Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/03474

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............................ тоотод байрлах, Н ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...................... тоотод байрлах, Х ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 454,020,057 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 118,670,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ан,

Гэрч Б.Д , Б.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга: Н ХХК болон Х ХХК нар харилцан тохиролцож 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан болно. Гэрээний дагуу гүйцэтгэгч талаас захиалагчийн .................................. байрлах 8 ширхэг барилгын засварын ажлыг хавсралтад заасан тоо хэмжээний дагуу хийж гүйцэтгэх, захиалагч талаас гүйцэтгэгч талд гэрээгээр тохирсон хөлсийг гүйцэтгэх үүрэгтэй болно. Захиалагч талаас гэрээгээр хүүхээлэн үүргээ биелүүлж гүйцэтгэгч талд урьдчилгаа санхүүжилт болон гүйцэтгэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу 2 дахь санхүүжилтээс тодорхой хэмжээний санхүүжилтийг, нийт 263,056,818 төгрөгийн санхүүжилт олгосон. Гэтэл гүйцэтгэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж гэрээт ажлыг 40 хүрэхгүй хувьтай хийж гүйцэтгэх үлдсэн ажлыг хийлгүй, мөн захиалагч талд хийсэн ажлаа акт бичиг баримтаар хүлээлгэн өгөлгүй хаяж явсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний гүйцэтгэгч талын эрх үүргийн 4.2.14-д "ажлаа үө шат тутамд цаг тухайд нь ил далд ажлын 4 хувь акт үйлдэж ажлын гүйцэтгэлийг харуулсан фото зургаар баталгаажуулах үүрэгтэй" гэж заасан. Гэтэл гүйцэтгэгч тал ил далд ажлын акт үйлдээгүй , ажлаа актаар хүлээлгэн өгөөгүй болно. Гүйцэтгэгч талын энэхүү хариуцлагагүй үйлдлийн улмаас манай компани асар их мөнгө, цаг хугацаа зэргээр хохироод байна. Гүйцэтгэгч талын гүйцэтгэсэн ажлыг нэг бүрчлэн хэмжиж нэгж үнэлгээгээр тооцож гаргавал 169,829,250 төгрөгийн гүйцэтгэл гарсан хэдий ч үлдэгдэл ажлыг хийгээгүйн улмаас энэхүү хийгдсэн ажил хэнд ч хэрэггүй, ашиглах боломжгүй засварын ажил болсон. Гүйцэтгэгч талаас гэрээт ажлаа бүрэн дуусгалгүй хаяж явснаас хийж гүйцэтгэсэн гэх 40 орчим хувийн ажил нь чанарын шаардлага хангахгүй, ашиглах болон үргэлжлүүлэн засвар хийх боломжгүй болоод байна. Манай компанийн зүгээс Х ХХК-ийг гэрээний дагуу үлдэгдэл ажлаа хийж дуусгах талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч хийж гүйцэтгээгүй болно. Мөн тус компанийн ажил гүйцэтгэх явцад хэрэглэсэн цахилгааны зардал тоолуураар 1,763,239 төгрөг гарсныг мөн төлөөгүй ажлаа хаяж явсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.6, 4.2.15-д тус тус заасны дагуу гүйцэтгэгч талд алданги тооцоход 118,250,000 төгрөгийн алданги тооцогдож байна. Алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй болно. Манай компанийн зүгээс гүйцэтгэгч талаас гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг алдангийг хамт нэхэмжилсэн боловч мөн л төлөөгүй болно. Талуудын хооронд байгуулсан гирээний 4.1.10-д заасны дагуу торгууль тооцоход 70,950,000 төгрөгийн торгууль тооцогдож байна. Иймд Х ХХК-иас захиалагч талаас шилжүүлсэн 263,056,818 төгрөг, цахилгааны зардал 1,763,239 төгрөг, алданги 118,250,000 төгрөг, торгууль 70,950,000 төгрөг, нийт 454,020,057 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Н ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Х ХХК-иас ирүүлсэн үнийн саналыг Н ХХК-ийн зүгээс хянаж үзээд Б цогцолборын С блок загварын 8 ширхэг барилгын гадна тальн иж бүрэн засварын ажил, буулгалтын ажлыг хавсралтад заасан тоо хэмжээний дагуу хийж гүйцэтгүүлэхээр 430,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Х ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ хариуцагч тал 8 байшин биш 7 байшин болгож 1 байшинд хийсэн засварын ажлын гүйцэтгэлийг өөр байрны ажлын гүйцэтгэлд тооцохоор амаар харилцан тохирсон гэжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр 8 барилгын гадна талын иж бүрэн засварын ажил, буулгалтын ажлыг хавсралтад заасан тоо хэмжээний дагуу хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Сөрөг нэхэмжлэлд дурдаад байгаа 8 барилгыг 7 болгож 1 барилгад хийсэн засварын ажлыг өөр гүйцэтгэлд тооцохоор тохиролцсон зүйл огт байхгүй, мөн 8 байсныг 7 болгож өөр гүйцэтгэлд тооцохоор тохиролцсон гэдгийг ойлгохгүй байна. Х ХХК нь гэрээгээр тохирсон 8 барилгын гадна иж бүрэн засварын ажил, буулгалтын ажлаас нийт 5 барилгад хагас дутуу гадна засварын ажил гүйцэтгэл гэрээт ажлыг бүрэн хийж дуусгалгүй хаяж явсан. Тус компанийн хаяж явсан ажил одоо ч хэвээр байгаа бөгөөд манай компанийн зүгээс тус хаяж явсан ажлыг өөр гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн хийлгээгүй хэвээр нь байлгаж байгаа болно. Иймээс тус компанийн сөрөг нэхэмжлэлд дурдсан зүйл худал байна. Х ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлд захиалагч тал санхүүжилтээ хугацаандаа өгөөгүйгээс хугацаа алдсан гэжээ. Захиалагч талын зүгээс санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд өгсөн бөгөөд харин ч гүйцэтгэгч талаас гаргасан хүсэлтийг харгалзан үзэж дундын санхүүжилтээс тодорхой хэмжээний хувийг урьдчилан олгож байсан болно. Гэрээний хугацааг амаар харилцан тохиролцож сунгаж байсан, цар тахал гарснаар хугацаа алдсан гэжээ. Талуудын хооронд амаар тохиролцсон гэрээний хугацаа сунгасан зүйл огтоос байхгүй, хэдий цар тахал гарсан ч гэсэн хөл хориог тодорхой хугацаанд улсаас тавьсан бөгөөд бусад хугацаанд, одоо ч ажлууд хэвийн үргэлжилж байна. Гүйцэтгэгч тал ажлаа дуусгаад 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 20/06.03-07 тоот албан бичгээр барилгын ажил 99.72 хувьтай байна хүлээн авч үлдэгдэл төлбөрийг авахаар мэдэгдсэн гэжээ. Захиалагч талд гүйцэтгэгч талаас огт албан тоот ирж байгаагүй бөгөөд гэрээт ажил огт дууссан зүйл байхгүй 40 хүрэхгүй хувийн гүйцэтгэлтэй одоо ч байж байна. Гүйцэтгэгч тал захиалагч талыг барилгын талбайгаас хөөж гаргасан гэж ор үндэслэлгүй худал зүйлийг сөрөг нэхэмжлэлд дурджээ. Захиалагч тал гүйцэтгэгч талыг барилгын талбайгаас хөөж гаргасан зүйл огт байхгүй бөгөөд харин ч ирж гэрээний дагуу ажлаа хийж дуусгах талаар албан тоотоор маш олон удаа мэдэгдсэн боловч гүйцэтгэгч тал хийлгүй хаяж явсан болно. Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд дурдсан бүх зүйл огт үндэслэлгүй худалд зүйл бөгөөд хаяж явсан ажил нь тэр чигээрээ байсаар атал шүүхийг төөрөгдүүлэх гэсэн, илт худал мэдээлэл өгч байгаа нь маш увайгүй үйлдэл байна. Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна 350 дугаар зүйлийн 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж тус тус заасан. Гэтэл гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэсэн ажил огт үр дүн байхгүй, өөрөөр хэлбэл гэрээний зүйл хийж гүйцэтгээгүй буюу үүргээ биелүүлээгүй байна. Иймд Х ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

