Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/шш2022/03895

 

 

2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/00000        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....,

Хариуцагч: ....

Нэхэмжлэлийн шаардлага: 27,314,000 /хорин долоон сая гурван зуун арван дөрвөн мянган төгрөг/ гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ө....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ө.... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Миний бие Австрали улсад суралцах зорилгоор зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг хэмээх ... гэх цахим танилцуулга, фэйсбүүк хуудастай ... нэртэй төрийн бус байгууллагад хандан 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан энэ өдрөө тус байгууллагын Хаан банк дахь ...тоот дансанд зөвлөх үйлчилгээний төлбөр буюу сургуулийн бүртгэлийн хураамж, эхний сарын сурах бичгийн төлбөр, 24 долоо хоногийн сургалтын төлбөр, 1 жилийн эрүүл мэндийн даатгалын төлбөр, визний хураамж болон зөвлөх үйлчилгээний хөлс гэж 20,000,000 төгрөгийг 3 хувааж, 6 дугаар сарын 11-нд 6,000,000 төгрөг, 7 дугаар сарын 22-нд 7,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 03-нд 7,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ингээд миний визийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн. Үүнээс сарын дараа 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр виз олгохоос татгалзсан тухай баримтыг имэйлээр хүлээж авсан. Нэгэнт виз гараагүй тул төлбөрийн буцаалтыг хэзээ хийхийг тус байгууллагын гүйцэтгэх захирал Н....гөөс асуухад гэрээний дагуу 30 хоногийн дотор хийгдэнэ гэж хэлсэн. Үүнээс хойш удаа дараа утсаар болон фэйсбүүк мессенжерээр холбогдоход цаад сургуулиасаа шилжүүлээгүй байна, ирэх долоо хоногт, ирэх сард гэх мэтээр тайлбар хэлэн хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Би 2020 оны 2 дугаар сарын 21-нд албан тооттой төлбөр хойшилсон тухай тодорхой хугацаатай мэдэгдэл явуулж өгөөч гэж нэхэн мэдэгдлийг имэйлээр авсан. Мөн 3 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө олгож өгнө, 12,000,000 төгрөгт 0,5 хувиар хоног тутамд алданги тооцож төлөх тухай харилцан тохиролцож гэрээ хийсэн. Тус байгууллагын оффис нь Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... тоотод байрлаж, ... дугаараар холбогдож 2019 оны 6 дугаар сард зөвлөх ажилтан А....тай холбогдон анх очиж уулзаж байсан. Уулзаж үзэхэд ажилтан нь бид олон жилийн туршлагатай, ... Монголдоо анх удаа визний зуучлалын үйлчилгээнд хариуцлагын тогтолцоог бий болгож, виз гараагүй тохиолдолд төлсөн төлбөрийг бүтэн буцааж олгоно, мөн нэмж 5,000,000 төгрөгийн нөхөн олговор олгоно, тийм болохоор зөвхөн виз нь найдвартай гарахаар хүний материалыг л хүлээн авч гэрээ хийнэ, тэнцэхгүй хүнтэй гэрээ хийхгүй хэмээн сурталчилж өөртөө татсан. Үүний дараа гэрээ байгуулж, визний материал болон мөнгөн төлбөр бүрдүүлж хүлээлгэн өгсөн. Мөнгөө буцааж авч чадахгүй удсан учир Н....тэй өдөр бүр холбогдож мөнгө маань юу болсон тухай лавлаж, буцаалтын мөнгө нэхсэн боловч мөнгө орж ирээгүй байна, хүлээж бай гэсэн хариуг өгдөг байсан. Ядаж бага багаар хийж өг гэхэд 500,000 төгрөг, 200,000 төгрөгөөр цувуулсаар 4,070,000 төгрөг төлж, сүүлийн байдлаар 2021 оны 3 дугаар сарын 07-нд холбогдон 300,000 төгрөг авсан. Дараа нь холбогдож юу болсон тухай лавлах гэтэл холбоо тогтоож байсан миний дугаар, фэйсбүүк мессенжер, инстаграм чат зэрэг холбоо барих хэрэгслүүдийг маань блок хийж алга болон холбогдох боломжгүй болоод байна. Байгууллагын дугаар руу залгахад шууд тасарна, өөр хүний дугаараас залгахад аваад тасдаад байгаа. Иймд үлдэгдэл 15,930,000 төгрөг, гэрээгээр тохирсны дагуу нөхөн олговор 5,000,000 төгрөг, алданги 6,384,000 төгрөг, нийт 27,314,000 төгрөгийг ...гаас гаргуулахаар шаардаж байна.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ бус, харин зуучлалын гэрээний харилцаа үүссэн. Хариуцагч үйлчилгээ үзүүлсэн гэдгээ нотолж чадаагүй байна. Талуудын байгуулсан гэрээний 2.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс шалтгаалаагүй буюу гэрээний 2.5-д зааснаас өөр үндэслэлээр виз олгогдоогүй учир хариуцагч нь нөхөн олговор 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээнэ. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа талаар ямар нэгэн нотлох баримт гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй. Шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирдэггүй. Өмнө хэрэг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд ч ирээгүй, энэ удаагийн шүүх хуралдаанд ч мөн ирээгүй. Шүүхийн журмаар үзлэг хийлгэж, виз мэдүүлсэн тухай цахим баримт болох Австрали улсын элчин сайдын яамны цахим хуудаст Ө....гийн тус элчинд явуулсан баримтуудын жагсаалт, виз олгохоос татгалзсан хариу зэрэгт үзлэг хийж, орчуулуулсан. Эдгээр баримтуудаас нэхэмжлэгч нь гэрэний 2.5-д заасан хуурамч материал өгсөн, өөр улсад харласан, визний зөрчил гаргасан, худлаа мэдээлэл өгснөөс үүдэж визээ авч чадаагүй гэх үндэслэлүүдээр бус эдгээрээс өөр үндэслэлээр татгалзсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2.Хариуцагч ...гийн төлөөлөгч Н.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Улсын бүртгэлийн ... дугаартай ... нь /РД:.../ иргэн Ө....гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд нэхэмжилж буй дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Холбогдох төлбөр тооцоо, нотлох баримтуудыг шүүх хурлаас өмнө гарган өгөх болно. Иймд холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцүүлэн: 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ..., Ө.... нарын байгуулсан Австрали улсад суралцуулах гэрээний эх хувь /хх-6-9/, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Ө.... болон ...гийн гүйцэтгэх захирал Н.... нарын байгуулсан хэлцлийн эх хувь /хх-10/, Ө....гийн Хаан банк ХХК дахь .... тоот дансны хуулга /хх-46-57/, Д....аас Ө....гаас сургалтын төлбөр гэх гүйлгээний утгатайгаар 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ...д 7,000,000 төгрөг шилжүүлсэн баримтын эх хувь /хх-41/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

4.Хариуцагч нь тайлбар, татгалзлаа нотлохоор аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн ... дүгээр Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар Австрали улсын Элчин сайдын яамны ...цахим хаяг болон хариуцагч ...гийн гүйцэтгэх захирал Н....гийн ... цахим шууданд тус тус үзлэг хийхээр шийдвэрлэж, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийх ажиллагааг явуулан, тэмдэглэл үйлдэж нотлох баримтуудыг бэхжүүлж, гадаад хэл дээрх баримтуудыг Монгол хэл рүү орчуулуулсан болно. /хх-129, 133-152, 153-187/

5.Шүүхийн санаачлагаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2021/0..... дугаар захирамжаар ...раас ...г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулахыг даалгаж, захирамжийн дагуу хариуцагч хуулийн этгээдийн лавлагааг ирүүлсэн байна. /хх-72, 81-83/

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх Ө....гийн ...д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Ө.... шаардах эрхийн үндэслэлээ гэрээг Австрали улсад суралцуулах гэрээ гэж нэрлэсэн боловч зуучлалын гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу зуучлалын хөлс 20,000,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгчээс үл шалтгаалах үндэслэлээр виз олгогдоогүй учир гэрээнд заасны дагуу зуучлалын хөлсийг буцаан шаардах, гэрээгээр тохирсон нөхөн олговор болон алданги зэргийг шаардах эрхтэй гэж тодорхойлон, зуучлалын хөлсийн үлдэгдэл төлбөр 15,630,000 төгрөг, нөхөн олговор 5,000,000 төгрөг, алданги 6,384,000 төгрөг, нийт 27,314,000 төгрөгийг шаардсан.

3.Хариуцагч ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан боловч, татгалзлын үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, мөн хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан Австрали улсад суралцуулах гэрээ, Нэмэлт гэрээ, Ө....гийн банк дахь харилцах дансны хуулга, төлбөрийн баримт, Австрали улсын элчин сайдын яамны виз олгохоос татгалзсан тухай шийдвэр, элчин сайдын яамны виз мэдүүлдэг цахим вэб сайтад хийсэн үзлэгийн тэмдэглэл, холбогдох баримтуудын орчуулга зэрэг баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч Ө.... нь хариуцагч ...тай 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Австрали улсад суралцуулах гэрээ байгуулж, гэрээний дагуу зөвлөх ... нь суралцагч Ө....гаас түүний сонгосон сургуульд бичиг баримтыг шаардлагын дагуу гаргуулан авч илгээн бүртгүүлэх, суралцах эрхийн урилгыг хүлээн авч тус улсад зорчих виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулан авч, виз мэдүүлэх, онгоцны тийз захиалагч, суралцагчийг точ авах, байр захиалах, шаардлагатай бүхий л зөвлөгөө, мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлэх үүрэг, суралцагч Ө.... нь үйлчилгээний төлбөр 20,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээний хугацааг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан байна.

4.2.Ө.... нь гэрээний дагуу ...д 20,000,000 төгрөгийн төлбөрийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 6,000,000 төгрөг, 7 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөгөөр тус тус төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.

4.3.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардсан бичиг баримтуудыг өгч мэдээллээр ханган, хариуцагч тал Ө....гийн сонгосон ... сургуулийн Ерөнхий англи хэлний ангид бүртгүүлэхээр хандаж, мөн сургуулиас 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ө....г элсүүлэх шийдвэр гарган, элсэлтийн урилга ирүүлсэн байна.

4.4.Улмаар Австрали улсын Элчин сайдын яаманд виз хүсэх өргөдлийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр илгээж, өргөдөлд шаардагдах баримт бичгүүдийг хавсарган, жагсаалт гаргаж цахим вэб сайтад байршуулсан байх бөгөөд Элчин сайдын яамнаас виз мэдүүлэгчийн өгсөн баримт бичиг, мэдээлэл зэрэг бүх мэдээлэл дээр үндэслэн виз олгох шалгуурыг хангаагүй гэж үзээд 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Ө....д оюутны виз олгохоос татгалзсан шийдвэр гаргажээ.

4.5.Виз олгохоос татгалзсан уг шийдвэрийн үндэслэлд виз мэдүүлэгчийн эх орондоо байгаа нөхцөл байдал, Австрали улсад үлдэх нөхцөл байдал, тухайн сургалт нь виз мэдүүлэгчийн ирээдүйн боловсролд оруулах үнэ цэнэ, виз мэдүүлэгчийн боловсролын түвшинтэй нийцэж байгаа эсэх, виз мэдүүлэгчийн цагаачлалын түүх, виз мэдүүлэгчийн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийн хүсэл зориг зэрэг хүчин зүйлүүдийг дүгнэж, Шилжилт хөдөлгөөний зохицуулалтын хуулийн 2 дугаар зүйлийн 500.212 дахь заалтыг хангаагүй учир оюутны виз олгох шалгуурыг хангаагүй гэж үзэн виз олгохоос татгалзсан байна.

4.6.Австрали улсын элчин сайдын яамнаас Ө....д виз олгохоос татгалзсан тухай шийдвэр гарснаас хойш талууд 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гэрээний Нэмэлт гэрээ байгуулж, маргаан бүхий гэрээний 2.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан төлөх хугацааг тогтоож тохиролцон, уг тогтоосон хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүрэг 12,000,000 төгрөгөөс 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ.

5.Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Австрали улсад суралцуулах гэрээ нэг жилийн хугацаатай байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчийг Австрали улсын сургуульд элсэн суралцахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч нь үйлчилгээний төлбөр 20,000,000 төгрөг төлөх ерөнхий нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, гэрээг бичгээр үйлдэн, гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

6.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд талууд гэрээгээ Суралцуулах гэрээ гэж нэрлэсэн боловч агуулгын хувьд зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна.

7.Гэрээний дагуу суралцагч буюу зуучлуулагч Ө.... нь зуучлалын хөлс 20,000,000 төгрөгийг зөвлөх үйлчилгээ үзүүлэгч буюу зуучлагч ...д төлж, зуучлагч нь зуучлуулагчийн сонгосон сургуульд түүнийг бүртгүүлэх болон Австрали улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэх материалыг бүрдүүлэн хүргүүлж, Ө....д Австрали улсын элчин сайдын яамнаас виз олгогдоогүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

8.Талуудын байгуулсан гэрээний 2.4 дэх хэсэгт Суралцагч 2.5-д зааснаас бусад шалтгаанаар визээ авч чадаагүй тохиолдолд зөвлөх үйлчилгээний төлбөрийг визний хариу гарснаас хойш ажлын 30 хоногт багтаан ямар нэг суутгал шимтгэлгүйгээр буцаан олгоно. Мөн таван сая төгрөгийн нөхөн олговрыг визний хариу гарснаас хойш хоёр сарын дотор суралцагчид олгоно гэж, гэрээний 2.5 дахь хэсэгт Суралцагч хуурамч материал өгсөн, өөр бусад харласан, визний зөрчил гаргасан, худлаа мэдээлэл өгснөөс үүдэж визээ авч чадаагүй бол зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүйгээр гэрээг цуцална гэж тус тус тохиролцсон байна.

9.Нэхэмжлэгч Ө....д Австрали улсад суралцах виз олгохоос татгалзсан үндэслэлд маргаан бүхий гэрээний 2.5-д заасан үндэслэлүүд хамааралгүй болох нь Австрали улсын элчин сайдын яамны виз олгохоос татгалзсан шийдвэрээр тогтоогдох бөгөөд талууд 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, хариуцагч ... нь нэхэмжлэгч Ө....д зуучлалын гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар түүний төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан олгох, үүнээс сургалтын төлбөрийн 12,000,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд буцаан төлөх, энэ хугацаанд буцаан олгоогүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцсэн байна.

10.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Хариуцагч тал 2019 онд байгуулагдсан анхны гэрээ болон 2020 онд байгуулсан нэмэлт гэрээний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 4,070,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан боловч гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ бүрэн биелүүлээгүй учир нэмэл гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд алданги тооцвол хугацаа хэтэрсэн 1 жил буюу 365 хоногийг алданги тооцох 12,000,000 төгрөгөөс гэрээгээр тохирсон 0,5 хувиар тооцвол хоногийн 60,000 төгрөг, 365 хоногийн 22,900,000 төгрөгийн алданги тооцогдохоор байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 6,000,000 төгрөг шаардах эрхтэй гэж дүгнэн, алдангид нэхэмжлэгчийн илүү шаардсан 384,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11.Хариуцагч ... нь нэхэмжлэгч Ө....гаас зуучлалын хөлсөнд авсан 20,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргээс биелүүлсэн 4,070,000 төгрөгийг хассанаар төлөгдөөгүй үлдсэн үүрэг болох 15,930,000 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй.

12.Түүнчлэн зохигчид гэрээний 2.4 дэх хэсэгт ...5,000,000 төгрөгийн нөхөн олговор олгоно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ө.... нь 5,000,000 төгрөгийг хариуцагч 3...гаас шаардах эрхтэй гэж дүгнэв.

13.Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 294,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 292,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...гаас 26,930,000 /хорин зургаан сая есөн зуун гучин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 384,000 /гурван зуун наян дөрвөн мянган/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 294,520 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 292,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА