Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1160

 

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00962 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээний зүйл болох хаш хөөргийг буцаан өгч, өгсөн 14 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, тухайн хөөргийг засварлуулахад гарсан зардал 4 200 000 төгрөг, нийт 18 200 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гантулга, түүний өмгөөлөгч Б.Баярням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянтогтох шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Г.Б-ийн гэрт Б.Г- хөөрөг хийлгэхээр очиход иймэрхүү хөөрөг хийнэ гэж тус худалдаж авсан хаш хөөргийг үзүүлэхэд Б.Г-д таалагдаж, тухайн хөөргийг 25 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, хөөргийг авч явсан байдаг. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 14 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 11 000 000 төгрөгийг сарын дотор өгнө гэж тохирсон. Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгийг нь өгөөгүй. Иймд хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл болох 11 000 000 төгрөгийг гаргуулан өгч хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би хурал болсноос эхлээд өнөөдрийг хүртэл тухайн хөөргийг авсан өдрөө Б.Г- нь 14 000 000 төгрөг тоолж өгсөн гэдгийг хэлж байсан. Гэтэл авч явчихаад 14 000 000 төгрөг өгсөн гэж худлаа ярьж байна. Б.Г- бид хоёр хөөрөг авахаар дэлгүүрээр явж байгаад бэлэн хөөрөг олдоогүй учир Г.Б дээр очсон. Ингээд Г.Б-ийн гэрт очиход иймэрхүү хөөрөг хийнэ гэж хар хаш хөөрөг үзүүлж, Б.Г-д тухайн хөөрөг нь таалагдсан учир 25 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, өөрт бэлэн байсан 14 000 000 төгрөгөө тоолж өгч, үлдэх төлбөрийг дараа өгье гэж тохирч авч явсан нь үнэн гэжээ.

Хариуцагч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга шүүхэд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмлэлдээ: Хариуцагч нь тухайн өдөр хөөргийг 25 000 000 төгрөгөөр авахаар тохирч өөрт бэлэн байсан 14 000 000 төгрөгийг өгч, үлдэгдэл 11 000 000 төгрөгийг дараа өгөхөөр тохиролцсон байдаг. Тухайн үед Б.Г- архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба шөнийн 23 цаг болж байсан байдаг. Маргааш өдөр нь хөөргөө харахад хөөрөгний амсар эвдэрчихсэн, хөөрөгний толгой цууралт өгч хагарчихсан, нуух нь нимгэхэн алтан хүрээтэй эвдэрхий, халбага нь салчихсан байсан. Энэ талаар нэхэмжлэгчид хэлэхэд би янзалж өгье гэж хэлсэн байдаг. Тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Г.Б хөөргийг битгий буцаалгаач би хүүхдээ гадагш эмчилгээнд авч явах гэж байгаа, мөнгөний хэрэгцээтэй байна, үлдэх төлбөрөө дараа өгчих гэж хэлж, гуйсан гэдэг. Ингээд талууд тохиролцож Б.Г- нь хөөргөө засварлуулахаар алт болон зааны ясан халбаганы мөнгийг авч өгч, завсарлуулсан. Дахин хөөрөгний халбага унаад байсан учир 5-6 удаа засварлуулсан. Гэтэл дахин унаад байсан тул утсаар ярих гэхэд утсаа авахгүй алга болсон байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Хөөрөг доголдолтой байгаа талаар Г.Б-т хэлэхэд хөөргийг засварлаж өгнө гэж хэлсэн байдаг. Энэ хугацаанд уг хөөрөгөнд нэмж 4 200 000 төгрөгийн зардал гаргаж засварласан. Иймд Г.Б-оос авсан хар хаш хөөргийг буцаан өгч, бэлнээр өгсөн 14 000 000 төгрөг, тухайн хөөргийг янзлуулахад гарсан зардал 4 200 000 төгрөг, нийт 18 200 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянтогтох сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.Г- худалдах худалдан авах гэрээнд заасан үнийг төлөх үүргээ биелүүлээгүй. Тухайн үед хагархай гэдгийг мэдэж байсан юм бол буцааж өгөх боломжтой байсан. Мөн хөөргийг авахдаа хөөрөг шалгадаг гар чийдэнгээр шалгаж, үзээд авсан байдаг. Сэтэрхий байсан юм бол авахгүй байх боломжтой байсан. Мөн хөөргийг янзлуулж байсан гэдгийг нотлох баримт байхгүй байна. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласнаар хөөргийг нэхэмжлэгч болон өөр хүнээр янзлуулж байсан гэж хэлсэн. н.Наранбат гэх хүний тодорхойлолт 2015 оны 2 сард лакдаж, ороолгож өгсөн гэсэн байна. Тиймээс н.Наранбат гэх хүний гаргаж өгсөн тодорхойлолтыг нотлох баримт гэж үзэхгүй байна. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар тухайн нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Тухайн үед нэхэмжлэгчийн хүүхэд Сингапур явж эмчлүүлэх хэмжээнд байгаагүй. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Г-оос 11 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-т олгож, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-оос авсан хар хаш хөөргийг буцаан өгч, түүнд өгсөн 14 000 000 төгрөг, засварлуулахад гарсан зардал 4 200 000 төгрөг, нийт 18 200 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Г-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 248 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, хариуцагч Б.Г-оос улсын тэмдэгтийн хураамжийн 190 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-т олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гантулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан байтал иргэн Г.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.Г-д хөөрөгний амсар эвдэрчихсэн, хөөрөгний толгой цууралт өгч хагарчихсан, нуух нь нимгэн алтан хүрээтэй эвдэрхий, халбага нь салчихсан байсан. Энэ нь дээрх заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь буруу гэж бодож байна. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө мэдэх бөгөөд гэрч О.Наранбат болон миний бие гэрчилж байгаа. Мөн тус шүүхийн шийдвэрээр хариуцагчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлгээгүй атал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үгийг нотлох баримтаар авч үзсэн нь хангалтгүй, тухайн худалдан авах үед байгаагүй хүний үгийг нотлох баримтаар үнэлсэн нь хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан атал уг заалтыг хэрэглээгүй. Тухайн үед иргэний нэхэмжлэгчид эвдрэлтэй, доголдолтой хөөрөгний талаар мэдэгдсэн боловч Г.Б нь гуйж, учирлан сүүлдээ зугтааж алга болсон. Миний бие шүүхэд удаа дараа мэдүүлсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үгээр гэрч намайг болон О.Наранбатыг шүүхэд гаргасан тодорхойлолтыг авч үзээгүй. Нотлох баримт гэдэг нь холбогдох этгээдийн тайлбар, дүрс, дууны бичлэг, шүүх хуралдаан мэдүүлсэн мэдүүлэг, нотариатаар батлуулсан О.Наранбатын шүүхэд гаргасан хөөрөгний талаар тайлбарласан тодорхойлолт биет байдлаар тухайн маргааны хөөргийг авч очсон зэргийг ойлгох байтал нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Мөн анхнаасаа Г.Б нь гэрээ, хэлцлээ хууль бус хийсэн талаар удаа дараа мэдүүлсэн ба нүүр тулж шүүх дээр уулзахад энэ талаар үгүйсгээгүй болно. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5,  56.1, 56.6, 58.3.2-т тус тус зааснаар хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн “харанхуйд эвдэрхий хөөрөг өгч байхдаа, сэдэрхий болон бусад эвдэрлийн талаар Г.Б нь нуун дарагдуулсан” болно. Иймд шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Г-д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч  нэхэмжлэгч Г.Б-оос авсан хаш хөөргийг буцаан өгч, түүнд бэлнээр өгсөн 14 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, тухайн хөөргийг засварлуулахад гарсан зардал 4 200 000 төгрөг, нийт 18 200 000 төгрөгийг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагч нь худалдан авсан эд зүйлийн үнийг бүрэн төлөөгүй тул шүүх 11 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ нотлох баримтыг

хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг

зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагч Б.Г- нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Г.Б-ийн их гарын алтан нуухтай, ноён сэврэйтэй, уландаа зоосон хээ бүхий хар хаш хөөрөг 25 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон,  14 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд, үлдэх 11 000 000 төгрөгийг нь дараа өгөхөөр тохиролцоод, хөөргийг авч явсан боловч хөөрөгний үлдэгдэл мөнгө 11 000 000 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон.

Зохигчид хөөрөгний үнэ 25 000 000 төгрөг болон хариуцагчийн төлсөн үнийн дүн, төлөгдөөгүй үлдэгдэл 11 000 000 төгрөгийн талаар маргаангүй байна.

 

Хариуцагч нь “...тухайн үед итгэлцлийн үндсэн дээр машины бүдэг гэрэлд гаднах өнгөнд нь хууртан хөөргийг худалдан авсан, эвдрэлтэй байсан гэдгийг маргааш өглөө нь мэдэж Г.Б-ийг дуудаж, хөөрөг ийм байгаа талаар хэлэхэд Г.Б уучлалт гуйж, би хүүхдээ гадагш эмчилгээнд явуулах гэж байгаа битгий буцаагаач гэж гуйсан учир буцаагаагүй...” гэж тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж  байгаа боловч тэрээр шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрх хариуцагчид байх боловч мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэсэн заалтыг хариуцагч Б.Г- зөрчсөн байна. Түүнчлэн, хөөргийг хүлээн авах үед Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар доголдлыг мэдэх боломжтой байсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй тул мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар худалдан авагч шаардах эрхээ алдсан байна гэж дүгнэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж  үзэв.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын талаар  үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хариуцагч Б.Г-оос гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  нь зөв болжээ.

 

Хариуцагчийн зүгээс О.Наранбатын тодорхойлолтыг гаргасан байх боловч тухайн этгээдийг  гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй байхаас гадна шүүх хуралдаанд хариуцагч талаас авчирсан хөөрөг нь 2015 онд түүнд нэхэмжлэгчийн худалдсан хөөрөгнөөс өөр байна гэж маргаж байгаа тохиолдолд хариуцагч үүнийг нотлох үүрэгтэй ба нотолж чадаагүй худалдан авагч  хөөрөгний доголдлын талаар шаардах эрхээ алдсан байгаа тохиолдолд ач холбогдолгүй.

 

Харин шүүх хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243. 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй бол хариуцагчийн сөрөг нэхэмжлэл мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00962 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “255 дугаар зүйлийн 255.1.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 254 дүгээр зүйлийн 254.1” гэж  тус  тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 190 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Н.БАТЗОРИГ