Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/00038

 

 

 

 

 

2022 12 23

181/ШШ2023/00038

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б ХХК -ийн,

 

Хариуцагч: Ц ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 426,068,124.50 төгрөг, алдангид 17,696,737.43 төгрөг, нийт 443,764,861.93 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн ТSUNТ-0402 тоот Үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний D хэсгийн 1 дэх Үнийн задаргаа заалтын ажил үйлчилгээний үнэ гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохиролд 176,349,041 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан Лаборторийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний үлдэгдэл төлбөрт 426,068,124.50 төгрөг, алдангид 17,696,737.43 төгрөг, нийт 443,764,861.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

...Б ХХК (цаашид Компани гэх) нь Монгол Улсын хуулийн дагуу 2012 онд байгуулагдсан бөгөөд уул уурхайн ашигт малтмалын сорилын лабораторын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.

Б ХХК нь Ц ХХК-тай (цаашид Үйлчлүүлэгч гэх) 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр нүүрсний дээжинд лабораторийн шинжилгээ хийлгэхээр ТSUNТ-0402 Үйлчилгээ үзүүлэх гэрээ-г (цаашид Гэрээ гэх) байгуулсан.

Тус гэрээг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байгуулсан бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж гэрээнд заасан ажил үйлчилгээг Өмнөговь аймгийн Ноён суманд байрлах Баруун Ноён уулын нүүрсний уурхайд байрлан үзүүлсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд Улаанбаатар дахь лабораторит хийж гүйцэтгэж байсан.

Гэрээний 12 дахь хэсэгт төлбөрийн талаар харилцан тохиролцсон бөгөөд гэрээний 12.1 дэх хэсэгт энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол компани нь сард нэг удаа тухайн сарын сүүлд эсвэл тусгай хүсэлтийн дагуу үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд үйлчилгээ үзүүлж дууссаны дараа бүр зардал болон бусад төлбөрийн нэхэмжлэлийг үйлчлүүлэгчид гаргана. гэж заасан.

Компаний зүгээс гэрээнд заасан ажил үйлчилгээг гүйцэтгэж, ажлын тайлан, төлбөрийн нэхэмжлэлийг Үйлчлүүлэгчид гэрээнд заасан хугацаанд хүргүүлж байсан.

Гэтэл Үйлчлүүлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, төлбөрийн үлдэгдэл болох 426,068,124.50 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна.

Үйлчлүүлэгчтэй 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 12.3 дахь хэсгийн а-д шүүхийн шийдвэр гарахаас өмнө эсвэл дараа үйлчлүүлэгч төлбөрөө төлөх хүртэл өдөр бүр хугацаа хэтэрсэн төлбөрийн үнийн дүнд сарын 0.5%, жилийн 6.0% алданги төлөх-өөр заасны дагуу 17,696,737.43 төгрөгийн алданги тооцож, нийт 443,764,861.93 төгрөгийг нэхэмжилж байна.

Бид Гэрээний 26.1 дэх хэсэгт зааснаар удаа дараа үйлчилгээний төлбөрийг төлөхийг албан бичгээр хүссэн боловч үйлчлүүлэгч нь үйлчилгээний төлбөрийг бүрэн төлөөгүй бөгөөд тус компаниас ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/3650 дугаар албан бичигт нийт нэхэмжилж буй дүнгийн 305,000,000 төгрөгийг тодорхой нөхцөлүүд буюу БНХАУ-ын хил нээгдэх, долоо хоногийн борлуулалт багадаа 7,500 тонн хүрсэн тохиолдолд төлөхөөр хариу ирүүлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, компани үйлчилгээгээ үйлчлүүлэгчид 2019 болон 2020 оны үзүүлсэн бөгөөд гэрээний дагуу үйлчлүүлэгч нь төлбөрийг нэхэмжлэхийн огнооноос 45 хоногийн дараа төлнө гэсэн гэрээний үүргээ зөрчиж байна.

Нэхэмжилж буй дүнгийн зөрүү дүнгийн (426,068,124.50-305,000,000=121,068,124.50) талаар тодруулга хийх нь:

А. Үйлчлүүлэгчийн төлөөлөгчийн амаар болон и-мэйлээр мэдэгдсэний дагуу лабориторийн үйлчилгээ үзүүлэх компанийн ажилтнуудын Улаанбаатар хотоос үйлчлүүлэгчийн уурхайн талбайд байрлах лабориторид ажиллах тээврийн зардлыг Гэрээний Б хэсэг: Хавсралт-ын 3 дахь заалт хариуцлагын хүснэгтийн 2.17 болон 4.1 заалтуудын дагуу компанийн ажилтнуудын тээвэрлэлтийг үйлчлүүлэгч хариуцахаар талууд харилцан тохиролцсон байна. Гэрээний эдгээр заалтуудын дагуу компаниас доорх нэхэмжлэхүүдийг үйлчлүүлэгчид явуулсан.

 

Нэхэмжлэхийн огноо

Нэхэмжлэхийн

Дугаар

Нэхэмжлэхийн

дүн

Нэхэмжлэхийн утга

 

2019.09.17

 

ВVМ/SС/0136/2019

 

46,484,377.79

2017, 2018 онуудын ээлжийн тээврийн зардлын нөхөн төлбөр

 

2019.12.19

 

ВVМ/SС/0229/2019

 

 

13,434,444.44

2019 оны ээлжийн тээврийн зардлын нөхөн төлбөр

(10-12 сар)

2019.10.24

 

ВVМ/SС/0229/2019

 

39,380,000.00

2019 оны ээлжийн тээврийн зардлын нөхөн төлбөр

Ниит 99,298,822.23

 

2017-2019 оны компанийн ажилтнуудын ээлж солигдох тээврийн зардлыг үйлчлүүлэгч төлөхөөр гэрээнд заасны дагуу 99,298,822.23 төгрөгийг нийт нэхэмжилж буй дүнд оруулсан. Уг дүнг буюу дээрх гурван нэхэмжлэхийн дүнг гэрээний талуудын нягтлан бодогчид 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа МК00-000020-нд үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрсөн.

Б. Үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу 2018 болон 2019 онд БНХАУ-ын нутаг дэвсгэр СЕКЕ боомтод дээжийн сорилын үйлчилгээг үзүүлэхдээ компани нь БНХАУ-ын Инспекторат (Шанхай) ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. Үйлчлүүлэгч нь тус туслан гүйцэтгэгчийн хийсэн хэд хэдэн сорилын үйлчилгээний төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үйлчлүүлэгчийн эрх бүхий этгээд Д.Амарбаясгалан компанид и-мэйлээр мэдэгдсэний дагуу туслан гүйцэтгэгчээс үйлчилгээ авахаа больсон.

Компанийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ВVМ/SС/0211/2019 дугаартай 20,842,147.39 төгрөгийн дүнтэй нэхэмжлэхийг 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн сорилын үйлчилгээний төлбөрт явуулсан.

Үйлчлүүлэгчийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш буюу үйлчилгээ шаардлагагүй гэж мэдэгдсэний дараа үзүүлсэн сорилын шинжилгээний төлбөр тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар өгсөн. Энэхүү тайлбар нь огт үндэслэлгүй бодит бус тайлбар тул компанийн зүгээс энэхүү үйлчилгээний төлбөрийг үйлчлүүлэгч гэрээний дагуу төлөх ёстой гэж үзэж байна.

"Ц ХХК нь Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ. /1хх 1-4/

 

1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодруулсан. Үүнд:

...талуудын хооронд байгуулсан ТSUNТ-0402 тоот Үйлчилгээ үзүүлэх гэрээ (цаашид Гэрээ гэх)-ний D хэсэг: Xавсралт хэсгийн 3.0 - Хариуцлагын матриц-н 2.17 /УБ болон уурхайн талбайн хооронд ээлж солих тээвэрлэлт/ болон 4.1 /БВ-ийн ажилтнууд УБ-аас уурхай руу болон буцах тээвэрлэлт/-р хэсэгт тус тус зааснаар Хариуцагч нь Нэхэмжлэгчийн ажилчдыг тээвэрлэх, тээврийн зардлыг гаргах үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ гүйцэтгээгүй тул Нэхэмжлэгч нь (1) 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Үйлсийн Говь ХХК-тай "Ажил гүйцэтгэх гэрээ, (2) 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон мөн оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын иргэн Чимэдцэрэн овогтой Мэндбаяртай Зорчигч тээвэрлэлтийн гэрээ, (3) 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Баянбогдын оргил ХХК-тай Зорчигч тээвэрлэлтийн гэрээ-г тус тус байгуулж, ажилчдыг Уурхайн талбайд хүргэх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэсэн болно. Гэрээний D хэсэг: Хавсралт хэсгийн 2.3-т Компаниас гарсан бүх нүүлгэлтийн зардлыг Үйлчлүүлэгчээс нэхэмжилж гаргуулна. Эдгээр зардлууд нь шударга, үндэслэлтэй байх бөгөөд Талууд бичгээр тохиролцсон байна. гэж заасны дагуу Нэхэмжлэгч нь тээвэрлэлттэй холбогдуулан өөрийн гаргасан зардлыг Хариуцагчаас нөхөн нэхэмжлэх эрхтэй болно. Талууд буюу Б ХХК Ц ХХК-иудын санхүүгийн ажилтнууд болох С.Отгончимэг М.Соёлмаа нар 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж эдгээр мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан болно.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс 2017 оноос 2019 оны хооронд ажилчдын тээврийн зардалд гаргасан 99,298,822.23 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ. /2хх 46/

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

 

...А. Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан ТSUNТ-0402 гэрээний В-Хэсэг: Ерөнхий нөхцөлийн 1.1 дэх хэсэгт Гэрээлэгч талын үзүүлэх Ажил, үйлчилгээг тодорхойлон зааж өгсөн билээ. Ажил үйлчилгээ гэдэгт нэгдүгээрт: Гэрээний В-Хэсэг: Ерөнхий нөхцөл, хоёрдугаарт Гэрээний С-Хэсэг: Ажлын хүрээ, хэмжээнд заасан үйлчилгээг гэрээлэгчийн зүгээс үзүүлэхээр харилцан тохиролцсон болно.

Энэ нь гэрээлэгчийн зүгээс итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ бүхий мэргэжлийн ажил үйлчилгээг холбогдох стандартын дагуу Захиалагчид үзүүлэх харин дээрх үйлчилгээний хариуд гэрээний D-Хэсэг: Үнийн задаргааны дагуу төлбөр төлөх үүргийг Захиалагч тал харилцан хүлээсэн билээ.

Энэхүү үнийн задаргаанд гэрээлэгч талаас ажилчид тээвэрлэх зардал гэсэн тусдаа үнийн задаргаа байхгүй байгаа учир нь гэрээний D-Хэсэг: талуудын хүлээх Ажил үүргийн хуваарь бүхий хүснэгтийн 2.17 болон 4.1-д УБ болон уурхай хооронд гэрээлэгчийн ээлж солих тээврийг Захиалагч тал хариуцан зохион байгуулах улмаар холбогдох зардлыг нь захиалагч тал мөн нэгэн адил хариуцах үүргийг тус тус хүлээсэн болно. Хэрэв захиалагч тал энэхүү чиг үүргийн хуваарийн дагуу аялал зохион байгуулах боломжгүй байсан бөгөөд энэ талаар гэрээлэгч талд мэдэгдэж улмаар гэрээнд заасан журмын дагуу түүнд нэмэлт өөрчлөлт хийсний дагуу сая тээвэр зохион байгуулах үүргээ гэрээлэгч талд шилжүүлж холбогдох зардлыг хариуцах байсан.

Б. "Ц " ХХК нь хүн тээврийн тусгай зөвшөөрөлтэй, зорчигчдын эрүүл мэнд болон амь насны нэмэлт даатгалтай, жолоочоо гагцхүү хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулдаг мэргэжлийн компани болох "Сибериан Травел" ХХК-тай хүн тээврийн гэрээтэй бөгөөд зөвхөн 2019 онд гэхэд энэ зорилгоор 103 сая төгрөгийн төлбөрийг төлсөн болно.

Захиалагч тал Гэрээний 2.17 болон 4.1-д заасан чиг үүргээ хангаж хүн тээврийг зохион байгуулж төлбөрийг нь төлж ирсэн байхад дээрх үйлчилгээг хүртэх эсэх нь Гэрээлэгч талын сонголт бөгөөд Захиалагч талаас зохион байгуулсан хүн тээврийн үйлчилгээг авалгүй бие даан аялал зохион байгуулж улмаар нэмэлт зардал шаардаж байгаа нь үндэслэлгүй билээ. Хэрэв Гэрээний D-Хэсэг: талуудын хүлээх Ажил үүргийн хуваарь бүхий хүснэгтийн 2.11 (анхны тусламжийн багц), 4.2 (ундны усаар хангах), 4.3 (гэр гаргаж өгөх), 4.6 (хоол өглөөний цай) заасан чиг үүргээ бид гүйцэтгээгүй буюу дээрх зүйлсээр хангаагүй бөгөөд эдгээрийг гэрээлэгч тал гаргасан бол бид зардлыг хариуцах ёстой. Гэтэл нэгэнт тээврийн үйлчилгээг зохион байгуулж өгсөн байхад бие дааж тээвэр хийсэн нь нэхэмжлэгч талын сонголт бөгөөд бид санхүүгийн болон бусад байдлаар ямар нэгэн хариуцлага хүлээх ёсгүй.

Бусад туслан гүйцэтгэгч компани нэг бүрт тусд нь тээврийн хэрэгсэл гаргадаггүй бөгөөд энэ нь дээр дурдсан авто тээврийн осол гарах, хүний эрүүл мэнд хохирохоос үүдэх эрсдэл болон нэмэлт зардлыг бууруулах зорилго бүхий гэрээний зохицуулалт юм.

В. Нэхэмжлэгч талын өөрийн баримталдаг стандарт нөхцөл бүхий гэрээг бид ашигласан бөгөөд энд Гэрээний D-Хэсэг: талуудын хүлээх Ажил үүргийн хуваарь бүхий хүснэгтэд заасан чиг үүргийн хуваарийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Тодруулбал, ганцхан зардлыг нь хариуцна гэсэн баганыг удирдлага болгож байгаа нь буруу. Хэрэв тийм байсан бол уг хүснэгтийн 1.2, 1.3, 1.4, 2.7, 2.9, 3.2 заасантай ижил байдлаар тээвэртэй холбоотой 2.17 болон 4.1 дэх заалтуудыг "Бьюроу веритас инспекшень тестин Монголиа" ХХК хариуцах баганы доор тусгах байсан билээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал дээрх ажлуудыг хариуцан зохион байгуулна харин зардпыг нь Захиалагч тал хариуцна гэж тусгах ёстой байсан.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талаас 2017, 2018 болон 2019 онуудын тээврийн зардалтай холбоотой 99,298,822.23 төгрөг хийгээд түүнээс үүдэх торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй болно. гэжээ. /1хх 102/

 

