-003/2017 дугаар бүхий гэрээгээр 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн төсөвт өртөг 722,200,000 төгрөгөөр нэмж санхүүжүүлэхээр, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЭХА-003/2017-1 дугаар бүхий гэрээгээр хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус сунгаж, гэрээний гүйцэтгэл хангагдахтай холбоотой боломжит хугацааг олгож, захиалагч талаас бүхий л арга хэмжээг авсан. Гүйцэтгэгч компанийн зүгээс 2014 болон 2015 онуудад дамжин ажиллаж байгаад 2015 оны 10 сард шугам хоолой бүрэн нийлүүлэгдээгүй гэх шалтгааны улмаас ажлаа зогсоосон. 2016-2017 оны хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх график, дуусгах хуваарийг мөрдөж ажиллаагүй ба түүнээс гүйцэтгэсэн ажил огт байхгүй. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх графикт нийт 75 ажил үүргийг тусгасан ба гүйцэтгэсэн ажил 10 хувьд ч хүрээгүй. Нийт 10 удаагийн гүйцэтгэлээр буюу 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 89,39 хувь буюу 15,172,694,377 төгрөгийн санхүүжилтийг олгосон. Гэвч гүйцэтгэсэн ажил 75,2 хувьтай байна. Үүнээс бодит хийгдсэн ажил 67,6 хувь, ажлын талбайд 7,62 хувийн бараа материал, гаалийн агуулахад 3,5 хувийн 26 ширхэг сильфон компенсатор байна. Тус 26 ширхэг сильфон компенсатор нь 2017 оноос гаалийн агуулахад байгаа. ......- болон Эрчим хүчний хөгжлийн төвөөс ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа талаар удаа дараа мэдэгдэж байсан. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дулааны шугамын барилга угсралтын ажилд үзлэг хийсэн талаар хуралдсан ба хурлаас гарсан шийдвэрийн дагуу ажлын гүйцэтгэлийг дахин нягтлан үзэж, тоо хэмжээний өөрчлөлтийг тоолон тэмдэглэсэн .........- ХХК гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр ... 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ажлаа хүлээлгэн өгч чадахгүй тохиолдолд хариуцлагаа бүрэн хүлээх баталгаа гаргаж, үлдсэн угсралтын ажлыг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэхэд 40 хүртэл хувийг хийгдээгүй нөхцөлд гэрээг цуцлахаас татгалзах зүйлгүй... талаар мэдэгдсэн. Гэрээний ерөнхий нөхцөлийн 54.2.1, 54.2.6, 54.2.10-т тус тус заасны дагуу гэрээний ноцтой зөрчил болох ба гэрээний ерөнхий нөхцөлийн 18.1-д заасны дагуу ажил дуусгахаар төлөвлөсөн өдөр ажил дуусаагүй тус зүйлийн 18.2-т заасны дагуу гэрээг цуцлах үндэслэл болсон тул 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ажлын хэсгийн хурлын шийдвэр, 01 дугаар бүхий хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн. Ажил гүйцэтгэгч 2,495,458,740 төгрөгийн санхүүжилт авснаас 531,302,428 төгрөгийн үнэ бүхий 26 ширхэг сильфон компенсатор багтаж байгаа. .........- ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/25 тоот албан бичгээр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д хандаж гаалийн баталгаат талбайд байршуулсан 26 ширхэг сильфон компенсатор хаалтын гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн талбайн хадгалалтын хураамжийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан. Үүний дагуу Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор 121,104,531 төгрөгийг БСД-ОД ХХК-аас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шийдвэрлэж, гаалийн байгууллагад шилжүүлэн бараа материалыг хүлээн авсан. Иймээс дээрх гэрээний хэтэрсэн дүн буюу гүйцэтгэлээр илүү авсан санхүүжилт болох 2,495,458,740 төгрөгийн нэхэмжлэлээс хүлээн авсан бараа материалын үнэ болох 531,302,428 төгрөгийг хасаж, 1,964,156,312 төгрөг болсон. Харин "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас гаалийн байгууллагад 121,104,531 төгрөг шилжүүлсэн. Иймд хариуцагчаас шинжээчийн ажлын хөлс 15,000,000 төгрөг төлсөн. 26 компенсаторыг нэхэмжлэгч авсан тул шинжээчийн зардал 15,000,000 төгрөг, гаалийн татварт төлсөн 121,104,531 төгрөгийг хасаж илүү төлсөн 2,100,260,843 төгрөг, алданги 3,394,584,807 төгрөг, нийт 5,494,845,560 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

.........- ХХК нь илүү авсан санхүүжилт гэх 1,964,156,312 төгрөгөөс ажил гүйцэтгэх гэрээний дулааны шугамын барилга угсралтын ажилд шаардагдах материал, тоног төхөөрөмжийн зардалд нийт 1,935,148,684 төгрөг зарцуулсан бөгөөд тус материал, тоног төхөөрөмжүүдийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардаж буй илүү 1,935,148,684 төгрөгт ногдох материалыг худалдан авч, авсан санхүүжилт 1,964,156,312 төгрөгөөс тэдгээрийг актаар хүлээлгэн өгсөн. Мөн гаалийн байгууллагад 26 ширхэг сильфон компенсаторын татвар 121,104,531 төгрөг гаргуулахыг шаардсаныг зөвшөөрөхгүй. Учир нь .........- ХХК-ийн хүлээн авсан санхүүжилт болон худалдан авсан бараа материалын үнийн дүнгээс үзэхэд 29,007,628 төгрөгийн зөрүү гарна. Нэхэмжлэгч нь гэрээний үнийн дүнгийн 20 хувиар алданги тооцож 3,394,584,807 төгрөг гаргуулахыг зөвшөөрөхгүй. Эрчим хүчний хөгжлийн төвөөс гаргасан барилга угсралтын ажлын зураг төслийн баримт бичигт зааснаар .........- ХХК-ийн хийх дулааны шугамын барилга угсралтын ажлын нийт санхүүжилт 16,987,285,064 төгрөг гэж тооцсон бөгөөд үүнээс 14,882,749,257.81 төгрөг буюу 87,61 хувийн санхүүжилтийг авсан. Харин шинжээчийн дүгнэлтээр .........- ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл 75,9 хувь буюу 12,893,349,363.576 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг тогтоосон. Үүнээс үзэхэд .........- ХХК-д бодитоор шилжүүлсэн санхүүжилт 14,882,749,257.81 төгрөгөөс гүйцэтгэсэн ажил 12,893,349,363.576 төгрөгийг хасахад 1,989,399,894.24 төгрөгийн илүү санхүүжилт авсан гэж үзнэ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож алданги 994,699,947.12 төгрөг үндэслэлтэй. Иймд илүү авсан санхүүжилт 1,964,156,312 төгрөгөөс 29,007,628 төгрөгийг зөвшөөрч, алданги 3,394,584,807 төгрөгөөс 994,699,947.12 төгрөгийг зөвшөөрч байна. Шинжээчийн ажлын хөлс 15,000,000 төгрөг гаргуулахыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн нийт шаардлага 5,494,845,650 төгрөгөөс 1,038,707,575.12 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 4,907,138,074.88 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч .........- ХХК-аас 2,842,572,410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......-анд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,047,471,407 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч ......- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч .........- ХХК-аас 14,370,812 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. .........- ХХК нь ......-, Хөгжлийн банк ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2014/006 С-ДБ-Б 2014-27 дугаар ДЦС-4өөс У-18 хүртэл 4,2 км Москва хорооллын урд тал хүртэл/ Ф800-ийн дулааны шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад ажлын зураг төсөл гараагүй байсан бөгөөд үүний улмаас бий болсон төсөвт өртгийн зөрүү, бараа материалын үнийн өсөлт зэргээс шалтгаалан талууд гэрээний ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах хугацааг удаа дараа 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Мөн Корона вирус-19 цар тахлын болон санхүүжилтийн нөхцөл байдлаас шалтгаалан .........- ХХК ХХК нь ажлаа хугацаанд нь хүлээлгэн өгч чадаагүй бөгөөд захиалагч ......- гэрээг цуцалсан.

Анхан шатны шүүх .........- ХХК-аас 2,842,572,410 төгрөгийг хангаж шийдвэрлэснээс 1,880,048,273 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Хариуцагч нь дансаар авсан санхүүжилт 14,882,749,257.81 төгрөг, ажил гүйцэтгэлийн явцад хариуцагчийн нэхэмжлэхийн дагуу санхүүжилт хийгдэж байсныг зөвшөөрсөн зэргээс үзвэл нэхэмжлэгч хариуцагчид 15,172,694,377 төгрөг олгосон нь нотлогдож байна гэж дүгнэсэн. Хариуцагч нь ажил дуусах хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан боловч уг хугацаанд олгосон санхүүжилтийн хэмжээнд ажил хийгээгүй байна. Хариуцагч нь 26 ширхэг сильфонон компенсаторыг 531,302,428 төгрөгт тооцож авах, шинжээчийн зардал 15,000,000 төгрөгийн хохиролд тооцож төлөхийг зөвшөөрч маргаагүй боловч НӨАТ болон гаалийн баталгаат агуулахын хадгалалт нийт 121,104,531 төгрөгийн төлбөр үүссэн нь санхүүжилт хийгээгүй нэхэмжлэгчийн буруугаас үүссэн гэж тайлбарласан. Гэвч дээр дүгнэснээр нэхэмжлэгч санхүүжилт хийх гэрээний үүргээ зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй гэж буруу дүгнэсэн. Хариуцагч бодит санхүүжилт 14,882,749,257.81 төгрөг авсан талаар хөрөнгийн үнэлгээ санхүүгийн зөвлөх үйлчилгээний Цэц эксперт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүх 15,172,694,377 төгрөгийн санхүүжилт авсан, санхүүжилт хийгдэж байсныг зөвшөөрсөн гэж буруу дүгнэсэн. Дээрх үнийн дүнгийн зөрүү 289,946,158 төгрөгийг буруу тооцоолж, улмаар гаалийн баталгаат агуулахын хадгалалтын төлбөр 121,104,531 төгрөгийг хохиролд тооцуулан хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шүүх Хохирол буюу илүү олгосон санхүүжилт 2,290,246,170 төгрөг, НӨАТ, гаалийн баталгаат агуулахын хадгалалтын төлбөр 121,104,531 төгрөг, шинжээчийн зардал 15,000,000 төгрөг, нийт 2,426,350,701 төгрөг болно. Үүнээс 26 ширхэг сильфонон компенсаторын үнэ 531,302,428 төгрөг хасаж тооцвол 1,895,048,273 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгчид учирсан бодит хохирол 1,895,048,273 төгрөг биш бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хариуцагч .........- ХХК нь тус барилга угсралтын ажилд шаардагдах 1,935,148,684 төгрөгийн үнэ бүхий материал, тоног төхөөрөмжийг УБДС ХХК-д хүлээлгэн өгсөн ба 1,895,048,273 төгрөгөөс шинжээчийн зардал 15,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 1,880,048,273 төгрөгийг эс зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид 1,880,048,273 төгрөгийн бодит хохирол учраагүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хураагдсан материал УБДС ХХК-ийн хашаанд тавьсан байгаа... гэж тайлбарласан ба талууд материал, тоног төхөөрөмж өгсөн, авсан талаар маргаагүй.

Шүүх мөн хууль зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Э.Билгүүнээс хууль зүйн туслалцаа авахаас татгалзаж шинээр өмгөөлөгч авахаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан тул үндэслэл бүхий хүсэлтийг хангахаас татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчээс татгалзсан. Гэтэл шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хариуцагчийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгчээс татгалзсан хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана гэж заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

1. Нэхэмжлэгч ......- нь хариуцагч .........- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү шилжүүлсэн 2,100,260,843 төгрөг, алданги 3,394,584,807 төгрөг, нийт 5,494,845,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал илүү шилжүүлсэн санхүүжилт 29,007,628 төгрөг, алданги 994,699,947.12 төгрөг, шинжээчийн хөлс 15,000,000 төгрөг, нийт 1,038,707,575.12 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

1.1. ......-, Монгол улсын Хөгжлийн банк ХХК, .........- ХХК-ийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2014/006 дугаартай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч .........- ХХК ДЦС-4-өөс У-18 хүртэл 4,2 км (Москва хорооллын урд тал хүртэл) Ф-800-ийн голчтой дулааны шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, захиалагч ......- ажлын хөлсийг төлөх, санхүүжүүлэгч Хөгжлийн банк ХХК ажлын зардлыг санхүүжүүлэхээр тохиролцжээ.

Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. (1хав-211-238)

Талууд дулааны шугамын барилга угсралтыг ашиглалтад оруулах хугацааг удаа дараа сунгаж, хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЭХА-003/2017-1 дугаар ДЦС-4-өөс У-18 хүртэл 4,2 км (Москва хорооллын урд тал хүртэл) Ф-800-ийн голчтой дулааны шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр гүйцэтгэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон байна. (1хх-236х)

 

1.2. Хариуцагч .........- ХХК 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 05/15 дугаар албан бичгээр ... ДЦС-4 ТӨХК-аас У-18 хүртэл 4,2 км 2ф800 мм-ийн дулааны шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа, уг ажлыг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэхэд 40 хүртэл хувийг хийгдээгүй нөхцөлд гэрээг цуцлахад татгалзахгүй... гэж, мөн 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/03 дугаар албан бичгээр ...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ажлаа хүлээлгэн өгнө гэж тус тус баталгаа гаргажээ. (1хх-239-240)

 

1.3. Гэрээний талууд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийн 10 дугаартай акт үйлдсэн байх бөгөөд уг актад захиалагч ......- дээрх дулааны шугамын барилга угсралтын ажлын санхүүжилтийн 89,39 хувийг буюу 15,172,694,377 төгрөгийг олгосон талаар гэж тусгагдсан байхаас гадна Цэц эксперт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд ... одоогийн байдлаар санхүүжүүлсэн хэмжээ 15,172,694,377 төгрөг... гэж дүгнэснээс үзэхэд нэхэмжлэгч нь 15,172,694,377 төгрөгийн санхүүжилтийг хариуцагчид олгосон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгджээ. (2хх-108, 206-248, 3хх-1-51)

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... 14,882,748,219 төгрөгийн санхүүжилт олгосон байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн... гэх гомдол үндэслэлгүй.

1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс Итгэлт-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээч хариуцагч .........- ХХК нь ДЦС-4 ТӨХК-аас У-18 хүртэл 4,2 км 2ф 800 мм-ийн дулааны шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх 2014/006 С-ДБ-Б 2014-27 тоот гэрээт ажлын 75,9 хувийг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэлт гаргажээ. (2хх-ийн 201, 3хх-ийн 60-61, 94-113)

 

Талуудын хооронд хийгдсэн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр барилгын ажил дуусах хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байхад уг хугацаанд нэхэмжлэгч талаас олгосон санхүүжилтийн хэмжээнд ажил гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзэж, шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож хариуцагч нь гэрээний дагуу гүйцэтгэх ажлынхаа 75.9 хувийн буюу 12,882,448,207 төгрөгийн гүйцэтгэсэн байсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. Иймд нэхэмжлэгч ажлын хөлсөнд төлсөн мөнгөн хөрөнгө 2,290,246,170 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардсан нь үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

 

1.5. Мөн нэхэмжлэгч ......- Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар Итгэлт-Эстимэйт ХХК-д шинжээчийн хөлс 15,000,000 төгрөг, НӨАТ, гаалийн баталгаат агуулахын хадгалалтын төлбөр 121,104,531 төгрөг төлснийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. (3хх-ийн 133)

 

Иймд хариуцагч .........- ХХК нэхэмжлэгч ......-анд нийт 2,426,350,701 төгрөгийг буцаан төлөхөөс 26 ширхэг сильфонон компенсаторын үнэ 531,302,428 төгрөгийг хасаж, үлдэх 1,895,048,273 төгрөг төлөх үүрэгтэй.

 

1.6. Талууд гэрээний тусгай нөхцөлийн 46.1-т Алданги ногдуулах хэмжээ хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,25 хувь байна. Нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул хариуцагч .........- ХХК нь алдангид 1,895,048,273 төгрөгийн 50 хувь 947,524,136 төгрөгийг нэхэмжлэгч ......-анд төлөх үүрэгтэй тул хариуцагчаас бүгд 2,842,572,410 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

2.Хариуцагч .........- ХХК нь тус барилга угсралтын ажилд шаардагдах 1,935,148,684 төгрөгийн үнэ бүхий материал, тоног төхөөрөмжийг УБДС ХХК-д хүлээлгэн өгсөн гэх агуулгатай тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. (3хх-ийн 164) Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

2.1. Анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба хариуцагчийг албадан ирүүлж, хариуцагч талын хүсэлтээр хэргийг шилжүүлж, өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, тухайн өдрийн шүүгчийн 102/ШЗ2022/15124 дугаартай захирамжид гомдол гаргах хүсэлт гаргасан үндэслэлээр 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн өмгөөлөгчөөс татгалзсан, мөн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэснээс хойш өмгөөлөгчөөс мэргэжлийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөх хүсэлт гаргасан ба анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дээрх байдлаар үргэлжилж байх бүхий л хугацаанд өмгөөлөгч авах боломжтой байсан, шүүх өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах боломжийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд ...шинээр өмгөөлөгч авахаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан... хариуцагчийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй... гэх агуулгатай гомдол үндэслэлгүй байна.

 

2.2. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны дэг дарааллын дагуу даргалагч шүүгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр даргалагч болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзан гаргах хүсэлтийг асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзахгүй гэсэн атлаа шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулсан шүүгчээс татгалзсан нь мөн хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүгчээс татгалзсан хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана гэж заасныг зөрчсөн гэх гомдол мөн үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/03388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,558,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