Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2019/00962

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Г.Б нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Б.Г-д холбогдох,

Хөөрөгний үнийн дутуу 11 000 000 төгрөг гаргуулах үндсэн, хөөргийг засуулахад гарсан зардал болон хөөрөгний үнэд төлсөн 14 000 000 төгрөг, нийт 18 200 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г хариуцагчийн өмгөөлөгч Ю.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Г.Бийн гэрт Б.Г хөөрөг хийлгэхээр очиход иймэрхүү хөөрөг хийнэ гэж тус худалдаж авсан хаш хөөргийг үзүүлэхэд Б.Год таалагдаж, тухайн хөөргийг 25 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, хөөргийг авч явсан байдаг. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 14 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 11 000 000 төгрөгийг сарын дотор өгнө гэж тохирсон. Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгийг нь өгөөгүй. Удаа дараа утсаар ярьж 11 000 000 төгрөгөө авъя гэхэд би боломжгүй байна, эргээд залгая гэж хэлээд өгөөгүй байдаг. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2018 оны 09 дүгээр сард шүүх хуралдаан зарлагдсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэлийг буцаасан байдаг. Тиймээс дахин нэхэмжлэлээ гаргасан.

           Иймд хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл болох 11 000 000 төгрөгийг гаргуулан өгч хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би хурал болсноос эхлээд өнөөдрийг хүртэл тухайн хөөргийг авсан өдрөө Б.Г нь 14 000 000 төгрөг тоолж өгсөн гэдгийг хэлж байсан. Гэтэл авч явчихаад 14 000 000 төгрөг өгсөн гэж худлаа ярьж байна. Б.Г бид хоёр хөөрөг авахаар дэлгүүрээр явж байгаад бэлэн хөөрөг олдоогүй учир Г.Б дээр очсон. Тухайн үед Б.Г цагаан сараас өмнө хөөрөгтэй болох зорилготой байсан. Ингээд Г.Бийн гэрт очиход иймэрхүү хөөрөг хийнэ гэж хар хаш хөөрөг үзүүлж, Б.Год тухайн хөөрөг нь таалагдсан учир 25 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, өөрт бэлэн байсан 14 000 000 төгрөгөө тоолж өгч, үлдэх төлбөрийг дараа өгье гэж тохирч авч явсан нь үнэн гэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь тухайн өдөр хөөргийг 25 000 000 төгрөгөөр авахаар тохирч өөрт бэлэн байсан 14 000 000 төгрөгийг өгч, үлдэгдэл 11 000 000 төгрөгийг дараа өгөхөөр тохиролцсон байдаг. Тухайн үед Б.Г архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба шөнийн 23 цаг болж байсан байдаг. Маргааш өдөр нь хөөргөө харахад хөөрөгний амсар эвдэрчихсэн, хөөрөгний толгой цууралт өгч хагарчихсан, нуух нь нимгэхэн алтан хүрээтэй эвдэрхий, халбага нь салчихсан байсан. Энэ талаар нэхэмжлэгчид хэлэхэд би янзалж өгье гэж хэлсэн байдаг. Тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Г.Б хөөргийг битгий буцаалгаач  би хүүхдээ гадагш эмчилгээнд авч явах гэж байгаа, мөнгий хэрэгцээтэй байна, үлдэх төлбөрөө дараа өгчих гэж хэлж, гуйсан гэдэг. Ингээд талууд тохиролцож Б.Г нь хөөргөө засварлуулахаар алт болон зааны ясан халбаганы мөнгийг авч өгч, завсарлуулсан. Түүнээс хойш Г.Б өөрөө сураггүй болсон. Дахин хөөрөгний халбага унаад байсан учир 5-6 удаа засварлуулсан. Гэтэл дахин унаад байсан тул утсаар ярих гэхэд утсаа авахгүй алга болсон байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ард байрлах Г.Бийн байрны гадаа нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уулзаж, хар хаш хөөргийг 25 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч бэлнээр 14 000 000 төгрөг өгч, үлдэх 11 000 000 төгрөгийг дараа өгөхөөр тохирсон. Маргааш өдөр нь энэ хөөрөг доголдолтой байгаа талаар Г.Бт хэлэхэд хөөргийг буцаагаад яах юм бэ, хүүхдээ эмчилгээнд явуулахад мөнгө шаардлагатай байна, засварлаад өгье гэж хэлсэн байдаг. Энэ хугацаанд уг хөөрөгөнд нэмж 4 200 000 төгрөгийн зардал гаргаж засварласан. Уг хөөргийг янзлуулсан гэдгийг нэхэмжлэгч мэдчихээд мөнгө нэхэмжилж байна.

            Иймд Г.Боос авсан хар хаш хөөргийг буцаан өгч, бэлнээр өгсөн 14 000 000 төгрөг, тухайн хөөргийг янзлуулахад гарсан зардал 4 200 000 төгрөг, нийт 18 200 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл Б.Г худалдах худалдан авах гэрээнд заасан үнийг төлөх үүргээ биелүүлээгүй. Тухайн үед хагархай гэдгийг мэдэж байсан юм бол буцааж өгөх боломжтой байсан. Мөн хөөргийг авахдаа хөөрөг шалгадаг гар чийдэнгээр шалгаж, үзээд авсан байдаг. Сэтэрхий байсан юм бол авахгүй байх боломжтой байсан. Мөн хөөргийг янзлуулж байсан гэдгийг нотлох баримт байхгүй байна. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласнаар хөөргийг нэхэмжлэгч болон өөр хүнээр янзлуулж байсан гэж хэлсэн. Н гэх хүний тодорхойлолт 2015 оны 2 сард лакдаж, ороолгож өгсөн гэсэн байна. Тиймээс Н гэх хүний гаргаж өгсөн тодорхойлолтыг нотлох баримт гэж үзэхгүй байна. Нотлох баримт гэдэгт холбогдох этгээдийн тайлбар, дүрс, дууны бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг ойлгодог. Тиймээс сөрөг нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтыг нотлох баримт гэж үзэхгүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар тухайн нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн Г.Б гэх хүн хүүхэд өвдчихсөн, эмчлүүлэх гээд мөнгө хэрэгтэй байгаа хөөргийг битгий буцаалгаач гэж гуйсан гэж байна. Тухайн үед нэхэмжлэгчийн хүүхэд Сингапур явж эмчлүүлэх хэмжээнд байгаагүй. Мөн нэхэмжлэгч хөөрөг янзлуулсныг мэдээд нэхэмжлэл гаргасан гэж байна. Энэ тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

            Шүүх зохигч талуудаас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Год холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн үлдэгдэл 11 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг,

            Хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч Г.Боос авсан хаш хөөргийг буцаан өгч, түүнд бэлнээр өгсөн 14 000 000 төгрөг, тухайн хөөргийг засварлуулахад гарсан зардал 4 200 000 төгрөг, нийт 18 200 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж, харилцан маргасан.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Бийн гэрт хариуцагч Б.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Ц.Г хамт 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөөрөг хийлгэхээр очиход иймэрхүү хөөрөг хийнэ гэж тухайн худалдаж авсан хаш хөөргийг үзүүлэхэд Б.Год таалагдаж, тухайн хөөргийг 25 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 14 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд, үлдэх 11 000 000 төгрөгийг нь дараа өгөхөөр тохиролцоод, хөөргийг авч явсан боловч хөөрөгний үлдэгдэл мөнгө 11 000 000 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

            Дээрх нөхцөл байдал нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

Зохигч талууд гэрээний үүрэгт хариуцагчийн төлөх үнийн дүн болон төлөгдөөгүй үлдэгдэл 11 000 000 төгрөгийн талаар маргаангүй байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “... тухайн үед итгэлцлийн үндсэн дээр машины бүдэг гэрэлд гаднах өнгөнд нь хууртан хөөргийг худалдан авсан, эвдрэлтэй байсан гэдгийг маргааш өглөө нь мэдэж Г.Бийг дуудаж, хөөрөг ийм байгаа талаар хэлэхэд Г.Б уучлалт гуйж, би хүүхдээ гадагш эмчилгээнд явуулах гэж байгаа битгий буцаагаач гэж гуйсан учир буцаагаагүй... гэж, мөн “хөөргийг засварлуулахад гарсан зардал 2 200 000 төгрөг, алт авахад зарцуулсан зардал 2 000 000 төгрөг нийт засварт 4 200 000 төгрөг, бэлэн өгсөн 14 000 000 төгрөг, нийт 18 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилнэ” гэж маргадаг боловч энэ талаар нотолсон бичгийн баримтыг гаргаж татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж шүүх дүгнэлээ. Хариуцагчийн шүүхэд өгсөн О.Н гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт, маргааны зүйл болсон хөөрөгний зураг зэргийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэв.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэсэн заалтыг хариуцагч Б.Г зөрчсөн байна.

Мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар заасны дагуу хариуцагч шаардах эрхээ алджээ.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэхүү маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Хариуцагч нь маргааны зүйл болсон хар хаш хөөрөгний талаар гомдлын шаардлага гаргасан эсэхийг нотолсон бичгийн баримт хэрэгт авагдаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч худалдах, худалдан авах гэрээний дагуу авч, өгсөн хар хаш хөөргийг мөн гэж шүүх хуралдаанд авч ирсэн ба тухайн хөөргийг нь нэхэмжлэгчийн төлөөлөгч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр талуудын хооронд өгч, авалцсан хар хаш хөөрөг биш гэж харилцан маргадаг боловч хэн аль нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээний дагуу өгч, авалцсан хар хаш хөөргийг бодит байдлаар нь нотолж чадаагүй бөгөөд энэ талаар бичгийн баримт баихгүй. Талуудаас хэрэгт гаргаж хавсаргасан хар хаш хөөрөгний зургийг энэхүү маргаан бүхий хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

            Иймээс, дээрх үндэслэлээр хариуцагч Б.Гоос гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Гоос 11 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгосугай.

            2. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Боос авсан хар хаш хөөргийг буцаан өгч, түүнд өгсөн 14 000 000 төгрөг, засварлуулахад гарсан зардал 4 200 000 төгрөг, нийт 18 200 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Гын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 248.950 төгрөгийг тус тус  улсын төсвийн орлого болгож, хариуцагч Б.Гоос улсын тэмдэгтийн хураамжийн 190.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ТҮМЭНЦЭЦЭГ