Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 139/ШШ2022/00545

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 18 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, Чонос овогт Самбуугийн Цолмон /РД:ЗЮ59022713/

Хариуцагч: Дундговь аймаг, Сайнцагаан сумын 5 дугаар баг, Равжихын 13 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, Хан жаргалант овогт Хан жаргалант овогт Халтарын Бямбадорж /РД:ЗЮ55051072/

Үндсэн нэхэмжлэл: Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх

Сөрөг нэхэмжлэл: Газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Цолмон, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам

Хариуцагч Х.Бямбадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайнжаргал,

Гэрч Б.Алтантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нансалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Цолмон нь Х.Бямбадоржтд холбогдуулан хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Х.Бямбадорж нь миний эзэмшлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багт байрлах Өлгийн бууцанд 2016 онд өвөлжөөд 2017 оны хавар надаас худалдаж авахаар санал тавьсны дагуу 2017.05.16-ны өдөр бидний хооронд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж гэрээний дагуу би газраа 3.500.000 төгрөгөөр үнэлж, гэрээ байгуулсан өдрөө 2.500.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 1.000.000 төгрөгөө бүрэн төлнө гэсэн боловч надад төлөөгүй. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд зааснаар мөнгөө бүрэн төлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр Х.Бямбадоржийн газар эзэмших эрх баталгаажиж, гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлэх боломжтой байсан боловч одоог хүртэл мөнгөө төлөөгүй миний бууцыг хууль бусаар эзэмшиж байна. Иймд би цаашид газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхгүй, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байх тул Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, Өлгийн бууц гэх өвөлжөөний газрыг Х.Бямбадоржийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Бямбадорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би С.Цолмонтой 2017 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Өлгийн бууцыг газрын хамт 3.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч улмаар гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад 2.500.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд бичиг баримтаа шилжүүлээд үлдэх 1.000.000 төгрөгийг өгөхөөр тохирсон. Гэрчилгээгээ шилжүүлж аваад мөнгөө өгье гэсэн боловч бид нар уулзалдаж чадахгүй цар тахал, отор нүүдэл гэж яваад өдийг хүрсэн. Энэ хугацаанд бичиг баримтаа шилжүүлж, мөнгөө өгье гэхээр зугтаад байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайнжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 онд Х.Бямбадорж гуай Дундговь аймгийн Сайнцагаан сумын дүгээр баг Өлгийн бууцанд өвөлжсөн байдаг. 2017 онд худалдаж авъя гэж хүсэлт гаргаад 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нотариат дээр очиж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тухайн өдөр орой болсон байсан учраас 2.500.000 төгрөгийг С.Цолмон гуайд өгөөд гэрээгээ байгуулсан. Тухайн өдрөө газрын гэрчилгээ шилжүүлэх гэхтэл ажлын цаг дууссан байсан. Маргааш нь нэхэмжлэгч ирээгүй асуудал болсон. Нэхэмжлэгч Х.Бямбадорж гуайн гэрчилгээг нь шилжүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч С.Цолмон гуай 2017 онд газраа шилжүүлнэ гэчихээд хариуцагчтай холбоо харилцаа барихгүй байгаад байсан. Х.Бямбадорж гуай энэ асуудлаа хурдан шийдээд газрын гэрчилгээгээ авъя гэдэг байр суурьтай байсан Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Х.Бямбадоржоос нэхэмжлэгчид холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайнжаргал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Х.Бямбадорж нь С.Цолмонгоос 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Өлгийн бууцыг 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэрээ байгуулсан өдрөө 2.500.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 1.000.000 төгрөгийг газар эзэмших эрх шилжүүлэхээр өгөхөөр тохиролцсон. С.Цолмон нь газар эзэмших эрхийн гэрчилгээг зориуд шилжүүлж өгөхгүй байгаа учраас Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Өлгийн бууц буюу Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2009.05.08-ны өдрийн 62/20 тоот захирамжаар олгогдсон 0000136064 тоот дугаартай газар эзэмших гэрчилгээг С.Цолмонгоос Х.Бямбадоржийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч С.Цолмон нь сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед нь Х.Бямбадорж үлдэгдэл мөнгөө өгсөн бол газрын эрхээ шилжүүлээд өгөх боломжтой, би маргах эрх байхгүй байсан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болно гэж хуульчилсан. Би 2017.05.16-ны өдөр газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлж байсан хэдий ч Х.Бямбадорж нь гэрээний 2-т заасан үүргээ биелүүлээгүй нь надаас шалтгаалаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Гэрч Б.Алтантуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай аавынх Өлгийн бууцыг 2017 онд С.Цолмон гуайгаас худалдаж авахаар гэрээ байгуулаад одоог хүртэл тэр газартаа нутаглаж байгаа. Уг газрыг 2017 онд 3.500.000 төгрөгөөр С.Цолмон гуайгаас худалдаж авах гэрээ байгуулсан. Би тэр үед ээж, аав хоёртойгоо нэг хашаанд амьдардаг байсан. 2021 оноос тусдаа амьдардаг болсон. Аав гэрээ байгуулахдаа 2.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Харин газрын гэрчилгээгээ шилжүүлж өгөөгүй. Гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлээд үлдэгдэл 1.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэрээ байгуулаад маргааш нь С.Цолмон гуай руу утасдахад утас нь холбогдохгүй байсан. Утас руу нь залгаад дансаа өг гэж удаа дараа хэлэхэд данс нь ирээгүй. Ноднин жил хүү нь ирж бидэнтэй уулзахдаа манайх одоо мөнгөө авахгүй, хороогоо буцааж авна гэж хэлсэн байсан гэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс 2009.05.08-ны өдрийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0198110 дугаартай гэрчилгээ, 2017.05.16-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газрын төлбөр төлсөн баримт, С.Цолмонгийн газар эзэмших эрхийн 0000136064 дугаар гэрчилгээ, 2022.11.17-ны өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Х.Бямбадорж нь миний эзэмшлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багт байрлах Өлгийн бууцанд 2016 онд өвөлжөөд 2017 оны хавар надаас худалдаж авахаар санал тавьсны дагуу 2017.05.16-ны өдөр бидний хооронд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж гэрээний дагуу би газраа 3.500.000 төгрөгөөр үнэлж, гэрээ байгуулсан өдрөө 2.500.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 1.000.000 төгрөгөө бүрэн төлнө гэсэн боловч надад төлөөгүй. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд зааснаар мөнгөө бүрэн төлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр Х.Бямбадоржийн газар эзэмших эрх баталгаажиж, гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлэх боломжтой байсан боловч одоог хүртэл мөнгөө төлөөгүй миний бууцыг хууль бусаар эзэмшиж байх тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс 2009.05.08-ны өдрийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0198110 дугаартай гэрчилгээ, 2017.05.16-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газрын төлбөр төлсөн баримт, С.Цолмонгийн газар эзэмших эрхийн 0000136064 дугаар гэрчилгээ, 2022.11.17-ны өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтыг үндэслэн Х.Бямбадоржийн хууль бус эзэмшлээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багт байрлах Өлгийн бууцыг чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Х.Бямбадорж болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайнжаргал ...2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нотариат дээр очиж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тухайн өдөр орой болсон байсан учраас 2.500.000 төгрөгийг өгөөд гэрээгээ байгуулсан, тэр өдрөө газрын гэрчилгээ шилжүүлэх гэтэл ажлын цаг дууссан байсан. Маргааш нь нэхэмжлэгч ирээгүй, түүнээс хойш С.Цолмон өөрөө Х.Бямбадорж гуайн гэрчилгээг нь шилжүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн, үлдэгдэл 1.000.000 төгрөгөө өгөөд газрын эрхээ шилжүүлж авах хүсэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ С.Цолмон нь газар эзэмших эрхийн гэрчилгээг зориуд шилжүүлж өгөхгүй байгаа учраас Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Өлгийн бууц буюу Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2009.05.08-ны өдрийн 62/20 тоот захирамжаар олгогдсон 0000136064 тоот дугаартай газар эзэмших гэрчилгээг С.Цолмонгоос Х.Бямбадоржийн нэр дээр шилжүүлэхийг даалгах үндэслэлтэй гэж тодорхойлж байгаа бол нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ...би 2017.05.16-ны өдөр газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлж байсан хэдий ч Х.Бямбадорж нь гэрээний 2-т заасан үүргээ биелүүлээгүй нь надаас шалтгаалаагүй. Тиймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлан, талууд мэтгэлцэж байна.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 62/20 дугаар захирамжаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, Өлгийн бууц хаягт байрлах нэгж талбарын 4809005155 дугаар бүхий 5000 м/кв газрыг Самбуугийн Цолмонд өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

5.2. Зохигчдын хооронд 2017.05.16-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр С.Цолмон нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, Өлгийн бууц хаягт байрлах нэгж талбарын 4809005155 дугаар бүхий 5000 м/кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны зориулалттай өөрийн эзэмшлийн газрын эзэмших эрхийг Х.Бямбадоржид шилжүүлэх, эрх хүлээн авагч нь 3.500.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.1-д заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

6. Талуудын маргаантай зүйл нь нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөр 1.000.000 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, улмаар хариуцагч миний бууцыг хууль бусаар эзэмшиж байгаа учир газраа чөлөөлүүлнэ гэж, хариуцагч газрын үлдэгдэл төлбөрөө төлж, газрын эрхээ шилжүүлж авахыг удаа дараа нэхэмжлэгчээс шаардсан ч уулзахгүй байсан тул газар эзэмших эрхээ шилжүүлж авна гэж сөрөг шаардлага гарган тус тус маргах ба нэхэмжлэгч гэрээнд тохиролцсон газрын төлбөрт 2.500.000 төгрөгийг хүлээж авсан, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг хариуцагч төлөөгүй талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алин нь маргахгүй байна.

7. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч маргаан бүхий газраа хариуцагчид 2017.05.16-ны өдөр худалдахаар тохиролцсон бөгөөд талууд гэрээ байгуулснаас хойш 5 жил өнгөрсөн, худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон газрынхаа үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, үүргээ биелүүлээгүйгээс болж нэхэмжлэгч гэрээнээс татгалзах бөгөөд хариуцагч Х.Бямбадоржийн нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлуулахаар асуулгасан гэрч Б.Алтантуяагийн ...ноднин жил С.Цолмонгийн хүү нь ирж бидэнтэй уулзахдаа манайх одоо мөнгөө авахгүй, хороогоо буцааж авна гэх мэдүүлэгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч С.Цолмон гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч С.Цолмон нь өөрийн эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс шаардсан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Иймд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, Өлгийн бууц хаягт байрлах нэгж талбарын 4809005155 дугаар бүхий 5000 м/кв газрыг хариуцагч Х.Бямбадоржийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй байна.

Хариуцагчийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2009.05.08-ны өдрийн 62/20 тоот захирамжийг үндэслэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, Өлгийн бууц хаягт байрлах нэгж талбарын 4809005155 дугаар бүхий 5000 м/кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон 0000136064 тоот дугаартай газар эзэмших гэрчилгээг Хан Жаргалант овогт Халтарын Бямбадоржид шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч гэрээгээр тохиролцсон төлбөрөө төлөөгүй учир худалдагч газар эзэмших эрх шилжүүлэх боломжгүй байсан, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангагдснаар сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, Өлгийн бууц хаягт байрлах нэгж талбарын 4809005155 дугаар бүхий 5000 м/кв газрыг чөлөөлөн нэхэмжлэгч Чонос овогт Самбуугийн Цолмонд хүлээлгэн өгөхийг хариуцагч Хан Жаргалант овогт Халтарын Бямбадоржид даалгасугай.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Чонос овогт Самбуугийн Цолмонд холбогдох Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2009.05.08-ны өдрийн 62/20 тоот захирамжийг үндэслэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, Өлгийн бууц хаягт байрлах нэгж талбарын 4809005155 дугаар бүхий 5000 м/кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон 0000136064 тоот дугаартай газар эзэмших гэрчилгээг Хан Жаргалант овогт Халтарын Бямбадоржид шилжүүлэхийг даалгах хариуцагч Х.Бямбадоржийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Цолмонгоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, хариуцагч Х.Бямбадоржийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бямбадоржоос 70.200 /далан мянга хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Цолмонд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