Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00157

 

 

 

 

 

 

 

2023 01 13 210/МА2023/00157

 

 

*** ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/03458 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ын нэхэмжлэлтэй, хариуцагч *** д холбогдох, 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *** , түүний өмгөөлөгч *** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: *** нь миний охин *** тай 2017 оны 07, 08 сард танилцаж, манай гэрт бид нартай хамт амьдарсан. 2017 оны 09 сарын 23-ны өдөр би өөрийн *** ХХК дахь хадгаламжаасаа *** д 21,000,000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Энэ мөнгөнөөс *** , *** нар ярилцаж, *** ын нэр дээр Приус-20 маркийн **-** УНЭ улсын дугаартай машиныг 14,500,000 төгрөгөөр 2017 оны 09 сард худалдаж авсан. Гэтэл *** нь уг машиныг бидэнд хэлэлгүйгээр 2017 оны сүүлээр ломбардад барьцаанд тавьсан байсан. Зээлээ төлж чадахгүй болохоор охин бид хоёрт үнэн байдлаа хэлсэн. Бид тэтгэврийн зээл авч, өөрт байгаа алт, монетон ээмэг бөгж, мөнгөн аягануудаа ломбардад тавьж, зээлийг төлөлцөж эхэлсэн. Ингээд зээлийн хүү өндөр байсан тул эдгээр зээлүүдийг чөлөөлөхөөр *** ХХК-аас *** гийн нэр дээрх 3 өрөө байрыг барьцаалж 15,000,000 төгрөгийг 2018 оны 02 сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаагаар зээлэн авч, уг зээлийг *** хувааж төлөхөөр тохиролцсон юм. ***-ад тавьсан Приус-20 маркийн **-** УНЭ улсын дугаартай машины зээлийг төлсөн учир *** уг машиныг унасаар байсан. *** нь *** ХХК-д байр барьцаанд тавьсан зээлийг төлөлцөхгүй байсаар 2018 оны 03 сард автомашинаа осолд оруулж, уг машины эд ангийг өөртөө авч ашигласан. Ингээд *** 2018 оны 07 сарын 07-ны өдөр ирээд ...би *** тай амьдрахгүй... гээд *** ХХК-ийн зээлийг төлөхөөр харилцан тохиролцож, өөрийн гараар бичсэн бичгийг өгсөн. Энэ бичгийн дагуу 2018 оны 07 сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн мөнгө 10,000,000 төгрөгийг *** оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: *** нь *** ын охин *** тай танилцаж, хамт амьдарсан. *** нь ...би хэлсэндээ хүрч заавал машин авч өгнө... гээд Приус-20 маркийн автомашин авч өгч, бичиг баримтаа нэр дээрээ ав гээд шилжүүлж өгсөн. Тухайн үед Приус-20 маркийн автомашины үнэ 8,000,000-10,000,000 төгрөг байсан. 10,000,000 төгрөгөөр уг машиныг худалдаж авсан. Надад бэлэг гэж өгсөн учраас би түүнийг захиран зарцуулах эрхтэй гэж бодсон. Одоогийн байдлаар надад үлдсэн ганц хоёр баримт, нэхэмжлэгчээс өгсөн дансны хуулганаас харахад 8,000,000 гаруй төгрөгийн төлөлт хийсэн байна. *** ын тэтгэврийн зээлийн төлөлтийн баримт байхгүй, бэлнээр өгсөн мөнгөний баримтууд байхгүй, төлөлтийг нотолж чадахгүй нь харамсалтай байна. Ломбардын зээл нэхэгдээд, машинтайгаа явж байгаад осолд орсон тул машинаа ч засуулах боломжгүй болсон тул гараашийн эзний танилд нь 4,000,000 төгрөгөөр сэлбэгт өгөөд ***--ын зээлийг хаасан. Нэгэнт буцааж өгөх машин байхгүй болсон тул би энэ хүмүүст эд хөрөнгө болон сэтгэлийн өргүй үлдэхээр чадах хэмжээндээ төлөлцөөд явж байсан. Ажил төрөл, Ковид-19 өвчний улмаас миний санхүүгийн байдал хүндэрсэн. Би эдгээр хүмүүст ямар ч өр төлбөргүй гэж бодож байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар баримтлан хариуцагч *** оос 4,146,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,835,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** оос 81,294 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** т буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Миний бие 2017 оны 09 сарын 23-ны өдөр өөрийн *** ХХК дахь хадгаламжаасаа 21,000,000 төгрөгийг бэлнээр авч *** д өгсөн. *** , *** нар Приус-20 маркийн **-** УНЭ улсын дугаартай машиныг 14,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл *** 2017 оны сүүлээр уг автомашиныг ломбардад барьцаанд тавьж, зээлээ төлж чадахгүй байсан тул би тэтгэврийн зээл авч, өөрт байгаа алт, монетон ээмэг бөгж, мөнгөн аягануудаа ломбардад тавьж, зээлийг төлөлцөж эхэлсэн. Улмаар зээлийн хүү өндөр байсан тул *** ХХК-д *** гийн нэр дээрх 3 өрөө байрыг барьцаалж 15,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаагаар зээлэн авсан бөгөөд уг зээлийг *** хувааж төлөхөөр тохиролцон баримт үйлдсэн. *** нь *** ХХК-д байр барьцаанд тавьсан зээлийг төлөлцөхгүй байсаар 2018 оны 03 сард автомашинаа осолд оруулж, уг машины эд ангийг өөртөө авч ашигласан. Дээрх зээлүүдийг чөлөөлсөн мөнгөний эх үүсвэр нь *** ын данснаас гарсан *** ын өөрийнх нь мөнгө юм. Мөн хэлцэлд дурдсанаар 10,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч *** гийн данснаас шилжсэн 5,835,500 төгрөг мөн адил *** ын мөнгө байх бөгөөд энэ талаарх баримт байгаа. Гэтэл анхан шатны шүүх 5,835,500 төгрөгийг төлөгдсөн гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Банкны хуулганаас харахад гүйлгээний утгад *** оос гэсэн байгаа. 2018, 2019 оны баримтыг нотариатаар баталгаажуулж хэрэгт гаргаж өгсөн. *** өөрийн хөдөлмөрөөр зээл төлдөг байсан. *** ямар ч орлогогүй, тэтгэврийн мөнгөөр амьдардаг. 2018 онд *** , *** нар холбоотой байгаагүй. Манай хүүхэд барилгын ажил хийгээд тэр мөнгөө *** гэж шилжүүлдэг байсан. 2019 онд Ковид-19 цар тахал гарснаар ажил нь зогссон. Баримтаар 7,075,500 төгрөг төлсөн байхад анхан шатны шүүх 4,146,500 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд давж заалдах гомдол гаргаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээ болон техникийн шинжтэй өөрчлөлтийг оруулав.

