Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/03447

 

.............. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:............................. тоот хаягт байрлах, Ө ХХК /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............... тоот хаягт байрлах, Т ХХК /РД:............./-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 30,633,170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга: Манай компани нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Т ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан У дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т ХХК-ийн барилгын гадна талын шилэн фасад, металл фасадын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон юм. Гэрээний 4.1-д заасны дагуу шилэн фасад 1582 м.кв 55,000 төгрөгөөр нийт 87,010,000 төгрөг, металл фасад 664 м.кв нь 45,000 төгрөгөөр нийт 29,880,000 төгрөг, нийт 116,890,000 төгрөгийн үнийн дүнтэй ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон юм. Манай компанийн зүгээс гэрээнд заасны дагуу шилэн фасадны ажлыг бүгдийг хийж дуусгасан. Харин барилгын зурагт өөрчлөлт орсны дагуу металл фасадны ажил нь гэрээнд заасан 664 м.кв хэмжээнээс илүү хийж гүйцэтгэсэн. Захиалагч нь хийсэн ажлын хөлсөнд нийт 125,000,000 төгрөг өгсөн бөгөөд гэрээнд зааснаас илүү хийсэн ажлын хөлс төлөхгүй, хийсэн ажлыг хүлээн авахгүй, гэрээнд зааснаас өөр ажил хийхийг шаардаж байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй болсон юм. Манай компанийн зүгээс үлдэгдэл ажлын хөлсөө удаа дараа нэхэмжилж, захирал Хятад улсын иргэн ............-тэй удаа дараа уулзаж байсан бөгөөд биднийг хөөж туун явуулж, мөнгө өгөхгүй гэж хэлж байсан. Бидний зүгээс шүүхэд хандахаар шийдэн хуулийн зөвлөгөө авч байх хугацаанд захиалагч Т ХХК нь манай компанийн ажлаа хаяж явсан, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гэх үндэслэлээр огт үндэслэлгүйгээр 63,600,000 төгрөгийг манай компаниас нэхэмжилж шүүхэд хандсан байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлт гаргуулсан, улмаар ажлын хөлс 30,633,170 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилсэн юм. Гэтэл Т ХХК нь шүүхээс нэхэмжлэлээ татан авсан тул манай компанийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэхгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ........................ дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Тус захирамжийн захирамжлах хэсгийн 2т ...хариуцагч Ө ХХК-ийн нэхэмжлэгч Т ХХК-д холбогдуулан гаргасан ажлын хөлс 30,633,170 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэхгүй орхиж буцаасугай гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд гэрээнд зааснаас илүү хийсэн метал фасад угсралтын ажлын хөлс болох 30,633,170 төгрөгийг Т ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Т ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Т ХХК-ийн үйлчилгээний барилгын гадна талын шилэн болон металл фасадыг гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээг Ө ХХК-тай байгуулсан. Гэрээнд шилэн фасад 1582 м.кв талбайг 1 м.кв нь 55,000 төгрөгөөр бодож 87,010,000 төгрөг, металл фасад 664 м.кв талбайг 1 м.кв нь 45,000 төгрөгөөр бодож 29,880,000 төгрөг, нийт 116,890,000 төгрөг төлөхөөр 60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Ажлын явц дунд металл фасадыг нэмж хийлгэхээр болж Ө ХХК-д нийт 125,000,000 төгрөг өгсөн. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа дуусгаагүй хаяж явсан учраас гуравдагч Дэлгэр Эрдэнийн Наран ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж фасадны ажлыг дуусгасан. Ө ХХК нь ажлаа дуусаагүй, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй, нэхэмжилсэн төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хэрэгт нэхэмжлэгчээс .............. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ........................ дугаар захирамж /хх-ийн 8,9/, .............. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ........................ дугаар захирамж /хх-ийн 10,11/, .............. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ........................ дугаар захирамжтай, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Т ХХК-д холбогдох иргэний хэргийн материалууд /хх-ийн 125-224/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 15/, компанийн дүрэм /хх-ийн 20-23/, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн /, шүүхээс .............. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ........................ дугаар захирамжтай, нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хэргээс Ө ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний нотлох баримт, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-41/, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-ийн 57-60/, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 61-64/, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 65-67/, Ө ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл /хх-ийн 68, 69/, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 71-74/, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт /хх-ийн 74/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 30,633,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Т ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, У дүүргийн, 29 дугаар хороонд байрлах Т компани барилгын гадна талын шилэн пассат болон металл фасадын ажлыг хийж гүйцэтгэхээр тохролцсон. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу шилэн пассат 1,582м.кв, металл пассат 660м.кв ажлыг хийж гүйцэтгэж, 116,890,000 төгрөг төлөхөөр тохирсон. Гэрээний явцад барилгын зурагт өөрчлөлт орсон гэх үндэслэлээр металл фасадны ажлыг гэрээнд заасан хэмжээнээс илүү хэмжээгээр хийж гүйцэтгэсэн. Тухайн үед захиалагч талаас ажлын хөлсөнд нийт 125,000,000 өгсөн. Гэрээнд заасан 116,000,000 төгрөгөөс илүү төлбөрийг авсан. Энэ нь илүү ажил гүйцэтгэсэнтэй холбоотой хариуцагч тал нэмж төлбөр шилжүүлсэн гэдгийг нотолж байна. Махайх 125,000,000 төгрөгөөс илүү ажил хийсэн ч хөлсийг нь төлөхгүй байсан учир ажлаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Үүний дараа хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж  73,000,000 төгрөг гаруулахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүхээс шинжээч томилж барилгын гадна талын шилэн пассат, металл пассатны хэмжээг тогтоосон. Шинжээчийн дүгнэлтээр шилэн пассат 1382,2м.кв, металл пассат 2,020 м.кв гэж тогтоосон. Шинжээчийн дүгнэлтээр дотор талд хийсэн металл пассатын хэмжээг хэмжиж чадаагүй. Үүнийг дүгнэлтдээ дурдсан. Уг хэрэг нэхэмжлэгч нэхэмжлэл татан авсантай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож манай нэхэмжлэлийг буцаасан. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилэн фасад 1,382 м.кв, металл фасад 1,769 м.кв хийж гүйцэтгэсэн. Ажлын хөлс 165,633,170 төгрөг, төлсөн 125,000,000 төгрөг, үлдэх 30,633,170 төгрөгийг Т ХХК-иас нэхэмжилж байна. гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...2020 оны 04 сарын 06-ны өдөр Т ХХК-ийн үйлчилгээний барилгын гадна талын шилэн болон металл фасадны ажлыг гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээг Ө ХХК-тай байгуулсан. Гэрээнд шилэн фасад 1,584 м.кв /1м.кв 55,000 төгрөг/ 87,010,000 төгрөг, металл фасад 664 м.кв /1м.кв 45,000 төгрөг/ 29,880,000 төгрөг нийт 116,890,000 төгрөгөөр 60 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон. Ажлын явц дунд метал фасад нэмж хийлгэхээр болж 125,000,000 төгрөгийг төлсөн. 2020 оны 09 сарын 10-нд ажлаа дуусгаагүй хаяж явсан учир Дэлгэр эрдэнийн наран ХХК-тай гэрээ байгуулж фасадын ажил дуусгасан. Ажлаа дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй явсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан. /хх-ийн 24/

 

5.Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Т ХХК-тай 2020 оны0 4 дүгээр сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, У дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т ХК-ийн барилгын гадна талын шилэн болон металл фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. Гэрээгээр шилэн фасад 1,584 м.кв-ийг 1м.кв нь 55,000 төгрөг нийт 87,010,000 төгрөг, металл фасад 664 м.кв-ийг 1м.кв нь 45,000 төгрөг нийт 29,880,000 төгрөг бүх ажлын хөлс нийт 116,890,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.

 

6.Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагчийн өгсөн материалаар барилгын гадна талд шилэн болон металл фасадны ажлыг хийх, харицагч ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээсэн хэлцлийн агуулгаас үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж дүгнэв.

 

7.Гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад барилгын зурагт өөрчлөлт орсны улмаас ажлын хэмжээ нэмэгдэж, талууд гэрээний хугацааг сунгаж нэмэлтээр хийхээр тохиролцсон байна. /хх-ийн 74, 171/

 

8.Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажилд тохирсон хөлс төлөхөөс татгалзсан учир ажлаа бүрэн дуусгаагүй талаар, хариуцагч ажлын хөлс 125,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүй. Харин талуудын хооронд нэхэмжлэгч шилэн фасад 1,382 м.кв, металл фасад 1,769 м.кв хийж гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

9.Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ажил гүйцэтгэгч Ө ХХК нь хийсэн ажлын үр дүнгээ захиалагч тал болох Түшигт арга констркашн ХХК-д хүлээлгэн өгөөгүй, мөн нийт ажлыг хийж дуусгаагүй орхиж явсан буюу гэрээг ажил гүйцэтгэгч цуцалсан болох нь тогтоогдож байна.

10.Хэдийгээр гүйцэтгэгч нь захиалагчид ажлыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй боловч гүйцэтгэлийг захиалагч хүлээн авсан бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг хийсэн хэмжээгээр төлөх үүрэгтэй.

 

11.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн .............. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ........................ дугаар, Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжтай хэргээс шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримтаар гаргуулан хэрэгт хавсаргасан байна. /хх-ийн 40/

 

12.Шинжээчийн дүгнэлт гэх баримтаар 1-т ...ажил гэрээний дагуу хийгдсэн эсэхийг тодорхойлох боломжгүй тул барилгын талбайд нийт нийгдсэн шилэн болон металл фасадын нийт тоо хэмжээг гаргасан болно. Шилэн фасад 1382,224 м.кв, металл фасад 2020,13м.кв /ливтэн доторх металл фасадын тоо хэмжээ ороогүй захиалагч хаалга нээж өгөөгүй тул хэмжилт хийх боломжгүй байсан/ гэжээ.

 

13.Дээрх баримтаар тухайн барилгын гадна талын шилэн болон металл фасадны хэмжээг тодорхойлох боломжтой байна. Хариуцагч Т ХХК нь Д ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 056-ны өдөр 20/06 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 251м.кв металл фасадыг хийлгэсэн байна. Харин үлдэх хэсгийг өөрөө хийсэн гэх боловч хэрэгт энэ талаар нотлох баримтгүй байна.

 

14.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь 76,010,000 төгрөгийн шилэн фасад /1382,224м.кв х 55,000 төгрөг/, 79,605,000 төгрөгийн металл фасад /2020,13м.кв-251м.кв=1,769.13м.кв х 45,000 төгрөг/ нийт 155,633,170 төгрөгийн ажил хийж, 125,000,000 төгрөгийг авсан байх тул үлдэх 30.633.170 төгрөгийг гаргуулахаар шаарсан нь үндэслэлтэй байна.

 

15.Иймд хариуцагч Т ХХК-иас 30,633,170 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 311,120 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т ХХК-иас 30,633,170 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ө ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 311,120 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР