Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/ма2023/00115

 

 

 

 

 

 

 

 

2023 01 09 210/МА2023/00115

 

 

* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/03474 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч * ХХК-ийн хариуцагч * ХХК-д холбогдуулан гаргасан 454,020,057 төгрөг гаргуулах үндсэн, 118,670,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч *н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: * ХХК болон * ХХК нар 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр * тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хамтран ажилласан. Гэрээний дагуу гүйцэтгэгч талаас захиалагчийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн аманд байрлах 8 ширхэг барилгын засварын ажлыг хавсралтад заасан тоо хэмжээний дагуу хийж гүйцэтгэх, захиалагч талаас гүйцэтгэгч талд гэрээгээр тохирсон хөлсийг гүйцэтгэх үүрэгтэй. Захиалагч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гүйцэтгэгч талд урьдчилгаа нийт 263,056,818 төгрөгийн санхүүжилт олгосон. Гэтэл гүйцэтгэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээт ажлыг 40 хүрэхгүй хувьтай хийж гүйцэтгэсэн боловч захиалагчид ажлаа хүлээлгэж өгөөгүй хаяж явсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний гүйцэтгэгч талын эрх үүргийн 4.2.14-д зааснаар гүйцэтгэгч тал ил далд ажлын акт үйлдээгүй. Гүйцэтгэгч талын энэхүү хариуцлагагүй үйлдлийн улмаас манай компани мөнгө болон цаг хугацаагаар хохироож байна. Гүйцэтгэгч талын гүйцэтгэсэн ажлыг нэг бүрчлэн хэмжиж нэгж үнэлгээгээр тооцож гаргавал 169,829,250 төгрөгийн гүйцэтгэл гарсан хэдий ч үлдэгдэл ажлыг хийгээгүйн улмаас энэхүү хийгдсэн ажил хэнд ч хэрэггүй, ашиглах боломжгүй засварын ажил болсон. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч талаас гэрээт ажлаа бүрэн дуусгалгүй хаяж явснаас хийж гүйцэтгэсэн гэх 40 орчим хувийн ажил нь чанарын шаардлага хангахгүй, ашиглах болон үргэлжлүүлэн засвар хийх боломжгүй болсон. Манай компанийн зүгээс * ХХК-ийг гэрээний дагуу үлдэгдэл ажлаа хийж дуусгах талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч хийж гүйцэтгээгүй. Мөн тус компанийн ажил гүйцэтгэх явцад хэрэглэсэн цахилгааны зардал 1,763,239 төгрөг гарсныг мөн төлөөгүй ажлаа хаяж явсан. Гэрээний 4.1.6, 4.2.15-д тус тус зааснаар 118,250,000 төгрөгийн алданги тооцсон нь хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй. Мөн гэрээний 4.1.10-д зааснаар 70,950,000 төгрөгийн торгууль тооцсон. Иймд * ХХК-аас захиалагч талаас шилжүүлсэн 263,056,818 төгрөг, цахилгааны зардал 1,763,239 төгрөг, алданги 118,250,000 төгрөг, торгууль 70,950,000 төгрөг, нийт 454,020,057 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд байгуулсан гэрээ нь 430,000,000 төгрөгөөр 8 байшин барихаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан. Хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь ажлын гүйцэтгэлийг хүлээж аваад гүйцэтгэлд тохиролцсон санхүүжилтийг буцааж олгох байсан. Үүний дагуу хийж гүйцэтгэсэн ажилдаа тохирох санхүүжилтийг авсан. Захиалагчаас 263,056,818 төгрөгийг шилжүүлсэн. Хэрэгт цахилгааны зардал 1,763,239 төгрөгтэй холбоотой нотлох баримтууд авагдаагүй тул уг үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан, цуцалсан эсэхээ тодорхойлоогүй алданги, торгууль шаардаж байгаагаас харвал гэрээний үүрэг шаардаж байгаа учир гэрээг үргэлжлүүлж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл гэрээг үргэлжлүүлэх нэмэлт хугацаа тогтоогоогүй. Харин шилжүүлсэн мөнгөө буцаах шаардлагаас харахад гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдсон. Гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний үүргийг давхар шаардах эрхгүй гэж үзэж байна. Алданги, торгуулийн тухайд, ажлын үнийн дүнгээр алданги, торгууль тооцсон нь үндэслэлгүй. Улирлын чанартай ажил учир хүйтний улиралд зогсож, 2020 оны 06 дугаар сард зогсох тухайн ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байсан талаар захиалагч талын инженер тодорхой дурдсан. Чанарын доголдолтой талаар тогтоосон баримт байхгүй. Ажил гүйцэтгэгч буюу хариуцагчийн хувьд ажлаа хаяж яваагүй, бид нарыг барилгын талбайгаас хөөгөөд явуулсан. Ажил гүйцэтгэж чадахаа больсон шалтгаан өөрөө захиалагч талын буруутай үйлдэл юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн албан шаардлагаар гэрээг цуцалж, нэмэлт хугацаа тогтоосон агуулга байхгүй. 2020 оны албан шаардлагын хариуг тухайн үед өгөөд явсан. 2021 онд өгсөн 2 албан шаардлага өгснөөс хойш 7 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Үүнийг нэмэлт хугацаа тогтоосон гэж албан шаардлага тавьж боломжит хугацаа өгсөн гэж үзэж үндэслэлгүй. Иймд хариуцагч нь гүйцэтгэсэн ажилдаа тохируулан санхүүжилт авсан ажлыг 263,000,000 төгрөг, илүү үнэлгээгээр 92 хувийн гүйцэтгэсэн гэж үзэж байна. Талууд гэрээний зүйл болох үнийнд тохирч чадаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох, нотлох үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Талууд гэрээ байгуулсны дараа хариуцагч тал 8 байшин биш 7 байшин болгож 1 байшинд хийсэн засварын ажлын гүйцэтгэлийг өөр байрны ажлын гүйцэтгэлд тооцохоор амаар харилцан тохиролцсон. Гэрээний 3.4, 3.5, 3.6, 3.7-д зааснаар санхүүжилтийг олгох ёстой байсан боловч санхүүжилтийг цаг тухайд нь олгоогүйгээс хугацаа алдсан. Тухайлбал, гэрээний эхний санхүүжилт 30 хувь болох 112,875,000 төгрөгөөс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөгийг, үлдэгдэл 12,875,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буюу 29 хоногийн дараа шилжүүлж хугацаа алдуулж байсан. 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 19/08-23-1 тоот албан бичгээр 7 ширхэг барилгын ажлын гүйцэтгэлийн хувийг тооцон гаргаж ажлын 72 хувь буюу 271,859,338 төгрөгийн гүйцэтгэлийн ажил хийгдсэн төдийгүй гэрээний 3.5 дах заалтыг үндэслэн дундын санхүүжилт 40 хувь болох 150,500,000 төгрөгийг олгож өгөхийг хүсч албан тоот өгсөн. 72 хувийн гүйцэтгэлийн ажлыг хүлээн авч 150,500,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлэн өгсөн. Гэрээний хугацааг харилцан тохирч аман байдлаар сунгасан. Цар тахал гарсантай холбогдуулан бүх нийтийн хөл хорионы дэглэм тодорхой хугацаа алдахад хүргэсэн. Ингээд ажлаа дуусгаад 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20/06.03-7 тоот албан бичгээр барилгын ажлын гүйцэтгэл 99.72 хувьтай ба үлдэгдэл санхүүжилт болох 112,875,000 төгрөг мөн нэмэлт ажлын төлбөр болох 5,795,100 төгрөг, нийт 118,670,100 төгрөгийг тооцож өгөхийг хүссэн. Гэвч албан тоотод хариу өгөөгүй төдийгүй үлдэгдэл гүйцэтгэлийг хянаж хүлээн авсан акт үйлдэлгүйгээр ажлыг зогсоож барилгын талбайгаас биднийг хөөж гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: 8 барилгыг 7 болгож 1 барилгад хийсэн засварын ажлыг өөр гүйцэтгэлд тооцохоор тохиролцсон зүйл байхгүй. * ХХК нь гэрээгээр тохирсон 8 барилгын ажлаас 5 барилгад хагас дутуу гадна засварын ажил хийж, гэрээт ажлыг бүрэн хийж дуусгалгүй хаяж явсан бөгөөд ажлыг өөр гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн хийлгээгүй хэвээр байгаа. Иймээс тус компанийн сөрөг нэхэмжлэлд дурдсан зүйл худал байна. Захиалагч талын зүгээс санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд өгсөн бөгөөд дундын санхүүжилтээс тодорхой хэмжээний хувийг урьдчилан олгож байсан болно. Гэрээний хугацааг амаар харилцан тохиролцож сунгаж байсан, цар тахал гарснаар хугацаа алдсан гэжээ. Гэтэл гэрээний хугацаа сунгаж байгаагүй, хэдий цар тахал гарч тодорхой хугацаанд хөл хорио тогтоосон бөгөөд бусад хугацаанд ажлууд хэвийн үргэлжилж байна.

