Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00415

 

 

 

 

 

 

 

2023 01 13 210/МА2023/00156

 

 

М ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04405 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөрт 58,402,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Д.О болон талийгаач Л.Б нь манай компанитай 2018 оны 03 сарын 31-ний өдөр орон сууц зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2018 оны 04 сарын 27-ны өдөр Л.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад Т ХХК-ийн өмчлөлийн *** УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, амь насаа алдсан бөгөөд хамтран зээлдэгч Д.О нь даатгалын нөхөн төлбөрийг авах тухай хүсэлт гаргасан. Даатгалын гэрээний 12.2.3-т заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр М ХК-аас 58,402,680 төгрөг гаргуулан Д.О т олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Уг шийдвэрийн дагуу 2022 оны 01 сарын 12-ны өдөр Д.О т 58,402,680 төгрөгийн олгосон. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу зам тээврийн осол гаргасан этгээдээс даатгуулагчид олгосон нөхөн төлбөрөө буцаан нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид олгогдсон. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь хохирлыг хариуцах үүрэгтэй буюу энэ тохиолдолд осол гаргасан *** УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Т ХХК гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Тээврийн Прокурорын газрын 2019 оны 09 сарын 01-ний өдрийн Прокурорын тогтоолд дээрх ослын талаар дүгнэсэн. 2018 оны 10 сарын 12-ны өдрийн 566 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг иргэний хариуцагч зохих хэмжээгээр нөхөн төлөх үүргийг дурдаагүй тул тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дурдсан тул Т ХХК уг хохирлыг хариуцна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 05 сарын 01-ний өдрийн *** дугаар албан бичгээр ...даатгуулагчид нөхөн төлбөрийг олгож, буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх боломжтой байна гэж шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Т ХХК-аас 58,402,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь гэрээнээс, эсхүл гэм хороос үүдэлтэй шаардлага гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Д.О болон талийгаач Л.Б нь М ХК-тай 2018 оны 03 сарын 31-ний өдөр *** тоот Орон сууцны зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г байгуулсан ба гэрээний дагуу даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан бөгөөд даатгуулагч шүүхийн журмаар гаргуулан авсан байна. Даатгалын гэрээний дагуу нэхэмжилж байгаа бол Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу шаардах боломжтой. Харин гэм хор тэр дундаа зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэл өмчлөгч, ажил олгогч Т ХХК-аас хохирол нэхэмжилж байгаа бол осол болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн асуудал болон ослын улмаас учирсан шууд хохирол түүнийг нэхэмжлэх эрхтэй эсэх талаар мэтгэлцэх шаардлагатай болно. Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг М ХК давж заалдаагүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Д.О нь гэм хорын төлбөрийг Т ХХК-аас нэхэмжилсэн, талууд эвлэрэн, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Д.О ийн гэм хорын төлбөр нэхэмжлэх эрхийг М ХК шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан гуравдагч этгээдээс гэм хорын төлбөр шаардах эрхэд хамаарах бөгөөд Д.О нэгэнт гэм хорын шаардлагыг шүүхэд гаргасан, түүнийгээ шийдвэрлүүлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул уг шаардах эрхийг бусдад шилжүүлэх, дахин шийдвэрлүүлэх эрхгүй юм. Тус осолд Т ХХК болон тухайн үед ажиллаж байсан жолооч Б.А нь гэм буруугүй, техникийн хувьд осол болоход нөлөөлөөгүй, зөвшөөрөгдсөн хурдаар явж байсан. Харин тус осолд хохирогч буруутай бөгөөд гүн согтолттой биеэ авч явах чадваргүй байхдаа гарцгүй газраар замын хөдөлгөөнд оролцсоноос болж осол гарсан талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 20-ны өдрийн 985 тоот, Авто тээврийн Үндэсний төвийн Техникийн хяналтын үзлэгийн 2018 оны 05 сарын 14-ний өдрийн *** тоот, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн *** тоот дүгнэлтүүдээр тус тус хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд Тээврийн прокурорын 2018 оны 10 сарын 12-ны өдрийн 566, дээд шатны прокурорын 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоолуудаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Т ХХК-аас 58,402,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.а. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй. Л.Б нь М ХК-тай 2018 оны 03 сарын 31-ний өдөр ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2018 оны 04 сарын 27-ны өдөр Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад Т ХХК-ийн өмчлөлийн *** УНЯ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгсэлд мөргүүлэн амь насаа алдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс ...хохирогчид гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй байхад хариуцагч Т ХХК нь хариуцлага хүлээх үндэслэлгүй... гэсэн дүгнэлтийг хийж, М ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Т ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг тус компанийн ажилтан Б.А буюу өмчлөгчийн томилсон жолооч жолоодон явахдаа 110 гаруй кг жинтэй талийгаач Л.Б г 24.80 метр зайд шидэгдтэл нь мөргөж, улмаар гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд хүргэж, амь насыг нь хохироосон байхад шүүх үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоогүй гэх дүгнэлтийг хийсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт нийцсэнгүй.

4.б. Хэдийгээр зам тээврийн осол гарахад жолоочийн буруутай ажиллагаа нөлөөлөөгүй, талийгаач өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн зорчих хэсгээр явсан буруутай байх боловч Л.Б нь архины хордлогоор бус харин автомашинд мөргүүлж, шидэгдсэний улмаас авсан гэмтлээсээ болж нас барсан, тэгээд ч тээврийн хэрэгсэл нь жолоочгүйгээр хөдлөх, замын хөдөлгөөнд оролцох ямар ч боломжгүй болохыг шүүх анхаарсангүй.

4.в. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас буюу жолооч Б.А гийн үйлдлийн улмаас Л.Б гийн амь насанд гэм хор учирсан энэ үйлдэл хохирлын хооронд шалтгаант холбоотой тул үүссэн гэм хорыг өмчлөгч хариуцах тухай Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар Т ХХК нь өөрөө гэм буруугүй буюу хохиролд шалтгаант холбоогүй ч гэм буруугүйгээр хариуцлага хүлээх үүрэгтэй. Т ХХК нь гэм буруугүйгээр хариуцлага хүлээх үүргийн дагуу гэм хорын хохирол шаардсан Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч байсан үйл баримт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/01496 тоот тогтоолоор тогтоогдсон байтал анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасны дагуу Т ХХК нь хариуцлага хүлээх ёсгүй гэж шийдвэрлэж байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг зөрчсөн.

4.г. Т ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн гэмтлүүд нь осолд шууд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй нь осолд нөлөөлөөгүй гэх бодит үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь, хэрэв тээврийн хэрэгслийн дуут дохио ажиллаж байсан бол ойртон ирж яваа тээврийн хэрэгслээс дуут дохиогоор дамжуулан өгсөн анхааруулгыг талийгаач нь сонсож, осолд өртөж амь насаа алдахгүй байх боломж байсныг шинжээчийн дүгнэлтүүдээр үгүйсгэх ямар ч боломжгүй байх. Дээрхээс үзэхэд шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй. М ХК-ийн зүгээс Л.Б тай байгуулсан 2018 оны 03 сарын 31-ний өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний дагуу нийт 58,402,680 төгрөгийг шилжүүлсэн тул Д.О т олгосон нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу Т ХХК-аас шаардах эрхтэй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Тухайн зам тээврийн осол Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэж гарсан. Замын хөдөлгөөний дүрэмд хохирогчийн буруутай үйлдэл буюу гүн хэмжээний согтолттой байх үедээ 10 дугаар хорооллын Хишиг зоогийн урд талд гарцгүй газраар хашлага буюу хайс давж гарч ирсний улмаас осол болсон. Тухайн осолд жолооч буруугүй. Бүрэн бус тээврийн хэрэгсэл байсан гэдэг нь манай тээврийн хэрэгслийн дуут дохио эвдэрсэн байсан. Үйлдвэрлэгч орон биш учраас үйлдвэрлэгчид нь сэлбэг хэрэгсэл захисан боловч ирдэггүй. Мөн дуут дохиог хот суурин газар хэрэглэх шаардлагагүй. Шүүх дуут дохио байснаар осолтой шууд холбоогүй гэж дүгнэсэн. Тээврийн хэрэгслийн хурдыг шинжээч нар 40 км/ц хурдтай явж байсан гэж 2-3 удаа баталсан. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осолд Т ХХК болон жолооч Б.А буруугүй учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 498 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй. Хохирогчийн амь нас эрсэдсэн уй гашууг хүндэтгэж, манай компани жолооч Б.А тэй нийлж 12,000,000 төгрөгийг Д.О болон ар гэрийнхэнд нь өгсөн. Иргэний хуулийн 228, 229, 508, 510 дугаар зүйлд тус тус зааснаас үзэхэд шууд хохирлыг төлж байна. Мөн тэтгэмжтэй холбоотой хохирлыг ар гэрт нь гаргаж өгөхөөр зохицуулсан. Үүнд орон сууцны даатгалын төлбөр хамаарахгүй. Осолтой шалтгаант холбоо болон гэм буруу байхгүй байхад М ХК нь Т ХХК-аас даатгалын нөхөн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу осол өртөгчийн шаардах эрхийг шилжүүлж авах тухай дурдагдсан. Шилжүүлж авах эрх хэрэгжүүлэх боломжтой эсэхийг шалгаж үзэх шаардлагатай атал Д.О тус шаардах эрхийг хэрэгжүүлж Т ХХК-ийн эсрэг нэхэмжлэл гаргаж, 2019 онд шийдвэрлэгдсэн. Ийнхүү шийдвэрлүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, зохигчтой эвлэрсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй. Өөрөөр хэлбэл, нэгэнт шийдвэрлэсэн байхад дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байхад М ХК хөндлөнгийн журмаар нэхэмжлэх боломжгүй. Мөн М ХК нь Д.О т даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор нөхөн төлбөр олгохгүй гэж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрт Д.О давж заалдах гомдол гаргаж, Санхүүгийн зохицуулах хороонд очиход тус хорооноос гаргахаар шийдвэрлэсэн. Тухайн үед М ХК Д.О ийг Т ХХК-тай эвлэрч шийдвэрлэсэн учир хохирлыг гаргахгүй гэдгийг мэдэж байсан боловч Захиргааны байгууллагын шийдвэрийг Захиргааны шүүхэд гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болгосон. Ийнхүү шаардах эрхээ алдаж хэрэгжүүлээгүйд манай компани буруугүй учраас анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 58,402,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...шүүхийн шийдвэрийн дагуу 58,402,680 төгрөгийн нөхөн төлбөрийг Д.О т олгосон учир уг мөнгөн дүнг шаардах эрх хуулийн дагуу даатгагчид шилжсэн, иймд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцагч арилгах үүрэгтэй... гэсэн агуулгаар тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, зам тээврийн осол гарсан явдалд хариуцагч буруугүй, нэхэмжлэгч өмнө нь шийдвэрлэгдсэн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй... гэсэн агуулгаар тайлбарласан байна. /хх 1-3, 159-162/

 

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а. Зээлдэгч Д.О, хамтран зээлдэгч Л.Б нар 2018 оны 03 сарын 29-ний өдөр М ХК-тай зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулж, амь нас, эрүүл мэндээ даатгуулсан;

3.б. 2018 оны 04 сарын 27-ны өдөр 22 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 5-р хороо, Хишиг Монгол зоогийн газрын хойд замд Т ХХК-ийн өмчлөлийн Х маркийн *** УНЯ улсын дугаартай автобусыг жолооч Б.А жолоодож явахдаа явган зорчигч Л.Б г мөргөсөн, улмаар Л.Б гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан;

3.б. Даатгагч М ХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/01387 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 1495 дугаар магадлалын дагуу даатгуулагч Д.О т 58,402,680 төгрөгийг 2022 оны 01 сарын 12-ны өдөр төлсөн. /хх 7-16, 17-23, 24/

 

4.   Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт ...даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ... гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус зохицуулжээ.

Дээрхээс үзвэл даатгагч нь даатгуулагчид нөхөн төлбөр төлснөөр шаардах эрх даатгагчид шилжих боловч гуравдагч этгээд буруутай байх урьдчилсан нөхцөл тавигдсан байна.

 

5.   Хэрэгт авагдсан Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн №*** дугаар Шинжээчийн дүгнэлт-ээр Х маркийн *** УНЯ улсын дугаартай автобусны жолооч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй, явган зорчигч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9.г-д заасныг зөрчсөн, зам тээврийн осол гарахад автобусны бүрэн бус байдал осолд шууд нөлөөлөөгүй гэж, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 08 сарын 14-ний өдрийн *** дугаар Шинжээчийн дүгнэлт-ээр Х маркийн *** УНЯ улсын дугаартай автобусны урд тэнхлэг тохиргоо, дуут дохио, тоормосны ABS систем зэрэг нь стандартын шаардлага хангахгүй боловч эдгээр нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй гэж, ШУТИС-ийн Механик Тээврийн Сургуулийн 2018 оны 08 сарын 31-ний өдрийн *** дугаар Техникийн шинжээчийн дүгнэлт-ээр Х маркийн *** УНЯ улсын дугаартай автобусны жолооч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний журмыг зөрчөөгүй, автобус 40 км/цагийн хурдтай буюу хурдаа тохируулан явсан, автобусны бүрэн бус байдал нь осол үүсгэх шалтгаан болохгүй гэж тус тус дүгнэсэн байна. /хх 84-86, 87-88, 89/

Түүнчлэн, Тээврийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 10 сарын 12-ны өдрийн 566 дугаар тогтоолоор жолооч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн болох нь тогтоогдоогүй, зам тээврийн осол нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр эрүүгийн *** дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /хх 92/

 

6.   Иймд зам тээврийн осол гарсан, улмаар явган зорчигч Л.Б нас барсан явдалд хариуцагч Т ХХК-ийн жолооч Б.А буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч маргааныг шийдвэрлэхдээ гэм хор учруулснаас үүсэх үүргийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Тодруулбал, даатгагчид шаардах эрх шилжих эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсгийн зохицуулалтад хамаарах юм.

 

7.   Өмнө дурдсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 1495 дугаар магадлалд ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/01496 дугаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолын зохигч талууд нь Д.О, Т ХХК бөгөөд зөвхөн тэдэнд энэ шийдвэр үйлчлэх юм гэж дүгнэсэн нь хүчин төгөлдөр байна. /хх 17-23/

Иймд хариуцагч талын гаргасан нэхэмжлэгч өмнө нь шийдвэрлэгдсэн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн татгалзал үндэслэлгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04405 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэлгүй тул... гэснийг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 449,964 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.НЯМБАЗАР