Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/шш2022/03773

 

2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/000000  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...,

Хариуцагч:....,

Хариуцагч: ....

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 42,292,276.70 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг ... улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автомашин болон нэр бүхий хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө...., Н....,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... ХХК нь зээлдэгч Г...., Ц.... нарт 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ... дугаартай Зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн ... тоот дансанд зээлийг олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ... тоот Барьцааны гэрээ, мөн Фидуцийн гэрээг тус тус байгуулж, Toyota Prius-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь төлбөрийг хугацаандаа төлөхгүй зөрчил удаа дараа гаргаж, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчилсэн хугацаанд нь төлөлгүй 1,281 хоног хугацаа хэтэрч зээлийн эргэн төлөлтийг зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,592,756.80 төгрөг, үндсэн хүүнд 3,856,964.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 413,111.64 төгрөг, нийт 6,862,833.39 төгрөг төлсөн. Гэрээ болон хуульд зааснаар нэг талын санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн тул ... ХХК нь зээлдэгч Г...., Ц.... нараас үндсэн зээл 22,407,243.20 төгрөг, үндсэн хүү 18,432,223.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,452,809.61 төгрөг, нийт 42,292,276.70 төгрөг гаргуулах, Toyota Prius-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Баянгол дүүргийн гар утаснууд, зээлдэгчийн өөрийн гэрт байрлах 6ш гэр ахуйн болон цахилгаан бараа, тавилга эд хогшил, алтан бөгж 2ш, алтан гинж-1ш, халтар мана хөөрөг-1ш зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна. Зээлийн хүүг нэг сарын 2 хувь байхаар тохиролцсон. Зээлдэгч нар нь 2019 оноос хойш төлөлт хийгээгүй. Бизнесийн зориулалтаар зээл олгосон. Нэхэмжлэлийг хариуцагч нарын дундаас шаардаж байгаа. Хэн аль нь гэрээний зээлдэгч учир хамтран хариуцна гэж үзэж байгаа...гэв.

2.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 8 дугаар сарын 29-нд ...наас 25,000,000 төгрөгийг жилийн 26.40 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж авсан. Энэ зээл нь Г.... би өөрийн бизнесийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар Toyota Prius-20 маркийн автомашин болон бусад эд хөрөнгийг барьцаалан авсан бөгөөд тухайн зээлийг авахад банкнаас тавьсан шаардлагын дагуу Ц....ыг хамтран зээлдэгчээр оролцуулан зээл авсан. ...ны зээлийг Г.... миний бие захиран зарцуулж ашиглаж байсан. Энэ үйл ажиллагаанд Ц.... нь оролцдоггүй байсан. Иймд ...наас зээлийн гэрээтэй холбогдуулан нэхэмжилсэн 42,292,276 төгрөгийг зээлдэгч Г.... би хамтран зээлдэгч Ц....ын оролцоогүйгээр бүрэн барагдуулж төлж дуусгах болно. Иймд Ц....ыг ...ны нэхэмжлэлийн хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Жич: хүүг нь багасгаж, хугацаа өгч туслана уу.

Үндсэн зээлийн төлбөрийг төлөхийн хувьд төлнө. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхөд хэцүү байна. Би уг зээлийг хэрэглээгүй бөгөөд анхынхаа өмнөөс авч өгсөн юм. Би ч гэсэн хохирогч. Миний нэр дээр манай ах зээл аваад хэрэглэж байсан бөгөөд дампуурсан. Нэгэнт миний нэр дээр зээл гарсан тул зээлийг төлнө. Иймд хүүг багасгаж өгнө үү. Бүх хүүг төлнө гэхээр миний хувьд боломжгүй байна. Боломжоороо сар бүр төлөлт хийгээд яаралтай шахаад төлж дуусгана...гэв.

3.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд болох: Зээлийн гэрээ /хх-7-9/, Үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн Барьцааны гэрээ /хх-10-11/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-12-13/, Зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-14-17/, зээлийн тооцоолол бүхий хүснэгт /хх-18/, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-20/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

4.Хариуцагч тал шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй. Харин хариуцагч Ц....аас хариуцагч Г....д олгосон итгэмжлэлийг баримтаар гаргасан байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын аман болон бичгээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх ... ХХК-ийн Г...., Ц.... нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ зээлийн гэрээг бичгээр байгуулж хариуцагч Г.... үндсэн зээлдэгчээр, хариуцагч Ц.... хамтран зээлдэгчээр оролцсон учир хариуцагч нарын дундаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Фидуцийн гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн автомашин болон Барьцааны гэрээний дагуу барьцаалсан бусад хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулахаар шаардана гэж тодорхойлсон.

3.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагад зээлийн мөнгийг Ц.... авч ашиглаагүй учир хариуцагч биш, уг зээлийн төлбөрийг Г.... бүрэн хариуцах ёстой боловч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ хэт их байна гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 22,407,243.20 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг багасгуулахыг хүссэн байна.

4.Талуудын хооронд зээлийн болон Барьцааны, мөн Фидуцийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар, мөн үндсэн зээлийн үлдэгдэл 22,404,243.20 төгрөг байгаа зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин хариуцагч Ц.... энэхүү нэхэмжлэлийг хариуцах этгээд мөн эсэх, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.

5.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Фидуцийн гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээл хүүгийн тооцоолол, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай зээлдүүлэгчийн мэдэгдэл зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1.Талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр №... тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ... ХХК нь зээлдэгч Г...., Ц.... нарт 25,000,000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцон зээлдүүлэгчид төлөхөөр гэрээний гол нөхцлийг тусган тохиролцож, гэрээг бичгээр үйлдэж, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлсэн байна.

5.2.Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ... тоот Барьцааны гэрээг талууд байгуулж, барьцаалуулагч Г...., Ц.... нар нь ...улсын дугаартай суудлын автомашиныг 13,000,000 төгрөгөөр үнэлж, үүргийн гүйцэтгэлийг хангах үнийг 3,900,000 төгрөгөөр, 51,710,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон бизнесийн бараа материалыг үүргийн гүйцэтгэлийг хангах үнийг 10,000,000 төгрөгөөр, 20,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон гэр ахуйн болон цахилгаан хэрэгсэл, тавилгыг 8,000,000 төгрөгөөр, 12,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон үнэт эдлэлийг 3,600,000 төгрөгөөр тус тус тогтоон, нийт 96,710,000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгүүдийг 25,500,000 төгрөгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцож, гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлжээ.

5.3.Мөн зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан өдөр талууд Фидуцийн гэрээ байгуулан, зээлдэгч Г....ийн өмчлөлийн Toyota Prius-20 маркийн ... улсын дугаартай, цагаан өнгөтэй суудлын автомашиныг ... ХХК-ийн өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд банк хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна.

5.4.Зээлдэгч нар 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 2,592,756.80 төгрөг, зээлийн хүүнд 3,856,964.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 413,111.64 төгрөг, нийт 6,862,833.39 төгрөг төлж, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байх бөгөөд зээлдүүлэгч тал 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07 тоот мэдэгдлээр зээлдэгч Г...., хамтран зээлдэгч Ц.... нарыг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, мэдэгдэл хүргүүлжээ.

6.Хариуцагч Ц.... нь маргаан бүхий зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон учир Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч мөн байх тул ... ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцах этгээд биш гэх хариуцагч Г....ийн татгалзал үндэслэлгүй байна.

7.Талуудын байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцсэн, барьцааны болон фидуцийн гэрээнүүд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгүүдэд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн болон барьцааны гэрээ, мөн фидуцийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

8.Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 40 сар буюу 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч ... ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардсан байна.

9.Маргаан бүхий зээлийн гэрээний 2.2.4-т Гэрээний хугацаа дуусгавар болж, Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй Зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасны дагуу хариуцагч нарыг хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлах бөгөөд зээлийн хүү сарын 2 хувь, жилийн 24 хувь байхаар гэрээнд тусгасан учир энэ хэмжээгээр хэтэрсэн хугацааны хүүг тооцон шаардах эрхтэй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.

10.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүний хэмжээг мөн хуулийн 24.3-т заасан хэмжээнээс буюу зээлийн үндсэн хүүнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж хуульчилсан нь талууд зээлийн гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүүг тооцож тогтоон, тохиролцох ёстой ба тухайн тохиролцох хэтэрсэн хугацааны хүү нь зээлийн үндсэн хүүнээс хэтрэхгүй байхыг ойлгоно.

11.Маргаан бүхий зээлийн гэрээнд талууд хэтэрсэн хугацааны хүүний хэмжээг тусгайлан зааж тохиролцоогүй байх бөгөөд нэхэмжлэгч талын тайлбарлаж буй Зээлийн гэрээний 2.2.4 дэх хэсэгт гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд ямар хэмжээний хүү тооцохыг тодорхой тусгаагүй байгаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Г...., Ц.... нараас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2022 оны 2 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарыг хүртэлх хэтэрсэн хугацааны хүү 4,051,720.65 төгрөгийг шаардах эрхгүй учир хэрэгсэхгүй болгож, харин үндсэн зээлийн гэрээний хугацаанд тооцогдсон зээлийн хүү 14,380,503 төгрөгийг шаардах эрхтэй байна.

12.Зээлийн гэрээний 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн Гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасанд нийцсэн байх тул хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү 1,452,809.61 төгрөгийг шаардах эрхтэй.

13.Талуудын байгуулсан барьцааны болон фидуцийн гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйл, 235 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байх бөгөөд мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Фидуцийн гэрээний зүйл болох Toyota Prius-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Барьцааны гэрээний зүйл болох хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

14.Шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 439,612 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид тооцогдох 349,153 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г...., Ц.... нараас 38,240,556 /гучин найман сая хоёр зуун дөчин мянга таван зуун тавин зургаан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,051,720.65 /дөрвөн сая тавин нэгэн мянга долоон зуун хорин төгрөг жаран таван мөнгө/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г...., Ц.... нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хөдлөх эд хөрөнгүүд болон Toyota Prius-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439,612 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г...., Ц.... нараас 349,153 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА