Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/Шш2022/04405

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, ..., регистр ..., өөрийн байранд байрлах, М... ХК,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... өөрийн байранд байрлах, регистр ..., Т... ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага:Даатгалын нөхөн төлбөрт Д.О... олгосон 58 402 680 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А..., Б.Н..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б..., өмгөөлөгч Г.Ц..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

/Зохигч талуудын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн/

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

М... ХК нь хариуцагч Т... ХХК-д холбогдуулан Даатгалын нөхөн төлбөрт Д.О... олгосон 58 402 680 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Д.О... болон талийгч Л.Б... нь манай компанитай 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан.Даатгалын гэрээний хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Л.Б... нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад Т... ХХК-ийн өмчлөлийн ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, амь насаа алдсан бөгөөд хамтран зээлдэгч Д.О... нь даатгалын нөхөн төлбөрийг авахаар манай компанид хүсэлт гаргасан байдаг.Даатгуулагч Д.О...ийн даатгалын нөхөн төлбөр авах хүсэлтийг судалж үзээд даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.2.3-т “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохиролд” нөхөн төлбөр олгохгүй гэж заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Даатгуулагч нь шийдвэрийг эс зөвшөөрч даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар шийдвэрээр М... ХК-аас 58 402 680 төгрөг гаргуулан Д.О... олгож шийдвэрлэсэн.Тус шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1495 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн бөгөөд Д.О... 58 402 680 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр олгосон.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ" гэж заасны дагуу зам тээврийн осол гаргасан этгээдээс даатгуулагчид олгосон нөхөн төлбөрөө буцаан нэхэмжлэх эрх нь М... ХК-д хуулиар олгогдсон.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй" гэж заасны дагуу зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь хохирлыг хариуцах үүрэгтэй буюу энэ тохиолдолд осол гаргасан ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Т... ХХК нь гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

Дээрх ослын талаар Тээврийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр Прокурорын тогтоолоор “... Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай дүгнэлтээр Hyundi  маркийн ... УНЯ дугаартай автобусны урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 6,8 мм, тоормосны АВS систем ажиллаагүй, дуут дохио стандартын шаардлага хангахгүй байна.Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 6,8 мм буюу бага зэргийн зөрүү нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй.Дуут дохиог зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх болон суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэх байдлаар ашиглах бөгөөд дуут дохио нь ослын өмнө, дараа хэдийд ажиллагаагүй болсныг тогтоох боломжгүй.Уг автобусны хурд хэмжүүр ажиллагаагүй байгаа нь тухайн зам тээврийн ослын үед хурдаа хянах боломжгүй болно” гэж дүгнэсэн байх ба Т... ХХК-д шалгах механик ажилтай Б.Ч... “2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр уг автобусны хурд хэмжүүрийг шалгаж үзээгүй” гэж мэдүүлсэн, тус компанийн менежер Т.Ц...ыг иргэний хариуцагчаар томилсон байх боловч хяналтын прокурор Б....н 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 566 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг иргэний хариуцагч зохих хэмжээгээр нөхөн төлөх үүргийг дурдаагүй тул тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болохыг мэдэгдэж байна.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан ашиглахыг хориглосон заалттай буюу бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан Т... ХХК-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрт учирсан гэм хорыг нэхэмжлэх эрхтэй байна гэж тус осолд Т... ХХК нь хохирлыг хариуцах үүрэгтэй болохыг тогтоожээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар албан бичигт “...талуудын хооронд байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ... тоот орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээнд заасан “Зээлдэгч амь насаа алдах” эрсдэл үүссэн болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй, мөн гэрээний 6.4-т “Буруутай этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу олгогдсон нөхөн төлбөр, холбогдох зардлын хамтаар даатгагчид шилжинэ” гэж зааснаар даатгуулагчид нөхөн төлбөрийг олгож, буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх боломжтой байна” гэж шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.5-т заасны дагуу орон сууцны зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт олгосон Д.О... 58 402 680 төгрөгийг зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгч Т... ХХК-аас гаргуулж, М... ХК-д олгож өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:М... ХК-аас даатгалын нөхөн төлбөрт олгосон 58 402 680 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд:

Маргааны зүйл нь гэрээнээс үүдэлтэй эсвэл гэм хороос үүдэлтэй шаардлага гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.М... ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.

Д.О... болон талийгаач Л.Б... нь М... ХК-тай 2018 оны 03 сарын 31-ний өдөр ... тоот “Орон сууцны зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ”-г байгуулсан байх ба гэрээний дагуу Даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан бөгөөд Даатгуулагч шүүхийн журмаар гаргуулан авсан байна. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулсан байна.

Харин Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 499.1, Иргэний хуулийн 443.7, сүүлд шүүхээр нотлох баримт гаргуулахаар өгсөн хүсэлтдээ Иргэний хуулийн 499.4, 498.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилсэн байна.

Даатгалын гэрээний дагуу нэхэмжилж байгаа бол Иргэний хуулийн 443.7 “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө”, Даатгалын тухай хуулийн 8.7 “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэсний дагуу шаардлага хэрэгжүүлэх боломжтой.

Харин гэм хор тэр дундаа зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэл өмчлөгч, ажил олгогч Т... ХХК-аас хохирол нэхэмжилж байгаа бол осол болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн асуудал болон ослын улмаас учирсан шууд хохирол түүнийг нэхэмжлэх эрхтэй эсэх тал дээр мэтгэлцэх шаардлагатай болно.

Гэм хорын төлбөр гаргуулах нэхэмжлэлийг өмнө шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй бөгөөд дахин шаардлага гаргах эрхгүй.Д.О... нь 2019 онд ослын улмаас учирсан гэм хорын төлбөрт оршуулгын зардал 13.598.009, ..., ... тоот Зээлийн гэрээний үлдэгдэл 54.115.541, ... гэрээний 50 хувь болох 57.945.955 төгрөг, охин Б.Н...ийн нөхөн төлбөрт 579.623 төгрөг нийт 126.248.126 төгрөгийг Т... ХХК-аас нэхэмжилсэн бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын дагуу зохигчдын эвлэрлийг дараах байдлаар баталсан.Үүнд:Хариуцагч Т... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 121.248.128 төгрөгөөс татгалзсаныг баталж шийдвэрлэсэн.Үүнд маргаан бүхий Ипотекийн зээлийн төлбөрт төлсөн даатгалын нөхөн төлбөр ... гэрээний 50 хувь болох 57.945.955 төгрөгийн асуудлыг эвлэрч шийдвэрлэсэн гэдэг нь тодорхой харагдана.

Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн ... дугаартай магадлалд (анхан шатны шүүхийн шийдвэрт мөн) “... Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 9/1809 дугаартай нөхөн төлбөр олгох тухай шийдвэрийг Даатгалын тухай хуулийн 82.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд давж заалдаагүй”, “.... Дээрх тохиролцооноос харахад даатгалын нөхөн төлбөр 57.954.955         төгрөгийг барагдуулсан агуулгатай тохиролцоо хийгээгүй... Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр уг шийдвэрийн талуудад хамааралтай...зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолын зохигч талууд нь Д.О..., Т... ХХК бөгөөд зөвхөн тэнд энэ шийдвэр үйлчлэх юм” гэснээс дүгнэвэл Д.О..., М... ХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүссэн даатгалын гэрээний үүрэгтэй холбоотой нөхөн төлбөрийг гаргуулахаар шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн.Мөн Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг М... ХК давж заалдаагүй хүчин төгөлдөр болсон байна.

Д.О... нь гэм хорын төлбөрийг Т... ХХК-аас нэхэмжилсэн, түүн дээр эвлэрэн, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4-т зааснаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохиогчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэртэй гэж үзнэ.

Д.О...ийн гэм хорын төлбөр нэхэмжлэх эрхийг М... ХК шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 443.7-д заасан гуравдагч этгээдээс гэм хорын төлбөр шаардах эрхэд хамаарах бөгөөд Д.О... нь нэгэнт гэм хорын шаардлагыг шүүхэд гаргасан, түүнийгээ шийдвэрлүүлсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол шийдвэртэй тул уг шаардах эрхийг бусдад шилжүүлэх, дахин шийдвэрлүүлэх эрхгүй юм.

Мөн М... ХК, Д.О... нарын хооронд байгуулсан даатгалын гэрээний 2.5 “Даатгалын тохиолдол нь буруутай этгээдтэй бол Даатгуулагчийн хохирол нэхэмжлэх эрхийг үл маргах журмаар шилжүүлэн авах” эрхтэй, 6.4 “Буруутай этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу олгосон нөхөн төлбөр, холбогдох зардлын хамтаар даатгагчид шилжинэ”, 8.4 “Буруутай этгээдээс төлбөр нэхэмжилсэн хохирлоо барагдуулсан, барагдуулах зөвшилцөл тохиролцоог аман болон бичгээр хийсэн бол нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарахаар байхаар гэрээнд тусгасан ч уг гэрээтэй холбоотой эрх үүргээ М... ХК хэрэгжүүлээгүй.

Даатгагч М... ХК нь даатгуулагч Д.О...ийн Иргэний хуулийн 443.7-д заасан “гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэсэн зохицуулалтыг журмын дагуу хэрэглэх, Санхүүгийн зохицуулах хорооны гаргасан шийдвэрт гомдол гаргах эрхээ алдсанд Т... ХК болон бусад этгээд буруугүй юм.

Иймд Даатгалын тухай хуулийн 8.7 “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэснийг хэрэглэх, урьд шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлаар дахин Т... ХХК-ны эсрэг шаардлага хэрэгжүүлэх эрхгүй, М... ХК нь Т... ХХК-аас гэм хорын төлбөр шаардах эрхгүй байна.

М... ХК нэхэмжлэл болон нотлох баримт гаргуулах хүсэлтдээ Иргэний хуулийн 499.1, 498.1 хэсэгт зааснаар төлбөр гаргуулна гэсэн бөгөөд тус осолд Т... ХХК болон тухайн үед ажиллаж байсан жолооч Б.А... нь гэм буруугүй, техникийн хувьд осол болоход нөлөөлөөгүй, зөвшөөрөгдсөн хурдаар явж байсан болох нь харин тус осолд хохирогч буруутай бөгөөд гүн согтолттой биеэ авч явах чадваргүй байхдаа гарцгүй газраар замын хөдөлгөөнд оролцсоноос болж осол гарсан талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 985 тоот, Авто тээврийн Үндэсний төвийн Техникийн хяналтын үзлэгийн 2018.05.14-ний өдрийн ... тоот, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 433 тоот дүгнэлтүүдээр тус тус хөтөлбөргүй тогтоогдох бөгөөд Тээврийн прокурорын 2018.10.12-ны өдрийн ..., дээд шатны прокурорын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоолуудаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Өөрөөр хэлбэл тус осолд Т... ХХК болон түүний ажилтан гэм буруугүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон гэм хорын бусад зохицуулалтад хамаарахгүй бөгөөд 498.1-т зааснаар хохирол шаардах эрхгүй юм. Мөн Иргэний хуулийн 229.1,2, 510, 514 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг бодит зардлаар тооцдог бөгөөд гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учруулсан нөхцөл байдал, хохирогчийн гэм буруу, гэм буруугийн хэр хэмжээг харгалздаг.

Даатгалын гэрээний төлбөр, байрны лизинг зээлийн төлбөр нь бодит хохиролд тооцогдохгүй бөгөөд Иргэний хуулийн 499.1-т заасан тээврийн хэрэгсэл өмчлөгчийн хувийн нөхцөл байдал, гэм буруугүй байдал, хохирогчийн буруутай үйлдэлд дүгнэлт хийвэл Т... ХХК нь гэм хорын төлбөр төлөхгүй, талийгаачийг болон ар гэрт нь учирсан уй гашууг хүндэтгэн жолооч Б.А... 7 000 000 төгрөг, Т... ХХК 5 000 000 төгрөгийг тус тус өгсөн.

Мөн Д.О... нь Иргэний хуулийн 499.1-т заасан гэм хорын шаардлагыг Т... ХХК-д гаргаад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хүчин төгөлдөр шийдвэртэй болно.

Тээврийн прокурорын 2019 оны 12 дугар сарын 09-ний өдрийн 01 тоот Доод шатны прокурорын тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолд иргэний хариуцагч Т... ХХК-аас хохирол нэхэмжлэх эрх нээлттэй тухай дурдсан нь хэрэгт ач холбогдолтой биш, энэ тогтоол байсан байгаагүй Д.О... нь хохирлоо нэхэмжлэх эрхээ хэдийн хэрэгжүүлсэн байгаа болно.

Иймд хуульд зааснаар гэм хорын шаардах эрх үүсээгүй, даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулах эрх үүсээгүй шилжүүлж авах боломжгүй, хохирлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол шийдвэртэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс:Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн ... дугаар магадлал, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Тээврийн прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 01 дугаар тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооноос М... ХК-д хүргүүлсэн “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” баримт, Ипотекийн зээлийн гэрээ, эргэн төлөх хуваарь, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, орлого баталгаажуулах хуудас, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн зураг, Б.А...ий иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Тээврийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, эвлэрлийн гэрээ, Монгол улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тогтоол, Орон сууц зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээт баталгааг шүүхэд гаргаж өгсөн./хх 5, 7-16, 17-23, 24, 25-26, 27-28, 120-137, 139/

Хариуцагчаас:Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол, 2019, 2020, 2021 оны жилийн санхүүгийн тайлан, Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, Техникийн шинжээчийн дүгнэлт, Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Тээврийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” 566 дугаар тогтоол, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Эвлэрлийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн./хх 31, 46-47, 54-65, 84-89, 90-91, 92, 94-95, 96/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийн 144-153 дугаар авагдсан баримтыг шүүх бүрдүүлсэн.

                                           ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв. 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Д.О..., талийгч Л.Б... нартай 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар шийдвэрээр М... ХК-аас 58 402 680 төгрөг гаргуулан Д.О... олгож шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар зам тээврийн осол гаргасан этгээдээс даатгуулагчид олгосон нөхөн төлбөрөө буцаан нэхэмжлэх эрх нь М... ХК-д хуулиар олгогдсон, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгч Т... ХХК нь гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т заасны дагуу 58 402 680 төгрөгийг Т... ХХК-аас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн:Үүнд:М... ХК нь Т... ХХК-аас гэм хорын төлбөр шаардах эрхгүй, хуульд зааснаар гэм хорын шаардах эрх үүсээгүй, даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулах эрх үүсээгүй шилжүүлж авах боломжгүй, хохирлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол шийдвэртэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

М... ХК нь Д.О..., Л.Б... нартай 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээт баталгааг байгуулсан байна./хх 139/

Даатгуулагч Л.Б... нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Т... ХХК-ийн өмчлөлийн ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, амь насаа алдсаны улмаас Д.О... шүүхэд хандаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар М... ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 57 954 955 төгрөгийг гаргуулан Д.О... олгож шийдвэрлэсэн байна./хх 7-15/

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ.Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөх бөгөөд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар дүгнэлтэд: Hyundi  .. маркийн ... УНЯ дугаартай автобусны урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 6,8 мм, тоормосны АВS систем ажиллаагүй, дуут дохио стандартын шаардлага хангахгүй байна.Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 6,8 мм буюу бага зэргийн зөрүү нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй” гэжээ./хх 84-86/

Техникийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 12/26 дугаар дүгнэлтэд:Уг тээврийн хэрэгслийн жолоочийг тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа зэргийг харгалзан хурдаа тохируулж явсан гэж үзнэ, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтэд заагдсан эвдрэл гэмтлүүд нь уг осол гарахад нөлөөлөөгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ стандартад заагдсанаас их байхад дугуйн хээний элэгдэл ихэсдэг, гэтэл дугуйн хээний өндөр 10 мм байжээ.Мөн уг осол хуурай гадаргуутай зам дээр гарсан тул ABS систем ажиллахгүй байх нь тоормосны замын урт болон залагдалтанд нөлөөлөхгүй, хурд хэмжүүр ажиллахгүй байх нь зөрчил боловч хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлээгүй байсан тул осол үүсэх шалтгаан болохгүй, жолооч А... нь хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал үүсгээгүй байх тул Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ” гэжээ./хх 87-88/

Замын цагдаагийн албаны 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 433 дугаар дүгнэлтэд:Hyundi .. маркийн ... УНЯ дугаартай автобусыг жолоодож явсан Б.А... нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна, явган зорчигч Л.Б... нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.9-т заасан “Явган зорчигчид  дор дурдсан зүйлийг хориглоно,...г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ./хх-88/

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зам тээврийн осол гарахад Hyundi .. маркийн ... УНЯ дугаартай автобусны урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 6,8 мм буюу бага зэргийн зөрүү нь нөлөөлөөгүй, жолооч Б.А... нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалтыг зөрчөөгүй болох нь дээрх шинжээчдийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.

Нөгөө талаар нь хохирогчид гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан гэм хорын хоорондох шалтгаант холбоо тогтоогдоогүй байхад хариуцагч Т... ХХК нь хариуцлага хүлээх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч  Т... ХХК-аас 58 402 680 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэгч М... ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    З.ДОРЖНАМЖИН

 

                         ШҮҮГЧИД                                             Т.ГАНДИЙМАА

 

                                                                                                 Ш.ОЮУНТУУЛ