 

2.   Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ ...*** нь 2018 оны 07 сарын 07-ны өдөр *** ХХК-ийн зээлээс 10,000,000 төгрөгийг төлөлцөх тухай бичиг хийж өгсөн... гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх 1-3/

Хариуцагч тал дээрх шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...бичиг хийж өгснөөс хойш 8,000,000 гаруй төгрөг төлсөн нь баримтаар нотлогдож байгаа, төлбөр хийсэн тухай зарим баримт олдохгүй байгаа, нэхэмжлэгчид төлөх өр төлбөргүй... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /хх 39-42/

 

3.   Хэрэгт авагдсан 2017 оны 09 сарын 25-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 02 сарын 01-ний өдрийн *** тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн *** тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, *** ын үйлдсэн гэх 2018 оны 07 сарын 07-ны өдрийн гар бичмэл, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 06 сарын 03-ны өдрийн *** дугаар тогтоол /хх 6-7, 8-10, 13, 17-18, 55/ зэрэг бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а. Хариуцагч *** нь нэхэмжлэгч *** ын охин *** тай хамтран амьдарч байх хугацаандаа Приус-20 маркийн автомашиныг иргэн *** оос 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан, уг автомашины үнийг нэхэмжлэгч *** төлсөн, улмаар хариуцагч *** нь зам тээврийн осолд орж, автомашиныг захиран зарцуулсан;

3.б. Нэхэмжлэгч *** нь Приус-20 автомашиныг авсан өндөр хүүтэй зээлээ төлөх зорилгоор *** гийн нэр дээр бүртгэлтэй орон сууцыг барьцаалан *** ХХК-аас 15,000,000 төгрөгийн зээл авсан;

3.в. Улмаар хариуцагч *** нь *** ХХК-аас авсан зээлийг төлөлцөх хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, хариуцагч *** нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4.   Хэргийн 14-р талд авагдсан *** ХХК дахь 412018886 тоот дансны хуулга, уг хуулгад гүйлгээний утгыг ***-с зээл төлөлт, ***, ***оос гэж тэмдэглэсэн байдал, 44-45-р талд авагдсан Орлогын ордер, 50-р талд авагдсан Тодорхойлолт гэх гар бичмэл зэргээс үзэхэд хариуцагч *** нь 2018 оны 07 сарын 07-ны өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд бэлнээр 830,000 төгрөг, дансаар 5,023,500, нийт 5,853,500 төгрөгийг өмнө дурдсан үүргийн гүйцэтгэлд төлсөн болох нь тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч *** оос 10,000,000 5,853,500 = 4,146,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** т олгож шийдвэрлэсэн нь зөв.

 

5.   Хариуцагч *** нь дээр дурдсан 5,853,500 төгрөгийг *** , *** нараас авч төлсөн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ...анхан шатны шүүх 5,835,500 төгрөг төлөгдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6.   Анхан шатны шүүх хариуцагч *** оос 4,146,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** т олгож шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,835,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. /4,146,500 + 5,835,500 = 9,982,000/

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримталсан нь буруу болжээ.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэрт хууль хэрэглээ болон техникийн шинжтэй өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/03458 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...5,835,500... гэснийг ...5,853,500... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1, ... гэснийг ...56.2, ... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 108,318 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

 

Д.НЯМБАЗАР