Гүйцэтгэгч тал ажлаа дуусгаад 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 20/06.03-07 тоот албан бичгээр барилгын ажил 99.72 хувьтай байна хүлээн авч үлдэгдэл төлбөрийг авахаар мэдэгдсэн гэжээ. Захиалагч талд гүйцэтгэгч талаас албан тоот ирж байгаагүй бөгөөд гэрээт ажил дуусаагүй, 40 хүрэхгүй хувийн гүйцэтгэлтэй байгаа. Захиалагч тал гүйцэтгэгч талыг барилгын талбайгаас хөөж гаргасан зүйл байхгүй бөгөөд харин ч ирж гэрээний дагуу ажлаа хийж дуусгах талаар албан тоотоор удаа дараа мэдэгдсэн боловч гүйцэтгэгч тал хийлгүй хаяж явсан болно. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д тус тус заасан үүргээ гүйцэтгэгч тал биелүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч * ХХК-аас 62,118,965 төгрөг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 391,901,092 төгрөгийг, нэхэмжлэгч * ХХК-аас 118,670,100 төгрөг гаргуулах тухай хариуцагч * ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч * ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,428,050 төгрөг, хариуцагч * ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 751,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 468,544 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу захиалагч тал ажил гүйцэтгэгч компанийн данс руу 263,056,818 төгрөгийг шилжүүлсэн. Ажлын хөлсийг гүйцэтгэгч тал авахдаа уг үнийн дүнд тохирох ажлыг хийж гүйцэтгэсний дараа, түүнтэй холбоотой акт үйлдэж авдаг байсан. Үүний дараа гүйцэтгэгч тал 8 байшингийн ажлыг 9 хувьтай гүйцэтгэж дуусаад, гэрэл зургаар баталгаажуулан, акт үйлдэж захиалагч талд хүргүүлсэн. Гэтэл захиалагч тал тухайн актын хүлээн зөвшөөрөхгүй, гүйцэтгэгчийг ажлыг талбайгаас хөөж гаргасан. Талууд анх гэрээ байгуулах үед 9 байшингийн ажлыг 430,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэнэ гэсэн тохиролцоотой байсан боловч, гэрээнд гарын үсэг зурах үед байшингийн тоо 8 болж өөрчлөгдсөн боловч үнийн дүн өөрчлөгдөөгүй. Ажил гүйцэтгэлийн төсвийг захиалагч талаас зохиохдоо 8 байшинд хийгдэх ажлыг угсралтын ажил, буулгалтын ажил, нэмэлт ажил гэсэн 3 төрөлтэй байхаар тусгасан. Үүнээс үзэхэд байшин тус бүр хийгдэх ажил ижил байхаар тусгагдсан. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг 8 байшинд угсралтын ажил, 1 байшинд нэмэлт ажил илүү хийсэн гэж дүгнэсэн. Талуудын хоорондоо 1 байшинд хэдэн төгрөгийн ажил үнийн дүнтэй, ямар ажил хийгдэх талаар тохиролцсон үйл баримт байхгүй. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гэрч нарын тайлбарыг үндэслэн 1 байшингийн ажлыг 92.225.971 гэж тооцоолсон. Гэвч энэ нь бодит байдалд нийцээгүй тооцоолол юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг хангалттай нотолж чадаагүй, маргаан шийдвэрлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл байсан.

