Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 218/МА2023/00002

 

 

 

 

С.Цийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Т даргалж, ерөнхий шүүгч Ц.О З.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Г даргалж шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2022/00545 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Ц

Хариуцагч Х.Бд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, нарийн бичгийн дарга Ж.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Х.Б нь миний эзэмшлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багт байрлах Ө бууцанд 2016 онд өвөлжөөд 2017 оны хавар надаас худалдаж авахаар санал тавьсны дагуу 2017.05.16-ны өдөр бидний хооронд “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ байгуулж гэрээний дагуу би газраа 3.500.000 төгрөгөөр үнэлж, гэрээ байгуулсан өдрөө 2.500.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 1.000.000 төгрөгөө бүрэн төлнө гэсэн боловч надад төлөөгүй. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд зааснаар мөнгөө бүрэн төлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр Х.Бийн газар эзэмших эрх баталгаажиж, гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлэх боломжтой байсан боловч одоог хүртэл мөнгөө төлөөгүй миний бууцыг хууль бусаар эзэмшиж байна. Иймд би цаашид газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхгүй, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байх тул Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, Ө бууц гэх өвөлжөөний газрыг Х.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч  талын  тайлбар,  агуулга:  Би  С.Цтой  2017  онд  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Ө бууцыг газрын хамт 3.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч улмаар гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад 2.500.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд бичиг баримтаа шилжүүлээд үлдэх 1.000.000 төгрөгийг өгөхөөр тохирсон. Гэрчилгээгээ шилжүүлж аваад мөнгөө өгье гэсэн боловч бид нар уулзалдаж чадахгүй цар тахал, отор нүүдэл гэж яваад өдийг хүрсэн. Энэ хугацаанд бичиг баримтаа шилжүүлж, мөнгөө өгье гэхээр зугтаад байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 онд Х.Б гуай Дундговь аймгийн Сайнцагаан сумын дүгээр баг Ө бууцанд өвөлжсөн байдаг. 2017 онд худалдаж авъя гэж хүсэлт гаргаад 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нотариат дээр очиж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тухайн өдөр орой болсон байсан учраас 2.500.000 төгрөгийг С.Ц гуайд өгөөд гэрээгээ байгуулсан. Тухайн өдрөө газрын гэрчилгээ шилжүүлэх гэтэл ажлын цаг дууссан байсан. Маргааш нь нэхэмжлэгч ирээгүй асуудал болсон. Нэхэмжлэгч Х.Б гуайн гэрчилгээг нь шилжүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч С.Ц гуай 2017 онд газраа шилжүүлнэ гэчхээд хариуцагчтай холбоо харилцаа барихгүй байгаад байсан. Х.Б гуай энэ асуудлаа хурдан шийдээд газрын гэрчилгээгээ авъя гэдэг байр суурьтай байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Х.Б нь С.Цоос 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Өлгийн бууцыг 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэрээ байгуулсан өдрөө 2.500.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 1.000.000 төгрөгийг газар эзэмших эрх шилжүүлж өгөхөөр тохиролцсон. С.Ц нь газар эзэмших эрхийн гэрчилгээг зориуд шилжүүлж өгөхгүй байгаа учраас Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Ө бууц буюу Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2009.05.08-ны өдрийн 62/20 тоот захирамжаар олгогдсон 0000136064 тоот дугаартай газар эзэмших гэрчилгээг С.Цоос Х.Бийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгч С.Ц нь сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед нь Х.Б үлдэгдэл мөнгөө өгсөн бол газрын эрхээ шилжүүлээд өгөх боломжтой, би маргах эрх байхгүй байсан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болно” гэж хуульчилсан. Би 2017.05.16-ны өдөр газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлж байсан хэдий ч Х.Б нь гэрээний 2-т заасан үүргээ биелүүлээгүй нь надаас шалтгаалаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

           5. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, “Ө бууц” хаягт байрлах нэгж талбарын 4809005155 дугаар бүхий 5000 м/кв газрыг чөлөөлөн нэхэмжлэгч Ч овогт Сийн Цд хүлээлгэн өгөхийг хариуцагч Х Ж овогт Хын Бд даалгаж,

5.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч овогт Сийн Цд холбогдох Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2009.05.08-ны өдрийн 62/20 тоот захирамжийг үндэслэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, “Ө бууц” хаягт байрлах нэгж талбарын 4809005155 дугаар бүхий 5000 м/кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон 0000136064 тоот дугаартай газар эзэмших гэрчилгээг Х Ж овогт Хаын Бид шилжүүлэхийг даалгах хариуцагч Х.Бийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

5.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Цоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Х.Бийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Боос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Цд олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус маргаан бүхий “Өлгийн бууц” гэх газрыг эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээг талууд 2017 оны 5 сарын 16-ны өдөр байгуулж гэрээний үнэнд 2.500.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэх хэсгийг газар эзэмших эрхийг шилжүүлмэгц өгөхөөр үйл явдал болсон байдаг. Ингэж үлдэх төлбөр 1.000.000 төгрөгийг өгөх гэсэн боловч тухайн өдөр ажлын цаг дууссан байсан учир гэрээ байгуулсан талууд хэн аль нь хөдөө явсан учир газар эзэмших эрхийг шилжүүлж үлдэх төлбөрийг авч өгөлцөөгүй байдаг. Үүнээс хойш хариуцагч Х.Б нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, үлдэх төлбөр тооцоогоо дуусгахаар холбогдоход хөдөөгөөс ирэх боломжгүй байна гэсээр хэдэн жил болсон. Үүнтэй холбоотойгоор Х.Б нь дахин шаардсаар байсан боловч 2021 оноос хойш тус “Ө бууц”-ыг зарахаа болилоо. Эсхүл нэмж мөнгө авна гээд шилжүүлж өгөхгүй өдийг хүрсэн байна. Хариуцагч талаас энэхүү байдлыг гэрч А гэрчилж байдаг бөгөөд харин нэхэмжлэгч талын “...үлдэх төлбөрөө гаргуулъя удаа дараа шаарддаг байсан. Би Боос мөнгөө үргэлж нэхэж байсан” гэх боловч энэ талаар баримт байхгүй ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбарыг нотлох баримт байхгүй байсаар байхад нэхэмжлэгч С.Цийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үнэндээ бол тус маргаан бүхий “Ө бууц” гэх газар нь Дундговь аймгаас 15-хан километрт байдаг газар бөгөөд Х.Б нь энэ өвөлжөөнд нутаглаад байнга байсаар байхад “...Х.Б үлдэх төлбөрөө өгөхгүй зугтаад байсан" гэдэг нэхэмжлэгчийн тайлбар үнэнд нийцэхгүй байх ба үүнийг нотлох баримт хэрэгт огт байхгүй байгаа болно. Нэхэмжлэгч С.Ц нь газар эзэмших эрхийг шилжүүлж үлдэх төлбөрийг авах боломж байсаар байхад тийм үг, үйлдэл гаргаж байсныг нотлох зүйл ч хэрэгт байхгүй байна. Иргэний хэргийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх атал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарах байх.

2. Шүүхийн шийдвэрт худалдах худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзсан нь гэрээ байгуулагдаагүйд тооцохоор үндэслэн шийдвэрлэсэн хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Учир нь гэрээ байгуулах санал гаргаад талууд харилцан зөвшөөрөөд үнийг тохиролцож гэрээг бичгээр байгуулсан байдаг. Харин хариуцагч Х.Боос өөрөөс нь үл шалтгаалах хүчин зүйл болох ажлын цаг дууссан байсан учир бичиг баримтыг шилжүүлэн өгч үлдэх үнэ 1.000.000 төгрөгийг өгч чадаагүй байдал болон нэхэмжлэгч С.Цийн худалдагч тал үлдэх төлбөрийг С.Ц нь өөрөө авч эрхийг шилжүүлэх үүргээ хойш тавьж өөрийн ажилтай байсан нөхцөлөөр хариуцагч Х.Бийг хохирооход хүрээд байгаа юм. Одоо тэгээд газар эзэмших буюу өвөлжөөний газар үнэтэй болсон цаг үед гэрээнээс татгалзаж эгүүлэн авах гээд байгаад гомдолтой байна.

3. Шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Учир нь: Х.Б үлдэх төлбөрийг өгч эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг шаарддаг байсан талаар болон худалдагч тал болох нэхэмжлэгчийн өөрийнх нь аймагт ирээд болъё гэдэг хойшлуулж буй шалтгаас болж гэрээний үүрэг биелэгдэхгүй байсан байдаг.

4. Харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “...Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ... худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах үүргийг хүлээхээр зохицуулсан. Энэхүү дарааллаар худалдан авагч эрх шилжүүлэх гэрээг байгуулаад худалдагч тал болох С.Ц газар эзэмших эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүйгээр эхэлж төлбөрийн ихэнх /2.500.000 төгрөг/-ийг аваад газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхгүй байснаар энэхүү үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээний харилцаа зогсчхоод байгаа бөгөөд хариуцагч Х.Б нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан 6 жилийн дотор сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Гэрээ ёсоор газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байгаа. Харин гэрээний ёсоор үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлсэн боловч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсангүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг “гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Ц нь гэрээ байгуулснаас хойш 5 жил өнгөрөхөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсан нь зөв гэжээ. Энэхүү үйл явдалд нэхэмжлэгч Ц гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгож байсан талаар нотлох баримт байхгүй харин ч гэрчийн мэдүүлгээр газар эзэмших эрхийг шилжүүлж үлдэх төлбөрийг төлөх санаачилга гаргаж байсныг гэрчилдэг. Үүнийг шүүх үнэлэлгүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй байхад хариуцагчийн тайлбар нотлогдож байгааг анхааралгүй үндэслэлгүй шийдвэрлэлээ.

Мөн нэхэмжлэгч Ц нь өөрийн эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс шаардсан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна гэсэн байх ба үнэндээ газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой төлбөрийн ихэнх хэсгийг нэхэмжлэгч Ц тухайн гэрээг байгуулахад аваад хэрэглэчихсэн байж үлдэх хэсгийг авахгүй удаж эрх шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй явсан нь харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хангагдах үндэслэл нотлох баримтыг үнэлэлгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж байгаад гомдолтой байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.20-ны өдрийн 139/ШШ2022/00545 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч С.Цийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч С.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  2016 онд манай хороон дээр өвөлжье гэж гуйсан. 2016 онд өвөлжөөд, хаваржаад 2017 онд хороог чинь авъя мөнгө бэлэн байгаа гээд нотариатаар батлуулсан. Нотариат мөнгөө бүрэн авчихаад гэрээгээ авч ирж өгөөрэй гэсэн. Энэ хүн 1.000.000 төгрөгөө өгөхгүй болохоор гэрээг нотариатчид өгөөгүй. Тухайн үед энэ хүн орой болчихлоо эхнэр ганцаараа байгаа маргааш дансаар шилжүүлье гээд явсан. Маргааш нь утсаар залгатал өнөөдөр чадахгүй нь 7 хоногийн дараа шилжүүлье гэсэн. Дараа жилийн намар тааралдаад хорооны мөнгөө авах юмсан гэхэд өгнө гэж хэлчихээд оторт яваад утсаар ярихаар энд, тэнд явж байна гэдэг болсон. Сүүлдээ утсаа ч авахаа больсон. 2021 онд манай хүү очоод охинд нь хороогоо зарахаа болилоо хэлсэн юм билээ. Анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж бодож байгаа. Хүүхдүүд тусдаа гарсан, эхнэр бид хоёр 100 гаранхан малтай хороо бууцандаа өвөлжих бодолтой байгаа гэв.

8. Хариуцагч Х.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  2017 оны 05 сарын үед тохироо наймаа хийж хороог тухайн үеийн ханшаар авсан. Надад бичиг баримтаа шилжүүлэхдээ 1.000.000 төгрөг дутуу өгсөн. Миний хувьд цааргалсан зүйл байхгүй. Энэ хүн надтай гудамжинд 1 л удаа тааралдсан. Мөнгийг нь бичиг баримтаа өөрийн нэр дээр болгож байж өгөх бодолтой байсан. Гэтэл 2022 онд гэнэт би хороо бууцаа зарахаа болилоо, одоогийн ханшаар авбал ав гэж хэлсэн. Би 1.000.000 төгрөгөө өгнө гэж хэлсэн. Би зугтаад гадаад  яваагүй, малаа маллаад явж байсан. Хүний ажилд садаа болоод сүйдээд байх зүйл болоогүй. Нотариатаар гэрээ хэлцэл хийсэн учир мөнгөө өгнө гэв.гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгад зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Гэхдээ давж заалдах шатны шүүх шийдвэрийг өөрчлөн залруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч С.Ц нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, Ө бууц гэх өвөлжөөний газрыг Х.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргаж буй газрын эзэмших гэрчилгээг С.Цоос Х.Бийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнийг нэхэмжлэгч тал мөн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч  С.Ц нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Х.Бтой хийсэн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр 5000 мкв өвөлжөөний доорх газрыг эзэмших эрхийг шилжүүлэхээр тохирсон гэж шаардах эрхийн үндэслэлээ тайлбарлажээ.

Тухайн гэрээгээр нэг талаас  С.Ц нөгөө талаас Х.Б нар “...маргаж буй газрын эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг зохицуулна..., ...эрхийг 3500000 төгрөгөөр үнэлж шилжүүлэхээр тохиролцож бэлнээр төлсөн.... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, баримт бичгийг энэхүү гэрээний хамт холбогдох байгууллагад бүртгүүлснээр эрх хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг гэрээний заалт болгон...” харилцан тохиролцжээ./ хэргийн 04-р хуудас/

Гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.2-т гэрээний талууд гэрээгээр тохирсон 3500000 төгрөгийг бэлнээр төлсөн гэсэн байх боловч  шүүхэд гаргасан тайлбартаа 1000000 төгрөгийг дутуу өгч авалцсан тухайд маргаагүй байна.

Нэхэмжлэгч маргаан бүхий газрын эзэмших эрхийг хариуцагчид 2017.05.16-ны өдөр шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд талууд гэрээ байгуулснаас хойш 5 жил өнгөрсөн, эрх шилжүүлэн авагч нь гэрээгээр тохиролцсон үнийн дүнгээс 1000000 төгрөгийг төлөөгүй, үүргээ биелүүлээгүйгээс болж нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж энэ талаар хариуцагчид мэдэгдэж байсан гэж  тайлбарласан байна.

Энэ талаар анхан шатны шүүх “Х.Бийн нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлуулахаар асуулгасан гэрч Б.Агийн “...ноднин жил С.Цийн хүү нь ирж бидэнтэй уулзахдаа манайх одоо мөнгөө авахгүй, хороогоо буцааж авна” гэх мэдүүлгээр нотлогдож байна.” гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч С.Цийн хүү нь гэрээний тал биш хэдий ч энэхүү татгалзал С.Цийн хүсэл зоригийн илэрхийлэл байсан талаар нэхэмжлэгч өөрөө тайлбарласан мөн энэ татгалзлыг хариуцагч Х.Б мэдсэн байна. Иймд энэхүү үйл баримтад хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч гэрээгээр тохиролцсон төлбөрөө төлөөгүй учир нэхэмжлэгч газар эзэмших эрхээ шилжүүлэх боломжгүй болсон гэх, нэхэмжлэгч эрхээ шилжүүлснийх нь дараа үлдэгдэл төлбөрөө төлнө гэх тайлбаруудыг тус тус гаргажээ. 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч С.Ц нь гэрээ байгуулснаас хойш 5 жил өнгөрөхөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул газар эзэмших эрх шилжүүлэхээс гэрээнээс татгалзсаныг анхан шатны шүүх хууль зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 болон Иргэний  хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх зохицуулалтын агуулга нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хэн нь ч гаргах эрхтэй.

 Гэхдээ Газрын тухай хуулийн 38.2.2 дахь заалтад эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоог хавсарган хүсэлтийг гаргах, Талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 3.24-т  эрх хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болох нөхцөлийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар зохицуулахаар тохиролцсон тохиролцоо зэргээс үзэхэд хариуцагч газар эзэмших эрхийг бүртгүүлж, өөртөө шилжүүлэн авах үйлдлийг гүйцэтгэх үйл ажиллагаанд  илүү идэвхтэй үүрэг хүлээхээр зохицуулжээ.. Гэтэл хариуцагч гэрээ байгуулснаас хойш 5 жилийн хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй атлаа маргаж буй газрыг одоо болтол эзэмшиж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн  гэрээнээс татгалзсан байдалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж нэхэмжлэгч  С.Цг өөрийн эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс шаардсан нь үндэслэлтэй гэж үзжээ. Шүүх ийнхүү үзэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримталсан байх бөгөөд дээр дурдсанаар өмчлөгч биш тохиолдолд 106.4-т заасан зохицуулалтыг давхар баримтлах нь энэ хуульд нийцнэ гэж үзэв.

Зохигчдын хооронд газар худалдах худалдан авах гэрээ бус газрын эзэмших эрхийг мөнгө бүрэн шилжсэний дараа шилжүүлэх тохиролцоо хийгдсэн байх бөгөөд үлдэгдэл мөнгө нь одоо болтол нэхэмжлэгчид шилжээгүй байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн шаардлагын дагуу гэрээний татгалзлыг шийдвэрлэж байгаа тохиолдолд талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцаах зарчмыг уг хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг, 112 дугаар зүйлийн 112.2 дахь заалтуудад зохицуулсан бөгөөд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, “Ө бууц” хаягт байрлах нэгж талбарын 4809005155 дугаар бүхий 5000 м/кв газрыг хариуцагч Х.Б хууль бус эзэмшлээсээ чөлөөлж, нэхэмжлэгчид өгсөн 25000000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй. Х.Б мөнгөө шаардаагүй байх тул анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийг шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх зарчимд нийцсэн гэж үзэв.

Иймд  дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1404000 төлсөн нь үндэслэлгүй байх тул 702000 төгрөгийг буцаан гаргуулж олгох, харин гомдол хангагдаагүй тул 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2022/00545 тоот шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

1.1.Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас “...243 дугаар зүйлийн 243.1...” гэснийг  “... 106.1 гэснийг 106.4...” гэж, 2 дугаар заалтын 243.1 гэсний дараа “, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1” гэж нэмж  өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийн 50 хувь буюу 70200 төгрөгийг хариуцагчид буцаан олгож, үлдэх 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.ТӨМӨРБААТАР

ШҮҮГЧ                         З.ТҮВШИНТӨГС

  ШҮҮГЧ                         Ц.ОТГОНЦЭЦЭГ