Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 133/ШШ2023/00007

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 133/ШШ2023/00007

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Е сумын Ж багийн 0-0-00 тоотод оршин суух, Ж овогтой Р-ын Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Е сумын И багийн 0-00 тоотод оршин суух, Ж овогт Ж-ын И-т холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм орын хохиролд 50,036,225 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Ё.С, нэхэмжлэгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э (цахимаар) нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 50,036,225 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Ховд аймгийн Зэрэг сумын ойролцоо зам дээр 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагаас 19 цагийн үед Ховдоос Алтай чиглэлд албан ажилтай явж байгаад Говь-Алтай аймгийн Б  газрын жолооч Ж овогтой И авто осол гаргаж миний бие үхлийн гэмтэлтэй эмнэлгийн тусламж авсан.

Зэрэг сумын эмнэлэг амь тарилга хийж, сум эмнэлгийн дуудлагын машин Ховд аймгийн гэмтлийн эмнэлэгт хүргэн хэвтүүлж, хэвлийн нэг удаа хагалгаанд орж, өвчүү, хавирга, бүдүүн гэдэс, чацархайн хагалгаанд орж, хоёр хөл гипсжүүлж, 3 хоногийн дараа Улаанбаатар онгоцоор хүргэгдэн гэмтэл согог судлалын эмнэлэгт эмчлүүлж, 4 удаа хүнд хагалгаанд орж, БНХАУ-ын Өвөр Монголын анагаах ухааны их сургуулийн харьяа хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж, 2 удаа, Говь-Алтай аймгийн гэмтлийн эмнэлэгт хоёр удаа, нийт 8 удаа бүтэн нойрсуулагчтай хагалгаанд орж, өнгөрсан 3 жилийн хугацаанд эмнэлэгт эмчлүүлж, эмчилгээтэй байна. Эмнэлэгт хэвтсэн баримт, материалаар нотлогдож, 4 жил 3 сар буюу 1440 хоног, 34560 цаг хэвтрийн дэглэмтэй өдөр өнгөрөөж, амьдарч байна.

Гадаад, дотоодын эмнэлэгт хагалгаанд орж, нийт 1425 хоногт өдөр бүр боолт хийлгэн эмчилгээ, боолтын материал, гадаад дотоод хоорондын унааны зардал унааны зардал, эм, тарианы зардал гарч Ж.И жолоочийн буруу үйлдлээс хохирч байгаа нэгэн. Хятадад эхний хагалгаанд сар гаруй эмчлүүлээд зөвхөн хагалгааны мөнгө 56700000 юан, хөлний гадна төмөр тавьж, 3 сар өдөрт 1000-1125 юанаар эмчлүүлж эхний удаа 146700 юан зарцуулжээ.

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төмрөө авч, дотор талд нь бэхэлгээ хийж, зөвхөн хагалгаанд нь 51000 юан төлсөн баримт байна. Зөвхөн хоёр удаагийн хагалгаанд 197700 юан төлсөн, 75 сая 719 мянга 100 төгрөг төлжээ. Эмчилгээ, ирж очих зардал хоёр хүн дамжилж явсан вагоны тийзний үнэ, энэ хоёр хүний 90+55=нийт 145 хоногийн ор хоног буудал, хоол, ундны зардал, гадаад, дотоодын эмнэлэгт эмчилгээний зардлыг тооцоход нийт 159,0 сая төгрөгийн зарцуулсан байгаа юм. 2017-2018 онд үр хүүхэд, хань, ах, дүүгийн дэмжлэг, банкны зээлээр шийдвэрлэжээ.

Би гадаад, дотоодын эмнэлэг, гадуур, гэртээ 1440 хоног эмчилгээнд үхлийн байдалтай байсан болохоор шүүхэд Ж.И-ын талаар нэхэмжлэл гаргаж чадаагүй. Нийт зардлыг тооцож чадаагүй, зөвхөн баримтаар гарсан зардлын 30 хүрэхгүй хувийг л жолооч Ж.И-аас нэхэмжилж байна.

Ж-ын И миний биеийг хорлон алах сэдэлтэй осол гаргасан тухайн байгууллагын жижүүрээр ажиллаж байсан иргэний яриа байгаа юм. Ж.И жолоочийн үйлдсэн авто осол, авто ослоос үүдсэн найман удаагийн хагалгаа, өдөр бүрийн хэвтрийн эмчилгээ, эм тариа, тарилга, эмчилгээний гадаад, дотоодын зардал, наалт бинт, боолтны үнэ, хагалгааны зардал, замын зардал 50,036,225 /тавин сая гучин зургаан мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг миний бие нэхэмжилж байна. Ж-ын И-аас 50,036,225 /тавин сая гучин зургаан мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.1. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Нэхэмжлэгч Р.Б-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ж.И-ын гэмт үйлдэл, авто осол гаргасан улмаас Р.Б миний биеийн эрүүл мэнд ноцтой хохирч, үхлийн гэмтэлтэй хэвтрийн эмчилгээний зардал, өдөр тутмын эм, тариа, тарилга, наалт, бинт, боолтны үнэ, замын тийз, гадаад, дотоодын зардал 50,036,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5/11 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Яллагдагч Б.Л нь Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд АЗЗА Төрийн өмчит хувьцаат компаний эзэмшлийн 00-00 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа 93-47 ГАА улсын дугаартай УАЗ Пургон маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд сууж байсан Р.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт 93-47 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ж.И-ыг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллагдагчаар татсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 126 тоот шинжээчийн дүгнэлтээр яллагдагч Ж.И нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болох нь тогтоогдсон байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр эрүүгийн 1736000200006 дугаартай хэргээс яллагдагч Ж.И-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Улаанбаатар хот Замын цагдаагийн тасгийн шинжээч нарын 2018 оны 03 сарын 04-ний өдрийн 26 тоот шинжээчийн дүгнэлтээр ...9347 ГАА улсын дугаартай пургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Ж.И нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл байна. Харин 00-00 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яван жолооч Л.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 бүлгийн 6-д зааснаар Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана... гэсэн заалт мөн дүрмийн 21.8 Тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна... гэх шинжээчийн дүгнэлт гарсан.

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор... Шүүгдэгч Б овогт Л-гийн Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2-т заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие мах бодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, иргэний хариуцагч Х АЗЗА төрийн өмчит хувьцаат компаниас 79703049 төгрөг гаргуулан хохирогч Р.Б-д олгохоор шийдвэрлэсэн.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай магадлалаар ...Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 121 дугаартай тогтоолоор ..Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Р.Б нь урьд нь шүүхээр шийдүүлсэн гэм хорын хохирлыг дахин надаас нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдах хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Р.Б-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэлд жолооч Л.Л нь гэм буруутай болохыг Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 121 дугаартай тогтоолоор гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байхад Ж.И-аас гэм хорын хохиролд 50,036,225 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэгч Р.Б-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 50,036,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга нь: Хариуцагчаа сольсон дээр гэж бодож байна. Ж.И нь буруугүй гэж үзэж байна.

5. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

Гэрэл зургийн үзүүлэлт-16 хуудас,

Merofen meropenem injection USP гэх бичиглэлтэй эмийн хайрцаг нэг ширхэг,

Мэс засал/мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудасны хуулбар,

Эмийн сангийн нэр

Авсан он, сар, өдөр

Үнэ

Эмийн нэр

Монос эмийн сан

2021.06.23

11441

Магнес директ денк

2021.06.23

40150

ичижикү

2021.06.12

19900

President, экос зөөлөн ус

2021.06.25

13574

эм

2021.07.05

148000

Новомикс 30 үзгэн

2021.08.05

16000

Бинт ариун

2021.09.02

8100

Бинт ариун

2021.10.04

37000

Бинт ариун

Монфа бадаан ХХК

2021.06.26

47800

эм

Монфа трейд ХХК

2021.06.26

10000

Ковидын тест

Энто ХХК

2021.07.12

15600

эм

Нахиа Импекс ХХК

2021.07.25

6800

Тарианы хөвөн, глизид

Буянт баялаг тэс ХХК

2021.07.31

11500

Линекс форте

Оточ Ганга ХХК

2021.07.31

21000

эм

2021.08.02

7500

Цаасан лент өргөн

2021.08.05

8500

флузол

Хишиг арвин дэлгэрэх ХХК

2021.08.10

5000

эрибу

Сант арвин ХХК

2021.08.10

5500

эм

2021.08.09

15000

эм

Бамбайн үндэс ЭЭС

2021.08.13

10000

эм

2021.09.02

6000

Цаасан пласт

 

2021.08.06

197016

Дизель түлш

 

2021.08.06

216007

Дизелт түлш

 

2021.08.08

257028

Дизелт түлш

 

2020.03.10

158600

Алтайгаас Улаанбаатар хот орох тийз

 

2020.09.30

186500

Алтайгаас Улаанбаатар хот орох тийз

         

зэрэг нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд,

Нэмэгдсэн өртгийн албан татгаврын баримтын хуулбар-13 хуудас,

Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбарын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/44 дугаартай тодорхойлолт,

Хохирлын орчуулгагүй баримт-4 хуудас,

Ор хоногийн төлбөрийн баримтын хуулбар- 2 хуудас,

Алтай-Улаанбаатар чиглэлийн онгоцны тийз- 2 хуудас,

Монгол Улсын Их хурлын байнгын хорооны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10/9490 дугаартай гомдол шилжүүлэх тухай албан бичгийн хуулбар,

2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт,

2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Авто тээврийн ослын үед Пургон машинд ажлаар явсан гэрч С.М-гийн гэрчийн мэдэгдэл,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШЗ2021/01511 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг ирүүлжээ.

6. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Өмгөөлөл хууль зүнй туслалцаа үзүүлэх гэрээ,

Говь-Алтай аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 дугаартай Ж.И-ыг ажлаас халах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолын Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай Л.Л-д холбогдох эрүүгийн хэргийн тухай магадлалын Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь,

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 121 дугаартай тогтоолын Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь,

Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5/02 дугаартай Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолын хуулбарлав тэмдэг дарсан хувь,

2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №126 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэрч Ч.Б-өөс мэдүүлэг авсан тэмдэглэл хуулбарлав тэмдэг дарсан хувь,

2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь, гэрэл зургийн үзүүлэлт,

2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь, гэрэл зургийн үзүүлэлт,

Гэрч С.Г-оос 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

Гэрч Ц.П-аас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

Гэрч Ц.Ч-аас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

Гэрч Г.М-аас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

Гэрч С.М-аас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

Гэрч Э.О-аас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

Гэрч Ж.И-аас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

Гэрч С.Б-ээс 08 дугаар сарын 30-ны өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5/10 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбарлав тэмдэг дарсан хувь,

Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5/11 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбарлав тэмдэг дарсан хувь,

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/60 дугаартай Яллагдагч Л.Л-д холбогдох эрүүгийн хэргийн талаар яллах дүгнэлтийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

Мөрдөгчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн иргэний хариуцагчаар татах тухай тогтоолын хуулбарлав тэмдэг дарсан хувь,

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрч С.С-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрч М.А-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрч О.Б-оос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчийн хуулбарлав тэмдэг дарсан хувь, Зам орчны байдлын хуулбарлав тэмдэг дарсан хувь,

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлийн хуулбарлав тэмдэглэл дарсан хувь,

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбарлав тэмдэг дарсан хувь,

2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбарлав тэмдэг дарсан хувь,

Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1736000200006 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолын хуулбарлав тэмдэг дарсан хувь зэргийг ирүүлжээ.

7. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

Говь-Алтай аймгийн Боловсролын газрын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 121 дугаартай албан бичиг,

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/63 дугаартай Д.А-г түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай захирамжийн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай Д.Амгаланг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Р.Б-ийг ажилд нь эгүүлэн томилох тухай захирамжийн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 дугаартай Р.Б-ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай захирамжийн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/117 дугаартай Р.Б-д тэтгэмж олгох тухай захирамжийн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457-р нээлттэй хаалттай хорих ангийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар, төлбөрийн даалгаврын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457-р нээлттэй хаалттай хорих ангийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний албан бичиг, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/418 дугаартай албан бичиг,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2022/00059 дугаар шийдвэрийн Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 206/МА2022/00012 дугаар магадлалын Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

Монгол Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШХТ2022/00649 дугаартай тогтоолын Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар, үзлэг хийсэн тэмдэглэл, бичиг баримтад үзлэг хийж хохирлын хэмжээг тоолсон тэмдэглэлийн, хохирлын тооцоог гаргасан тэмдэглэлийн хуулбар, Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5/11 дугаартай Прокурорын тогтоолын хуулбар, эрүүгийн хэргээс хуулбарлаж авсан хохирлын баримт-3 ширхэгийн хуулбар зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Боловсрол соёлын газрын 00-00 ГАА дугаартай пургон машиныг Ж.И жолоодож явсан, тэр машинд миний бие сууж явсан нь үнэн. Тухайн өдөр нартай байхад зам дээр явж байсан 00-00 ХОА дугаартай машины араас очиж мөргөж осол гаргасан. Мөргөхөөс өмнө би жолоочтой харьцаж байгаагүй. Урд нь би сууж, зааланд манай мэргэжилтнүүд сууж явсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдээгүй. Анх удаа нэхэмжлэл гаргаж байна. Гэмтэл авснаас хойш 2 жил хэвтрийн дэглэмд байж эмчилгээ, эмийн хүчээр амьд байна. Миний бие 5 жил 5 сар буюу 65 сар, 1950 хоног, 46800 цаг, 2,808,000 минут, 228,480,000 секунд, хором бүр өвчиндөө шаналж амьдарч байна. Жолооч хүн миний бие болох зорчигчийн эрүүл мэндийг хамгаалах байтал ийм хэрэг үйлдээд явсан. Гадаад, дотоодод зорчих зардал, ор хоногийн үнэ, эмийн үнэ, хагалгаанд орсон зардал 159,000,000 төгрөг гарсан нь нотлогдсон. Ховд аймгийн шүүхээс Ховд аймгийн зам ангиас нөхөн олговор гаргуулж өгсөн. Цаашид эмчлүүлэх шаардлагатай, өдөр болгон боолт хийлгэж байгаа. Нийт 50,036,225 төгрөгийг нэхэмжилж байна. Сэтгэл санаа, бие махбоди, эрүүл мэндээр хохирсон. Жолооч Ж.И-т ямар нэгэн өс хонзон санаагүй. Санхүүгийн үлдсэн зардлыг заавал шүүхээс гаргуулдаг юм байна. Иргэний хуулийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна. Үүний дагуу би өөрөө машинд нь сууж явсан хүн, харж байгаад машинаа мөргүүлснийг харж байсан учраас гомдож нэхэмжлэл гаргасан гэв.

2. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн байгаа. Гэтэл Ж.И-ын хувьд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон учраас зардлыг хариуцах боломжгүй. Гэмт хэрэг үйлдээгүй гэж хэрэгсэхгүй болсон хүнээс ямар шалтгаанаар энэ мөнгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Улсын Дээд Шүүхээс гэм хорын хохирлоо шаардах эрхийг зааж өгсөн. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд буюу Л.Л-ээс, нөгөө талаас иргэний хариуцагч Х АЗЗА төрийн өмчит хувьцаат компаниас нэхэмжлэх ёстой. Ховд АЗЗА болон Л.Л-ээс гэм хорын хохирол нэхэмжлээд гэм хорын хохирол шийдвэрлэгдсэн. Шийдвэр, магадлалаас харахад 50,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учраас үүнийг Ж.И-аас нэхэмжлэх ёстой гэж бодсон юм шиг байна. Хохирлын баримтыг нэг бүрчлэн харж, танилцсан. Үүнийг Ж.И төлөх боломжгүй зардал байгаа учраас Иргэний хуулийн 497.1, 498.1, 505-т заасны дагуу Ж.Идэржав төлөх ёстой хүн биш. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Хэргийн үйл баримтын тухайд Говь-Алтай аймгийн Б с-ын г-ын 00-00 ГАА дугаартай пургон машиныг Ж.И жолоодон Ховд аймгаас Говь-Алтай чиглэлд замын хөдөлгөөнд оролцох явцдаа Х АЗЗА Төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшлийн Л.Л-ийн жолоодож явсан 00-00 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгслийн хойноос мөргөж зам тээврийн осол гарсны улмаас нэхэмжлэгч Р.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учиржээ.

Тус эрүүгийн хэргийг Ховд аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж ...Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт Ховд-Алтай чиглэлийн хатуу хучилттай зам дээр, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд АЗЗА Төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшлийн 00-00 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн /Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор баталсан/ 7.6-д заасан Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана гэх заалт, мөн дүрмийн 21.8-т заасан Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол б/тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Л.Л-гийн жолоодож байсан 00-00 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгслийн хойноос Ж.И-ын жолоодож явсан 00-00 ГАА улсын дугаартай УАЗ пургон маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, хохирогч Р.Б-ийн эрүүл мэндэд баруун чөмөгний ил хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, нарийн гэдэсний урагдал, бүдүүн гэдэс, элэгний буланд гадна серозон бүрхүүлийн язрал, цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт, өвчүү ясны хугарал, 4 хавирганы хугарал, баруун гуя, баруун өвдөгт шарх, баруун тохой, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн тавхайд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч Л-гийн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2-т заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон байна. Мөн уг шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498-1-д зааснаар иргэний хариуцагч Ховд АЗЗА ТӨХК-иас 79703049 (далан есөн сая долоон зуун гурван мянга дөчин ес) төгрөг гаргуулан хохирогч Р.Б-д олгож шийдвэрлэжээ.

 3.2. Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5/11 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбарлав тэмдэг дарсан хувьд ...Эрүүгийн 1736000200006 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч Ж.И-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай... гэж шийдвэрлэсэн байх тул хариуцагч Ж.И нь нэхэмжлэгч Р.Б-ийн эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолын Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай Л.Л-д холбогдох эрүүгийн хэргийн тухай магадлалын Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 121 дугаартай тогтоолын Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь зэргээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

5. Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч И-аас гэм хорын хохирол буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хуулийн уг заалт нь Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Ж.И гэм буруутай санаатай болон болгоомжгүй үйлдэл эс үйлдэхгүйгээр бусдад буюу Р.Б-д хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна гэж үзэв.

6. Иймд хариуцагч Ж.И нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд биш гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж-ын И-т холбогдох эрүүл мэндэд учирсан гэм орын хохиролд 50,036,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

7. Энэхүү шийдвэрээр Хариуцагчаа сольсон дээрээ гэж бодож байна. Ж.И нь буруугүй гэж үзэж байна гэсэн агуулга бүхий иргэдийн төлөөлөгч Ё.С-ийн дүгнэлтийг эрх зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.

Хариуцагч талын хүсэлтээр Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газраас Л.Л-д холбогдох эрүүгийн 1736000200006 дугаартай хэргийг бүхэлд нь татуулж үзлэг хийлгэх хүсэлт гаргасан дагуу шүүгчийн захирамжаар хэргийг татан авч үзлэг хийж нотлох баримтыг иргэний хэрэгт бэхжүүлж авсныг тэмдэглэх нь зүйтэй байна.

8. Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч нь урьдчилан тэмдэгтийн хураамж төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,131 төгрөгийг нэхэмжлэгч Р.Б-д буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж овогтой Ж-ын И-т холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 50,036,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж овогтой Р-ын Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч нь урьдчилан тэмдэгтийн хураамж төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,131 төгрөгийг нэхэмжлэгч Р.Б-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ

ШҮҮГЧ Б.МӨНХБАТ