Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/02107

 

 

 

 

 

 

 

2022 12 12 210/МА2022/02107

 

 

 

*** ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/03412 дугаар шийдвэртэй,

*** ХК-ийн нэхэмжлэлтэй

*.***, *.* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4,826,105 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

*.***, *.* нар нь *** ХК-тай 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 12,950,000 төгрөгийг сарын 4.1 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн.

Зээлийн барьцаанд 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн, 0000000000 арлын дугаартай, 00-00 *** улсын дугаартай, Тоёота Пруис маркийн авто машиныг барьцаалж, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй үүргээ зөрчсөн тул 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан зээлдэгчийн хүсэлтээр гэрээний зөрчлийг арилгах хугацаа олгож, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж гэрээний хугацааг 7 сараар сунгасан.

Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т талууд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 6,434,187 төгрөгөөр тогтоосон. Гэвч зээлдэгч нар нь уг нэмэлт гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулалгүй гэрээний 2.1.11-д заасан ноцтой зөрчил гаргасан.

Зээлдэгч нарын зээлийн төлбөрийн үлдэгдэл 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон үндсэн зээл 3,557,100 төгрөг, хүү 692,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 131,600 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг нийт 4,395,300 төгрөг нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацааны зээлийн хүү 340,696 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,109 төгрөгөөр нэмж зээлийн гэрээний үүрэгт нийт 4,826,105 төгрөгийг гаргуулна, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

*.***, *.* нар гэр бүл бөгөөд *** ХК-тай 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 12,950,000 төгрөг зээлж, мөн өдөр эд хөрөнгө эзэмшил өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан 20,106,000 төгрөгөөс 20,057,072 төгрөгийг төлсөн тул 59,000 төгрөг үлдсэн.

2019 онд ковид-19 цар тахлын улмаас *.***ийн барилгын компани бүрэн зогссон, *.* 2020 оны 01 дүгээр сараас жирэмсний амралтаа авсны улмаас хугацаандаа зээлийн эргэн төлөлтийг төлж чадахгүй болсон.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед банк, банк бус санхүүгийн байгууллагууд иргэдийнхээ зээлийн эргэн төлөлтийн хугацааг албан ёсоор хойшлуулж, төлбөр төлөх боломжит хугацааг хангаж байсан.

Бид *** ХК-д дээрх байдлыг хэлж байсан боловч эргэн төлөлтөд илүү хүү бодож, шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *.***, *.* нараас 4,487,897 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 338,181 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *.***, *.* нарт холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах "***" ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *.***, *.* нараас 86,756 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд хариуцагч нар гарын үсэг зураагүй.

4.2. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0,2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэж заасан нь хариуцагч нарт хамаарна. Гэтэл шүүх зээлийг 4,1 хувиар бодсонд гомдолтой байна.

Хуулийн энэ заалт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн. Хариуцагч нар зээлээ бүрэн төлсөн ба 59,000 төгрөг төлөх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Шүүхээс талууд нэмэлт гэрээнд гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ дүгнэснийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрч байна.

5.2. *** ХК нь барьцаалан зээлдүүлэх газар биш ба банк бус санхүүгийн байгууллага тул Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалт үйлчлэхгүй.

Зээлийн гэрээний 3.1.3-т сарын хүү 4.1 байхаар заасан. Мөн зээлийн гэрээний 3.1.5-д зээлдэгч нар үндсэн зээлийн төлбөр болон хүүгийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлбөл 1 хувийн хөнгөлөлт үзүүлж 3.1 хувиар тооцохоор тохиролцсон. Гэвч зээлдэгч нар хуваарийн дагуу төлбөрөө төлж байгаагүй, хугацаа хэтрүүлж төлж байсан болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа тул хүүг 3 хувиар бодох боломжгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т заасны дагуу тооцоолол зөв бодогдсон.

5.3. Талууд фидуцийн гэрээгээр автомашин барьцаалж, гэрээний дагуу автомашин шилжсэн. Иймд хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч *.***, *.* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,826,105 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар 59,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. *** ХК нь *.***, *.* нартай 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 12,950,000 төгрөгийг сарын 4,1 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд сарын 0,82 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх10-12/

 

4.а. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр фидуцийн гэрээ байгуулж, гэрээгээр 0000000000 арлын дугаартай, 00-00 *** улсын дугаартай, Тоёота Приус маркийн автомашиныг барьцаалсан байна. /хх13-14/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээл болон фидуцийн гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4.б. Зээлдэгч нар зээл эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөхөөр тохирч зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тохирсон гэх боловч уг гэрээнд зээлдэгч нар гарын үсэг зураагүй тул нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй. /хх15/

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээний үүргийг шаардах эрх үүсэхгүй.

 

5. Зээлийн гэрээний 5.3-т ...зээлдэгч нь гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан байна.

 

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй хариуцагч нарын зөрчлийг анхан шатны шүүх зөв тогтоож, зээлдүүлэгчийн зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардах эрхийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн байна.

 

5.а. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг тооцоолохдоо Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний хугацаа дууссан 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хойш хариуцагч нарын төлсөн 4,529,072 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 6,378,466 төгрөгөөс хасаж, хуримтлагдсан хүү 2,402,724 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 221,709 төгрөг нийт 4,473,897 төгрөгийг тэдгээрээс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

 

6. Хариуцагч нар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0,2 хувиас хэтрүүлэлгүйгээр тооцно гэж заасан нь хариуцагч нарт хамаарах байтал шүүх зээлийг 4,1 хувиар бодсонд гомдолтой байна. Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 20,570,000 төгрөг төлж, 59,000 төгрөг үлдсэн тул илүү бодсон хэсгийг төлөх үндэслэлгүй гэх агуулгатай гомдлыг гаргасан.

 

6.а. Хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй.

 

Учир нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлд банк бус санхүүгийн байгууллага хамаарахгүй, энэ зохицуулалт нь барьцаалан зээлдүүлэх газарт хамаарах тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан байна.

 

Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ф0000 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 00-00 *** улсын дугаартай, Тоёота Приус маркийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ.

 

Дээрх гэрээний талуудын хүлээсэн эрх, үүрэг, гэрээний агуулгаас үзвэл тэдгээрийн хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан байх тул барьцааны гэрээ байгуулагдсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

 

Зохигчдын хооронд Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч фидуцийн зүйл болох автомашиныг өөрийн өмчлөлд бодитойгоор гаргуулан авах замаар өрийг төлүүлэхээр тохиролцсон атлаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөнгөн хөрөнгө болон фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэхээр аль алиныг шаардсан нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд тооцон шилжүүлснээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох талаар зөв дүгнэж, барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/03412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *.***ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,756 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