Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/00171

 

 

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/00171

 

 

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/03773 дугаар шийдвэртэй,

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Б-, С-т нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 42,292,276 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А банк ХХК нь зээлдэгч Б-, С-т нарт 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлдүүлсэн. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр барьцааны гэрээ, мөн фидуцийн гэрээг тус тус байгуулж, Тоёото приус-20 /Toyota Prius-20/ маркийн 39-** УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчилсэн хугацаанд нь төлөлгүй 1,281 хоног хугацаа хэтэрч зээлийн эргэн төлөлтийг зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,592,756.80 төгрөг, үндсэн хүүнд 3,856,964.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 413,111.64 төгрөг, нийт 6,862,833.39 төгрөг төлсөн.

Гэрээ болон хуульд зааснаар нэг талын санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн тул А банк ХХК нь зээлдэгч Б-, С-т нараас үндсэн зээл 22,407,243.20 төгрөг, үндсэн хүү 18,432,223.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,452,809.61 төгрөг, нийт 42,292,276.70 төгрөг гаргуулж өгнө үү.

Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Тоёото приус-20 маркийн 39** УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 22 ширхэг гар утас, 6 ширхэг цахилгаан бараа, тавилга эд хогшил, 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг алтан гинж, 1 ширхэг халтар мана хөөрөг зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Б- нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр А банк ХХК-аас 25,000,000 төгрөгийг жилийн 26.40 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай, бизнесийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар зээлж авсан. Б- өөрийн өмчлөлийн Тоёото приус-20 маркийн автомашин болон бусад эд хөрөнгийг барьцаалуулсан ба тухайн зээлийг авахад банкнаас тавьсан шаардлагын дагуу С-тыг хамтран зээлдэгчээр оролцуулан зээл авсан. Уг зээлийг Б- нь захиран зарцуулж ашигласан. Иймд 42,292,276 төгрөгийн зээлийг зээлдэгч Б- бүрэн барагдуулж төлж дуусгах болно. Иймд С-тыг А банкны нэхэмжлэлийн хариуцагчаас чөлөөлж өгнө үү.

Үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрнө. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-, С-т нараас 38,240,556 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,051,720.65 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-, С-т нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хөдлөх эд хөрөнгүүд болон Toyota Prius-20 маркийн 39-** УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439,612 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-, С-т нараас 349,153 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2022 оны 2 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарыг хүртэлх хэтэрсэн хугацааны хүү 4,051,720.65 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

Шүүхийн шийдвэр нь зээлийн гэрээний 2.2.4 дэх хэсэгт Гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасныг, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн ...нэхэмжлэлийн шаардлагаас 4,051,720.65 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч С-тын бичгээр ирүүлсэн тайлбарын агуулга: Б- нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зээлээ төлж эхэлсэн бөгөөд сар бүр 2,000,000 төгрөг төлж байх болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А банк ХХК нь хариуцагч Б-, С-т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,292,276 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. А банк ХХК болон Б-, С-т нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч А банк ХХК нь 25,000,000 төгрөгийг зээлдэгч Б-, С-т нарт шилжүүлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг 1 сарын 2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай төлөх үүрэг хүлээсэн. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

3.1 Зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д зээлийн хүү жилийн 24 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон байх ба Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгч нарын төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 22,407,243 төгрөг, хүү 18,432,223 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,452,809 төгрөг, нийт 42,292,276 төгрөг байсан байх ба энэ тооцоололд хариуцагч нар нь нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Б-, С-т нар нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцна, С-т нь гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй талаар өгсөн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

3.2 Анхан шатны шүүх үндсэн зээл, гэрээний хугацаанд тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар зөв дүгнэлтийг өгч зээлийн үндсэн төлбөр 22,407,243 төгрөг, хүү 14,380,503 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,452,809 төгрөг, нийт 38,240,556 төгрөгийг хариуцагч нараас гаргуулсан байх боловч 2022 оны 02 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хэтэрсэн хугацааны хүүгийн талаар үндэслэлгүй дүгнэлт өгч, үүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлага 4,051,720 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг зөвтгөх нь зүйтэй.

Зохигчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.2.4-т Гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заажээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний 2.2.4 дэх заалтыг тухайн гэрээний 2.1.4, 2.1.5 дахь заалттай харьцуулан дүгнэвэл зээлдэгч гэрээний хугацаанд зээлээ төлөөгүй нөхцөлд зээлийг төлөгдөж дуустал буюу хэтэрсэн хугацаанд үндсэн хүүгийн хэмжээгээр хүү төлөх, үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхтэй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

3.3 Иймд хэтэрсэн хугацааны хүүд тооцсон 4,051,720 төгрөгийг хариуцагч нараас нэмж гаргуулах нь зүйтэй.

Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийн үндэслэл болох Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлаагүйг залруулж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалт хэрэглэсэн нь оновчгүй гэж дүгнэж хасах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

 

4. Талууд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, бизнесийн бараа материал, гэр ахуйн болон цахилгаан хэрэгсэл, тавилга, үнэт эдлэл зэргийг барьцаалсан тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж заасны дагуу уг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх хөдлөх хөрөнгийн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ үл хөдлөх хөрөнгийн барьцааны зохицуулалт болох Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг хэрэглэсэн, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт барьцааны зүйлсийг нэрлэн заагаагүй тул холбогдох заалтыг өөрчлөн найруулж зөвтгөнө.

 

5. Мөн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б-, С-т нар нь Тоёото приус-20 /Toyota Prius-20/ маркийн 39-** УНР улсын дугаартай суудлын автомашиныг А банк ХХК-ийн өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд банк хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

5.1 Гэхдээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг шүүхийн журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй байхад анхан шатны шатны шүүх тухайн гэрээний зүйлд хамаарах зохицуулалтыг буруу тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг хэрэгсэхгүй болгож өөрчлөх нь зүйтэй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/03773 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-, С-т нараас 42,292,276 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-, С-т нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 104400525392 дугаар гэрээний барьцаа хөрөнгө болох бизнесийн бараа материал, гэр ахуйн болон цахилгаан хэрэгсэл, тавилга, үнэт эдлэл зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

нэхэмжлэлийн шаардлагаас Тоёото приус-20 /Toyota Prius-20/ маркийн 39-** УНР улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн найруулж,

3 дахь заалтын 349,153 төгрөг гэснийг 439,612 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,778 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