Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 215/МА2023/00002

 

 

Р.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Б.А, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00007 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч:Говь-Алтай аймгийн .... сумын ... багийн 7- ... - ... тоотод оршин суух, Ж овогтой Р.Б-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Говь-Алтай аймгийн .... сумын .... багийн 2- ... тоотод оршин суух, Ж овогт Ж.И-т холбогдох,

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 50,036,225 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 50,036,225 төгрөг гаргуулах тухай

 

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Ховд аймгийн Зэрэг сумын ойролцоо зам дээр 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагаас 19 цагийн үед Ховдоос Алтай чиглэлд албан ажилтай явж байгаад Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газрын жолооч Ж овогтой И авто осол гаргаж миний бие үхлийн гэмтэлтэй эмнэлгийн тусламж авсан.

 

Зэрэг сумын эмнэлэг амь тарилга хийж, сум эмнэлгийн дуудлагын машин Ховд аймгийн гэмтлийн эмнэлэгт хүргэн хэвтүүлж, хэвлийн нэг удаа хагалгаанд орж, өвчүү, хавирга, бүдүүн гэдэс, чацархайн хагалгаанд орж, хоёр хөл гипсжүүлж, 3 хоногийн дараа Улаанбаатар онгоцоор хүргэгдэн гэмтэл согог судлалын эмнэлэгт эмчлүүлж, 4 удаа хүнд хагалгаанд орж, БНХАУ-ын Өвөр Монголын анагаах ухааны их сургуулийн харьяа хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж, 2 удаа, Говь-Алтай аймгийн гэмтлийн эмнэлэгт хоёр удаа, нийт 8 удаа бүтэн нойрсуулагчтай хагалгаанд орж, өнгөрсан 3 жилийн хугацаанд эмнэлэгт эмчлүүлж, эмчилгээтэй байна. Эмнэлэгт хэвтсэн баримт, материалаар нотлогдож, 4 жил 3 сар буюу 1440 хоног, 34560 цаг хэвтрийн дэглэмтэй өдөр өнгөрөөж, амьдарч байна.

 

Гадаад, дотоодын эмнэлэгт хагалгаанд орж, нийт 1425 хоногт өдөр бүр боолт хийлгэн эмчилгээ, боолтын материал, гадаад дотоод хоорондын унааны зардал, эм, тарианы зардал гарч Ж.И жолоочийн буруу үйлдлээс хохирч байгаа нэгэн. Хятадад эхний хагалгаанд сар гаруй эмчлүүлээд зөвхөн хагалгааны мөнгө 56700000 юан, хөлний гадна төмөр тавьж, 3 сар өдөрт 1000-1125 юанаар эмчлүүлж эхний удаа 146700 юан зарцуулжээ.

 

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төмрөө авч, дотор талд нь бэхэлгээ хийж, зөвхөн хагалгаанд нь 51000 юан төлсөн баримт байна. Зөвхөн хоёр удаагийн хагалгаанд 197700 юан төлсөн, 75 сая 719 мянга 100 төгрөг төлжээ. Эмчилгээ, ирж очих зардал хоёр хүн дамжилж явсан вагоны тийзний үнэ, энэ хоёр хүний 90+55=нийт 145 хоногийн ор хоног буудал, хоол, ундны зардал, гадаад, дотоодын эмнэлэгт эмчилгээний зардлыг тооцоход нийт 159,0 сая төгрөгийн зарцуулсан байгаа юм. 2017-2018 онд үр хүүхэд, хань, ах, дүүгийн дэмжлэг, банкны зээлээр шийдвэрлэжээ.

 

Би гадаад, дотоодын эмнэлэг, гадуур, гэртээ 1440 хоног эмчилгээнд үхлийн байдалтай байсан болохоор шүүхэд Ж.И-ын талаар нэхэмжлэл гаргаж чадаагүй. Нийт зардлыг тооцож чадаагүй, зөвхөн баримтаар гарсан зардлын 30 хүрэхгүй хувийг л жолооч Ж.И-аас нэхэмжилж байна.

 

Ж.И жолоочийн үйлдсэн авто осол, авто ослоос үүдсэн найман удаагийн хагалгаа, өдөр бүрийн хэвтрийн эмчилгээ, эм тариа, тарилга, эмчилгээний гадаад, дотоодын зардал, наалт бинт, боолтны үнэ, хагалгааны зардал, замын зардал 50,036,225 /тавин сая гучин зургаан мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг миний бие нэхэмжилж байна. Ж.И-аас 50,036,225 /тавин сая гучин зургаан мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Р.Б авто ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохирол  50,036,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг осолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад жолооч Ж.И нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болох нь тогтоогдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр эрүүгийн 1736000200006 дугаартай хэргээс яллагдагч Ж.И-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

 Уг осолд буюу нэхэмжлэгч Р.Б эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэлд жолооч Л.Л нь гэм буруутай болохыг Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 121 дугаартай тогтоолоор гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байхад Ж.И-аас гэм хорын хохиролд 50,036,225 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Эрүүгийн хэрэгт иргэний хариуцагч Ховд АЗЗА төрийн өмчит хувьцаат компаниас 79703049 төгрөг гаргуулан хохирогч Р.Б-д олгохоор шийдвэрлэсэн.

 

Р.Б 50,036,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүх:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж овогтой Ж.И-т холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 50,036,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч нь урьдчилан тэмдэгтийн хураамж төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,131 төгрөгийг нэхэмжлэгч Р.Б-д буцаан олгож ..... шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч Р.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 ны 12 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00007 дугаартай шийдвэр, тогтоолын нэгдүгээр заалтыг эсэргүүцэж, би зөвшөөрөхгүй байна.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00007 дугаартай шийдвэрийн гуравдугаар хуудсын эхэнд Улаанбаатар хотын Замын цагдаагийн тасгийн шинжээч нарын 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 26 тоот дүгнэлтээр жолооч Ж.И-ыг буруутай гэсэн дүгнэлт гарч байсан.

 

Зам засварын ажилд оролцож байсан жолооч Л.Л хэлэхдээ: Ж.И жолооч замын хөдөлгөөний хууль зөрчиж, тухайн замын орчин бүтээн байгуулалтын үед 1-2 минут хүлээж хөдөлгөөнд оролцох боломж байдаг. Өмнө нь байгаа машин, техникүүд харагдаж, үзэгдэх орчин бүрэн тодорхой байхад жолоодож байгаа машинаа машины араас мөргүүлж, авто осол гаргасан гэдэг.

 

Машины араас жолоодож явсан машинаа мөргүүлж, осол гаргасан жолооч буруутай. Ж.И-ын буруутай үйлдлийн талаар анх удаа би гомдол гаргаж байна. Ж.И-ын жолоодож явсан УАЗ пургон машины урд талын суудалд сууж явсан зорчигч би. Зам засварлаж, замаар олон машин байгааг Ж.И харсаар, өдөр хөдөлгөөн зогсоох нөхцөл байсан ч машины араас зориудаар мөргүүлж, авто осол гаргасан гарцаагүй тул хариуцлага хүлээх хуулийн үндэстэй. Миний бие мэдүүлэг өгөх чадамжгүй хүнд байгааг ашиглан цагдаагийн мэдүүлэгт, Ховд аймгийн Прокурорын яллах дүгнэлтэд, Улаанбаатар хотын Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт тус бүрт дам болон шууд нөлөөлж, Ж.И буруугүй мэтээр мэдүүлэг, тайлбар өгчээ.

 

 Тухайн үед пургоны зааланд сууж явсан хүн бүрт нөлөөлж, үг хэлэх, мэдүүлэг өгөхдөө Ж.И буруугүй гэдэг зөвлөгөө өгсөн тухай гэрч нар ярьсан. Хариуцагчийн талыг баримталсан шүүх хуралдаан болсон. Хариуцагч Эрүү, Иргэний хэргийн шүүх хуралдааныг үл тоож, хүндэтгэх шалтгаангүй өөрөө оролцоогүй. Хариуцагч авто осолд буруутайгаа мэдэж байгаа тул шүүх хуралдаанд орж ирээгүй. Хохирогч миний 50,036,225 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор...” 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сум Эхэн багийн нутагт зам дээр Л.Л-ийн жолоодсон Донгфен маркийн 45-82 ХОА дугаартай машины араас, Ж.И-ын жолоодсон ... - ... ГАА дугаартай УАЗ пургон машин мөргөж, Р.Б биед хүнд гэмтэл учруулсан” хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Уг шийдвэрт шүүгдэгч Б овогт Л.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2-т заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хохирогч Р.Б биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, иргэний хариуцагч Ховд АЗЗА төрийн өмчит хувьцаат компаниас 79703049 төгрөг гаргуулан хохирогч Р.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай магадлалаар ...Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 121 дугаартай тогтоолоор ...Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан дээрх шүүхийн шийдвэрүүд тус тус Р.Б биед хүнд гэмтэл учруулсан зам тээврийн осолд жолооч Л.Л-г буруутай гэж үзсэн байна.

 

Хариуцагч Ж.И нь уг осолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Р.Б эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцахгүй гэх татгалзал үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Нэхэмжлэгч Р.Б нь өөрт учирсан хохирлоо осол гаргах шалтгаан, нөхцөл бүрдүүлсэн гэм буруутай гэж тогтоогдсон этгээдээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлтэй гэж, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

                         ШҮҮГЧИД                            Б.А

                                                                      Ш.Б