3.Хариуцагч Х ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд байгуулсан гэрээ нь 8 байшин дээр 430,000,000 төгрөгөөр байшин барихаар гэрээ байгуулсан. 8 байшингийн 430,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Хариуцагч талаас 9 байшингийн санал ирүүлж 8 байшин дээр гэрээ байгуулагдсан байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд тохиролцсоноор ажлын гүйцэтгэлийг хүлээж аваад гүйцэтгэлд тохиролцсон санхүүжилтийг буцааж олгодог байсан. Энэ зарчмаар явсан бөгөөд гүйцэтгэгч талын зүгээс ажлаа хийж гүйцэтгээд, хийж гүйцэтгэсэн ажилдаа тохирох санхүүжилтийг авсан. 263,056,818 төгрөгийг захиалагч талаас шилжүүлсэн. Цахилгааны зардал 1,763,239 төгрөгтэй холбоотой хэрэгт нотлох баримтууд байхгүй. Хариуцагч талын зүгээс цахилгааны төлбөрийг гэрээний хугацаандаа төлөөд явж байсан. Хариуцагч 2019 онд 3 удаа цахилгааны төлбөрийг төлсөн баримт нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн. Одоо нэхэмжилж байгаа цахилгааны зардал хэднээс хэдний хооронд цахилгааны зардал вэ, ямар үйл баримтаар нотлогдож байгаа гэдгийг хариуцагч тал тодорхой гаргаагүй учир уг үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн алданги болон торгуулийн асуудал яригддаг. Өнөөдөр болтол шүүхэд нэхэмжлэл гарахдаа нэхэмжлэгч талаас энэ гэрээнээс татгалзаад байгаа юу, эсвэл энэ гэрээг цуцлаад байгаа юу, цааш үргэлжлүүлэх шаардлага гаргаад байгаа юу гэдгийг тодорхойлоогүй алданги торгууль шаардаж байгаагаас харвал гэрээний үүрэг шаардаж байгаа учир гэрээг үргэлжлүүлж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл гэрээг үргэлжлүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй байна. Нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй, танайд шилжүүлсэн мөнгөө буцаая гэдэг шаардлагаас харахад гэрээнээс татгалзаад байгаа үйл баримт харагдаж байна. Гэрээнээс татгалзаад танайд өгсөн мөнгөө авъя гэж байгаа бол гэрээний үүргийг давхар шаардах эрхгүй гэж үзэж байна. Алданги, торгуулийн тухайд, манай ажил гүйцэтгэгч талын хийсэн ажлын үндсэн дээр, ажлын үнийн дүнгээр алданги торгууль бодогдсон байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талын зүгээс 2019 оноос эхлээд 3 сарын хугацаатай гэрээ байгуулагдаж, нэг удаа 30 хоногоор сунгасан баримт байдаг. Улирлын чанартай ажил учир хүйтний улиралд зогсож, 2020 оны 06 дугаар сард дахиж үргэлжлүүлсэн. 2020 оны 06 дугаар сараас дахиж үргэлжлүүлээд 06 дугаар сард зогсох тухайн ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байсан талаар захиалагч талын инженер тодорхой дурдсан байдаг. Чанарын доголдолтой байсан талаар, ийм чанарын доголдол илэрсэн гэдгийг тогтоосон баримт байхгүй. Гэрээнд чанарыг заагаагүй. Чанар бол Иргэний хуульд зааснаар хамгийн бага чанараас доошгүй үзүүлэлтэй байхад, тухайн чанарыг хүлээн зөвшөөрдөг хуулийн ерөнхий зохицуулалтай. Чанар дээр ямар нэг асуудал байгаагүй гэж үзэж байна. Ажил гүйцэтгэгч ажлаа хаяж явсан гэдэг талаар удаа дараа хэлж байна. Ажил гүйцэтгэгч буюу хариуцагчийн хувьд ажлаа хаяж яваагүй, бид нарыг барилгын талбайгаас хөөгөөд явуулсан. Бид нар 15-20 ажилтан хоёр гэрт байрлаж ажиллаж байсан. Ажилчдын хувцас болон багаж хэрэгслээ авч чадаагүй гэдэг тайлбарыг өгдөг. Энэ гэрээ цаашид биелэгдэхээ больсон, энэ ажил гүйцэтгэж чадахаа больсон шалтгаан өөрөө захиалагч талын буруутай үйлдэл юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад албан шаардлага өгсөн байдаг гэсэн ч энэ албан шаардлагаар гэрээг цуцалж, нэмэлт хугацаа тогтоож байгаа агуулга байдаггүй. 2020 оны албан шаардлагын хариуг тухайн үед өгөөд явсан. 2021 онд өгсөн 2 албан шаардлага монгол шуудангаар дамжиж ирэхдээ 7 хоногийн хугацаа хэтрүүлж ирсэн. Албан шаардлага өгснөөс хойш 7 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Үүнийг нэмэлт хугацаа тогтоосон гэж албан шаардлага тавьж боломжит хугацаа өгсөн гэж үзэж үндэслэлгүй байна. Иймд хариуцагч нь гүйцэтгэсэн ажилдаа тохируулан санхүүжилт авсан ажлыг 263,000,000 төгрөг, илүү үнэлгээгээр 92 хувийн гүйцэтгэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал болон хариуцагч тал гэрээний гол зүйл болох үнийн дүн дээр тохирч чадаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч өрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох, нотлох хэрэгтэй. Нэхэмжлэгч үнийн дүнгээ тодорхойлж шүүх хуралдаанд оролцох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4.Хариуцагч Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга: Нэхэмжлэгч Х ХХК хариуцагч Н ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын сарын 13-ны өдөр 1 тоот 430,000,000 төгрөгийн үнийн дүнтэй 8 ширхэг орон сууцны барилгад барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохирч байгуулсан ба санхүүжилтийг тодорхой үе шаттайгаар олгож байх нөхцөлөөр тохирсон. Гэрээг байгуулсны дараа хариуцагч тал 8 байшин биш 7 байшин болгож 1 байшинд хийсэн засварын ажлын гүйцэтгэлийг өөр байрны ажлын гүйцэтгэлд тооцохоор амаар харилцан тохирсон. Гэрээ ёсоор гэрээний 3.4, 3.5, 3.6, 3.7-д зааснаар санхүүжилтийг олгох ёстой байсан боловч санхүүжилтийг цаг тухайд нь олгоогүйгээс хугацаа алдаж байсан. Тухайлбал гэрээний эхний санхүүжилт 30 хувь болох 112,875,000 төгрөгөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөгийг, үлдэгдэл 12,875,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буюу 29 хоногийн дараа шилжүүлж хугацаа алдуулж байсан. 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 19/08-23-1 тоот албан бичгээр 7 ширхэг барилгын ажлын гүйцэтгэлийн хувийг тооцон гаргаж ажлын 72 хувь буюу 271,859,338 төгрөгийн гүйцэтгэлийн ажил хийгдсэн төдийгүй гэрээний 3.5 дах заалтыг үндэслэн дундын санхүүжилт 40 хувь болох 150,500,000 төгрөгийг олгож өгөхийг хүсч албан тоот өгсөн. 72 хувийн гүйцэтгэлийн ажлыг хүлээн авч 150,500,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлэн өгсөн. Гэрээний хугацааг харилцан тохирч аман байдлаар сунгаж байсан. Цар тахал гарсантай холбогдуулан бүх нийтийн хөл хорионы дэглэм тодорхой хугацаа алдахад хүргэсэн. Ингээд ажлаа дуусгаад 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20/06.03-7 тоот албан бичгээр барилгын ажлын гүйцэтгэл 99.72 хувьтай ба үлдэгдэл санхүүжилт болох 112,875,000 төгрөг мөн нэмэлт ажлын төлбөр болох 5,795,100 төгрөг, нийт 118,670,100 төгрөгийг тооцож өгөхийг хүссэн. Гэвч албан тоотод хариу өгөөгүй төдийгүй үлдэгдэл гүйцэтгэлийг хянаж хүлээн авсан акт үйлдэлгүйгээр ажлыг зогсоож барилгын талбайгаас биднийг хөөж гаргасан. Мөн санхүүжилтийг олголгүй удахгүй шийдэж өгнө гэж явсаар одоог хүрч байна. Тухайн үед барилгын хяналтын инженер Ц.И, төсөвчин н.Т нар хөөж гаргаж байсан. Манай компанийн хувьд маш гомдолтой хохиролтой байна. Иймд сөрөг нэхэмжлэлээр 99.72 хувийн үлдэгдэл санхүүжилт болох 112,875,000 төгрөг, мөн нэмэлт ажлын төлбөр болох 5,795,100 төгрөг, нийт 118,670,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

5.Хэрэгт Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 4/, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 6-11/, үнийн санал /хх-ийн 12,13/, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 14/, Х ХХК-ийн тусгай зөвшөөрөл /хх-ийн 15/, харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ /хх-ийн 16/, төлбөрийн даалгавар /хх-ийн 17-19/, Х ХХК-тай хийсэн гэрээний алданги /хх-ийн 20/, С9 барилгын дахин засварын ажлын гүйцэтгэлийн төсөв /хх-ийн 21/, гэрээ дүгнэсэн протокол /хх-ийн 22/, Н ХХК-ийн гэрээ сунгах акт /хх-ийн 23/, Н ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 64/20 тоот албан бичиг /хх-ийн 24/, төлбөрийн баримт /хх-ийн 25/, Н ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 61/21 тоот албан бичиг /хх-ийн 26/, төлбөрийн баримт /хх-ийн 27/, Н ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 79/21 тоот албан бичиг /хх-ийн 28/, Х ХХК-ийн гэрээт ажлын дүгнэлт /хх-ийн 29/, хэвлэмэл зургууд /хх-ийн 30-37/, Н ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 65-72/, Н ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 77/, хариуцагчаас Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 41/, С блокын 7 ширхэг барилгын ахин засварын гүйцэтгэл /хх-ийн 56/, нэхэмжлэх /хх-ийн 164/, С блок засвар төслийн хуулбар /хх-ийн 165-197/, Б ийн С блокын 7 байшингийн засварын ажлын гүйцэтгэл /хх-ийн 198/, Х ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 19/08-3-2 тоот албан бичиг /хх-ийн 199/ шүүхээс И ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 94-108/, Т.Х-ын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 139-141/, Ц.Итгэлтийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 142-144/, Б.Т-ийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 145-147/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох, хариуцагч Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 454,020,057 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 118,670,100 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019 оны 06 сарын 13-ны өдөр Х ХХК"-тай харилцан тохиролцож 1 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан болно. Гэрээний дагуу гүйцэтгэгч талаас захиалагчийн .................................. байрлах 8 ширхэг барилгын засварын ажлыг хавсралтад заасан тоо хэмжээний дагуу хийж гүйцэтгэх, захиалагч талаас гүйцэтгэгч талд гэрээгээр тохирсон хөлсийг гүйцэтгэх үүрэгтэй болно. Захиалагч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гүйцэтгэгч талд урьдчилгаа санхүүжилт болон гүйцэтгэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу 2 дахь санхүүжилтээс тодорхой хэмжээний санхүүжилт нийт 263,056,818 төгрөгийн олгосон. Гэтэл гүйцэтгэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж гэрээт ажлыг 40 хүрэхгүй хувьтай хийж гүйцэтгэн үлдсэн ажлыг хийлгүй. Мөн захиалагч талд хийсэн ажлаа акт бичиг баримтаар хүлээлгэн өгөлгүй хаяж явсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний гүйцэтгэгч талын эрх үүргийн 4.2.14-д "ажлаа үө шат тутамд цаг тухайд нь ил далд ажлын 4 хувь акт үйлдэж ажлын гүйцэтгэлийг харуулсан фото зургаар баталгаажуулах үүрэгтэй" гэж заасан. Гэтэл гүйцэтгэгч тал ил далд ажлын акт үйлдээгүй, ажлаа актаар хүлээлгэн өгөөгүй болно. Гүйцэтгэгч талын гүйцэтгэсэн ажлыг нэгж үнэлгээгээр тооцож гаргавал 169,829,250 төгрөгийн гүйцэтгэл гарсан хэдий ч үлдэгдэл ажлыг хийгээгүйн улмаас энэхүү хийгдсэн ажил хэнд ч хэрэггүй, ашиглах боломжгүй засварын ажил болсон. Х ХХК-ийг гэрээний дагуу үлдэгдэл ажлаа хийж дуусгах талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч хийж гүйцэтгээгүй болно. Мөн тус компанийн ажил гүйцэтгэх явцад хэрэглэсэн цахилгааны зардал тоолуураар 1,763,239 төгрөг гарсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.6, 4.2.15-д тус тус заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрээгүй дүнгээр тооцоход 118,250,000 төгрөг тооцогдож байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.10-д заасны дагуу торгууль тооцоход 70,950,000 төгрөгийн торгууль тооцогдож байна. Иймд Х ХХК-иас захиалагч 263,056,818 төгрөг, цахилгааны зардал 1,763,239 төгрөг, алданги 118,250,000 төгрөг, торгууль 70,950,000 төгрөг нийт 454,020,057 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...Талуудын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой маргаан дээр гэрээ байгуулсан дээр маргадаг. Гэрээний төлбөр болон гэрээний үнэ, ажил гүйцэтгэл дээр маргалдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь 8 байшинд 430,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Хариуцагч талаас 9 байшингийн санал ирүүлж 8 байшин дээр гэрээ байгуулагдсан. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд тохиролцсоноор ажлын гүйцэтгэлийг хүлээж аваад гүйцэтгэлд тохиролцсон санхүүжилтийг буцааж олгодог байсан. Энэ зарчмаар явсан бөгөөд гүйцэтгэгч талын зүгээс ажлаа хийж гүйцэтгээд, хийж гүйцэтгэсэн ажилдаа тохирох санхүүжилт 263,056,818 төгрөг авсан. Хариуцагч талын зүгээс цахилгааны төлбөрийг гэрээний хугацаандаа төлж явж байсан. Цахилгааны зардал 1,763,239 төгрөгтэй холбоотой хэрэгт нотлох баримтууд байхгүй. Нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөө буцаая гэдэг шаардлагаас харахад гэрээнээс татгалзаад байгаа үйл баримт харагдаж байна. Гэрээнээс татгалзаад танайд өгсөн мөнгөө авъя гэж байгаа бол гэрээний үүргийг давхар шаардахгүй эрхгүй гэж үзэж байна. Алданги, торгуулийн тухайд манай ажил гүйцэтгэгч талын хийсэн ажлын үндсэн дээр, ажлын үнийн дүнгээр алданги торгууль бодогдсон байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талын үзгээс 2019 оноос эхлээд 3 сарын хугацаатай гэрээ байгуулагдаж, нэг удаа 30 хоногоор сунгасан баримт байдаг. Улирлын чанартай ажил учир хүйтний улиралд зогсож, 2020 оны 06 дугаар сард дахиж үргэлжлүүлсэн. 2020 оны 06 дугаар сараас дахиж үргэлжлүүлээд 06 дугаар сард зогсох тухайн ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байсан талаар захиалагч талын инженер тодорхой дурдсан байдаг. Чанарын доголдолтой байсан талаар, ийм чанарын доголдол илэрсэн гэдгийг тогтоосон баримт байхгүй. Гэрээнд чанарыг заагаагүй. Чанар бол Иргэний хуульд зааснаар хамгийн бага чанараас доошгүй үзүүлэлтэй байхад, тухай чанарыг хүлээн зөвшөөрдөг хуулийн ерөнхий зохицуулалтай. Чанар дээр ямар нэг асуудал байгаагүй гэж үзэж байна. Ажлаа хаяж яваагүй бид нарыг барилгын талбайгаас хөөгөөд явуулсан. Бид нар 15-20 ажилтан хоёр гэрт байрлаж ажиллаж байсан. Ажил гүйцэтгэх чадахаа больсон шалтгаан нь захиалагч талын буруутай үйлдэл юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад албан шаардлага өгсөн байдаг гэсэн ч энэ албан шаардлагын алинаар ч гэрээг цуцалж, нэмэлт хугацаа тогтоож байгаа агуулга байдаггүй. 2020 оны албан шаардлага хариуг тухайн үед өгөөд явсан. 2021 онд өгсөн 2 албан шаардлага монгол шуудангаар дамжиж ирэхдээ 7 хоногийн хугацаа хэтрүүлж ирсэн. Албан шаардлага өгснөөс хойш 7 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Үүнийг нэмэлт хугацаа тогтоосон гэж албан шаардлага тавьж боломжит хугацаа өгсөн гэж үзэж үндэслэлгүй байна. Иймд хариуцагч нь гүйцэтгэсэн ажилдаа тохируулан санхүүжилт авсан ажлыг 263,000,000 илүү үнэлгээгээр 92 хувийн гүйцэтгэсэн гэж үзэж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарласан.

 

5.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1 тоот ажил гүйцэтгэх гэрээний 112,875,000 төгрөг, мөн нэмэлт ажлын төлбөр болох 5,795,100 үүрэгт үлдэгдэл төгрөг нийт 118.670.100 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Х ХХК нь Н ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1 тоот, 430 сая төгрөгийн үнийн дүнтэй 8 ширхэг орон сууцны барилгад барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохирч байгуулсан. Санхүүжилтийг тодорхой үе шаттайгаар олгож байх нөхцөлөөр тохирсон. Гэрээг байгуулсны дараа хариуцагч тал 8 байшин биш 7 байшин болгож 1 засварын ажлын гүйцэтгэлийг өөр байрны ажлын гүйцэтгэлд байшинд хийхээр амаар харилцан тохирсон. Гэрээ ёсоор гэрээний 3.4, 3.5, 3.6, 3.7-д зааснаар санхүүжилтийг олгох ёстой байсан боловч, санхүүжилтийг цаг тухайд нь олгоогүйгээс хугацаа алдаж байсан. Тухайлбал гэрээний эхний санхүүжилт 30 хувь болох 112,875,000 төгрөгөөс 2019 оны 07 сарын 16-нд 100,000,000 төгрөгийг, үлдэгдэл 12,875.000 төгрөгийг 2019 оны 08 сарын 14-ний өдөр буюу 29 хоногийн дараа шилжүүлж хугацаа алдуулж байсан. 2020 оны 08 сарын 23-ны өдрийн тоот албан бичгээр 7 ширхэг барилгын ажлын гүйцэтгэлийн хувийг тооцон 19/08-23-1 тоот акт гаргаж ажлын 72 хувь буюу 271,859,338 төгрөгийн гүйцэтгэлийн ажил хийгдсэн төдийгүй гэрээний 3.5 дахь заалтыг үндэслэн дундын санхүүжилт 40 хувь болох 150,500,000 төгрөгийг олгож өгөхийг хүсэж албан тоот өгсөн. 72 хувийн гүйцэтгэлийн ажлыг хүлээн авч 150,500,000 төгрөгийг 2019 оны 09 сарын 02-ны өдөр шилжүүлэн өгсөн. Гэрээний хугацааг харилцан тохирч амаар байдлаар сунгаж байсан. Цар тахал хорионы дэглэм тодорхой хугацаа алдахад хүргэсэн. Ингээд ажлаа дуусгаад 2020 оны 06 сарын 03-ны өдөр 20/06.03-7 тоот албан бичгээр барилгын ажлын гүйцэтгэл 99.72 хувьтай ба үлдэгдэл санхүүжилт болох 112,875,000 төгрөг, нэмэлт ажлын төлбөр болох 5,795,100 төгрөг нийт 118,670,100 төгрөгийг олгож өгөхийг хүссэн. Гэвч албан тоотод хариу өгөөгүй төдийгүй үлдэгдэл гүйцэтгэлийг хянаж хүлээн ажлыг зогсоож барилгын талбайгаас биднийг хөөж авсан акт үйлдэлгүйгээр гаргасан гэж тайлбарласан.

 

6.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр 9 барилгын гадна талын иж бүрэн засварын ажил хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. 1 барилгын ажлыг өөр ажлын гүйцэтгэлд тооцохоор тохиролцсон зүйл байхгүй. Х ХХК нь гэрээгээр тохирсон 9 байшингийн иж бүрэн засварын ажил хийх ёстой байсан. Буулгалтын ажлаас нийт 5 барилгад хагас дутуу гадна засварын ажил гүйцэтгээд гэрээт ажлыг бүрэн хийж дуусгалгүй хаяж явсан. Захиалагч талд гүйцэтгэгч талаас огт албан тоот ирж байгаагүй бөгөөд гэрээт ажил 40 хүрэхгүй хувийн гүйцэтгэлтэй байж байна. Хийсэн ажил одоо ч хэвээрээ байгаа бөгөөд манай компани зүгээс тус ажлыг өөр гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн хийлгээгүй хэвээр нь байлгаж байгаа болно. Хөөж гаргасан зүйл байхгүй. Захиалагч талын зүгээс санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд өгсөн бөгөөд харин ч гүйцэтгэгч талаас гаргасан хүсэлтийг харгалзан үзэж дундын санхүүжилтээс тодорхой хэмжээний хувийг урьдчилан олгож байсан болно. Талуудын хооронд амаар тохиролцон гэрээний хугацаа сунгасан зүйл огтоос байхгүй. Гэрээний зүйлээ хийж гүйцэтгээгүй буюу үүргээ бийлүүлээгүй байна. Гэрээд заасан хугацаанд ажлаа хийж дуусаагүй. Иймд Х ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

7.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Х ХХК-тай 2019 оны 06 сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, .............................. байрлах Б аялал жуулчлалын цогцолборын С блок загварын 9 барилгын засварын ажлыг 430,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. Талууд гэрээ байгуулагдсаны дараа 9 барилгын ажлыг 8 болгон өөрчилжээ.

 

8.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

9.Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч Н ХХК-ийн Б ийн аманд байрлах Б аялал жуулчлалын цогцолборын С блок загварын 9 барилгын засварын ажлыг 430,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөхөөр тохиролцсон гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж дүгнэв.

 

10.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Х ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ бийлүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалж, хийсэн ажил ашиглагдах боломжгүй болсон тул хохирол буюу гэрээний дагуу шилжүүлсэн 263,056,818 төгрөг, алданги 118,250,000 төгрөг, торгууль 70,950,000 төгрөг, цахилгааны төлөгдөөгүй зардал 1,763,239 төгрөг нийт 454,020,057 төгрөгийг гаргуулахаар шаардсанаас үзвэл гэрээ цуцалж, хохирол шаардсан байна.

 

11.Гэрээний дагуу хариуцагч талын хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг нэхэмжлэгч 40 хувь, хариуцагч 92 хувийг хийж гүйцэтгэсэн гэж маргасан.

 

12.Шүүхээс Х ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг тодорхойлуулахаар И ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч дүгнэлтээ 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байна. Шинжээчээс Х ХХК-ийг ...8 барилгад 105,401,110 төгрөгийн угсралтын ажил, 51,624,805 төгрөгийн буулгалтын ажил, 38,820,000 төгрөгийн бусад ажил, НӨАТ 10 хувь 19,584,592 төгрөг нийт 215,430,507 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж тодорхойлжээ.

 

13.Шинжээчийн дүгнэлтэд бусад ажилд Нэмэлт ажил, өрлөгийн суурь 350м, төмөр хашлага 640м буулгах, суулгах, будах ажлыг хийснийг тооцсон байна. Гэрч Б.Ч-ийн ...Гэрээ зурагдсаны дараа ажил эхлэхээс өмнө 8 байшин болгож өөрчилсөн. Гэрээ дээр 9-г 8 болгож балаар зассан. ... 8 байшин буулгалтын ажил хийгээд угсралтыг хийгээгүй нэг байшин хассан. Тэр ажлуудыг нөгөө 7 байшинд хийгдэх шаардлагагүй ажлуудаа сольё гэсэн тийм зүйл ярьсан. Үнийн дүн сайн мэдэхгүй байна. Зарим нэг хийх шаардлагагүй ажил байсан тэрийг сольсон гэх мэдүүлэг, хариуцагч Х ХХК-иас Н ХХК-д өгсөн үнийн саналд Нэмэлт ажил, Өрлөг 460м, суурь 350м, төмөр хашлага 640м /буулгах, суулгах, будах/ гэж тусгасан байдлаар талууд барилгын угсралт, буулгалт, бусад ажил гэх ажлуудыг нийт 430,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр анх гэрээ байгуулахдаа тохиролцсон болох нотлогдож байна.

 

14.Шинжээч дүгнэлтээ барилга буулгалтын болон угсралтын ажлын гүйцэтгэл барилга бүрд ижил хийгдсэнээр тооцож дүгнэлт гаргасан. Зохигч барилгууд ойролцоо хэмжээтэй бөгөөд угсралтын ажил 7 барилгад, буулгалтын ажил 8 барилгад хийгдсэн талаар маргаагүй. Шинжээч дүгнэлтдээ 8 барилгад угсралтын ажил хийгдсэнээр тооцсон нь 1 барилгад ажил илүү хийснээр тооцоо гаргасан учир тооцоололд үндэслэн барилга угсралтын ажлыг 7 барилгаар тооцоход 92,225,971 төгрөг болж байна.

 

15.Хариуцагч барилга угсралтын ажил 92,225,971 төгрөг, буулгалтын ажил 51,624,805 төгрөг, бусад ажил 38,820,000 төгрөг, НӨАТ-т 10 хувь 18,267,077 төгрөг нийт 200,937,853 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

16.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т хариуцагч ажлаа 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эхэлж, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор дуусгахаар тохиролцсон байх боловч хугацаандаа алыг хийж гүйцэтгээгүй байна.

 

17.Гэрээний дагуу нэхэмжлэгч 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 12,875,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 150,181,818 төгрөг нийт 263,056,818 төгрөгийг шилжүүлсэн нь төлбөрийн даалгаврын баримтаар нотлогдож байна. /хх-ийн 17-19/

 

18.Гэрээний 3.4-т зааснаар ажлын явц 30 хувьд хүрсний дараа 129,000,000 төгрөг, 60 хувь хүрсний дараа 172,000,000 төгрөг, ажил бүрэн дуссаны дараа 25 хувь болох 107,500,000 төгрөг, гэрээт ажлын чанарын баталгаа болгож 1 жилийн дараа 5 хувь болох 21,500,000 төгрөгийг олгохоор тохирсон байна.

 

19.Нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээний дагуу 263,056,818 төгрөг буюу нийт ажлын хөлсний 61.18 хувийг шилжүүлсэн боловч хариуцагч ажлын 46.73 хувь буюу 200,937,853 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна.

 

20.Хариуцагч нь гэрээний хугацааг цаг агаарын цас, бороотой холбоотой 26 хоног, материал 8 хоног хүлээгдсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан 34 хоног сунгах хүсэлт тавьж, нэхэмжлэгч 30 хоног сунгахаар зөвшөөрчээ. /хх-ийн 22-23/

 

21.Гэсэн хэдий ч тохирсон хугацаанд хариуцагч ажлаа дуусгаагүй болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч Т.Х-ын ...2020 оны 07 сар хавьцаа ажлаа хаяад явсан, гэрч Гэрч: 2020 оны 04 дүгээр сараас ерөнхийдөө гэрээний дагуу гүйцэтгэл бичээд өгсөн байсан тэрнийхээ хойноос хэд хэдэн удаа утсаар холбогдож И-тэй ярьж байсан. Барилгын талбай руу оруулаагүй, Гэвч Б.Д ...Хамгийн сүүлд хэзээ ажил зогсон бэ гэхэд 2022 оны 04 дүгээр сард, Гэрч Б.Ч ...2020 он 03 дугаар сарын 10-аас эхэлсэн. 45 хоног шахуу 15-аас дээш хүнтэй тогтмол ажиллаж байсан, ...Ерөнхийдөө ажлаа үргэлжлүүлэх саналыг хөл хориотой үед нэг инженер би өнөөдрөөс эхэлж хариуцаж байгаа, уулзъя гэж ажлаа үргэлжлүүлэх талаах ярилцсан. 12 сар өвөл байсан Хавар хийхээр тохиролцсон. 2021 оны 03 дугаар сард бас инженер солигдсон гэх мэдүүлгээр нотлогдож байна.

 

22.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй., мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

 

23.Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан ч сунгаж, гүйцэтгүүлэхээр 2020.06.26-ний өдөр 64/20, 20.08.13-ны өдөр 61/21, 2021.08.25-ны өдөр 79/21 тоот албан бичгээр гэрээний үүргээ гүйцэтгэж, хүлээлгэн өгөхийг шаардаж байсан байна. /хх-ийн 24, 26, 28/

 

24.Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ажил гүйцэтгэгч Х ХХК нь хийсэн ажлын үр дүнгээ захиалагч тал болох Н ХХК-д хүлээлгэн өгөөгүй, мөн нийт ажлыг хийж дуусгаагүй орхисон зөрчил гаргасантай холбоотой ажил гүйцэтгүүлэгч гэрээг цуцлах эртэй.

 

25.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Х ХХК нь хийсэн ажлын гүйцэтгэлийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн байна. Хэдийгээр гүйцэтгэгч нь захиалагчид ажлыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй ч гүйцэтгэлийг захиалагч хүлээн аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 29/

 

26.Хариуцагч ажлаа бүрэн хийж, хүлээлгэн өгөөгүйгээс хийсэн ажил нь ашиглах боломжгүй болсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нотлох баримтаар нотлоогүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байна. Гүйцэтгэлийг захиалагч хүлээн авч, энэ хэмжээнд хохирол учирсан нь тогтоогдоогүй тул гүйцэтгэсэн ажлын хэмжээний ажлын хөлсийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Харин илүү төлсөн ажлын хөлс 62,118,965 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

 

27.Нэхэмжлэгч гэрээг цуцалж, анз буюу алданги, торгууль шаардсан. Иргэний хуулийн 232 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж заасан.

 

28.Талууд гэрээний 4.1.6-д ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд гэрээт ажлаа дуусгаагүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна.

 

29.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу алданги, торгуулийг зэрэг шаардах, гэрээнд тусгаагүй бол анз шаардах эрхгүй. Анз нь гэрээний дагуу шаардах эрх үүсгэх бөгөөд гэрээ цуцлагдвал гэрээний дагуу талуудын эрх, үүрэг дуусгавар болно. Иймээс нэхэмжлэгч анз буюу торгууль, алданги хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна.

 

30.Гэрээний 4.2.20-д цахилгааны зардлыг гүйцэтгэгч тал бүрэн хариуцахаар тохиролцсон байх боловч 1,763,239 төгрөгийн төлбөр гарч нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

31.Дээрх үндэслэлээр хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгээгүй, нэмэлт ажил хийсэн болох нь тогтоогдохгүй байх тул ажлын хөлс 112,875,000 төгрөг, нэмэлт ажлын хөлс 5,795,100 төгрөг нийт 118,670,100 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

32.Иймд хариуцагч Х ХХК-иас 62,118,965 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, үлдэх 391,901,092 төгрөгийг, нэхэмжлэгч Н ХХК-иас 118,670,100 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

33.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,428,050 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 751,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 468,544 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Х ХХК-иас 62,118,965 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 391,901,092 төгрөгийг, нэхэмжлэгч Н ХХК-иас 118,670,100 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,428,050 төгрөг, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 751,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 468,544 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР