Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/03412

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............... дүүрэг, ..................... байрлах, И ХК /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:......... дүүрэг, ......................... тоотод оршин суух хаягтай, Т ургийн овогтой Я Д /РД:.............../,

Хариуцагч:........дүүрэг, ................... тоотод оршин суух хаягтай, Б ургийн овогтой Ч  О /РД:..................../ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,826,105 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Хариуцагч Ч.О , Я.Д , хариуцагчийн өмгөөлөгч Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч И ХК нь хариуцагч Ч.О , Я.Д нарт холбогдуулан 4,826,105 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт 4,395,300 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Иргэн Я.Д , Ч.О нар нь "И " ХК-тай 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ....................... тоот "Зээлийн гэрээ", ................... тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ"-г тус тус байгуулан 12,950,000 төгрөгийн зээлийг сарын 4.1 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар автомашин худалдан авах зориулалтаар авсан. Энэхүү зээлийн барьцаанд 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн, ......................... арлын дугаартай, ............. УББ улсын дугаартай, Тоёота Пруис маркийн авто машиныг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй тул зээлдэгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлтээр зээлийн зөрчигдсөн төлбөрийг төлж гэрээний зөрчлийг арилгах хугацаа өгч 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр .......................-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ"-г байгуулж уг гэрээний хугацааг 7 сараар сунгасан. Мөн уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т талууд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ....................... тоот Зээлийн гэрээ-ний үлдэгдэл 6,434,187.23 төгрөгөөр тогтоосон. Гэвч зээлдэгч нар нь уг нэмэлт гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул зээлийн гэрээний 2.1.11-д заасан ноцтой зөрчил гаргасан, Зээлдэгч нарын зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон үндсэн зээл 3,557,100 төгрөг, зээлийн хүү 692,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 131,600 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг нийт 4,395,300 төгрөг нэхэмжилсэн. Манай тал нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацааны зээлийн хүү 340,696 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,109 төгрөгөөр нэмж зээлийн гэрээний уурэгт нийт 4,826,105 төгрөгийг гаргуулан "И " ХХК-д олгуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Ч.О , Я.Д нар нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Я.Д , Ч.О нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд И ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ....................... дугаартай зээлийн гэрээ байгуулж 12,950,000 төгрөг зээлсэн. Мөн ................... дугаартай эд хөрөнгө эзэмшил өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан нь үнэн болно. Энэ тал дээр хариуцагч нарын зүгээс маргаагүй бөгөөд зээл эргэн төлөлтийн мөнгөн дүн дээр буюу нэхэмжилсэн үнийн дүн дээр маргаж байгаа болно. Бидний зүгээс зээлийн эргэн төлөлтийн хуваарь дээрх заасан мөнгөн дүн буюу 20,106,000 төгрөгөөс 20,057,072 төгрөгийн төлөлт хийсэн. Бидний тооцоолсноор бүрэн төлөлт хийж дуусахад 59,000 төгрөг үлдсэн байна. И ХХК-иас зээл авсан хугацаанд 2019 онд ковид-19 өвчний улмаас хариуцагч Я.Д миний ажилладаг барилгын компани бүрэн зогсолтын байдалд орсон. Ч.О нь 2020 оны 1 сараас жирэмсний амралтаа авч гэртээ сууж бид гэртээ орлогогүй сууснаар зээлийн эргэн төлөлт дээр хугацаандаа төлөлт хийж чадахгүй болсон. Бид 3 хүүхэдтэй бөгөөд хөл хориотой байх үед зөвхөн хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд амьдарч байсан цаг хугацаа байгаа. Бид боломжтой үедээ зээлийн эргэн төлөлт хийсээр байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед банк, банк бус санхүүгийн байгууллагууд иргэдийнхээ зээлийн эргэн төлөлтийг албан ёсоор хойшлуулж, төлөлтийн боломжит хугацааг хангаж өгч байсан. Одоо ч энэ байдал үргэлжилж байгааг бүх нийтээрээ мэднэ. Ахуйн нөхцөл байдал, зээлээ тухай бүр төлж чадахгүй байдал байгаа гэдгийг И ХХК-д хэлж байсан. Гэтэл зээлийн эргэн төлөлт дээр илүү хүү бодож шүүхэд дөрвөн сая гаруй төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 5/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 6-8/, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ....................... дугаартай зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 10, 11/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 12/, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ................... дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 13, 14/, 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн .......................-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 15/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 16/, зээлийн дансны хуулга /хх-ийн 17/, техникийн тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 18/, Я.Д ийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 19/, Ч.О ы иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 20/, зээл хүсэгчийн анкетын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 21/, зээлийн хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 22/, Я.Д ийн гар бичмэл хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 23/, барьцааны автомашиныг шалгах үнэлгээний хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 24, 25/, зээлийн дансны хуулга /хх-ийн 38/, хариуцагчаас Ч.О ы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48/, Д.Н-ийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 49/ Д.Т-ийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 50/, Д.Ө-ийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 51/, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 52/, Я.Д ийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 53/, Я.Д ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 54, 55/, Ч.О ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 56,57/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч И ХК нь хариуцагч Ч.О , Я.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хохирол нийт 4,826,105 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Иргэн Я.Д , Ч.О нар нь "И " ХК-тай 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ....................... тоот "Зээлийн гэрээ", ................... тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ"-г тус тус байгуулан 12,950,000 төгрөгийн зээлийг сарын 4.1 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар автомашин худалдан авах зориулалтаар авсан. Энэхүү зээлийн барьцаанд 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн, ......................... арлын дугаартай, ............. УББ улсын дугаартай, Тоёота Пруис маркийн авто машиныг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй тул зээлдэгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлтээр зээлийн зөрчигдсөн төлбөрийг төлж гэрээний зөрчлийг арилгах хугацаа өгч 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр .......................-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ"-г байгуулж уг гэрээний хугацааг 07 сараар сунгасан. Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардал нийт 4,826,105 төгрөгийг гаргуулан "И " ХХК-д олгуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ..."И " ХХК-аас 12,950,000 төгрөгийн зээлж авсан. Анхны гэрээгээр 3,1 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлд 20,057,000 төгрөгийн төлөлт хийсэн. Одоо үлдэгдэл 59,000 төгрөг өгөөд зээл хаагдана гэж бодож байна. Цар тахлын үед тухайн төлөлтийг тасалдуулж байгаагүй, үүргээ сайн биелүүлж байсан гэж тайлбарласан.

 

5.Я.Д , Ч.О нар нь "И " ХК-тай 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ....................... тоот "Зээлийн гэрээ" байгуулж, гэрээний дагуу 12,950,000 төгрөгийн зээлийг сарын 4.1 хувь, нэмэгдүүлсэн хүү сарын 0.82 хувь, 30 сарын хугацаанд хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 10-12 дугаар тал/

 

6.Зээлийн гэрээг талууд хүсэл зоригийн дагуу, хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзнэ.

 

7.Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгчээс зээл 12,950,000 төгрөгийг шилжүүлэн авсан, зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй талаар маргаагүй.

 

8.Нэхэмжлэгч нь шүүхэд талууд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөхөөр харилцан тохиролцсон гэж тайлбарласан боловч хариуцагч нар уг гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй учир уг хэлцэл хүчин төгөлдөр бус гэж маргасан. /хх-ийн 15-16/

 

9.Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй учир 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

10.Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

11.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр гэрээнд заасан бол зээлдэгч нь зээлийн гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5.3-т хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй.

 

12.Нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хэлцэл хийгдсэн гэж үзэж 6 сарын хугацаанд хүү шаардаагүй ч хариуцагч нараас төлсөн мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

13.Дээрх үндэслэлээр тооцож үзвэл 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийн үлдэгдэл 6,378,466 төгрөг, хуримтлагдсан хүү 995,302 төгрөг байна. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл буюу нэхэмжлэлээр шаардсан хугацаанд хариуцагч нарын төлсөн мөнгийг эхний ээлжид үндсэн зээлээс хасаж, хүүг тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 1,849,394 төгрөг, гэрээний хугацаанд хуримтлагдсан болон нэмж бодогдсон хүү 2,402,724 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 221,709 төгрөг нийт 4,473,897 төгрөг төлөх үүрэг хариуцагчид үүссэн байна. /хүүгийн тооцоолол: 6,378,466 төгрөгт 2021.08.12-08.27 хүртэл 15 хоног 108,258 төгрөг, 6,180,393 төгрөгт 08.27-09.09 хүртэл 13 хоног 109,805 төгрөг, 5,630,393 төгрөгт 09.09-10.02 хүртэл 22 хоног 169,287 төгрөг, 4,630,399 төгрөгт 10.02-10.07 хүртэл 5 хоног 6,333 төгрөг, 3,630,393 төгрөгт 10.07-11.18 хүртэл 49 хоног 243,115 төгрөг, 2,349,393 төгрөгт 11.18-2021.01.14 хүртэл 44 хоног 141,276 төгрөг, 1,849,394 төгрөгт 01.14-09.23 хүртэл 249 хоног 629,348 төгрөг/

 

14.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

 

15.Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээл төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргахад баримтыг нотариатчаар гэрчлүүлэхэд 14,000 төгрөгийн зардал гаргасан нь мөнгөний тасалбарын баримтаар нотлогдож байна.

 

16.Иймд хариуцагч Я.Д , Ч.О нараас зээлийн гэрээний үүрэгт 4,473,897 төгрөг, нотариатын зардал буюу хохирол 14,000 төгрөг нийт 4,487,897 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХК-д олгож, 338,181 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

17.Нэхэмжлэгч Я.Д , Ч.О нарт болбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

 

18."И " ХК нь Я.Д , Ч.О нартай 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ................... тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ"-г байгуулж, ......................... арлын дугаартай, ............. УББ улсын дугаартай, Тоёота Пруис маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулсан байна.

 

19.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

20.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулагдсан байна. Харин барьцааны гэрээ байгуулагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

21.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэхээр давхар шаардах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд тооцон шилжүүлснээр үндсэн үүрэг болох зээл гэрээний үүрэг дуусгавар болно.

 

22.Иймд хариуцагч Я.Д , Ч.О нарт холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах "И " ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

23.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 86,756 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Я.Д , Ч.О нараас 4,487,897 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 338,181 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасны дагуу хариуцагч Я.Д , Ч.О нарт холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах "И " ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Д , Ч.О нараас 86,756 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР