Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/03458

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байр, .... тоотод оршин суух, Г ургийн овогтой Л Д /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б  дүүрэг, .. дугаар хороо, ... дугаар байр, .... тоотод оршин суух хаягтай, Бн ургийн овогтой Э Т /РД:...../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Д ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Э.Т д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Э.Т нь миний охин А. Б-тай 2017 оны 7,8 сард танилцаж, хамтран амьдрахаар ярилцаж манай гэрт бид нартай амьдарсан. 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр би өөрийн Төрийн банкны хадгаламжаасаа охин А.Бд 21,000,000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Энэ мөнгөнөөс А.Б, Э.Т нар ярилцаж, Э.Т ын нэр дээр приус 20 бүтэн жи маркын ............. УНЭ улсын дугаартай машиныг 14,500,000 төгрөгөөр 2017 оны 9 сард худалдаж авч өгсөн. Гэтэл Э.Т нь уг машиныг бидэнд хэлэлгүйгээр 2017 оны сүүлээр .............. ломбардад барьцаанд тавьсан байсан. Э.Т нь .............. ломбардад барьцаанд тавьсан зээлээ төлж чадахгүй болохоор охин бид хоёрт арга буюу үнэн байдлаа хэлсэн. Бид 3 хоорондоо ярилцаад би тэтгэврийн зээл авсан. Мөн өөрт байгаа алт, монет ээмэг бөгж, мөнгөн аягануудаа ................. ломбардад тавьж, зээлийг төлөлцөж эхэлсэн юм. Бид 3 дахин ярилцаад тэтгэврийн зээл, ломбардны зээл, машин тавьсан ломбардны зээлийн хүү өндөр байгаа учраас энэ зээлүүдийг чөлөөлөхөөр ....................... банкны 5 шар дахь салбараас А.Бгийн нэр дээр 3 өрөө байрыг барьцаалж 15,000,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаагаар зээл авч, уг зээлийг Э.Т хувааж төлөхөөр тохиролцсон юм. .............. ломбардад тавьсан приус 20 бүтэн жи маркын ............. УНЭ улсын дугаартай машины зээлийг төлсөн учир Э.Т уг машиныг унасаар байсан. Э.Т нь ....................... банкинд байр барьцаанд тавьсан зээлийг төлөлцөхгүй байсаар 2018 оны 3 дугаар сард автомашинаа осолд оруулж, уг машины эд ангийг өөртөө авч ашиглаж байна. Ингээд Э.Т 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр манай гэрт ирж надтай уулзаад би А.Бтай амьдрахгүй гээд ....................... банкны зээлийг төлөхөөр харилцан тохиролцож, надад өөрийн гараар бичсэн бичгийг өгсөн. Энэ тоорхойлолт бичгийн дагуу 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацааны зээлийн мөнгө 10,000,000 төгрөгийг Э.Т оос нэхэмжилж байна. Иймд Э.Т оос 10,000,000 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Э.Т нь Л.Д ын охин А.Бтай танилцаж, хамт амьдарсан. А.Б нь урьд нь амьдрал зохиож байсан юм билээ. А.Б нь би хэлсэндээ хүрч заавал машин авч өгнө гээд приус 20 маркын автомашиныг авч өгсөн. Миний бэлэг, чиний машин учир чи бичиг баримтаа нэр дээрээ ав гээд шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч Л.Д тухайн үед уг машины зах зээлийн ханш хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байсан учир А.Бгийн хэлсний дагуу нэхэмжилсэн байна. Тухайн үед приус 20 маркын автомашины үнэ 8,000,000-10,000,000 төгрөг байсан. 10,000,000 төгрөгөөр уг машиныг худалдаж авсан. А.Б ээждээ 13,500,000 төгрөгөөр авсан гэж хэлээрэй гээд байсан учир ээж охин хоёрын хооронд асуудал үүсгээд яахав гээд тэгж хэлсэн. Цагдаагийн газар, прокурорын газар ч мөн адил тэгж хэлсэн. А.Б надад энэ бүхэн ээжийн хийж байгаа үйлдэл, олон жил шүүхэд ажилласан, танил ихтэй, миний хайрыг хорлох гээд байгаа юм гэсэн. Сүүлд нь А.Б ээжийгээ дарамтлаад намайг буцааж ирүүлэхийн тулд ийм үйлдэл хийсэн юм билээ. Уг машиныг надад бэлэг гэж өгсөн учраас би түүнийг захиран зарцуулах эрхтэй гэж бодсон. Одоогийн байдлаар надад хадгалагдаж үлдсэн ганц хоёр баримт, нэхэмжлэгчээс өгсөн дансны хуулгаас харахад 8,000,000 гаруй төгрөгийн төлөлт байна. Л.Д ын тэтгэврийн зээлийн төлөлт, баримт нь байхгүй, төлөлт бэлнээр нь өгсөн мөнгөний баримтууд нь байхгүй, төлөлтийг нотолж чадахгүй нь харамсалтай байна. Эмээгээ авчрахаар яваад осолд орж машинд эвдрэл гэмтэл учирсан. Ингээд машинаа засуулахаар нэг засварын газар өгсөн боловч сэлбэг хэрэгсэл авах хэрэгтэй байна, урьдчилгаа мөнгийг нь өгчих гээд 2,500,000 төгрөг аваад тун удалгүй дахин 1,000,000 төгрөг нэмж аваад нийт 3,500,000 төгрөг авч удалгүй дуусна гэж хэлж явсаар 10 сарын сүүл үеэр хүний гараж түрээсэлж байснаа өөрсдийн засварын газар гэж худал хэлсэн нь илчлэгдэж, гаражийн эзэн нь энэ машинаа гарга, энэ хүн чинь түрээсээ төлөөгүй удчихлаа гэсэн. Ломбардны зээл нэхэгдээд, машинаа ч засуулах боломжгүй болж гаражийн эзний танилд нь 4,000,000 төгрөгөөр сэлбэгт өгөөд .............. ломбардын зээлийг хаасан. Энэ үед А.Б, Л.Д хоёр хүнд байдалд орж, байр нь барьцаанд байсан. Нэгэнт буцааж өгөх машин байхгүй болсон тул би энэ хүмүүст эд хөрөнгө болон сэтгэлийн өргүй үлдэхээр чадах хэмжээндээ төлөлцөөд явж байсан. Ажил төрөл, ковид-19 өвчний улмаас миний санхүүгийн байдал хүндэрсэн. А.Б чамаас яасан ч салахгүй, надтай амьдрахгүй бол амиа хорлоно, чамайг тайван байлгахгүй гээд миний ажлын түншүүд, найз нөхөд, хамаатан садан гэх мэт бүхий л хүмүүст намайг залилан мэхлэгч мэтээр нэр төрд халдсан. Би эдгээр хүмүүст ямар ч өр төлбөргүй гэж бодож байна гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4/, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ................................... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар \хх-ийн 6,7/, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ......................... дугаартай зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар \хх-ийн 8,9\, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар баталгаажуулсан хуулбар \хх-ийн 10\, А.Бгийн ....................... банкны зээлийн дансны хуулга \ХХ-ийн 11-14\, Э.Т ын гар бичмэл \хх-ийн 15\, Э.Т ын фото зураг \ХХ-ийн 16\, Нийслэлийн ..... Дүүргийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ............. дугаартай Прокурорын Тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар \хх-ийн 17,18\, Нийслэлийн С дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас \хх-ийн 19\, Л.Д ын Төрийн банкны дансны мэдээлэл \хх-ийн 20\, Л.Д ын гар бичмэл тайлбар \хх-ийн 21/, С дүүргийн 18 дугаар хорооны тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар \хх-ийн 22/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ..................................... дугаартай шүүгчийн захирамж \хх-ийн 24\, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ................................... дугаар шийдвэр /хх-ийн 25, 26/, С дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 541 тоот албан бичиг /хх-ийн 27/, С дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 28/, хариуцагчаас ....................... банкны орлогын ордерын нотариатаар баталгаажуулсан хуулбар \хх-ийн 41,42\, зарлагын баримт \хх-ийн 43-46\, Л.Д ын тодорхойлолт /хх-ийн 47/, Хаан банкны баримт \хх-ийн 48/, гэрээслэл /хх-ийн 49, 50/, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар \хх-ийн 52\, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар \хх-ийн 53-55\, Монголын нотариатчдын танхимын бүртгэлийн дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар \хх-ийн 56,57\ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Э.Т д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Э.Т миний охинтой 2017 оны 7, 8 дугаар сард танилцаад хамтран амьдрахаар тохиролцож манай гэрт амьдарч байсан. 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн төрийн банкны хадгаламжийн данснаас охин Д.Бгийн нэр дээр 21,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Э.Т , Д.Б нар ярилцаад Э.Т ийн нэр дээр Prius 20 бүтэн жи авто машиныг 14,500,000 төгрөгөөр худалдан авсан. Э.Т уг машиныг бидэнд хэлэлгүйгээр 2017 оны сүүлчээр .............. ломбардад машинаа барьцаалж зээл тавьсан. Барьцааны зээлээ төлж чадахгүйд хүрч бид харилцан ярилцаж тэтгэврийн зээл авч өрийг дарсан. Бид олон газар зээлтэй байсан учир ярилцаад миний 3 өөрөө байрыг барьцаалж, ....................... банкнаас 15,000,000 төгрөгийн зээл авсан. Э.Т нь хамт амьдрахаа болсон. Хамт авсан зээлээ барагдуулах талаар 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталж баримт үйлдсэн. Э.Т нь ....................... банкнаас авсан зээлийн үлдэгдлээс 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 10,000,000 төгрөгийг хариуцан төлснөөр төлбөр тооцоо дуусахаар тохиролцсон. Гэвч тохиролцсоны дагуу 10,000,000 төгрөг төлөөгүй гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Э.Т нь Л.Д ын охин н.Бтай танилцаж, хамт гэрт нь амьдарсан. Удалгүй охин н.Б нь автомашин бэлэглэсэн. Амьдралын явц дунд н.Бгаас гаргаж байгаа ааш нь зан тохирохгүй, ээжийгээ маш дээрэлхдэг, даралдаг байсан талаар ярьдаг. Тухайн үед Приус-20 маркийн автомашиныг 10,000,00 төгрөгөөр авсан гэдэг. н.Б нь ээждээ 13,500,00 төгрөгөөр авсан гэж хэлүүлж ойлгуулсан байсан. Цагдаад мөн тэгж хэлээрэй гэсэн байдаг. Э.Т нь Л.Бгийн хэлснээр ээжид нь болон цагдаад хэлсэн. ...Автомашин барьцаалж зээл авсан байсан. Зээлийг нь би өөрийн мөнгөөр төлж хаасан. ....................... банкнаас авсан зээлийг төлөх үндэслэл байхгүй. Машины үнэ 10,000,000 төгрөгийг буцааж төлөх ёстой гэж үзсэн учир боломжоороо мөнгийг нь төлсөн. Ойролцоогоор 7-8 сая төгрөг нь төлөгдсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

5.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.а.Нийслэлийн С дүүргийн прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ............. дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд ...Гэрч Э.Т ын ...Би 2017 оны 19 дүгээр сарын сүүлээс Бгийн гэрт нүүж ээж Д , охин А нарын хамт амьдарч эхэлсэн. ...Бид 2 хамт явж Приус-20 маркийн автомашин 13,500,000 төгрөгөөр худалдан авч Б надад тухай автомашиныг бэлэглэж байна гээд миний нэр дээр шилжүүлж өгсөн. Бид нар ажил хийгүй байсан болохоор мөнгөгүй болсон. Тэгтэл Б ээжийнхээ хамт алт монетон ээмэг, бөгж зэрэг эд зүйлсээ барьцаалсан. Д эгч тэтгэврийн зээл авсан. Би автомашинаас .............. ломбардад 3,000,000 төгрөгөөр барьцаалж, дараа нь дахин Бд хэлээд 3,000,000 төгрөгийг нэмж авсан. Тэгээд өр төлбөр их болоод бид нар ярилцаж байгаад байраа барьцаанд тавиад банкнаас зээл авсан. ....................... банкнаас 15,000,000 төгрөгийн зээл авч зээлээ хамтран төлж барагдуулахаар болсон. Миний хувьд зээлийг төлж байгаад ажил бүтэлгүйтээд мөнгө төгрөг олдохгүй байсаар байгаад зээл хуримтлагдаад байрны барьцааны мөнгийг төлж дийлэхгүй болсон гэх мэдүүлэг,

5.б.А.Б болон ....................... банкны хооронд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай төлөхөөр тохиролцсон ................................... тоот зээлийн, ....................... тоот барьцааны гэрээ,

5.в.2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Э.Т нь ....................... банкнаас А.Бгийн авсан зээлийн үлдэгдлийг төлснөөр өмнө үүссэн хөрөнгийн маргааныг дуусгахаар баримт үйлдсэн, 2018 оны 07 сарын 07-ны өдөр зээлд 830,000 төгрөгийг Л.Д т хүлээлгэн өсөн баримт, ....................... банкин дахь А.Бгийн зээлийн болон иргэдийн харилцах дансны хуулга зэргээс үзвэл Л.Д , Л.Б, Э.Т нар ....................... банкнаас авсан зээлийг хамтран зарцуулсан, зээлээс хариуцагч Э.Т 10,000,000 төгрөгийг хариуцахаар тохиролцсон нь тогтоогдож байна гэж үзэв.

 

6.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 07 сарын 07-ны өдөр төлбөр төлөх хэлцэл хийх үед банкнаас авсан зээлээс 10,000,000 төгрөгийг төлөхөөр байсан, уг хэлцлийг үндэслэн нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.

Хариуцагч нь төлбөр төлөх хэлцэл хийснээс хойш 5,835,500 төгрөгийг төлсөн болох нь А.Бгийн ....................... банкин дахь иргэдийн харилцах дансны хуулга, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Л.Д т 830,000 төгрөг өгсөн баримтаар нотлогдож байна.

 

7.Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан Приус-20 маркийн автомашины үнэ 10,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэж маргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын хооронд үүссэн хэлцлийн дагуу төлбөр төлөх үүсэж, хариуцагч 4,146,500 төгрөгийг үүргийг гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

8.Иймд хариуцагч Э.Т оос 4,146,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Д т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,835,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

9.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 81,294 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Т оос 4,146,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Д т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,835,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т оос 81,294 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Д т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР