Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00739

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00739

 

 

   

БВИТМ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00038 дугаар шийдвэртэй БВИТМ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц ХХК-д холбогдох үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 426,068,124.50 төгрөг, алдангид 17,696,737.43 төгрөг, нийт 443,764,861.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ТSU-СNТ-0402 дугаартай үйлчилгээ үзүүлэх гэрээний D хэсэг, хавсралтын 1-д заасан төлбөрийн хэмжээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохиролд 176,349,041 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Ц ХХК-д холбогдуулан лаборторийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 426,068,124.50 төгрөг, алдангид 17,696,737.43 төгрөг, нийт 443,764,861.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. БВИТМ ХХК нь Монгол Улсын хуулийн дагуу 2012 онд байгуулагдсан бөгөөд уул уурхайн ашигт малтмалын сорилын лабораторын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. БВИТМ ХХК нь Ц ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нүүрсний дээжинд лабораторийн шинжилгээ хийлгэхээр ТSU-СNТ-0402 Үйлчилгээ үзүүлэх гэрээ-г 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байгуулсан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж гэрээнд заасан ажил үйлчилгээг Өмнөговь аймгийн Ноён суманд байрлах Баруун Ноён уулын нүүрсний уурхайд байрлан үзүүлсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд Улаанбаатар дахь лабораторит хийж гүйцэтгэж байсан.

Компаний зүгээс гэрээнд заасан ажил үйлчилгээг гүйцэтгэж, ажлын тайлан, төлбөрийн нэхэмжлэлийг үйлчлүүлэгчид гэрээнд заасан хугацаанд хүргүүлж байсан. Гэтэл үйлчлүүлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, төлбөрийн үлдэгдэл 426,068,124.50 төгрөгийг төлөөгүй байна. Үйлчлүүлэгчтэй 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 12.3-ийн а-д заасны дагуу алдангид 17,696,737.43 төгрөг, нийт 443,764,861.93 төгрөгийг нэхэмжилж байна. Бид гэрээний 26.1 дэх хэсэгт зааснаар удаа дараа үйлчилгээний төлбөрийг төлөхийг албан бичгээр хүссэн боловч үйлчлүүлэгч нь үйлчилгээний төлбөрийг бүрэн төлөөгүй бөгөөд тус компаниас ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/3650 дугаар албан бичигт нийт нэхэмжилж буй дүнгийн 305,000,000 төгрөгийг тодорхой нөхцөлүүд буюу БНХАУ-ын хил нээгдэх, долоо хоногийн борлуулалт багадаа 7,500 тонн хүрсэн тохиолдолд төлөхөөр хариу ирүүлснийг хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, компани үйлчилгээгээ 2019, 2020 онд үзүүлсэн бөгөөд гэрээний дагуу үйлчлүүлэгч төлбөрийг нэхэмжлэхийн огнооноос 45 хоногийн дараа төлөх гэрээний үүргээ зөрчиж байна.

Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Ноён суманд байрлах Баруун Ноён уулын нүүрсний уурхайн талбайд ажиллах ажилчдыг Улаанбаатар хотоос тус талбайд хүргэхэд өөрийн зүгээс гаргасан 2017-2019 оны компанийн ажилтнуудын ээлж солигдох тээврийн зардлыг үйлчлүүлэгч төлөхөөр талуудын хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үйлчилгээ үзүүлэх гэрээний D хэсэг: Хавсралт-ын 3 дахь заалт хариуцлагын хүснэгтийн 2.17 болон 4.1, 2.3-т заасны дагуу 99,298,822.23 төгрөгийг нэхэмжилж байна.

1.2.Үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу 2018, 2019 онд БНХАУ-ын нутаг дэвсгэр СЕКЕ боомтод дээжийн сорилын үйлчилгээг үзүүлэхдээ компани нь БНХАУ-ын Инспекторат ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. Үйлчлүүлэгч нь тус туслан гүйцэтгэгчийн хийсэн хэд хэдэн сорилын үйлчилгээний төлбөрийг цаг хугацаанд нь төлсөн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үйлчлүүлэгчийн эрх бүхий этгээд Д.А компанид и-мэйлээр мэдэгдсэний дагуу туслан гүйцэтгэгчээс үйлчилгээ авахаа больсон. Компанийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ВVМ/SС/0211/2019 дугаартай 20,842,147.39 төгрөгийн дүнтэй нэхэмжлэхийг 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн сорилын үйлчилгээний төлбөрт явуулсан. Иймд хариуцагч "Ц ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ц ХХК-аас 443,764,861.93 төгрөг гаргуулах тухай БВИТМ ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

2.1.Талуудын хооронд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ТSU-СNТ-0402 гэрээний В хэсгийн 1.1-д гэрээлэгч талын үзүүлэх ажил, үйлчилгээг тодорхойлон зааж өгсөн. Ажил үйлчилгээ гэдэг нэгдүгээрт гэрээний В хэсэг, хоёрдугаарт гэрээний С хэсэг ажлын хүрээ, хэмжээнд заасан үйлчилгээг гэрээлэгчээс үзүүлэхээр харилцан тохиролцсон. Энэ нь гэрээлэгчийн зүгээс итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ бүхий мэргэжлийн ажил үйлчилгээг холбогдох стандартын дагуу захиалагчид үзүүлэх харин дээрх үйлчилгээний хариуд гэрээний D хэсэг үнийн задаргааны дагуу төлбөр төлөх үүргийг захиалагч тал харилцан хүлээсэн. Энэхүү үнийн задаргаанд гэрээлэгч талаас ажилчид тээвэрлэх зардал гэсэн тусдаа үнийн задаргаа байхгүй. Учир нь гэрээний D хэсэг талуудын хүлээх ажил үүргийн хуваарь бүхий хүснэгтийн 2.17, 4.1-д УБ болон уурхай хооронд гэрээлэгчийн ээлж солих тээврийг захиалагч тал хариуцан зохион байгуулах улмаар холбогдох зардлыг нь захиалагч тал мөн нэгэн адил хариуцах үүргийг тус тус хүлээсэн болно. Хэрэв захиалагч тал энэхүү чиг үүргийн хуваарийн дагуу аялал зохион байгуулах боломжгүй бөгөөд энэ талаар гэрээлэгч талд мэдэгдэж улмаар гэрээнд заасан журмын дагуу түүнд нэмэлт өөрчлөлт хийсний дагуу сая тээвэр зохион байгуулах үүргээ гэрээлэгч талд шилжүүлж холбогдох зардлыг хариуцах байсан.

2.2. "Ц" ХХК нь хүн тээврийн тусгай зөвшөөрөлтэй, зорчигчдын эрүүл мэнд болон амь насны нэмэлт даатгалтай, жолоочоо гагцхүү хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулдаг мэргэжлийн компани болох "СТ" ХХК-тай хүн тээврийн гэрээтэй бөгөөд зөвхөн 2019 онд энэ зорилгоор 103 сая төгрөгийн төлбөрийг төлсөн. Захиалагч тал гэрээний 2.17 болон 4.1-д заасан чиг үүргээ хангаж хүн тээврийг зохион байгуулж төлбөрийг нь төлж ирсэн байхад дээрх үйлчилгээг хүртэх эсэх нь гэрээлэгч талын сонголт бөгөөд захиалагч талаас зохион байгуулсан хүн тээврийн үйлчилгээг авалгүй бие даан аялал зохион байгуулж улмаар нэмэлт зардал шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв Гэрээний D хэсэг: талуудын хүлээх ажил үүргийн хуваарь бүхий хүснэгтийн 2.11, 4.2, 4.3, 4.6-д заасан чиг үүргээ бид гүйцэтгээгүй буюу дээрх зүйлсээр хангаагүй бөгөөд эдгээрийг гэрээлэгч тал гаргасан бол бид зардлыг хариуцах ёстой. Гэтэл нэгэнт тээврийн үйлчилгээг зохион байгуулж өгсөн байхад бие дааж тээвэр хийсэн нь нэхэмжлэгч талын сонголт бөгөөд бид санхүүгийн болон бусад байдлаар ямар нэгэн хариуцлага хүлээх ёсгүй. Бусад туслан гүйцэтгэгч компани нэг бүрт тусад нь тээврийн хэрэгсэл гаргадаггүй бөгөөд энэ нь дээр дурдсан авто тээврийн осол гарах, хүний эрүүл мэнд хохирохоос үүдэх эрсдэл болон нэмэлт зардлыг бууруулах зорилго бүхий гэрээний зохицуулалт юм.

2.3.Нэхэмжлэгч талын баримталдаг стандарт нөхцөл бүхий гэрээг бид ашигласан бөгөөд энд гэрээний D хэсэг: талуудын хүлээх ажил үүргийн хуваарь бүхий хүснэгтэд заасан чиг үүргийн хуваарийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Тодруулбал, ганцхан зардлыг нь хариуцна гэсэн баганыг удирдлага болгож байгаа нь буруу. Хэрэв тийм бол уг хүснэгтийн 1.2-1.3-1.4-2.7-2.9-3.2-т заасантай ижил байдлаар тээвэртэй холбоотой 2.17 болон 4.1-д заасныг "БВИТМ" ХХК хариуцах баганы доор тусгах байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал дээрх ажлуудыг хариуцан зохион байгуулна харин зардлыг нь захиалагч тал хариуцна гэж тусгах ёстой байсан. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талаас 2017, 2018, 2019 онуудын тээврийн зардалтай холбоотой 99,298,822.23 төгрөг, түүнээс үүдэх торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ц ХХК нь "БВИТМ" ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж өдөрт доод тал нь 30 хүртэл тооны нүүрсний дээжийн лабораторийн шилжилгээг тус уурхай дээр нэг удаагийн дээжийн шинжилгээнд 22-25 ам.доллар, харин Улаанбаатар хот дахь лабораторид шинжлүүлэх дээж тус бүрийн нэг удаагийн шинжилгээний төлбөрт 105-250 ам.доллар төлөхөөр гэрээлсэн. "БВИТМ" ХХК нь үйлчилгээний төлбөрийг ам.доллараар илэрхийлж сар бүр нэхэмжлэл ирүүлэхдээ уг нэхэмжлэл гаргадаг өдрийн Монгол банкны ханшаар хөрвүүлж төгрөгөөр төлбөрийг барагдуулж ирсэн. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болохыг манай компани 2020 оны 08 дугаар сард мэдээд уг гэрээг хуульд нийцүүлэн өөрчлүүлэх саналыг хүргүүлсэний үндсэн дээр 2020 оны 08 дугаар дугаар 01-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж нэг дээжийг уурхай дээр шинжлүүлэх бол 62,596 төгрөг, Улаанбаатар хотод 298,754 төгрөгөөр шинжлүүлэхээр харилцан тохиролцсон.

3.1.2017 онд байгуулагдсан гэрээ өөрсдийнх нь бэлдсэн стандарт нөхцөл бүхий гэрээ байсан бөгөөд манай компани тухайн үед гадаад валютаар ажил үйлчилгээний үнэ тогтоосон хуулийн шаардлагыг мэдээгүйгээс гэрээний үнэ тогтоосон валютын саналыг хүлээн авсан боловч сүүлд хууль зөрчсөн болохыг мэдээд өөрсдийн санаачилгаар гэрээгээ хуульд нийцүүлсэн. Энэхүү гэрээний үнэ тогтоосон хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах тул талуудын хооронд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ТSU-СNТ-0402 дугаартай гэрээний D хэсгийн 1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.

3.2.Монгол Улсын хуулийн этгээдүүдийн хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулагдсан гэрээг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нийцүүлэн байгуулсан тохиолдолд гэрээ байгуулах өдрийн ханш 2,444.95 төгрөгөөр тогтоох байсан. Гэвч нөгөө компанийн нэхэмжлэл ирүүлсэн өдрийн Монгол банкны ам.доллартай тэнцэх төгрөгөөр үйлчилгээний хөлсийг төлсөний улмаас 176,349,041 төгрөгийг илүү төлж хохирсон болно. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх зааснаар анх үүрэг үүсэх үеийн ханшаар гэрээний үнийг төлөх үүрэгтэй гэж үзэх бөгөөд үүрэг үүсэх үеийн ханшаас илүү төлбөр төлсөн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.З дахь хэсэгт зааснаар хохиролд тооцогдоно гэж үзэж байна.

Иймд "Ц" ХХК болон "БВИТМ" ХХК нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ТSU-СNТ-0402 дугаартай "Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний D хэсгийн 1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохиролд 176,349,041 төгрөгийг "БВИТМ" ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан. Үүнд:

4.1.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт тус тус зааснаар талууд уг гэрээг харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрч байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл болно. Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5.1 дэх хэсэгт ...хууль зөрчсөн гэдгийг, тогтоолын 2.2-д энэ зүйлийн 42.2-т заасан гарын үсэг зурснаар гэдгийг тайлбарласан бөгөөд Ц ХХК-ийн эрх бүхий этгээд уг гэрээний агуулгыг бүрэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан. Гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг талууд тохиролцож тогтоох эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаас дүгнэхэд гадаад улсын мөнгөн тэмдэгт, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоог гүйцэтгэхэд Монгол банкнаас зөвшөөрөл авч аливаа гэрээ, хэлцэлд тусгах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, зохигч ТSU-СNТ-0402 дугаартай Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, үнийн задаргаа гэсэн хэсгийн ажил үйлчилгээний үнэ заасан хэсэгт үнэ тогтоохдоо Монголбанкнаас зөвшөөрөл авахгүйгээр ам.доллараар илэрхийлсэн нь хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

4.2.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ нь БВИТМ ХХК-ийн бэлдсэн бус хоёр талын харилцан тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд БВИТМ ХХК-ийн стандарт гэрээ гэж байхгүй болно. Хоёр тал харилцан тохиролцож байгуулсан гэрээ байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг үндэслэн БВИТМ ХХК-аас 176,349,041 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэг нь төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнөх харилцаа-г зохицуулсан тул шүүхээр шийдвэрлэгдэж буй маргаантай хэргийн хувьд хэрэглэгдэх боломжгүй заалт юм. Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэдэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх, гэрээний хугацаа дуусаагүй байгаа тохиолдлыг хамааруулан ойлгодог. Ц ХХК-тай байгуулсан гэрээний 12.1, 12.2-д зааснаар төлбөр төлөх хугацаа нэхэмжлэх хүлээн авснаас хойш 45 хоног тул энэ зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. Түүнчлэн зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны ТSU-СNТ-0402 дугаартай ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний D хэсгийн 1 дэх заалт үнийн задаргаа гэсэн хэсгийн ажил үйлчилгээний үнэ заасан хэсэгт дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй тул түүнтэй холбоотой хохирол үүсэхгүй болно. Мөн зохигчид 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, уг баримтад 865,468,763.31 төгрөгийг өр төлбөрийг хүлээн зөвшөөрч эрх бүхий этгээдийн гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан болно. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт зааснаар талууд ажлын хөлсийг хүлээн зөвшөөрсөн хүчин төгөлдөр баримт хавсаргасан. Дээрх үндэслэлүүдээр Ц ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ц ХХК-аас 422,922,714.54 төгрөгийг гаргуулж БВИТМ ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,842,147.39 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул БВИТМ ХХК-д холбогдуулан гаргасан Үйлчилгээ үзүүлэх гэрээний D хэсгийн 1 дэх заалт Үнийн задаргаа гэсэн хэсгийн ажил үйлчилгээний үнэ заасан хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохиролд 176,349,041 төгрөг гаргуулах тухай Ц ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,376,774.30 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,039,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,272,563.57 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

6.1.2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан TSU-CNT-0402 дугаартай "Үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний хүрээнд талуудын хооронд үүссэн үлдэгдэл төлбөрийг барагдуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт, үндэслэл болгож ирүүлсэн төлбөрийн баримтууд 2017 оны 01 дүгээр сараас эхэлсэн огноотой байна. Дээрх баримтуудыг шүүх нотлох баримтын хүрээнд ач холбогдол өгсөн нь иргэний эрх зүйн суурь зарчим болох маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэлэлцэх, баримтуудын хэрэгт хамааралтай болон ач холбогдолтой талаас нь үнэлгээ өгч чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын хооронд гэрээний эрх, үүргийн харилцаа 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс үүссэн болох нь гэрээ мөрдөж эхлэх огноонд тодорхой заасан тул түүнээс өмнөх огноо бүхий аливаа баримтууд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй болж байна.

6.2. Хариуцагч тал 2017 оны TSU-CNT-0402 дугаартай "Үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний 3.0 дугаар зүйл болох хариуцлагын матриц хэсгийн 2.17-д заасан үүргээ хариуцагч тал Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу үнэнч шударгаар гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ зорилгоор "Ц" ХХК болон С" ХХК хооронд Улаанбаатар-Даланзадгад-Улаанбаатар хооронд ажилтан тээвэрх TU-CNT-0510 дугаартай Ажил, үйлчилгээ авах гэрээ-г 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, "Ц" ХХК болон "Ү" ХХК хооронд гэрээлэгч нарыг тээвэрлэх ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээг 2017 онд байгуулж замын хуудасны дагуу төлбөрийг шилжүүлж ирсэн билээ.

6.3.Хариуцагч тал TSU-CNT-0402 дугаартай "Үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний 3.0 дугаар зүйл болох Хариуцлагын матриц хэсгийн 2.17-д заасны дагуу гэрээлэгч талын ажилчдын Улаанбаатар болон уурхай хоорондын тээврийг хариуцан зохион байгуулах, мөн түүнчлэн зардлыг нь хариуцах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ зөрчсөн гэж мэдэгдэл ирүүлэх естой боловч энэ асуудлаар мэдэгдэл ирж байгаагүй. Хоёр талын гэрээ түүний дагуу үүрэг үүссэн хугацаа болох 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө өөрийн ажилчидаа тээвэрлэх "Ажил, үйлчилгээ үзүүлэх" тухай 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гэрээг "Бьюроу веритас инспекшнэнь тестин Монголиа" ХХК болон "Ү" ХХК хооронд байгуулсан байдаг. Ингэхдээ Даланзадгад-Гурвантэс гэсэн чиглэлд зохион байгуулахаар гэрээлсэн гэтэл маргаж буй талуудын хооронд байгуулсан TSU-CNT- 0402 дугаартай үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төслийн газар нь Өмнөговь аймгийн Ноён сум бөгөөд энэ нь Гурвантэс сумаас 120 км зайтай газар болно. Шүүх дээрх нөхцөл байдлыг үнэн зөв талаас нь үнэлгээ өгөөгүй гэж үзэж байна.

6.4. TSU-CNT-0402 дугаартай үйлчилгээ үзүүлэх гэрээний 15.2-т аливаа нэхэмжлэл, маргаантай асуудлаар шаардлага гаргах эрх нь ийнхүү шаардлага гаргах эрх үүссэн хугацаанаас хойш 12 сарын дотор хүчинтэй байна гэж заасныг шүүх зохих ёсоор үнэлсэнгүй. Учир нь маргаан бүхий төлбөрийн нэхэмжлэлийн шаардах эрх 2017, 2018, 2019 онуудад дууссан байхад нэхэмжлэл нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гарсан байдаг.

6.5. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно гэжээ.

 7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн Иргэний хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зохих зүйл заалтыг зөв хэрэглэсэн. Хариуцагчийн гомдолд дурдагдаж буй нэхэмжлэл 2015 оны 07 дугаар сарын 01-ний тайлбар байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд бичгээр 886,000,000 төгрөгийн баримтыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаатай үйлдсэн. Энэ баримтын үлдэгдэл төлбөрт 426,068,124.50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гомдолд дурдагдсан нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлагын аль хэсэгт хамаарч байгаа нь тодорхойгүй байна. Тээврийн зардлын хувьд хариуцагчийн гомдолдоо дурдсан С ХХК-ийн тээврийн зардлын гэрээ нь хариуцагч компани уурхайн ажилчдадаа өөрсдөө тээвэрлэж буй үйлчилгээ юм. Манай компаниас зөвхөн 2 шинжээчийг явуулж, ирүүлдэг. Энэ талаар Үйлсийн говь ХХК-тай гэрээ байгуулж, тухайн компаниас ирүүлсэн тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан. Нэхэмжлэгч өөрийнхөө хүсэлтээр уурхайд нэвтэрсэн бүртгэлд дурдагдсан машинууд хариуцагч компанид үйлчилгээ үзүүлж байсныг нотолж, хэрэгт өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч БВИТМ ХХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн төлбөрт 426,068,124.50 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 17,696,737.43 төгрөг, нийт 443,764,861.93 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, Захиалагч талаас зохион байгуулсан хүн тээврийн үйлчилгээг авалгүй бие даан аялал зохион байгуулж, улмаар нэмэлт зардал шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд тээврийн зардалтай холбоотой 99,298,822.23 төгрөг хийгээд түүнээс үүдэх алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ТSU-СNТ-0402 дугаартай үйлчилгээ үзүүлэх гэрээний D хэсэг, хавсралтын 1-д заасан төлбөрийн хэмжээг ам.доллараар тогтоосныг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохиролд 176,349,041 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

3.Зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй үйл баримтын талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан үйлчилгээ үзүүлэх гэрээгээр нэхэмжлэгч БВИТМ ХХК нь нүүрстэй холбоотой сорил хийх лабораторийн үйлчилгээг гүйцэтгэх, хариуцагч Ц ХХК нь гэрээний D хэсэгт тодорхойлсноор хөлс төлөхөөр тохиролцсон байна.

4. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Талууд тооцоо нийлж төлөгдөх төлбөрийн хэмжээг баталгаажуулсан байх бөгөөд тооцоо нийлэх үед хариуцагч 886,310,910.70 төгрөгийн төлбөр гүйцэтгээгүй байснаас шүүхэд нэхэмжлэл гаргах үед 426,068,124.50 төгрөгийн төлбөр үлдсэн гэж нэхэмжлэл гаргаж, хариуцагч 305,927,154.88 төгрөгийн төлбөр үлдсэн талаар маргаагүй байна.

4.1.Харин талууд тээврийн зардал болон бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс гаргуулах шаардлагад маргасан, анхан шатны шүүх ажиллагч нь үүргийг бусдад шилжүүлэхдээ урьдчилан зохих зөвшөөрлийг ажиллуулагчаас бичгээр авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

4.2.Тээврийн зардлын талаар анхан шатны шүүх эрх зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний D хэсгийн 2.17-д Улаанбаатар болон уурхайн талбайн хооронд ээлж солих тээвэрлэлтийн зардлыг Ц ХХК хариуцахаар заасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн Ү ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /2хх 47-48/ болон Хаан банкны зарим шилжүүлгийн баримт /1хх 211-250, 2хх 1-32/ нь үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааных, үйлчилгээ үзүүлэх гэрээгээр Улаанбаатар болон Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт байрлах Баруун Ноён уулын нүүрсний уурхайн хооронд тээвэрлэлт хийгдэх байхад дээрх ажил гүйцэтгэх гэрээгээр Даланзадгад-Гурван тэс сум хүртэл тээврийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон, үйлчилгээ үзүүлэх гэрээний B хэсгийн 15.2-т заасан шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр тээврийн зардлыг төлөхөөс татгалзжээ.

4.2.а.Нэхэмжилж буй тээврийн зардал 99,298,822.23 төгрөг нь 2017-2018 оны ээлжийн тээврийн зардлын нөхөн төлбөр 46,484,377.79 төгрөг, 2019 оны ээлжийн тээврийн зардлын нөхөн төлбөр 52,814,444.44 төгрөг болох талаар нэхэмжлэгч тайлбарласан байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны 69-72 дугаар талд авагдсан хоёр талын нягтлан бодогч нарын тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн баримтад нийт төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 886,310,910.70 төгрөг гэж заасан байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Ү ХХК-тай байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ болон тээврийн зардал төлсөн гэх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны Хаан банкны шилжүүлгийн баримтууд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээтэй хамааралгүй байх боловч талууд тооцооны үлдэгдлийн баталгаагаар төлөгдөх төлбөрийн хэмжээг баталгаажуулсан байна.

4.2.б.Хариуцагч гэрээний B хэсгийн 15.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэж маргаж байх боловч уг заалт нь нэхэмжлэгчийн хүлээх хариуцлагын хязгаарлалтыг зохицуулсан, өөрөөр хэлбэл хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргах шаардлагад хамаарах зохицуулалт байна. Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан гаргах шаардлагад гэрээний уг зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй.

4.3.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ, 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан үйлчилгээ үзүүлэх гэрээ бичгийн хэлбэртэй, уг гэрээний B хэсгийн 12.3.а-д Шүүхийн шийдвэр гарахаас өмнө, эсхүл дараа хэдийд ч үйлчлүүлэгч төлбөрөө төлөх хүртэл өдөр бүр хугацаа хэтэрсэн төлбөрийн үнийн дүнд сарын 0.5 хувь, жилийн 6 хувийн алданги тооцох-оор заасан байна.

Иймээс талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөхөөр бичгийн гэрээгээр харилцан тохиролцсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг хуульчилсан байна.

Ажлын хөлс төлөх хариуцагчийн гүйцэтгэх үүргийн талаар үйлчилгээ үзүүлэх гэрээний B хэсгийн 12.2-т Нэхэмжлэхийг үйлчлүүлэгч нэхэмжлэхийн огнооноос хойш 45 хоногийн дотор төлөх ёстой гэсэн. Үүнээс үзвэл талууд гэрээндээ ажлын хөлсийг төлөх хугацааг тохиролцсон байна.

Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган өгсөн алдангийн тооцооллын баримтыг /1хх 74/ хариуцагч үгүйсгээгүй, гагцхүү хариуцагч нь тээврийн зардлыг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлан түүний үнийн дүнгээс тооцсон алдангийг төлөхөөс татгалзсан байна.

Үйлчилгээ үзүүлэх гэрээний A хэсгийн 2.а, 2.б, нэмэлт гэрээний 1.1.а, 1.1.б-д тус тус зааснаар энэхүү гэрээний ерөнхий хугацаа 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 жилийн туршид үргэлжлэх бөгөөд дээр дурдсанаар ажлын хөлсийг төлөх хугацааг талууд тохиролцсон, энэ үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, алдангид 17,696,737.43 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

5. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч нь гэрээний D хэсэг, хавсралтын 1-д заасан төлбөрийн хэмжээг ам.доллараар тогтоосон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 56.6 дахь хэсэгт зааснаар хохирол 176,349,041 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд ажил, үйлчилгээний хөлсийг ам.доллараар тооцохоор тохиролцсон нь агуулгын хувьд байж болох хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцнэ.

6.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,536,189 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Д.БЯМБАСҮРЭН