Гэрээ дүгнэсэн актын тухайд, шүүхээс хариуцагч талыг 8 байшингийн ажлыг 46.73 хувьтай буюу 200,937,853 төгрөгийн гүйцэтгэлтэй хийсэн гэж дүгнэсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр 50.01 хувьтай буюу 215,430,507 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж гаргасан байна. Шинжээч хэдэн байшинд үзлэг хийсэн талаар дурдаагүй. Захиалагч талын ерөнхий инженерийн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргасан гэрээ дүгнэсэн актаар 9 байшингийн ажлыг 45 хувьтай хийж гүйцэтгэсэн гэж тус тус дүгнэсэн байна. Гэрч Б.Чулуунхүү "... 8 байшингийн ажлыг 92 хувийн гүйцэтгэлтэй хийсэн байсан..." Манай компани гэрээ дүгнэсэн акт үйлдэж зургаар баталгаажуулан захиалагч талд хүргүүлсэн ч баталгаажуулаагүй..., гэх мэдүүлэг, гэрээний 3.4, 3.5 заасны дагуу гүйцэтгэгч ажлыг хийж дууссаны дараа гэрэл зургаар баталгаажуулан, акт үйлдэж захиалагч талд хүргүүлж, төлбөрийг авсан. Гүйцэтгэгч тал захиалагч талын барилгын инженерт хөөгдөж талбайгаас гарах үед 92 хувийн ажил гүйцэтгэсэн байсан ч захиалагч тал уг ажлыг хүлээн авсан баримт үйлдээгүй. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2. дах хэсэгт зааснаар захиалагч тал гүйцэтгэгч талын хийсэн ажлыг хүлээн авсан. Дээрхээс үзэхэд гүйцэтгэгч 8 байшинд ногдох ажлыг 65 хувь-263,000,000 төгрөгийн ажил хийсэн тул захиалагч тал төлбөр төлсөн гэж үзэж байна. Ажил гүйцэтгэгч ажлын талбайгаас хөөгдөж гаргаснаас хойш 2 жил гаруй хугацааны дараа шинжээч очиж үзлэг хийхэд 50 хувийн гүйцэтгэлтэй ажил хийсэн байсан. Гүйцэтгэгч ажлын талбайгаас явснаас хойш 2 жилийн хугацааны элэгдэл хорогдол, байгалийн үзэгдлээс болж өнгө үзэмж муудсан байдал нь шинжээчийн дүгнэлтэд нөлөөлсөн байж болзошгүй. Шүүх хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг 46.73 хувь гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийг үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч талаас ажил гүйцэтгэх гэрээг цуцалж үүргийн харилцааг дуусгавар болгож байгаа талаар асуухад нэхэмжлэгч ... гэрээг цуцалсан... гэж тайлбарласан. Гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог байхад гэрээний үүрэг болох анз гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчиж шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч хуулийн этгээд нь Баянгол дүүрэгт биш, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Элезабет, 215 байр, 805с тоот хаягтай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага ханаагүй, нотлох баримтад үндэслээгүй шийдвэр гэж үзэж байна гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Гүйцэтгэгч талаас үнийн санан, тоо хэмжээ, төсвийг өгч талууд харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үүнд хариуцагч талын хэлж байгаа шиг төөрч будилсан зүйл байхгүй. 9 байшингийн засварын ажил хийхээр тохиролцоод газар дээр нь 8 байшингийн ажил хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилогдон 2 талыг байлцуулан нийт 7 барилгад угсралтын ажил хийгдсэн байна, 8 барилгад буулгалтын ажил хийсэн байна гэсэн. Уг 8 байшин нэг ижил хэмжээтэй, нэг адил м.кв-тай бүгд адилхан байшин. Анхан шатны шүүх хуралдааны явцад талууд хэдэн байшинд ажил хийсэнд талаар огт маргаагүй. Газар дээр нь шинжээч дүгнэлтээ гаргаад нийт хийгдсэн ажил нь тоо хэмжээгээр 50 хувьтай байна гэсэн дүгнэлтээ гаргасан. Шинжээч дүгнэлт гаргахдаа 7 барилгад угсралтын ажил хийгдсэн байна, 8 барилгад буулгалтын ажил гэснийг 8, 8 гэж бичсэн байсан. Анхан шатны шүүх хуралд шүүгч өөрөө үүнийг засаад 7 байшинг бичихдээ механик алдаа гаргасан байна буюу нийт 200,937,853 төгрөгийн ажил хийгдсэн байна гэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Манайхаас алданги нэхэмжилсэн боловч нэгэнт гэрээг цуцалсан тул алданги шаардах эрхгүй гэснийг шүүх хурал дээр ойлгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Улсын бүртгэлийн гэрчилгээнд үүсгэн байгуулагчийн гэрийн хаяг нь Баянзүрх дүүрэг гэж байгаа. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Баянгол дүүрэгт байрлах хаягаа дурдаж гэрээ байгуулагдсан. Оршин байгаа хаяг нь Баянгол дүүрэгт байдаг. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч * ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 454,020,057 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 118,670,100 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Зохигчид 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч * ХХК нь Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн аманд байрлах Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын дээд бүсийн С блок загварын 8 ширхэг барилгын засварын ажлыг тус тус хийж гүйцэтгүүлэх, нэхэмжлэгч * ХХК нь хийсэн ажлын хөлсөнд 430,000,000 төгрөгийн санхүүжилтийг 4 үе шаттай буюу 30 хувь, 40 хувь, 25 хувь, 5 хувиар тус тус хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна./хх6-11/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

5. Талууд ажлын хөлсөнд захиалагч нийт 263,056,818 төгрөг шилжүүлсэн, гүйцэтгэгч хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үнэлгээний талаар маргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2021/13321 дугаар захирамжаар хангаж Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх73-74/

6. Итгэлт эстимэйт ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр ...8 барилгын угсралтын зардал 105,401,110 төгрөг, буулгалтын зардал 51,624,805 төгрөг, бусад зардал 38,820,000 төгрөг, нэ

мэгдсэн өртгийн албан татвар 195,845,915 төгрөг, нийт 215,430,507 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн байна. /хх-94-108/

7. Анхан шатны шүүх шинжээчийн дээрх дүгнэлтэд үндэслэн хариуцагчийг 7 барилгад угсралтын ажлыг 92,225,971 төгрөг, буулгалтын ажил 51,624,805 төгрөг, бусад ажил 38,820,000 төгрөг, НӨАТ-т 10 хувь 18,267,077 төгрөг, нийт 200,937,853 төгрөгөөр гүйцэтгэсэн гэж тооцсоныг буруутгахгүй.

7.1 Хариуцагч * ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж дуусгаагүй, хүлээлгэн өгөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс шалтгаалан хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч * ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу гэрээг цуцлах эрхтэй.

7.2 Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч * ХХК нь Иргэний хуулийн, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсөнд илүү төлсөн 62,118,965 төгрөгийг хариуцагч * ХХК-аас буцаан шаардах эрхтэй.

7.3 Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд шилжүүлсэн 263,056,818 төгрөгөөс хариуцагчийн гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд хийсэн ажилд тохирсон хөлс болох 200,937,853 төгрөгийг хасч үлдэгдэл 62,118,965 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

8. Шүүх талууд гэрээнээс татгалзсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй талаар зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

9. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн, гэрээг цуцалсантай холбоотойгоор хариуцагчид хохирол учирсан, уг хохирол нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалсан талаар нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэргийн харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна. Энэ маргаан нь гэрээний үүрэгтэй холбоотой тул хариуцагчийн хаягийг буруу тогтоосон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/03474 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468,544 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.ЦОГТСАЙХАН