3. Хариуцагч "Ц " ХХК нь нэхэмжлэгч Б ХХК-д холбогдуулан Тус гэрээний D хэсгийн 1 дэх заалт Үнийн задаргаа гэсэн хэсгийн ажил үйлчилгээний үнэ заасан хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохиролд 176,349,041 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Ц ХХК-ийн эзэмшилд байдаг, Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах Баруун Ноён Уул уурхай дээр нүүрсний дээжийн лабораторийн шинжилгээ хийлгүүлэх зорилгоор "Б " ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж өдөрт хамгийн доод тал нь 30 хүртэл тооны нүүрсний дээжийн лабораторийн шилжилгээг тус уурхай дээр нэг удаагийн дээжийн шинжилгээнд 22-25 ам.доллар, харин Улаанбаатар хот дахь лабораторид шинжлүүлэх дээж тус бүрийн нэг удаагийн шинжилгээний төлбөрт 105-250 ам.доллар төлөхөөр гэрээлсэн.

Ажил гүйцэтгэгч "Б " ХХК нь үйлчилгээний төлбөрийг ам.доллараар илэрхийлж сар бүр нэхэмжлэл ирүүлдэг бөгөөд ингэхдээ уг нэхэмжлэл гаргадаг өдрийн Монгол банкны ханшаар хөрвүүлж төгрөгөөр төлбөрийг барагдуулж ирсэн.

Гэтэл Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 4.1 дэх заалт буюу "Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба ... гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно" гэж шууд хориглосон заалтыг зөрчсөн болохыг манай компани 2020 оны 8 дугаар сард мэдээд уг гэрээг хуульд нийцүүлэн өөрчлүүлэх саналыг хүргүүлсэний үндсэн дээр 2020 оны 8 дугаар дугаар 1-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж нэг дээжийг уурхай дээр шинжлүүлэх бол 62,596 төгрөгөөр, Улаанбаатар хотод 298,754 төгрөгөөр шинжлүүлэхээр харилцан тохиролцсон.

Анх 2017 онд байгуулагдсан гэрээ нь "Б " ХХК-ийн өөрсдийн бэлдсэн стандарт нөхцөл бүхий гэрээ байсан бөгөөд манай компани тухайн үед гадаад валютаар ажил үйлчилгээний үнэ тогтоосон хуулийн шаардлагыг мэдээгүйгээс гэрээний үнэ тогтоосон валютын саналыг хүлээн авсан боловч сүүлд хууль зөрчсөн болохыг олж мэдээд өөрсдийн санаачлагаар гэрээгээ хуульд нийцүүлсэн.

Энэхүү гэрээний үнэ тогтоосон хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах тул "Ц " ХХК болон "Б " ХХК нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан ТSUNТ-0402 дугаартай "Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний" D хэсгийн 1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.

Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэг "Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө." гэж заасан бөгөөд манай компанид тухайн гэрээний үнийг ам.доллараар тогтоосны улмаас нийт 176,349,041 төгрөгийн хохирол учирсаныг шаардаж байна. Тодруулбал, Гэрээ байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар Монгол банкны ам.долларын ханш 2,444.95 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд тухайн үед Монгол Улсын хуулийн этгээдүүдийн хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулагдсан гэрээг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт нийцүүлэн байгуулсан тохиолдолд гэрээ байгуулах өдрийн ханш 2,444.95 төгрөгөөр тогтоох байсан.

Гэвч нөгөө компанийн ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэл ирүүлсэн өдрийн Монгол банкны ам.доллартай тэнцэх төгрөгөөр үйлчилгээний хөлсийг төлсөний улмаас 176,349,041 төгрөгийг илүү төлж хохирсон болно.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө. гэж зааснаар анх үүрэг үүсэх үеийн ханш болох XXX төгрөгөөр гэрээний үнийг төлөх үүрэгтэй гэж үзэх бөгөөд ийнхүү үүрэг үүсэх үеийн ханшаас илүү төгрөгийн ХХХ төлбөр төлсөн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.З дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар хохиролд тооцогдно гэж үзэж байна.

Иймд "Ц " ХХК болон "Б " ХХК нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан ТSUNТ-0402 дугаартай "Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний D хэсгийн 1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирол 176,349,041 төгрөгийг "Б " ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ. /2хх 53-55/

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...хариуцагчаас сөрөг нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ ...Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх заалт буюу Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба ... гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчилахыг хориглоно гэж шууд хориглосон заалтыг зөрчсөн... гэж тайлбарласан. Энэхүү тайлбар нь дараах үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. гэж тус тус заасан бөгөөд талууд уг гэрээг харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрч байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл болно.

Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5.1 дэх хэсэгт ...хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй. гэж тайлбарласан.

Мөн тогтоолын 2.2 дахь хэсэгт Энэ зүйлийн 42.2-т заасан гарын үсэг зурснаар гэдэгт хэлцэлд оролцогчдын хэн алины хүсэл зоригийг тусгасан нэгдсэн нэг баримтын агуулгыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах зорилгоор хэлцэл хийж буй эсхүл эрх бүхий этгээд өөрийн нэр болон бусад тодорхой тэмдэглэлийг уг баримтад тусгахыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд Ц ХХК-ийн эрх бүхий этгээд уг гэрээний агуулгыг бүрэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж уг гэрээг баталгаажуулсан.

Гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг талууд тохиролцож тогтоох бүрэн эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно. гэж зохицуулсан.

Харин Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно. гэж заажээ.

Үүнээс дүгнэхэд гадаад улсын мөнгөн тэмдэгт, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоог гүйцэтгэхэд Монгол банкнаас зөвшөөрөл авч аливаа гэрээ, хэлцэлд тусгах боломжтой байна. Өөрөөр хэлбэл зохигчид 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ТSU-СNТ-0402 дугаартай Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, үнийн задаргаа гэсэн хэсгийн ажил үйлчилгээний үнэ заасан хэсэгт үнэ тогтоохдоо Монгол банкнаас зөвшөөрөл авахгүйгээр ам.доллараар илэрхийлсэн нь хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлжэлд Б ХХК-ийн өөрсдийн бэлдсэн стандарт нөхцөл бүхий гэрээ байсан бөгөөд манай компани тухайн үед гадаад валютаар ажил үйлчилгээний үнэ тогтоосон хуулийн шаардлагыг мэдээгүйгээс гэрээний үнэ тогтоосон валютын саналыг хүлээн авсан гэж дурджээ. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ нь Б ХХК-ийн бэлдсэн бус хоёр талын харилцан тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Б ХХК-ийн стандарт гэрээ гэж байхгүй болно.

Хоёр тал харилцан тохиролцож байгуулсан гэрээ байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг төлнө. гэж заасныг үндэслэн Б ХХК-иас 176,349,041 төгрөг нэхэмжилж байгаа нь өөрөө огт үндэслэлгүй юм.

Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалт нь төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнөх харилцаа-г зохицуулсан тул шүүхээр шийдвэрлэгдэж буй маргаантай хэргийн хувьд хэрэглэгдэх боломжгүй заалт юм. Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэдэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх, гэрээний хугацаа дуусаагүй байгаа тохиолдлыг хамааруулан ойлгодог.

Ц ХХК-тай байгуулсан гэрээний 12 дахь хэсэгт төлбөрийн талаар харилцан тохиролцсон бөгөөд гэрээний 12.1 дэх хэсэгт энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол компани нь /Б ХХК/ сард нэг удаа тухайн сарын сүүлд эсвэл тусгай хүсэлтийн дагуу үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд үйлчилгээ үзүүлж дууссаны дараа бүр зардал болон бусад төлбөрийн нэхэмжлэлийг үйлчлүүлэгчид гаргана. Мөн гэрээний 12.2 дахь хэсэгт нэхэмжлэхийг Үйлчлүүлэгч /Ц ХХК/ нэхэмжлэхийн огнооноос хойш 45 хоногийн дотор төлөх ёстой гэж заасан бөгөөд төлбөр төлөх хугацаа нэхэмжлэх хүлээн авснаас хойш 45 хоног тул энэ зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

Түүнчлэн зохигчдын хооронд 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан ТSU-СNТ-0402 дугаартай Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний D хэсгийн 1 дэх заалт үнийн задаргаа гэсэн хэсгийн ажил үйлчилгээний үнэ заасан хэсэгт дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй тул түүнтэй холбоотой хохирол үүсэхгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн Ц ХХК болон Б ХХК нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ТSU-СNТ-0402 дугаартай Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний D хэсгийн 1 дэх заалт үнийн задаргаа гэсэн хэсгийн ажил үйлчилгээний үнэ заасан хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Мөн зохигчид 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, уг баримтаар Ц ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд 886,310,910.7 төгрөгийн өр төлбөртэй гарснаас 865,468,763.31 төгрөгийн өрийг хүлээн зөвшөөрч эрх бүхий этгээдийн гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд талууд ажлын хөлсийг хүлээн зөвшөөрсөн хүчин төгөлдөр баримт хавсаргасан болно.

Дээрх үндэслэлүүдээр Ц ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ. /3хх 99-101/

 

5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: "Б " ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Бьюроу веритас Нидерланд Холдинг Б.В-ийн татан буулгах тухай Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн хуулбар, Англи хэл дээрх хувь болон баталгаат орчуулгын хамт, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Ц ХХК-тай байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн ТSUNТ-0402 дугаартай "Үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний хуулбар, Англи хэл дээрх хувь болон баталгаат орчуулгын хамт, 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээний хуулбар, Англи хэл дээрх хувь болон баталгаат орчуулгын хамт, Ц ХХК-иас ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 01/3650 дугаар албан бичгийн хуулбар, Англи хэл дээрх хувь болон баталгаат орчуулгын хамт, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн №МК00-000020 тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаарх үлдэгдэл төлбөрийн тооцоолол, 2019 оны 10 дугаар сарын 23, 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд илгээсэн цахим шуудан Англи хэл дээрх хувь болон баталгаат орчуулгын хамт, 2017, 2018, 2019 оны ээлжийн тээврийн зардлын нөхөн төлбөртэй холбоотой гэх 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн BVM/SC/0136/2019, 2019 оны 12 дугаар сарын 19-ний BVM/SC/0229/2019, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн BVM/SC/0187/2019 дугаартай, СЕКЕ боомтод үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой гэх 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн BVM/SC/0211/2019 дугаартай нэхэмжлэхүүдийн хуулбар, баталгаат орчуулгын хамт, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19-Proforma гэсэн дугаартай нэхэмжлэхийн Англи хэл дээрх хувь болон баталгаат орчуулга, тээврийн зардалд зориулан гаргасан гэх Хаан банкны 2017 оны 2 дугаар сарын 8, 23, 3 дугаар сарын 16, 27, 4 дүгээр сарын 4, 5, 7, 26, 28, 5 дугаар сарын 16, 29, 6 дугаар сарын 5, 21, 28, 29, 8 дугаар сарын 2, 9 дүгээр сарын 11, 27, 2018 оны 1 дүгээр сарын 12, 24, 2 дугаар сарын 4, 12, 27, 3 дугаар сарын 9, 29, 30, 4 дүгээр сарын 12, 18, 26, 5 дугаар сарын 24, 12, 29, 6 дугаар сарын 11, 12, 29, 28, 7 дугаар сарын 10, 25, 31, 8 дугаар сарын 14, 18, 2019 оны 1 дүгээр сарын 8, 3 дугаар сарын 29, 5 дугаар сарын 20, 28, 6 дугаар сарын 18, 7 дугаар сарын 10, 8 дугаар сарын 2, 8, 9 дүгээр сарын 12, 10 дугаар сарын 10, 11 дүгээр сарын 7, 12 дугаар сарын 4, 2020 оны 1 дүгээр сарын 2, 10, 31, 2 дугаар сарын 21, 4 дүгээр сарын 7-ны өдрүүдийн шилжүүлгийн баримтууд, Үйлсийн говь ХХК-тай байгуулсан 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний эх хувь, Ч.Мэндбаяртай байгуулсан 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 20180105 дугаартай болон 2018 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 20181120/01 дугаартай Зорчигч тээвэрлэлтийн гэрээний эх хувиуд, Үйлсийн говь ХХК-иас ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай тодорхойлолт /1хх 6-92, 210-250, 2хх 1-32, 47-52, 3хх 101/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас нотлох баримтаар: Ц ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хувилсан хувь/, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 1/ дугаартай Сибирь трейвэл ХХК-ийн хөдөлмөрийн гэрээний хуулбарууд, Голомт банкны 2019 оны 8 дугаар сарын 26, 9 дүгээр сарын 9, 11 дүгээр сарын 11, 5 дугаар сарын 31, 12 дугаар сарын 6, 6 дугаар сарын 10, 5 дугаар сарын 20, 7 дугаар сарын 9, 8 дугаар сарын 19, 10 дугаар сарын 11-ний өдрүүдийн цахим гүйлгээний баримтууд, Сибирь трейвэл ХХК-ийн 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 36, 37, 38, 39, 04, 46, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 15, 34, 35, 32, 33, 28, 29 дугаартай болон 2019 оны 4 дүгээр сарын 15, 24, 30, 5 дугаар сарын 2, 31, 6 дугаар сарын 8, 10, 18, 19, 28, 7 дугаар сарын 1-ний өдрүүдийн дугааргүй нэхэмжлэхүүдийн хуулбар, Ард даатгал ХК болон Сибирь трейвэл ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн D191105131273 дугаартай, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн D2030132033429 дугаартай Даатгалын гэрээний хуулбарууд, Ц ХХК-ийн Сибирь трейвэл ХХК-тай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн TU-CNT-0510 дугаартай Ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбарууд, Үйлсийн говь ХХК-тай байгуулсан Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний ерөнхий нөхцөл, үнийн санал, уг гэрээнд нэгдүгээр нэмэлт өөрчлөлт хийх тухай гэрээ, саналын хариу, Ажил үйлчилгээ авах гэрээний хуулбарууд, хохирлын дүнг тооцсон задаргаа хүснэгт, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд Б " ХХК-иас ирүүлж байсан нэхэмжлэхүүд, мөн хугацаанд Ц ХХК-иас төлбөр төлсөн баримтууд, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 02/161 дугаартай Гэнэтийн буюу даагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /хувилсан хувь/, Өвөр Монголын жина баннер чинхуа марк нарийн сухайт трейдинг компанитай байгуулсан 2019-TU-KINGHO-008, 2019-TU-KINGHO-009 дугаартай Нүүрс экспортоор худалдан борлуулах гэрээ, хавсралт, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний хуулбарууд, Үйлсийн говь ХХК-ийн 2017 оны 6, 8, 9, 10 дугаар саруудын замын хуудасны хуулбарууд, түрээсийн тээврийн хэрэгслийн цагийн балансуудын хуулбар, 45, 105, 107, 128, 134, 171, 204, 207 дугаартай нэхэмжлэхүүдийн хуулбар /1хх 97-98, 103-181, 190-209, 2хх 59-249, 3хх 1-79/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

7. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч талаас Өмнөговь аймгийн Ноён суманд байрлах, Баруун ноён уулын нүүрсний уурхайн шалган нэвтрүүлэх албан 2017-2019 оны тээврийн хэрэгсэл болон зорчигч нэвтэрсэн бүртгэлийн 6 ширхэг дэвтэр, Баруун ноён уул уурхай ХХК-д 20 хоногийн үүрэг гүйцэтгэсэн өдөр тутмын ажлын 1 ширхэг тайлан зэргийн холбогдох хэсэгт хийсэн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /3хх 90-98/-ийг бүрдүүлсэн.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

ҮНДЭСЛЭХ нь:

8. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ц ХХК-иас Лаборторийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний үлдэгдэл төлбөрт 426,068,124.50 төгрөг, алдангид 17,696,737.43 төгрөг, нийт 443,764,861.93 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч ажилчдын тээвэрлэлтийн зардалтай холбогдох 99,298,822.23 төгрөг, БНХАУ-ын СЕКЕ боомтод дээжийн сорилын үйлчилгээг үзүүлсэнтэй холбогдох 20,842,147.39 төгрөг болон алданги 17,696,737.43 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, тус гэрээний D хэсгийн 1 дэх заалт Үнийн задаргаа гэсэн хэсгийн ажил үйлчилгээний үнэ заасан хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохиролд 176,349,041 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

Үүнээс үзэхэд, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх, гэрээний холбогдох хэсэг хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

9. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 422,922,714.54 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 20,842,147.39 төгрөгт холбогдох хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Б ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдаж, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс уул уурхайн ашигт малтмалын сорилын лабораторын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа гэх бөгөөд ашигт малтмалын ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ц ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр нүүрсний дээжинд лабораторийн шинжилгээ хийлгэх ТSUNТ-0402 дугаартай Үйлчилгээ үзүүлэх гэрээг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд байгуулж, улмаар 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгажээ.

 

Уг гэрээгээр Б ХХК /цаашид ажиллагч гэх/ нь В, С хэсэгт заасан лабораторийн шинжилгээ бүхий мэргэжлийн ажил үйлчилгээг холбогдох стандартын дагуу "Ц ХХК-д үзүүлэх, Ц " ХХК /цаашид ажиллуулагч гэх/ нь ажил үйлчилгээний хариуд D хэсэгт заасан үнийн задаргааны дагуу төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

10. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулагдсан мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байх ба тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар, бичгээр байгуулсан гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч талууд гарын үсэг зурснаар мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээ тус тус хүчин төгөлдөр болсон байна.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

11. Талууд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан эсэх, хариуцагч тал гэрээний дагуу ажил үйлчилгээг гүйцэтгүүлсэн эсэх, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хөлснөөс 305,927,154.88 төгрөгийг төлөөгүй зэрэг үйл баримтад талууд маргаагүй.

Харин хариуцагчийн зүгээс ажилчдын тээвэрлэлтийн зардалтай холбогдох 99,298,822.23 төгрөг, зөвшөөрөл авалгүйгээр БНХАУ-ын СЕКЕ боомтод дээжийн сорилын үйлчилгээг үзүүлсэнтэй холбогдох 20,842,147.39 төгрөг болон алданги 17,696,737.43 төгрөгийг хариуцахгүй гэх байр суурийг илэрхийлсэн.

 

12. Б ХХК нь гэрээнд заасан ажил үйлчилгээг гүйцэтгэж, ажлын тайлан, төлбөрийн нэхэмжлэхийг тогтоосон хугацаанд хүргүүлж байсан байх боловч Ц ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 865,468,763.31 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд 20,842,147.39 төгрөгийн зөвшөөрөл хүлээгдэж байгаа болох нь зохигчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ба энэ талаар талууд тооцооны үлдэгдлийн баталгааг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үйлджээ.

 

12.1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална:-ийн 5.1.4-т үнэн зөв байх; гэж,

- 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. ... гэж,

- 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ:-ийн 14.4.3-т бүх өр төлбөр; гэж,

- 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ:-ийн 20.2.5-д дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах; гэж тус тус заасанд үндэслэн шүүх эдгээр байгууллагын нягтлан бодогч, захирал нарын гаргасан дээрх тооцоог үндэслэлтэй, үнэн зөв гэж үзнэ.

 

12.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний D хэсэгт Ц " ХХК-ийн хариуцах зардлыг нэрлэн заасны дотор 2.17-д УБ болон уурхайн талбайн хооронд ээлж солих тээвэрлэлт, 4.1-д БВ-ийн ажилтнууд УБ-аас уурхай руу болон буцах тээвэрлэлтийн зардлууд багтсан байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 363 дугаар зүйлийн 363.1 дэх хэсэгт нийцсэн.

 

Ажиллагчийг ажил, үйлчилгээ явуулах нөхцөлөөр хангах үүргийн дагуу хариуцагч буюу ажиллуулагч нь тээврийн зардлыг хариуцахаар гэрээгээр тохирсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, нэхэмжлэгч буюу ажиллагчийн зүгээс тээврийн зардалд 99,298,822.23 төгрөг гаргасан үйл баримтад хариуцагч буюу ажиллуулагч маргаагүй тул шүүх хариуцагчаас тээврийн зардалд мөн төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 363 дугаар зүйлийн 363.1 дэх хэсэгт тус тус нийцнэ.

 

12.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний В хэсгийн 10.1-д Компани нь БНУ Талбайд үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс зөвшөөрөл авсны дараа: а-д Үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь буюу зарим хэсгийг Бьюроу веритас группийн төлөөлөгч эсвэл харилцан хамааралтай этгээдээр туслан гүйцэтгүүлэх болон б-д Үйлчлүүлэгчээс урьдчилан бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн бусад гуравдагч этгээдээр туслан гүйцэтгүүлж болохоор тус тус заасан ба 10.3-т гэрээний 10.1-д заасны дагуу туслан гүйцэтгэгчээр үйлчилгээ үзүүлж байгаа нь компанийг гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаас нь чөлөөлөх болон үйлчлүүлэгчид ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй байхаар зохицуулжээ.

Ажиллагч нь ажиллуулагчийн хүсэлтийн дагуу 2018-2019 онд БНХАУ-ын нутаг дэвсгэр СЕКЕ боомтод дээжийн сорилын үйлчилгээг үзүүлэхдээ тус улсын Инспекторат (Шанхай) ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан, ингэхдээ ажиллуулагч нь тус туслан гүйцэтгэгчийн хийсэн хэд хэдэн сорилын үйлчилгээний төлбөрийг цаг тухайд нь төлж байсан гэж тайлбарлах боловч ажиллагч нь энэ талаар урьдчилан зохих зөвшөөрлийг ажиллуулагчаас бичгээр авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд ажиллагчийн зохих зөвшөөрөлгүйгээр бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 20,842,147.39 төгрөгийг ажиллуулагчаас гаргуулах нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцэхгүй тул энэ талаарх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзнэ.

12.4. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 12.2-т нэхэмжлэхийг үйлчлүүлэгч /Ц ХХК/ хүлээн авснаас хойш нэхэмжлэхийн огнооноос 45 хоногийн дотор төлбөрийг төлөх ёстой, 12.3-т Үйлчлүүлэгч нь төлбөрийг төлөх ёстой өдрөөс хойш 30 хоногийн дотор компани /Б ХХК/-д төлөөгүй тохиолдолд компанийн бусад эрх, шүүхэд хандах эрхийг хөндөлгүйгээр компани нь дараах арга хэмжээг авах эрхтэй: а-д Шүүхийн шийдвэр гарахаас өмнө эсвэл дараа хэдийд ч үйлчлүүлэгч төлбөрөө төлөх хүртэл өдөр бүр хугацаа хэтэрсэн төлбөрийн үнийн дүнд сарын 0.5%, жилийн 6.0%-ийн алданги тооцон шаардах эрхтэй байхаар талууд харилцан тохиролцжээ.

 

Талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт зохицуулалтад нийцсэн, нэхэмжлэгч хуулийн энэ зохицуулалт болон гэрээний дээрх заалтын дагуу хариуцагчаас алдангид 17,696,737.43 төгрөг шаардсан нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөрчөөгүй тул нэхэмжлэгч мөн төгрөгийн алданги шаардах эрхтэй.

 

13. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч нь тус гэрээний D хэсгийн 1 дэх заалт Үнийн задаргаа гэсэн хэсгийн ажил үйлчилгээний үнэ заасан хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохиролд нэхэмжлэгчээс 176,349,041 төгрөг гаргуулахыг шаардсан.

Ингэхдээ гэрээний уг заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу хуулиар тогтоосон шаардлагыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба ... гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасныг үндэслэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгодог.

Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй юм.

Энэ үүднээс тайлбарлавал, талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд ажил үйлчилгээний хөлсийг ам.доллараар тооцохоор тохиролцсон нь агуулгын хувьд байж болох хэлцэл хэмээн тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүйн гадна, талууд хөлсний хэмжээг тооцох аргачлалаа ийнхүү тохиролцсоноос бус төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул шүүх талуудын энэ тохиролцоог хуульд харшлаагүй гэж дүгнэв.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлээр шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний D хэсгийн 1 дэх заалт Үнийн задаргаа гэсэн хэсгийн ажил үйлчилгээний үнэ заасан хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчээс 176,349,041 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

14. Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ц ХХК-аас үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 305,927,154.88 төгрөг, тээврийн зардалд 99,298,822.23 төгрөг, гэрээнд заасны дагуу тооцогдсон алданги 17,696,737.43 төгрөгийн хамт шаардах эрхтэй гэх дүгнэлтэд хүрсэн тул хариуцагчаас нийт 422,922,714.54 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20,842,147,39 төгрөгт холбогдох хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ц ХХК-аас 422,922,714.54 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,842,147.39 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул Б ХХК-д холбогдуулан гаргасан Үйлчилгээ үзүүлэх гэрээний D хэсгийн 1 дэх заалт Үнийн задаргаа гэсэн хэсгийн ажил үйлчилгээний үнэ заасан хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохиролд 176,349,041 төгрөг гаргуулах тухай Ц ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,376,774.30 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,039,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,272,563.57 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН